| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2022/01993/и |
| Дугаар | 182/ШШ2022/02033 |
| Огноо | 2022-06-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 182/ШШ2022/02033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: К ХХК -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн төлбөрт 5,720,000 төгрөг, алданги 2,860,000 төгрөг нийт 8,580,000 гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Сэр-Од
Хариуцагчийн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн
Гэрч С.Алтанцэцэг, Б.Цэцэгсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч К ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт 5,720,000 төгрөг, алданги 2,860,000 төгрөг нийт 8,580,000 гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд болон төлөөлөгч Б.Сэр-Од шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н ХХК болон К ХХК-ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нарны зам-81, JS цамхагийн 6 давхрын 602 тоот 130 м.кв оффисын талбайг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаанд түрээслэхээр болсон. Түрээсэлж буй 130 м.кв талбайн 1 сарын түрээсийн төлбөр нь 1,300,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон. К ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр оффисын талбайг чөлөөлж өгсөн тул 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 4 сар 12 хоногийн түрээсийн төлбөр 5,720,000 төгрөг төлөөгүй. Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх гэрээний 6.3.4-д заасны дагуу гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги болох 2,860,000 төгрөгийн алданги тооцож нийт 8,580,000 төгрөгийг К ХХК-иас гаргуулна. Алдангийг 50 хувиар хасч эвлэрэхэд татгалзахгүй гэв.
2.Хариуцагч К ХХК шүүхэд болон төлөөлөгч Ж.Чимэдцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ажлын байрны зориулалтаар өрөө түрээслэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор байгуулагдсан байдаг. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүргүүлнэ хэмээн тусгайлан хэлбэрийн шаардлага тавьсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй тул мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарах юм. Иймд дээрх хүчин төгөлдөр бус хэлцлээр харилцан тохиролцсон алданги 2,860,000 төгрөгийг шаардах эрхгүй байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01340 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчаас 15,600,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байсан. Хариуцагчийн зүгээс дээрх шүүхийн шийдвэрийг биечлүүлж байх хугацаанд дэлхий нийтээр тархсан цар тахал Ковид-19 гарч, олон компаниудын тэр дундаа манай компанийн үйл ажиллагаа, орлого олох боломж маш хүнд болсон. Иймд алданги төлөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр төлөхийг зөвшөөрч байна гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх гэрээ, Нэхэмжлэх, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, итгэмжлэл, хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар зэрэг нотлох баримтыг шүүхэд өгсөн. Хариуцагчийн хүсэлтээр 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Нэхэмжлэх гэх нотлох баримтыг шүүх бүрдүүлсэн, гэрч С.Алтанцэцэг, В.Цэцэгсүрэн нарын гэрчийн мэдүүлэг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлээс 6,889,999 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 1,690,001 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч Н ХХК нь хаиуцагч К ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт 5,720,000 төгрөг, алданги 2,860,000 төгрөг нийт 8,580,000 гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн төлбөр, алданги шаардах эрхтэй гэж тайлбарлав.
6.Хариуцагч нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүргүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно, Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдсон тул алданги төлөх боломжгүй гэж маргасан.
7.Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Н ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Нарны зам-81, JS цамхагийн 6 давхрын 602 тоот 130 м.кв оффисын талбайг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай нэг сарын түрээсийн төлбөр нь 1,300,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх гэрээ байгуулагдаж, талууд гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
8.Хариуцагч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүргүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж байгаа боловч түрээслүүлэгч нь тухайн обьектын зарим хэсгийг түрээсэлсэн байх тул Эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагагүй. Мөн түрээсийн гэрээг эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх үүрэг нь зөвхөн түрээслүүлэгчийн үүрэг бус бөгөөд түрээслэгчид мөн бүртгүүлэх эрх нь нээлттэй байна.
9.Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардах эрхтэй.
10.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/01340 дугаар шийдвэрээр ...нэхэмжлэгч гэрээнд заасан талбай бүхий өрөөгөө хүлээлгэн өгсөн, хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс одоог хүртэл ашиглаж байх тул Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1.хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байх ба хариуцагч гэрээний 5.3-т зааснаар эд хөрөнгө ашигласны хөлсийг сар сард нь төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч гэрээний үндсэн үүрэг хөлсөө шаардах эрхтэй болно, ...хэрэгт авагдсан баримтуудаар К ХХК нь нэхэмжлэгч талтай 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо Нарны зам 81 JS цамхаг 6 давхарт 602 тоот 130 м.кв талбай бүхий байрыг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдөр хүртэл хугацаатай ажлын байрны зориулалтаар сард 1,300,000 төгрөгөөр хөлс тохирч ашиглаж байх ба талууд хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан гэрээнд маргаагүй, гэрээ хэрэгжиж ирсэн, гэрээнд тугайлан аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулсан зохицуулалтгүй тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний агуулга шинжийг тусгасан, хуулийн хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэж шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.
11.Нэхэмжлэгч Н ХХК нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 4 сар 12 хоногийн түрээсийн төлбөр 5,720,000 төгрөг шаардсан гэх тайлбар гаргаж мэтгэлцэж байгаа боловч дээрх хугацааг тооцож үзэхэд 3 сар 16 хоног байх ба түрээсийн төлбөрт 4,593,333 төгрөг шаардах эрхтэй байсан атал 1,126,667 төгрөгийг илүү нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзнэ.
Түрээслэгч К ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн болох нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр, мөн 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр түрээсийн байрыг чөлөөлөх тухай Мэдэгдэл өгч, түрээслэгч 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр түрээсийн байрыг чөлөөлсөн тэмдэглэл байгаа гэх гэрч Б.Цэцэгсүрэнгийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэрч С.Алтанцэцэгийн 2019 оны 8 дугаар сарын 20-н өдрийн үеэс 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл байрыг лацадсан, лацдах үед нь би байгаагүй, энэ тухай захирлаас сонссон гэх мэдүүлгээр 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс түрээсийн байрыг ашиглаагүй гэх нөхцөл байдал няцаагдаж, хариуцагч түрээсийн байрыг хүлээлгэн өгсөн талаарх баримтыг ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.
12.Ажлын байрны зориулалтаар өрөө /тасалгаа/ түрээслэх 2016 оны 10 сарын 15-ны өдрийн гэрээний 6.3.4.Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5 хувиар бодож алданги тооцно гэж тохиролцсон байна.
Иймд хариуцагч К ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 3 сар 16 хоногийн түрээсийн төлбөрт 4,593,333 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар гүйцэтгээгүй үүрэг 4,593,333 төгрөгт тооцсон алданги 2,296,666 төгрөг нийт 6,889,999 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,690,001 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
13.Хариуцагч нь Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа доголдсон тул алданги төлөх боломжгүй гэж маргасан боловч дээрх түрээсийн гэрээ 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр оффисын талбайг чөлөөлж өгснөөр дуусгавар болсон тул алдангиас чөлөөлөх боломжгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар илүү үндэслэлтэй байна.
14.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,230 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 125,190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч К ХХК-иас 6,889,999 /зургаан сая найман зуун наян есөн мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1,690,001 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 152,230 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К ХХК-иас улсын тэмдгийн хураамжид 125,190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ