2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/973

 

 

    

 

 

 

 

 

 

    2025      04          17                                    2025/ШЦТ/973

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй, 

иргэдийн төлөөлөгч Г.Цэрэнддорж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр,

улсын яллагч Б.Тогтох,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж ,

хохирогч Б.Б ын өмгөөлөгч М.Алтанцэцэг,

хохирогч Т.Х , Ч.Б , Б.М , Х.У , Т.Б , Т.Х , Ж.А , Ж.С , Н.М , Х.Ц ,

шүүгдэгч П.М ын өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М-д холбогдох эрүүгийн 2210 02616 0689 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.М  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.М  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед 50,000 юань шилжүүлээд авсан байдаг. Дахиад 50,000 юань шилжүүлэхэд 2-3 хоног бид хоёроос зугтаад алга болсон байдаг. Тухайн үед Чингисийн хойд талд өөрийнх нь оффис гэж газар очиж уулзахад өчнөөн асуудал болоод 5,000,000 төгрөг авсан. Үлдсэн 18,468,000 төгрөгийг авч чадаагүй хохирсон байгаа. Үүнийгээ нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Б.М  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр П.М тай Facebook page хуудсаар нь юанийн гүйлгээ хийнэ гэсэн зарын дагуу холбогдож холбогдож юанийн 174,060,000 төгрөгийг 8 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тухайн үед П.М ыг хууран залилах гэмт хэрэг нь мэдэгдсэн. 2-3 хоног гүйлгээ хийж өгөөгүй. Яаж мэдэгдсэн бэ? гэхээр надад гурван ч удаа шилжүүлгийн баримт өгсөн. 60,000 юань буюу 29,000,000 төгрөгийн баримт дээр нь хүлээн авагч байгууллагын данс болон мэдээлэл нь зөв байсан. Дараа нь 300,000 юань шилжүүлсэн гэсэн баримт явуулсан боловч хүлээн авагчийн нэр нь буруу байсан. 2 баримт явуулаад хүлээн авагчийн нэр нь зөрж байсан. Цаг нь таарч байсан. Данс нь нууцлалтай байдаг учраас зөрүүтэй байсан гэх мэтчилэн намайг төөрөгдүүлж байсан. Улмаар би араас нь 10 орчим хоног хөөцөлдөж байж Хан-Уул дүүргийн цагдаад хандаж баривчлуулсан байгаа. А  гэдэг хүнээс 9,000,000 төгрөг үндсэндээ надад 45,000,000 төгрөг өгсөн. Одоо 129,020,000 төргөгийг нэхэмжилж байгаа. Хамгийн гол нь би Х  компанид хавтан нийлүүлэх гэрээ байгуулсан байсан. Урьдчилгаа мөнгөө аваад энэ хүнд мөнгө шилжүүлсэн. Энэ хүнээс болж би өөрөө шүүх цагдаагаар явах дөхсөн, арай ч ялаа уншуулаагүй. П.М  нь өөрийгөө өөрчилж Өвөрмонгол хүн болж жүжиглэж хэлж ярьж Хятадаар бичиж байсан. Би алдсан мөнгөө нөхөж хамаатан садан, найз нөхөд, бүх хүмүүсээс гуйж авч байж 120,000,000 төгрөг босгож урдаас бараа татаж авсан. Энэ асуудлаас болж би үндсэндээ 200,000,000 гаруй төгрөгөөр шатчихсан. Үүнээс болж би нэр хүндгүй болж байна. Би өөрөө 5 хүүхэдтэй. 2 жилийн хугацаанд миний амьдралыг алж байна. Туйлын их гомдолтой байна.” гэв.

 

Хохирогч Ч.Б  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний хувьд П.М  нь өмнө нь бараа захиалаад миний итгэлийг олж авсан. 2022 онд 1 бараа захиалаад ирээгүй үргэлжлээд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр бараа захиалтал хэдийг нэмж авбал хямдхан болох гээд байна гээд өөрийн биш нөхрийнхөө данс руу шилжүүлж авч байсан. Намайг татвараас шалгаад байна гэж хэлж 5,000,000 гаруй төгрөг авсан. Энэ хугацаанд үнэхээр их гомдолтой байна. Би 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болсон байгаа. Нөхрийн маань ажил явдлаар хүртэл эгчээ таны мөнгийг дансаа өгчих гээд сэтгэл зүйгээр хүртэл тоглосон. Би хоёрхон сарын өмнө нөхрөө алдчихсан. Надад өгчих байх гээд итгэж л байсан. Одоо нийт 6,200,000 төгрөгийн авлагтай байна. Одоо ч гэсэн би үнэхээр өгчихөөсэй гэж хүсэж байна. Маш их итгэж байсан. Энэ мөнгийг өгөхийн тулд би хүүхдүүдийнхээ хадгаламжийг зээлсэн. Хүн амьтнаас хүүтэй зээлсэн. Би баталж чадна. Хүүнд нь хүртэл би мөнгө төлж байсан. Би бас л амьдрах гээд явж байгаа хүн. Бараа аваад хэдэн төгрөг нэмээд зарчих юмсан эсвэл өөрийн үйл ажиллагаанд нэмэр болчих юмсан гэсэн үүднээс л бараа бүтээгдэхүүнийг захиалсан. Үнэхээр гомдолтой байна. Би 6,200,000 төгрөг гээд багцаалдаад хэлчихлээ. Одоо 6,189,400 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Т.Х  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “П.М д 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 77,000 юань шилжүүлье гээд 41,150,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш мөнгөө авах гэж хөөцөлдсөөр байгаад 11,300,000 төгрөг авсан. Үлдэгдэл болох 29,850,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Х.У  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “П.М д 08 дугаар сарын 15-ны өдөр 25,184,500 төгрөг шилжүүлсэн. Түүнээс бага багаар авсаар байгаад 6,800,000 төгрөгийн үлдэгдэл үлдсэн. Үүнийгээ нэхэмжилж байна.” гэв.

 

Хохирогч М.Б  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэрээ хийсэн. 20,000,000 болон 5,000,000 төгрөгөөр нийт 2 удаагийн гүйлгээгээр нийт 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Наадмаас хойш 25-ны өдөр ирчихнэ гэдэг гэрээ хэлэлцээр хийсэн боловч тухайн үед хил хаачихсан байсан учраас удахгүй орж ирнэ гэж явсаар байгаад сүүлдээ орж ирэхгүй нь тодорхой болсон. Тэгээд таныг мөнгийг буцааж өгнө гээд 1 удаа 5,000,000 төгрөг 1 удаа 7,000,000 гээд 2 удаагийн гүйлгээгээр 12,000,000 төгрөгийг буцааж авсан. Одоо үлдсэн 13,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа.” гэв.

 

Хохирогч Т.Х  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 22,841,000 төгрөг шилжүүлээд мөнгөө алдаад хөөцөлдөж явж байгаад 15,000,000 төгрөг олж авсан. Каргоны эзэнд хандаж танайх яагаад луйварчин хүн ажиллуулаад байгаа юм бэ? гэж асуухад Өвөрмонгол нь энэ хүн каргоноос гадна мөнгө шилжүүлэх ажлыг өөрөө бие даагаад хийж байхдаа хүн луйвардсан, өөр хүн олж тавих гэж байгаа гэсэн. Одоо энэ хүн өөрөө компани нээчихсэн юм шиг ярьж байна. Би хөөцөлдөж байгаад 15,841,708 төгрөгөө олж аваад тухайн үед У  байцаагчид хэлж байсан. Үлдэгдэл 7,841,708 төгрөг гээд тэмдэглүүлж байсан. Энэ хохирлоо барагдуулж авмаар байна. Энэ хүн байцаагдаж байх хугацаандаа хоригдоогүй явж байхдаа ахиж хүн луйвардаж маш олон хүн хохироосон. Уг нь тухайн үед энэ хүнийг хорьчихсон бол ийм олон хүн хохирохгүй байх байсан. Цаашдаа энэ хуульдаа өөрчлөлт оруулмаар байна.” гэв.

 

Хохирогч Х.Ц  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би юань шилжүүлнэ гээд “Facebook page” хаягаар холбогдож байсан. 7000-8000 юань шилжүүлж байсан тул шилжүүлж болох юм байна гэдэгт итгэлтэй болсон. Тэгээд найдвартай юм байна гээд 5,500 юань шилжүүлж байсан. Г.О  гэх эрэгтэй хүний данс руу мөнгө авч намайг залилж байсан. Надад огт хохирол төлбөр барагдуулаагүй. Надад хамсаатан байхгүй. Ганцаараа хийж байсан гээд юм яриад байна. Би бүлэглэн залилсан байх гэж бодож байна. Тэгээд нэгээс нь аваад нөгөөд нь дамжуулж байсан гэж байна. Хэрвээ тэгсэн бол 100,000,000 гаруй төгрөг өгсөн хүний мөнгийг тараагаад одоо хохиролтой хүн байхгүй байх байсан гэж бодож байна. Одоо хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна. Над руу бүр эрэгтэй хүн яриад хохирлыг чинь барагдуулна гэж хэлж байсан. 2,843,500 төгрөгийг нэхэмжилж байна.” гэв.

 

Хохирогч Ж.А  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би П.М  руу 2 удаагийн гүйлгээ хийсэн. Эхнийх нь Г.Э  гээд нөхрийнх нь данс руу 40,000,000 гаруй төгрөг хийгээд эрэл сурал болж хойноос нь явж байгаад шилжүүлж авсан. Тэрнээс хойш ахаа мөнгө зээлээч, мөнгө шилжүүлэх үү? гэдэг асуултыг байнга тавьж итгэл үүсгэж байсан. Тэгээд 2022 оны 11 дүгээр сард 43,000,000 төгрөг шилжүүлээд өгөөч гээд би данс руу хийсэн. Үүнээс 13,065,402 төгрөгийн хохирол дутуу байгаа. Үүнийгээ нэмэжилж байна.” гэв.

 

Хохирогч М.М  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би энэ хүнтэй анх утасны тоглоом тоглож байгаад танилцаж байсан. Оюутан байх хугацаанд Facebook page хуудсыг нь хөгжүүлдэг байсан. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр эгчдээ 4,000,000 төгрөг зээлээч. Урд таньдаг хүн хямдхан юань зарна гэнээ. Эгч нь ирэх 7 хоногт буцаагаад өгье гээд авсан. Тэр цаг хугацаанаас хойш бага багаар 20.000, 30.000 гэх мэтчилэн авсаар байгаад одоо үлдэгдэл 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хохирогч Ж.С  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би анх Wechat-р 5,000 юань солиулж байсан. Тэгээд би итгэлтэй юм байна. Дахиж мөнгө солиулж болохоор юм байна гээд итгэлтэй болоод 50,000 юань солиулсан. 50,000 юанийг 23,900,000 төгрөгөөр солино П.М ын өөрийнх нь данс руу биш Г.Э  гээд нөхрийнх нь данс руу шилжүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр энэ мөнгийг шилжүүлчихээд “за юаниа данс руу гялс шилжүүлээд өгчихөөрэй би бараагаа захиалах” гэсэн юм гэж хэлэхэд тэр өдрөө шилжүүллээ, шилжүүллээ гээд ерөөсөө шилжүүлээгүй. Тэгээд би мөнгөө алдаж байгаа юм байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед цагдаа дансыг нь хаачихсан бол миний мөнгө байж байх байсан болов уу гэж бодож байна. Цагдаагийн байгууллагын гадаа тамхи татаж байгаад цагдаа харахаараа л өвдөөд, өвчин яриад үхэх гэж байгаа юм шиг л байсан. Тэгээд машин дээр нь очиж нөхөртэй нь уулзаж та нар яагаад ингэж байгаа юм бэ? залуу жоохон хүүхдүүд байж яагаад хүнийг ингэж залилж байгаа юм бэ? эхнэртээ хэлдэггүй юм уу? гэсэн чинь нөхөр нь зөндөө хэлсэн ерөөсөө миний үгийг авахгүй байна гэж хэлсэн. Дандаа худлаа ярьдаг. Гэрийн хаягаар нь хүртэл очиход адилхан нэртэй олон байр бүгдэнгээр нь оруулсан. Одоо өгнө. Одоо өгнө гээд одоо хүртэл үлдэгдэл хохирлыг маань өгөөгүй. Тэрнээс хойш 6,692,000 төгрөг байхаа надад өгсөн. Одоо нийт үлдэгдэл 17,208,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

Үүнд: Хохирогч Х.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  мэдүүлэг /11хх-ийн 123/,

П.М  болон Х.Э  нарын хоорондоо харилцсан чат /10хх-ийн 108-130, 141-183/,

Х.Э ийн эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /10хх-ийн 134-140/,

П.М ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /10хх-ийн 206-249/,

П.М  болон Д.Э  нарын хоорондоо харилцсан чат /6хх-ийн 249-250, 7хх-ийн 1-4/,

Хохирогч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /7хх-ийн 7-8/,

2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /7хх-ийн 40-42/,

Г.О ын Хаан банкны ...  тоот дансны хуулга /7хх-ийн 43-46/,

2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /7хх-ийн 47-52/,

П.М ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансны дэлгэрэнгүй хуулга /7хх-ийн 53-64/,

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.М ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 250, 2хх-ийн 1/,

Т.М ын Хаан банкны ...  тоот дансны хуулга /2хх-ийн 2-4/, 

Хохирогч Т.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2хх-ийн 9-10, 15-16/,

“... ” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /2хх-ийн 39/,

“... ” ХХК-ийн дүрэм /2хх-ийн 40-42/,

М.Б ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансны хуулаг /5хх-ийн 35/,

Хохирогч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5хх-ийн 38/,

Т.Х ы Хаан банкны ...  тоот дансны хуулга /3хх-ийн 244-245/,

Хохирогч Т.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3хх-ийн 248, 4хх-ийн 11/,

2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай  тэмдэглэл /4хх-ийн 1/,

Т.Х ын Хаан банкны ...  тоот дансны хуулга /4хх-ийн 88/,

Т.Х  болон П.М  нарын хоорондоо харилцсан чат /4хх-ийн 89-105/,

Хохирогч Т.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4хх-ийн 108/,

2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /4хх-ийн 118/,

Шүүгдэгч П.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4хх-ийн 76/,

Х.У ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /4хх-ийн 53/,

Хохирогч Х.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4хх-ийн 56/,

Шүүгдэгч П.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэх мэдүүлэг /4хх-ийн 39/,

2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай: “Хаан банкны ...  дугаартай П.М  хэрэглэгчтэй данснаас 2022 оны 08 дугаа сарын 15-ны өдөр хэрэгт ач холбогдол бүхий орлого 2 /нийт 25,184,500 төгрөг/ зарлага 2 /нийт 25,000,000 төгрөг/-ын гүйлгээ хийгдсэн байна..” гэх тэмдэглэл /4хх-ийн 61/,

Хохирогч БНХАУ-ын иргэн У.С агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3хх-ийн 166-167/,

Хохирогч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх-ийн 13-14/,

Гэрч Б.Г.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1хх-ийн 21-22/,

Хохирогч Б.М ын Хаан банкин дахь ..  тоот данснаас ..  тоот дансны 174,060,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /1хх-ийн 27/,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-аас Г.Э гийн ..  дугаарын данс руу 174,060,000 төгрөгийг 9 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт,  /1хх-ийн 40-44/,

Т.М  болон П.М  нарын харилцсан талаарх чат /1хх-ийн 56-87/,

Хохирогч Ц.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3хх-ийн 200-201/,

2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14:26 минутад ..  тоот дансанд 20,000,000 төгрөг, 14:27 минутад ..  тоот дансанд 16,375,000 төгрөг тус тус шилжүүлсэн талаарх дансны хуулга /3хх-ийн 205/,

Б.О ийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /2хх-ийн 98/,

Ж.А гийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /2хх-ийн 99/,

Э.Б гийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /2хх-ийн 100/,

Хохирогч Ж.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2хх-ийн 106-108/,  

Гэрч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2хх-ийн 113-114/,

Гэрч Э.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2хх-ийн 119/,

Гэрч Б.Ц  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2хх-ийн 124/,

Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Н ын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 159/, 

П.М ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /2хх-ийн 187-217/,

2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 218-228/,

2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ярианы бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 229-231/, 

Д.Д ийн Хаан банкны ...  тоот данснаас П.М ын Хаан банкны ...  тоот данс руу 20,925,000 төгрөг шилжүүлсэн тухай шилжүүлгийн мэдээлэл /3хх-ийн 71/,

Д.Д , П.М  нарын харилцсан тухай чат /3хх-ийн 72-73/,

Хохирогч Д.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /3хх-ийн 77-78/,

2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3хх-ийн 94/,

Хохирогч У.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /9хх-ийн 145-146/,

Хохирогч Ж.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /9хх-ийн 12-13/,

Б.Г.Э гийн эзэмшлийн Хаан банкин дахь ..  тоот дансны дэлгэрэнгүй хуулга /9хх-ийн 19-26/,

Н.Д , П.М  нарын хоорондоо харилцсан чат /6хх-ийн 205-209/,

Н.Д ийн Хаан банкны дансны хуулга /6хх-ийн 210/,

Хохирогч Н.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6хх-ийн 217-218, 220-221/,

Хохирогч М.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8хх-ийн 109-110/,

П.М  болон М.Э  нарын цахим сүлжээгээр харилцсан чат /8хх-ийн 122-127/,

М.Э ээс Хаан банкин дахь ... дугаарын данс руу 1,349,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /8хх-ийн 128-129/,

Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4хх-ийн 226/,

“... ” ХХК-ийн захиалгын хуудас /4хх-ийн 237/,

Б.Б ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /4хх-ийн 238-242/,

Б.Б  болон П.М  нарын хоорондоо харилцсан чатууд /4 хх-ийн 243-250, 5хх-ийн 1-2/,

Х.Ц ын эзэмшлийн Хаан банкин дахь ..  тоот дансны хуулга /5хх-ийн 163/,

Хохирогч Х.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5хх-ийн 168-169/,

Х.Ц ын эзэмшлийн Iphone 12 pro max загварын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5хх-ийн 181-188/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх-ийн 88/,

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /5хх-ийн 90/,

Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6хх-ийн 168-169/,

Гэрч Г.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5хх-ийн 95/,

Г.О ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /5хх-ийн 112-116/,

Хохирогч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /5хх-ийн 248-249, 6хх-ийн 2-3/,

Хохирогч Б.А ийн мөнгө шилжүүлсэн гэх Э.С ын эзэмшлийн Хаан банкны ..  тоот дансны хуулга /6хх-ийн 11-12/,

Фэйсбүүк цахим орчинд харилцсан зурвасын хуулбар /6хх-ийн 13-14/,

П.М  болон Ч.Б  нарын хоорондоо харилцсан чат, П.М ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот данс руу, Б.Г.Э гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ...  тоот данс руу тус тус мөнгө шилжүүлсэн талаарх баримтууд /9хх-ийн 80-91/,

Хохирогч Ч.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /9хх-ийн 95-96/,

Хохирогч Ч.Б ийн мөнгө шилжүүлсэн баримтын хуулбарууд /9хх-ийн 108-111/,

Б.Э ын эзэмшлийн Хаан банкны ..  тоот данснаас Худалдаа хөгжлийн банкны ..  тоот данс руу 1,846,661 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /10хх-ийн 9/,

П.М  болон Б.Э  нарын хоорондоо харилцсан чат /10хх-ийн 10-17/,

Хохирогч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /10хх-ийн 24, 53/,

Хохирогч Н.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /7хх-ийн 88/,

Н.М ын эзэмшлийн Хаан банкны ..  тоот дансны хуулга /7хх-ийн 99/,

Хохирогч Э.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6хх-ийн 52-54/,

Хохирогч Э.Э ын Худалдаа хөгжлийн банкин дахь ..  тоот данснаас .. ы Хаан банкны ..  тоот данс руу 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2,405,000 төгрөг, мөн 816,480 төгрөг тус шилжүүлсэн баримт /6хх-ийн 55-56/,               

Фейсбүүк чатаар харилцсан тухай баримтууд /6хх-ийн 59-60/,

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, дэслэгч Ө.Т ийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гэрч Б.Ө ын We chat-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-ийн 67-73/,

2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн П.М ын эзэмшлийн Iphone 11 pro загварын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6хх-ийн 95-97/,

Хохирогч Д.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6хх-ийн 118-120/,

Д.О ээс Г.О ын Хаан банкин дахь ...  тоот данс руу 2,682,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /6хх-ийн 153/,

Шүүгдэгч П.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6хх-ийн 139/,

Хохирогч Э.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /11хх-ийн 194/,

Хохирогч Э.Ч ын Хас банкны ..  дугаартай дансны хуулга /11хх-ийн 181-189/,

 

Шүүгдэгч П.М ын хувийн байдалтай холбоотой:

            Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 51/,

            Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх-ийн 116/,

            Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 59/,

            Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2хх-ийн 62/,

            Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 63/

зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, оролцогчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч П.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогч Б.Б ын өмгөөлөгч М.Алтанцэцэг “П.М д холбогдох хэрэгт улсын яллагчын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй мөн хэргийн зүйлчлэл тохирч байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч Б.Б  нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр П.М д залилуулж 4,226,000 төгрөг шилжүүлсэн байдаг. 3 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний урьдчилгаа шилжүүлээд дараа нь 02 дугаар сарын 02-ны өдөр үлдэх мөнгөнөөс 1,500,000 шилжүүлж нийт 5,772,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн захиалсан. Энэ явцад удаа дараа хууран мэхэлж, бодит байдлыг төөрөгдүүлж бусдын итгэлийг алдаж залилан мэхлэх гэмт хэргээ үргэлжлүүлсээр байсан байна. Энэ хэргийг үйлдэхээс өмнө буюу 2021 онд гэмт хэргийг үйлдэж байсан. Ингэж явж байгаад 2 жилийн дараа миний үйлчлүүлэгч хохирогчоор тогтоогдсон 2 жилийн хугацаанд 250,000 төгрөг төлсөн байгааг нь үзэхэд хохирогч нарын хохирлыг төлөх санаа зорилго анхнаасаа байдаггүй юм байна. 667,000,000 төгрөгийн хохирол учруулсан атлаа 1,035,000 төгрөгийн хохирол төлсөн гэдэг нотлох баримттай орж ирж байгаагаас дүгнэхэд нийт залилж хохироосон хохирлуудыг бүгдийг нь өөрийн эрх мэдэлдээ зарцуулаад дуусгасан байна. Шүүх хуралдаанд бусдын хохирлыг төлөхийн тулд нэгнээс нь аваад нөгөөд нь дамжуулж өгч байсан гэсэн нь үндэслэлгүй. Хэрвээ тийм явдал байсан бол зарим хохирогч нарын хохирол төлбөр төлөгдөөд дуусчихсан байх ёстой. 26 хохирогчтой хэргээс зөвхөн Алтангэрэлийн хохирлыг л төлсөн байна. Бусад хохирогчдод 400,000, 500,000, 1,000,000 төгрөгийн хэмжээгээр хохирол өгч байгаа нь дүр эсгэж хүний амыг түр таглах оролдлого хийж байна гэж харж байна. Чин санаанаасаа энэ үйлдэлдээ гэмшиж байсан хандлага огтоос харагдахгүй байна. Үүнээс гадна шүүх хуралдаанд өгч байгаа тайлбар, мэдүүлэг, харьцаж байгаа харилцаа, биеийн хэлэмж, шинж байдлаас нь харахад шүүгдэгч П.М  нь энэ хэргийг үйлдэх явцдаа болих санаа зорилгыг огт агуулж байгаагүй юм байна. Гэм буруу дээрээ гэмшиж байгаа нөхцөл байдал үзүүлсэнгүй. Түүнээс гадна шүүгчдийн өмнө илтэд худлаа ярьдгаа үргэлжлүүлж байна. Өөрөөр хэлбэл энэ хохирогч нар бүгд миний худалдан авагч нар мөн дотор нь бас манай хуучин ажилтан сууж байна гэж хэлж байна. Ажиллаж байсан ажилтнаа залилчихсан бүх худалдан авагч нараа залилчихсан энэ үйлдлийг тухайн байгууллага үндэслэл бүхий хууль ёсны байгууллага гэж үзэх юм уу. Залилан мэхлэгч нь одоо болтол энэ хүмүүсийг худалдан авагч нар гэж итгэсээр байгаа юм байна. Энэ байдлаас нь харахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй гэж зогсохтой авцалдахгүй байна. Ийм учраас нийт хохирлыг өөрийн амь зуулгандаа зарцуулсан байна гэж дүгнэж хэргийн зүйлчлэл тохирсон байна байх тул улсын яллагчийн зүйлчилсэн зүйл ангиар гэм буруутайд тооцож өгнө үү..” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний хувьд гэм буруугийн шүүх хуралдаанда шилжсэний дараа өмгөөлөгчөөр оролцож байгаа учраас хэргийн материалтай танилцсан хүрээнд энэ дүгнэлтийг хийж байгаа. Шүүхэд миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй гэсэн байдлаар өмгөөлөгчийн тайлбарыг өгч байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогч нар “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

1. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд хохирогч Х.Э ийг БНХАУ-ын Гуанжу хотоос төрөл бүрийн бараа оруулж ирнэ та барааныхаа зургийг сонгоод үнэ хөлсөө тохироод захиалга өгөх боломжтой, захиалсан бараанууд нь 1 сарын дотор ирнэ гэж өөрийн Хаан банкны ...  дугаартай дансаар 33,600,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сараас 2021 оны 05 дугаар сарын хооронд Таны барааг би зараад өгье, таныг би хохироосон буруутай учир танд тус болж өгье гэж 19,692,100 төгрөгийн барааг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 53,292,100 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /10хх-ийн 98/,

Хохирогч Х.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 11 дүгээр сарын эхээр ... бараа захиалга карго гэсэн нэртэй пэйж хуудсаар дамжуулан П.М  гэдэг хүнтэй танилцаж бараа захиалж байсан, дараа нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дахин бараа захих шаардлага гарсан тул биечлэн П.М тай уулзахаар тов тогтож, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороолол 10 дугаар байрны урд талын өргөтгөлд “... " гэсэн хаягтай 1 өрөө албан тасалгаатай өрөөнд уулзсан. П.М  нь БНХАУ-ын Гуанжу хотоос төрөл бүрийн бараа оруулж ирэх боломжтой тул та барааныхаа зургийг сонгоод үнэ хөлсөө тохироод захиалга өгчих гэсний дагуу тухайн өдрийн юанын ханшаар Монгол төгрөгт шилжүүлж бараагаа захиалахаар харилцан тохиролцоод бараа захиалж эхэлсэн ба захиалсан бараа 1 сарын дотор ирнэ гэж захиалга авсан. Ингээд П.М ын ...  дугаарын дансанд барааны мөнгийг шилжүүлж эхэлсэн. Нийт 53,292,100 төгрөгийн хохирол учирсан.гэх мэдүүлэг /11хх-ийн 123/,

П.М  болон Х.Э  нарын хоорондоо харилцсан чат /10хх-ийн 108-130, 141-183/,

Х.Э ийн эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /10хх-ийн 134-140/,

П.М ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /10хх-ийн 206-249/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ...  дугаартай “Hermes брендийн шар өнгийн цүнх 160,000 төгрөг, ML шигтгээтэй цүнх 85,000 төгрөг, ML шаргал өнгийн цүнх 85,000 төгрөг, Coach брендийн цүнх 150,000 төгрөг, LV брендийн цүнх 160,000 төгрөг, Монгол MR брендийн цүнх 189,000 төгрөг, Gucci брендийн углааш 387,000 төгрөг, Gucci брендийн үхрийн арьсан углааш 129,000 төгрөг, LV брендийн кет 128,000 төгрөг, лакан хар өнгийн гутал 340,000 төгрөг, хар арьсан гутал 85,000 төгрөг, турк зузаан хослол 640,000 төгрөг, Senory брендийн плаж 280,000 төгрөг, сүүн дэр 120,000 төгрөг, хөнжил 48,000 төгрөг, зуны ботинк 65,000 төгрөг, поло эр захтай цамц 5,000 төгрөг, поло эр цамц 135,000 төгрөг, поло эм цамц 90,000 төгрөг, пита эм цамц 90,000 төгрөг, саарат гутал 80,000 төгрөг, саатай гутал 80,000 төгрөг, паста женс кет 40,000 төгрөг, pita солонгос өмд цамцны хослол 340,000 төгрөг, эмээ гутал 50,000 төгрөг, coach брендийн усны гутал 15,000 төгрөг, reebok брендийн шаргал кет 62,000 төгрөг, цагаан сороочкан цамц 150,000 төгрөг, турк зурагтай хослол, турк ноосон цамц 320,000 төгрөг, хар арьсан түрийтэй гутал 180,000 төгрөг, хар хатгамалтай гутал 80,000 төгрөг, UGG брендийн бойтог 160,000 төгрөг, хүүхдийн усны сав 19 ширхэг 114,000 төгрөг, Cindrella нүүрний тос 45,000 төгрөг, segreen ком 95,000 төгрөг, Солонгос Д3 100,000 төгрөг, Солонгос reebok брендийн хар өнгийн пүүз 248,000 төгрөг, монетон бугуйвч 574,000 төгрөг, монетон эрвээхийтэй хослол 1,904,000 төгрөг, монетон хослол 2,212,000 төгрөг, алтан цэцэгтэй ээмэг 361,200 төгрөг, алтан цэцэгтэй ээмэг 340,200 төгрөг, алтан цэцэгтэй ээмэг 327,600 төгрөг, алтан цэцэгтэй ээмэг 336,000 төгрөг, алтан шигтгээтэй ээмэг 382,200 төгрөг, алтан шигтгээтэй ээмэг 375,900 төгрөг, алтан шигтгээтэй ээмэг 367,500 төгрөг, алтан сувдтай ээмэг 972,300 төгрөг, алтан өргөн ээмэг 617,400 төгрөг, алтан ээмэг бөгж 617,400 төгрөг, алтан ээмэг бөгж 2,072,700 төгрөг, алтан талст бөгж 751,800 төгрөг, алтан том цэцэгтэй ээмэг 751,800 төгрөг, алтан жижиг цэцэгтэй ээмэг 287,700 төгрөг, алтан жижиг цэцэгтэй ээмэг 298,200 төгрөг, алтан жижиг цэцэгтэй ээмэг 298,200 төгрөг, алтан жижиг цэцэгтэй ээмэг 294,000 төгрөг, алтан дунд цэцэгтэй ээмэг 512,400 төгрөг, нийт 19,692,100 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /11хх-ийн 125-128/,

                           

2. 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол 10 дугаар байрны 75 тоотод үйл ажиллагаа явуулах "... " каргонд бараа захиалахаар ирсэн хохирогч Д.Э ад "барааг чинь захиална, мөн катологи бараа бүтээгдэхүүний танилцуулга авч өгнө" хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны ...  тоот данс руу 9.462.000 төгрөгийн шилжүүлүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6хх-ийн 245/,

П.М  болон Д.Э  нарын хоорондоо харилцсан чат /6хх-ийн 249-250, 7хх-ийн 1-4/,

Хохирогч Д.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие 2021 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ...  тоотод байдаг байсан “... нэртэй ачаа тээврийн газарт очиж П.М  гэх хүнтэй уулзаж би махны жижиг цех байгуулах гэж байгаа юм аа, түргэн хөлдөөгч мөн хөлдүү махны хөрөө зэргийг БНХАУ-аас захиалъя гэхэд П.М  нь ... ” гэх Хятад компанийн хөлдөөгч нь  чанартай, энэ компанитай таныг холбож өгөөд барааг чинь захиална, мөн катологи бараа бүтээгдэхүүний танилцуулга авч өгье, орчуулгын хөлс 160,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд бэлэн 160,000 төгрөг катологи орчуулгын хөлс гээд өгсөн. Тэр катологи нь ирээд би барааны үнэ ханшийг нь судлаад байж байхад 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр П.М  нь залгаад та бараа залиалахаар болсон уу, одоо Гуанжугаас манай контейнер хөдлөх гэж байна, та бараагаа сонгоод мөнгөө шилжүүлчих, таны мөнгө ороод ирвэл шууд барааг чинь контейнерт хийгээд машинаар контейнер ирж байгаа болохоор 21 хоногийн дотор ирчихнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ястай махны хөрөө 1 ширхэг, гүн хөлдөөгч 1 ширхэг, хөрөөний запаас ир 1 боодол зэргийг захиалахаар болж П.М ын Хаан банкны ...  тоот данс руу 7,469,100 төгрөг шилжүүлсэн. Би 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр П.М тай холбогдоход контейнер одоо л дүүрээд гарах гэж байна, та нэмж захиалах юм байвал захиал гэж хэлэхээр нь нэмж  ширээ 1 ширхэг /махны/, төмөр угаалтуур 1 ширхэг, буузны гурил элдэгч 1ширхэгийг захиалахаар болж П.М ын Хаан банкны ...  тоот данс руу 833,600 төгрөг нэмж шилжүүлсэн. Ингээд П.М ын ...  тоот данс руу 9,302,700 төгрөг шилжүүлсэн. П.М  нь 21 хоногийн дотор ирнэ гэсэн нь 2 жил болчихоод байхад одоо болтол ирээгүй, одоог хүртэл би мөнгө ч аваагүй, бараа ч аваагүй. П.М  нь миний утсыг авахгүй алга болсон. Би П.М тай арай гэж холбогдохоор “Мөнгийг чинь буцааж өгье, дансаа өгчих гэж хэлээд л алга болчихдог гэх мэдүүлэг /7хх-ийн 7-8/,

2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай: “П.М ын Хаан банкны ...  тоот данс руу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд орлого орсон хэсэгт дансны гүйлгээний хэсэгт дансанд үзлэг хийв. П.М ын Хаан банкны ...  тоот данс руу 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 2 удаагийн гүйлгээгээр нийт 9,302,700 төгрөгийн орлого гүйлгээ хийсэн байх ба хохирогч Д.Э  нь өөрийн Хаан банкны ...  тоот данснаас 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 1,833,600 төгрөгийг шилжүүлж нийт 9,302,700 төгрөгийг П.М ын Хаан банкны ...  тоот данс руу шилжүүлснийг тэмдэглэлд тусгав..” гэх тэмдэглэл /7хх-ийн 47-52/,

П.М ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансны дэлгэрэнгүй хуулга /7хх-ийн 53-64/,

 

3. 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуанжу хотоос бараа захиалахаар холбогдсон хохирогч Т.М тай ...  гэсэн дугаараар холбогдож манай ...  ХХК нь бүх барааны үнэ, захиалгыг авч, үйл ажиллагааг найдвартай явуулдаг, Хятадын Гуанжугаас Ховд аймгийн Булган Сумын боомтоор бараа, ачаа оочер дараалалгүй шууд оруулж ирж барааг Баянхонгор аймагт буулгаж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, иргэн Т.М аас 131,700,000 төгрөгийг Хаан банкны ... ХХК-ийн ...  тоот данс руу 11 удаагийн гүйлгээгээр шилжүүлүүлэн авсан болох нь:

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.М ийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай “Хохирогч Т.М ын хэргийн материалд хавсаргуулахаар түүний Хаан банкны ...  дугаартай дансны 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 3 хуудас дансны хуулга байх бөгөөд уг данс нь эхлэх үедээ 203,299,500.02 төгрөг, эцсийн үлдэгдэл 3,502,597.52 төгрөг, нийт 2,472,250.00 төгрөг, нийт зарлага 2,535,291.000 төгрөг гэсэн байсныг тэмдэглэлд тусгав. 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс ...  ХХК-ийн данс болох Хаан банкны ...  дугаартай данстай харилцсан дансны орлого зарлагын гүйлгээг шүүж үзэхэд зарлагаар ...  тоот данс руу дрожны үнэ ...  гүйлгээний утгатай 12,114,875 төгрөг шилжүүлсэн, зарлагаар ...  тоот данс руу Т.М -с ...  гүйлгээний утгатай 20,000,000 төгрөг шилжүүлсэн, зарлагаар ...  тоот данс руу Т.М -с ...  гүйлгээний утгатай 20,000,000 төгрөг шилжүүлсэн, зарлагаар ...  тоот данс руу зөрүү дүн Т.М -с ...  гүйлгээний утгатай 6,764,000 төгрөг шилжүүлсэн, зарлагаар ...  тоот данс руу Т.М -с ...  гүйлгээний утгатай 20,000,000 төгрөг шилжүүлсэн, зарлагаар ...  тоот данс руу Т.М -с ...  гүйлгээний утгатай 2,385,325 төгрөг шилжүүлсэн, зарлагаар ...  тоот данс руу лед дэлгэцний үнэ гүйлгээний утгатай 4,061,250 төгрөг шилжүүлсэн. Нийт 8 удаагийн гүйлгээгээр 85,325,450 төгрөгийг зарлагаар гарсан байсныг тэмдэглэв” гэх тэмдэглэл /1хх-ийн 250, 2хх-ийн 1/,

Т.М ын Хаан банкны ...  тоот дансны хуулга /2хх-ийн 2-4/, 

Хохирогч Т.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 06 дугаар сарын эхээр фейсбүүкээс утсыг нь аваад Гуанжу хотоос бараа захиалахаар утсаар нь холбогдож ярьсан. Тэгээд тэрнээс хойш өдөр бүр утсаар ярьсан. Зочид буудлын тавилга, хивс, буйдан, ариун цэврийн өрөөний тоноглол гээд зочид буудал, рестораны тавилга, хэрэгслүүд захиалахаар ярьж тохирсон байсан. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод П.М  гэх хүнтэй ажил дээр нь очиж уулзсан, уулзахдаа үнийн судалгааг гаргаж үзүүлсэн. Баянзүрх дүүргийн Сансарын Е мартын замын эсрэг талд байх үйл ажиллагаа явуулдаг газар нь очиж уулзсан. П.М  гэх хүнтэй гэрээ хийхдээ бол хоёр талаасаа ярилцаж байгаад гэрээ хийсэн. Гэхдээ албан ёсны ноториатаар орсон зүйл байхгүй. 2022 оны 06 дугаар сарын 18, 19-нөөс хойш мөнгөө шилжүүлсэн. Тухайн үед нягтлан гэх эмэгтэй “танайх мөнгөө хийгээрэй” гээд дахин дахин утасдаад байсан. Тухайн үед тэр хүмүүс өөрсдийн мөнгөөрөө захиалгаа хийсэн, яаралтай явуул гээд байхаар нь итгээд мөнгөө шилжүүлсэн. Санаатайгаар залилан хийсэн үйлдэл болсон. Гараараа бичиж тухайн барааны жагсаалтыг нягтлан гэх эмэгтэй өөрөө авч байсан. 2022 оны 07 дугаар сарын 10-ны үеэр би нягтлан руу ярихад би ажлаасаа гарсан, би 2 сар ажилласан, надад энэ асуудал хамаагүй гэж байсан. Гол итгэл хүлээлгэх асуудлыг П.М , нягтлан гэх эмэгтэй нар зохион байгуулсан. Нийлүүлж байгаа барааны НӨАТ-ын баримтыг хүртэл шивсэн. Сүүлдээ манайх НӨАТ төлөгч компани биш гэж хүртэл хэлж байсан. Компанидаа ирээд үзтэл албан ёсны биш хуурамч НӨАТ юм уу тийм зүйл байсан. Би мөнгийг Баянхонгор аймагт ирээд банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад ... ” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Тухайн дансны дугаар бол өргөдөл дээр бичсэн байгаа. Би өөрийн Хаан банкны ...  дугаартай данснаас сүүлийн 8,000,000 төгрөгийг эхнэр О ийн Хаан банкны ...  гэсэн дугаарын данснаас шилжүүлсэн. 131,700,000  төгрөгийг 5-6 удаа хувааж шилжүүлсэн...гэх мэдүүлэг /2хх-ийн 9-10, 15-16/,

“... ” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ /2хх-ийн 39/,

“... ” ХХК-ийн дүрэм /2хх-ийн 40-42/,

 

4. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Б аас Хятадаас 1 ширхэг барилгын хар паниар 45,000 төгрөгөөр захиалж өгнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 25,000,000 төгрөгийг Хаан банкны ...  тоот данснаас П.М ын ...  тоот данс руу 20,000,000 төгрөг, мөн 5,000,000 төгрөгөөр хоёр хувааж шилжүүлүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх-ийн 33/,

М.Б ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансны хуулаг /5хх-ийн 35/,

Хохирогч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хятадаас барилгын хар паниар захих зорилгоор ...  ХХК-н захирал П.М  гэдэг хүнтэй холбогдсон. П.М тай Хятадаас 1 ширхэг барилгын хар паниар 45,000 төгрөгөөр захиалхаар тохирч 1,000 ширхэг паниарыг 45,000,000 төгрөгөөр захиалахаар гэрээ хийгээд урьдчилгаа 25,000,000 төгрөгийг хийгээд үлдсэн мөнгийг нь захисан бараа Монгол улсад орж ирэхээр нь өгөхөөр болсон. Би 25,000,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн Хаан банкны ...  тоот данснаас П.М ын ...  тоот данс руу 20,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг гээд хоёр хувааж шилжүүлсэн. Мөнгө хийсний дараа П.М  надад 07 дугаар сарын 26-ны өдөр гэхэд ирнэ гэж хэлсэн. Тэгээд мөнгө шилжүүлчихээд хэд хоног хүлээж байгаад П.М тай холбогдож асуухад таны бараа Хятад улсын Гуанжу мужид очоод тэндээсээ Ховдын Булганы боомтоор орж ирнэ гэж хэлэхээр нь би миний захиалсан бараа очсон зургийг нь явуулаарай гэж хэлэхэд П.М  за зургийг нь дараад явуулна гэж хэлсэн. Маргааш нь дахиад зургийг нь явуулчих гэж асуухад манай хүмүүс олон бараатай учраас зургийг нь дарж амжихгүй байна гэж хэлсэн. Үүнээс хэд хоногийн дараа Эрээн хотын хил нээгдэхэд П.М  бид нар Ховдоор оруулж ирэхгүй. Харин Эрээн хотын хилээр оруулж ирнэ гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд 07 дугаар сарын 26 гэхэд миний захиалсан бараа ирсэн гэж надтай холбогдохгүй байхаар нь би П.М аас яагаад ирэхгүй байгаа талаар асуухад ирж байгаа гэж хэлсээр байгаад 08 дугаар сар гарсан. Би тэсэхгүй П.М тай өөрийн биеэр очиж уулзахад таны бараа ороод ирчихсэн. Дээж гэх газар задарч байгаа гэж хэлээд нэг хаяг өгөхөөр нь тухайн газар луу явж байхад П.М  над руу залгаад наана чинь таны бараа байхгүй юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаж П.М тай очиж уулзахад за, би танд мөнгө гаргаж өгнө гэж хэлээд 08 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 7,000,000 төгрөг гээд нийтдээ 12,000,000 төгрөг надад гаргаж өгсөн. Үүнээс хойш Эрээн хотын хил дахиад хаачихсан. Миний бараа ирээгүй болохоор нь П.М тай ярихад би болохгүй бол таны мөнгийг гаргаж өгнө гэж хэлээд одоо болтол гаргаж өгөөгүй болохоор нь би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би П.М тай 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 45,000,000 төгрөгний 1,000 ширхэг барилгын хар паниар худалдаж авахаар П.М  болон би гарын үсэг зураад гэрээ хийсэн. Тэгээд 08 дугаар сарын 25-ны өдөр урьдчилгаа 25,000,000 төгрөг П.М ын ...  дугаарын данс руу шилжүүлээд 08 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг, 08 дугаар 05-ны өдөр 7,000,000 төгрөг нийт 12,000,000 төгрөгийг нь эргүүлээд авчихсан байгаа. Одоо надад П.М аас авах ёстой 13,000,000 төгрөг үлдсэн.гэх мэдүүлэг /5хх-ийн 38/,

 

5. 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг 1 дүгээр хорооны нутагт хохирогч Т.Х гаас урьдын харилцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж, төгрөгийг юань болгон шилжүүлнэ хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1 юанийг 473 төгрөгөөр тооцож 41,151,000 төгрөгийг 87,000 юань болгон солиулахаар Хаан банкны ...  тоот данснаас П.М ын Хаан банкны ...  тоот дансруу 21,151,000 төгрөг, мөн Хаан банкны ...  тоот данснаас П.М ын ...  тоот данс руу 20,000,000 төгрөг нийт 41,151,000 төгрөг шилжүүлүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх-ийн 242/,

Т.Х ы Хаан банкны ...  тоот дансны хуулга /3хх-ийн 244-245/,

Хохирогч Т.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би онлайн шоп ажиллуулдаг ба Хятад улсаас бараа татах зорилгоор төгрөгийг юань болгон шилжүүлэх гээд “... ” ХХК-тай холбогдсон. 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус компаний гүйцэтгэх захирал П.М  гэх эмэгтэйтэй ...  гэх фейсбүүк хаягаар холбогдож 1 юанийг 473 төгрөгөөр тооцож 41,151,000 төгрөгийг 87,000 юань болгон солиулахаар өөрийн Хаан банкны ...  тоот данснаас П.М ын Хаан банкны ...  тоот дансруу 21,151,000 төгрөг, өөрийн эзэмшлийн Хаан банкны ...  тоот данснаас П.М ын ...  тоот данс руу 20,000,000 төгрөг нийт 41,151,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би мөнгө шилжүүлчихээд ...  дугаараар П.М тай холбогдож мөнгө хэзээ орох талаар асуухад 18 цагийн орчимд мөнгө нь орчихно гэж надад хэлсэн. Хүлээж байгаад 18 цаг өнгөрөөд ороогүй байхаар нь залгахад утсаа авахгүй таслаад байсан. Тухайн өдрөөс хойш над руу өдөрт 5-6 удаа чат бичдэг боловч намайг залгахаар авдаггүй. Чатаар маргааш явуулна, одоо явууллаа, удахгүй гэх мэтээр намайг хүлээлгэж байсаар өнөөдрийг хүрээд байна. Тухайн компани нь Гуанжу болон Эрээн хотоос Монгол улсад ачаа бараа авчрах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Өмнө нь би 2022 оны 06 дугаар сарын орчмоос эхлэн 4-5 удаа Гуанжу хотоос ачаа бараа зөөлгүүлж байсан болон юань солиулж байсан. Өмнө нь солиулахад удаж шилжүүлдэг байсан. Би тухайн хүнтэй 2022 оны 06 дугаар сарын орчимоос анх ...  гэх фейсбүүк хаягаар нь холбогдож байсан. Түүнээс хойш уулзаж бас ...  гэх дугаараар холбогддог байсан.гэх мэдүүлэг /3хх-ийн 248, 4хх-ийн 11/,

2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай “Хаан банкны ...  дугаартай П.М  хэрэглэгчтэй данснаас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хэрэгт ач холбогдол бүхий 2 /нийт 41,151,000/ зарлага 4 /нийт 54,600,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна..” гэх тэмдэглэл /4хх-ийн 1/,

 

6. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо И-Март худалдааны төвийн хойд талд байрлах ...  гэх газрын В1 давхарт байрлах оффис дээр хохирогч Т.Х т  47,786 юанийг Хятад улс руу шилжүүлж өгнө гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Хаан банкны ...  тоот дансаар 22,841,708 төгрөг шилжүүлүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх-ийн 86/,

Т.Х ын Хаан банкны ...  тоот дансны хуулга /4хх-ийн 88/,

Т.Х  болон П.М  нарын хоорондоо харилцсан чат /4хх-ийн 89-105/,

Хохирогч Т.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би хувиараа караокены тоног төхөөрөмж зарж, засдаг ажил хийдэг ба тухайн ажлынхаа хүрээнд Хятад улсад үйл ажиллагаа явуулдаг Промайн гэх компаниас бараа захиалж авдаг. Тэгээд тухайн компани руу мөнгө шилжүүлэх зорилгоор ... ХХК гэх байгууллагын захирал болох П.М  гэх хүүхэнтэй холбогдож 47,786 юанийг Хятад улсруу шилжүүлэхээр тохиролцсон. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо И-Март худалдааны төвийн хойд талд байрлах ...  гэх газрын В1 давхарт байрлах оффис дээр очиж П.М тай уулзаж мөнгө шилжүүлэх талаар тохиролцож Хаан банкны ...  тоот дансруу өөрийн Хаан банкны ...  гэх дансруу 22,841,708 төгрөгийг 11 цаг 53 минутад шилжүүлсэн. Тэгээд П.М  гэх хүүхэн надад 2 цагийн дараа мөнгө нь орчихно гэж хэлэхэд нь би итгээд яваад өгсөн. Байж байгаад 21 цагийн орчимд П.М аас надад Хятад руу шилжүүлсэн баримт ирээгүй байхаар нь П.М ын ...  дугаар луу залгаж асуухад би явуулж чадсангүй өглөө гэхэд орчихно гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь ажил дээр нь очиж П.М  руу залгахад би хуралтай байна гээд утсаа таслаад над руу Wеchat-aap Хятадад мөнгө хүлээж авах хүн сүлжээгүй байна гэж хэлээд над руу хурдны зам дээр явж байгаа бичлэг явуулсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгчихөөд ирэхгүй байхаар нь өөрөө Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очих гээд хайж байгаад олохгүй байхаар нь ажил дээр нь буцаж очоод залгахад би ажил дээрээс дөнгөж сая гарчихлаа удахгүй мөнгийг нь хийлээ гэж хэлсэн. Тухайн өдрөө уулзаж чадаагүй маргааш нь буюу 08 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрхийн хоёдугаар хэлтэс дээр ирээд өргөдөл гаргах гэж байхад П.М  16 цагт хийнэ гэхээр нь итгээд өргөдөл гаргахаа болиод буцаж өөрийнхөө ажил дээр очоод 17 цаг хүртэл хүлээгээд хийхгүй байхаар нь банкин дээр байна гэсний дагуу тус банкин дээр очиход байхгүй байсан. Тэгэхээр нь шууд ажил дээр нь очоод ажлынх нь гадаа хүлээж байтал удалгүй П.М  хүрч ирээд уулзаад надад яг 20 цагт хийнэ гэж амласан. Тэгээд одоо болтол хийгээгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо И-Март дэлгүүрийн хойд талд байрлах ... ийн В1 давхарт ...  каргоны оффис дотор байхдаа өөрийн Хаан банкны ...  тоот данснаас Хаан банкны ...  П.М  гэх данс руу 22,841,708 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /4хх-ийн 108/,

2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай “Хаан банкны ...  дугаартай П.М  хэрэглэгчтэй данснаас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хэрэгт ач холбогдол бүхий орлого 1 /нийт 22,841,708 төгрөг/ зарлага 2 /23,200,000 төгрөг/, Хаан банкны ...  дугаартай П овогтой П.М  хэрэглэгчтэй данснаас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хэрэгт ач холбогдол бүхий орлого 1 /20,000,000 төгрөг/, зарлага 6 /нийт 19,880,000 төгрөг/-ийн гүйлгээ тус тус хийгдсэн байна..” гэх тэмдэглэл /4хх-ийн 118/,

Шүүгдэгч П.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хатанбаатарт тодорхой хэмжээний мөнгө эргүүлж өгсөн... Ойролцоогоор 6,000,000 төгрөг орчим үлдсэн..” гэх мэдүүлэг /4хх-ийн 76/,

 

7. 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.У ас  We Chat-aap холбогдож 1 юанийг 475 төгрөгөөр солиулж өгнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 53,020 юань буюу 25,184,500 төгрөгийг өөрийн Хаан банкны ...  гэх данснаас П.М ын Хаан банкны ...  тоот дансруу шилжүүлүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэлээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх-ийн 51/,

Х.У ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /4хх-ийн 53/,

Хохирогч Х.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай эгч Булганы хил дээр бараа оруулж ирж зардаг ажил хийдэг учраас надаар дамжуулж юанийг төгрөгөөр солиулахаар болсон. Үүний дагуу өмнө нь 1 юань солиулж байсан ...  ХХК-ийн гүйцэтгэх захирал болох П.М  гэх эмэгтэйтэй WeChat-aap холбогдож 1 юанийг 475 төгрөгөөр солиулахаар тохиролцож, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 53,020 юань буюу 25,184,500 төгрөг өөрийн Хаан банкны ...  гэх данснаас П.М ын Хаан банкны ...  тоот дансруу шилжүүлсэн. Тэгээд П.М  надад хэлэхдээ 20 минутын дараа шилжүүллээ гэж хэлээд хүлээж байтал тухайн өдөр өнгөрсөн. Маргааш нь П.М аас гайхаад асуухад Хятад улсад юань шилжүүлж өгдөг хүн сүлжээгүй газар явж байна гэнээ сүлжээ орохоор шилжүүлнэ гэж хэлээд бас тухайн өдөр өнгөрсөн. 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн П.М ын ...  гэх дугаар луу залгахад надад одоохон шилжүүллээ гэж хэд хэдэн удаа хэлж байгаад сүүлдээ гар утсаа авахаа больсон. Холбоогүй байж байгаад өнөөдөр буюу 08 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн орчим Монгол дансаа өгчих төгрөгийг чинь буцааж өгнө гээд миний дансыг аваад өгөөгүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. П ийн П.М  гэх Хаан банкны ...  тоот дансруу өөрийн ...  тоот данснаас хоёр хувааж 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 25,184,500 төгрөг шилжүүлсэн. Би 2 сар орчмын өмнө ...  ХХК-ийн гүйцэтгэх захирал П.М  гэх хүнтэй холбогдож 5,000 орчим юань төгрөг болгон солиулж авч байсан ба тухайн мөнгөө нэг хоног болоод шилжүүлэн өгч байсан. ...  ХХК нь миний мэдэхээр онлайн худалдаа, ачаа тээвэр, нэгийг нь санахгүй байна гэх 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж байсан. Би тухайн хүний ...  гэх дугаараар холбогдсон WeChataar холбогддог байсан.” гэх мэдүүлэг /4хх-ийн 56/,

Шүүгдэгч П.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Уянгад тодорхой хэмжээгээр мөнгө эргүүлж өгсөн. Би баримтаар нь гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /4хх-ийн 39/,

2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай: “Хаан банкны ...  дугаартай П  овогтой П.М  хэрэглэгчтэй данснаас 2022 оны 08 дугаа сарын 15-ны өдөр хэрэгт ач холбогдол бүхий орлого 2 /нийт 25,184,500 төгрөг/ зарлага 2 /нийт 25,000,000 төгрөг/-ын гүйлгээ хийгдсэн байна..” гэх тэмдэглэл /4хх-ийн 61/,

 

8. 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сонгдо эмнэлгийн орчимд Монгол төгрөгөөр солиулах зорилгоор БНХАУ-ын иргэн хохирогч У.С аас өгсөн 23,463,500 төгрөгтэй тэнцэх 50,000 юанийг БНХАУ-ын Үйлдвэр худалдааны банкны ..  дугаартай дансаар шилжүүлэн авч, 5,000,000 төгрөгийн буцаан өгч, улмаар үлдэгдэл 18,463,500 төгрөгийг өгөлгүй өөртөө авч залилсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх-ийн 139/,

Хохирогч БНХАУ-ын иргэн У.С агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ингээд би интернэт худалдаа эрхэлж байхдаа гадаад валют буюу БНХАУ-ын юанийг солиулах зорилгоор П.М  /... / гэх хүнд би 50,000 юань шилжүүлэн өгсөн. Шилжүүлэх болсон шалтгаан нь П.М  гэх хүн нь БНХАУ-ын иргэнтэй хамтран гадаад валют сольдог гэж хэлсэн учраас би итгэсэн. 2022 оны 08 дугаар сард Фэйсбүүк орчинд П.М  нь Ви чатны QR кодоо байршуулсан, юань зарна гэсэн зар байхад нь би хандсан. Тэгэхэд П.М  нь надад хандаж “Би эрээн хотод таньдаг хүнтэй, тэр хүнтэйгээ хамтран юань сольдог гэж хэлж байсан. Тэгээд би 50,000 юанийг шилжүүлж өгсөн. Тэгээд байж байхад надад 13,000 юанийг сольсон мөнгө болох 5,000,000 төгрөгийг нь миний өгсөн голомт банкны 3005142317 дугаартай дансанд шилжүүлэн өгсөн. Би 50,000 юаныг 20,000, 30,000-аар нь хуваагаад хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тэгэхдээ БНХАУ-ын юанийг 472 Монгол төгрөгөөр тооцсон. Гэтэл буцаагаад надад Монгол төгрөгөөр 5,000,000 төгрөг л өгсөн. Тэгээд би Эрээн хотод байдаг гэх ..  гэх нэртэй хүнтэй нь холбогдож эдгээр 2 гүйлгээний талаар асуухад Би 2 удаагийн гүйлгээгээр Маналсүрэнгийн өгсөн 50,000 юаныг дансанд нь шилжүүлэн өгсөн гээд надад баримтаа надад илгээсэн. Тэгээд ..  нь хэлэхдээ “Би мөнгийг П.М ын өгсөн дансанд шилжүүлсэн, наад эмэгтэй чинь худал яриад байна гэж хэлсэн. Тэгээд би П.М аас мөнгөө авах гээд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өдөржин дагаад явж байхад П.М  надад хандаж “Манай захирал талбайн баруун талд байна, тийшээ очоод захиралтай уулзаад мөнгийг чинь аваад өгчихье"гэж хэлсэн ба яг талбайн баруун тал руу явах гэж байхад цагаан өнгийн тоёота кроун маркийн тээврийн хэрэгсэлтэй 2 эрэгтэй хүн машинаас бууж ирээд П.М ыг хүчээр аваад явсан. Тэгэхдээ надад хандаж Бид хоёр цагдаа байна. П.М аас мэдүүлэг авах шаардлагатай байна гэж хэлээд аваад явсан. Машиных нь дугаар .. . Цагаан өнгийн кроун машин байсан. гэх мэдүүлэг /3хх-ийн 166-167/,

 

9. 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр фэйсбүүк цахим хуудсанд Xiwang Wechat Alipay цэнэглэлт, зөвлөгөө гэсэн нэртэй хаягнаас 2 хувь багаар шилжүүлнэ гэсэн зар байршуулж зарын дагуу ..  тоотод байхдаа иргэн Б.М  нь ..  гэсэн дугаараар холбогдоход асуудал байхгүй 3-4 цагийн дотор гуйвуулж өгнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Б.М аас, хамтран амьдрагч Б.Г.Э гийн Хаан банкин дахь ..  дугаарын данс руу 9 удаагийн гүйлгээгээр 174,060,000 төгрөгийг шилжүүлүүлэн авч залилсан болох нь:

Хохирогч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би БНХАУ-аас бараа материал оруулж ирэн худалдан борлуулдаг юм. Бараа материалын мөнгийг БНХАУ-руу байнга шилжүүлдэг газраараа шилжүүлэх гэж байгаад фейсбүүк дээр зар үзсэн чинь “2 хувь багаар шилжүүлнэ” гэсэн “Xiwang Wechat Alipay  цэнэглэлт, зөвлөгөө” гэсэн хаяг байхаар нь чатаар холбогдсон чинь “шилжүүлнэ 3-4 цагийн дотор гуйвуулж өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ..  гэсэн дугаарыг нь аваад залгахад эмэгтэй хүн утсыг аваад “асуудал байхгүй 3-4 цагийн дотор шилжүүлж өгнө” гэж хэлсэн. Ви чатаар мэдээллийг нь аваад 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байх Сансар худалдааны төвийн Хаан банкны АТМ-с өөрийн Хаан банкны ..  дугаартай данснаас Б.Г.Э  гэх хүний Хаан банкны ..  дугаартай данс руу 14:20 цагаас 14:40 цагийн хооронд нийт 9 удаагийн гүйлгээгээр 174,060,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд энэ өдрийн 18 цагийн үед БНХАУ-руу мөнгө шилжиж орсон эсэх талаар тодруулахад “мөнгө шилжиж ирээгүй байна” гэж хэлсэн. Би чатаар нь 20:41 цагт “мөнгө шилжүүлнэ гэсэн яасан бэ, баримтаа явуулаарай, мөнгө шилжүүлэхийг хүлээгээд байна” гээд Хятад хэлээр бичсэн юм. /би өөрөө Хятад хэл мэддэг юм/ Тэгтэл 21 цагийн үед “одоо шилжүүлэх гэж байна, тооцоогоо нийлж байна, уучлаарай удсанд” гэж мессеж бичсэн. 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр мөн чатаар нь холбогдоход “уучлаарай хүлээж байгаарай” гээд шилжүүлээгүй юм. “Хэтэрхий их удаж байна, мөнгөө буцааж авья, би өөр хүнээр шилжүүлье” гэхэд “яг одоо шилжүүлж байна” гээд шилжүүлэхгүй байсан бөгөөд нэг Хятад цагдаагийн зураг явуулаад “манай мөнгө шилжүүлдэг Монгол хүн БНХАУ-д цагаачийн албанд баригдсан байна, визний асуудлаас болж” гэж хэлсэн. Чатаар дахин холбогдоход утсаа авахгүй, хариу бичихгүй болсон бөгөөд ..  дугаарын утас руу удаа дараа залгахад эмэгтэй Монгол хүн утсыг аваад “би тэр Өвөрмонгол хүн нь чадахгүй байна, би шилжүүлж өгье” гээд дээрх чатаар Монгол хүнтэй холбогдсон юм. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 16:16 цагт 60,000 юань буюу 29,010,000 төгрөг шилжүүлсэн байсан. “Үлдэгдлийг нь энэ өдрийн шөнийн 00 цагаас өмнө шилжүүлнэ” гэж хэлээд шилжүүлээгүй байхаар нь чатаар нь дахин холбогдоход “дансны лимит дуусчихаад байна, өглөө ажил эхлэхээс өмнө шилжүүлнэ” гэж хэлээд шилжүүлээгүй юм. Тэгээд утсаа аваагүй юм. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 09 цагт чатаар нь холбогдоход Өвөрмонгол эмэгтэй холбогдоод “мөнгийг шөнийн 03 цагт шилжүүлсэн” гэж хэлхээр нь “баримтныхаа зургийг явуулчих” гэхэд 11 цагийн үед 300,000 юань шилжүүлсэн баримт явуулсан. Тэгэхээр нь би Хятад руу холбогдож мөнгө шилжин орсон эсэх талаар тодруулахад ороогүй байна гэж хэлсэн. Надтай холбогдсон Өвөрмонгол гэх эмэгтэй нь Монгол хэлтэй Монгол эмэгтэй хүн байх шиг байсан учир Хятад, Монгол хэлээр чөлөөтэй бичиж ярьж байсан. Маш сайн Хятад хэлтэй Монгол эмэгтэй байх шиг байсан. БНХАУ-д байгаа мөнгө хүлээж авах хүнтэй холбогдоход “60,000 юань шилжин орж ирсэн, өөр мөнгө орж ирээгүй байна, шилжүүлсэн баримтны хуулгаа нааш нь явуулчих” гэхээр нь явуулсан юм. Тэгсэн “Монголоос явуулсан баримт биш байна, Хятад улс дотор банк хооронд шилжүүлсэн мөнгөн гуйвуулга байна” гэж хэлэхээр нь цагдаад хандаж байгаа юм.  Мөн өчигдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Метро молл худалдааны төв дээр 14 цагийн үед П.М  гэх эмэгтэйтэй уулзахад баталгаа бичиж өгье гээд бичиж өгсөн юм. Уг баталгаан дээр 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 18 цагаас өмнө 77,360,000 төгрөгийг таны данс руу шилжүүлнэ. Үлдэгдэл 67,690,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагаас өмнө шилжүүлнэ гэсэн утгатай юм. Баталгаан дээр нь гэрийн хаяг болон регистрийн дугаарыг нь бичүүлэн авсан байгаа юм. Г.Э  гэх хүнийг бол хараагүй, утасны дугаарыг нь мэдэхгүй байна, П.М  нь намхан нуруутай, бор царайтай, нүдний шилтэй, мөр давсан үстэй, махлагдуу, зүүн гарын эрхий хурууны дээд хэсэгт 5 хошууны шивээстэй, цээжин хэсэгтээ цэцэгний шивээстэй эмэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 13-14/,

Гэрч Б.Г.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надаас нэг жилийн хугацаанд салахдаа “...  .. ” гэх нэртэй компани нээсэн байсан ба тэр компани нь улс хоорондын ачаа тээвэр, каргоны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага байсан. Би тэр байгууллагад нь эхнэрийнхээ хамт ажиллаж байгаад эхнэртэйгээ одогоос 2-3 сарын өмнө сарын хугацаатай салсан. Эргээд 2022 оны 08 дугаар сард нийлэхэд манай эхнэр юань буюу валютын гүйлгээ хийдэг болчихсон байсан. Тэгээд эхнэртэйгээ нийлэхэд манай эхнэр надад төгрөгийн данс нээгээд өг, нэг хүн рүү л гүйлгээ хийнэ гэж хэлсэн учир би Спортын төв ордны урд талын Хаан банкны салбао дээр очиж данс нээлгээд эхнэртээ интернет банкны эрхийг нь өгсөн..” гэх мэдүүлэг /1хх-ийн 21-22/,

Хохирогч Б.М ын Хаан банкин дахь ..  тоот данснаас ..  тоот дансны 174,060,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /1хх-ийн 27/,

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-аас Г.Э гийн ..  дугаарын данс руу 174,060,000 төгрөгийг 9 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт,  /1хх-ийн 40-44/,

Т.М  болон П.М  нарын харилцсан талаарх чат /1хх-ийн 56-87/,

 

10. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк цахим сүлжээнд xiwang wechat цэнэглэлт зөвлөгөө гэсэн хаяг нээн цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Хятад Улсын мөнгөн тэмдэгт буюу юань солино гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Ц.А гаас 36,375,000 төгрөгийг өөрийн ..  тоот дансанд шилжүүлүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3хх-ийн 197/,

Хохирогч Ц.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Сансар худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс 36,375,000 төгрөгийг өөрийн ..  тоот данснаас 14 цагийн орчимд ..  тоот дансанд бараа захиалах гээд юань болгож бараа нийлүүлдэг газрын дансанд шилжүүлэх гэж фэйсбүүк зараар XIWANG WECHAT цэнэглэлт зөвөлгөө гэсэн хаягаар гар утсаар ..  дугаараар холбогдож дансны дугаарыг нь авч учираа хэлж мөнгө шилжүүлсэн. Тэгээд оройны 20 цагаас өмнө юань шилжүүлчихнэ гэхэд нь бусад газар хурдан шилжүүлчихдэг, танайх яагаад ийм удаан байгаа юм гэхэд манайх ачаалал ихтэй байгаа гэж хэлсэн. Тэгээд орой болоод гар утсаар нь холбогдох гэсэн боловч болохгүй байж байгаад өнөөдөр уулзаж мөнгөө авах гэсэн боловч манай БНХАУ-д байдаг. Өвөрмонгол хүн мөнгө миний дансанд орж ирээгүй байна, удахгүй таны мөнгийг шилжүүлнэ гэж хэлээд ви чат хаягаар холбогдох боломжгүй болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Би урьд өмнө үйлчлүүлж байгаагүй тухайн өдөр анх удаа үйлчилгээ авсан боловч миний мөнгийг шилжүүлж өгөхгүй байна. Би өчигдөр орой 22 цагийн орчимд Монгол талын төлөөлөгч П.М  гэх хүний ви чатаар орж Өвөрмонгол иргэний ви чатыг хайхад XIWANG зөвөлгөө гэж гарч ирэн холбогдоход за одоо шилжүүлнэ гэж хэлээд алга болсон.” гэх мэдүүлэг /3хх-ийн 200-201/,

2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14:26 минутад ..  тоот дансанд 20,000,000 төгрөг, 14:27 минутад ..  тоот дансанд 16,375,000 төгрөг тус тус шилжүүлсэн талаарх дансны хуулга /3хх-ийн 205/,

 

11. 2022 он 11 дүгээр сарын 04-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ж.А гийн БНХАУ-руу шилжүүлүүлэхээр өгсөн 43,550,402 төгрөгөөс 13,065,402 төгрөгийг шилжүүлэхгүйгээр авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 96/,

Б.О ийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /2хх-ийн 98/,

Ж.А гийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /2хх-ийн 99/,

Э.Б гийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /2хх-ийн 100/,

Хохирогч Ж.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Яруу тэгш ХХК-ийн захирал Б.С , Э.Б , А.Ц  бид нар хамтарч ажиллахаар 2022 оны 09 дүгээр сараас эхэлсэн. Тэгээд үүний хүрээд БНХАУ-аас тээврийн хэрэгсэл буюу портер, бонго маркийн машины моторын туслах анги буюу нэмэлт хөдөлгүүр болох Турбоны гол, мотор авчрахаар тохиролцсон. Гэтэл уг бараа, сэлбэгийг БНХАУ-ын Алибаба цахим худалдааны хаягаар орж захиалга өгч төлбөрийн нэхэмжлэлийг тухайн байгууллагаас нь явуулсан. БНХАУ-ын байгууллагын дансны дугаарыг агуулсан цахим QR кодыг уншуулж төлбөр тооцоог хийх шаардлага гаргасан. Үүний хүрээнд би төлбөр тооцоог яаж шилжүүлэх арга замыг цахим орчноос хайлт хийж үзэхэд Али-пэй гэсэн нэршилтэй фейсбүүк дээр БНХАУ руу төгрөгийг юань болгож шилжүүлж өгнө гэсэн зар дээр ...  гэсэн дугаар байсан. Тэгээд тухайн дугаараар яриад юань шилжүүлэхийг зөвшөөрсөн. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 83,925 юань шилжүүлэхээр төгрөгөөр шилжүүлсэн боловч тухайн үед шилжүүлэхгүй утсаа авахгүй алга болсон. Тэгээд сүүлдээ цагдаад хандлаа гэж байж 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр миний хүссэн юанийг шилжүүлсэн. Үүнээс хойш над руу юань солиулах уу, мөнгө зээлэх үү гэж удаа дараа ярьдаг байж байсан юмаа. Мөн дээрх Турбо мотор, сэлбэг авах зорилгоор 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр БНХАУ-ын иргэн рүү 92,852 юань буюу 43,550,402 төгрөгийг би өөрийн болон хамтарч ажиллаж байгаа найз С , дүү Б  нарын дансаар дамжуулан 4 удаагийн гүйлгээгээр П.М ын Хаан банкны ..  дугаарын данс руу П.М ын ажлын байр болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн. Тухайн үед би П.М  гэх хүнд чи эхлээд юанийг миний өгсөн QR кодын дагуу тухайн данс руу шилжүүлээд өгөөч ээ яагаад гэвэл чи өөрөө 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөнгийг минь шилжүүлэх байтал 3 хоногийн дараа шилжүүлсэн зөрчил гарсан. Тиймээс эхлээд юань шилжүүлэх хэрэгтэй гэсэн шаардлага тавьхад П.М  нь юанийн гүйлгээ чинь 20-30 минут болно эхлээд та төгрөгөө хийчих юм бол асуудалгүй болно гэж хэлсэн. Тухайн үед миний хажууд миний танил дүү болох Ц  /.. / мөн адил сонсож байсан. Тэгээд намайг юань солиулахаа болчихоо наад хүнд чинь итгэхгүй байна гэсэн. Тэгэхээр нь би 20-30 минутын дараа юань орчих юм чинь гэж бодоод П.М д итгэж найдаад өөрийн хамтарч ажиллах С , Б  нартай утсаар яриад төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний өгсөн QR кодын дагуу БНХАУ-ын иргэн лүү 21,105,000 төгрөг буюу 45,000 юанийг шилжүүлсэн. Уг мөнгийг шилжүүлсний дараагаас П.М  нь миний Алипэй данс болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд П.М  нь одоо шилжүүлнэ гээд тухайн өдрөө хүлээлгээд харин бид нар цаадах мөнгө шилжүүлэн авах хүнээсээ мөнгө орсон уу гээд л асуугаад л байсан. Тэгтэл ороогүй гэсэн. Тухайн үед П.М аас үлдэгдэл мөнгөө буюу төгрөгөө авъя гэж хэлэхэд би Хаан банкны дансаа эндээс удирдаж чадахгүй, БНХАУ хүнд байдаг би өөрийнхөө Хаан банкны дансыг удирдаж чадахгүй тиймээс төгрөгөөр буцааж өгч чадахгүй гэсэн. 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 07-ны өдрийн байнга, тогтмол үлдэгдэл мөнгөө авахаар эсвэл БНХАУ руу юань шилжүүлэх зорилгоор залгасаар байгаад 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө эрт надад 5000 юань шилжүүлсэн. Тэгээд л мөн үлдэгдэл мөнгөө өгөөч ээ гэсээр байгаад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгууллагын данс руу мөнгө нь орж болохгүй байна гэж П.М  надад хэлэхээр нь би Өвөр Монгол иргэний хувь хүний дансны дугаарыг олж өгсөн. Тэгээд удахгүй явуулна гэж хэлээд уг хуний данс руу 2022 он 11 дүгээр сарын 13-ны өдөр 15,000 юанийг 02 шилжүүлсэн. Тэгээд үүнээс хойш 13,065,402 төгрөгийн үлдэгдлийг одоо хүртэлх хугацаанд шилжүүлэхгүй залилсан. Тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд шилжүүлсэн, шилжүүлнэ, одоо ингээд хийчихээд баримтыг нь явуулна, эсвэл одоо хийчихлээ гэж бичлэг буюу яриа явуулдаг, эмнэлэгт хэвтэж байна гэх баахан шалтгаан тоочиж намайг хохироосон. Тиймээс одоо надад буюу миний шилжүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ...  дугаар данснаас 20,900,000 төгрөгийг шилжүүлснээс одоо надад 13,065,402 төгрөгийн хохирол учраад байна. Надад Алипэй санхүүгийн программыг ашиглаж мөнгийг цаашаагаа данс руу шилжүүлж өгөх болно гэж хэлсэн. Одоо би өөрөө Алипэй санхүүгийн программыг ашиглаж сурч байгаа. Уг нь Алипэй санхүүгийн программ нь интернэт банк шиг хялбар үйлчилгээтэй төхөөрөмж байхад П.М  залилах зорилгоор намайг төөрөгдөлд оруулсан гэж үзэж байна.гэх мэдүүлэг /2хх-ийн 106-108/,  

Гэрч Б.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.М тай 43,550,402 төгрөгийг 469 төгрөгөөр бодож 92,858 юанийг БНХАУ-ын байгууллагын данс руу шилжүүлэхээр тохиролцож тус хэмжээний төгрөгийг П.М ын ...  дансанд шилжүүлж өгч байсан. А  П.М ын оффис дээр байхдаа 20,900,000 төгрөгийг, би Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хойно байрлах байрнуудын зогсоол дээр байхдаа 16,650,420 төгрөгийг, Б  нь 21 дүгээр хороололд байхдаа 6,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн..” гэх мэдүүлэг /2хх-ийн 113-114/,

Гэрч Э.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.М  нь одоогоор 30 сая орчим төгрөгийг шилжүүлээд үлдэгдэл 13 сая төгрөгийг шилжүүлээгүй байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 119/,

Гэрч Б.Ц  ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өмнө шилжүүлэхдээ залуу хүн алдаж эндсэн байх гэж бодоод 2 дахь удаагаа итгээд яваад очиход үлдэгдэл 13 сая төгрөгийг нь залилж одоог хүртэлх хугацаанд мөнгийг нь барагдуулаагүй байгаа юмаа..” гэх мэдүүлэг /2хх-ийн 124/,

Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Н ын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай: “П ийн П.М ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хоорондох дансны орлого зарлагын гүйлгээг тогтоох зорилгоор тодорхой хэсгийн дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийхээр тогтов. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ...  гэх данснаас 20,900,000 төгрөг, ...  гэх данснаас 14,700,000 төгрөг, ..  гэх данснаас 6,000,000 төгрөг, ...  гэх данснаас 1,950,402 төгрөг А  гэх утгатай орлого орсон. Нийт 43,550,402 төгрөг..” гэх тэмдэглэл /2хх-ийн 159/, 

П.М ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /2хх-ийн 187-217/,

2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн гар утсанд үзлэг хийсэн тухай “Үзлэгийг цааш гар утасны хэрэглээний программ харахад нэршилгүй файл дотор ногоон өнгийн дэвсгэртэй мессенжерийн цагаан өнгийн дүрстэй “We chat” гэсэн харилцаа холбооны зориулалтаар ашигладаг хэрэглээний программ байх ба уг харагдах байдлыг тухайн гар утасны хэрэглээний программыг ашиглаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш тухайн харилцааны хэрэгслээр ашигладаг “We chat” гэсэн хэрэглээний программыг нээж үзэхэд тухайн харилцагчийн харилцдаг зурвас болон тухайн хүний аккаунт харагдаж байх үзлэгийн оролцогчоос БНХАУ-ын иргэнтэй харилцдаг аккаунтыг асуухад “Г ” гэж хэлснийг тэмдэглэлд тусгаж тухайн “Г ” нэршилтэй аккаунт дээр дарж үзэхэд “Г We chat ID:.. гэсэн бүртгэлтэй байсныг харуулж тухайн гар утасны хэрэглээний программыг ашиглаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш хохирогч Ж.А гийн А  нэрээр БНХАУ-ын худалдааны байгууллагын “Г ” нэртэй аккаунттай харилцсан гэх зурвасыг харахад Англи хэлээр харилцсан зурвас байх ба уг зурвасыг тухайн гар утасны хэрэглээний программыг ашиглаж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Үзлэгийг цааш хохирогч Ж.А гийн А  нэрээр БНХАУ-ын иргэний Г  гэсэн аккаунттай харилцсан зурвасыг нээж үзэхэд харилцан яриа байх ба хохирогчоос тухайн ярианы бичлэгийг Сидинд хуулбарлан авахаар болов..” гэх тэмдэглэл /2хх-ийн 218-228/,

2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ярианы бичлэгт үзлэг хийсэн тухай “2022.11.11 11:18 А. Ачааныхаа төлбөрийг миний энэ Хятад данс руу хийлгүүлчих, тэгээд би энэ хүн рүү шилжүүлээд өгчихье, Б. За баярлалаа ахаа, тэгвэл би тань руу гялс шилжүүлчих гээд хэлээдэхье. А.Аан за. 2022.11.13 21:53 Б. Сайн байна уу, оройн мэнд, данс руу нь 15,000 /арван таван мянга/ орвуу хөө, 2022.11.14 07:34 А.Сайн байна уу, өглөөний мэнд, өчигдөр аймаар эрт унтчихсан, тийм мөнгө орсон байна. 2022.11.14 20:26 А.Сайн байна уу, сайхан амарсан уу, энэ мөнгийг ямар хүн рүү шилжүүлэх вэ 2022.11.18 09:06 Б. Байна, байна, сайн уу хө, сайхан амрав уу, А. Сайн сайн сайн уу, нөгөө орсон мөнгийг нь ямар хүн рүү шилжүүлэх вэ гэж асуугаад хариу байхгүй. Б. Нөгөө “Г ” руу хийх юмаа хө, тэгээд наадах чинь 42,000 болгож хийх үү, 15,000 болгож хийх үү гээд жоохон байж байгаад хариу хэлье тэгэх үү /2022.11.18 13:11/ Б. Дараагийн барааг захиалган дээр захиалж байна, хүргэлт дээр Эрээний хаягийг өгөх үү, яахаар байна. /2022.11.30 21:22/ Б. Сайн уу, оройн мэнд хөгшөөн, нөгөө манай 15,000-г энэ QR кодоор хийгээд өгөөч хө..” гэх тэмдэглэл /2хх-ийн 229-231/, 

 

12. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Айкон төвд ажлын байрнаасаа хохирогч Д.Д  нь өөрийн Хаан банкны ...  тоот данснаас П.М ын Хаан банкны ..  тоот данс руу БНХАУ-аас харилцагч байгууллагаас төмрийн раам зүсэгч хөрөөг 15,000 юань, өрмийн машиныг 30,000 юанаар худалдахаар  өгнө  гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 45,000 юань буюу 20,925,000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан болох нь:

Д.Д ийн Хаан банкны ...  тоот данснаас П.М ын Хаан банкны ...  тоот данс руу 20,925,000 төгрөг шилжүүлсэн тухай шилжүүлгийн мэдээлэл /3хх-ийн 71/,

Д.Д , П.М  нарын харилцсан тухай чат /3хх-ийн 72-73/,

Хохирогч Д.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас харилцагч байгууллагын төмрийн рам зүсэгч хөрөөг 15,000 юань, өрмийн машиныг 30,000 юанаар тус тус худалдан авахаар болж нийтдээ 45,000 юаныг шилжүүлэхээр өмнө БНХАУ-ын Гуанжу хотоос карго ачаа авч байсан мөн бага хэмжээний юанийн гүйлгээг хийж байсан ...  нэртэй каргоны эзэн П.М тай холбогдож 45,000 юань шилжүүлэхээр тохиролцож, П.М ын Хаан банкны ..  тоот данс руу 1 юанийг 465 төгрөгөөр тооцож 20,925,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ...  тоот данснаас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн ажлын өрөөндөө байхдаа шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш П.М  нь гар утсаа авахгүй, ви чатаар яг одоохон шилжүүллээ, одоо шилжүүллээ гэх мэтээр удаа дараа худлаа ярьж хохирол учруулаад байгаа болохоор түүнд холбогдуулан өргөдөл гаргаж байна. Би түүнийг өөрийн хэмжээнд сошиал орчинд хайж үзэхэд надаас өөр хүмүүсийг бас залилан хохирол учруулаад байгаа юм шиг байгаа юм. Би 2021 онд каргогоор ачаа авч байхдаа түүнтэй танилцаж байсан юм. Түүнээс өөрөөр түүнийг таньж мэдэхгүй, нэг удаа царайг нь харж байсан. Түүний холбогдох мэдээллийг өргөдөл дээр бичсэн байгаа. П.М  нь миний шилжүүлсэн мөнгийг юань болгоод харилцагч БНХАУ-ын байгууллага руу шилжүүлэх байсан боловч дундаас нь мөнгө аваад алга болчихоод байгаа юм. Би П.М ыг хүлээж байгаад өчигдөр БНХАУ-ын харилцагч байгууллагын данс руу мөнгийг нь шилжүүлчихсэн, П.М ын энэ залилангийн шинжтэй үйлдлээс болж манай компанид хохирол учраад байна. Би 20,925,000 төгрөгийн хохиролоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 77-78/,

2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай: “П ийн П.М ын эзэмшлийн Хаан банкны ..  тоот дансны 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хоорондох дансны орлого, зарлагын гүйлгээний дэлгэрэнгүй хуулга байх ба үзлэгийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20,925,000 төгрөгийг зарцуулалтыг тогтоох зорилгоор тодорхой хэсгийн дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийхээр тогтов. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ...  гэх данснаас К  yuan shiljvvleg гэсэн утгатайгаар 20,925,000 төгрөг орсон байна..” гэх тэмдэглэл /3хх-ийн 94/,

 

13. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч У.Э ийн Сүхбаатар дүүргийн 05 дугаар хороо, 73-1 дүгээр байрны 47 тоотод байхдаа монгол төгрөгийг юаниар солиулахаар шилжүүлсэн 10,400,000 төгрөгийг "Асуудалгүй, 2 цагийн дараа шилжүүлээд авчихаж болно" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан  Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /9хх-ийн 140/,

Хохирогч У.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр юань солиулах хүн өөрийн төрсөн ах болох У.Б гаас асуусан. Манай ах ... нэртэй Хятад улсын карго компанийн Монгол дахь салбарыг хариуцсан төлөөлөгч П.М  гэх хүнтэй холбогдсон. Ингээд манай ах “Юань сольж өгөхөөр боллоо” гэж надад хэлж надад ...  тоот Хаан банкны данс надад өгсөн... 10,400,000 төгрөг шилжүүлсэн... 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Мөнгө нь юань болж орж ирнэ гэж хэлсэн боловч мөнгө орж ирээгүй... Төрсөн ах У.Б гаар дамжуулан мөнгө ороогүй байгаа талаар мэдэгдэхэд мөнгө удахгүй орно гэж хэлсэн. Тэрнээс хойш шалтаг шалтгаан тоочиж мөнгө өгөхгүй явж байна. П.М  гэх хүн нь Бүгд найрамдах Хятад ард улсад үйл ажиллагаа явуулдаг ... ” нэртэй тээврийн үйлчилгээ эрхэлдэг компанийн нэрийг ашиглаж хүмүүсээс мөнгө авдаг юм шиг байсан... Би мөнгө шилжүүлэх үедээ Улаанбаатар хот, Багануур дүүргийн 3 дугаар хороо 25-2 тоот ажил дээрээ байсан. П.М тай 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш уулзаагүй. П.М аас ямар нэг байдлаар шилжүүлсэн мөнгөнөөсөө тодорхой хэмжээний мөнгө аваагүй. Манай ах болох У.Б  нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш нэг удаа очиж уулзсан. Миний шилжүүлсэн гэх 10,400,000 төгрөг Хятад улсын худалдааны сайтаас лазер машин худалдаж авах гэж байсан мөнгө байсан. Миний өөрийн хувийн бизнест ашиглах зорилгоор хадгалж байсан мөнгө байсан. Миний хувьд шилжүүлсэн 10,400,000 төгрөгийг буцаан өгвөл гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /9хх-ийн 145-146/,

 

14. 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр  хохирогч Ж.С ыг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбарт байхад юань сольж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тус банкин дахь Б.Г.Э гийн эзэмшлийн ..  тоот дансаар дамжуулан 23,900,000 төгрөг шилжүүлүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /9хх-ийн 246/,

Хохирогч Ж.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би 50,000 юань солиулах гээд Шин Ван зөвлөгөө нэртэй We chat-тай хүнтэй харьцаж юань хэдтэй байна. Солих уу гэж асуухад 479 төгрөг байна гэхээр 50,000 юань авья гэхэд хариу өгөхгүй байхаар нь би өөрөө Б.Г.Э  гэх хүний ..  дугаартай Хаан банкны данс руу хийх үү гэж асуухад хариу өгөхгүй байж 23,950,000 төгрөг болж байна, хариу өгөөч ээ гэхэд 16 цаг 09 минутын үед 478 төгрөгөөр авахаар болж уг данс руу Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас Б.Г.Э  гэх хүний ..  данс руу 23,900,000 төгрөгийг шилжүүлж хийгээд хятад данс руу хийгээрэй гээд мэдээллээ явуулаад хариу өгөхгүй хэсэг болж байгаад асуухад удахгүй хийнэ гэж хэлсэн. Тэрнээс хойш уг юаниа шилжээгүй бөгөөд залилуулснаа мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Би уг we chat-тай хүнтэй холбогдож төгрөгийг юань болгож 1 удаа авч байсан. Уулзаж харьцаж үзээгүй. Цагдаагийн байгууллагад хандсанаас хойш Б.Г.Э гийн эхнэр болох П.М  гэгч нь надтай утсаар холбогдож 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 3,692,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр П.М  нь 3,000,000 төгрөгийг мөн шилжүүлсэн байсан. Нийтдээ 6,692,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Одоо уг эмэгтэйгээс 17,208,000 төгрөгийг өгөөгүй байгаа. П.М  гэх эмэгтэй уг мөнгийг удаа дараа өгнө гэж хэлсэн боловч одоог болтол өгөөгүй байна. Би өөрөө гэр ахуйн цагаан хэрэглэл оруулж зарж борлуулдаг байсан бөгөөд дахин оруулж ирж зарах төлөвлөгөөтэй байж өөрт байсан 23,900,000 төгрөгийг юань болгох зорилгоор уг хүнтэй харьцаж залилуулсан болно... гэх мэдүүлэг /9хх-ийн 12-13/,

Б.Г.Э гийн эзэмшлийн Хаан банкин дахь ..  тоот дансны дэлгэрэнгүй хуулга /9хх-ийн 19-26/,

 

15. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Монгол мөнгийг юань болгон шилжүүлж өгнө" гэж хохирогч Н.Д ийг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 14,026,000 төгрөгийг Хаан банкны иргэн Г.О ын ...  дансаар шилжүүлүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6хх-ийн 203/,

Н.Д , П.М  нарын хоорондоо харилцсан чат /6хх-ийн 205-209/,

Н.Д ийн Хаан банкны дансны хуулга /6хх-ийн 210/,

Хохирогч Н.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр юань худалдаж авахаар П.М тай холбогдож түүний шилжүүл гэсэн Хаан банкны ...  тоот данс руу 12,664,000 төгрөг маргааш нь 1,364,000 төгрөгийг юань худалдаж авахаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Метро моллын дотор байрлах Хаан банкны АТМ-ээс шилжүүлсэн боловч мөнгө авснаасаа хойш гар утасаа авахгүй алга болсон. Би БНХАУ-ын Эрээн хотоос бараа авчирч зардаг ба өмнө нь П.М , Г.О  нараас юань худалдаж авч шилжүүлэг хийлгэж байсан, би хэзээ гэдгийг нь бол сайн санахгүй байна. П.М  болон Г.О  нар нь өмнө олж авсан итгэлийг урвуулж ашиглаж намайг залилсан. Эдгээр хүмүүс нь Метро малл-ын ойролцоо байрладаг ачаа тээврийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай. БНХАУ-ын Эрээн хотоос надтай холбогдож мөнгөө явуулахгүй бол барааг чинь явуулахгүй захиалга цуцлана гэхээр нь би хүмүүсээс мөнгө зээлж барааны захиалгын мөнгийг хийсэн. Одоо би П.М  болон Г.О  нараас хүнээс зээлсэн мөнгөө хүүтэй нь буцааж авна, хүүний мөнгө ойролцоогоор 3,000,000 төгрөг нэмэгдэнэ... 10,000,000 төгрөг буцаан шилжүүлсэн. 6,000,000 төгрөг хүү нийлээд өгнө гэж хоорондоо тохирсон...” гэх мэдүүлэг /6хх-ийн 217-218, 220-221/,

2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тухай: “П ийн П.М ын Хаан банкны ...  тоот данс руу 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд орлого, зарлага хэсэгт гүйлгээний хэсэгт дансанд үзлэг хийв. П ийн П.М ын Хаан банкны ...  тоот данс руу 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 2 удаагийн гүйлгээгээр нийт 14,044,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн байх ба хохирогч Н.Д  нь өөрийн Хаан банкны ..  тоот данснаас 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 12,662,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн хохирогч Н.Д  нь дахин нэг удаа өөрийн Хаан банкны ..  тоот данснаас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1,364,000 төгрөгийг шилжүүлж, нийт 14,026,000 төгрөгийг П ийн П.М ын Хаан банкны ...  тоот данс руу шилжүүлснийг тэмдэглэлд тусгав..” гэх тэмдэглэл /7хх-ийн 40-42/,

Г.О ын Хаан банкны ...  тоот дансны хуулга /7хх-ийн 43-46/,

 

16. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хохирогч М.Э ийг   Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт фэйсбүүк цахим орчинд зар байршуулж цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулан, ор захиалгаар худалдаж авахаар 1,349,000 төгрөг шилжүүлүүлэн авсан болох нь:

Хохирогч М.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт явж байхдаа ...  гэх  цахим хаягаар тавилга хийлгэх зорилгоор П.М  гэх хүнтэй цахимаар харилцаж түүнээс ор захиалахаар 1,349,000 төгрөг шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш утасгүй ор маань ирэхгүй намайг залилсан.” гэх мэдүүлэг /8хх-ийн 109-110/,

П.М  болон М.Э  нарын цахим сүлжээгээр харилцсан чат /8хх-ийн 122-127/,

М.Э ээс Хаан банкин дахь ... дугаарын данс руу 1,349,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /8хх-ийн 128-129/,

 

17. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч Б.Б аас ..  тоотод гэртээ байхдаа Б гэх ...  дугаарын данс руу, 72 ширхэг виски болон идээний доор тавьдаг тавиур болох цар 120 ширхэгийг захиалж өгнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5,772,000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4хх-ийн 219/,

Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 01 дүгээр сард 25-ны өдөр ... ны ажилтан П.М  гэх хүнтэй фейсбүүк чатаар холбогдож “Одоо Хятадын цагаан сар болж байгаа учир онгорхой дэлгүүр алга байнаа чамд таньдаг нээлттэй дэлгүүр байна уу би бараа захиалах гэсэн юм гэж хэлтэл П.М  Өнөөдрөөс Эрээн хотод дэлгүүрүүд нь нээгдэж байгаа. Чи одоо манай оффис дээр хүрч ирээд надтай уулзчих гэж хэлсэн ба би тухайн өдрөө СУИС-ийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах ...  дээр очиж П.М тай биечилж уулзсан юм. Би П.М тай ярилцаж байгаад 72 ширхэг виски болон идээний доор тавьдаг тавиур болох цар 120 ширхэгийг захиалахаар болсон ба нийт 8,772,000 төгрөг болсон юм. Үүнээс би 4,226,000 төгрөгийг ...  дугаарын данстай ...  гэх эзэмшигчтэй данс руу өөрийн ...  дугаартай данснаас Б гэх утгатайгаар шилжүүлсэн бөгөөд үлдсэн мөнгийг нь бараагаа Монголд орж ирэхээр нь өгөхөөр П.М  бид хоёр тохиролцсон юм. Тэгээд би 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр П.М  өөрийн фейсбүүк хаяг болох П.П.М  гэсэн нэртэй хаягаар над руу чат бичиж үлдэгдэл мөнгөө над руу өгөх үү, би чингэлэгээ гааль дээрээс авах гээд байна” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд ...  дугаартай данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Түүний дараа би 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр П.М  руу чат бичихэд Бараа ирсэн үү” гэж асуухад П.М  “Чингэлэг нь буучихсан байгаа харин чингэлэг буулгасан хүмүүс нь архидаад алга болсон гэхээр нь би Тэгвэл би 4-5 найзаа дагуулаад очъё гэж чат бичихэд “Чингэлэг байрлаж байгаа хашааны эзэн нь зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би шинийн 3 буюу 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ...  дугаар луу нь залгаж холбогдоход П.М  Би Дундговь аймагт байна, одоо гарч байна гэх зэргээр шалтаг хэлдэг ба тэрнээс хойш худал үнэн ярьсаар байгаад миний мөнгийг болон барааг өгөхгүй байгаа юм. Тэгээд би аргаа бараад ... нд очиход хүнгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би анх 2020 онд онлайн шопоо нээхэд гадаадаас бараа оруулж ирэх шаардлагатай болсон бөгөөд ... д хандаж анх П.М тай танилцсан бөгөөд түүнээс хойш би П.М тай хамтран ажиллах болсон. Би нийт 5,772,000 төгрөгийг ...  гэх эзэмшигчтэй ...  дугаартай данс руу шилжүүлж залилуулсан. Би хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр П.М ын оффис дээр очиж биечилж уулзсан. Би хаан банкны ...  данс эзэмшдэг бөгөөд тухайн данснаас П.М ын данс руу 5,772,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Би хохиролоо барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /4хх-ийн 226/,

“... ” ХХК-ийн захиалгын хуудас /4хх-ийн 237/,

Б.Б ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /4хх-ийн 238-242/,

Б.Б  болон П.М  нарын хоорондоо харилцсан чатууд /4 хх-ийн 243-250, 5хх-ийн 1-2/,

 

18. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Х.Ц ыг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад 5,500 юанийг 2,843,500 төгрөгөөр зарна гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, иргэн Г.О ын эзэмшлийн Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх-ийн 161/,

Х.Ц ын эзэмшлийн Хаан банкин дахь ..  тоот дансны хуулга /5хх-ийн 163/,

Хохирогч Х.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Чингэлтэй 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 5,500 юань худалдан авахаар Хаан банкны ...  тоот дансанд 2,843,500 төгрөг шилжүүлсэн боловч одоо хүртэл миний дансанд юань орж ирээгүй байна. Би тухайн хүнтэй wechat-aap холбогдож мөнгө шилжүүлсэн ба тухайн хүнтэй 2022 оны 9 сараас хойш wechat-aap холбогдож юань худалдан авах болсон юмаа. Надад юань зардаг хүн Өвөр Монгол эмэгтэй хүн байсан өмнө надаас Г.Э  гэсэн хаан банкны дансаар мөнгө авч юань шилжүүлдэг байсан. Сүүлд данс солигдсон шүү гээд Г.О  гэх хүний Хаан банкны ...  тоот дансыг wechat-aap явуулсан. Урьд нь би тухайн хүнээс 3,850,000 төгрөгөөр юань худалдан авч байсан болохоор энэ удаад итгээд дахин худалдан авахаар Хаан банкны ...  тоот дансанд 2,843,500 төгрөг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл миний мөнгө орж ирээгүй байна. Иймээс би өөрийгөө бусдад залилуулсан гэж үзээд цагдаад гомдол гаргаж байна.” гэх мэдүүлэг /5хх-ийн 168-169/,

Х.Ц ын эзэмшлийн Iphone 12 pro max загварын гар утсанд үзлэг хийсэн тухай: “Iphone 12 pro max загварын хар өнгийн гэртэй хөх өнгийн гар утас байх бөгөөд уг гар утасны хажуу талын товчийг дарахад гар утас кодтой нээгдэж байв. Wechat программ руу нэвтэрч харьцсан гэх хаягт үзлэг хийхэд дараах илэрц гарч ирэв.” гэх тэмдэглэл /5хх-ийн 181-188/,

 

19. 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Б ыг Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт И-Март худалдааны төвд байхад Хятад улс руу юань шилжүүлж өгнө гэж хуурч өөрийн төрсөн дүү Г.О ын Хаан банкны  ...  дансаар 12,001,128 төгрөгийг шилжүүлүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх-ийн 88/,

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /5хх-ийн 90/,

Хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах И-март худалдааны төвийн 6 давхарт бүх төрлийн бэлэн хувцасны лангууг түрээслэн ажиллуулдаг. БНХАУ-аас одоо улирал нь ирж байгаа юм чинь том хүний болон хүүхдийн унадаг дугуйг захиалаад урагшаа мөнгөө шилжүүлэх болтол We chat-aap 23,258 юань шилжүүлэх болоод би цахим юанаар шилжүүлэх болоод We chat-аар “Ши ван зөвлөгөө гэсэн нэртэй чатаар холбоо бариад цахим юань солиулмаар байна гээд холбоо бариад тохиролцсоны үндсэн дээр би 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өглөөний 10 цаг 42 минутанд Г.О  гэх хүний Хаан банкны ...  гэх данс руу нийт хоёр удаагын гүйлгээгээр 13,652,328 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгтэл миний мөнгийг сольж өгөлгүй эхний ээлжинд 3200 юань буюу монгол мөнгөөр 1,651,200 төгрөгийг буцаан өгсөн. Харин одоог болтол үлдэгдэл 12,001,128 төгрөгийг буцааж аваагүй.” гэх мэдүүлэг /6хх-ийн 168-169/,

Гэрч Г.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сараас эхэлж давхар ашиглаж эзэмших болсон... Асуугаагүй, өмнө имй хэмжээний мөнгө орж ирж байсан болохоор асуугаагүй. Шилжүүл гэсэн данс руу нь шилжүүлсэн..” гэх мэдүүлэг /5хх-ийн 95/,

Г.О ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансны хуулга /5хх-ийн 112-116/,

 

20. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хохирогч  Б.А  нь ...  тоотод байх үедээ фэйсбүүк орчинд Xiwang Wechat Alipay цэнэглэлт, зөвлөгөө нэртэй пэйж хуудсаар харилцаж байгаад юань солиулахаар Г.О ын ...  дугаарын дансанд 1,036,000 төгрөг шилжүүлүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5хх-ийн 243/,

Хохирогч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ...  тоот хадам ээжийнхээ гэрт байх хугацаандаа фэйсбүүк орчинд Xiwang Wechat Alipay цэнэглэлт, зөвлөгөө гэх хуудсаар П ийн П.М  ...  утасны дугаартай хүнтэй харилцаж байгаад юань солиулах гэж Г.О  гэх хүний ...  тоот данс руу 1,036,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд тэрнээс хойш мөнгийг сольж өгөөгүй. Мөнгийг буцааж өгөхгүй 1 сар болж байна. Харилцаж байсан хэд хэдэн удаа мөнгө шилжүүлж авч байсан. Тэгээд сураглаад үзэхээр залилан хийдэг юм шиг байна лээ. П.М ын нөхөр Б.Г.Э  ...  утастай урьд өмнө Г.Э гийн данс руу мөнгө шилжүүлж юань солиулж байсан.гэх мэдүүлэг /5хх-ийн 248-249, 6хх-ийн 2-3/,

Хохирогч Б.А ийн мөнгө шилжүүлсэн гэх Э.С ын эзэмшлийн Хаан банкны ..  тоот дансны хуулга /6хх-ийн 11-12/,

Фэйсбүүк цахим орчинд харилцсан зурвасын хуулбар /6хх-ийн 13-14/,

 

21. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ч.Б ийг ...  тоотод байхад нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансаар 616,800 төгрөгийг, Б.Г.Э гийн зэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ...  дугаартай дансаар 2,241,600 төгрөгийг мөн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 3,331,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 6,189,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /9хх-ийн 77/,

П.М  болон Ч.Б  нарын хоорондоо харилцсан чат, П.М ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот данс руу, Б.Г.Э гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ...  тоот данс руу тус тус мөнгө шилжүүлсэн талаарх баримтууд /9хх-ийн 80-91/,

Хохирогч Ч.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд П.П.М  нь ...  ажиллуулдаг гэж надад танилцуулсан бөгөөд ...  гэсэн фейж хуудсаар захиалга авч үйл ажиллагаа явуулдаг байсан. Би тухайн үед бас үйл ажиллагааг нь шалгаж үзсэн юм. Ингээд уг хүнд хүнсний өнгөт принтерийг 616,800 төгрөгөөр захиалан захиалгын төлбөрийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэр буюу ...  тоотоос П.П.М гийн Хаан банкны ...  дугаарын данс руу шилжүүлсэн. Ингээд миний захиалсан бараа ирээгүй удсан бөгөөд энэ нь ковид өвчин гарсан сар байсан учир хил дээр гацаж байна удахгүй ирнэ орж ирж байна ариутгал хийгдэж байна гэх зэргээр хэлж цаг хугацаа нь хойшлуулж байсан. Тэгтэл П.П.М  та өөрт хэрэгтэй байгаа бараа материалаа надаар дамжуулан захиалаад авч болно ш дээ гэж санал болгосны үндсэн дээр би уг хүнд итгэж дахин 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2,241,600 төгрөгийг нөхрийнхөө худалдаа хөгжлийн банкны ...  тоот данс руу шилжүүлэн авсан. Үүний дараа мөн худалдаа хөгжлийн банкны данс руу 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 2,600,000 төгрөгийг 731,000 төгрөгийг 2 хуваан шилжүүлсэн. Нийтдээ чоко хайрцаг захиалга гэж 5,572,000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 6,200,000 төгрөгийн хохирол учраад байгаа бөгөөд уг мөнгөнөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй.” гэх мэдүүлэг /9хх-ийн 95-96/,

Хохирогч Ч.Б ийн мөнгө шилжүүлсэн баримтын хуулбарууд /9хх-ийн 108-111/,

22. 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо фэйсбүүк чатаар холбогдсон хохирогч Б.Э д Шиверолет каптива гэх автомашины сэлбэгийг урдаас захиалгаар оруулж ирнэ гэж хуурч зохиомол байдлыг зориудаар болгож, бодит байдлыг нуух замаар хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн нэр дээр бүртгэлтэй ..  дугаартай дансаар 1,846,661 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /10хх-ийн 6/,

Б.Э ын эзэмшлийн Хаан банкны ..  тоот данснаас Худалдаа хөгжлийн банкны ..  тоот данс руу 1,846,661 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /10хх-ийн 9/,

П.М  болон Б.Э  нарын хоорондоо харилцсан чат /10хх-ийн 10-17/,

Хохирогч Б.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би фейсбүүк хаяг дээр нохой тэжээгч гэсэн группийн админ хийгээд удаж байна. Одоогоор 10 жилийн өмнө би фейсбүүк хаяг дээр хөтөлдөг групп дээр туслах админ авна гэж хэлтэл тухайн П.М  гэх эмэгтэй нь эгчээ би нохой тэжээдэг гээд анх танилцаж байсан. Гэхдээ тухайн П.М  гэх эмэгтэй хүнтэй өмнө уулзаж байгаагүй дандаа фейсбүүк хаягаар нь холбогдож чат бичдэг байсан. Сүүлд ковид өвчин гарахаас өмнө фейсбүүк хаяг дээрээ урдаас бараа оруулж ирлээ гээд зар тавиад байдаг байсан. Тэгээд би тухайн үед П.М  руу фейсбүүк хаягаар чат бичээд чи урдаас бараа оруулж ирээд байгаа юм уу гэж асуухад тийм гэхээр нь би эгчдээ хөлсний массажны аппарат захиалаад өгөөч гэхэд П.М  180,000 төгрөг болох юм байна гээд би шилжүүлж байсан. Тэгтэл маргааш нь П.М  над руу холбогдоод эгчээ яг таны захиалсан загвар нь байхгүй байна гээд миний өгсөн 180,000 төгрөгийг буцаагаад шилжүүлж байсан. 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би П.М  руу чат бичээд эгчийнх нь машин эвдэрчихсэн сэлбэг нь олдохгүй байна чи урдаас бараа оруулдаг хэвээрээ юу гэхэд оруулж байгаа та сэлбэгийн зургийг нь явуулчих гэж хэлсэн. Тэгээд би явуулчихаад маргааш нь над руу холбогдоод таны хайгаад байсан сэлбэгийг олчихсон 1,846,611 төгрөг болж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах гэртээ байхдаа өөрийн худалдаа хөгжлийн банкны данснаас мост моней апплейкшинаар ..  гэсэн П.М  гэсэн данс руу шилжүүлсэн. Надад харьцаж байсан чат мэссэжүүд бүгд байгаа. Би өөрийн худалдаа хөгжлийн банкны мост моней апплейкшинаар шилжүүлсэн. П.М  гэсэн данс руу мөнгө хийсэн. Би өмнө П.М тай нэг ч удаа уулзаж байгаагүй... Wechat-аар хүмүүстэй харьцаж байсан зүйлүүд болон сэлбэг ирчихлээ гэж зураг явуулж байсан. гэх мэдүүлэг /10хх-ийн 24, 53/,

 

23. 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Н.М ыг ...  тоот гэртээ байх үед зүс таних хүн юань солиулаад 7 хоногийн дараа буцаагаад өгнө гэж хэлж, ..  дугаартай данснаас нь ..  дугаартай данс руу 4,000,000 төгрөгийг шилжүүлүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /7хх-ийн 85/,

Хохирогч Н.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би П.М  гэх хүнтэй өмнө нь нэг газарт хамт ажилладаг байсан юм. П.М  нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр надтай холбогдоод 4,000,000 төгрөг зээлээч, би 7 хоногийн дараа буцаагаад өгнө гэхээр нь би итгээд өгсөн. ...  тоотод байх гэртээ байсан ба П.М ын ..  гэсэн данс руу нь өөрийн ..  гэсэн данснаас 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Би 7 хоногийн дараа мөнгөө нэхсэн чинь удахгүй өгнө гээд таг болсон, гар утас руу нь залгахаар утсаа авахгүй байгаад байна... Юань болгоод буцаагаад өгнө гэж надад хэлж байсан. Би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /7хх-ийн 88/,

Н.М ын эзэмшлийн Хаан банкны ..  тоот дансны хуулга /7хх-ийн 99/,

 

24. 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт фейсбүүк цахим орчинд “Монгол мөнгийг юань болгож өгнө” гэсэн хуурамч зарыг байршуулж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, уг зарын дагуу цэнэглүүлэхээр холбогдсон иргэн Э.Э ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, .. ы Хаан банкин дахь ..  тоот дансаар авч хохирогч Э.Э т 3,221,480 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6хх-ийн 49/,

Хохирогч Э.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр М.Б  гэх хүний фэйсбүүк болон ви чатаар харилцаад 10 гаруй өдөр болсон. Энэ хүн маань хятад улсаас бараа авчирдаг хүн байгаа юмаа. Тэр хүнээс эхлээд би бараа 816,480 төгрөгөөр бараа авахаар захиалсан. Тэр миний барааны захиалга хийсэн. Тэгээд тэр хүн миний захиалгыг авчраагүй байхад 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр удалгүй над руу чат бичээд чи ямар ажил хийдэг вэ? Хоёулаа хамтарч ажиллая гэж хэлсэн. Тэгээд М.Б  гэх хүн нь намайг чи миний ажлуулдаг Фэйсбүүк групп дээр бага дүнгээр хүмүүс юань оруулчих гэж хэлсэн. Тэгээд би нилээн хэдэн хүнд мөнгийг шилжүүлсэн. Тэгээд М.Б  гэх хүн над руу юань болгоод явуулж байсан. Тэгээд би буцаагаад хүмүүс рүү нь М.Б  нь их дүнгээр юань бэлдэл дээ гэж хэлсэн. Тэрэнд нь би итгээд 5,000 юань авахаар болсон. Тэгээд би 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2,405,000 төгрөг бэлдээд явуулсан. Тэгээд би мөнгөө явуулаад хэлэхэд М.Б  гэх хаягтай хүн нь хүлээж байгаарай би удахгүй явуулна гэж өдөр болгон надад хэлсэн. Тэгээд өдийг хүрсэн. Би нийтдээ бараа авсан болон явуулсан мөнгө маань 3,221,480 төгрөг маань буцаан өгөөгүй. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Бараа материал зарж борлуулдаг бөөний төв, онлайнаар бараа бүтээгдэхүүн борлуулдаг газрын бараа бүтээгдэхүүнийг зарахаар М.Б  гэх фэйсүүк хаягнаас болон SoD wholesale rэх фэйсбүүк пэйжнээс пост оруулсан байх бөгөөд постон дээрээ ..  гэсэн дугаарыг аль аль нь байршуулсан байсан. Би тэгэхээр нь SoD wholesale rэх пэйж хуудас нь М.Б  гэх фэйсбүүк эзэмшигчтэй холбоотой гэж үзээд цаашид өөрийн найзыг SoD wholesale пэйж хуудастай холбогдуулж хуурамчаар бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар захиалга өгтөл SoD wholesale-ээс ...  дугаарын утаснаас таны хүргэлтийг хаана өгөх вэ гэж залгасан. Энэ дугаарыг цагдаагийн байгууллагад мэдээллэж шалгуултал П ийн П.М  гэх эмэгтэйн мэдээлэл гарч ирсэн. Мөн энэ дугаарыг байршуулж Б.Г.Э  гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч SoD wholesale пэйж дээр зарж борлуулж байсан хувцаснуудыг зарна гээд пост оруулсан байсан. Миний ..  тоот дансруу шилжүүлсэн 2,405,000 төгрөгийг ..  тоот дансыг эзэмшигч alipay апплекейшнээр П.М   гэсэн нэртэй alipay эзэмшигчийн QR дансруу шилжүүлсэн гэж хэлж байсан. Тэгэхээр миний бусдад шилжүүлсэн 2,405,000 төгрөгийг П ийн П.М  гэх эмэгтэй залилсан.” гэх мэдүүлэг /6хх-ийн 52-54/,

Хохирогч Э.Э ын Худалдаа хөгжлийн банкин дахь ..  тоот данснаас .. ы Хаан банкны ..  тоот данс руу 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 2,405,000 төгрөг, мөн 816,480 төгрөг тус шилжүүлсэн баримт /6хх-ийн 55-56/,               

Фейсбүүк чатаар харилцсан тухай баримтууд /6хх-ийн 59-60/,

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, дэслэгч Ө.Т ийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн гэрч Б.Ө ын We chat-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх-ийн 67-73/,

2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн П.М ын эзэмшлийн Iphone 11 pro загварын гар утсанд үзлэг хийсэн тухай: “...Уг гар утасны We chat аппликейшн рүү нэвтэрч ороход Xianmo 118 гэсэн нэртэй We chat нэршилтэй аккаунтыг ашиглаж байх бөгөөд мөн гэмт хэрэг үйлдэгдэх үед ашиглаж ченж болон хохирогчтой харьцсан гэх We chat мөн байна. Энхтөрийн Э.Э  буюу хохирогчийн шилжүүлсэн гэх мөнгөний дансны хуулга Alipay аккаунтад хадгалагдсан байсныг хавсралтад тусгав..” гэх тэмдэглэл /6хх-ийн 95-97/,

 

25. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Д.О  нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хархорин хорооллын 55/12-22 тоотод байхдаа  БНХАУ-аас бараа захиалгаар авах гэж Монгол мөнгийг юань болгож шилжүүлнэ хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2,682,000 төгрөгийг Г.О ын ...  дугаартай Хаан банкны дансаар шилжүүлүүлэн авсан болох нь:

Хохирогч Д.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байх үедээ ...  wechat Alipay taabao гэсэн хаягтай фэйсбүүк хуудсанд нэгдэж мэдээлэл авсан юм. Тэгээд би тухайн хуудасны админ руу ви чатаар БНХАУ-аас захиалга хийх хүсэлтэй байна, та надад зөвлөгөө өгч, туслаач гэж хэлсэн чинь “болно, Ви чатаар ороод ир гэж хэлээд над руу өөрийн бар кодыг явуулаад бид хоёр найзууд болсон. Тэгээд ...  гэх хаягтай хятад хүнтэй нийлсэн хүний бүрэлдэхүүнтэй групп чат нээгээд тухайн хятад хүн намайг манай үйлчлүүлэгч танай улсаас бараа худалдан авах хүсэлтэй байгаа тухайгаа хэлэхэд хятад иргэн зарж байгаа барааныхаа зургийг явуулахаар нь би сонирхож байгаад худалдан авахыг хүссэн бараа болон тоо ширхэгийг хэлэхэд бодож үзээд 5243 юань, хүргэлтийн 200 юань буюу Монгол төгрөгөөр 2,682,000 төгрөг болсон гээд ...  гэх хаягтай хятад хүн над руу Хятад данс /... / явуулсан. Тэгээд Хятад руу шууд мөнгө шилжүүлэх боломжгүй болохоор cargo.mn wechat Alipay taabao гэсэн хаягтай админ М.Б  гэх үл таних эмэгтэй мөнгийг чинь юань болгож хөрвүүлээд шилжүүлээд өгье гэж хэлэхээр нь зөвшөөрөөд ...  дугаартай Г.О  гэх хүний данс руу 2,682,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр миний захиалсан бараа ирэхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэх мэдүүлэг /6хх-ийн 118-120/,

Д.О ээс Г.О ын Хаан банкин дахь ...  тоот данс руу 2,682,000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /6хх-ийн 153/,

Шүүгдэгч П.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэндээс О  сонголтоо хийгээд нийт 5,400 орчим юань болсон. үүнээс 1,000 юань урьдчилгаа өгөөд 2-3 хоногийн дараа бараа бэлэн болно гэж байсан. Тухайн үед би гэртээ засвар хийгээд урдаас паркетан шал захиалсан байсан чинь ирж амжаагүй байсан. Тэгээд 2, 3 хоногт буцаагаад мөнгийг нь хийх бодолтойгоор Монголоос паркет худалдаж авсан. Үлдэгдэл 1,000 юань буюу 484,000 төгрөгийг тухайн захиалгын үйлдвэрт нь шилжүүлж өгсөн. О  одоо тэр 484,000 төгрөгийн бараагаа хүлээгээд авсан байгаа...” гэх мэдүүлэг /6хх-ийн 139/,

 

            26. 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт хохирогч Э.Ч аас БНХАУ-аас компьютерийн тоног төхөөрөмж захиалж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны ..  тоот дансаар 8,092,000 төгрөг, мөн өдөр Худалдаа хөгжлийн банкны ..  тоот дансаар 72,000 төгрөг тус тус шилжүүлэн авч нийт 8,164,000 төгрөгийн хохирол учруулан болох нь:

Хохирогч Э.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн Фейсбүүкийн найз П.П.М  гэх хаягтай хүнтэй чат бичиж харилцан компьютерийн тоног төхөөрөмж захиалахаар тохиролцож Хаан банкны ..  тоот Г.О  гэх данс руу 8,092,000 төгрөг шилжүүлсэн, мөн П.П.М гийн өгсөн Худалдаа хөгжлийн банкны ..  тоот П  П.М  гэх данс руу 72,000 төгрөг шилжүүлсэн боловч одоог хүртэл миний захиалсан тоног төхөөрөмж ирээгүй мөн 10 гаруй хоногийн өмнөөс миний чатанд хариу өгөхгүй байгаа тул залилуулсан гэж үзэж байна. Урьд өмнө нь П.М  нь өөрийн цахим хуудаст хүмүүсийн бараа материалыг захиалж авчруулсан хүлээлгэж өгч байгаа гэх нийтлэл зураг бичлэг оруулж байсан тул би түүнд итгэж тоног төхөөрөмж захиалсан. Би Hyperx cloud-2 гэх нэршилтэй чихэвч 20 ширхэг, ...  rэх нэртэй keyboard 21 ширхэг, zowi ec-2с загварын 5 ширхэг гар хулгана захиалсан.” гэх мэдүүлэг /11хх-ийн 194/,

Хохирогч Э.Ч ын Хас банкны ..  дугаартай дансны хуулга /11хх-ийн 181-189/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.М ыг нийт 26 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгон бусдад 668,951,379 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус заажээ.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

 

Энэ гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг ойлгоно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч П.М  нь 2022 оноос хойш тогтвортой ажил хөдөлмөр эрхлээгүй, “... ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай гэх боловч уг байгууллага нь уг хугацаанд үйл ажиллагаа явуулсан гэх үйл баримт авагдаагүй, тодорхой ашиг олоогүй, залилах гэмт хэрэг үйлдсэнээс өөрөөр орлого олох эх үүсвэр байгаагүй гэх нөхцөл байдал тогтоогдсон байх тул залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон уг гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзэв.

 

Шүүгдэгч П.М  нь нэр бүхий 26 хохирогчоос юань сольж өгнө, бараа захиалж өгнө гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилж, нийт 668,951,379 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдлээр үйлдсэн байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.О ын Хаан банкны ...  дугаар дансанд үзлэг хийсэн тэмдэглэлд “П ийн П.М ын” гэж буруу бичсэн болохыг дурьдах нь зүйтэй. /7хх-40-42/

 

Иргэдийн төлөөлөгч Г.ЦШүүгдэгч П.М  нь үргэлжилсэн 26 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Эдгээр үйлдлүүд нь хохирогчдын гомдол, мэдүүлгээр нотлогдож байна...” гэсэн саналыг бичгээр гаргажээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч П.М ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч П.М ыг “Үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.Э т 53,292,100 төгрөг, Д.Э ад 9,462,000 төгрөг, Т.М т 131,700,000 төгрөг, М.Б д 25,000,000 төгрөг, Т.Х д 41,151,000 төгрөг, Т.Х т 22,841,708 төгрөг, Х.У д 25,184,500 төгрөг, У.С д 18,463,500 төгрөг, Б.М д 174,060,000 төгрөг, Ц.А д 36,375,000 төгрөг, Ж.А д 13,065,402 төгрөг, Д.Д т 20,925,000 төгрөг, У.Э т 10,400,000 төгрөг, Ж.С д 23,900,000 төгрөг, Н.Д ид 14,026,000 төгрөг, М.Э т 1,349,000 төгрөг, Б.Б т 5,772,000 төгрөг, Х.Ц т 2,843,500 төгрөг, Б.Б т 12,001,128 төгрөг, Б.А д 1,036,000 төгрөг, Ч.Б т 6,189,400 төгрөг, Б.Э д 1,846,661 төгрөг, Н.М т 4,000,000 төгрөг, Э.Э т 3,221,480 төгрөг, Д.О т 2,682,000 төгрөг, Э.Ч ад 8,164,000 төгрөг, нийт 668,951,379 төгрөгийн хохирол учиржээ.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Алтанцэцэгийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01А дугаартай яллах дүгнэлтэд хохирлын хэмжээг 667,630,379 төгрөг гэснийг зөвтгөж, шүүх нийт хохирлын хэмжээг 668,951,379 гэж зөвтгөж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.М ын зүгээс хохирогч Х.Э ийн эзэмшлийн Хаан банкны ... , ..  тоот данснуудад 2021 оны 03 дугаар сарын 05-наас 09 дүгээр сарын 12-ны өдрүүдэд 15,085,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 15,315,000 төгрөг, 5,227,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгч нийт 35,627,000 төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гарган өгсөн дансны хуулга, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч П.М  нь хохирогч Х.Э т 35,597,000 төгрөг, Т.М т 3,000,000 төгрөг, М.Б д 12,000,000 төгрөг,Т.Х д 11,301,000 төгрөг, Т.Х т 15,000,000 төгрөг, Х.У д 18,384,500 төгрөг, Б.М  45,040,000 төгрөг, Ц.А д 17,375,000 төгрөг, Ж.С д 6,692,000 төгрөг, Н.Д ид 10,000,000 төгрөг, Б.Б т 250,000 төгрөг, Б.А д 1,036,000 төгрөг, Н.М т 500,000 төгрөг, Д.О т 500,000 төгрөгийн хохирлыг тус тус барагдуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон болно.

 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа хохирол төлөх зорилгоор ажлын 2 хоногийн хугацаагаар завсарлага авсан ба 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ч.Б ийн эзэмшлийн Хаан банкны ..  тоот дансанд 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Б.Б ын эзэмшлийн Хаан банкны ...  тоот дансанд 500,000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь шүүхэд гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Мөн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч П.М  нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 74 дугаартай шүүхийн тогтоолоор хэргийг түдгэлзүүлж, шүүгдэгчийг эрэн сурвалжилсан болно.

 

Иймд шүүгдэгч П.М аас нийт 491,275,879 төгрөг гаргуулан 17,665,100 төгрөгийг хохирогч Х.Э т, 9,462,000 төгрөгийг хохирогч Д.Э ад, 128,700,000 төгрөгийг хохирогч Т.М т, 13,000,000 төгрөгийг хохирогч М.Б д, 29,850,000 төгрөгийг хохирогч Т.Х д, 7,841,708 төгрөгийг хохирогч Т.Х т, 6,800,000 төгрөгийг хохирогч Х.У д, 18,463,500 төгрөгийг хохирогч У.С д, 129,020,000 төгрөгийг хохирогч Б.М д, 19,000,000 төгрөгийг хохирогч Ц.А д, 13,065,402 төгрөгийг хохирогч Ж.А д, 20,925,000 төгрөгийг хохирогч Д.Д т, 10,400,000 төгрөгийг хохирогч У.Э т, 17,208,000 төгрөгийг хохирогч Ж.С д, 4,026,000 төгрөгийг хохирогч Н.Д ид, 1,349,000 төгрөгийг хохирогч М.Э т, 5,022,000 төгрөгийг хохирогч Б.Б т, 2,843,500 төгрөгийг хохирогч Х.Ц т, 12,001,128 төгрөгийг хохирогч Б.Б т, 5,689,400 төгрөгийг хохирогч Ч.Б т, 1,846,661 төгрөгийг хохирогч Б.Э д, 3,500,000 төгрөгийг хохирогч Н.М т, 3,221,480 төгрөгийг хохирогч Э.Э т, 2,182,000 төгрөгийг хохирогч Д.О т, 8,164,000 төгрөгийг хохирогч Э.Ч ад тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Өсвөр насны шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгнө үү, шүүгдэгч нь урьд 61 хоног цагдан хоригдсон тул эдлэх ялаас хасаж тооцож өгнө үү.” гэх дүгнэлтийг,

Хохирогч Б.Б ын өмгөөлөгч М.Алтанцэцэг “...Шүүхэд хохирол төлөхтэй холбогдуулан 5 хоногийн хугацаагаар завсарлага авах санал гаргахад нь нэг ч гэсэн хүнийг хохиролгүй болгоод ороод ирэх байх гэж найдтал түмэн амьтанд чирэгдэл учруулсан. Иймд улсын яллагчийн санал болгосон 10 жилийн хорих ялын санал тохирно гэж үзэж байна. Яагаад гэвэл 5-12 жилийн хорих ялаас 10 жил хорих ял бол энэ хүний үйлдсэн гэм буруу, үргэлжлүүлсэн цаг хугацаа, өөрийнхөө амьдралыг тэтгэсэн нөхцөл байдал, хохирогчдын төлөө ямар ч анхаарал, санаа зовоогүй, хохирол төлбөр төлөөгүй. Мөн Шүүхийг хуурч орон зайлсан нөхцөл байдлууд нь 10 жилийн хорих ял шийтгэл тохирно гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь цээрлүүлэх шинжийг хангана гэж байдаг тул улсын яллагчын ялын саналаас дордуулахгүйгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболд “Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзаж үзэж байж оногдуулдаг. Хохирлын хэмжээтэй нь уялдуулж хорих ялыг улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбарлаж байна. Хохирол маш өндөр байгаа учраас эрүүгийн хариуцлагыг өндөр оногдуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Олон ч хэрэг дээр өмгөөлж байсан. Хохирлын хэмжээ их ч байдаг бага ч байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хохирол төлбөр төлөөгүй бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн зохицуулалт байхгүй Харин төлөө илэрхийлчхээд төлөөгүй гэдэг зохицуулалт байгаа. Шүүгдэгч П.М ын хувьд завсарлага авахдаа өөрийн чадах хэмжээндээ төлж барагдуулъя гэдэг байдлаар засварлага авсан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Миний хувьд хохирол төлбөр төлөх байдлаар ярилцаж үзсэн. Хэрэгт П.М ын хувьд үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгөтэй холбоотой баримт байхгүй. Өөрөөр хэлбэл төлбөрийн чадвартай хөрөнгөтэй, мөнгөтэй байгаад төлөхгүй бол өөрөөр харж болно. П.М ын хувьд анх удаагаа гэмт хэрэгт холбогдож байна. Хохирлы ер нь төлж барагдуулаагүй гэж байна. 670.000.000 гаруй төгрөгөөс 170.000.000-180.000.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар шүүх гэм буруугийн хуралдаанаар шийдвэрээ гаргасан байгаа. Тэгэхээр юу ч төлөөгүй гэж харж болохгүй. Шүүгдэгч П.М  нь бага насны 2 хүүхэдтэй. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ хэрэгт авагдсан байгаа. 2 настай, 5 настай, бага насны 2 хүүхэдтэй. Гэрлэлт бүртгэлтэй талаар улсын яллагч тайлбар хэлэх шиг боллоо. Хавтаст хэрэгт шинжлэн судалсан нотлох баримтаар гэрлэлт бүртгэлгүй талаарх лавлагаа байгаа. Өөрөөр хэлбэл гэрлэлт бүртгэлгүй бага насны 2 хүүхэдтэй нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго байдаг. Хорих ялыг заавал өндөр оногдуулснаараа энэ хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдэхгүй. Нөгөө талаас нь авч үзвэл хэрвээ хорих ял эдлэх хугацаанд энэ хүн ажил хөдөлмөр эрхлээд хохирлыг төлж байх хугацаа 2 дээр бас анхаарч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс гаргаад байгаа 10 жилийн хорих ялын саналыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс тус зүйлийн хорих ялын доод хэмжээтэй уялдуулаад шийдвэр гаргаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогч Ч.Б  “Энэ хугацаанд маш олон зүйлтэй нүүр туллаа. Би олон удаа шүүх хуралд ирж байна. Энэ хүн гэмшиж байгаа зүйл байхгүй. Өнөөдөр л уйлж байгаа харагдаж байна. Өмнө нь тохуурхсан маягтай хандаж байсанд нь үнэхээр гомдолтой байсан. Улсын яллагчийн санал болгосон 10 жилийн ял тохирч байна гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Ж  “Миний хувьд улсын яллагчийн санал болгосон 10 жилийн хорих ял тохирсон гэж бодож байна. Магадгүй энд байгаа хүмүүс эрх зүйн мэдлэггүй. Хэрвээ энд байсан хүмүүс анхнаасаа ярилцаад өмгөөлөгч аваад явсан бол 12 жил байх ёстой. Энэ хүн өнөөдөр ямар ч гэм буруугаа ойлгосон шинжгүй байна. Энэ гэмт хэргийг үйлдэж байхад энэ хүн дөнгөж 24-25 настай байсан. Өнгөрсөн цаг хугацаанд энэ хүн шударгаар хөдөлмөрлөөд явсан бол энэ хүмүүсийн хохирлын 50 хувь нь ч гэсэн байхгүй байх байсан. Өнөөдөр хүртэл бидэнд уучлаарай гэж 1 удаа ч хэлээгүй. Бид нарыг тэгсэн, ингэсэн гээд нүднийхээ үзүүрээр бид нар руу харж байна. Иймд энэ ял яг тохирсон ял гэж бодож байна. Магадгүй багадаж байгаа гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогч Т.Х  “10 жил тохирсон ял байна гэж бодож байна. 2022 оноос хойш өр төлбөрийн зээл дарамттай хэцүү байгаа. Бүтэн нойртой хоносон шөнө ч байхгүй.” гэх дүгнэлтийг,

Хохирогч Б.М  “10 жил багадаж байна. Бүлэг хэрэг болохоор багадаж байна гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогч Т.Х  “Миний бодлоор 12 жилийн хорих ял оногдуулмаар байна гэж үзэж байна. Цааш цаашдын залиланг бодож өндөр ял оногдуулах ёстой гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогч Ж.С  “Ялын дээд хэмжээг өгөхийг хүсэж байна. Анх удаа гээд байгаа боловч зөндөө хүмүүсийг залилсан байгаа.” гэх дүгнэлтийг,

Хохирогч Х.У  “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг,

Хохирогч Т.Б  “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг,

Хохирогч Ж.А  “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг,

Хохирогч Н.М “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг,

Хохирогч Х.Ц  “Хэлэх зүйлгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүхээс шүүгдэгч П.М т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийг 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчмыг тус тус хангаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч П.М  нь хэрэг хариуцах чадвартай, тухайн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч П.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгч П.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М ын цагдан хоригдсон нийт 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Н нийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 145 дугаартай “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах” тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч П.М д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.М т 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар П.М т оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М аас нийт 491,275,879 төгрөг гаргуулан 17,665,100 төгрөгийг хохирогч Х.Э т, 9,462,000 төгрөгийг хохирогч Д.Э ад, 128,700,000 төгрөгийг хохирогч Т.М т, 13,000,000 төгрөгийг хохирогч М.Б д, 29,850,000 төгрөгийг хохирогч Т.Х д, 7,841,708 төгрөгийг хохирогч Т.Х т, 6,800,000 төгрөгийг хохирогч Х.У д, 18,463,500 төгрөгийг хохирогч У.С д, 129,020,000 төгрөгийг хохирогч Б.М д, 19,000,000 төгрөгийг хохирогч Ц.А д, 13,065,402 төгрөгийг хохирогч Ж.А д, 20,925,000 төгрөгийг хохирогч Д.Д т, 10,400,000 төгрөгийг хохирогч У.Э т, 17,300,000 төгрөгийг хохирогч Ж.С д, 6,000,000 төгрөгийг хохирогч Н.Д ид, 1,349,000 төгрөгийг хохирогч М.Э т, 5,022,000 төгрөгийг хохирогч Б.Б т, 2,843,500 төгрөгийг хохирогч Х.Ц т, 12,001,128 төгрөгийг хохирогч Б.Б т, 5,689,400 төгрөгийг хохирогч Ч.Б т, 1,846,661 төгрөгийг хохирогч Б.Э д, 3,500,000 төгрөгийг хохирогч Н.М т, 3,221,480 төгрөгийг хохирогч Э.Э т, 2,182,000 төгрөгийг хохирогч Д.О т, 8,164,000 төгрөгийг хохирогч Э.Ч ад тус тус олгосугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Э.А , Э.А  нарт асран хамгаалагч тогтоохыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М ын цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялаас хасаж тооцсугай.

 

8. Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Н нийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 145 дугаартай “хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах” тухай тогтоолыг хүчингүй болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

9. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.СОЛОНГОО

 

                                                      ШҮҮГЧ                             П.АРИУНБОЛД

                                                                                                                                                                                                      ШҮҮГЧ                             Д.ШИНЭХҮҮ