| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2022/01598/И |
| Дугаар | 182/ШШ2022/02123 |
| Огноо | 2022-07-06 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2022/02123
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б -гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Г -т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Х гудамж тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай 699 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан чөлөөлүүлэх тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан, хариуцагч Б.Г хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Гт холбогдуулан Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Х гудамж тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай 699 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн дугаар хороо Х гудамжны тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 699 мкв талбай бүхий газрыг эзэмших гэрчилгээтэй байхад нь 2014 онд худалдаж авсан. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэгж талбарын дугаартай Г- тоот улсын бүртгэлийн гэрчилгээг өөрчилсөн. Би газраа худалдаж авснаас хойш газар дээрээ хашаа барихаар очтол Б.Г гэх хүн миний худалдаж авсан газар дээр зөвшөөрөлгүй бууж, гэр барьсан байсан. Б.Гтай уулзаж, миний худалдаж авсан газар тул бид хашаагаа хатгах хэрэгтэй байна, та манай газрыг чөлөөлж өгнө үү гэж шаардтал өөдөөс элдвээр хэлж, хөөж туусан тул хорооны Засаг даргад хандсан. Түүнээс хойш Б.Гийг миний газрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардаж хүлээсэн ч одоо болтол манай газрыг чөлөөлж өгөхгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч нь хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Иймд миний өмчлөлийн газар болох Чингэлтэй дүүргийн дугаар хороо Х гудамжны тоот газрыг иргэн Б.Гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2011 онд энэ газарт айл байхгүй байхад ирж буугаад газрын албанд өргөдлөө өгтөл Нийслэлийн газрын албанаас зөвшөөрөөгүй гээд хүлээлгэсээр байгаад нэг өдөр ажилдаа явсны араар Баянбат гэх хүн газрын албаны хүмүүс авчраад газарт хаяг өгөөд явсан байсан. Баянбат нь 2-3 удаа ирж хэл амаар доромжлон хөөж сүүлдээ танайд өөр газар өгье гээд байсан. Хашаагаа бариад 11 дэх жилдээ амьдарч байна. Газрын албанаас ирж хөөсөн. Баянбат нь албан тушаалаа ашиглан тэр хавийн газрыг аваад найз нөхөд хамаатан садандаа зарсан байх магадлалтай байгаа тул Авлигатай тэмцэх газраар шийдүүлэх хүсэлтэй байна. Маш их гомдолтой байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 15/600 тоот албан бичиг, Газар өмчлөх эрхийн 000566168 дугаар гэрчилгээ, Газрын байршил кадастрын зураг, Газар өмчлөх тухай хүсэлт, Газар эзэмших эрх шилжүүлэх 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээ, Иргэний газар эзэмших эрхийн 000083027 дугаар гэрээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт зэргийг, хариуцагчаас хариу тайлбар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Гт холбогдуулан Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Х гудамж тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай 699 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь хөрөнгөө хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Б.Г нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2011 онд энэ газарт айл байхгүй байхад бууж, хашаа бариад 11 жил амьдарсан гэж маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 15/600 тоот албан бичиг, Газар өмчлөх эрхийн 000566168 дугаар гэрчилгээ, Газрын байршил кадастрын зураг, Газар эзэмших эрх шилжүүлэх 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээ, Газар өмчлөх тухай хүсэлт, Иргэний газар эзэмших эрхийн 000083027 дугаар гэрээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч Б.Б нь Газар эзэмших эрх шилжүүлэх 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээгээр Д.Баянбатаас дээрх газрыг шилжүүлэн авсан байх ба Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/899 тоот шийдвэрийг үндэслэн Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Х гудамж тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай 699 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээ олгогджээ.
8.Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 15/138 тоот албан бичгээр “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1175 дугаар захирамжаар иргэн Б.Бд өмчлүүлсэн газрын нэгж талбарын хувийн хэргийг хүргүүлэв” гэжээ. /хавтаст хэргийн 32-45 дахь тал/
Нэхэмжлэгч Б.Б нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/899 тоот шийдвэрийг үндэслэн Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Х гудамж тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай 699 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй болох нь дээрх бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Б.Гийн хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Х гудамж тоот хаягт байршилтай тоот нэгж талбарын дугаартай 699 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан чөлөөлөх үндэстэй гэж үзнэ.
9.Хариуцагч Б.Г нь 2011 онд энэ газарт айл байхгүй байхад бууж хашаа бариад 11 жил амьдарсан гэж маргаж байгаа боловч тухайн газрыг эзэмших эрхийг олгосон ямар нэгэн баримт ирүүлээгүй нь хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.
10.Тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШЗ2022/05720 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Гийг албадан ирүүлж нэхэмжлэлийг гардуулсан. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШЗ2022/08690 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Гийг албадан ирүүлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгох хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Гийн хууль бус эзэмшлээс Чингэлтэй дүүргийн дугаар хороо, Х гудамж тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай 699 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан чөлөөлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ