Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 182/2022/01756/и |
Дугаар | 182/ШШ2022/02123 |
Огноо | 2022-07-06 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2022/02123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах, Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт байрлах Ш ХХК -д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 8,000,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Батцэрэн
Хариуцагчийн төлөөлөгч А.Цээнэ
Гэрч М.Энхбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 8,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Н ХХК шүүхэд болон төлөөлөгч С.Батцэрэн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ш ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч Ш ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Номтын амны 10 га талбайд “Аялал жуулчлалын бааз” байгуулах төслийн Байгаль орчны үнэлгээний ажил буюу гэрээний 1.1.1-1.1.4-т заасан ажлуудыг 4.1.1, 4.1.2-т заасан шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэх, ийнхүү гүйцэтгэхдээ Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг ажлын 7 хоногт багтааж, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ тайланг ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсан өдрөөс хойш 7 хоногт багтаан хийж гүйцэтгэх, Н ХХК буюу захиалагч нь гэрээний 5 дугаар зүйлд заасан нөхцөлийн дагуу ажлын хөлс 8,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн. Захиалагч талын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 8,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр захирал Ц.Оюунцэцэгт бэлнээр хүлээлгэж өгсөн. Ц.Оюунцэцэг нь 8,000,000 төгрөгийг гарын үсэг зурж хүлээн авсан. Номтын ам гэх газар нь Богд уулын тусгай хамгаалалттай газар нутагт харьяалагддаггүй, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг болохыг олж мэдсэн учир цаашид Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх, тайлан гаргуулах шаардлагагүй болсон. Гэтэл хариуцагч нь 8,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн тул 8,000,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилсөн шаардлагаасаа татгалзаж, хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дэмжин оролцож байна гэв.
2.Хариуцагч Ш ХХК шүүхэд болон төлөөлөгч А.Цээнэ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Номтын амны 10.0 га талбайд Н ХХК-ийн Аялал жуулчлалын бааз байгуулах төсөл, түүний Байгаль орчны үнэлгээний ажлуудыг хийж гүйцэтгэхээр Н ХХК-тай гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.1-т заасны дагуу Байгаль орчны үнэлгээг гэрээгээр тогтоосон хугацаанд гэрээнд заасан болон захиалагчаас тавьсан шаардлагад нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэхээр, мөн гэрээний 4.2-т гэрээний дагуу ажлын хугацаа Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг ажлын 7 хоногт, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг ерөнхий үнэлгээтэй дүгнэлт гарсан өдрөөс хойш 7 хоногт багтаан хийж гүйцэтгэхээр заасан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын тайланг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хийж гүйцэтгэн 2 хоногийн дараа Алтангэрэл гэж хүн ирж авсан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.1.2-т “төсөл хэрэгжүүлэгч гэж тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээдийг хэлнэ”, 9.3-т “Ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно” гэж тус тус заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд байгаль орчны төлөв байдлын тайланг хүргүүлж батлуулах үүргийн хуулиар хүлээсэн болно. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх эрх үүсдэг. Нэхэмжлэгч Н ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж дээрх хүсэлтийг өгөөгүй ба ерөнхий үнэлгээний дүгнэлт БОАЖЯ-аар гаргуулаагүй нь гүйцэтгэгч Шүрэн завьяа ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, хээрийн судалгаа, хөрсний судалгаа, ургамлын судалгаа, лабораторийн судалгаа, зураглал боловсруулах, тайлан боловсруулах зэрэг байгаль орчны төлөв байдлын тайланг бүрэн дуусгаж захиалагч талд мэдэгдэж хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагч тал гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж үзэж байна. Н ХХК нь өнгөрсөн хугацаанд гүйцэтгэгч Шүрэн завьяа ХХК-д гэрээнээс татгалзах талаар мэдэгдэж байгаагүй бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний хүрээнд талууд хүлээсэн үүргээ хийж гүйцэтгэн гэрээ дуусгавар болсон тул гэрээнээс татгалзаж гэрээний нийт үнэ болох 8,000,000 төгрөг нэхэмжлэх эрхгүй байна. Шүрэн завьяа ХХК нь нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 8,000,000 төгрөгөөр гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, Бэлэн мөнгөний орлогын баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,Эвлэрүүлэн үуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тухай 208 дугаар баримт, өргөдөл, Төв аймгийн газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын 2022 оны 6 дугаар сарын 22 ны өдрийн 07/583 тоот албан бичиг, Нэгж талбарын хил, заагийн газарт өэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт зэрэг, хариуцагчаас хариу тайлбар, Хөрсний задлан шинжилгээний дүн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Аялал жуулчлалын бааз байгуулах төсөл, Байгаль орчны төлөв байдлын тайлан, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Энхбатаас гэрчийн мэдүүлэг шүүх хуралдаанд авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Ш ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Гэрээгээр хүлээсэн үүргээ хийж гүйцэтгэн гэрээ дуусгавар болсон тул гэрээнээс татгалзаж, 8,000,000 төгрөг нэхэмжлэх эрхгүй гэж маргаж байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, Бэлэн мөнгөний орлогын баримт, Төв аймгийн газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын 2022 оны 6 дугаар сарын 22 ны өдрийн 07/583 тоот албан бичиг, Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, Хөрсний задлан шинжилгээний дүн, Аялал жуулчлалын бааз байгуулах төсөл, Байгаль орчны төлөв байдлын тайлан, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээ, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Талуудын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Ш ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Номтын амны 10 га талбайд “Аялал жуулчлалын бааз” байгуулах төслийн Байгаль орчны үнэлгээний доорх ажлуудыг хийхээр тохиролцсон байна. Үүнд: Гэрээний 1.1.1.“Төсөл хэрэгжих талбайн өнөөгийн төлөв байдлыг тодруулах хээрийн судалгааг хийнэ, 1.1.2.“Хээрийн судалгаагаар авсан дээжинд задлан шинжилгээ хийж дүнд боловсруулалт хийж тайлагнах, 1.1.3.“Байгаль орчны төлөв байдлын тайлан боловсруулах, 1.1.4.“Байгаль орчны төлөв байдлын тайлан боловсруулах, 1.1.4.“Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэдгээний тайлан боловсруулж батлуулах, Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг ажлын 7 хоногт багтааж, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ тайланг ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсан өдрөөс хойш 7 хоногт багтаан хийж гүйцэтгэх, захиалагч Н ХХК нь ажлын хөлс 8,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
7.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байна. Талууд гэрээний гол нөхцөл болох гүйцэтгэх ажил үүрэг, төлөх хөлс, урамшууллын хэмжээг тохиролцож гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн гэж үзнэ.
8.Талууд ажлын хөлс 8,000,000 төгрөг төлөгдсөн тухайд маргаагүй.
9.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дах хэсэгт “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж заасан бөгөөд ажил гүйцэтгэгчид 3 хоногийн дараа М.Энхбат нь хамтран ажиллах гэрээнээс татгалзаж байгаа мэдэгдсэн гэж тайлбарлав.
10.Гэрч М.Энхбат шүүх хуралдаанд “Н ХХК-ийн захирал О.Уянга нь миний эхнэр бөгөөд би тус компанид ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэггүй. Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагагүй болсон талаар Оюунцэцэгт утсаар хэлсэн, нэг их удаагүй л хэлсэн, утсаар ярьсан хугацаагаа санахгүй байна” гэж мэдүүлсэн.
Нэхэмжлэгчийн хамтран ажиллах гэрээнээс татгалзаж байгаагаа ажил гүйцэтгэгчид 3 хоногийн дараа мэдэгдсэн гэх тайлбар нь гэрч М.Энхбатын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна
11.Хариуцагчийн төлөөлөгч хамтран ажиллах гэрээнээс татгалзсан болохоо мэдэгдсэн бол бид хээрийн судалгаагаар авсан дээжинд задлан шинжилгээ хийлгэж, өндөр төлбөр төлөхгүй байсан гэж мэтгэлцэв.
12.Хэрэгт авагдсан Хөрсний задлан шинжилгээний дүн /хавтаст хэргийн 20 дахь тал/, Байгаль орчны төлөв байдлын тайлан /хавтаст хэргийн 45-102 дахь тал/ зэрэг баримтаас ажил гүйцэтгэгч Ш ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байх ба Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5 дахь хэсэгт “Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй” гэж заасан зохицуулалттай нийцсэн гэж үзнэ.
13.Нэхэмжлэгч Номтын ам гэх газар нь Богд уулын тусгай хамгаалалттай газар нутагт харьяалагддаггүй, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг болохыг олж мэдсэн учир цаашид Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх, тайлан гаргуулах шаардлагагүй болсон бөгөөд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэх тайлбар, үндэслэлд хариуцагчийг буруутгах боломжгүй байна.
14.Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүрэгтэй байх ба энэ үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ш ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ