| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2021/01055/И |
| Дугаар | 184/ШШ2022/02537 |
| Огноо | 2022-08-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, Хөрөнгө итгэмжлэх, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2022/02537
2022 08 08 184/ШШ2022/02537
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д ХХК-ийн,
Хариуцагч Ш.О-т холбогдох
Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.045.013 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12.049.560 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шүүх нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагч Ш.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.З, гэрч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.О нь манай компанид 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс ТУЗ-ын даргаар ажиллаж эхэлсэн. Удаа дараа давтан зөрчил гаргасан тул 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр тасалбар олгож ажлаас халагдсан. Ш.О нь ажиллаж байх хугацаандаа авто баазын хөрөнгийг удаа дараа зүй бусаар ашиглаж компанид 7.614.750 төгрөгийн хохирол учруулсан. Үүнд 1. 27-62 АЧ улсын дугаартай цистерн чиргүүлийг засахаар 3.654.750 төгрөгийг авсан боловч засвар хийгээгүй. Үүний нотлох баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 12, 15 дугаар талд авагдсан байгаа. Тухайн үед хамт ажиллаж байсан авто баазын тоо бүртгэгч энэхүү үйлдлийг нь мэдэж байгаа тайлангийн нь хааж өгч байсан бөгөөд тухайн үед сахилгын шийтгэл авч байсан. 2. 22-26УН улсын дугаартай экскаватор аккумлятор, гидро шингэн, маслын шүүр, дугуй авахаар 2.070.000 төгрөгийг авсан боловч тухайн сэлбэг хэрэгслийг аваагүй өөрийн банк нь дахь зээлийг төлсөн. Энэ тухай баримт 1 дүгээр хавтаст хэргийн 16-21 дүгээр талд авагдсан байгаа. Энэхүү үйлдлээр компанид нотлох баримт хуурамчаар үйлдэж хариуцагч өөрөө зээлээ төлснөө хүлээн зөвшөөрдөг. 3. Авто бааз дээр байсан хаягдал төмрийг тушааж 1.240.000 төгрөгийг хувьдаа ашигласан талаараа өөрөө хүлээн зөвшөөрч төлбөр төлсөн акт дээр гарын үсэг зурсан байгаа. Энэ тухай нотлох баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 22-29 дүгээр талд авагдсан. 4. Авто баазын лимит 300.000 төгрөг авсан боловч зарцуулалтын тайлан өгөөгүй. Энэ тухай баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 32, 39 дүгээр талд авагдсан байгаа. 5. 95-61 УНЕ улсын дугаартай автомашины засварын ажилд 350.000 төгрөгийг авсан боловч засвар хийгээгүй. Энэ тухай баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 32-36 дугаар талд авагдсан байгаа. Хариуцагч эдгээр үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч төлбөр төлсөн акт дээр гарын үсэг зурсан байгаа. Хариуцагч нь авто баазад машины сэлбэг худалдан авахдаа тоо бүртгэгчид хуучин сэлбэгээ хүлээлгэн өгөх ёстой байдаг байсан боловч ерөөсөө өгдөггүй байсан. 2ш аккумлятор алга болгож 27-62 АЧ чиргүүлд засвар хийхээр авсан 3.654.750 төгрөг, 22-26 УН улсын дугаартай экскаватор аккумлятор, гидро шингэн, маслын шүүр, дугуй авахаар 2.070.000 төгрөгийг авсан боловч тухайн сэлбэг хэрэгслийг аваагүй, удаа дараа техникийн паспортыг хуурамчаар үйлдэж байсан зөрчлүүдтэй. 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр сахилгын шийтгэл ноогдуулсан тул Ш.О нь сахилгын шийтгэлтэй танилцсан байдаг. Үүний дараа хариуцагч нь удаа дараа компани дээр төлбөрийн асуудлаар ирж уулзсан 2020 оны 06 дугаар сараас хойш хэд, хэдэн удаа ирсэн. Тухайн үед ээлжийн амралтаа авсан байсан тул ирэхгүй байсан. Ажилдаа ирэхийг нь удаа дараа шаардсан боловч ажил цалгардуулсан хэвээрээ байсан. Яагаад ажилдаа ирэхгүй байгаа талаар асуухад өөр ажилд орсон талаараа хэлсэн. Иймд Ш.О-ыг ажлаас халхаас өөр аргагүй байдалд орж, илэрсэн зөрчлүүдээс шалтгаалж ахлагчийн ажлаас халсан. Тухайн зөрчлийн актаас харахад Ш.О нь 12 зөрчил гаргаж компанид 6.614.750 төгрөгийн хохирол учруулсан. Энэ талаар нотлох баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 50, 51 дүгээр хуудсан авагдсан байгаа. Ажлаас халах болсон тушаалтай Ш.О нь танилцсан. 2 төрлийн зөрчлийн акт, 2 төрлийн хавсралтууд гаргасан. Гаргаж өгсөн баримт дээр гомдол гаргасан зүйл байхгүй байгаа. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Ш.О компани дээр ирж уулзахдаа 3.000.000 төгрөгийг би төлнө гэж нотлох баримтаар өгсөн байгаа санхүүгийн баримт дээр гарын үсэг зурсан байгаа. Мөн 2.070.000 төгрөг, 1.440.000, 650.000 төгрөг, нийт 6.960.000 төгрөгийн төлбөрт байсан акт дээр гарын үсэг зурсан. Ш.О нь нийт 7.614.750 төгрөгийн хохирол компанид хохирол учруулснаас үлдэгдэл цалин 1.459.737 төгрөг, хуримтлалын сангийн 110.000 төгрөг болсон. Эдгээр мөнгийг суутгаж 6.045.013 төгрөгийн өр төлбөртэй байгаа. Ш.Отай байгуулсан 19381 тоот хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгө хариуцсан гэрээтэй Ш.Оаас 6.045.013 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах нэхэмжлэл гаргасан. Тухайн үеийн төлбөр тавсан акт, тэмдэглэл хөтөлж гарын үсэг зуруулсан, зөрчлийн акт, тушаалыг боловсруулсан хүн нь би өөрөө байгаа юм. Энэ хүний хойноос компани олон ажилчид олон удаа шаардаж, олон баримт материалыг нь шалгаж байж энэ тоо баримтыг гаргаж ирсэн. Үүнээс өөр маш Иргэний хуулийн өр төлбөр, хохирлын асуудал яригдах байсан боловч өнөөдөр зөвхөн нотлох баримтын хүрээнд яригдаж байгаа. Хариуцагч өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Үүнтэй холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Ш.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч худал хэлж байна. 6.000.000 төгрөгийн нэхэмжлэл байхгүй. Д ХХК нь гаазны тусгай тоног төхөөрөмжийг хийж байсан. Үүнийг тавьснаар Д ХХК-д ашигтай байсан. Энэ машин 50 литр бензин иддэг гэж хэлээд байна. Цэвэр, бохироороо норд машин нь 52 литр бензин иддэг. Үүнийг тавьснаар цавчаа олдохоо байсан. Үүнээс болж намайг унагах гэсэн будилаан орж ирсэн. 27-62 АЧ улсын дугаартай машин Д ХХК-ид байхгүй. Байгаа бол тэр гэрчилгээг нь гаргаад өгчих, 22-26 УН улсын дугаартай экскаватор нь Д ХХК-ийн гадаа 4 жил болж байгаа. Тэр машиныг би босгосон тэр байшингийн суурийг би ухсан тэр экскаватор байхгүй. Авто баазад би бүх засварыг нь хийдэг, бүх машины би засдаг. Би Д ХХК-д ажил орсноосоо хойш нэг ч өдөр амраагүй тасралтгүй ажилсан. Сүүлдээ мотор нь эвдэрсэн одоо хэвээрээ л байгаа. Төмөрийн мөнгө намайг тушаасан гэж хэлээд байна. Энэ үнэн, төмрийн мөнгийг 18-89 улсын дугаартай машиныг засахад хэрэглэсэн падаан нь олдохгүй байгаа. 350.000 төгрөгийг Д ХХК-ийн захирлын хадам аавынх нь машины статер нь шатчихаад надад хойд оффисоос 350.000 төгрөг өгсөн. Тэр сэлбэгийг нь авч тавьсан. 95-61 УНЕ гэх портер аваад дор нь тавиад өгсөн боловч 650.000 төгрөгийг давуулж бичсэн байсан. Тэр хүн авсан талаараа бичсэн байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч худлаа зүйл яриад байна. Үнэн юм ярих хэрэгтэй, надаас юм нэхэмжлээд байгаа бол зөв яриад авчхаарай. Би баримттай зүйл ярьж байна. Цавчаа нь байхгүй болсон учраас над руу бүх зүйлээ тулгаад байна. Хойноос Орос хүн ирээд би өөрөө хувиасаа хонох газар хоол өгч дагуулж явж, буцааж явуулж байсан. Гэтэл эд нар нэг ч удаа хараагүй. 7 хоног ажилласан гэж 1.000.000 төгрөг л өгсөн. Оростой хамт явахад гэрч н.Т цуг явж байсан. Тушаалыг н.С гэх хүн гаргаж байсан. Энэ тушаалыг батлахдаа н.Сарангэрэл өөрөө баталсан. Д ХХК нь намайг худлаа хэрэгт оруулах гэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баримттай үнэн зүйл яримаар байна гэв.
Хариуцагч Ш.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.О нь Д ХХК-д ажиллах хугацаандаа машин техниктэй холбоотой асуудлаар санхүүтэй холбоотой өндөр маргааш өглөө гэдэг асуудал биш. Машин техник гэдэг хэдэн хоног зогсох, саатах шатахуун тээвэрлэж байгаа асуудал. Хариуцагч Ш.О-ын ажлын онцлог байгаа. Эвдэрсэн машиныг засах гэж санхүү дээр тэдэн төгрөг болж байна гэж цохуулж яваад хийх асуудал биш, эхлээд машинаас засчхаад дараа нь хэдэн төгрөгийн засвар орсон талаараа нягтлантайгаа тооцоо нийлж явах асуудал. Өөртөө байгаа мөнгө хувьдаа ашигласан. Ажлын онцлог нь ингэж таараад байна. Хаана ч хамаагүй 2 хоног суучихсан байгаа машиныг янзлахын тулд өөрийн жижиг тэргээр явах бензин тос хийх зэрэг асуудал гарч ирдэг, энэ талаар бүгд л мэддэг, бодит байдалтай тааруулах шаардлагатай. Цаасаар хийгдчихдэг ажил биш. Ажлын онцлогийг харгалзаж үзэх хэрэгтэй. Өөрөөсөө гарсан шатахуун, томилолтын зардал гэж сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ нь 3.392.560 төгрөг болж байгаа. Ш.О өөрийн хувийн мөнгөнөөс авсан сэлбэг хэрэгслийн мөнгө 5.326.000 төгрөг болсон. Сэлбэгийн мөнгийг Д ХХК өгдөггүй. Оросын мэргэжилтэнд хоол унд авч өгсөн 450.000 төгрөг болсон.18-89УН улсын дугаартай машиныг чирч авч ирсэн хөлс 300.000 төгрөг, 95-61УНВ улсын дугаартай авто машиныг чирч авч ирсэн 350.000 төгрөг, ажилчдыг амралтад амруулсан мөнгө 1.600.000 төгрөг, хог ачуулсан 300.000 төгрөг, цаапны шаарик авсан 150.000 төгрөг болж, нийт 12.049.560 төгрөг болж байгаа. Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой баримтуудыг шүүхэд өгсөн байгаа. Гэрч оролцуулах гэхээр Д ХХК нь давуу эрхтэй ажилчид нь гэрчээр асуулгахгүй гэж хэлээд байдаг. Д ХХК нь надад сард 250.000 төгрөгийн лимит өгдөг нь үнэн. Би 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр н.Д жолоочийн 01-26 УБА улсын дугаартай машин эвдэрсэн. н.О 90-17 улсын дугаартай машинаар янзлахаар явсан. Энэ машин нь 100 км 20 литр бензин иддэг. Нийт 660 км явсан тул 136 литр бензин иднэ. Шатахууны үнэ 1.840 төгрөг болж байгаа. 2 хоног 250.240 төгрөг, буудал болон хоолны мөнгө байхгүй өөрөөсөө гаргаж байсан. Шивээ овоо 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 01-26 УБА улсын дугаартай н.Давааням эвдэрсэн. Би машинтайгаа очсон. Компаниас өгсөн бензин нь дууссан. Цанын бааз н.Давааням 01-26 УБА улсын дугаартай машин дахин эвдэрсэн би машинаараа явсан. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Арцтын сангийн аж ахуй 75-90 н.Д-ийн машин эвдэрсэн би машинаараа явсан. Би 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр н.Дагвадорж мөн ялгаагүй эвдэрсэн. 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр н.Э-т Чойрт эвдэрсэн. 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр н.Эрдэнэцогт машин эвдэрсэн. Энэ баримтаас харахад сард өгдөг 136 литр бензин сардаа хүрэхгүй. Худлаа хэлэхээсээ ичих хэрэгтэй. 150.000 төгрөгөөр торгуулахад хувь хүн багаар компани бол их хэмжээний мөнгөөр торгуулдаг тул би өөрөө торгуулсан. Эрдэнэсант 10-89 улсын дугаартай машин эвдэрсэн. н.Баасандоржийн машин 2019 оны 11 сард эвдэрсэн. Сарын 136 литр бензин хаана ч хүрэхгүй байдаг. Нэхэмжлэгч тал худлаа хэлээд байна. Би бодитой зүйл хэлж байгаа. Хөдөө орон нутагт эвдэрсэн машинуудыг зассан болон очиж авч ирсэн баримт нь таарч байгаа. Намайг ажилд орох үед Д ХХК-ийн үзүүлэлт уналттай байсан. Намайг ажилд орсны дараа үзүүлэлт сайжирсан. Ингэж ажил хийсэн хүнийг гүтгэж болмооргүй юм. Д ХХК-ийн бүх машин явдаггүй байсан. Би өөрийн чадлаараа бүх машиныг ажилд оруулсан. Би Д ХХК-д ажилд ороогүй. Дандаа худлаа юм ярьж байна. Би хаана худлаа ярсан юм. Бүх сэлбэг адилхан үнэтэй байдаг. Тухайн үеийн ханшаар сэлбэг авдаг байсан. Хууль мэддэг гэж та нар ингэж хэлж болохгүй. Үнэн юм үнэнээрээ байх ёстой гэв.
Нэхэмжлэгч Д ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ирүүлсэн хариу тайлбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал Д ХХК-д 9 төрлийн зүйл манайхаас шаардсан байна. 1. Шатахууны болон томилолтын зардал 3.392.560 төгрөгийг зарцуулсан тул Д ХХК-иас нэхэмжилж байна гэсэн байна. Д ХХК-иас Ш.От 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарыг хүртэл 11 сарын хугацаанд нийт 2.700.000 төгрөг буюу сар бүр албаны лимит гэж олгодог, энэ 11 сарын хугацаанд 3.990.000 төгрөгийн түлшийг талоноор олгосон. 2.610.592 төгрөгийг томилолтын зардал, 9.300.590 төгрөгийг 11 сарын хугацаанд Ш.От өгсөн. Энэ талаар баримтууд 1 дүгээр хавтаст хэргийн 58-60 дугаар хуудсанд байгаа тул шатахуун болон томилолтын зардал нэхэж байгаа нь үндэслэлгүй байна. 2. Хувийн мөнгөөр компани авто машинд авч тавьсан сэлбэгийн мөнгө 11 сарын хугацаанд 5.357.000 төгрөг нэхэмжилсэн байна. Үүнтэй холбоотой өгсөн нотлох баримтууд нь бүгд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Ш.О нь компанийн өмчийг захиран зарцуулахдаа байнга тайланг өөрчилж удирдлагыг төөрөгдүүлдэг байсан. Өөрийн мөнгөөр компани авто машинд сэлбэг авч тавьсан бол баримтаараа нотолж байгаа бол авах боломжтой байсан. Өөрийн мөнгөөр компанийн авто машинд засвар үйлчилгээ хийсэн удаа байхгүй. Ш.О-ыг Д ХХК-д ажиллаж байх хугацаанд 150.000.000 гаруй төгрөгийн сэлбэг засвар үйлчилгээний зардлыг компаниас олгосон байсан. Энэ талаар би шүүлгэж үзсэн. 3. Оросын мэргэжилтэн ирэх үеийн хоолны зардал 960.000 төгрөгөөр бэлэн мөнгөөр авсан байсан 1 дүгээр хавтаст хэргийн 35 дугаар талд нотлох баримтаар байгаа. 4. ,,, улсын дугаартай авто машиныг Архангай аймгаас чирч ирсэн нотлох баримт хэрэгт байхгүй. 350.000 төгрөгийн зардал гарсан бол компани олгож байсан албаны лимит, түлшний лимитээс төлсөн байх, энэ дүн нь үндэслэлтэй харагдахгүй байна. 5. ,,,, улсын дугаартай авто машинд статер 350.000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бэлэн мөнгөний өргөдөл бичиж автомашин станцын эрхлэгчээс зарлагын баримт үйлдэж гарын үсэг зурж бэлэн мөнгө авсан боловч засварыг нь хийгээгүй 1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар хуудсанд баримт байгаа. 6. Компани ажилчдыг амралтад авч явсан компаниас зохион байгуулсан амралт бол биш, хэнтэй хаана амрах нь компани асуудал, компани албан ёсны зугаалга бол тогтсон саруудтай, тогтсон тодорхой хэмжээний төсөвтэй хэзээ явах нь тодорхой байдаг. Өөрөө ажиллаж байсан тул хариуцагчийг мөнгө гаргаад явж байсан талаар мэдэхгүй. 7. Хог ачуулсан 300.000 төгрөг гарсан гэж хэлж байна. Үнэхээр энэ мөнгө гарсан бол компаниас тухайн үед шаардаж авах ёстой байсан. Компани дараа тайлангийн журам байдаг. Энэ тайлантай танилцсан гэж хариуцагч хэлсэн. Журмаа баримтлан тухайн үед шаардах эрхтэй байсан. Магадгүй хог ачуулсан бол албаны лимитээс төлөх боломжтой байсан. 8. 95-61 улсын дугаартай авто машиныг Ш.О нь баазын даргаар ажиллаж байх хугацаандаа 150.000 төгрөгөөр торгуулсан зүйл бол байхгүй. Тонн хэтрүүлсэн асуудал бол байдаггүй. Хий тээвэрлэлтийн машин нь битүү байдаг тул тонн хэтрүүлэн гэж байхгүй. Торгууль нь Ш.О гэдэг хүний нэр дээр ирдэггүй Д ХХК-ийн нэр дээр торгууль ирдэг тул нэхэмжлээд байгаа торгууль байхгүй. 9. Шаардаад байгаа зүйл нь ойлгомжгүй байна. Түлшний машин цаапны шаарик буулгах, катушик авч тавьсан гэж хэлээд байна. Манай компанид түлшний машин олон байдаг. Энэ ямар төрлийн машин яриад байгаа нь ойлгомжгүй. Гарсан бол тухайн үед нь компаниас шаардах эрхтэй байсан. Нэхэмжлэгч Д ХХК-иас 12.049.560 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ талаар сөрөг нэхэмжлэгчийн гаргаж өгсөн бүх нотлох баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хангахаас татгалзаж өгнө үү. Компаниас бэлэн мөнгө авах түүнийгээ тайлагнах журам гэж байгаа. Үүний дагуу Ш.О нь гарсан мөнгө тайлагнаж авах нь өөрийнх нь эрхийн асуудал. Ш.О өөрөө хэлээд байна. Надад энэ мөнгийг хөөцөлдөөд явж байх зав, цаг байгаагүй гэж хэлдэг. Өөрөө гаргасан мөнгөө тухайн үед шаардаж авахгүй бол компани мөнгө гаргасан талаар тань яаж мэдэх вэ. Мөн Ш.О удаа дараа тээврийн газар дээр худлаа хэлж сэлбэг хэрэгсэл авсан мөнгөөр өөр машины сэлбэг авсан байгаа. Түүнийгээ техникийн паспорт дээр давтан зөрүүлж худлаа тэмдэглэгээ үйлддэг. Ш.О-ын өөрийн санаачилгаар хийсэн гэх уулзалтын тэмдэглэл дээр хүртэл техникийн паспорт зөрүүтэй байгаа талаар хэлдэг. Зөрүүтэй байгаа талаар хэлэхээр Ш.О би наад нарыг чинь буруу биччихсэн юм, үнэн гэж хэлдэг. Удаа дараагийн зөрчлийн тэмдэглэл дээр бичсэн үйлдлийг Д ХХК-д ажиллаж байх хугацаандаа 12 зөрчил зуруулж зөрчлийн акт бичиж байсан тохиолдол надад байхгүй. Ийм олон зөрчлийг цувуулж бичиж Ш.О-аар өөрөөр нь гарын үсэг зуруулж, танилцаж байсан. Төлбөрийн акт дээр нь гарын үсэг зураад явж байсан байж одоо санахгүй байна гэж хэлээд байна. Шаардсан мөнгө нь үнэхээр үнэн гарсан бол компаниас олгогдох байсан. Байнгын нэг машиндаа хийсэн сэлбэгээ хэд хэдэн удаа бэлэн мөнгө авсан тохиолдол гарч байсан. Энэ хүнд итгэж найдаж 2.400.000 төгрөгийн цалин өгдөг байсан. Түүний дагуу ажил хийж бүтээсэн зүйл энэ хүнд байгаа байх, гэвч дүрэм журмаар гэрээ хэлэлцээр тохирсон үүргээ журмын дагуу хийгээгүйгээс энэ хүнтэй ажиллахад хүндрэлтэй байдал үүссэн гэв.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ/1ХХ-3 дугаар тал/, итгэмжлэл, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн огноотой хөдөлмөрийн гэрээ/1ХХ-6-7 дугаар тал/, ажлын байрны тодорхойлолт/1ХХ-8-9 дүгээр тал/, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ/1ХХ-10 дугаар тал/, төлбөрийн тооцоо бодсон баримт/1ХХ-11 дугаар тал/, 27-62 АЧ улсын дугаартай авто чиргүүлийн материал, бэлэн мөнгө авсан баримт, кассын зарлагын ордер, мөнгөн урьдчилгааны тайлан/1ХХ-12-15 дугаар тал/, 2.070.000 төгрөгийн төлбөр тавсан акт/1ХХ-16/, мөнгөн урьдчилгааны хүсэлт/1ХХ-17 дугаар тал//1ХХ-18 дугаар тал/, мөнгөн урьдчилгааны тайлан/1ХХ-19 дүгээр тал/, техникийн комиссын үзлэгийн акт/1ХХ-19-21 дүгээр тал/, хаягдал төмрийн зарлагын баримт/1ХХ-22 дугаар тал/, төлбөр тавьсан акт/1ХХ-23/, Д ХХК-ийн санхүүд Ш.О-ын гаргасан хүсэлт/1ХХ-24 дүгээр тал, хаягдал төмрийн гэрэл зургийн үзүүлэлт/1ХХ-25-31 дүгээр тал/, төлбөр тавьсан акт/1ХХ-32 дугаар тал/, 350.000 төгрөг авсан зарлагын баримт/1ХХ-33-34 дүгээр тал/, 1ХХ-35 дугаар тал, бэлэн мөнгөний хүсэлт/1ХХ-35 дугаар тал/, Ш.Оын бэлэн мөнгө хүссэн өргөдөл болон баримт/1ХХ-36 дугаар тал/, сахилгын шийтгэл ноогдуулсан тушаал/1ХХ-37 дугаар тал/, ажлаас халах тухай тушаал/1ХХ-38 дугаар тал/,зөрчлийн акт 20/06-126 дугаартай/1ХХ-50 дүгээр тал/, зөрчлийн акт-20/09-210 дугаартай/1ХХ-51 дугаар тал/, сахилгын шийтгэл Ш.От хүргүүлсэн шуудангийн тасалбар/1ХХ-52/, Ш.О өөрийн бичсэн 3.000.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн баримт/1ХХ-53 дугаар тал/, тэмдэглэл/1ХХ-54-56 дугаар тал/, Ш.О-ын цалингийн карт/1ХХ-57 дугаар тал/, албаны лимит олгосон баримт/1ХХ-58 дугаар тал/, түлш олгосон баримт/1ХХ-59 дүгээр тал/, албан томилолт мөнгө олгосон санхүүгийн баримт/1ХХ-60 дугаар тал/, Авто тээврийн үндэсний төвөөс авсан лавлагаа/1ХХ-104 дүгээр тал/, 2011 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн бараа тайлангаар мөнгөн урьдчилгаа авч байгаа ажилтны мөнгө мөрдөх журам/2ХХ 34 дүгээр тал/, Д ХХК-иас Ш.От олгосон хоолны мөнгөний тооцоо/2ХХ-35 дугаар тал/, Ш.О-ын үр дүнгийн тайлан/2ХХ-58-70/, Д ХХК-иас Ш.О-ын шатахууны тооцоо/2ХХ-102 дугаар тал/, авлага өглөгийн дэлгэрэнгүй тайлан/2ХХ-103 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг гарган өгсөн.
Хариуцагч талаас хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гарган өгсөн.
Шүүхийн журмаар Автотээврийн Үндэсний төвийн лавлагаа, хавсаргасан баримтууд/1ХХ148-2ХХ29/, ШШҮХ-ийн албан бичиг/2ХХ-71 дүгээр тал/, ШШҮХ-ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3274 дугаартай шинжээчийн дүгнэлт/2ХХ-76-94 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд цугларсан байна.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Ш.От холбогдуулан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.045.013 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.О үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 12.049.560 төгрөгийг нэхэмжлэгч Д ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч Д ХХК нь Ш.О нь тус компанид авто аж ахуйн албаны дарга албан тушаалд ажиллах явцдаа 1.27-62 АЧ улсын дугаартай цистерн чиргүүлийг засахаар 3.654.750 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр авсан боловч засвар хийгээгүй, 2.22-26 УН улсын дугаартай экскаваторт аккумлятор, гидрийн шингэн, маслын шүүр, дугуй авахаар 2.070.000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр авсан боловч тухайн сэлбэг хэрэгслийг авалгүй өөрийн банк нь дахь зээлийг төлсөн, 3.Авто бааз дээрх хаягдал төмрийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр тушааж 1.240.000 төгрөгийг хувьдаа ашигласан, энэ талаараа өөрөө хүлээн зөвшөөрч төлбөр төлсөн акт дээр гарын үсэг зурсан, 4. Авто баазын лимит 300.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр авсан боловч зарцуулалтын тайлан өгөөгүй, 5.95-61 УНЕ улсын дугаартай автомашины засварын ажилд 350.000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр авсан боловч засвар хийгээгүй, акт дээр гарын үсэг зурсан, байгууллагад нийт 7.614.750 төгрөгийн хохирол учруулсан зөрчлүүд гаргасан тул 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр сахилгын шийтгэл ноогдуулан шийтгэлтэй танилцуулан, давтан зөрчил гаргасан тул 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс захирлын 20-1141/07-97 дугаартай тушаалаар ажлаас халсан, 3.000.000 төгрөгийг би төлнө гэж санхүүгийн баримт дээр гарын үсэг зурсан, нийт 6.960.000 төгрөгийн төлбөрийн акт дээр гарын үсэг зурсан. Цалин 1.459.737 төгрөг, хуримтлалын сангийн 110.000 төгрөгийг суутгаж 6.045.013 төгрөгийн өр төлбөртэй тул 19381 тоот хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгө хариуцсан гэрээний дагуу Ш.Оаас 6.045.013 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч Ш.О үндсэн нэхэмжлэлийг 1.27-62 АЧ улсын дугаартай цистерн автомашин Д ХХК-ийн өмчлөлд байхгүй бүртгэлгүй байгаа тул байхгүй машины төлбөр нэхэмжлэх эрхгүй, 2.22-26 УН улсын дугаартай экскаватор машины засвар үйлчилгээг би хийсэн, өөрөө босгосон, одоо мотор нь эвдэрсэн байдалтай Д ХХК-ийн гадаа байгаа, 3.Хаягдал төмрийн мөнгийг 18-89 улсын дугаартай машиныг засахад хэрэглэсэн ч падаан нь олдохгүй байгаа, 4.Автобаазын лимит 300.000 төгрөгийг Д ХХК-ийн захирлын хадам аавынх нь машины статер нь шатчихаад оффисоос 300.000 төгрөг авч өгч сэлбэгийг нь авч засуулсан би аваагүй, 5.95-61 УНЕ гэх портер аваад түүнд сэлбэг 350.000 төгрөгөөр тавьсан боловч 650.000 төгрөгийг давуулж бичсэн байсан тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Ш.О сөрөг нэхэмжлэлдээ албаны үүргээ гүйцэтгэх явцад 1.Шатахуун болон албан томилолтын зардалд 3.392.560 төгрөг, 2.11 дүгээр сарын өөрийн хувийн мөнгөнөөс авсан сэлбэг хэрэгслийн мөнгө 5.357.000 төгрөг, 3.Орос мэргэжилтэнд хоол, унд авч өгсөн 450.000 төгрөг, 4.18-89 УНЭ улсын дугаартай чирэгч машиныг Архангай аймгаас чирч авч ирсэн хөлс 300.000 төгрөг, 95-61 УНЭ улсын дугаартай Майти автомашинд статер авч тавьсан 350.000 төгрөг, 6.Ажилчдыг 2019 оны 09 дүгээр сард 2 өдрийн амралтад амруулсан зардалд 1.600.000 төгрөг, 7.Хог ачуулсан 300.000 төгрөг, 8.95-91 УБО норд машинд жин буюу тонн хэтрүүлэн ачсан 150.000 төгрөгөөр торгуулахад хувь хүн багаар компани бол их хэмжээний мөнгөөр торгуулдаг тул би өөрөө торгуулийн мөнгийг төлсөн зардал, 9.Түлшний машинд цаапны шаарик буулгах катушка авч тавьсан 150.000 төгрөг, нийт 12.049.560 төгрөгөөр нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул гаргуулах үндэслэлтэй гэжээ.
Нэхэмжлэгч Д ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 1.Шатахууны болон томилолтын зардал 3.392.560 төгрөгийг Ш.От 2019 оны 07 дугаар сараас 2020 оны 05 дугаар сарыг хүртэлх 11 сарын хугацаанд нийт 2.700.000 төгрөг буюу сар бүр албаны лимит гэж олгодог, энэ 11 сарын хугацаанд 3.990.000 төгрөгийн түлшийг талоноор олгосон, 2.610.590 төгрөгийн томилолтын зардал, нийт 9.300.590 төгрөгийг 11 сарын хугацаанд Ш.От олгосон, 2.Хувийн мөнгөөр компанийн автомашинд авч тавьсан сэлбэгийн 11 сарын хугацааны 5.357.000 төгрөгтэй холбоотой түүний гарган өгсөн нотлох баримтууд нь бүгд нотлох баримтын шаардлага хангахгүй байна, 3.Оросын мэргэжилтэн ирэх үеийн хоолны зардлын 960.000 төгрөгийг өөрөө бэлэн мөнгөөр авсан байсан, 4.18-89 УНЭ улсын дугаартай авто машиныг Архангай аймгаас чирч ирсэн нотлох баримт хэрэгт байхгүй, 350.000 төгрөгийн зардал гарсан бол компани олгож байсан албаны лимит, түлшний лимитээс төлсөн байх, 5.95-61 УНЭ улсын дугаартай авто машинд статер 350.000 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бэлэн мөнгөний өргөдөл бичиж автомашин станцын эрхлэгчээс зарлагын баримт үйлдэж гарын үсэг зурж бэлэн мөнгө авсан боловч засварыг нь хийгээгүй, 6.Компанийн ажилчдыг амралтад авч явсан компаниас зохион байгуулсан амралт бол биш, хэнтэй хаана амрах нь компанийн асуудал, компани албан ёсны зугаалга бол тогтсон саруудтай, тогтсон тодорхой хэмжээний төсөвтэй хэзээ явах нь тодорхой байдаг тул үндэслэлгүй, 7. Хог ачуулсан 300.000 төгрөгийг энэ мөнгө гарсан бол компаниас тухайн үед шаардаж авах ёстой компанийн дараа тайлангийн журам байдаг. Энэ тайланд заасан журмаар шаардан авах эрхтэй байсан, мөн албаны лимитээс төлөх боломжтой байсан. 8.95-61 УБО улсын дугаартай авто машиныг цагдаагийн байгууллагаас торгосон торгууль нь Ш.Оын нэр дээр ирдэггүй Д ХХК-ийн нэр дээр торгууль ирдэг тул үндэслэлгүй. 9.Цаапны шаариг буулгах катушка зэргийн 150.000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй, ямар машин нь тодорхойгүй тул 12.049.560 төгрөг нэхэмжилж байгаа сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж маргажээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудад үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч/ажил олгогч/ Д ХХК нь хариуцагч буюу тус компанид авто аж ахуйн албаны дарга ажилтан Ш.О уг албан тушаалыг хашин ажиллах явцдаа 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд дээр дурдсан 5 зөрчилд холбогдуулан хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан төлбөрийн тооцоо бодсон баримтаар нийт 7.614.750 төгрөгийн хохирол учруулснаас түүний цалин, хуримтлалын сангийн үлдэгдлийг хасан тооцож 6.045.012 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан, 135.1.3-т заасаар дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр авсан эд хөрөнгийг эргүүлж төлөөгүй гэх үндэслэлээр эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үндэслэлтэй гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зохигч талуудын хооронд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 19/381 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж Ш.О нь Д ХХК-ийн авто аж ахуйн хэлтэст баазын дарга албан тушаалд, сарын үндсэн цалин 600.000 төгрөг, ажлын үр дүнгийн нэмэгдэл 1.500.000 төгрөг, түлшний лимит 150.000 төгрөг, утасны лимит 50.000 төгрөг байх үндсэн нөхцөлүүд тохиролцон хугацаагүй гэрээ байгуулсан байна.
Мөн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 19/381 дугаартай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-г байгуулсан байдаг.
2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Д ХХК-ийн Ерөнхий захирлын 20-711/06-64 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалаар Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.1, 132 дугаар зүйлийн 132.1, Байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.5.8, 7.2.5.9, 7.2.5.11,3 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалт, 20/06-126 тоот зөрчлийн актыг үндэслэн авто аж ахуйн дарга Ш.О нь авто баазад шинээр сэлбэг худалдан авахдаа тоо бүртгэгчдээ хуучин сэлбэгээ огт хүлээлгэж өгдөггүй, 18-89 УНР Дэевү маркийн машины 2 аккумлятор алга болгосон, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 27-62 АЧ дугаартай чиргүүлийн засварт 3.814.750, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 22-62 УБ экскаваторын засварт 2.070.000 төгрөгийн төсөв тус тус батлуулж авч тайлангаа хаасан ч огт засвар үйлчилгээ хийгээгүй хувьдаа завшсан нь шалгалтаар тогтоогдсон тул тус шалтгаанаар нийт төлбөр 6.264.750 төгрөгийг төлүүлж сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.
Мөн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Д ХХК-ийн Ерөнхий захирлын 20-1141/07-97 дугаартай Ажлаас халах тухай тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2.5.4, 7.2.5.8, 7.2.5.9, 7.2.5.11, 13 дугаар зүйлийн 13.1.3 дах заалт, Ерөнхий захирлын 20-711/06-64 тоот тушаал, 20/09-210 тоот зөрчлийн актыг үндэслэн авто аж ахуйн дарга Ш.О-ыг давтан зөрчил гарган компанид хохирол учруулсан болон холбогдон гарсан зардлыг төлүүлж, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс ажлаас халсан байдаг.
Хөдөлмөрийн тухай хууль/1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.3-д зааснаар ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэй талаар заасан тул нэхэмжлэгч Д ХХК тус шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэжээ.
Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заажээ.
Нэхэмжлэгч тал хариуцагч Ш.О-ын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд гаргасан 5 зөрчлийг ажил олгогч мөн хугацаануудад мэдсэн боловч 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрүүдэд сахилгын шийтгэл оногдуулах болон ажлаас халах арга хэмжээнүүдийг авсан байна.
Хамгийн сүүлийн зөрчлийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргасан боловч 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлаас халсан тушаал зэргийг гаргасан болох нь тогтоогдож байна.
Эндээс үзвэл Д ХХК нь эрхээ зөрчигдсөнийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс мэдсэн, мэдэх боломжтой хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс тоолох боломжтой гэж үзэхэд шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй байжээ.
Шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар Д ХХК-ийн хариуцагч Ш.От холбогдох эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.045.013 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч Ш.О-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд ажил олгогч байгууллагын өмнөөс гаргасан зардлууд болох шатахууны болон албан томилолтын зардал, хувиараа сэлбэг хэрэгсэл авсан, орос мэргэжилтний хоолны зардал, эвдэрсэн машин чирч авчирсан хөлс, ажилчдыг амруулсан, хог ачуулсан болон торгуулийн зардалд нийт 12.049.560 төгрөгийг өөрөөсөө төлсөн тул нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр гаргуулахаар нэхэмжилжээ.
Дээрх зардлаа шаардахдаа хариуцагч Ш.О-аас гарган өгсөн 1 дүгээр хавтаст хэргийн 64-95, 105-136, 2 дугаар хавтаст хэргийн 33 дугаар талд авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан нотлох баримтын шаардлагууд хангаагүй тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Д ХХК нь 12.049.560 төгрөгөөр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй төдийгүй, хариуцагч Ш.О бусдын өр төлбөрийг сайн дураараа төлсөн гэх үндэслэл Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 496 дугаар зүйлийн 496.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, бусдын өр төлбөрийг сайн дураараа төлсөн байдал нотлох баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Д ХХК-иас 12.049.560 төгрөг гаргуулах тухай Ш.О-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111.670 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207.743 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хууль/1999 оны/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг баримтлан хариуцагч Ш.О-т холбогдох эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.045.013 төгрөг гаргуулах тухай Д ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 496 дугаар зүйлийн 496.1-т заасан бусдын өрийг сайн дураар төлсөн болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Д ХХК-иас 12.049.560 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ш.О-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111.670 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207.743 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч талууд 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.Б