| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 194/2025/1062/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1223 |
| Огноо | 2025-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Дөлгөөн |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1223
2025 05 12 2025/ШЦТ/1223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Э.Дөлгөөн,
Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Т-д холбогдох эрүүгийн 250600000**** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн ****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа жолооч хийдэг, ам бүл 6, эх, эмээ, 3 дүүгийн хамт **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т.Т /РД:*********.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр *** олон улсын худалдааны төвийн урд буюу төв замын хойд талд байрлах автобусны буудал дээр З.О-ыг үл ялих зүйлээр шалтаглаж, хэл амаар доромжилж, явахгүй бол зайл гэж хэлсэн гэх шалтгаанаар нүүрэнд нь цохиж, биед нь зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Т нь “...2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр *** олон улсын худалдааны төвийн урд буюу төв замын хойд талд байрлах автобусны буудал дээр З.О-ыг үл ялих зүйлээр шалтаглаж, хэл амаар доромжилж, явахгүй бол зайл гэж хэлсэн гэх шалтгаанаар нүүрэнд нь цохиж, биед нь зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов.
Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/,
Хохирогч З.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр 12:00 цагийн орчимд би найз нартайгаа уулзаад нэг найзынхаа гэрт нь буюу Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлалтай айлд хүрч ирээд согтууруулах ундаа хэрэглэсэн, тэгээд 15:30 цагийн орчимд би согтчихсон учраас гэрээсээ гараад машин барьж болохгүй гээд үлдээгээд найзын дүү нь гэх залуу намайг нарны замын засмал хүртэл нь машинаар хүргэж ирсэн. Харахад түгжрэл нэлээн ихтэй байхаар нь би алхаж байгаад түгжрэл хэлээд асуухаар нь би авч явахгүй бол битгий асууж бай гэж хэлээд явуулаад байсан. Тэгэхэд хөх өнгийн Приус хүрч ирээд хаа хүрэх юм гэж асуухаар нь би бас л явахгүй бол битгий асууж бай гэж хэлэхэд өөдөөс бас нэг юм яриад байсан ба тэрэнд нь би бас хариулт өгсөн, яг юу ярьж, намайг юу гэж хэлж би түүнд юу гэж хэлснээ санахгүй байна. Тэгээд цаашаа алхаад гараа өргөөд явсан, нөгөө залуу ч цаашаа яваад өгсөн, намайг цаашаа үргэлжлүүлээд явж байхад автобусны буудал дээр машинаа зогсоогоод намайг хүлээж байсан мэт хажууд нь ирэхэд нөгөө залуу буугаад ирсэн бөгөөд нөгөө залуутай ямар нэгэн шалтгааны улмаас хоорондоо маргалдаж байгаад миний нүүр лүү цохисон. Би цохиулчхаад шууд машинд нь ороод суучихсан ба өөрөө явах гээд байсан учраас би машинд нь суусан, тэгээд би цагдаа дууд гэхэд нөгөө залуу дуудчихлаа гэж хэлээд дуудаагүй байсан болохоор би түүнээс холдохгүй явахгүй гэж хэлээд би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд цагдаа ирээгүй байхад намайг машинд нь сууж байхад намайг заамдаж чангааж машинаасаа буулгах гэж ноцолдсон, сүүлдээ намайг бүр хөлөөс угз татаад газарт чирээд гаргаж хаяад зугтаахад нь би тухайн машиных нь зургийг утсан дээрээ нь дарж, бичлэг хийж авсан. Тэгээд нөгөө залуу зугтчихсан ба дуудлага авсан цагдаа руу нь ярихад түгжрэлтэй байгаа учраас удаан очиж байна, машиных нь дугаарыг нь хэлчих гэхээр нь би хэлж өгсөн, түүнээс хойш ойролцоогоор 6 минутын дараа хүрч ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр авчирсан ба намайг зодсон залуутай цагдаа нар утсаар ярьж байгаад авчирсан байх гэж бодож байна. Миний зүүн талын нүд улайгаад, зовхи хавдаж хөхөрсөн байна. нүдэнд цус хурсан. Зүүн нүд янгинаж өвдөж байна. Тухайн автомашины жолооч залуу надад учруулсан, одоо өөрөө цагдаагийн хэлтэс дээрээ ирчихсэн байна, намайг нэг удаа гараараа нүүр лүү цохиж учруулсан. Дээрх гэмтлээс гадна намайг газарт чирэх заамдах хоолой боох гэх мэт үйлдэл зөндөө гаргасан. Би тэр хүнийг цохиогүй. Би цохисон гэж огт санахгүй байна... яг зодуулсан газар нь *** захын урд талын автобусны буудал, замын хойд талынх нь.... 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би *** ын зам дээр нэг *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох нэгэн 25 орчим насны эрэгтэй хүнтэй маргалдаж улмаар тухайн залуу миний нүүрний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисноос болоод үүссэн гэмтлүүд байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 11-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Б-н 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн **** дугаартай “... 1. З.О-ын биед зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...." гэх дүгнэлт /хх-ийн 22- 23-р хуудас/,
Яллагдагч Т.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр би дүүгээ сургуулиас нь авах гээд явж байсан болохоор дундуур нь нэг хүн аваад явдаг юм бил үү гэж бодоод тухайн хүнийг хаашаа явах юм бэ гээд асуутал тухайн эрэгтэй ах намайг хэл амаар доромжилж явахгүй бол зайл гэх мэтээр хараагаад байсан тэгэхээр нь би машинтайгаа хөдлөөд жаахан явж байгаад зогсоод нөгөө хүн дээр буугаад очсон. Тухайн хүн ч наашаа алхаж ирж таараад би хэлсэн "та яагаад зүгээр байгаа хүнийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ" гэхэд тухайн хүн би такси барих гэж байна чи надад үйлчлэх ёстой гэж хэлсэн тэгэхээр нь би хашаа явахыг мэдэхХГУЙ хунийг юу гэж авах юм бэ? гэхэд тухайн залуу над руу дайрч эхэлсэн. Тухайн залуу эхлээд намайг алгадаж мангасдаад арга дараан дахиж зүүн хацар луу 1 алгадаж, 1 цохисон тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа зүүн хацар хэсэгт цохисон. Тэгээд нөгөө согтуу хүн миний машины ард хаалга татаж орж ирж суугаад гарахгүй цагдаа гэх мэтийн зүйл яриад байхаар нь би машинаасаа татаж буулгад цаашаа өөр хүн аваад явсан. Өөрөө эхлээд миний биед халдаад намайг түрүүлээд нэг удаа алгадаад согтуурхаад хэл амаар доромжлоод байсан болохоор би тийм үйлдэл хийсэн. Би өөрийн хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Т.Т нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас насанд хүрээгүй хохирогч З.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүгдэгч Т.Т ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хохирол хор уршгийн хувьд:
Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч З.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь 110.000 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Т.Т нь бүрэн төлж барагдуулсан байна.
Мөн хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол байхгүй байна.
Иймд шүүгдэгч Т.Т ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Т.Т ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Т.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Т ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС