| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 128/2022/0811/З |
| Дугаар | 128/ШШ2023/0004 |
| Огноо | 2022-12-22 |
| Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2023/0004
2022 12 22 128/ШШ2023/0004
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “НММ******* ” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Ж******* ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б******* ,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б******* нарын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж******* , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э********** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 287 дугаар шийдвэрээр “НММ******* ” ХХК-д Д******* аймгийн Б******* сумын нутагт орших Дэлийн чулуут ухаа нэртэй 9435.54 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.
1.2. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 05 дугаар сарын 17-ны өдрийн 231 дугаар шийдвэрээр “НММ******* ” ХХК-ийн XV-02******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс тооцож, 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
1.3. Ашигт малтмал, газрын тосны газраас “НММ******* ” ХХК-д хандан 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8/3253 тоот мэдэгдлээр “... 4 дэх жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаа ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтойг мэдэгдэж байна” гэж мэдэгдсэн.
1.4. Улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн хэлтсийн дарга/хуучин нэрээр/-ын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 332 дугаар шийдвэрийн 4 дэх заалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж XV-02******* тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан.
1.5. “НММ******* ” ХХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 332 дугаар шийдвэрийн “НММ******* ” ХХК-л холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасан.
Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч “НММ******* ” ХХК-иас тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
Манай компани нь Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох сонгон шалгаруулалт зарласны дагуу Д******* аймгийн Б******* сумын Дэлийн чулуут ухаа нэртэй талбайд тусгай зөвшөөрөл олгох СШ-34-3 кодтой сонгон шалгаруулалтад оролцсон. Улмаар тус газраас 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 7/4138 тоот албан бичгээр сонгон шалгаруулалтын ялагч болсныг мэдэгдээд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр сонгон шалгаруулалтын үнийн саналын зөрүү болох 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын төрийн сангийн 100900018408 тоот дансанд төлөхийг мэдэгдсэн. Үүний дагуу тогтоосон төлбөрийг бүрэн төлж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 287 тоот шийдвэрээр Д******* аймгийн Б******* сумын Дэлийн чулуут ухаа нэртэй газарт байрлах 9435,54 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-02******* тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д 'Сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ" гэж заасны дагуу 3 жилийн хугацаатайгаар олгож, Геологи уул уурхайн зураг зүйн системд бүртгэсэн.
Манай компани нь Ашигт малтмалын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг тогтмол мөрдөж, орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон байгаль орчныг хамгаалах албатай нягт холбоотой ажиллан, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлж хайгуулын ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэн, тайлангаа зохих байгууллагуудаар хянуулж ирсэн. Манай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дуусаж байгаатай холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар төрийн захиргааны байгууллагад 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлөө гаргасан. Уг өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс хүлээн авч хянаад, тус хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 231 тоот шийдвэр гаргаж, ашигт малтмалын хайгуулын XV-02******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгасан. Харин уг шийдвэрийн дагуу гаргасан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 8/2740 дугаартай мэдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ХV- 02******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон түүний хавсралтуудыг эх хувиар нь өгсөн. Ингээд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байтал Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн Даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" № 10/3903 тоот албан бичгээр "Танай компани доорх тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд алдангийн хамт төлөөгүй, 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан үүргийг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 332 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болохыг мэдэгдье" гэсэн мэдэгдлийг 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр манай компанид хүргүүлсэн.
Тус шийдвэр, мэдэгдлийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар манай компанийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22/05 тоот албан бичгээр Ашигт малтмал газрын тосны газрын даргад хандсан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/4437 тоот албан бичгээр нэгэнт цуцлагдсан байх тул таны гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье гэсэн үндэслэлгүй хариуг өгсөн тул доор дурьдсан үндэслэлүүдээр зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Үүнд:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана", 22.1.2-т "үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт", 22.2-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ" гэж тус тус заасан.
Гэтэл манай компанийн ашигт малтмалын хайгуулын XV-02******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс хүлээн авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-д заасан бүрдүүлбэрийг бүрэн хангасан гэж, шалган хүлээн авсан нь биднийг төөрөгдөлд оруулж, төрийн захиргааны байгууллагын хуулийн шаардлага зөрчсөн алдаатай хяналтын нөлөөллөөр төөрөгдөлд орсон гэж үзэж байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хянуулахын тулд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5-д заасан хүснэгтийн 3-д зааснаар "Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хянан үзэх" үйлчилгээний хөлсөнд 1.000.000 /нэг сая/ төгрөг төлдөг. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Төрийн эрх бүхий байгууллагаас энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж /цаашид тэмдэгтийн хураамж гэх/ гэнэ." гэж хуульчилсан байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс өргөдлийг хянах тэмдэгтийн хураамжийг авч, өргөдлийг хянахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн үйлчилгээ үзүүлээгүй, 2022 оны 06 дугаар сарын 07-ноос эхлэн сунгагдах тусгай зөвшөөрлийн дараа жилийн ээлжит төлбөрийг төлүүлж баримтыг хавсаргаж ирүүлэх шаардлагыг хангалгүйгээр зөвшөөрлийн хугацааг сунгасан өргөдлийг шийдвэрлэсэн.
2. "НММ******* " ГХОХХК-нийн ашигт малтмалын хайгуулын XV-02******* тоот тусгай зөвшөөрлийн анх олгосон огноог 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөр тооцохоор тогтоосон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх хугацаа 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байсан. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс манай компанийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр "тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах" тухай өргөдлийг өргөдлийн бүртгэлийн ЕХ-009347 дугаарт бүртгэн хянаад, 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгаж, уг шийдвэрийн дагуу гаргасан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 8/2740 дугаартай мэдэгдлийг гаргасан атлаа зохих ёсоор мэдэгдэх ажиллагааг хийлгүй дарагдуулсан гэж үзэж байна. Учир нь тус мэдэгдлийг шуудангаар хүргүүлээгүй, майл хаяг болон бүртгэлтэй утсаар мэдэгдээгүй орхигдуулсан. Манай компанийн зүгээс очиж сураглаж байсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст биечлэн очиж уулзахад уг мэдэгдэл болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хоёр хувь хавсралтыг гардуулан өгч, гарын үсэг зуруулсан. Энэхүү мэдэгдлийг авах үед буюу 2022 оны 06 дугаар сарын 20-нийн өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хугацаа нь өнгөрсөн байсан ба Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс ч мэдэгдэл гардуулж өгсөн өдөр ч тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх шаардлагатай талаар бидэнд мэдэгдээгүй болно.
3. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ." гэж заасныг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга зөрчин манай компаниас ээлжит жилийн төлбөрийг хураалгүй Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйл, 32 зүйлийн 32.1-д "Тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө.", 34 дүгээр зүйлийн 34.2-т “... дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж зааснаар төлбөрийг урьдчилан төлж баримтыг хавсаргаагүй байхад Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20-д "үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах", 11.2-т “.... кадастрын асуудал хариуцсан нэгж энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ." гэж заасныг тус тус зөрчин тусгай зөвшөөрлийн дараа жилийн төлбөрийг бүрэн хураан авалгүйгээр 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 231 тоот шийдвэр гаргаж, ашигт малтмалын хайгуулын XV-02******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтад тэмдэглэгээ хийсэн нь манай компанийн зүгээс тусгай зөвшөөрөлтэй холбоотой тавигдах шаардлагууд бүрэн биелэгдчихлээ гэсэн төөрөгдөлд орсон. Хэрэв Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэс нь манай компаниас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасны дагуу өргөдлийг хянах үйлчилгээний хөлс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг төлүүлэн авсны дагуу өргөдлийг бүрэн хянаж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэн тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасны дагуу бүрэн "хураан авсан" бол тусгай зөвшөөрлөө төлбөр төлөөгүй үндэслэлээр цуцлуулах нөхцөл байдалд хүрэхгүй байсан гэж үзэж байна.
4. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана", 56.3-д "Энэ хуулийн 56.2-д заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ", 56.4-д "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ.", 56.5-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй", Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 09 дугаартай албан ёсны тайлбарын 6-д "Хуулийн ... 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан "мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно" гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэхээр, ийнхүү цуцлах үндэслэл бүрдсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримт гаргаж хүргүүлэх, хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа илэрхийлж холбогдох баримтуудаа захиргааны байгууллагад гаргах эрхтэй байхаар тодорхой хуульчилсан байхад цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг манай компанид гардуулж хүлээлгэн өгөөгүй. Тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл үүссэн талаарх мэдэгдэл гаргасан эсэх нь тодорхойгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг шууд зөрчин тусгай зөвшөөрлийг цуцлах ажиллагаа явуулсан байна.
5. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс ашигт малтмалын хайгуулын XV-02******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хууль, журамд нийцүүлэн манай компанид мэдэгдээгүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу гомдол, хүсэлтээ хянуулах хуульд заасан боломж, бололцоог олгоогүй төдийгүй Геологи уул, уурхайн кадастрын хэлтсийн хууль журам зөрчсөн дээрх нөхцөл байдлуудыг илэрхийлэх боломж нөхцөлийг бүрдүүлж өгөөгүй байна. Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөх хугацааны үед "НММ******* " ГХОХХК-ийн 25 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирал Р.Баттогтох нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь эмнэлгийн магадалгаагаар тогтоогдож байна. Мөн компанийн70 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Ren Guodong нь хилийн хорио цээрт орсны улмаас Монгол Улсад хүрэлцэн ирэх боломжгүй болсон байсан зэрэг шалтгаанууд байсан болно.
Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-д “хүндэтгэн үзэх шалтгаан гэж”, 6.1.41.а-д "эмнэлгийн өвчтөний гар картад бичигдсэн бөгөөд лаборатори болон багажийн шинжилгээгээр эмчлүүлэх шаардлагатай нь нотлогдож, эмч, эмнэлгийн байгууллагын гаргасан магадалгаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа", 6.1.41.г-д "хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон" гэж тус тус заасан нь бидний зүгээс төрийн захиргааны байгууллагадаа танилцуулах байсан юм.
6. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах" гэж заасан байна. Манай компани нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 500,000,000 /таван зуун сая/ төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Сонгон шалгаруулалтын төрийн сангийн 100900018408 тоот дансанд, дэнчинд тавьсан төлбөр болох 500,000,000 төгрөг нийт 500,000,000 төгрөгийг төлснөөр ашигт малтмалын хайгуулын XV-02******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон. Ашигт малтмалын хайгуулын ээлжит жилийн төлбөр нийт 22,108,460 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн сан дахь 100900000712 тоот дансанд, үйлчилгээний хөлс 1,000,000 төгрөгийг Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн сан дахь 100900000752 тоот дансанд тус тус төлөөд байна. Мөн хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаанд геологи, палентлоги, археологи, эрэл үнэлгээний хайгуулын ажлын зардалд нийтдээ 262,475,429 төгрөг, дээжид лабораторийн шинжилгээ өгөхөд 14,681,469 төгрөг зарцуулсан нь баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд хайгуулын ажлын тайланд бүрэн тусгагдан ажиллаж байна.
Манай компанийн зүгээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг биелүүлэн ажиллаж ирсэн бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл сунгуулан цаашид хайгуулын ажлыг хийж гүйцэтгэх бүрэн итгэл үнэмшилтэй ажиллаж ирсэн боловч төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан манай компани нь цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн ноцтой хохиролд хүрэх нөхцөл байдалтай тулгарч байгааг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтад заасан "хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим" хэрэглэгдэнэ гэж үзэж байна. Бидний зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн санаатайгаар төлөхгүй байх, хоцроох ямар ч үндэслэлгүй бөгөөд тусгай зөвшөөрлийг сунгах процедур үйл ажиллагааны төөрөгдлөөс мөн Ашигт малтмал, газрын тосны газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гардуулсан мэдэгдэл, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтыг гардуулж өгөөд 2025 он хүртэл ажиллах боллоо гэсэнд итгэл төрөн, төөрөгдөлд орсонтой холбоотой сөрөг нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна.
7. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д "нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол", "28.1.2.гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол", 28.1.3. “иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд", 28.1.4. “захиргааны шийдвэрийг техник хэрэгслийн тусламжтайгаар гаргаж байгаа бол", 28.1.5. “захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол", 28.1.6. “төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хууль тогтоомжоор хамгаалагдсан бусдад дамжуулах боломжгүй мэдээлэлд хамаарах бол" гэж сонсох ажиллагаа хийхгүй байж болох нөхцөлүүдийн талаар хуульчилсан байна. Мөн Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д "Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй" гэжээ.
Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 332 дугаар шийдвэр гаргах ажиллагаандаа "сонсох ажиллагаа хийхгүй байх" тухай дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан 6 зүйл заалтын аль ч үндэслэл байхгүй бөгөөд сонсох ажиллагаа хийхгүй байх талаар нотолсон ажиллагааг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс өнөөг хүртэл танилцуулаагүй болно. Тусгай зөвшөөрөл эзэмшигч болох үйл явц, хөрөнгө санхүүгийн асуудал, олон хүний хүч хөдөлмөр, олон жилийн үр дүн, тооцоо судалгаа, санаа зорилго гээд байж болох бүхий л нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт бодит шалгалт судалгааг төрийн захиргааны байгууллага хийлгүй бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шууд хөндсөн.
Тэрээр энэхүү захиргааны акт гаргахдаа Захиргааны Ерөнхий хуулийн 3 дугаар бүлгийн 12 дугаар зүйлийн "Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа", 13 дугаар зүйлийн “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч", 15 дугаар зүйлийн "Оролцогчийн эрх", 24 дүгээр зүйлийн "Нөхцөл байдлыг moemoox", 25 дугаар зүйлийн "Hommax баримтыг цуглуулах", 26 дугаар зүйлийн "Оролцогчийг сонсох", 27 дугаар зүйлийн "Сонсох ажиллагаа явуулах", 43 дугаар зүйлийн “Захиргааны актыг мэдэгдэх” зэргээр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 332 тоот шийдвэрийг гаргах болон шийдвэрийн талаар мэдэгдэх ажиллагаанд хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.
Мөн Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 4.2.8-д "Хууль ёсны итгэлийг хамгаалах” тухай заасан Захиргааны үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлээгүй орхигдуулан шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 332 дугаар шийдвэрийн "НММ******* " ГХОХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
“Нэхэмжлэгч компанийн XV-02******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн ирэх жилийн төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төлөх ёстой байсан. Гэвч хавтаст хэргийн 65, 81 дүгээр хуудсанд авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 8/2740 тоот мэдэгдэл буюу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар сунгасан талаарх мэдэгдлийг анх олгосон он сар өдрөөс тооцож жил бүр төлөх хугацаанаас хэтрүүлж, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр тус компанид гардуулж өгсөн. Компанийн зүгээс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгаж байгаа талаар удаа дараа гүйцэтгэж явж байсан боловч 05 дугаар сарын 18-ны өдөр гаргасан мэдэгдлийг өгөхгүй удааж ээлжит жилийн төлбөрийг хугацаанаас хэтрүүлж байгаа нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа юм. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хуулийн зохицуулалт байгаа. Хугацааг сунгахдаа бүрдэл бүхий баримтыг бүрэн хангасны үндсэн дээр хугацааг сунгаж шийдвэрлэдэг. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дах заалтад заасан тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримтыг хангасан гэж үзэж Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн мэргэжилтэн тусгай зөвшөөрлийн сунгуулах өргөдлийг хүлээж авсан. Энэ нь өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшигчийг ээлжит жилийн төлбөрийг төлсөн гэх төөрөгдөлд оруулсан. Хугацаа сунгах өргөдлийг чеклэж авсны дараагаар Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга 5 сарын 17-ны шийдвэрээр 2022 оны 6 сарын 07-ны өдөр хүртэл хугацаагаар хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацааг 3 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэсэн. Сунгаж шийдвэрлэх зохицуулалт бол Ашигт малтмалын тухай хуулийн 22.2 дах хэсэгт зохицуулсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан шаардлага нөхцөл хангаж байвал хугацаа сунгаж шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасан. Энэ үндэслэлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар сунгаж шийдвэрлээд манай компанийг төөрөгдөлд оруулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 34.4-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлсөн баримтуудыг холбогдох баримтуудын хамтаар төрийн захиргааны байгууллагад ирүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт дээр төлбөр төлсөн талаарх тэмдэглэгээг төрийн захиргааны байгууллагаас хийдэг. 6 сарын 07-ны өдрийн хугацаанд буюу нэхэмжлэгч компани тусгай зөвшөөрлийн гэрчилгээ түүний хавсралт байгаагүй. Нэхэмжлэгч компани өөрийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хариуцагч байгууллага судлаад улмаар энэ асуудлаар ажиллагаа явуулж байгаа гэдэг итгэл үнэмшилтэй өдийг хүргэсэн. Үүний дагуу шүүхээс шинжлэн судлахад Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн шуурхай удирдлагаас холбогдох мэргэжилтэнд сануулга өгсөн байна. Ашигт малтмал газрын тосны газрын хавтаст хэрэгт ирүүлсэн бичгээр мэргэжилтэн нарын алдаатай үйлдлийн улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө төөрөгдөлд орсон. Энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг цуцлах шийдвэр гаргахад хүрсэн байна. Буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдлаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар хандаж ирсэн.
Нэхэмжлэгч компанийн тухайд 2019 оны 6 сарын 04-ны өдрийн шийдвэрээр сонгон шалгаруулалтад шалгарч 500,000,000 сая төгрөгийн төлбөр төлж тусгай зөвшөөрөл авсан. 3 дах жилийн хугацаа дууссан учраас эхний сунгалтаар хийлгээд явж байсан. 500,000,000 сая төгрөгөөс гадна маш олон удаагийн ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн мөнгөн дүнгийн журналаар маш их хэмжээний зардал авч байсан талаар хавтаст хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөл төлөхөөс зайлсхийх төлөхгүйгээр одоо хүртэл үйл ажиллагаа явуулах зорилго байхгүй. Төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод төөрөгдөлд орж улмаар бичиг цаасаа удааснаас болж тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана гэж заасан. Энэ талаар Монгол Улсын дээд шүүхээс тайлбарласан. Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасан зохицуулалт өөрөө захиргааны байгууллагаас мэдэгдэж баримтжуулсан байх ойлголт гэдэг байдлаар тайлбарлаж өгсөн. Хавтаст хэрэгт Монгол шуудан компанийн удаа дараагийн тайлбар авагдсан байгаа хэдий ч энэ нь өөрөө тусгай зөвшөөрөл эзэмшигчид цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлж гаргуулсан гэх үндэслэл болохгүй.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа буюу эрх бүхий албан тушаалтнаас холбогдох бүхий л ажиллагааг хийж нотлох баримтыг цуглуулж, нотлох баримтыг тэнцвэртэй тал бүрээс нь хянаж үзээж Монгол шуудан компани нь Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн байна. Шуудангийн тухай хуульд заасан үүргээ биелүүлж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хаяглагдсан этгээдэд гардуулах үүргээ биелүүлээгүй байна гэдгийг батлуулж өгсөн. Хариуцагчийн зүгээс асуулт хариултын шатанд тухайн баримттай маргахгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэдэгт маргахгүй байна. Шүүхээс үзлэг хийдэг. Үзлэг хийсэн баримтаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс ямар нэгэн байдлаар хаягаа өөрчилсөн хаягийн өөрчлөлтөд бүртгүүлээгүй нөхцөл байдал байхгүй. Тухайн цаг үед Д******* аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан. Тэнд хаяг байршил тодорхой байсан байна. Хэрэв тухайн хаягт байхгүй өөр хаягт байгаа мөртлөө хаягийн өөрчлөлтөө бүртгүүлээгүй бол буруутгах үндэслэл байхгүй. Гэвч шүүхээс хийсэн үзлэгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч хаягийн өөрчлөлтөө тухайн үед тогтвортой байдлыг хангаж ажиллаж байгаа талаар тодорхой харагдаж байна. Шүүхээс шинжлэн судалсан 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар 14-ний өдрийн хугацаанд нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал н.Баттогтох нь эмнэлэгт эмчлүүлж байсан нөхцөл байдалтай байгаа. Хүндэтгэн үзэх шалтааны талаар Татварын ерөнхий хуулийн 6.41 дэх заалтад тусгаж өгсөн. Энэ талаар шүүх анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг зааж өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч байгууллагаас хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх мөн хуулийн 4.2.6-д заасан эрх хууль ёсны ашиг сонирхол хөндсөн тохиолдолд урьдчилан мэдэгдэж оролцоог хангаж сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэх үүргийг биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч компанийн тухайд маш их хэмжээний хөрөнгө оруулалт зарцуулсан. Хууль ёсны хамгаалах зарчим хэрэглэх юм. Өөрөөр хэлбэл мөнгөн дүнгээр илэрхийлэх нөхцөл байдал бий болж байна. Өдий хугацаанд зарцуулсан үйл ажиллагааны үр шим хөрөнгө оруулалт хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж ийм нөхцөл хүргэсэн байна. 2022 оны 6 сарын 07-ны өдрөөс өмнө нь 5 сарын 18-ны өдрийн хугацаандаа тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан талаарх мэдэгдлийг хүргүүлж тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтыг өгсөн бол бид нар төлбөрийг төлөх бүрэн боломжтой байсан. Энэ нь захиргааны байгууллагын гол буруутай үйл ажиллагаа юм. Бид нар цуцлах үндэслэл хүргүүлээгүй мэдэгдлийг хүлээж авснаар төлбөр төлөх өдөр хугацаагаа санах биш ямар учир шалтгааны улмаас энэ хугацааг цуцлах үндэслэл бүрдсэн байна вэ гэдгийг Ашигт малтмалын тухай хуулийн 56.3, 56.4 дэх хэсэгт заасны дагуу дээд шатны байгууллагад хянуулах боломж байсан. 6 сарын 20-нд гардуулсан нөхцөл байдал байсан. Иймд дээрх дурдсан үндэслэлээр хариуцагчийн байгууллагын 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 334 дүгээр шийдвэр нь нэхэмжлэгч компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хуульд үндэслэлгүй шийдвэр гарсан учир шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрх хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчаас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
“Д******* аймгийн Б******* сумын нутагт орших Дэлийн чулуут ухаа нэртэй газарт 9435,54 гектар бүхий талбайг ашигт малтмалын хайгуулын XV-02******* дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 287 дугаар шийдвэрээр анх "НММ******* " ХХК-д олгосон. Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 231 дүгээр шийдвэрээр өргөдлийн бүртгэлийн EX-009347 дугаарт бүртгэгдсэн “НММ******* ” хамтарсан хөрөнгө оруулалттай ХХК-ийн эзэмшлийн Д******* аймгийн Б******* сумын Дэлийн чулуут ухаа нэртэй 9435,54 гектар талбай бүхий XV-02******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана" гэж заасны дагуу хуулийн 22.1.1-22.1.4 дэх хэсэгт заасан материалыг тус компаниас хүлээн авсан байна.
Дээрх материалд үндэслэн мөн хуулийн 22.2 дахь хэсэгт "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ" гэж заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс тооцож, 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 8/2740 дугаартай албан бичгээр "НММ******* " ГХОХХК-д мэдэгдэх мэдэгдлийг гаргасан байх бөгөөд тус компанид 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтын хамт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан байна
Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8/3253 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 342 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит 4 дэх жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримт ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг "НММ******* " ГХОХХК-д мэдэгдсэн бөгөөд дээрх мэдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр "Монгол шуудан" ХК-иар хүргүүлсэн. Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 332 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10/3903 дугаар албан бичгээр "НММ******* " ГХОХХК-д мэдэгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Д******* аймгийн Б******* сумын нутагт орших Дэлий чулуут ухаа нэртэй газарт 9335,54 м.кв талбайд ашигт малтмалын хайгуулын XV-02******* дугаартай тусгай зөвшөөрлийг кадастрын хэлтсийн даргын 2019 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн 287 дугаар шийдвэрээр анх “НММ******* ” ХХК-д олгосон. Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 231 дүгээр шийдвэрээр өргөдлийн бүртгэлийн ЕХ-009347 дугаарт бүртгэгдсэн “НММ******* ” ХХК-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн эзэмшлийн Д******* аймгийн Дэлийн чулуут ухаа нэртэй 9435,54 талбай бүхий 02******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу хуулийн 22.1.1-22.1.4 дэх хэсэгт заасан материалыг тус компаниас хүлээн авсан байна. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах гэж заасан. Улмаар хуульд заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасны дагуу 2022 оны 6 сарын 07-ны өдрөөс тооцож 2025 оны 6 сарын 07-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан бөгөөд Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 8/2740 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанид мэдэгдэх мэдэгдлийг гаргасан байх бөгөөд тус компанид 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсралтын хамт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 8/3253 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 34.2 дах хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит 4 дэх жилийн төлбөрөө төлсөн тухай нотлох баримтаар ирүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 56.1.2 дах хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг нэхэмжлэгч компанид мэдэгдлийг 2022 оны 6 сарын 20-ны өдөр Монгол шуудан ХК-иар хүргүүлсэн. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8 сарын 01-ний өдрийн 332 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 8 сарын 01-ний өдрийн 10/3903 дугаар албан бичгээр нэхэмжлэгч компанид мэдэгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. "НММ******* " ГХОХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 332 дугаар шийдвэрийн “НММ******* ” ГХОХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ,
-Хариуцагчийн зүгээс тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан шийдвэр гаргаж нэхэмжлэгчийг төөрөгдөлд оруулсан,
- маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын мэдэгдэх ажиллагаа хийгээгүй” гэх агуулгаар тайлбарлан маргасан.
2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 332 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж” шийдвэрлэсний дотор “НММ******* ” ГХОХХК-ийн Д******* аймгийн Б******* сумын нутаг “Дэлийн чулуут ухаа” нэртэй 9435,54га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-02******* тоот тусгай зөвшөөрөл багтжээ.
3. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахдаа үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримтыг хавсаргахаар заажээ.
4. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч “НММ******* ” ГХОХХК нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хандан гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргахдаа эхний 3 жилийн төлбөр төлсөн баримтыг хавсарган өгсөн, захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн төлбөр төлөгдөөгүй байхад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 231 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч тухайн тусгай зөвшөөрлийг сунгасан шийдвэр нь “НММ******* ” ГХОХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлд хамааралгүй, цаг хугацааны хувьд өмнө болсон үйл баримт байна.
5. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан ба 32 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тодорхойлох аргачлалыг зааж, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх”-өөр, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах”-аар гэж тус тус хуульчилжээ.
6. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгаж шийдвэрлэсэн талаарх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн мэдэгдлийг тус компанийн ажилтан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан болох нь уг мэдэгдэлд гараар хийсэн бичиглэлээр тогтоогдов.
7. Хуулийн дээрх шаардлагууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудаас үзвэл, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргахад дараа жилийн төлбөр төлсөн байх урьдчилсан шаардлагыг хуулиар тавиагүй, харин тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хангаж ажиллах хуулийн шаардлагын хүрээнд ээлжит жилийн төлбөрийг мөн хуулиар тогтоосон боломжит хугацааны дотор төлөх үүрэгтэй байна.
8. Тухайн тохиолдолд нэхэмжлэгч “НММ******* ” ГХОХХК-иас хугацаа сунгасан талаарх 8/2740 тоот мэдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад дараа жилийн төлбөрийг хуульд заасан боломжит хугацаа болох 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөх боломжтой байсан боловч энэ хугацаанд төлөөгүй байх тул нэхэмжлэгч талын “... хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээж авахдаа дараа жилийн төлбөр төлсөн баримтыг хариуцагч нь шаардаагүй, улмаар тусгай зөвшөөрлийг хугацааг сунгасан нь бидний хувьд төлбөр төлөх шаардлагагүй гэсэн төөрөгдөлд оруулсан” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй.
9. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлахтай холбоотой харилцаанд нарийвчилсан зохицуулалттай хууль болох Ашигт малтмалын тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх ба тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдэл хүргүүлэх үйл ажиллагааны журмыг тус хуулиар зохицуулсан тул уг харилцаанд Захиргааны ерөнхий хууль хэрэглэгдэхгүй. Иймд нэхэмжлэгч талын “...Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй” гэх тайлбар мөн үндэслэлгүй.
10. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан, тухайн тохиолдолд хариуцагч нь хуулиар хүлээсэн энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
11. Тодруулбал, Хариуцагчаас 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8/2353 тоот мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх боловч уг мэдэгдэл нэхэмжлэгч хуулийн этгээдээс үл хамаарах шалтгаанаар хүргэгдээгүй болох нь “Монгол шуудан” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09/766 тоот албан бичигт “... RD166593616MN бүртгэлийн дугаартай илгээмжийг хүргүүлэхээр Б******* сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэрэг О.Сарантуяад 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гардуулсан байна. Бичиг хэрэг О.Сарантуяа нь хаягт эзэнтэй утсаар нь хүргүүлэхээр холбогдоход “Би Б******* суманд байхгүй, Улаанбаатар хотод байна, миний хаягаар доторх албан бичгийг зургийг явуулчих” гэсэн хүсэлтийн дагуу илгээжээ ...” гэсэн байх боловч энэ нь Д******* аймгийн Б******* сумын Архив, бичиг хэргийн ажилтан О.Сарантуяагаас “Монгол шуудан” ХК-д гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тайлбарт “...компьютер форматлаад явуулсан хаяг нь устсан байгаа учир хаягийг олохгүй байна” гэснээс мөн хариуцагчаас хүргүүлсэн гэх дээрх албан бичиг нь Ашигт малтмал, газрын тосны газрын явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэрт “07 дугаар сарын 05-ны өдөр буцаалт хийсэн” гэсэн тэмдэглэлээс тус тус зөрүүтэй байна.
12. Түүнчлэн XV-02******* тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудаст 99******* дугаар утсанд мэдэгдсэн гэх боловч үүгээр 8/2353 тоот мэдэгдлийг эсхүл 332 дугаартай цуцалсан шийдвэр алийг нь мэдэгдсэн болох нь тодорхойгүй, огноо, дугааргүй байх тул хариуцагч нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, цахим шуудан болон харилцаан холбооны бусад хэрэгслийг ашиглаагүй, цуцлах үндэслэл бүрдсэн талаарх 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8/3253 тоот мэдэгдлийг уг хугацаанаас хойш буюу 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаа сунгасан талаарх 8/2740 тоот мэдэгдлийг гардуулахдаа хамт гардуулаагүй, энэ хариуцагч захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагааны уялдаа холбоогүй байдлаас хамааралтай байна.
13. Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь XV-02******* тоот тусгай зөвшөөрлийн 4 дэх жилийн жилийн төлбөрийг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын Төрийн сан дахь 100900000712 төлсөн болох нь хариуцагчаас гаргасан тодорхойлолт болон шүүхээс ашигт малтмалын Кадастрын бүртгэлийн системд хийсэн үзлэгээр тогтоогдов.
14. Дээрхээс үзвэл, маргаан бүхий актын үндэслэл болсон тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэл бодитоор арилсны зэрэгцээ хариуцагч нь хуулиар хүлээсэн мэдэгдэл хүргүүлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч “НММ******* ” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан “НММ******* ” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн хэлтсийн дарга/хуучин нэрээр/-ын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 332 дугаар шийдвэрийн “НММ******* ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ