| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/08002/000 |
| Дугаар | 2025/ШЦТ/1080 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1080
2025 04 29 2025/ШЦТ/1080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч О.Нандинцэцэг,
шинжээч С.Дорждэрэм,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б,
шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч Б.Өлзийбаяр, Х.Наранзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Гэд холбогдох эрүүгийн 2411000001841 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Г нь зохих зөвшөөрөлгүйгээр 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Шар хадны эцсээс Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан 258.6кг Сибирь хушны үр идээ /самар/-г худалдан авч, улмаар тухайн газраас ..........СЭА улсын дугаартай, Toyoto land Criuser J80 загварын тээврийн хэрэгслээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох Сансар, 100 айл, 32, 7 буудал, "Гүнт" шалган нэвтрүүлэх пост хүртэлх чиглэлд тээвэрлэсний улмаас Байгаль экологи, ургамлын аймагт 25.575.540 төгрөгийн шууд хохирол, түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 127.877.700 төгрөгийн хохирол, хор уршиг учруулж, байгалийн ургамлыг хууль бусаар худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Г нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2411000001841 дугаартай хэргээс:
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-14/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-31/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ажуй нэгж, байгууллагаac байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д "байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн сайдын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/737 дугааp тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/723 дугаартай тушаалд заасны дагуу зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Байгалын ургамлын тухай хуульд "Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална" гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт-д багтсан. Хуш модны самарны үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Тийм болохоор 127,877,700 (зуун хорин долоон сая найман зуун далан долоон мянга долоон зуун) төгрөгийн нэхэмжилж байна. Шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр хуудас/, Гэрч Ц.Батмөнхийн: "Намайг манай найз Х.Г самар үзэхээр хамт хань болоод яваад өгөөч гэхээр би зөвшөөрөөд бид 2 Сэлэнгэ аймгаас 2024 оны 10 дугаар сарын 19-ний орой уулын замаар явсаар Төв аймгийн Батсүмбэр сумаар дамжиж самар үзэж явахад 20-ны өдөр маш их хэмжээний цас ороод бид 2 самар узэж чадалгүй тухайн өдрийн орой Улаанбаатар хотод орж хоносон. Маргааш еглее буюу 2024 оны 10 дугаар сарын 21-ний өглөө эрт Х.Г авто машины дугуй янзлуулаад ирье гэж хэлээд буудлаас гараад явсан. Тэгээд Х.Г бид 2 Сэлэнгэ аймар руу буцахаар болж Улаанбаатар хотоос гарахад байрладаг Гүнтийн постонд ирээд цагдаагийн алба хаагч нар шалгахад манай тээврийн хэрэгслээс 5 шуудай самар гарч ирсэн үйл явдал болсон. Бид 2 ууланд явахдаа ямар нэгэн байдлаар самар бэлтгээгүй юм. Харин сүүлд сонсоход Х.Г 2024 оны 10 дугаар сарын 21-ний өглөө тээврийн хэрэгслийн дугуйг янзлуулж явахдаа хүнээс худалдаж авсан гэж байсан юм. Х.Г цайруулсан самар худалдаж авахад би ямар нэгэн байдлаар оролцоогүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3192 дугаартай-Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д орсон ургамал. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour -ийн үр буюу самар нь ойн дагалт баялагт ордог. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Tour самрын түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс (Хуш)-Pinus sibirica Du Touг нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн самрын чийг нь 28.4% байх тул нойтон байна. Хуш модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой. Дээрхи стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ, чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг нь тогтоох боломжгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 258.6 кг самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98900x258.6 кг=25.575.540 төгрөг байна. Хуш модны самрын "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэхь хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 25.575.540х3=76.726.620 төгрөг байна. Мөн "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаар заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг нөхөн төлбөрийг тооцвол 25.575.540x5=127.877.700 төгрөг байна" шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-74/,
Шүүгдэгч Х.Гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 108-134/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.Гэд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Г нь зохих зөвшөөрөлгүйгээр 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Шар хадны эцсээс Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын "Ховор ургамлын жагсаалт"-д багтсан 258.6кг Сибирь хушны үр идээ /самар/-г худалдан авч, улмаар тухайн газраас ..........СЭА улсын дугаартай, Toyoto land Criuser J80 загварын тээврийн хэрэгслээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох Сансар, 100 айл, 32, 7 буудал, "Гүнт" шалган нэвтрүүлэх пост хүртэлх чиглэлд тээвэрлэсний улмаас Байгаль экологи, ургамлын аймагт 25.575.540 төгрөгийн шууд хохирол, түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 127.877.700 төгрөгийн хохирол, хор уршиг учруулж, байгалийн ургамлыг хууль бусаар худалдан авч, тээвэрлэсэн болох нь:
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-14/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-31/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3192 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 68-74/ зэргээр хангалттай, хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.
Түүний дээрх үйлдэл нь “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг, “Байгалийн ургамлын нөөц” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг тус тус ойлгох бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамал”-д байгалийн жамаар нөхөн сэргээх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална гэж хуульчилжээ.
Мөн ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг;” ойлгоно гэж заасан боловч Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ямар ургамлыг ховор ургамалд тооцох талаар тогтоол гаргаж, жагсаалт батлах эрх хэмжээг Монгол Улсын Засгийн газарт хууль тогтоогч олгосон байна.
Түүнчлэн Ойн тухай хуулийн 3 дахь хэсгийн 3.1.1-д “Ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг” гэж, 3.1.2-т “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг” гэж, 3.1.11-д “ойн баялаг” гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг” гэж, 3.1.12-т “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” ойлгоно гэж хуульчилсан бөгөөд “самар нь хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж буй ховор ургамал” болохыг үгүйсгэх үндэслэл байхгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д нарсны овгийн Сибирь нарс /хуш/ модны самар орсон байна.
Дээрх ховор ургамлын жагсаалтад орсон самрыг шүүгдэгч Х.Г нь худалдан авсан, тээвэрлэсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгчийн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаар өөр зорилгоор ховор ургамал болох 258.6 кг Хушны самар худалдан авсан, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 03 дугаар сарын 30-ны өдөр баталсан Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зөв, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан суурь хууль бөгөөд уг хуулиар байгаль орчинд хамаарах объектуудыг газар, ус, агаар, ургамал, амьтан гэх зэргээр төрөлжүүлэн салбарын хуулиар нарийвчлан зохицуулсан байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн тухайд сибирь хушны самар нь ховор ургамалд тооцогдохын зэрэгцээ ойн дагалт баялагт хамаарч байх тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох нь шүүгдэгчид ашигтай гэж үзэв.
Шинжээчийн дүгнэлтэд 1 кг нойтон хуш модны самрын экологи эдийн засгийн үнэлгээг 98,900 төгрөгөөр тогтоосон бөгөөд шүүгдэгч Х.Гийн худалдан авсан, тээвэрлэсэн гэх 258,6 кг самрыг дээрх дүнгээр үржүүлэхэд 25,575,540 төгрөг болно. Үүнийг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцоход 76,726,620 төгрөг болох ба энэхүү дүнгээр гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээг тогтоож шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд олгуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хохирол нөхөн төлөхтэй холбоотой ажлын 5 хоног хүртэл завсарлага авсан ба энэ хугацаанд шүүгдэгчийн зүгээс 4,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүгдэгчийн төлөх төлбөрийн хэмжээг 72,726,620 төгрөгөөр тогтоолоо.
Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах Экологийн цагдаагийн албаны тусгай зориулалтын эд мөрийн баримтын агуулахад хадгалагдаж байгаа 258,6 кг Сибир хушны үр идээ /самар/-г хохирол нөхөн төлүүлэхээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Экологийн цагдаагийн албанд даалгаж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №416 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож “Toyota Land Criuser” маркийн ..........СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хохиролд нөхөн төлүүлэхээр мөн Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилжээ.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ:“... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Зорчих хүрээг Сэлэнгэ аймаг, Өмнөговь аймгаар тогтоож өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Х.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гэд 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, түүний одоо оршин суугаа хаяг болох Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэх нь үндэслэлтэй.
Орон нутагт ажиллаж амьдардаг иргэдийн хувьд амьжиргаагаа залгуулах, ажил хөдөлмөр эрхлэх, эмнэлэг, төрийн үйлчилгээ авах, бараа бүтээгдэхүүн худалдан авах зайлшгүй шаардлагаар аймгийн төв орох нь түгээмэл тул зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг гагцхүү сумын нутаг дэвсгэрээр бус аймгийн нутаг дэвсгэрээр тогтоох нь шүүхийн энэрэнгүй байдлыг нэг удаа хэрэглэж буй байдал болно.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гэд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гийг эмнэлгийн яаралтай тусламж авах, сурч боловсрох, төрийн үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гээс 72,726,620 төгрөг гаргуулж хохирогч Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Экологийн цагдаагийн албаны тусгай зориулалтын эд мөрийн баримтын агуулахад хадгалагдаж байгаа 258.6 кг Сибир хушны үр идээ /самар/ болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Toyota land Criuser” маркийн ..........СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Чингэлтэй дүүгийн прокурорын 2024 оны 11 сарын 27-ны өдрийн 416 дугаартай зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Сэлэнгэ аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж, хангахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР