| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0101/э |
| Дугаар | 2025/ШЦТ/1293 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 17.2.3.2., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1293
2025 05 12 2025/ШЦТ/1293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Д.Доржсүрэн, шүүгч О.Жанчивнямбуу нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч О.Эрхэмбаяр,
иргэдийн төлөөлөгч Г.Онон,
шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** тоот дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ************* тоотод оршин суух, урьд:
1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 тоот шийтгэх тогтоолоор 1987 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 16, 39 дүгээр зүйлийг журамлан мөн Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 cap баривчлах ялаар тус тус шийтгэгдэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар 1987 оны Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 зааснаар оногдуулсан 3 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн 125 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар оногдуулсан 3 сарын баривчлах ялыг багтааж бүгд 5 жилийн хорих ялаар тогтоосон,
2005 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Төв аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн Ерөнхий шүүгчийн 114 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 cap 16 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,
2. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 219 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 cap 16 хоногийн хорих ялын зарим 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 5 жил 6 сарын хорих ял шийтгэж,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 70 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар 5 жил 6 cap чанга дэглэмд хорих ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 03 жил 06 cap 10 хоногийн хорих ялаас чөлөөлсөн,
3. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 06 cap хорих ял шийтгэж,
- Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар 5 жил 6 cap хорих ялаас биеэр 3 жил 2 cap 10 хоногийг эдэлж, эдлээгүй үлдсэн 01 жил 08 cap 25 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,
4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1433 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 450 дугаартай “ялаас дүйцүүлэн хасах тухай” шүүгчийн захирамжаар нийт биечлэн эдлэх хорих ялыг 03 жил 11 cap 22 хоногоор тогтоож,
- Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ХМ/11 дугаартай магадлалаар уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, *********т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон,
5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1418 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох ялаар,
6. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийх ялаар,
7. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 764 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн, ***********.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ********* нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт 24.5 см урттай хар өнгийн зүйлээр ажлын хэсгээс хойш ороосон сийлбэрийн хутгыг зэвсгийн чанартай ашиглаж хохирогч ********* биед тулган Төрийн банкны 380000225886 тоот данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авч дээрэмдэх гэмт хэргийг “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 02 дахь тал/,
2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-07 дахь тал/,
Хохирогч *********:
Би тухайн үедээ согтуу байсан учраас “I phone” маркийн гар утсаа дээрэмдүүлсэн гэж мэдүүлсэн ба миний гар утас өөрийн унаж явсан хэрэгсэл дотор байсан би гар утсаа дээрэмдүүлээгүй өөрөө олж авсан. Би тухайн үедээ эгч Хатантуулын “90899691” дугаартай утас руу залгаж 100,000 төгрөг шилжүүлж өгсөн ба уг мөнгө болох 100,000 төгрөгийг манай эгчийн данс руу буцаагаад шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч *********:
“...Би Сонгинохайрхан дүүргийн 28-р хороо, Сансар 5-р гудамжинд 2024 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр найз Түвдэндоржтой хамт гудамжинд тоглож байхад манай гудамжны атаман гэгддэг ********* гэх ах согтуу “Ниссан нөтэ” маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна машинтай ирээд бид хоёр дээр ирээд сайн уу ахын дүү суучих гээд манай найз бид хоёрыг суулгасан тэгээд доор байдаг “Цолмон” төвийн гадна очоод ********* ах машинаас буугаад цолмон төвийн гадна тамхи татаад зогсож байсан хоёр танихгүй ахыг нааш ир гээд дуудсан тэгээд ирэхгүй байхаар нь машиныхаа хаалганы хажуу талаас өнгийг нь санахгүй байна даавуу шиг юмаар ороогоод үзүүрийг нь гаргасан хутга барьж буугаад тэр хоёр ахтай яриад зогсоод байсан тэгээд тэр хоёр ахыг дагуулж ирээд намайг машин унаж чадах уу гэхээр нь би айгаад чадна гэсэн тэгээд надаар машинаа бариулаад өөрөө хажууд суугаад арын суудал руу нөгөө хоёр танихгүй ахыг суулгасан тэр хоёр ахын хажууд манай найз Түдэвдорж сууж байсан. Тэгээд хойшоо явчих гээд гэр хорооллын гудамжаар хойд зүг рүү чиглээд хаягийг нь мэдэхгүй гудамжинд зогссон. Тэгээд машин зогссоны дараа Олзбаяр ах хутгаа бариад эргэж хараад өгөх юм байна уу? гэхэд байхгүй гэсэн тэгээд гар утсаа өг гэхэд тэр хоёр ахын нэг нь буудалд үлдээсэн нөгөөх нь машинд үлдээсэн гэж хэлтэл надаар тоглоод байгаа юм уу гэхэд тэр хоёр залуугийн арай ах залуу нь эгч рүүгээ яриад мөнгө аваад өгье гэж хэлээд Олзбаяр ахын утсаар яриад данс руу нь 100,000 төгрөг хийлгэсэн тэгтэл тэр хоёр ахын арай ах залуу нь мөнгө өгчхөөд хамт ууж болох юм уу гэхэд болно гээд тэр хоёр залуугийн барьж явж байсан том пиво задалсан тэгээд тэр хоёр залуу болон манай найз Түдэвдоржийг бас уу гээд уулгасан тэгтэл тэр хоёр залуугийн арай ах залуу нь ахаа намайг зод гээд байсан тэгтэл Олзбаяр нээрээ юм уу гээд тэр ахыг нүүр рүү нь гараа атгаж байгаад 4 удаа цохисон арай дүү бололтой байсан залууг огт зодоогүй тэгээд тэр хоёрыг буу гэж Олзбаяр ах хэлэхэд арай ах залуу нь намайг Цолмон төв хүргээд өгчих гээд байсан тэгээд Олзбаяр ах тэр залууг чирч буулгаад надаар машин бариулаад гэр рүүгээ хүргүүлээд би машиныг нь аавынх нь хашаанд оруулж өгөөд явлаа гэхэд цагдаа сонсоод явах гээд байгаа юм аа гээд байсан тэгтэл ээж нь гарч ирээд хүний нялх хүүхдүүд явуул гээд бид хоёр явсан. Бид хоёр Олзбаяр машинд суу гэхээр нь суугаад машин барь гэхээр хамт явсан энэ хэрэгт ямар ч холбоо хамаарал байхгүй. ...би болон манай найз бид хоёр Олзбаяр ахын бусдаас дээрэмдэж авсан мөнгөнөөс хувь хүртсэн зүйл алга...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч *********:
“...би болон манай найз бид хоёр Олзбаяр ахыг хүн дээрэмдэх гэж байгаа талаараа огт хэлээгүй гудамжинд тоглож байхад ирээд машинд суу гэхээр нь суугаад хамт явсан тэгээд айгаад зугтааж явж чадахгүй хамт явсан уг хэрэгт нь ямар ч холбоо хамаарал байхгүй огт оролцоогүй. ...намайг болон манай найзыг Олзбаяр ах огт цохиж зодоогүй, ямар нэгэн гэмтэл шарх учруулаагүй эд зүйлс дээрэмдэж огт аваагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Гэрч *********:
“...Төрийн банкны “380000225886” дугаартай данс миний нэр дээр байдаг данс бөгөөд сүүлийн нэг жил орчим манай нөхөр Олзбаяр эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд интернэт банкны код бүх зүйлийг мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
Төрийн банкны 380000225886 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах”, хохирогч Ж.Гантулга нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурьтай оролцож байгаа. Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар дээрмийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлыг зэвсэг болон зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж 2 шинжээр яллаж байна. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргахгүй. Гэхдээ зүйлчлэл дээр эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Хэрэв зэвсэг гэж үзвэл хүйтэн зэвсэг буюу хутга байх ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад зэвсгийн чанартай зүйл, хүйтэн зэвсэг биш гэдэг нь харагдаж байгаа. Энэ байдал яаж нотлогдож байна вэ гэхээр шүүгдэгч хувиараа гэртээ шатар, даам, модон эдлэл хийдэг учраас гэрт нь 5-6 зэвсгийн чанартай зүйл байдаг. Тухайн үед хамгийн муу иртэй хутгаар машин засах гээд машиндаа авч явсан, хохирогчтой таараад ийм зүйл хэрэглэсэн гэдэг зүйлийг хэлдэг. Өмгөөлөгчийн зүгээс сийлбэрийн хутгыг хүйтэн зэвсэг биш, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гарт тааралдаад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал харагдаж байна. Түүнээс энэ гэмт хэргийг урьдчилан төлөвлөж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ ашиглана гэж бэлтгээгүй. Тийм учраас хүндрүүлэх нөхцөл байдал дээр шүүх бүрэлдэхүүн анхаарч өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч Г.Онон “Шүүгдэгч ********* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *********ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ********* нь:
2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт 24.5 см урттай хар өнгийн зүйлээр ажлын хэсгээс хойш ороосон сийлбэрийн хутгыг зэвсгийн чанартай ашиглаж хохирогч ********* биед тулган Төрийн банкны 380000225886 тоот данс руу 100.000 төгрөгийг шилжүүлэн авч дээрэмдэх гэмт хэргийг “зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ж.Гантулга, насанд хүрээгүй гэрч Ц.Баасандорж, М.Түвдэндорж, гэрч Б.Ичинхорлоо нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, төрийн банкны 380000225886 тоот дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” буюу дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “зэвсэг хэрэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Гантулгад 100.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч дээрх 100.000 төгрөгийг буцаан шилжүүлж өгсөн байх тул шүүгдэгч *********ыг энэ тогтоолоор бусдад төлбөргүй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх”, өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сийлбэрийн хутгыг устгуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаагүй, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, түүний хувийн байдал болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Харин шүүгдэгч *********ын урьд санаатай гэмт хэрэг удаа дараа үйлдэж ял шийтгүүлсэн атлаа засрахгүй, нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдлыг харгалзан, түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ********* энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг сийлбэрийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********* нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авсан” буюу дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “зэвсэг хэрэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *********т Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 764 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 /таван/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********ын энэ хэрэгт цагдан хоригдсон 79 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг сийлбэрийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********* нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *********т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ
ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН
ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ