Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2022/03068

 

 

 

 

 

 

 

 

 

2022 06 28

101/ШШ2022/03068

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Т а СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Б-д холбогдох,

 

912,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт: ... Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Цагдаа-Амгалан хотхон, тоотод оршин суугч А.Б нь нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгч бөгөөд сууц өмчлөгчдийн холбооны хуримтлалын сан, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээ, лифт ашиглалт, хог хаягдлын төлбөр, нийтийн эзэмшлийн орц, зам, талбайн гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, өдөр тутмын цэвэрлэгээ гэх мэт төлбөрийг төлөөгүй учир хариуцагчаас 2019 оны 06 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарыг дуустал 35 сарын хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нэг сарын төлбөр 25,800 төгрөг, нийт 903,000 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, бүгд 912,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарт: ... Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь манайх уг орон сууцыг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр худалдаж авсан бөгөөд өмнөх өмчлөгчийн асуудлыг хариуцахгүй. 14 орчим хоногийн өмнө сууц өмчлөгчдийн холбооноос судалгаа авъя гэж орж ирэн манайхтай анх удаа харилцсан, үүний дараа 1 удаа орж ирэн төлбөр төлөөрэй гэдэг мэдэгдэл өгсөн, манайхтай ямар ч гэрээ хийгээгүй. Шүүх хуралдааны өмнө өөрт хамаарах хугацааны төлбөр 283,800 төгрөгийг төлсөн. Сууц өмчлөгчдийн холбоо нь өмнөх өмчлөгч Б.А-с ийм олон сараар төлбөрийг нэхэж байгаагүй, ажлаа зохих ёсоор хийдэггүй, маш хариуцлагагүй байна гэв.

 

3.Хэргийн нотлох баримт:

 

а.Нэхэмжлэгчийн нотлох баримт: Т а СӨХны гэрчилгээ, дүрэм, Удирдах зөвлөлийн даргын тушаал 2019.12.25 №02, Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл 2019.12.14, сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын тогтоол 2019.12.14 №01, албан мэдэгдэл 2022.04.26 №04, сууц өмчлөгчдийн холбоо, сууц өмчлөгчдийн хооронд нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээ, зургууд.

 

б.Хариуцагчийн нотлох баримт: эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа.

 

в.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: гэрч Б.А-н мэдүүлэг.

 

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2019 оны 06 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарыг дуустал 35 сарын хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нэг сарын төлбөр 25,800 төгрөг, нийт 903,000 төгрөг, нотариатын зардал 9,500 төгрөг, бүгд 912,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд хариуцагчийн төлсөн 283,800 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасч нэхэмжлэлийн үнийн дүнг 628,700 төгрөг болгож багасгасан.

 

3.Хариуцагч дээрх хугацаанаас өөрт холбоотой буюу 2021 оны 06 дугаар сараас хойшхи хугацааны төлбөр 283,800 төгрөгийг төлсөн, үлдэх хэсэг нь өмнөх өмчлөгч Б.А-д хамааралтай гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.

 

4.Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаар дор дурдсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигч талууд шүүхэд маргаагүй. Үүнд:

 

а.Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах Улаанхуаран  дугаар байрны оршин суугчдын хурлын тогтоолоор Т а СӨХ-г байгуулж, Баянзүрх дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлэн, дүүргийн Засаг даргаас гэрчилгээ олгогджээ.

 

б.Хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Амгалан /13260/ гудамж, байр,  тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн  дугаартай орон сууцны өмчлөгч болох нь эд хөрөнгийн лавлагаагаар нотлогдож байна.

 

в.Сууц өмчлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг өмнөх тарифаар баталж, сууц өмчлөгчөөс сард үйлчлэгчийн цалин хөлс 5500 төгрөг, гэрэлтүүлэг 2000 төгрөг, хог хаягдлын хураамж 2500 төгрөг, дундын эзэмшлийн халаалт инженерийн шугам сүлжээний зардал 5500 төгрөг, лифт ашиглалтын зардал 6000 төгрөг, үйлчилгээний зардал 2000 төгрөг, цэвэрлэгээний материал 2000 төгрөг, гэрийн тэжээвэр амьтан 3000 төгрөг, баримтын үнэ 300 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

 

г.Мөн хариуцагч нь дээрх орон сууцыг 2021 оны 06 дугаар сард Б.А-с худалдан авсан гэж тайлбарласан ба нэхэмжлэгч болон Б.А-н хооронд 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр сууц өмчлөгчдийн холбоо, сууц өмчлөгчдийн хооронд нийтийн зориулалттай орон сууцны ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээ 3 жилийн хугацаатай байгуулан сууц өмчлөгчийн сард төлөх төлбөр 25,800 төгрөг байхаар тусгасан байна.

 

5.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсэгт сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

6.Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад харьяалагдах 75/3 байрны тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч тул дээрх хуульд заасан үүргийг заавал биелүүлнэ.

 

Тэрээр 2021 оны 06 дугаар сард орон сууцыг худалдан авсан үндэслэлээр өмнөх өмчлөгч Б.А-д хамаарах төлбөрийг хариуцахгүй гэж маргаж байх боловч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж зааснаар тухайн хугацааны төлбөрийг хариуцах үүрэг бүхий этгээд юм.

 

7.Иймд нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг хариуцагчаас шаардсан нь үндэстэй байна.

 

8.Гэрч Б.А-с 2019 оны 03 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулаагүй, цэвэрлэгээ үйлчилгээ маш муу, харуул хамгаалалт байгаагүй, гүйцэтгэх захирал Л.Б гэх хүн Цагдаагийн ерөнхий газрын хурандаа Батбаатар намайг томилсон гэж орж ирсэн, энэ үүднээс би төлбөр төлөөгүй, Л.Б-той гэрээ хийгээгүй гэж мэдүүлж байх боловч дор дурдсан сууц өмчлөгчийн эрхийг хэрхэн хэрэгжүүлсэн болох нь тодорхойгүй байна.

 

Сууц өмчлөгч нь Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд тус тус зааснаар дундын өмчлөлийн зүйлсийг ашиглах, захиран зарцуулахад өөрт оногдох хэсгээр саналын эрхтэй оролцох, хурлын тогтоол, тэмдэглэлтэй танилцах, үнэн зөв эсэхийг хянах, засвар, үйлчилгээний хөлс, зардал үндэслэлтэй эсэхийг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх зэрэг эрхтэй бөгөөд энэ талаарх баримтыг хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй.

 

Харин гэрч 2019 оны 07 дугаар сарыг хүртэл хугацааны төлбөрийг төлсөн гэж шүүхэд мэдүүлсэн ба нэхэмжлэгч уг мэдүүлгийг үгүйсгээгүй тул 2019 оны 06 дугаар сард тооцсон төлбөрийг нэхэмжлэлээс хангах үндэслэлгүй байна.

 

9.Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас 2019 оны 07 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарыг дуустал 23 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардалд 593,400 төгрөг (25,800*23) гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

10.Нэхэмжлэгч нь өөрийн шаардах эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор нотлох баримтуудаа нотариатаар гэрчлүүлэн 9,500 төгрөгийн зардал гаргасан байх тул уг зардлыг хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй болно.

 

11.Нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэсэг болох 593,400 төгрөгт тооцогдох улсын тэмдэгтийн хураамж 18,452 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б-гоос 2019 оны 07 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардал 593,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т а СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 06 дугаар сарын зардал 25,800 төгрөг болон нотариатын зардал 9,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 26,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-гоос 18,452 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т а СӨХ-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА