Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
Хэргийн индекс | 182/2022/01518/И |
Дугаар | 182/ШШ2022/02317 |
Огноо | 2022-07-27 |
Маргааны төрөл | Даатгал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 182/ШШ2022/02317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Х -ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б ХК-т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 6,840,000 төгрөг, алданги 3,420,000 төгрөг нийт 10,260,000 төгрөг гаргуулах тухай.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Анхбаяр
Хариуцагчийн төлөөлөгч Б.Мэндсайхан
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 6,840,000 төгрөг, алданги 3,420,000 төгрөг нийт 10,260,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Б.Х шүүхэд болон төлөөлөгч О.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-ын гэрээг байгуулсан. Даатгалын гэрээний хүчин төгөлдөр хугацаанд буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ахуйн ослын улмаас даатгалын тохиолдолд бий болж, даатгуулагч ажлын 32 хоног хөдөлмөрийн чадвараа алдсан. Даатгалын маргааныг Санхүүгийн зохицуулах хороо шийдвэрлэсэн боловч даатгагч Б ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойших хугацаанд буюу талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дууссанаас хойш нөхөн олговор олгохгүй гэж шийдвэрлэсэн. Даатгалын гэрээгээр талууд хугацаа тохиролцож байгаа нь учирч болох даатгалын тохиолдолд хамрах хугацааг тодорхой болгох зорилготой. Энэ хугацаа нь нөхөн олговрыг тасалбар болгох хугацаа биш юм. Өөрөөр хэлбэл, гэрээний хүчинтэй хугацаанд даатгалын тохиолдолд бий болсон бол тухайн эрсдэл, тохиолдлоос бий болсон хохирлыг даатгалын гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамаарч даатгагч бүрэн арилгах үүрэгтэй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээ бөгөөд гэрээний 8.4.4 дэх хэсгийн заалт нь Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсгийн заалт юм. Хариуцагч Б ХХК-тай байгуулсан даатгалын гэрээ нь даатгагч нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хоног буюу 1-90 хоногийн эрсдэлийг даахаар буюу 1-90 хоногийн хугацааг талууд гэрээгээр тохиролцсон. Нөгөө талаас, даатгуулагч хуулийг буруу ойлгож уг заалт /8.4.4/-ыг гэрээндээ тусгасан бол энэ нь Иргэний хуулийн 202.2.4-т зааснаар нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар татгалзах эрхтэй заалт буюу хүчин төгөлдөр бус тохиролцоо юм. Энэ нь гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд харш юм. 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бий болсон эрсдэлийн улмаас даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 32 хоногийн хугацаанд алдаж, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хөдөлмөр эрхэлж чадаагүй тул энэ хугацааны олговорт 6,840,000 төгрөг, Б ХХК-д хандсан 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 103 хоногийн алдангид 3,420,000 төгрөг нийт 10,260,000 төгрөгийг Б ХХК-иас гаргуулна. Нэхэмжлэгч Б.Хын нуруу 10 жилийн өмнөөс өвддөг болсон, 10 орчим хоногийн өмнөөс хөдөө морь унаж явснаас өвдөлт сэдэрсэн, мөн даатгуулагч нь материалаа хугацаандаа бүрдүүлэн өгөөгүй шалтгааныг мэдэхгүй байна гэв.
2.Хариуцагч Б ХК шүүхэд болон төлөөлөгч Б.Мэндсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Даатгуулагч Б.Х 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр даатгалын нөхөн төлбөр Б ХК-иас нэхэмжилж, даатгалын нөхөн төлбөр хүсэхдээ “Миний бие 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлын шатнаас хальт гишгэж унасны улмаас хүчтэй өвдөлт мэдэрч улмаар гишгэж сууж чадахгүй болсон юм гэж 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн цахим шуудан, түүний хавсралт нөхөн төлбөр хүссэн өргөдлийн даатгалын тохиолдлын мэдээлэл хэсэгт “ажилдаа очихдоо гэмтэл авсан” гэж мэдэгджээ. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгчийн өвчний түүхэд Б.Х нь 10 жилийн өмнөөс нуруу аажмаар өвддөг болсон.10 орчим хоногийн өмнөөс хөдөө морь унаж явснаас өвдөлт сэдрэн, гэрээр эм ууж зовиур багассан боловч 12 дугаар сарын 06-ны өглөө эвгүй гишгэсний дараагаас маш хүчтэй өвдөлт өгч эхэлсэн гэж, мөн нэг сар орчны өмнөөс нуруу чилээд явж байсан өнөөдөр шатаар буухдаа баруун хөлөөр эвгүй гишгэснээс зовиур ихсэн хөдөлж болохгүй байна. Гэмтэл мориноос 2011 онд унаж байсан гэж, мөн 10 жилийн өмнөөс нуруу өвддөг болсон. 10 орчим хоногийн өмнөөс зовиур эхэлсэн. Хөдөө явж морь унаж хол явсан гэх баримт авагдсан. Даатгуулагч Б.Х нь 12 дугаар сарын 06-ны өдөр ажлын шатнаас хальт гишгэж унасан гэх үйл баримт худал болох нь түүний Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ гаргасан тайлбараар батлагдаж байна. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсан 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ахуйн ослын улмаас даатгалын тохиодол бий болсон гэсэн үйл баримт нь бодит бус 10 жилийн өмнөөс үүдэлтэй архаг хууч өвчний сэдрэл нь морь унаж хол явснаас болсон нь түүний тайлбараас харагдаж байна. Иймд даатгалын байгууллагад “ажлын шатнаас хальт гишгэж унасан” гэж худал мэдээлсэн тул “Шүүгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгох үндсэлэлгүй. Архаг өвчин гэдэг нь өвчний шинж тэмдэг нь илэрч, оношлогдож, эмчилгээ хийлгэж байсан, сэдрэл намжил байдлаар явагддаг, урт хугацааны хяналт, эмчилгээ шаарддаг өвчин багтдаг. Даатгуулагч Б.Хын өвчин нь 2011 онд мориноос унаж, илэрч оношлогдсон, 10 жилийн өмнөөс нуруу аажмаар өвддөг болсон буюу сэдрэл намжил байдлаар явагддаг, урт хугацаааны хяналт, эмчилгээ шаардаг өвчин болох нь харагдаж байна. Иймд архаг хууч өвчний сэдрэл нь морь унаж хол явснаас болсон хэрэгт авсагдсан үйл баримтаар тогтоогдож байх тул даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэх үндсэлэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна. Мөн даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх явцад, албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор учирсан эрсдэлүүдийг даатгалын үндсэн эрсдэлд тооцохоор заасан. Нэхэмжлэгч Б.Хын олон хоног морь унаж явсан үйл баримт нь түүний албан үүргээ гүйцэтгсэнтэй холбоотойгоор үүсгэх даатгалын эрсдэл мөн эсэх талаарх нотлох баримт байхгүй тул даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэл болохгүй байна. Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.2-т “хөдөлмөрийн чадвар түр алдалтын үед эмнэлгийн хуудас, эмнэлэгийн магадалгаа, амбулаторийн картаа даатгуулагч нь бүрдүүлэн өгөхөөр 7 дугаар зүйлийн 7.1.7-д “даатгуулагч гэрээгээр хүлээсэн үргээ биелүүлээгүй” тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай заасан. Даатгуулагч нь гэрээний дагуу хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааны эмнэлгийн хуудас, эмнэлгийн магадалгаа, амбулаторийн карт зэргийг бүрдүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд баримт бүрдүүлэн өгөх хугацааг даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.1-д даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор Шүүхийн ерөнхий зөвлөл хүлээж авснаас хойш ажлын 5 өдрийн дотор”, 6.3.3-т “Хүндэтгэн үзэх шалтгаантай тохиодолд 4 сарын дотор” гэж заасан. Даатгуулагч нь гэрээнд заасан хугацаанд зөвхөн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх эмнэлгийн хуудас ирүүлсэн бөгөөд үлдэх хугацааны эмнэлгийн хуудсыг нөхөн төлбөр хүсэхдээ ирүүлээгүй, 3 сард хүсэлт гаргахдаа хавсаргасан байна. Даатгуулагч нь баримтыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөр дамжуулаагүй шууд даатгагчид ирүүлсэн тул баримт бүрдүүлэх хугацааг ажлын 15 өдрөөр тооцох ба баримтыг хожимдуулан ирүүлэхдээ хүндэтгэн үзэх шалтгаан, түүнийг нотлох баримт ирүүлээгүй. Иймд гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.3-т “Даатгагч энэ гэрээний 6.3.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш даатгуулагчаас ирүүлсэн нөхөн төлбөртэй холбоотой өргөдөл, гомдлыг хүлээж авахгүй” гэж заасны дагуу даатгагч нь даатгуулагчаас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 дүгэр сарын 18-ны өдрийг хүртэлх баримтыг хүлээн авах үндэслэлгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 9/417 тоот албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 9/1113 тоот албан бичиг, Шүүгчийн амь, нас, эрүүл мэндийн даатгалын 0101100041007 дугаар гэрээ, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтыг, хариуцагчаас хариу тайлбар, Даатгалын нөхөн төлбөрийн эвлэрлийн гэрээ зэрэг баримтыг, нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Хын хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн 1757215, 175646 тоот хуудас, хариуцагчийн хүсэлтээр 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн бүсэлхий Мед портал эмнэлгээс, MRI оношилгоо, Б.Хын яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, Үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Б.Хын нэхэмжлэлээс 6,840,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 3,420,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 6,840,000 төгрөг, алданги 3,420,000 төгрөг нийт 10,260,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Даатгалын нөхөн төлбөр, алданги шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Б ХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Үйлчлүүлэгчийн өвчний түүхэнд “Б.Х нь 10 жилийн өмнөөс нуруу аажмаар өвддөг болсон. 10 орчим хоногийн өмнөөс хөдөө морь унаж явснаас өвдөлт сэдрэн, гэрээр эм ууж зовиур багассан” гэх баримтаар архаг хууч өвчин сэдэрсэн нь түүний албан үүргээ гүйцэтгсэнтэй холбоотойгоор үүсгэх даатгалын эрсдэл гэж үзэхгүй. Мөн эсэх талаарх нотлох баримт байхгүй тул даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэл болохгүй. Даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.2-т хөдөлмөрийн чадвар түр алдалтын үед эмнэлгийн хуудас, эмнэлэгийн магадалгаа, амбулаторийн картаа даатгуулагч нь бүрдүүлэн өгөхөөр, 7 дугаар зүйлийн 7.1.7-д даатгуулагч гэрээгээр хүлээсэн үргээ биелүүлээгүй тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай заасан бөгөөд даатгуулагч нь гэрээнд заасан хугацаанд зөвхөн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх эмнэлгийн хуудас ирүүлсэн бөгөөд үлдэх хугацааны эмнэлгийн хуудсыг нөхөн төлбөр хүсэхдээ ирүүлээгүй, 3 сард хүсэлт гаргахдаа хавсаргасан” гэж маргаж байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 9/417 тоот, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 9/1113 тоот албан бичиг, Шүүгчийн амь, нас, эрүүл мэндийн даатгалын 0101100041007 дугаар гэрээ, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн 1757215, 175646 тоот хуудас, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн бүсэлхий MRI оношилгоо, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, Даатгалын нөхөн төлбөрийн эвлэрлийн гэрээ, Үзлэг хийсэн тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
8.Нэхэмжлэгч Б.Х нь Б ХХК-тай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээний 2.1.9.Гэнэтийн осол гэдэгт хүлээгдэж байгаагүй, гэнэтийн гадны шинж чанартай хүчин зүйлийн шууд үр дүнд даатгуулагчийн амь нас болон бие эрхтний гэмтэл, өвчлөлд хүргэх ослыг, 2.1.11.Даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх гэдгийг ажлын болон ажлын бус цагаар шүүн таслах ажиллагаа эрхлэх, албан томилолтоор ажиллах, ажлын байрандаа амрах, ажилдаа ирэх буцах замд алтваа тээврийн хэрэгслээр буюу явган явж байх үед болон шүүхээс зохион байгуулсан арга хэмжээнд оролцох эсхүл эдгээртэй адилтгах бүхий л албан ажлуудыг хамруулан ойлгоно. 4.1.Даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх явцад албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор учирсан дараах эрсдэлүүдийг даатгалын үндсэн эрсдэлд тооцов. Үүнд: 4.1.1.Байгалийн эрсдэл: хүчит салхи, цасан ба шороон шуурга, цочир хүйтрэлт, үер усны аюул, газар хөдлөлт, хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт, аянга, гал түймэр, дэлбэрэлт зэрэг эрсдэл, 4.1.2.Ахуйн эрсдэл: элдэв зүйлд цохиулах, хавчигдах, хавчуулах, унах, түлэгдэх, хөлдөх, осгох, наранд цохиулах, угаартах, хорт хий, химийн бодис, эмийн зүйл, ургамалд хордох, амьтан шавьжид хазуулах, дайралт болон зам тээврийн аюул осолд өртөх, 4.1.5.Ажил үүргээ гүйцэтгэж байх үеийн буюу шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1-24.2.3 дахь хэсгүүдэд заасан ослоос үүдэлтэй эрсдэлүүд, 4.1.9.Гэнэтийн өвчлөл: Мухар олгойн хурц түгжрэл болон түүний архаг үрэвслийн сэдрэлт, Гэдэсний хурц түгжрэл, хоол боловсруулах эрхтэний цооролт, түлэгдэлт, цус харвалт, ухаан алдалт, зүрхний цусан хангамж алдагдах болон цус багадалтаас үүдэлтэй зүрх хаагдах, зүрхний цочимог шигдээс, тархины цусан хангамж багасах, тархины судасны хатуурал, тархины хаван үүсэх, үе мөчний бүх төрлийн өвчин, гэнэтийн ухаан алдалт, татаж унах, хордолт, бүх төрлийн хордлого, хордлогын халдвар, Хүн малын гоц халдварт болон халдварт өвчин бусад гэнэтийн өвчлөлтүүдийг даатгалын эрсдэлд тооцох, мөн гэрээний 6.2.1.Даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсан даатгуулагч энэ гэрээнд заасан даатгалын эрсдлийн улмаас түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдвал эмнэлэгт хэвтсэн, амбулатори, гэрээр эмчлүүлсэн хугацаанаас хамааруулан дараах хувиар нөхөн төлбөрийг олгоно. Жич: Хөдөлмөрийн чадваргүй байсан хугацааг ажлын өдрөөр тооцно” гэж даатгуулжээ.
9.Даатгуулагч Б.Х нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шатнаас хальтарч унасны улмаас нурууны үе хоорондын жийргэвч урагдан мэс засалд орж 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртлэх хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдснаар даатгалын тохиолдол бий болсон болох нь Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн эмнэлгийн 1757215 хуудас, 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эмнэлгийн 1757215 хуудсанд даатгуулагч G54.1 өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан онош тогтоогдсон байна. /хавтаст хэргийн 36, 65 тал/
10.Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 9/417 тоот албан бичигт “...танай компаний зүгээс даатгуулагчийн өвчлөлийн шалтгааныг унасны улмаас үүсээгүй, мөн эмнэлгийн хуудаст гэнэтийн ослын улмаас үүссэн гэмтэлд тавих ёстой онош тавигдаагүй гэж үзэн даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасныг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэхээр байна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасныг үндэслэн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй байна” гэж хариу өгсөн нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзнэ.
11.Хариуцагч Б ХК нь даатгалын нөхөн төлбөрийн эвлэрлийн гэрээний төсөл шүүхэд ирүүлсэн байх ба уг гэрээний 2-т “Талууд харилцан тохиролцон нөхөн төлбөрийг 6,840,000 төгрөгөөр тогтоож, даатгуулагчид олгох бөгөөд ийнхүү төлбөр гүйцэтгэснээр даатгагчийн үүрэг дуусгавар болно. Даатгуулагч нь энэхүү гэрээний 2-т заасан нөхөн төлбөрийг авах бөгөөд нэхэмжлэлийн үлдэх 3,420,000 төгрөгөөс татгалзаж байна” гэжээ. /хавтаст хэргийн 20 дахь тал/
12.Хариуцагч Б ХК нь татгалзлын үндэслэлээ архаг хууч өвчин болох нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйлчлүүлэгчийн өвчний түүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд: 1 сар орчмын өмнөөс нуруу чилээд явж байсан ба өнөөдөр шатаар буухдаа баруун хөлөөр эвгүй гишгэснээс зовиур ихсэн хөдөлж болохгүй байна. Гэмтэл мориноос 2011 онд унаж байсан” гэх /хавтаст хэргийн 70 дахь талын ард/, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Клиникийн оношийн үндэслэл Асуумжаас: 10 жилийн өмнөөс нуруу аажмаар өвддөг болсон, 10 орчим хоногийн өмнөөс хөдөө морь унаж явснаас өвдөлт сэдрэн, гэрээр эм ууж зовиур багассан боловч 12 дугаар сарын 06-ны өглөө эвгүй гишгэсний дараагаас маш хүчтэй өвдөлт өгч эхэлсэн” гэх /хавтаст хэргийн 73 дахь талын ард/, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлд: 10 жилийн өмнөөс нуруу өвддөг болсон.10 орчим хоногийн өмнөөс зовиур эхэлсэн гэнэ. Хөдөө явж морь унаж хол явсан. Түүний дараагаас эхэлж гуяны араар бага зэрэг өвдөж эхэлсэн учир 7 хоногийн өмнө эмчид үзүүлж нейромидин, мелбек 1,5 мл хэрэглэсэн, Өчигдөр өглөө хазгай гишгэж нуруу, гуяны араар хүчтэй өвдөж эхэлсэн гэнэ” гэх /хавтаст хэргийн 74 дэх тал/, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Клиникийн оношийн үндэслэл Асуумжаас: 10 жилийн өмнөөс нуруу аажмаар өвддөг болсон. 10 орчим хоногийн өмнөөс хөдөө морь унаж явснаас өвдөлт сэдрэн, гэрээр эм ууж зовиур багассан боловч 12 дугаар сарын 06-ны өглөө эвгүй гишгэсний дараагаас маш хүчтэй өвдөлт өгч эхэлсэн” гэх /хавтаст хэргийн 78 дахь талын ард/ баримтаар нотлогдож байна гэж маргасан.
13.Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “Б.Хын нуруу 10 жилийн өмнөөс өвддөг болсон, 10 орчим хоногийн өмнөөс хөдөө морь унаж явснаас өвдөлт сэдэрсэн, мөн даатгуулагч нь материалаа хугацаандаа бүрдүүлэн өгөөгүй шалтгааныг мэдэхгүй байна” гэж тайлбарлав.
14.Даатгуулагч Б.Хт 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Эмнэлгийн 1757215 хуудас”-нд даатгуулагч G54.1 өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан онош тогтоогдсон /хавтаст хэргийн 65 дахь тал/ байх тул даатгуулагч нь ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шатнаас хальтарч унасны улмаас нурууны үе хоорондын жийргэвч урагдан мэс засалд орж 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хөдөлмөрийн чадвараа түр алдснаар даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.
15.Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт “Даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох” гэж заасан тул хариуцагч Б ХК-иас даатгалын нөхөн төлбөрт 6,840,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт олгох үндэстэй.
16.Харин нэхэмжлэгч нь даатгалын гэрээний дагуу хариуцагч компанийг нөхөн төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлэн гүйцэтгэсэн гэж алданги 3,420,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч алдангийг хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй гэж үзнэ.
17.Даатгагч нь нөхөн төлбөр төлөх үүргийг санаатай хугацаа хэтрүүлсэн зүйлгүй, асуудлыг шийдвэрлэхэд нарийн мэргэжлийн мэдлэг, даатгуулагчаас зарим баримт шаардсан нөхцөл байдал үүссэн байх ба мөн Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 3,420,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
18.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,110 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 124,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Б ХК-иас 6,840,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,420,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 179,110 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 124,390 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Хт олгосугай.
3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ