Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 66

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 Улсын яллагч Д.Нямдэлэг

 Хохирогч Ц.Хонгорзул

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цасанширхэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн

 Нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар оролцов.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар З.Ганзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201718000034 дугаартай  хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

           Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгонд 1996 оны 10 дугаар сарын 07 нд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто засварчин, жолооч мэргэжилтэй, Ам бүл 5 аав ээж 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймаг Шаамар сумын 3 дугаар баг Дулаанхаан тосгон Харваачдын гудамж 01-09 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Ноёныхон овогт Зоригтын Ганзориг РД: МД96100712               

      

Холбогдсон хэргийн талаар

            Шүүгдэгч З.Ганзориг нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт хувийн сэдэлтээр насанд хүрээгүй Ц.Хонгорзулын нүүрэн тус газарт цохих, баруун гарны шуунд өшиглөх зэргээр зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

Тодорхойлох нь

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

      Шүүгдэгч З.Ганзоригийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Анх Ц.Хонгорзул надтай утсаар ярисан.  Ярихдаа “...найз нь танайд хонож болох уу? ээж гэрээсээ хөөчихлөө...” гэж надаас асуухаар нь “...за тэг тэг...” гэж хэлсэн. Ц.Хонгорзул машинтай ирсэн. Ирээд надтай танилцаж гар бариад, манай найз охины хувцсыг нь авах гэж манайд орж ирэхээр нь “...би н.Мөнххишигийг явуулахгүй...” гэхэд У.Хонгорзул над руу куртикээ тайлаад гүйж ирсэн. Тэгэхээр нь би нэг цохисон. Дулаанхааны цагдаа ирж салгаад явуулсан гэв...” гэх мэдүүлэг

            Насанд хүрээгүй хохирогч Ц.Хонгорзулын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэртээ унтах гээд байж байхад манай найз н.Зулаа /н.Хишигээ/ гээд охин надруу 3 удаа залгасан байсан. Би гэрээсээ гарч байгаад залгаад яасан гэж асуухад “...манай найз залуу намайг явуулахгүй байна. Миний найз намайг ирээд авч чадах уу?, таксины мөнгийг чинь маргааш өгье. намайг ирээд аваач...” гээд уйлах гээд ярьж байсан. Би такси авах гээд “Хөх Чулуут” дээр байж байтал над руу эргэж залгаад “...болилоо, маргааш явъя...” гэж хэлсэн. Би явахаа болиод гэр рүүгээ явж байсан чинь эргээд надруу залгаад найз залуу нь надтай ярихад цаанаас нь н.Хишигээ “...намайг ирээд аваад яваач...” гээд орилоод байсан. Өмнө нь энэ залуутай би хэрэлдчихсэн байсан. Худлаа хэлэхгүй бол утсаа унтраагаад алга болчихно гэж бодоод “...ээж намайг гэрээсээ хөөчихлөө. Би танайд очиж болох уу?...” гэж асуусан. Би очингуутаа найз охиныг нь зам дээр зогсож байхаар нь “...явъя суу...” гэсэн чинь “...цүнхээ мартчихлаа...” гэж хэлсэн. Цүнхийг нь авах гээд гэр рүү нь орсон чинь гэрт нь ээж, охин дүү 2 нь байсан. Гэрээс нь цүнхийг нь аваад гараад ирэхэд энэ залуу найз охиноо тэврээд “...би чамайг явуулахгүй...” гэж хэлээд зогсож байхаар нь наад охин чинь явна гээд байгаа юм биш үү гээд хараагаад цамцнаас нь татсан чинь эргэж хараад намайг зангидсан гараараа цохиход нь би унасан. Би босч ирээд курткээ тайлаад энэ банди руу дайрах гэсэн чинь эмэгтэй дүү нь намайг татсан. Би эргэж хараад дүүг нь үсдсэн. Ээж нь гарч ирээд намайг дарсан, хөгшин хүн байсан болохоор би яаж ч чадаагүй. Баруун гараараа тулаад босох гэтэл энэ залуу намайг өшиглөсөн. Энэ залуу намайг өшиглөхөд Зулаа гэдэг охин тэврээгүй, яг миний хажууд уйлаад зогсож байсан. Эчилгээний зардлаа нэхэмжилнэ. Гомдолтой байна..” гэх мэдүүлэг

     Гэрч Г.Алтантулгын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн орой 20 цагийн орчимд Хөх Чулуут такси зогсоол дээр өөрийн эзэмшлийн 9245 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зогсож байх үед нэг охин миний машинд орж ирж суугаад ахаа Дулаанхаан тосгон явах гэсэн юм. Манай найз тосгонд байгаа найзыгаа авах гэсэн юм гэж хэлээд 20000 төгрөгөөр тохироод явахаар болоод хөдлөхөөсөө өмнө тэр охин найзруугаа утсаар холбогдоод ярьсныхаа дараа манай найзыг найз залуу нь явуулахгүй байна гэнээ явахаа болихоос гэж хэлээд машинаас буух гэж байх үед дахин найзтайгаа утсаар холбогдоод ахаа найз маань хүрээд ир гэж байна гээд бид хоёр Дулаанхаан тосгон руу хөдөлсөн. Би д хоёр Дулаанхаан тосгонд 21 цаг өнгөрч байх үед очсон бөгөөд төв зам дээр нэг охин, нэг залуу хоёр тосоод уулзсан. Миний машинд сууж явсан охин найзынхаа цүнхийг авч ирэхээр хамт явсан бөгөөд тэр хоёрыг явсны дараа найз залуу нь гэх залуу миний машинд орж ирээд ахаа би найз охиноо явуулмааргүй байна гэж хэлэх үед нь би танай найз охин надад мөнгө өгнө гэж хэлсэн тэгээд хэн тооцоо хийх юм гэж асуухад тэр залуу манай найз охинд ямар ч мөнгө байхгүй, та тэр охиноос өөрөөс нь авчихаа гэж хэлээд миний машинаас буугаад явсан. Тэгээд би машинаа төв зам дээр эргүүлж байх үед машины гэрэлд надтай цуг явсан охиныг олон хүмүүс зодож байгаа бололтой харагдахаар нь би машинаа замын хажуу руу оруулж зогсоод тэд нар руу гүйгээд очих үед тэд нар охиныг зодохоо больсон. Мөн тухайн үед Дулаанхаан тосгоны цагдаа хүрээд ирсэн. Тэр охиныг нөгөө залуу, залуугийн дүү гэх нэг охин, бас нэг жаахан хүү, тэд нарын ээж гэх нэг эмэгтэй гээд 4 хүн зодсон байсан. Мөн надтай хамт ирсэн охины найз гэх охин хажууд нь хараад зогсож байсан. Тэр охиныг хэн нь хаана нь цохисон талаар бол хараагүй. Надтай хамт ирдэг охин миний гар хөдлөхгүй байна гээд байсан. Тэгэхээр нь би тэр охины гадуур хувцасыг нь өмсүүлээд тэнд хэсэг байж байгаад тэр охин бид хоёр Сүхбаатар сумруугаа явж байх үед охины зүүн нүд нь нилэнхүйдээ хавдаад хөхөрсөн байсан. Би шууд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/

      Гэрч Н.Мөнххишигийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би найз залуугийнхаа гэрт 2-3 хонож байх үед буюу 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр найз залуу Ганзоригтой нэг найзааса нь болж маргалдаад чинь намайг зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ харьмаар санагдаад найз Хонгорзул руу утасдаад найзыгаа ирээд аваач найз нь харьмаар байна гэж хэлэхэд Хонгорзул такси бариад Дулаанхаан тосгон руу ирэхээр болсон. Ингээд удалгүй Хонгорзул 21 цагийн үед Дулаанхаан тосгонд ирчихлээ гэсэн. Тэгээд Ганзориг бид хоёр гэрээс гарч төв зам руу гарч зогсоод Хонгорзулыг тоссон. Хонгорзул ирээд намайг найз нь чамайг гээд ирлээ шүү дээ явъя хувцасаа авсан юм уу гэж хэлээд бид хоёр миний хувцасыг авахаар Ганзоригийн гэрт орж би цүнхтэй хувцасаа аваад тэдний гэрээс гарсаны дараа Ганзориг ирээд чи миний найз охиныг авч явах гэлээ гэж чангаар дуугараад намайг татаж чангаагаад байх үед Хонгорзул чи муу яах гээд байгаа юм бэ би найзыгаа авч явах гэж байна гэж хэлтэл Ганзориг Хонгорзулыг алгадах шиг харагдсан. Тэр үед Хонгорзул газар уначихаад босч ирээд өөрийнхөө гадуур хувцасыг тайлж газарт шидээд хоорондоо хэрүүл маргаан хийгээд барьцалдаад зогсож байх үед нь би Ганзоригийг салгаад зогсож байгаад Хогорзул руу хартал Хонгорзул Ганзоригийн дүү охин Цацралын үснээс нь зулгаагаад газарт уначихсан байсан. Тэр хоёрыг Ганзоригийн ээж Энхтуяа салгах гэж байх үед Ганзориг очиж салгасан санагдаж байна. Яг тэр үед цагдаа ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/

      Насанд хүрээгүй гэрч Г.Гантогтохын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ганзориг Сэлэнгэ аймгийн Шаамар сум Дулаанхаан тосгоны Ерөнхий боловсролын сургуулийг төгссөн бөгөөд сургуулиа төгсөөд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж тухайн сургуулиа төгсөөгүй дундаас нь хаясан санагдаж байна. Мөн Цацрал Дулаанхаан тосгоны Ерөнхий боловсролын сургуульд 9 дүгээр анги төгсөөд ахын адил Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаад сургуулиасаа хөөгдсөн гэж байсан. Ганзориг нь даруу үедээ даруу, хөгжилтэй үедээ хөгжилтэй хүн юм. Хүнд их тусархуу, ажилсаг зантай. Ганзориг аав ээж дүү нарын хамт амьдардаг. Амьдрал ахуй ядуу, зүдүү амьдралтай. Цацралын хувьд даруу, төлөв мөртлөө заримдаа чангаар хашгирч ярилцаад инээгээд байдаг зантай...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/

            Гэрч Б.Анхмандахын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ганзориг Цацрал хоёр Дулаанхаан тосгоны ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийг төгсцгөөсөн. Ганзориг нь дуу цөөтэй даруухан, хүнд тусархуу хүн байгаа юм. Бид хоёр Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг байх үед Ганзориг хичээл ном хийдэггүй мөртлөө үймүүлээд байдаггүй даруухан дуу багатай хүүхэд байсан. Цацралын хувьд дуугүй даруухан хүүхэд юм шиг санагддаг. Өөрөөр тэр хүүхдийн талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/

            Гэрч П.Буяндэлгэрийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 21 цаг өнгөрч байхад Дулаанхаан тосгоны төв замын хажуу талд хэсэг хүмүүс зууралдаад байх шиг байхаар нь очтол манай тосгоны Ганзориг гэх залуу Ганзоригийн дүү Цацрал Ганзоригийн ээж, бас нэг жоохон хүү, Ганзорийгийн найз охин, зодуулсан гэх 17 орчим насны охин, таксины жолооч гээд тэнд долоон хүн байсан. Би яг хажуу нь очихоос өмнө буюуу 10 гаруй метр зайнаас хөе та нар больцгоо гэж хашгиртал салцгаасан юм. Миний харснаар зодуулсан гэх охин Цацралтай зууралдсан байдалтай Ганзориг болон түүний ээж, дүү гэх жаахан хүү нар тойрч зогссон байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад Ганзоригийн найз охин найз охиноо ирээд аваач гэхээр нь тэр охин ирж найзаа авч явах гэтэл Ганзориг явуулахгүй гээд тэр охиныг цохисон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар тал/

            Гэрч Б.Цасанширхэгийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр манай охин утсаар найзтайгаа яриад байгаа байдалтай байснаа надад хандаж би найзтайгаа уулчихаад ирье гэж хэлээд гэрээсээ гараад явсан. Би чи хаачих гээд байгаа юм бэ гэж хэлтэл ойрхон ээж би гялс гараад ирье гэж хэлээд гэрээс гараад явсан. Хонгорзул гэрээсээ гарч явснаас хойш би удаа дараа залгасан боловч утсаа авахгүй байсан. Хонгорзул тэр орой гарч яваад 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тухайн үед манай охины нүүр нь хавдсан байсан. Мөн өөрийнхөө гарыг өвдөөд байна гэж хэлээд байсан. Гарыг нь үзүүлтэл хугарсан байна гэж хэлээд гипс тавьж боож өгсөн. Миний охин гэрээсээ гарахдаа цоо эрүүл, биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/

            Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №31 дугаартай шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн актанд:

1.Ц.Хонгорзулын биед богтос ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, зулгаралт зүүн нүдний доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3-р баг Дулаанхаан тосгоны захирагчийн албаны тодорхойлолт /хх-ийн 47 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 55-59 дүгээр тал/

З.Ганзоригийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 61 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62 дугаар тал/

Хохирогчийн хохирол тооцож бичсэн баримт /хх-ийн 71 дүгээр тал/

Хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт эх хувиараа болон 2 ширхэг гэрэл зураг, рентген зураг 1ш /хх-ийн 73-84 дүгээр тал/

Хохирогчийн хохирлын баримтууд /хх-ийн 84-85 дугаар тал/

Гэрч хохирогч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 95-96 дугаар тал/

Гэрч О.Алтангэрэлийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Хонгорзул нь Сүхбаатар сумын 1 дүгээр багт ээж, 4 настай дүүгийнхээ хамт амьдардаг. Ээж нь эрхэлсэн тодорхой ажил хөдөлмөр байхгүй. Өрхийн тогтсон орлогогүй. Амьдралын түвшинээс доогуур орлоготой. Ээж нь сургуулийн багш нартай хааяа уулзаж хүүхдийнхээ сахилга, сурлаганд анхаарал хандуулдаг. Сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Хааяа шалтгаангүй хичээл тасалдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 97 дугаар тал/

Насанд хүрээгүй гэрч Д.Очгэрэлийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Хонгорзул нь хичээл сурлагадаа дунд зэрэг Гэхдээ сурах эрмэлзэл хичээл чармайлттай. Анги хамт олны дунд нийтэч, хөгжилтэй охин. Даруу төлөв, шулуун шударга зантай. Өөрийгөө бусдад зөв ойлгуулж илэрхийлэх чадвартай. Хүнд худлаа хэлэхгүй, болсон явдлын талаар үнэн зөв тодорхой ярьдаг. Архи тамхи татах муу зуршилтай болохыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар тал/

Гэрч Б.Баянбаатарын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сүхбаатар сумын иргэн 16 настай Ц.Хонгорзул 2017.01.20 өдөр өөрийн толгой шуугаар өвдөх зовиуртай ирж үзүүлсэн. Үзлэгээр Нүүрний зүүн тал, ар нуруу, баруун шуугаар өвдөлт ихтэй, зөөлөн эдийн няцралтай буюу зүүн нүдний дээд зовхинд цус хуралт дээд уруулын дотор салстад цус хуралт, зулгаралт, зүүн хацар шанаанд няцрал гэмтэлтэй байсан. Баруун гарын хугаралд гипс тавьсан. Эмийн болон эмийн бус эмчилгээ зөвлөж буцаасан...” гэх дүгнэлт /хх-ийн 100 дугаар тал/

Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №114 дүгнэлтэнд:

1.Ц.Хонгорзулын биед богтос ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, зулгаралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3.Богтос ясны хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар санрниулах тул гэмтлийн хүндэвтэр, тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, зулгаралт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 118 дугаар тал/

Шүүгдэгч З.Ганзоригийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 39-40 дүгээр тал/

Шүүгдэгч З.Ганзоригийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 46 дугаар тал/ зэрэг болно.

 

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд

 

            Шүүгдэгч З.Ганзориг нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт хувийн сэдэлтээр насанд хүрээгүй Ц.Хонгорзулын нүүрэн тус газарт цохих, баруун гарны шуунд өшиглөх зэргээр зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; Насанд хүрээгүй хохирогч Ц.Хонгорзулын шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх11-14/, гэрч Г.Алтантулгын /хх14-15/, Н.Мөнххишигийн /хх-17-18/, П.Буяндэлгэрийн /хх22/ Б.Цасанширхэгийн /хх24/, Б.Баянбаатарын /хх100/ мэдүүлгүүд, шинжээчийн  31, 114 тоот дүгнэлтүүд /хх29,118/ зэрэг болно.

Тухайн хэрэг болох байсан үед цуг байсан төдийгүй  хэрэг болсны дараа уулзаж байсан гэрчүүд болон энэхүү хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил мэргэжлийн хүрээнд хууль сануулж гаргасан шинжээч эмчийн дүгнэлтийг шүүх тус тус үнэн зөв гэж үзэв.

Насанд хүрэгүй хохирогч Ц.Хонгорзулын биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч гэмтлийн зэрэг дээр маргаангүй байна.

            Шүүгдэгч З.Ганзоригт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан албадан ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р ,зүйлийн 55.1-д зааснаар анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98-р зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, учруулсан бодит хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг ял шийтгэл онолгдуулахдаа харгалзан үзэв.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Хонгорзул түүний хууль ёсны төлөөлөгч нараас мөрдөн байцаалтын шатанд гаргаж ирүүлсэн хавтаст хэргийн  84-85 дугаар талд авагдсан баримтуудад үндэслэн шүүгдэгч З.Ганзоригоос 153.300 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Ц.Хонгорзулын хууль ёсны төлөөлөгч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг 121 тоотод оршин суух Боржигон овогт Борын Цасанширхэгт /МЬ80101509/-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 292, 294, 297, 298 -р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Ноёныхон овогт Зоригтын Ганзоригийг мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан “Бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Ноёныхон овогт Зоригтын Ганзоригт  360 /гурван зуун жаран/ цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.   

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50-р зүйлийн 50.1-д зааснаар шүүгдэгч З.Ганзоригт оногдуулсан 360 цагийн албадан ажил хийлгэх ялыг нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.   

4.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 50-р зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч З.Ганзориг албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхааруулсугай

5.Шүүгдэгч З.Ганзориг нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дуаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Ганзоригоос 153.300 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Ц.Хонгорзулын хууль ёсны төлөөлөгч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг 121 тоотод оршин суух Боржигон овогт Борын Цасанширхэгт /МЬ80101509/-д олгосугай.

7.Шүүгдэгч З.Ганзоригт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байхаар баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  аймгийн шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ                                      Б.ЭРДЭНЭХИШИГ