| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 194/2025/1068/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1288 |
| Огноо | 2025-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Нямжав |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1288
2025 05 16 2025/ШЦТ/1288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч М.Нямжав,
Шүүгдэгч: А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г-т холбогдох эрүүгийн 2406034010**** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ****** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А.Г /РД:***** /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ****** тоотод Э.М-г төрсөн дүү А.Т-тай маргалдаж биед халдсан гэх шалтгаанаар Э.М-н биед халдаж нүүр рүү цохиж, аяга шидэж толгойг нь хаглаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ****** тоотод Э.М-г төрсөн дүү А.Т-тай маргалдаж биед халдсан гэх шалтгаанаар Э.М-н биед халдаж нүүр рүү цохиж, аяга шидэж толгойг нь хаглаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 16-20 дугаар тал),
Хохирогч Э.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн үед ажиллаж байсан барилгынхаа шатыг ачуулж өгчхөөд хоёр пиво уусан нэмж уугаагүй байсан. Тэгээд хүүхдэдээ чихэр, боов, ундаа аваад 13 цагийн үед гэртээ орсон. Тэгээд эхнэр Түмэнжаргалтай архи ууснаас болоод маргалдаж байхад эхнэрийн төрсөн ах А.Г гаднаас орж ирээд чамайг алчихъя писда минь гээд миний нүүрний зүүн тал руу 2-3 удаа гараараа цохиод миний цай ууж байсан ногоон аяга зуухан дээр байсныг аваад аяга барьсан байсан гараараа толгой руу цохисон. Тэгээд миний толгойноос цус гарч эхлэхэд манай эхнэр шууд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. А.Г ахыг гаднаас орж ирэхэд эхнэр бид хоёр Монгол гэрийнхээ баруун талд байдаг орон дээр зэрэгцээд сууж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар тал),
Гэрч А.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байхад гаднаас явж ирээд согтуу 6 шуудай цемент байгаа тэрийг зарна гэхээр нь яах юм бэ гэртээ хана өрөхөд хэрэг болно гэхэд над руу чамд ямар хамаатай юм гээд дайрсан тэгээд хэл амаар доромжлоод хөлгүй янхан гээд намайг хоолойноос боогоод байж байтал нэг мэдэхэд боохоо болсон тэгтэл манай ах А.Г аяга шидэх шиг болсон тэгээд хартал манай нөхрийн толгой хэсгээс нь цус гарсан байсан тэгээд 103 дуудаж үзүүлсэн..." (хавтаст хэргийн 30 дугаар тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ш.Ц-н 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7322 дугаартай "...1. Э.М -н биед дух, зүүн зулай, зүүн чих, баруун хацарт шарх, духанд зулгаралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх шарх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дугаар тал),
Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Э.М Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 246.300 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч А.Г аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь **** дугаартай дансанд төлүүлж өгнө үү..." гэсэн мэдүүлэг (хх-ийн 123 дугаар тал) зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч А.Г нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас насанд хүрээгүй хохирогч Э.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүгдэгч А.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол хор уршгийн хувьд:
Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба эрүүл мэндийн тусламж авч Эрүүл мэндийн даатгалын санд 246.300 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байна.
Харин шүүгдэгч А.Г нь хохирогч Э.М-д 4.000.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Г аас 246.300 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Г ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн...”-ыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцлоо.
Харин эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогч гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй, хохирогчийн хохирол төлбөр төлж барагдуулсан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч А.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Г аас 246.300 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС