2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1357

 

 

 

 

 

 

 

 

    2025         05           20                                    2025/ШЦТ/1357

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Б.Сүрмандах,

хохирогч Xu Bao Yin, түүний өмгөөлөгч С.Эрдэнэсайхан, орчуулагч Ц.Өлзийбат,

иргэний хариуцагч Ю.Ганбилэг, Э.Хөхийсүрэн,

гэрч Dededouli, /Дэ Дэ Дүө Ли/ түүний орчуулагч н.Баянхангай,

шүүгдэгч *********, түүний өмгөөлөгч Х.Ургаа, Э.Оюунтүлхүүр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** холбогдох эрүүгийн ************** тоот дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмрийн технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Дорноговь аймгийн Айраг сумын Замчин 4-p багийн 30 тоот байрны 23 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *********.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь хуурч, нүүр тээвэрлэх зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан биш атлаа зохиомол байдлыг зориудаар бий болгон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Хu Bao Yin-нд “нүүрс тээвэрлэх вагон бэлдэж өгч болно, 1 тонн нь 300 юань, 1 вагонд 3300 тонн ачигдана. Үүнийг 7 хоногийн дотор ачуулна гэж” төөрөгдөлд оруулж, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Хu Bao Yin-оос Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутагт 19-н үйлчилгээний төвийн гадна байхад нь Хаан банкны 5077295330 тоот данснаас 185.000.000, мөн тус банкны 5077027959 тоот данснаас 200.000.000 төгрөг, нийт 385.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5007094757 тоот дансаар буцаан өгөх санаа зорилгогүйгээр залилан авч хохирогчид их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ: “...Би 385.000.000 төгрөгийг авсан нь үнэн бөгөөд тухайн мөнгөнөөс 200.000.000 төгрөгийг иргэний хариуцагч Ю.Ганбилэг, Э.Хөхийсүрэн нарын данс руу шилжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 85.000.000 төгрөгийг хохирогчид буцаан шилжүүлсэн. Өнөөдөр 26.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Миний дансанд битүүмжлэгдсэн 26.000.000 төгрөг байгаа. Тухайн дансанд байгаа мөнгийг хохирлоос хасуулах хүсэлттэй байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Хu Bao Yin мэдүүлэхдээ: “...Би компаниас өгсөн үүрэг даалгаврын дагуу шүүгдэгч *********аас 249.000.000 төгрөгийг  нэхэмжилж байна. Мөн *********аас 2021 оны 10-р сарын 13-ны өдрөөс 2022 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэл Чойр өртөөнд нүүрс хадгалсан талбай түрээсэлсэн болох 140.156.665 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн алдагдалд 100.000.000 төгрөгийг мөн нэхэмжилмээр байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ю.Ганбилэг мэдүүлэхдээ: “...Би *********аас 130.000.000 төгрөгийг авсан нь үнэн, хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж барагдуулна...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Э.Хөхийсүрэн мэдүүлэхдээ: “...Би 70.000.000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгөнөөс 25.000.000 төгрөгийг Соёл-Эрдэнэ рүү шилжүүлж өгсөн. Соёл-Эрдэнэ авсан 25.000.000 төгрөгийн хохирлыг буцаан өгсөн байсан. Одоо би 45.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Dededouli /Дэ Дэ Дүө Ли/-ийн мэдүүлэхдээ: “...Хохирогч Хu Bao Yin миний нөхөр бөгөөд шүүгдэгчийн буцааж өгсөн мөнгийг миний дансаар шилжүүлсэн. Би нөхөртөө тэр мөнгийг өгсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч Xu овогт Вао Yin-ний 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:

“...********* надтай уулзсан. Тухайн үед ********* нь нүүрс тээвэрлэх вагон бэлдэж өгч болно, 1 тонн нь 300 юань, 1 вагонд 3300 тонн ачигдана. Үүнийг 7 хоногийн дотор ачуулна гэж хэлсэн ба тэгэхээр нь энэ үгэнд нь итгээд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 385,000,000 төгрөгийг 2 хувааж Чингэлтэй дүүргийн 3-р хороо, Найман шарга төв дээр банк бус санхүүгийн байгууллагад бэлнээр 800,000 юань авч ирээд Монгол мөнгөөр солиулаад *********ын хэлсэн Хаан банкны 5007094757 дугаарын данс pyy шилжүүлсэн. Ингээд 2021 оны 10 сарын 18-ны өдөр болоход нүүрс ачигдаагүй болохоор *********ын утас руу залгахад 99118173 дугаарын утсаа авахгүй байсан. Үүний дараа арай гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн орой 13 дугаар хороололд байрлах “Вэнзөү” зочид буудлын гадна зогсоол дээр *********тай миний өөрийн машин дотор миний нэг найз Цагаан ах /Монгол хүн утас: 99091389/ байсан. Тэгээд ********* нь надад “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөнгийг нь өгсөн вагон нь 8 хоног хүлээгдээд байна, хэзээ Чойрт ирэхийг мэдэхгүй байна гэсэн. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны орой Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоо байрлах дугуй засварын газарт очиж *********тай уулзсан. Тухайн үед ********* “чиний над руу шилжүүлсэн 385.000.000 төгрөгөөс 200.000.000 төгрөгийг вагон ашиглуулсны төлбөрт цаашаагаа УИХ-ын гишүүн Дэлгэрсайханы өмнөх эхнэрт шилжүүлэх талаараа надад хэлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Урт цагааны төвийн автомашины зогсоол дээр *********тай уулзахад 200.000.000 төгрөгийг Дэлгэрсайханы өмнөх эхнэрт өгсөн, би чамд үлдсэн 185.000.000 төгрөгийг 11 дүгээр сарын 12-ны дотор буцаан шилжүүлье гээд нэг бичиг гараараа гар бичмэл хийж өгсөн ч ямар нэг мөнгөө өгөөгүй, мөн 2 удаагийн төлөлтөөр шилжүүлсэн тээвэрлэлт хийгдээгүй тул 2021 оны 11 дүгээр сарын 13-ны үед би *********ын Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байрлах гэрт нь очоод 11 дүгээр сарын 20-оос өмнө тээвэрлэлт хийхгүй бол бүх төлбөрөө буцаан авахаар тохиролцсон. Дараа нь ********* нь 2021 оны 11 дүгээр сарын 13-нд анх тээвэрлэлт хийлгэхээр шилжүүлсэн мөнгөнөөс 85.000.000 төгрөгийг надад буцаан өгөхдөө манай эхнэрийн данс руу шилжүүлсэн байсан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би манай эхнэрийн найз хуульч Нямсүрэнтэй хамт Батбаяртай уулзаж тохиролцсон бөгөөд энэ тухайгаа уулзалтын тэмдэглэл үйлдсэн. Дээрх тэмдэглэлд дурдсан хугацаанд ********* мөнгөө өгөөгүй тул 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр *********тай Сүхбаатарын талбайн дэргэд хуульчийн оффис дээр уулзсан.Тухайн үед ********* мөн л төлөх талаар хугацаа заасан бичиг хийж өгсөн хэдий ч мөнгийг өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй байгаа. Компанийн зүгээс тээвэрлэлт хийлгэхээр 3548.27 тонн нүүрсийг Чойрын өртөөн дээр хадгалуулсан. 1 өдөр нүүрс хадгалуулахад тонн тутамд 500 төгрөг байдаг бөгөөд бид 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 79 өдөр хадгалуулсан бөгөөд энэ нь 140.156.665 төгрөг болж, компанид их хэмжээний хохирол учирсан 2 дахь удаагаа тээвэрлэлт хийлгэхээр “Монгол транс ложистик” ХХК-д шилжүүлсэн 381.700.000 төгрөгт тээвэрлэлт хийлгэхээр тус компанитай тохиролцсон. Тухайн компани тээвэрлэлтийг хийж өгөхөөр тохиролцсон байгаа. *********т анх удаа тээвэрлэлт хийлгэхээр өгсөн 385.000.000 төгрөгийн үлдэгдэл болох 300.000.000 төгрөг болон тээвэрлэлт хийлгэж чадаагүйн улмаас Чойрын өртөөнд нүүрсээ хадгалуулсны төлбөрт төлсөн 140.156.665 төгрөг, нийт 440.156.665 төгрөгийг гаргуулж, манай компанид учруулсан хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. ********* нь Хятад хэл мэдэхгүй, 2014 оноос хойш бага зэрэг танил хүн байгаа юм. ********* айраг суманд жонш хийдэг байсан” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 97-98, 111, 113 дахь тал/,

 

Өвөр Монголын “Жичэн Энержи” ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Xu Вао Yin-ний данс руу 440,000 юанийн шилжүүлэг хийгдсэн төлбөрийн баримтын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 246-250 дахь тал/,

 

*********ын Хаан банкны 5007094757 тоот дансны хуулга, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр уг дансанд 185,000,000 төгрөг, 200,000,000 төгрөг тус тус шилжиж орсон гүйлгээний баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 88-аас 3 дугаар хавтаст хэрэг, 4 дүгээр хавтаст хэргийн 96 дахь тал/,

 

Гэрч Д.Цагаанхүүгийн:

“...Би Батбаяр гэх хүнтэй 2 удаа уулзаж байсан. Эхнийх нь 2021 оны 11-р сарын эхээр Вэн жөү зочид буудлын гадаа Дээдбилэгийн нөхөр болох БНХАУ-н иргэний машинд сууж байгаад Батбаяр гэгчтэй уулзаж байсан юм. Тухайн үед Дээд билэг намайг дуудаад вагон олох гээд Батбаяр гэх хүнтэй уулзах гэж байна, хүрээд ирээч гэж дуудсан юм. Би Дээдбилэгтэй Монгол Улсаас нүүрс экспортлох ажил дээр хамтарч ажилладаг ба вагон олж өгдөг байсан чинь тухайн үед вагон олоход хэцүү болсон юм. Ер нь хүмүүс Дэлгэрсайханаас л вагон авдаг байсан юм. Тухайн үед Батбаяр, Дээдбилэг болон түүний нөхөр бид 4 уулзахад Батбаяр нь вагон олж өгөх боломж байна, нөхцөл нь болохоор 200,000,000 төгрөг өгчих, 2-3 хоногийн дараагаас вагон тавиад өгье, Дэлгэрсайхантай хамааралтай эмэгтэй хүн БНСУ-руу эмчилгээнд явахад зардал хэрэгтэй байгаа тул найдвартай гэж хэлж байсан. Тухайн үед би Дээдбилэг вагон олж өгснийх нь дараа мөнгийг нь өгчих гэж хэлж байсан, тэгээд л эхний миний Батбаяр гэх хүнтэй уулзаж байсан уулзалт дууссан.

Хоёр дахь удаад нь уулзахад Дээдбилэг Батбаярт мөнгө өгчихсөн вагоноо хүлээгээд хугацаа нь хэтрээд удаж байсан ба 2021 оны 12 дугаар cap гарчихсан байсан. Тэгээд би Батбаяраас нөгөө вагон яасан бэ гэхэд Батбаяр нь мөнгөө өгнө гээд гар бичмэл бичиж өгч байсан юм” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 128- 129 дэх тал/,

 

Гэрч Dededouli /Дэ Дэ Дүө Ли/-ийн:

“...*********ын данс руу 385,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ Өвөр Монголын Жичэн Энержи ХХК-н данснаас манай нөхөр HU BAOYIN-ний данс руу мөнгийг эхлээд шилжүүлж өгсөн. Тэгээд бэлэн монгол төгрөг байхгүй байсан учраас Монголд байсан найз Цэнгэлээс түр 385,000,000 төгрөгийг аваад *********ын өөрийнх нь хувийн данс руу шилжүүлсэн. Тэгээд манай нөхөр болохоор Цэнгэлд мөнгийг бэлэн юанаар өгсөн байдаг. Манай Мандах Өглөө ХХК-н данснаас бол ямар нэгэн мөнгө ********* луу шилжүүлээгүй, тухайн үед орчуулга хийлгэхдээ буруу орчуулсан байсны алдаа байсан юм билээ. 85,000,000 төгрөгийг эхлээд буцаагаад өгье, сүүлд нь үлдсэн мөнгөөр нь вагон олж өгнө гэж хэлсэн байдаг. Гэвч вагон олж өгөөгүй. Батбаяр өөрөө вагон олж өгч чадна гэж хэлсэн, вагон олж өгөхдөө цааш нь хүнээр дамжуулан олж өгөх талаар ямар нэгэн зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 126 дахь тал/,

 

Гэрч Ю.Ганбилэгийн:

“...би вагон олж өгөх ажилд тусалсан гээд мөнгө авч байсан. Тухайн үедээ Батбаяр над руу мөнгө шилжүүлж өгсөн. Яг хэдэн төгрөг шилжүүлж байсныг дансны хуулгаа харж байгаад хэлье, над руу шилжүүлсэн мөнгөнөөс би Хөхийсүрэнд шилжүүлж өгсөн. Би дансны хуулгаа хараад яг хэдэн төгрөг миний данс руу орсон, Хөхийсүрэнд хэдэн төгрөг шилжүүлснээ хэлье. Би тухайн мөнгөнөөс вагон олж өгөх ажилд зуучилсан гээд авч байсан. Вагоныг Хөхийсүрэнгийн эгч Соёлоо гэх эмэгтэй олж өгнө гэсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 137 дахь тал/,

 

Гэрч Э.Хөхийсүрэнгийн:

“... Би Xu Baoyin болон Дээд билэг гэх хүмүүсийг танихгүй, уулзаж байгаагүй, ********* гэх хүнийг сайн танихгүй, зүс таних хүн юм. 2021 оны 10 сараас хойш нэлээд хугацаа өнгөрсөн тул хэний данснаас мөнгө орж ирснийг хэлж мэдэхгүй байна, дансны хуулгаа харж байгаад тодорхой хэлж ярина. Би нүүрс тээвэрлэх эрх бүхий хүн биш, уг ажилд өөрийн Соёлоо гэж хуурай эгчид дамжуулан зуучилж өгсөн. Надад нүүрс тээвэрлэх вагон олоод өгөөч гэхээр нь Соёлоо гээд хуурай эгч хуучин ажлын шугамаар танилцсан хүнээсээ асуусан чинь би хүнээс тодруулаад хэлье гэсэн. Би Болд Төмөр Ерөө ХХК-аас гэрээ хийж болох юм байна гэж Соёлоо хэлсэн. Ингээд надад Батбаяр ах байх аа, яг сайн санахгүй байна, над руу нүүрс тээвэрлэх вагон олж өгөхөд тусалсан гээд мөнгө өгч байсан. Би дансны хуулгаа хараад хэдэн төгрөгийг, хэзээ, хэнээс шилжүүлж байсан талаар дахин мэдүүлье. *********, Соёлоо гэх хүмүүс нүүрс тээвэрлэх вагон тавьж олгох эрх бүхий албан тушаалтан мөн эсэхийг мэдэхгүй, энэ талаар судалж нягталсан зүйл байхгүй. Би зөвхөн дунд нь хүмүүсийг зуучилж өгсөн гээд ажлын хөлс болгон мөнгө авч байсан. ********* хэний ямар учиртай нүүрс тээвэрлүүлэх гэж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй. Зөвхөн вагон байгаа эсэх талаар Соёлоо эгчээс асуусан юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 141 дэх тал/,

 

Гэрч Б.Соёлсайханы:

“...Э.Хөхийсүрэн надад ямар нэгэн тодорхой зүйл хэлж байгаагүй, надаас 1 цуваа нүүрс тээвэрлэх вагон олоод өгөөч гэж гуйсан, тэгэхээр нь би таньдаг хүнд хэлж байсан. Надад 2022 онд шиг санаж байна, яг хэдэн байсныг сайн мэдэхгүй байна. 25,000,000 төгрөгийг миний 5630125993, 5521011221 дугаартай Хаан банкны аль нэг данс руу шилжүүлж өгч байсан. Дансны хуулгаа харвал хэдэн төгрөг, аль данс руу орсон талаар мэдэж болно. Би нэг удаа нүүрс тээвэрлэх вагон олж өгөхөөр Дэлгэрсайхан гээд багын найздаа нэг удаа нүүрс тээвэрлэх вагоны гэрээ олж өгөөч гэж нэг удаа гуйж байсан. Дэлгэрсайхан нь тухайн үед нүүрс тээвэрлэх вагонтой гэж ярьдаг байсан. Би яг хэдэн төгрөгт нүүрс тээвэрлэх вагоны ажил бүтээж өгснийг мэдэхгүй. Бодвол тухайн мөнгө шилжүүлсэн, мөнгө авсан хүмүүс нь тодорхой мэдэх байх. Би нүүрс тээвэрлэх вагон тавьж олгох эрх бүхий албан тушаалтан биш, зүгээр хүн гуйхаар нь багийн найздаа хэлж өгч байсан. Тэрнээс өөрөөр тэр ажилд оролцсон зүйл байхгүй. Ажил нь бүтсэн гэж ярьдаг, яг тодорхой зүйлийг мэдэхгүй байна, Би дээрх 25,000,000 төгрөгийг буцаагаад төлөхөд татгалзах зүйлгүй байна. Надтай *********, Ю.Ганбилэг гэх хүмүүс холбогдож байгаагүй, ганцхан Хөхийсүрэн холбогдож байсан...Хөхийсүрэн над руу нэг хүнтэй нүүрсний гэрээ хийсэн. Тээвэрлэх вагон хэрэгтэй байна, та вагон олоод өгөөч гэж гуйсан. Ингээд би багийн найз Дэлгэрсайханаас нүүрсний гэрээ байна, вагон тавьж өгөх боломжтой юу гэж асууж өгч байсан. Тэрнээс яг вагон бол тавьж өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Хөхийсүрэн нь өөрийнхөө данснаас миний Хаан банкны 5630125993 тоот данс руу 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн, би уг мөнгийг бүгдийг буцаагаад хохирогч гэх хятад иргэний данс руу шилжүүлээд байгаа” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал/,

 

Э.Гэрч Б.Баяржаргалын:

“...Би 2010 оноос “Болд Төмөр Ерөө” гол ХХК-нд тээвэр хариуцсан захирлын ажлыг өнөөдрийг хүртэл хийж байна. ********* гэх хүний зүс танина, Дорноговь аймгийн хүн гэдгээр мэднэ, Э.Хөхийсүрэн гэх хүнийг зүс мэднэ, нэг удаа уулзаж байсан. Б.Соёл-Эрдэнэ гэх хүнийг сайн мэдэхгүй байна. Ю.Ганбилэг гэж хүнийг огт таньж мэдэхгүй байна. 2021 оны 10 дугаар сард шиг санаж байна, Дээд билэг гэх хүн 1 бил үү 2 удаа нүүрс тээвэрлэх вагон авч байсан. Уг вагоныг тавьж өгөхөд *********, Э.Хөхийсүрэн, Б.Соёл-Эрдэнэ, Ю.Ганбилэг гэх эдгээр хүмүүс ямар нэгэн хамаарал байхгүй, хэлж ярьж өгч байсан зүйлгүй. Манай компани хувь хүнтэй ямар нэгэн байдлаар вагон тавьж олгох гэрээ хийдэггүй, зөвхөн албан ёсны зөвшөөрөлтэй компанитай хүсэлт гаргасны дагуу гэрээ хийж баталгаажуулан нүүрс тээвэрлэх вагоныг тавьж олгодог. Дэлгэрсайхан нь манай компанид 2016 оноос хувьцаа эзэмшигч байсан, 2016 онд УИХ-н гишүүн болсон цагаас эхлэн компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн хамааралгүй болсон. Дэлгэрсайхан нь дээрх нэр бүхий хүмүүст вагон тавьж олгох талаар хэлж ярьсан зүйл байхгүй. Манай компанийн үйл ажиллагаанд Дэлгэрсайхан гишүүн хамааралгүй. Үйл ажиллагаанд оролцох эрхгүй.

Дээдбилэгийн эзэмшлийн Мандах Өглөө ХХК-ны нүүрс тээвэрлэх вагон тавьж олгох хүсэлтийг өгөхөд *********, Э.Хөхийсүрэн, Б.Соёл-Эрдэнэ, Ю.Ганбилэг гэх хүмүүс хэлж тусалж дэмжсэн зүйл байхгүй. Дээд билэг нь өөрөө ирж уулзаад хүсэлтээ өгөөд вагон авч байсан. Өөрөө төлбөр мөнгөө төлөөд авч байсан. Манай 2 компанийн хооронд ямар нэгэн төлбөр тооцооны асуудал байхгүй. Мандах Өглөө ХХК-тай хийсэн гэрээнд *********, Э.Хөхийсүрэн, Б.Соёл-Эрдэнэ, Ю.Ганбилэг нар ямар ч хамааралгүй. Манай компани 2021.11.23-ны өдөр 21/435 дугаартай албан бичгийг *********, Э.Хөхийсүрэн, Б.Соёл-Эрдэнэ, Ю.Ганбилэг гэх нэр бүхий хүмүүст өгч байгаагүй. Энэ бичиг нь БТГ тэмдэглэгээтэй 50ш ЕС-70 вагон нь нүүрс тээвэрлэхэд зориулагдсан вагон биш, харин төмрийн хүдэр тээвэрлэхэд зориулагдсан жижиг оврын вагон байдаг. Энэ вагоноор манай компани нүүрс тээвэрлэх боломжгүй, Манай нүүрс тээвэрлэдэг вагон нь О гэсэн тэмдэглэгээтэй тээврийн ажлыг гүйцэтгэдэг...” гэсэн мэдүүлэг /1дүгээр хавтаст хэргийн 154-156 дахь тал/,

 

*********ын Хаан банкны 5007094757 тоот дансны хуулганд үзлэг хийсэн:

“...2021 оны 10-р сарын 13-ны өдөр тус дансанд 185,000,000, 200,000,000 төгрөгөөр тус тус 2 удаагийн гүйлгээгээр 385,000,000 төгрөг шилжин орж ирж, 2021 оны 11 сарын 01-ны өдөр 200,000,000 төгрөгийг 5063391313 дугаарын Ю.Ганбилэгийн данс руу шилжүүлсэн...” талаарх мөрдөгчийн тэмдэглэл, Хаан банкны 5063391313 тоот       дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 67-84 дэх тал/,

 

Гэрч Б.Баасандэлгэрийн:

“...Би Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт тээвэр зохион байгуулалтын албанд ашиглалтын инженерээр ажиллаж байна. Одоо нүүрс тээвэрлэлт хийхдээ Улаанбаатар төмөр замын даргын 2023 оны А/549 дугаартай тушаалын дагуу хувийн эзэмшлийн аж ахуйн нэгжүүдийн вагоноор экспортын нүүрсийг тээвэрлэж байгаа. Нүүрс тээвэрлэлтэй холбоотой бичиг баримт нь ачаа илгээж тээвэрлэлт хийх гэж байгаа компани нь хувийн эзэмшлийн вагонтой аж ахуйн нэгжийн албан бичиг тухайн ачааны гаалийн лабораторийн дүгнэлт, манай Улаанбаатар төмөр замын нэгдсэн дансанд мөнгийг урьдчилан байршуулсан байх ёстой. Мөнгөн дүн нь бол хаанаас хаашаа тээвэрлэлт хийхээс  хамаарч үнийн дүн харилцан адилгүй байдаг. Тэгээд ачаа илгээч компани нь манай Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт албан бичгээр хандсан байх ёстой...” гэсэн мэдүүлэг /1хх-150-152/,

           

“...Хаан банкны 5055184816 тоот Э.Хөхийсүрэнгийн данс руу тус банкны 5063391313 /Ю.Ганбилэг/ тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр 65.000.000, 5.000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга /2 дахь тал/,

“...Хаан банкны 5630125993 тоот Б.Соёл-Эрдэнийн дансанд 2021 оны 11 сарын 02-ны өдөр “Хөхийсүрэнгээс гэсэн гүйлгээний утгатайгаар 25,000,000 төгрөг шилжиж орж ирсэн банкны дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал/,

 

Иргэний хариуцагч Ю.Ганбилэгийн:

“...Намайг 125,000,000 төгрөгийг *********аас шилжүүлэн авсан гэх үндэслэлээр иргэний хариуцагчаар татаж байгаа, зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дэх тал/,

 

Иргэний хариуцагч Э.Хөхийсүрэнгийн:

“...Би 45,000,000 төгрөгийг өөртөө авсан. Дээрх мөнгийг бэлнээр банкнаас гаргаж аваад өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Болд Төмөр Ерөө гол ХХК-ны захирал Баяржаргалтай гэрээ хийсэн. Гэрээний 1 хувийг үлдээсэн, 1 хувийг нь Ю.Ганбилэг авч явсан. Гэрээг хийхдээ Баяржаргалд ямар нэгэн мөнгө төгрөг төлөөгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр тал 161-162 дахь/,

 

Шүүгдэгч *********ын:

“...Би 2021 онд Дээдбилэг гэх эмэгтэй нөхрийн хамт ирж уулзаад, нүүрс тээвэрлэх вагон хэрэгтэй байна гэсэн. Ингээд тухайн хүмүүстэй уулзаад зөвшөөрч, нүүрс тээвэрлэх вагон олж өгөхөөр болсон. Ингээд би вагон олж өгөх гэсэн чинь вагоны үнэ өсчихсөн.Тэгээд нүүрс тээвэрлэх вагоныг Централ Могул компани МТЛ компанитай хийсэн гэрээг Ю.Ганбилэг надад авч ирж өгсөн. Энэ гэрээг би Дээдбилэгт өгсөн. Тэгээд Ганбилэг надад Соёлоо гэдэг эмэгтэй Дэлгэрсайхан гишүүний багын танил нь байгаа юм, тэгээд гадагшаа, дотогшоо явах болоод нүүрс тээвэрлэх вагоны гэрээг хийж өглөө гэж хэлсэн. Тэгээд надад Дээдбилэг 385,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тэгээд 85,000,000 төгрөгийг нааш нь буцаагаад өгчих, үлдэгдэл 300,000,000 төгрөгийг би цааш нь гэрээ олж егсөн хүмүүст өгнө гэж хэлсэн. Тэгээд 85,000,000 төгрөгийг Централ Монголиа ХХК-ны данс руу шилжүүлсэн. 300,000,000 төгрөгийн 200,000,000 төгрөгийг Ю.Ганбилэгийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 100,000,000 төгрөгийг би өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан болно...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 167-168 дахь тал/,

 

Хохирогчид хохирол төлсөн талаарх баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ********* нь хохирогч Xu Bao Yin-ийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулж, шүүгдэгч *********аас 74.000.000 төгрөг, иргэний хариуцагч ********* 130.000.000 төгрөг, иргэний хариуцагч ********* 45.000.000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Xu Bao Yin-д олгуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Эрдэнэсайхан “...Хохирогчийн зүгээс 385 сая төгрөгийг шилжүүлсэн байна. ********* 85 сая болон 26 сая төгрөгийг буцаан шилжүүлсэн байна. 45 сая төгрөгийг Хөхийсүрэн авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. 99 сая төгрөгийг Батбаяраас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иргэний хариуцагч Соёл-Эрдэнийн төлсөн мөнгийг Батбаярын хохирлоос бус иргэний хариуцагч Хөхийсүрэнгээс гаргуулах ёстой гэдгийг өнөөдрийн шүүх хуралдаанд мэдсэн. Мөн Чойр өртөөнд нүүрс хадгалуулсан төлбөрт 140,156,665 төгрөгийг төлсөн байгаа. Батбаярт итгэн нүүрсээ Чойр өртөөнд авчирсан. Агуулахын нэхэмжлэлийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн 140,156,665 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюунтүлхүүр “...Хохирогчийн нэхэмжилж байгаа 140.156.665 төгрөгийг шууд учирсан хохирол гэж үзэх боломжгүй байна. 3 дугаар хавтаст хэргийн 35-54  дэх хуудсанд авагдсан баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Уг төлбөр Батбаярын үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс хохирогч тал тодорхойгүй хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 249 сая төгрөгийн хохирлоос миний үйлчлүүлэгч *********аас 74 сая төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Х.Ургаа “...Бидний зүгээс зүйлчлэлтэй маргахгүй гэдгээ хэлсэн. Хохирогчийн өмгөөлөгч зөрүүтэй дүн хэлж байна. 385 сая төгрөгөөс 85 сая төгрөгийг тодорхой хэмжээний дараа буцаан шилжүүлсэн. 200 сая төгрөгийг Ганбилэг рүү шилжүүлсэн. Ганбилэг 70 сая төгрөгийг Хөхийсүрэн рүү шилжүүлсэн. Хөхийсүрэн Соёл-Эрдэнэ рүү 25 сая төгрөгийг шилжүүлсэн. Миний үйлчлүүлэгчийн хувьд 74 сая төгрөгийг төлөх нь гарцаагүй. Иргэний хариуцагч Ю.Ганбилэгээс 130 сая төгрөг, Э.Хөхийсүрэн 45 сая төгрөгийг тус тус төлөхөөр тогтоож өгнө үү. Битүүмжлэгдсэн байгаа эд хөрөнгүүдийг хохирол төлүүлэхээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж, шүүгдэгч ********* болон түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *********ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүгдэгч ********* нь:

хуурч, нүүр тээвэрлэх зөвшөөрөл олгох эрх бүхий албан тушаалтан биш атлаа зохиомол байдлыг зориудаар бий болгон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Хu Bao Yin-нд “нүүрс тээвэрлэх вагон бэлдэж өгч болно, 1 тонн нь 300 юань, 1 вагонд 3300 тонн ачигдана. Үүнийг 7 хоногийн дотор ачуулна гэж” төөрөгдөлд оруулж, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Хu Bao Yin-оос Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутагт 19-н үйлчилгээний төвийн гадна байхад нь Хаан банкны 5077295330 тоот данснаас 185.000.000, мөн тус банкны 5077027959 тоот данснаас 200.000.000 төгрөг, нийт 385.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5007094757 тоот дансаар буцаан өгөх санаа зорилгогүйгээр залилан авч хохирогчид их хэмжээний хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Xu Вао Yin, гэрч Д.Цагаанхүү, Dededouli /Дэ Дэ Дүө Ли/,  Б.Соёлсайхан, Б.Баяржаргал, Б.Баасандэлгэр, иргэний хариуцагч Ю.Ганбилэг, Э.Хөхийсүрэн нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Өвөр Монголын “Жичэн Энержи” ХХК-аас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Xu Вао Yin-ний данс руу 440,000 юанийн шилжүүлэг хийгдсэн төлбөрийн баримтын хуулбар, *********ын Хаан банкны 5007094757 тоот дансны хуулга, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр уг дансанд 185.000.000 төгрөг, 200.000.000 төгрөг тус тус шилжиж орсон гүйлгээний баримтууд, *********ын Хаан банкны 5007094757 тоот дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, Хаан банкны 5063391313 тоот дансны хуулга, Хаан банкны 5055184816 тоот дансны хуулга, Хаан банкны 5630125993 тоот дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Хu Bao Yin-нд нийт 385.000.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч ********* нь хохирогчид 136.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байх тул одоо үлдэгдэл 249.000.000 төгрөгөөс шүүгдэгч *********аас 74.000.000 төгрөг, иргэний хариуцагч ********* 130.000.000 төгрөг, иргэний хариуцагч ********* 45.000.000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.    

Харин хохирогч Xu Вао Yin-н нэхэмжлэлийн шаардлагаас Чойр өртөөнд нүүрс хадгалуулсны төлбөр 140.156.665 төгрөг, гэмт хэрэг гарснаас хойш хүлээж байгаа алдагдал гэх 100.000.000 төгрөг, нийт 240.156.665 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *********ын Хаан банкны 5007094757 тоот данс дахь 26.200.000 төгрөг,

- улсын бүртгэлийн Ү-0701000483 дугаартай Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж 4-р багийн 30-р байрны Б1 давхрын 01 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- улсын бүртгэлийн Ү-0701000484 дугаартай Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж 4-р багийн 30-р байрны 02 тоотод хаягт байрлалтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 

- улсын бүртгэлийн Ү-0701000229 дугаартай Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж 4-р багийн Таван хар гудамжны 309 тоот байрлалтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг хохирол төлүүлэх, ялын биелэлтийг хангуулахаар Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.     

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч С.Эрдэнэсайхан “...Эрүүгийн хариуцлага дээр тусгайлсан саналгүй...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийн тодорхой хувийн төлж барагдуулсан, эрүүл мэндийн хувьд 70 хувийн групп тогтоолгосон байнгын эмчийн хяналтад байдаг, хохирол төлбөрийн тухайд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахаас өмнө төлөх бүрэн боломжтой байгаа зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюунтүлхүүр “...Х.Ургаа өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Иймд шүүхээс шүүгдэгч *********ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөөс тодорхой хувийг төлж барагдуулсан, мөн үлдэх хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдал болон түүний эрүүл мэндийн байдал зэргийг нь харгалзан нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн ********* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *********ыг 10.000 /арван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********аас 74.000.000 төгрөг,  

-иргэний хариуцагч ********* 130.000.000 төгрөг,

-иргэний хариуцагч ********* 45.000.000 төгрөг, нийт 249.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Xu Bao Yin-нд олгож,

- Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч *********ын Хаан банкны 5007094757 тоот данс дахь 26.200.000 төгрөг,

- улсын бүртгэлийн Ү-0701000483 дугаартай Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж 4-р багийн 30-р байрны Б1 давхрын 01 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

- улсын бүртгэлийн Ү-0701000484 дугаартай Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж 4-р багийн 30-р байрны 02 тоотод хаягт байрлалтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 

- улсын бүртгэлийн Ү-0701000229 дугаартай Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж 4-р багийн Таван хар гудамжны 309 тоот байрлалтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг хохирол төлүүлэх, ялын биелэлтийг хангуулахаар Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Xu Вао Yin-н нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 240.156.665 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ********* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ