Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 181

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02381 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г” ХХК-д холбогдох

 

Дулааны эрчим хүчний төлбөр 52 963 891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас гарсан зардал 21 277 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ж,

Хариуцагчийн өмгөөлөгч С.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонтамир нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2017/133 тоот хүсэлтийн дагуу “М” ХХК нь Говь-Алтай аймгийн Онцгой Байдлын хэлтсийн Аврах, Гал Унтраах Ангийн барилгыг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дулааны эрчим хүчээр хангаж эхэлсэн. Тус өдрөөс хойш одоог хүртэл тус компани нь дулааны эрчим хүчний төлбөр тооцоогоо төлж барагдуулаагүйгээс 52 963 891 төгрөгийн хуримтлагдсан авлага үүссэн нь компанийн санхүү, эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж байна. Сарын төлбөрийг 6 158 592 төгрөг байхаар тохирсон бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд дулааны эрчим хүчээр хангасан. Хариуцагч нь төлбөр тооцоогоо цаг хугацаанд нь төлж барагдуулаагүйгээс үндсэн төлбөр 52 963 891 төгрөг, алданги 16 206 374 төгрөгийн, нийт 69 170 265 төгрөгийн авлага үүссэнийг нэхэмжилсэн шаардлагыг шүүхэд гаргасан. Гэхдээ талууд гэрээг бичгээр байгуулаагүй тул алданги шаардсан хэсгээр шаардлагаа багасгаж, “Ганзосон констраншн” ХХК-аас 52 963 891 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны хооронд халаалт зогссон гэх үндэс баримтаар нотлогдоогүй, доголдолтойг хариуцагч нотлоогүй, Говь-Алтай аймгийн Засаг дарга нь доголдлын талаар тодорхойлолт гаргах эрхтэй этгээд биш тул сөрөг шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч талтай огт гэрээ хийгээгүй. Тендерийн материалд байгаа техникийн нөхцөлд “М” ХХК дулаанаар хангах гэж заасан байсан тул 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүсэлт гаргасан. Үүний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дулаанаар хангаж эхэлсэн. Дулаан авахдаа хэсэгчилж авсан бөгөөд амьтай голтой л байсан. Урд хэсэгтээ дулаан авсан, хойд хэсгийг 12 сард авсан. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн бүх барилга хөлдөж нам зогссон. Өвлийн бэлтгэл хангагдаагүй байсан. “М” ХХК ажлаа мэдэхгүй жоохон залууг инженерээр авснаас ч болсон байж магад. Ингээд дулаан зогссоноос болж барилгын доорх магистрал шугамууд хөлдсөн, дотор талд цан цохисон, улмаар шугам солих, дотор заслыг дахин хийх зэргээр зардлууд гаргасан. Нэхэмжлэгч 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дулаанаар хангасан, дунд нь тасалдсан учир 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-нийг хүртэл, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 3 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацааны төлбөрийг л төлнө. Тэгэхээр 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бодогдсон төлбөрөөс 2 258 150 төгрөг хасагдах, мөн 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд дулаанаар хангаагүй тул 2017 оны 12, 2018 оны 01 дүгээр саруудын төлбөрөөс 5 594 927.74 төгрөг хасагдах учиртай. Манай компани 35 872 925 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хэсэг үндэслэлгүй.

Харин сөрөг шаардлагын тухайд 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр халаалт ирж 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хэвийн байсан. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр халаалт зогссон бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч талаас Н.Ганбаатар, н.Наранбаатар нар ирж үзсэн байдаг. Бид хөлдөж, хагарсан шугамыг солих ажлыг хийж, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр засвар бүрэн дуусч, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр халаалт авсан. Анхнаасаа халаалт чанар муутай нийлүүлж байсны улмаас 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байрандаа ч Онцгой байдлын хэлтсийн ажилчид ажиллаж чадахгүй нөхцөл байдал үүссэн. 2017 оны 12 дугаар сард нүүж орсон өдрөөсөө хойш буцаад нүүсэн байдаг. Доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлснээс болж манай компаниас дахин засвар хийх шаардлага үүссэн бөгөөд барилгын материалын зардалд 9 477 000 төгрөг, материал тээвэрлэх зардалд 3 500 000 төгрөг, засварын ажлын хөлс 8 300 000 төгрөг, нийт 21 277 000 төгрөгийн зардалд гарсан. Иймд нэхэмжлэгчээс 21 770 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгааг хангаж, бидний төлөх үүрэг бүхий 35 872 925 төгрөгөөс хасаж, үлдэх 14 595 925 төгрөгийг бид төлөхийг зөвшөөрч. Өөрөөр хэлбэл бид энэ хохирлоо төлөх мөнгөнөөсөө хасуулж, үлдэх хэсгийг нэхэмжлэгчид төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-т заасныг тус тус баримтлан “Г” ХХК-аас 38 491 200 төгрөг гаргуулж “М” ХХК-д, “М” ХХК-аас 5 848 000 төгрөг гаргуулж “Г” ХХК-д тус тус олгож, “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 472 691 төгрөгт холбогдох хэсгийг, “Г” ХХК-ийн сөрөг шаардлагаас үлдэх 15 429 000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 503 801 төгрөг, хариуцагчаас төлсөн 264 335 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 350 406 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 108 518 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үйл явдал болон тооцоог буруу гаргасан гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрт 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 01 сарын 13-ны өдрийг хүртэл дулаанаар хангаагүй учраас тухайн барилгын сантехник хөлдөж, барилгад цан цохин, жавар хурсан байсан. Энэхүү нөхцөлд акт бүрдүүлэхээр “М” ХХК-ийн албан тушаалтан болон инженерийг дуудсан боловч ирсэн ч акт үйлдээгүй зугтаасан ба төлбөрийн тооцооноос хасч тооцохоор амаар хэлэлцсэн боловч нэхэмжлэгч нар тооцоогүй, тэдний буруутай үйл ажиллагаа байсан. Шүүгч 2018 оны 01 сарын 01-нээс 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл гэж алдаатай буруу дүгнэлт гаргасан байна. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс Говь-Алтай аймагт “М” ХХК-ийн буруугаас хэрэглэгчийн эрх ашиг зөрчигдөж, эрүүл мэнд, эд хөрөнгөд бодитой нөхцөл байдал үүссэн байсан. Энэ байдал нь тухайн барилгын сантехник хөлдсөн болохыг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 5/1704 албан тоотоор нотолж байна. Тухайн барилгад 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд дулааны эрчим хүчээр хангагдсан гэж үзэхээр байна гэж шүүгч дүгнэсэн байна. Гэтэл 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн халаалт зогссон болохыг гэрч Т.Батбаяр нотолсон болно. Гэтэл шүүх 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дулаанаар хангасан байна гэж ямар ч нотлох баримтгүйгээр 1 сарын төлбөр болох 8 398 080 төгрөгийг илүү тооцож гаргасан байна.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд “М” ХХК- нь 2017 оиы 12 дугаар сарын 25-ны өдрөөс 13-ны өдрийг хүртэл тухайн барилгыг дулаанаар хангаагүйгээс хөлдсөн, халаалтыг эрт зогсоосноос барилгад эд хөрөнгийн 21 277 000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн байхад шүүх дутуу тооцоо хийж 5 848 000 төгрөгийг гаргасанд гомдолтой байна. Учир нь барилгын засварт орсон З0тн цементны төлбөрийг 504 000 төгрөг гэж буруу тооцсон. Энэ нь баримтаар 5 040 000 төгрөг байгаа болно. Дээрх засварын ажлыг хийхэд зарцуулсан ажилчдын хөлс болох 8 300 000 төгрөгийг хасч тооцсон бөгөөд засварын ажлыг ажилчид хийсэн болно. Мөн засварт зориулагдсан эд материалын үнийг тооцохдоо дутуу тооцсон байна. “М” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж Онцгой байдлын хэлтэс нь тухайн барилгадаа орж үйл ажиллагаагаа явуулаагүй тул манай компани нь дээрх обьектыг тендерт заагдсан хугацаа дуусан байхад 1 жил харуул хамгаалалт болон бусад асуудлыг хариуцаж бидэнд хохирол учирсан болно. Иймд шүүгчийн тооцсоноор халаалт авсан хоног нь 125 хоног байгаа ч бидний тооцоогоо 89 хоног тул хоногийг зөв тооцож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж 21 277 000 төгрийг "М" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан дулааны эрчим хүчний төлбөр 52 963 891 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас гарсан зардал 21 277 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Талуудын хооронд амаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Баянхайрхан багийн нутаг дэвсгэрт баригдсан Онцгой байдлын Ерөнхий газрын Аврах, гал Унтраах 59 дүгээр ангийн барилга орон сууц, оффиссын зориулалттай барилга байгууламжийг дулааны эрчим хүчээр хангах, хариуцагч нь 1 сарын эрчим хүчний төлбөрийг 8 398 080 төгрөгөөр тооцож төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцсон үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл дулааны эрчим хүчээр хангасан гэж, хариуцагч нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл дулааны эрчим хүч нийлүүлсэн гэж маргасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмын дагуу хариуцагчийн тайлбар, гэрч Т.Батбаярын мэдүүлгийг харьцуулан үнэлж нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хариуцагчид дулааны эрчим хүч нийлүүлсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хэмжээг хоногт шилжүүлэн тооцож 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Г” ХХК-ийг дулааны эрчим хүчээр хангасан тул нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сар 35 хоногийн хугацааны дулааны эрчим хүчний төлбөр шаардах эрхтэй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Иймд 3 сар 35 хоногийн эрчим хүчний төлбөр 34 992 000 төгрөгт 10 хувийн татвар 3 499 200 төгрөгийг нэмж, нийт 38 491 200 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хэргийн 118, 148-150 дахь талд авагдсан Онцгой байдлын ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9/2396 дугаар албан бичиг болон гэрч Т.Батбаярын мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэвэл 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд дулааны эрчим хүч хангах үйл ажиллагаа тасалдсан гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч “М” ХХК-ийг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд дулааны эрчим хүчээр хангах үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх байдлаар, нэхэмжлэгч эрчим хүчээр хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хариуцагчид хохирол учирсан байх тул Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д зааснаар хариуцагч нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч “Г” ХХК-ийн барьсан барилга дээрх хугацаанд дулааны эрчим хүчээр хангагдаагүйн улмаас дулааны шугам хөлдсөн тул дулааны шугам солиход 64 метр 40 турба /хар/, 32 метр 40 турба /цагаан/, 750 ват насос 4 ширхэг, газ 30 ширхэг шаардагдсан болох нь хэргийн 124 дүгээр талд авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Шаардах хуудас” баримтаар тогтоогджээ.

 

Мөн хариуцагч нь Говь-Алтай аймаг хүртэлх тээврийн хөлсөнд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Хаан банкаар дамжуулан 3 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шатахууны үнэ 500 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 30 тонн цементийн төлбөр 5 040 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэргийн 74, 76-77 дахь талд авагдсан зарлагын болон 500 000 төгрөгийн шатахуун авсан баримт, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүх 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 30 тонн цементийн үнэ 5 040 000 төгрөгийг 504 000 төгрөг гэж буруу бичсэнийг залруулах боломжтой.

 

Иймд тээврийн хөлс 3 000 000 төгрөг, шатахууны үнэ 500 000 төгрөг, 30 тонн цементийн төлбөр 5 040 000 төгрөг, дулааны шугам солиход гарсан зардал 1 844 000 төгрөг, нийт 10 384 000 төгрөгийг нэхэмжлэгч “М” ХХК-иас гаргуулж хариуцагч “Г” ХХК-д олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна. Хэргийн 75 тал дахь 540 000 төгрөгийн зарлагын баримт, хариуцагч компанийн нягтлан бодогчийн гаргасан тооцоо болон дотоод заслын хөлс 8 300 000 төгрөг нь зардал бодитоор гарсныг нотлохгүйгээс гадна зардлын баримтыг эргэлзээтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2018/02381 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “5 848 000” гэснийг “10 384 000”, “15 429 000” гэснийг “10 893 000” гэж,  

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “108 518” гэснийг “180 518” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Г” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 723 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ