Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 74

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 Улсын яллагч Л.Энхтайван

 Хохирогч Ц.Одончимэг

 Хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдорж

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

 Нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар О.Алтанбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201618000331 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

              Монгол улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 11 нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хорио цээрийн хяналт үнэлгээчин мэргэжилтэй, Ам бүл 1 Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны төвийн 1-50 тоотод оршин суух, Ерөө сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай, Улсаас авсан гавъяа шагналгүй, 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 03 жил 02 сарын хорих ял шийтгүүлж 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Модчин овогт Отгонбаярын Алтанбаяр МЮ92091114          

     

Холбогдсон хэргийн талаар

            Шүүгдэгч О.Алтанбаяр нь 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Ц.Одончимэгийг байнга зодож тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч О.Алтанбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2015 оны 05 сарын эхээр танилцаад Одончимэгтэй амьдаръя гэж бодсон. Надаас 10 насаар эгч байсан. Би өөрийн найз нөхөд, гэр бүлийнхэндээ болно, бүтнэ гэж хэлдэг байсан. Би өөрийгөө зөвтгөхгүй. 2016 оны 10 дугаар сарын 26-нд Одончимэгтэй маргалдсан. Би тэр байранд шинээр орсон байсан.Гэтэл Одончимэг ирээд “чи энд хэнтэй унтдаг юм бэ?” гээд ууж байсан усаа цацахаар нь алгадсан. Гэтэл гэрээс гараад гүйх гэхээр нь шөнө гарч яваад янз бүрийн юм болох вий дээ гэж бодоод явуулахгүй хориглосон. Би хамт амьдаръя гэж бодож байсан. Би Өмнөговиос нүүлгэж ирсэн. Нүүлгэж ирэхэд хамт жолооч явсан. Ийм зүйл болоогүй. Бид 2 хамт зугаалж, баярлаж л хамт ийм тийшээ явж байснаас биш би гар хүрч байгаагүй. Энэ эмэгтэйг хайрлаад амьдръя гэж бодож яваад ийм хэрэгт гүтгүүүлсэндээ харамсаж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг

Хохирогч Ц.Одончимэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Анх Өмнөговь аймгийн Шивээхүрэн рүү 2015 оны 5 сард ажилла гэж миний тушаал гарсан. Тэгэхэд мэргэжлийн хяналтын байцаагч гээд залуу намайг уулзъя гээд байдаг байсан. Тухайн үед манай ажлын газрынхан болон дарга нар хэрэггүй гэж хэлж байсан. Би тэгэхэд зөвхөн Алтанбаярт итгээд 2015 оны 5 сарын сүүлээс эхлээд үерхэж эхлээд манайд амьдардаг болсон. Гэтэл 2015 оны 7 сард бэр гуйсан. Тэгээд 8 сараас эхэлж гар хүрч эхэлсэн. Эхэндээ нэг алгаддаг байсан бол дараа нь толгой тархи хөдөлтөл зоддог байсан. Ээж нь хүртэл “манай хүү уураа барьж чаддаггүй, чи л хатан ухаан гаргаж засаж ав” гэж хэлж байсан. Гэхдээ энэ хүнийг засрахгүй байна гэдгийг ойлгосон. Жирэмсэн байхад зодож байсан. Зодсоноос нь болоод зулбасан. Тэгээд надаас уучлалт гуйгаад сүүлийн удаа боломж өгөөч гэсэн. Тэгээд Өмнөговьд 1 жил ажиллаад Улаанбаатарт ирэхэд манай ээж, аавд хэлээд намайг Сэлэнгэ рүү авч явсан. Харанхуй шөнө эзгүй хээр газар намайг үсдэж буулгаад чомаданыг маань өгөөд ганцааранг маань орхисон. Гэхдээ хэсэг хугацааны дараа буцаж ирээд авсан. Шивээ хүрэнгээс хамт явсан гээд байгаа жолооч бол тал замд нь хамт явсан учраас зарим зүйлийг мэдэхгүй. Улаанбаатараас Сэлэнгэ явж байхад намайг “чи аятайхан байгаарай, өөр хүнтэй холбогдох юм бол би чамайг гөлөг болгоно” гэж хэлж байсан. Энэ хүн бол яаж ч уучлаад засрахгүй. Би сэтгэл санаа, бие махбодоороо хохирсон. Сүүлдээ алуулах дөхсөн. Хэрвээ би 2016 оны 10 дугаар сарын 26-нд ухаан алдаад сэрээгүй бол энд байхгүй байх байсан. Манай найз Анхбаяр намайг “зүгээр үү” гээд санаа тавиад асуухад хардаад эхэлсэн. Охин дүү нь гэрийнхэндээ худлаа ярьж Улаанбаатар руу явсан болохоор нь “дүүдээ анхаарал тавиач” гэж хэлэхэд намайг зодож эхэлсэн. Би зодуулаад “яая” гээд хэвтэж байхад “битгий гөлөг шиг баашлаад бай” гэж хэлсэн. 2-3 удаа зугтаах гэсэн боловч оруулж ирээд зодсон. “Чамайг паарнаас уяад 7 хоног байлгасан ч хэн ч мэдэхгүй” гэж хэлсэн. Намайг уйлахад миний дотуур хувцасыг тайлаад “битгий уйлаад, орилоод бай” гээд миний ам руу хийсэн. Миний өмсөж байсан саарал цамцны уяагаар миний гарыг уяхыг оролдсон. Алтанбаяр найз цагдаа руугаа залгаад дуудсан чинь найз нь ирээгүй. Тэгээд миний толгой эргээд зугтаасан. Тэгээд би цагдаа дээр очоод “гэрийнхэнтэйгээ ярих гэсэн юм, утасаа өгөөч” гэж хэлсэн чинь цагдаа нь Алтанбаярыг харчихаад надад туслаагүй. Тэгээд би зугтаагаад шөнийн 3 цагийн үед асаатай гэрэлтэй байсан айлын хүнээс тусламж гуйж ээжтэйгээ ярьсан. Тэр цагдаа Алтанбаяртай хамт миний араас юм яриад алхаад байсан мөртлөө надад тусламж үзүүлээгүй. Аз болж намайг эмчилсэн, харсан гэрчүүд байна. Мөрдөн байцаалтын шатанд ярьсан бүгд үнэн. Заримыг нь одоо санахгүй байна. Алтанбаяр өөрийгөө ямар ч буруугүй мэтээр ярьж байна. Одоо би энэ хүнээс айж байна. Шүүхийн өмнө гэмшихгүй байгааг хараад үнэхээр айх гайхах сэтгэгдэл төрж байна. Өөрт учирсан шууд зардлуудаа нэхэмжилж байгаа. Гомдолтой байна.....” гэх мэдүүлэг

Гэрч Б.Эрдэнэчимэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Миний охин Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтод ажиллахаар явсан. Тухайн газраа ажиллаж байсан Алтанбаяртай танилцсан байсан ба бидэнд авчирч танилцуулсан. 2015 оны 08 дугаар сард бэр гуйсан. Ингээд хамт амьдарч байх хугацаанд буюу 2016 оны 07 дугаар сард ОХУ-ын Улаан-Үүлд хот руу явахад би өөрийн 2 охинтой Алтанбаяртай хамт явсан. Энэ хугацаанд Алтанбаяр бол болж бүтэхгүй характертай хүн юм байна гэдгийг мэдэрсэн. 2015 оны 10 дугаар сард миний охин бие нь өвдөж Улаанбаатар хотод ирж эмнэлэгт хэвтээд үр зулбасан. Хамгийн сүүлд Бугантад байхдаа над руу шөнө 03 цагийн үед танихгүй хүний утсаар холбогдож тусламж хүсээд аав бид хоёр нь маргааш нь Бугантад очиж авсан. Энэ үед миний охины бие энд тэндээ хөхрөлт няцралттай, нүд нь хөхөрсөн, айж сандарсан байдалтай, хамаг хувцас хунар нь урагдсан байсан. Миний охин хамтран амьдарсан үеэсээ дарамт шахалтанд зодуулан амьдарч байсан талаараа Улаанбаатар хотод амьдарч байх үедээ надад хэлсэн. Үүнийг нь би Цагдаагийн газарт бичиж өгсөн байгаа. Хэрэгт хавсаргуулж шинжилгээ хийлгэхээр өгсөн баримтуудыг Цагдаагийн ажилтан шинжилгээнд явуулалгүй нотлох баримтын шаардлага хангахгүй болгосон байдаг. Одоо энэ хэрэг шийдвэрлэгдэхгүй удааширч байгаа, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү....” гэх мэдүүлэг

Гэрч Б.Баярсайханы 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө гэртээ найзуудын хамт байж байсан. Тухайн шөнө хэдэн цаг болж байсан талаар мэдэхгүй байна. Би тагтан дээрээ тамхи татаад зогсож байхад гадаа байрны голд нэг хүүхэн авраарай гэж орилоод байсан. Тэгээд ахаа утсаар яриулж туслаач гэхээр нь ороод ир гэсэн. Удаагүй манай хаалгаар гадаа орилоод абйсан эмэгтэй ороод ирсэн. Тэгсэн тэр эмэгтэй манай гэрт орж ирээд утсаа өгөөч гэж хэлээд гэрт байсан найзуудын утсаар бид нараас зайдуу зогсож байгаад ярьж дуусчихаад намайг эмнэлэгт хүргээд өг гэж хэлээд манай найз Энхзаяа нь тэр эмэгтэйг дагуулаад гарсны дараа Алтанбаяр, Бугант тосгоны цагдаа Зоригт нар орж ирсэн. Тэгээд тэр эмэгтэйг асуухаар нь эмнэлэг рүү хүргэж өгөх гээд явсан гэхэд гараад явсан гэж хэлсэн. Тэр эмэгтэйд нүүрэнд нь ил харагдах гэмтэл байгаагүй. Цус  гарсан хөхөрсөн зүйл харагдаагүй. Харин өмсөж явсан гадуурх куртик нь урагдсан байсан. Бусад хувцсыг нь сайн анзаарч хараагүй. Газар унасан гэх зүйл мэдэгдээгүй гэх мэдүүлэг...” /хх-ийн 41 дүгээр тал/

Гэрч Б.Эрдэнэчимэгийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 02 цагийн үед миний 96586008 дугаар луу танихгүй дугаараас дуудлага ирсэн. Би тухайн дуудлагыг авсан чинь манай охин Одончимэг байсан Ээж намайг Алтанбаяр нь зодоод алах нээ гэж хэлэхээр нь би хаана байна гэсэн чинь Бугантад байна гэж яриад утас нь тасарсан. Би тухайн дугаар луу нь эргүүлээд залгатал нэг эмэгтэй хүн аваад ээж чинь юм байна гэж хэлээд манай охинд утас өгсөн юм шиг байна лээ. Би охиноосоо яаж яваад чи Бугантад ирсэн юм бэ гэсэн чинь Алтанбаяр нь намайг Бугантад авчраад орой 19 цагаас хойш зодоод байхаар нь би арай гэж зугтаагаад нэг айлд ороод ирсэн гэж хэлсэн. Би наад айлдаа байж бай хэлээд гэж хэлээд утсаа салгаад Алтанбаярын дугаар луу 4 удаа залгасан чинь утас нь дуудаад авахгүй байсан. Тэгэхээр нь би Алтанбаярын ах Шагай руу залгаад бас утсаа аваагүй. Тэгээд Алтанбаяр нь удалгүй өөрийн дугаараас над руу залгаад бид хоёр жоохон маргалдсан та санаа зоволтгүй Одноо зугтаагаад айл руу гүйгээд орчихлоо гэж хэлэхээр нь би Одончимэгтэй яръя гэсэн чинь утас нь надад байна гэж хэлсэн. Би эргүүлээд над руу залгасан дугаар луу залгасан чинь Одончимэг нь аваад би айгаад байна энэ айлаас гарахгүй гэж хэлсэн. Тэгсэн Алтанбаяр тэр айлд гаднаас цагдаатай орж ирж байна гэж ярьсан. Тэгэхээр нь утсаа салгаад Алтанбаярын дугаар луу залгасан чинь би нөгөө айлын гадаа ирсэн байна гэхээр нь би цагдаатай чинь яръя гээд ярьсан чинь цагдаа нь энэ хоёр хэрэлдээд байна гэхээр нь би маргааш өглөө хотоос гараад очъё гэж хэлээд утсаа салгасан. 10 минутын дараа Алтанбаяр над руу залгаад Одончимэг нөгөө айлаас гараад явчихсан байна гэж хэлсэн. Утсаа салгаад надтай ярьсан дугаар луу нь ярьсан чинь нэг эмэгтэй аваад сая эмнэлэгт хүргэж өгөөд явж байна гэж хэлсэн. Би Алтанбаяртай яриад цагдаатай нь яриад эмнэлэгт үзүүлээд байж байгаарай эгч нь маргааш өөрөө очно гэж хэлээд тасалсан. Эмнэлэг дээр Алтанбаяр нь очоод Одончимэгийг миний нэр төрийг доромжилж байна гээд зодох гээд байсан. Шөнө 03 цагийн үед Цагдаагийн хэсэг дээр очоод Одончимэг нь өргөдлөө бичиж байхад Алтанбаяр нь над руу залгаж өргөдөл өгөхийг нь та болиулаад өгөөч гэж хэлсэн. Маргааш нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны орой 22 цагийн үед Бугантад очоод тэндээсээ шөнө 04 цагийн үед Сэлэнгэ аймгийн төвд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/

     Гэрч Т.Гансүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Алтанбаяр нь томоотой дуулгавартай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд агсам согтуу тавиад байдаггүй. Хүмүүс энгийн найрсаг ажил төрлийн харьцаатай байдаг. Ажилдаа хичээж суралцаж, сайн ажиллаж байгаа. Залуу хүн болохоор өөрийгөө байнга хөгжүүлж байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр тал/

      Гэрч Э.Зоригийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хэсгийн жижүүрийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан. 2016 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө жижүүрийн 95866000 дугаарлуу 99181337 дугаараас би найз охинтойгоо маргалдаж муудсан зүйл гарсан заавал цагдаа байх шаардлагатай гэнэ хүрээд ирэх үү гэж дуудлага ирсэн. Уг дуудлагаар би дуудлага өгсөн газар луу алхаад явж байхад Бугант тосгоны кофе шопийн арын зам дээр Алтанбаяр Одончимэг нартай тааралдсан. Би цагдаа байна юу болсон юм гэж иргэн хүнээс асуухад чи Алтанбаярын хамсаатан байна чамтай юм ярихгүй гээд миний хажуугаар зөрж цагдаагийн хэсэг рүү гүйсэн. Тухайн үед цагдаагийн хэсэг дээр надаас өөр хүн байхгүй хаалга нь цоожтой байсан болохоор Одончимэг нь хүмүүсээ авраарай гэж орилоод гудамжаар гүйсэн. Тухайн үед 2-р байрны 3-р давхарт тагтан дээр нэг эрэгтэй хүн тамхи татаад зогсож байхад Одончимэг нь ахаа туслаарай гэж орилоход нөгөө хүн ахын дүү юу болсон юм бэ гэрт ороод ир гэж хэлсэн. Гэрт нь Одончимэг яваад оронгуут би араас нь айлд орсон чинь би Алтанбаярт зодуулчихлаа цагдаа дуудсан чинь Алтанбаярын хамсаатан нь байна гэж хэлээд утсаа өгч байгаач гэж хэлээд утсаар нь нэг хүнтэй яриад байсан. Би айлаас эргэж гараад Алтанбаярын утсаар нь Алтанбаярын хадам ээжид нь болсон хэргийн талаар тайлбарлаж хэлээд буцаад тухайн айлд ороход Одончимэг нь гараад явчихсан эмнэлэг орно гээд явсан байсан. Шөнө 04 цагийн үед Сахьяабазар  эмчийн гэрт нь очиж үзүүлсэн. Одончимэгийн энэ үйл явдал нь шөнийн 05 цаг хүртэл үргэлжилсэн эмнэлэгийн байгууллагад хүргэж тухайн хүний аюулгүй байдлыг хангаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар тал/

      Гэрч Г.Сахъябазарын 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Одончимэг гэх хүнийг таньж мэдэхгүй. Анх 2016 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 03 цагийн үед над руу таниихгүй дугаараас нэг эмэгтэй хүн яриад би үзүүлж дүгнэлт гаргуулах хэрэгтэй байна гэхээр нь би өглөө эмнэлэг дээр ирж дүгнэлт гаргуул, одоо би чамайг үзэхгүй гэж хэлээд утсаа тасалсан. Тэгсэн 04 цагийн үед манай гэрт цагдаа дагуулсан эмэгтэй хүн ирсэн. Би тухайн эмэгтэйг шөнө гэрт ирчихсэн болохоор нь үзлэг хийсэн. Тэгсэн тэр эмэгтэй хүн намайг боосон гээд хүзүүгээ харуулахад хүзүүн дээр нь бүдэг арьсны улайлттай, өгзөг цээж хэсэг рүү өшиглөсөн гэхээр нь цээж өгзөгийг үзэхэд шарх сорви байхгүй байсан. Би өглөө эрт таксигаар явна миний тодорхойлолтыг араас мэйл хаягаар явуулаарай гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/

      Гэрч Т.Эрдэнэчимэгийн 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Одончимэг гэх хүнийг тухайн үед 2016 оны 10 дугаар сарын 27-ны орой надад үзүүлж байхад нь таньж мэдэхгүй байсан. Харин одоо бол танина. Одончимэг нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед эрүүл мэндийн төв дээр ажилтай байхад хэсгийн төлөөлөгч Одончимэгийг дагуулж ирээд энэ хүний бие дээр байгаа хөхрөл, толбонууд нь арилах гээд байна. Та энэ хүний бие дээрх толбонуудын зурагнуудыг аваад өгөөч би зургийг нь авах гэхээр эмэгтэй хүн учраас та авах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би тухайн эмэгтэйн бие дээр хөхөрсөн хүзүүны, хоёр гар, хоёр гуя, өвдөг хэсгүүд нь хөхөрсөн байсныг зурагжуулаад тодорхойлолт бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/

Гэрч Т.Анхбаяр 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бид Дархан-Уул аймагт байсан юм. Тэгээд Дархан-Уул аймгаас 2 хүн аваад хойшоо ОХУ-руу явах гэж байхдаа Одончимэг рүү залгаж ярьхад Одончимэг нь өнөөдөр гаалийн баяр болж байгаа баяраа тэмдэглээд сууж байна гэж ярьсан. Намайг ирэх юм уу гэж асууж байхад нь би найз нь амжихгүй маргааш очъё гэж ярьцгаасан. Би 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймагт орж ирээд Одончимэгтэй уулзаад орой гэрт нь 23 цаг өнгөрөөгөөд орсон. Гаалийн ажилчдын байранд 1 давхарт гэрт нь орсон. Тэгээд Одончимэг бид хоёр ороод би куртикээ тайлаад байж байхад хаалга тогшсон. Одончимэг нь хаалга онгойлготол Алтанбаяр байсан. Алтанбаяр нь орж ирээд шууд л нүүр лүү цохиод авсан. Алтанбаяр нь намайг цохиж байхад би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Чи энд юу хийж байгаа юм. Яагаад миний эхнэр дээр ирж байгаа юм гэх мэт үг хэлээд байсан. Би нүүрээ дараад хэвтэж байхад татаж босгоод юм яриад байсан. Гэтэл Одончимэг рүү Алтанбаяр нь дайраад энэ чам дээр яах гэж ирсэн юм бэ. Та хоёр яадаг юм гэх зэргээр үг хэлж байхад нь Одончимэг нь тайвшруулах гээд л юм яриад байсан. би гар нүүрээ угаагаад унтаад өгсөн юм. Тэгсэн чинь маргааш өглөө нь Алтанбаяр нь өглөө сэрээд чи байсан юм уу. Чамайг гэж мэдсэн бол яалаа гэж зодохов. Өчигдөр уучихсан байсан болохоор муухай юм боллоо гэсэн. Ямар ч байсан Алтанбаяр нь тухайн үед согтуу байсан юм шиг байна лээ. Тухайн өдөр Алтанбаярын гэрт Одончимэг бид гурав байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/

Гэрч С.Даваахүүгийн 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сард Бугант тосгонд Баярсайхан найзынхаа гэрт түүний эхнэр Ганчимэг, Энхзаяа нарын хамт уулзаж юм яриад сууж байтал шөнийн 01 цаг орчим гэрийн хаалга хүчтэй нүдэх чимээ гарч хаалгыг Ганчимэг онгойлгоход нэрийг нь мэдэхгүй байна. Алтанбаяр найз эмэгтэй гэх шар үстэй эмэгтэй орж ирээд намайг Алтанбаяр зодчихлоо гэж хэлсэн. Уг эмэгтэйг харахад хар саарал өнгөтэй куртикны зүүн талын суга нь урагдсан, доторх цамц нь урагдсан харагдсан. Орж ирээд удаагүй байхад Бугант тосгоны цагдаа Зоригт орж ирээд дуудлагын дагуу ирж байна гэхэд уг эмэгтэй Зоригтыг чи эндээ яв гэж хэлээд хөөгөөд байсан. Зоригтыг гараад явсны дараа бид нарт хэлэхдээ миний бие өвдөөд байна би эмнэлэг ормоор байна гэж хэлэхэд Энхзаяа эгч эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг явсны дараа Зоригт Алтанбаяр хоёр орж ирээд эмэгтэйг сураглаад гараад явсан. Үүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр тал/

Гэрч О.Мөнгөншагайн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үед юу болсон талаар мэдэхгүй байна. Маргааш нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Бугант тосгонд оройхон ээжийн хамт очсон. Бид нарыг Одончимэг нь цагдаагийн хэсэг дээр байгаа гэхээр Отгонбаярын гэрт ээж бид хоёр очсон. Гэрт нь зурагт эвдэрсэн эмх замбараагүй болсон байсан.Тэгээд цагдаагийн хэсэг дээр очиход Одончимэгийн гэрийнх нь хүмүүс ирчихсэн байсан ба манай ээж Алтанбаяр нь нар нь очиж уулзаад байсан. Би машиндаа сууж байсан болохоор юу ярьсан талаар мэдэхгүй байна. Тэгээд л ээж Алтанбаярыг хоёрыг аваад аймаг руу ирцгээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар тал/

Гэрч Д.Наранчимэгийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 26-ны шөнө 02 цагийн үед Одончимэг нь над руу өөрийнхөө дугаараас залгаад Алтанбаярын регистрийн дугаарыг надад хэлээч гэхээр нь би одоо харах боломж алга гэж хэлсэн чинь утсаа салгасан. Тэрнээс хойш Одончимэгтэй дахиж холбоо бариагүй байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 22 цагийн үед Бугант тосгонд ирэхэд Одончимэгийн аав ээж ирчихсэн байсан. Тэгсэн цагдаагийн гадаа Одончимэгийг аав нь чи өдий нас насалчихаад ичиж зовдоггүй юм уу настай хүмүүсийг нааш цааш нь явуулаад гэж загнаад байсан. Тэгсэн Одончимэг нь та чимээгүй бай танд ямар хамаатай юм бэ гэж хэлээд дотогшоо орцгоосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар тал/

Гэрч Б.Батхааны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хүнээс Алтанбаярыг архи уусан үедээ агсам зантай гэж л сонсож байсан. Өмнө нь байгууллагынхаа шинэ жилээр хүн зодож байсан гэж сонссон. Алтанбаяртай хамт ямар нэгэн байдлаар архи ууж байгаагүй. Одончимэгийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар тал/

Гэрч Б.Гансүхийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би энэ хоёр хүний зан байдлын талаар тодорхой сайн мэдэхгүй байна. Би эдгээр хүмүүстэй хамт архи дарс хэрэглэж байгаагүй. Тиймээс зан байдлыг тодорхойлж хэлж чадахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр тал/

Гэрч О.Ганчимэгийн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 26-ны орой 23 цаг өнгөрч байсан байх манай гэрийн хаалгыг үл таних эмэгтэй татаад ороод ирсэн. Тухайн үед манайх гэрийнхээ гадаах хаалгыг түгжээгүй байсан юм шиг байгаа юм.30 гаруй насны туранхай жижиг биетэй эмэгтэй орж ирэхээр нь та юун хүн бэ гэтэл би Алтанбаярын эхнэр байна. Алтанбаяр намайг зодчихлоо гээд манай гэрийн гаднах хаалган дээр зогсож байгаад надад гар утсаа өгөөч би утсаар ярьмаар байна гэхээр нь манайд байсан хүмүүсийн нэг нь гар утсаа өгтөл тэр эмэгтэй ээжтэйгээ Алтанбаяр намайг зодлоо гэж ярьж байх шиг байсан. Тэгээд тэр хүүхэн ээжтэйгээ ярьж дуусаад манай гэрийн үүдний сандал дээр сууж байгаад  та нар надад туслаач эмнэлэг зааж өгөөч гэхээр нь манай найз Энхзаяа түүнийг эмнэлэгт үзүүлэхээр гэрээс гараад явсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар тал/

Гэрч М.Энхзаяагийн 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн үед Баясгалангийнд орсон юм. Тэднийд хоол хийж идчихээд ганц нэг пиво уугаад юм яриад сууж байтал 23 цаг өнгөрч байх үед байхаа Баясгалангийн гадаах хаалгыг хүн тогших шиг болоход Баясгалангийн эхнэр гадаах хаалгаа тайлж өгөхөд 30 гаруй насны туранхай жижиг биетэй эмэгтэй хүн орж ирэхээр нь та юун хүн бэ гэтэл би Алтанбаярын эхнэр байна Алтанбаяр намайг зодчихлоо гээд Баясгалангийн гадаах гэрийн хаалган дээр зогсож байгаад та нар надад туслаач эмнэлэг зааж өгөөч гэхээр нь би за намайг дагаад явахгүй юу даа би таньд эмнэлэг заагаад өгье гэж хэлээд түүнийг дагуулаад Бугант тосгоны ЭМТ дээр очиход жижүүр эмч байгаагүй бөгөөд сувилагч Энхтуяа ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл Алтанбаярын эхнэр гэх хүүхэн сувилагчаас танай жижүүр эмч чинь хаана байгаан яагаад ажлын байран дээрээ байхгүй байгаа юм гэж асуутал дуудлагаар явсан та гар утас руу нь залгахгүй юу гээд гар утасных нь дугаарыг өгсөн. Тэгтэл Алтанбаярын эхнэр гэх хүүхэн жижүүр эмч Сахъяабазарын гар утас руу нь өөрийнхөө гар утсаар залгаад яриад байх шиг байсан. Тэгэхээр нь би за Сахъяабзар эмч юу гэж байна даа гэхэд Алтанбаярын эхнэр та согтуу байна архиа гарахаар ир гэж байна гээд энэ эмч хүртэл Алтанбаяртай хуйвалдсан байна гээд тэр хавиар нэг хашгирч орилоод байсан. Энэ үед Алтанбаяр цагдаагийн хэсгийн цагдаа Зоригт нар гаднаас орж ирсэн. Би ч зөрөөд эмнэлэгээс гараад явсан. Цаашаа юу болсон талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 дугаар тал/

Гэрч Д.Гантуяагийн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг удаа Алтанбаярт зодуулсан талаараа Одончимэг нь надад ярьж байсан. Тэр нь Одончимэг нь Алтанбаяртай хамтран амьдарч байхдаа Мэргэжлийн хяналтын ажилчидтай хамт БНХАУ-ын Сэхэ боомт дээр буудалд зодуулсан гэж ярьсан. Тухайн үед боолгосон гээд надад хүзүүгээ харуулахад нарийхан бүдэг ором хүзүүнд нь үүссэн байсан. Миний хэвлий хэсэг рүү өвдөж байгаа болохоор эмнэлэгт үзүүлнэ гэж ярьж байсан. БНХАУ-аас ирсэн өдрөө Улаанбаатар хот руу фургон машинаар эмнэлэгт үзүүлэхээр явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр тал/

Гэрч Г.Отгонжаргалын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед санагдаж байна. Одончимэг нь надаар Лабор гэх нэртэй тариаг нэг л удаа хийж өгсөн. Одончимэг нь эмчийн бичигтэй явж байхаар нь би зөвшөөрөөд тарьсан. Уг Лабор нь тархины даралт бууруулах, тархины цусан хангамж сайжруулах, тайвшруулах, эмчийн заалтаар дуслаар хийгддэг тариа юм. Миний мэдэхээр тухайн үед ил харагдах гэмтэл шарх байгаагүй, тариа хийлгэж байхад ямар зүйл хэлж яриагүй, би Одончимэгээс өмнө нь энэ Лабор тариаг хийлгэж байсан уу гэж асуухад хийлгэж байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар тал/

Эмч Сахъяабазарын магадлагаа, Бугант тосгоны эх барих бага эмч Эрдэнэчимэгийн тодорхойлолт /хх-ийн 74-75 дугаар тал/

Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №442 дугаартай дүгнэлтэнд:

1.Ц.Одончимэгийн биед тархи доргилт, хүзүү, эрүү, цээжний төв хэсэгт, зүүн эгэмний доод хэсэгт, баруун бугалга, баруун шуу, зүүн бугалга, зүүн сарвуу, баруун өвдөг, зүүн гуя, зүүн өвдөг, өвдөгний дотор хэсэг, баруун өвдөг, нуруу, зүүн хавирганд цус хуралттай, хүйсний дотор талд зулгаралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 76 дугаар тал/

Шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №68 дугаартай дүгнэлтэнд:

1.Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн куртик, юүдэнтэй цамц, саарал өнгийн бэлтгэлийн өмд , цэнхэр өнгийн даавуун өмднүүд шинжилгээнд тэнцэнэ.

2.Хаана үйлдвэрлэсэн  нь тодорхойгүй, М 160/84 а өмсгөлтэй, гадна талдаа 2 далд халаастай, бор өнгийн юүдэнтэй өвлийн хүрэмний баруун суга оёдол дагуу 120 мм, зүүн хажуугийн оёдлоор доод зах ирмэгээс ханцуйны, зах ирмэг хүртэл, зүүн талын цахилгаан товчны оёдол дагуу 190мм уранхай,

-БНХАУ-д үйлдвэрлэсэн, S өмсгөлтэй улаан, хөх, цагаан өнгийн хөндлөн судалтай, энгэр битүү, юүдэнтэй саарал өнгийн ноосон цамцны урд хэсэг энгэрээс доод зах ирмэг хүртэл уранхай,

-Бангладеш улсад үйлдвэрлэсэн 36 өмсгөлтэй цэнхэр өнгийн өмдний баруун гуя дээд ирмэгээс 140мм зайд хөндлөн 500см, зүүн гуяны хэсэг дээд ирмэгээс 140 мм зайд хөндлөн 420мм татаж чангаах хүчний үйлчиллээр, шинэ уранхайнууд үүссэн байна.

-Пакистан улсад үйлдвэрлэсэн S өмсгөлтэй хар эмжээртэй, саарал өнгийн ноосон өмдөнд ямар нэгэн урагдалт, цооролт үүсээгүй байна.

            3.Уг татаж чангаах хүчний үйлчиллээр үүссэн шинэ уранхайнуудыг нэг цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 81-83 дугаар тал/

            Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №05 дугаартай дүгнэлтэнд:

            1.Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн куртикны баруун суганы оёдол, энгэрийн цахилгаан товчны залгаас оёдолд үүссэн 2 гэмтэл, зүүн энгэрийн зүүн залгаас оёдол, зүүн ханцуйны залгаас оёдол, хөх улаан өнгийн судалтай цамцны энгэр хэсэг, цэнхэр өнгийн өмдний баруун зүүн шуумагны хэсэгт урагдал, ханзралтууд, саарал өнгийн бүслүүртээ уяатай өмдний баруун зүүн шуумагны урд хэсэгт цооролтууд үүссэн байна.

            2.Дээрх урагдал, ханзралтууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр цооролт нь хатуу гадаргуутай харилцан үйлчилсний улмаас үүсгэгдсэн байна. Хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болохыг тогтоох боломжгүй байна.

            3.Улаан, хөх өнгийн судалтай, юүдэнтэй, саарал өнгийн цамцны юүдэнгийн битүү зах ирмэгний доод хэсэгт үүссэн гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 86 дугаар тал/

            Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №02 тоот актанд:

            1.Т.Анхбаярын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар тал/

            Эмнэлэгээс өвчтөн илгээх хуудас /хх-ийн 100 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2016 оны 07 дугаар сарын 03-04-нд шилжих шөнийн 03 цагт тус эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн төвд хандаж үзүүлсэн баримт /хх-ийн 102-103 дугаар тал/

Ц.Одончимэгийн Өргөө амаржих газарт 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эмчлүүлсэн өвчтний түүхийн хуулбар /хх-ийн 105-107 дугаар тал/

Ц.Одончимэгийн Манал Оточ эмнэлэгт 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүхийн хуулбар /хх-ийн 109-124 дүгээр тал/

Ц.Одончимэгийн Авецила эмнэлэгт 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүхийн хуулбар /хх-ийн 126-136 дугаар тал/

Ц.Одончимэгийн Интермед эмнэлэгт 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эмчийн хяналтанд байсан өвчтөний түүхийн хуулбар /хх-ийн 138-148 дугаар тал/

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 159-161 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 162 дугаар тал/

Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 164-165 дугаар тал/

Шүүгдэгчийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 166-167 дугаар тал/

Шүүгдэгчийн сэтгэл зүйн сорилын тайлбар болон тандах ярилцлагын тэмдэглэл /хх-ийн 168 дугаар тал/

Сум дундын 15 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 169-172 дугаар тал/

Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд хх-ийн 212-222 дугаар тал/

Хохирогчийн гар утасны дугаарт орсон гарсан мессежний мэдээлэл /хх-ийн 224-231 дүгээр тал/

Хохирогчийн эмчилгээний баримт /хх-ийн 238 дугаар тал/

Хадан хүй ӨЭМТ-ийн тарианы журналын хуулбар /хх-ийн 239-240 дүгээр тал/

Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 18-24 дүгээр тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /2-р хх-ийн 26-31 дүгээр тал/

Гэрч Э.Зоригийг дахин байцаасан тэмдэглэл /2-р хх-ийн 47 дугаар тал/

Гэрч О.Ганчимэгийг дахин байцаасан тэмдэглэл /2-р хх-ийн 48 дугаар тал/

Гэрч Г.Сахъяабазарыг дахин байцаасан тэмдэглэл /2-р хх-ийн 49 дүгээр тал/

Гэрч Т.Гансүхийг дахин байцаасан тэмдэглэл /2-р хх-ийн 50 дугаар тал/

Гэрч Т.Эрдэнэчимэгийг дахин байцаасан тэмдэглэл /2-р хх-ийн 51 дүгээр тал/

Гэрч Б.Мягмарцэрэнгийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ураг өсөлтгүй болно гэдэг олон шалтгаантай байдаг, бүх төрлийн халдвар, идэж хэрэглэж байгаа хоол хүнс агаарын бохирдол гэх мэт олон шалтгаан байдаг. Ураг өсөлтгүй болж байгаа нь үр зулбах нэг шалтгаан болж байгаа юм. Бусдад зодуулснаас болж ураг өсөлтгүй болно гэж байхгүй ээ, харин бусдад зодуулснаас болж үр зулбаж бол болно. Харин ураг өсөлтгүй болно гэж бол байхгүй. Д.Одончимэгийн хувьд ураг өсөлтгүй болсноос болж л зулбах болсон. Энэ нь зодуулсантай ямар нэгэн байдлаар холбогдохгүй ба шууд шалтгаан болохгүй юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 52 дугаар тал/

Гэрч М.Батбаярын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Он сарыг нь сайн санахгүй байна. Мэргэжлийн хяналтынхан байгууллагаараа Хятад явах үед Одончимэг нь нэг удаа хамт явсан санаж байна. Тэгэж яваад 1 билүү 2 хоногийн дараа ирээд миний өрөөнд уйлсан байдалтай орж ирсэн. Тэгээд О.Алтанбаяр намайг зодсон гэж ярьсан. Гэхдээ биед нь ил харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй. Юу болсон юунаас болсон хэрхэн хаана цохисон талаар нь асуугаагүй. Тэгээд чөлөө аваад эмнэлэгт үзүүлнэ гээд Улаанбаатар хот руу явсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 54-55 дугаар тал/

Гэрч А.Алтанжолоогийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 3-4 сарын үед Ц.Одончимэг, О.Алтанбаяр нар тус тусдаа амьдарч байсан боловч бие биенийхээрээ орж гардаг болчихсон үерхэж эхэлж байсан. Тэрнээс хойш буюу намайг шилжиж явсан хойнохамт амьдардаг болсон гэжм байсан. Ц.Одлончимэгийг би зодуулж байхыг хараагүй. Ц.Одончимэг нь Алтанбаярт зодуулж нүдүүлээд байх хүүхэн биш гэж бодож байна. Би зодуулсан гэж огт сонсоогүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 57 дугаар тал/

Гэрч Б.Мөнхтулгын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Алтанбаяр нь Одончимэгийг цохиж зодож байхыг би харж байгаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59 дүгээр тал/

Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2-р хх-ийн 63-64 дүгээр тал/

Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 77-79 дүгээр тал/

Хохирогч Ц.Одончимэгийн Өргөө амаржих газарт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, холбогдох баримтын хуулбар /2-р хх-ийн 92-97 дугаар тал/

Хохирогч Ц.Одончимэгийн Манал Оточ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх, холбогдох баримтын хуулбар /2-р хх-ийн 99-114 дүгээр тал/

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт №491

1.1.2.3.5.7.8.9.10.11.12.13.14.15.16.18 Ц.Одончимэгийн мэдүүлэгт үндэслэн гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй.

4.6.19.20 Ц.Одончимэг нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Интермед эмнэлгийн хэт авиан шинжилгээгээр 5 долоо хоног 4 өдөртэй хэвийн жирэмсэн байсан байна. 2015.12.02-ны өдрийн Өргөө амаржих газрын №3238 тоот өвчний түүхэнд Ц.Одончимэгийн ураг өсөлтгүй болж цэвэрлүүлсэн гэх бөгөөд цэвэрлүүлсэн талаар эмнэлгийн бичиг баримт байхгүй, цэвэрлүүлсэн материал /ургийн эд эсийн шинжилгээ/ байхгүй тул ураг өсөлтгүй болсон шалтгааныг тогтоох боломжгүй.

17.Ц.Одончимэгийн мэдүүлгүүдэд заасан хугацаанд эмнэлэгт үзүүлсэн гэх бичиг баримт байхгүй байна.

21.2016.01.17-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Шүүх Шинжилгээний албаны шинжээч эмч Т.Насанжаргалын гаргасан №442 тоот дүгнэлттэй санал нэг байна. Ц.Одончимэгийн биед тархи доргилт, хүзүү, эрүү, цээж, зүүн эгэм, баруун, зүүн бугалга, баруун шуу, зүүн сарвуу, баруун, зүүн өвдөг, зүүн гуянд цус хуралт, хэвлийд зулгаралт, зүүн шилбэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх /2016.10.26-27-нд шилжих шөнө/ үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 119-122 дугаар тал/

Шүүгдэгч Б.Алтанбаярын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр өгсөн тайлбар /2-р хх-ийн 126-128 дугаар тал/

Шүүгдэгч Б.Алтанбаярын дансны хуулгууд болон банкуудын лавлагаа /2-р хх-ийн 141-148 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Автотээврийн төвийн лавлагаа /2-р хх-ийн 153-157 дугаар тал/

Хохирогч Ц.Одончимэгээс гарсан зарлагын жагсаалт гэх /2-р хх-ийн 158 дугаар тал/

Хохирогч Ц.Одончимэгийн зан байдлын тодорхойлолт /2-р хх-ийн 159-160 дугаар тал/

Б.Алтанбаярын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 153-155 дугаар тал/

Б.Алтанбаярын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 157-158 дугаар тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд:

 

          Шүүгдэгч О.Алтанбаяр нь 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Ц.Одончимэгийг байнга зодож тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Үүнд; Хохирогч Ц.Одончимэгийн шүүх хуралдааны хэлэлуүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 38-40/ гэрч Б.Эрдэнэчимэгийн шүүх хуралдааны болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 43, 2-р хх72/, Г.Баярсайханы /1хх-ийн 41/, Э.Зоригийн /2-р хх47/, О.Ганчимэгийн /хх39, 2хх-ийн 48/, Г.Сахъяабазарын /1хх-ийн 46, 2хх-ийн 49/, Т.Эрдэнэчимэгийн /1хх-ийн 47/, Т.Анхбаярын /1хх-ийн 48-49/, С.Даваахүүгийн /1хх-ийн 54/, М.Батбаярын /2хх-ийн 54-55/, М.Энхзаяагийн /1хх-ийн 63/, Д.Гантуяагийн /1хх-ийн 64/, Г.Отгонжаргалын /2-р хх-ийн 64/, О.Ганчимэгийн /2хх-ийн 48/  мэдүүлгүүд, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн 442, 491 тоот дүгнэлтүүд /1хх-ийн 76, 2хх-ийн 119/ болон шинжээчийн 05, 68 тоот дүгнэлтүүд /1хх-ийн 81-83, 86/ зэрэг болно.

            Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн хууль сануулж авсан мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв. Учир нь дээрх хохирогч, гэрчүүд нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй, ажил үүргийн хувьд тухайн хэрэгт мэдүүлэг өгсөн байгааг дурьдах нь зүйтэй.

          Түүнчлэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө болсон үйл баримт нь хохирогч Ц.Одончимэг, түүний ээж Б.Эрдэнэчимэг нарын өгсөн мэдүүлэг нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа энэ хэрэгтэй холбогдсон Э.Зориг, Т.Эрдэнэчимэг, Г.Сахъяабазар нарын мэдүүлэг болон шинжээчийн мэдүүлгээр нотлогдож байна.

            Харин хохирогч Ц.Одончимэгийн 2015 оны 08 дугаар сараас 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл удаа дараагийн үйлдлээр шүүгдэгч О.Алтанбаярын бие махбодийн болон сэтгэл санааны дарамтанд хүчирхийлэлд автан тарчлан зовж байсан талаарх мэдүүлэг нь хамт ажиллаж байсан болон түүний найз нөхдийн мэдүүлгүүд болон удаа дараа эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан байдал, ураг зулбасан байдал зэрэг баримт сэлтүүдээр нотлогдож байна гэж үзлээ.

            Хохирогч Ц.Одончимэг нь О.Алтанбаяртай 2015 оны 05 дугаар сарын орчимд танилцаж улмаар гэр бүлийн харилцаатай байсан ба түүнийг удаа дараагийн үйлдлээр өөрийг нь тарчлааж байсан талаар гэмт хэрэгт гүтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал хэргийг шалгах явцад тогтоогдоогүй төдийгүй, шүүгдэгч О.Алтанбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгч буй мэдүүлэг дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна.

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргаж ирүүлсэн хуулийн зүйлчлэл, бие махбодоо эмнэлэгт үзүүлэх тухай зэрэг бичсэн дэвтэрийн хуудсаар хохирогчийг О.Алтанбаярыг гэмт хэрэгт гүтгэхээр бэлтгэсэн, зориуд гүтгэж буй байдал нотлогдохгүй байна гэж үзнэ.  

            Шүүгдэгч О.Алтанбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг  “Тарчлаах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

           Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс уг хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулинд нэмэлт өөрчлөлтөөр орж 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй 1201 дүгээр зүйлийн 1201 .1-д зааснаар зүйлчилж өгнө үү. Уг хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа учир уг хэрэг үйлдэгдэн гарснаас хойш 06 сарын хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

           Учир нь хохирогч шүүгдэгч нар хамтран амьдарч байсан тухайн үйл явдал болох үед дээрх хууль тогтоомж үйлчлээгүй байсан мөн хохирогч шүүгдэгч нар нь гэр бүлийн баталгаагүй байсан, хохирогч шүүгдэгчээс хамтын амьдралаа салгаж тусдаа амьдарч байхад нь очиж хүчээр авч явдаг, гэмтэл бэртэл учруулж байсан зэргээс шалтгаалан гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүдийн хооронд үйлдэгдсэн гэж үндэслэлгүй гэж үзлээ. 

            Шүүгдэгч О.Алтанбаярт ял шийтгэл оногдуулахдаа урд өмнө ял шийтгүүлсэн боловч ялгүйд тооцогдсон, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлөөгүй зэргийг харгалзан үзлээ.

            Хохирогч Ц.Одончимэгийн энэхүү гэмт хэргийн улмаас эмчлэгдсэн эмчилгээний зардал, замын зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 7.441.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчоос гаргаж ирүүлсэн нотлох баримтанд тулгуурлан 6.306.049 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс 700.000 төгрөг, нотлох баримтгүй 435.951 төгрөг бүгд 1.135.951 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Хангагдсан нэхэмжлэлийн шаардлага нь эмний үнэ 306.700, эмнэлэгт хэвтсэн эмнэлэгийн төлбөр, замын зардлын баримтууд, бинзен авсан баримтууд нийт 4.727.941 төгрөг, хувцасны үнэ 672.800 төгрөг, сарын цалин дунджаар 700.000 төгрөг үүнээс байгууллагаас олгогдсон 102.392 төгрөгийг хасч 597.608 төгрөг бүгд 6.306.049 төгрөг болно. 

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-д зааснаар хохирогчоос өөрийн өмгөөлөгчид төлсөн 700.000 төгрөгийн зардлыг байцаан шийтгэх ажиллагааны зардалд тооцож шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.

          Учир нь хохирогч Ц.Одончимэг түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан, Д.Дашдорж, нарын хооронд байгуулагдаж буй “эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээний талуудын сайн дурын үндсэн дээр хийгдэж буй гэрээ бөгөөд энэ заавал хийгдэх шинжтэй, албадлагын зүйл биш тул түүнийг дээрх зардалд оруулан тооцохгүй болно.

           Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй  болно.

Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгч О.Алтанбаярын өмчлөлийн 60-10 СЭҮ улсын дугаартай тоёота крюгер маркийн машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 ширхэг рентген зургийг хохирогчид буцаан олгож, 1 ширхэг хутга, 1 ширхэг сам, куртик, цамц, өмд 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов. 

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 293, 294, 297 -р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Модчин овогт Отгонбаярын Алтанбаярыг мөн хуулийн тусгай ангийн 100-р зүйлийн 100.1-д  заасан “Тарчлаах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100-р зүйлийн 100.1-д зааснаар шүүгдэгч Модчин овогт Отгонбаярын Алтанбаярт  04 /дөрөв/ сарын баривчлах ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51-р зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч О.Алтанбаярт оногдуулсан 04 /дөрөв/ сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.Алтанбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурьдсугай.  

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 9 ширхэг рентген зургийг хохирогч Ц.Одончимэгт буцаан олгож, 1 ширхэг хутга, 1 ширхэг сам, куртик, цамц, өмд 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч О.Алтанбаяраас 6.305.951 төгрөг гаргуулан Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо 3-114 тоотод оршин суугч Сэлэнгэ аймгийн гаалийн газарт улсын байцаагч ажилтай Зураач овогт Цогийн Одончимэгт /ЧЖ82081505/ олгож, 1.113.951 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

7.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгч О.Алтанбаярын өмчлөлийн 60-10 СЭҮ улсын дугаартай тоёота крюгер маркийн машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлсүгэй.

8.Шүүгдэгч О.Алтанбаярт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.   

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.ЭРДЭНЭХИШИГ