| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2022/01477/И |
| Дугаар | 101/ШШ2022/02581 |
| Огноо | 2022-06-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2022/02581
| 2022 06 03 | 101/ШШ2022/02581 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э д у ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Л-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,084,579 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт: ... Тус компани Б.Л-тай 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ЗГ48 дугаар зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон. Зээлдэгч зээлийн үнийн дүнгийн тодорхой хувийг төлж барагдуулан талууд 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ/48 нэмэлт дугаартай зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Уг гэрээгээр 4,129,781 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 45 хоногийн хугацаатай төлөхөөр тохирсон. Зээлийн төлбөрт өдөр бүр 102,785 төгрөгийг Хаан банкны тоот дансанд төлөхөөр тохирсон боловч зээлдэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 102,785 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 170,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 102,800 төгрөг тус тус төлж, бусад төлбөрийг төлөөгүй. Зээлийн гэрээний 3.1.1 дэх хэсэгт зээл эргэн төлөлтийн хуваарьт заасан төлбөрийг 2 хоногоос дээш хугацаагаар төлөхгүй хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана гэж заасан. Иймд зээлийн гэрээг цуцалж, зээл 4,129,781 төгрөг, зээлийн хүү 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 330,382 төгрөг, нийт 4,460,163 төгрөгөөс зээлдэгчийн төлсөн 375,585 төгрөгийг хасч үлдэх 4,084,579 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчийн нотлох баримт: Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ/48 нэмэлт дугаар зээлийн гэрээ, зээлийн төлөлтийн хуваарь, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01/02 дугаар төлбөр нэхэмжлэх тухай мэдэгдэл.
Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,084,579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан, мөн хэргийн материалтай танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.
Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасныг баримтлан нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
4.Дээр дурдсанаар шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэх бөгөөд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар дор дурдсан үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
а.Нэхэмжлэгч компани нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан байна.
б.Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ/48 нэмэлт дугаар бүхий зээлийн гэрээг бичгээр байгуулж, 4,129,781 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 45 хоногийн хугацаатай зээлдүүлэхээр тохирчээ.
в.Зээлийн төлөлтийн хуваарьт зээлдэгч 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд өдөр бүр 102,785 төгрөг төлөхөөр тусгасан байх ба хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 102,785 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 170,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 102,800 төгрөг, нийт 375,585 төгрөг төлсөн байна.
г.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэстэй.
Мөн хуулийн 286.5 дахь хэсэгт барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн гэрээг бичгээр хийхээр заасан, уг шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар зээлийн гэрээнд гол нөхцөлийг тусгаж гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасантай нийцэж байна. Иймээс тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэстэй.
5.Нэхэмжлэлд хариуцагчаас зээл 4,129,781 төгрөг, зээлийн хүү 330,382 төгрөг, нийт 4,460,163 төгрөгөөс түүний төлсөн 375,585 төгрөгийг хасч, үлдэх 4,084,579 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
6.Нэхэмжлэлд зээлийн хүүг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 30 хоногоор тооцон 330,382 төгрөг гэж тодорхойлсон нь зээлийн гэрээний нөхцөлд (4,129,781*8%) нийцсэн, Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2 дахь хэсэгт Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно гэж заасан тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн хүү төлөхийг шаардах эрхтэй.
7.Мөн зээлийн гэрээний 3.1.1 дэх хэсэгт Зээл эргэн төлөлтийн хуваарьт заасан төлбөрийг 2 хоногоос дээш хугацаагаар төлөхгүй хэтрүүлсэн тохиолдолд зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан ба хариуцагч 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 26 төлөлт хийхээс 3 удаа төлөлт хийсэн байх тул нэхэмжлэгч уг хугацаагаар тасалбар болгон зээлийн гэрээг цуцалж шүүхэд хандсаныг буруутгах үндэслэлгүй.
8.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 4,084,579 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
9.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх тул нэхэмжлэгчийн төлсөн 80,303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг дүнг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Л-аас 4,084,579 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э д у ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 80,303 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Л-аас 80,303 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данснаас илүү төлсөн 97 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Э д у ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА