2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/104

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Э.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,

Иргэдийн төлөөлөгч О.*******,

Улсын яллагч Э.Оюундарь /томилолтоор/,

Хохирогч Ж.*******, түүний өмгөөлөгч Г.Урантогос,

Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Я.Батханд  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 32 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт гийн *******т холбогдох эрүүгийн 2407002800028 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр******* аймагт төрсөн, тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ******* дугаар хороо, *******, *******, тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч тус дүүргийн хороо, тоотод оршин суух , урьд ял шийтгэлгүй,

овогт гийн ******* /РД:/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө тухайн хугацаанд өрнөсөн ярианы утга агуулгыг “эхнэр нь казах үндэстэн болохоор гадуурхаж харьцдаг” гэж ойлгон Ж.*******тай хэрүүл маргаан үүсгэн улмаар хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Ж.*******ын цээжний зүүн хэсэгт 1 удаа, зүүн гуя, цавь хэсэгт 1 удаа тус тус хатгаж, зүсэн эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд 7-8-р хавирганы завсраар цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг хальс гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цусан хураа, зүүн гуянд зүсэгдсэн шарх” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Ц.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Манай засварын ажилчид нийтдээ 10 гаруй хүн ажилладаг. Бид 07 дугаар сарын 06-ны өдөр ажлаа тараад нэг тийшээ явъя, голын эрэг гарцгаая гэж ярьсан байсан юм. Тухайн өдөр ажил 16 цагаас тарсан. Би Налайхад ирэхдээ ажлынхаа 2 хүнтэй хамт ирсэн ба тэр хоёрыг гэр гэрт нь буулгасан. Тэгэхэд манай ажилтан н. хэлэхдээ “гол явна гэсэн яасан бэ” гэхээр нь би “харин хүмүүс чинь явахааргүй болчхож байгаа юм биш үү” гэж хэлсэн. Гэтэл н. нь цуг гол явбал явъя л даа гэхээр нь би “за тэгье” гээд гол явахаар болсон. Би н.тэй цуг гэр лүүгээ очоод хэрэгсэл, хөргөгчид байсан хонины хаа, төмс ногоо гээд бүх аяныхаа хэрэгсэл хоол хүнсийг бэлтгэсэн.  Тэгээд Налайхад ирэхэд н. гол явахаа болиод “Б. гол дээр байгаа. руу залгаж үзэх үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б. руу утсаар залгахад “гол дээр байна, хүрээд ир. Ирэхдээ ёндооныхоо юмыг аваарай” гэсэн. Тэрийг нь би ойлгохгүй тэр нь юу юм бэ гээд н.эс асуухад “нэг шил архи нэхэж байхгүй юу даа” гэж хэлсэн. Би Б.тай яриад юу юу авах вэ гэж асуухад “өөрөө л мэдэхгүй юу” гэсэн. Тэгэхээр нь би 1 шил архи, 8 лааз пиво авсан. Б.аас “наана чинь хэн, хэн байгаа юм бэ” гэж асуухад “Манай эмч Ө., Б.ын эхнэр, найзууд нь байна” гэж хэлсэн. Тухайн үед гол дээр оччихоод Б.ын машинтай Ж.*******ыг тосож авсан ба Ж.******* буцаад Налайх руу явсан. Б. бид 2 дэлгүүрээс жимс зэрэг зүйлс аваад голын эрэг дээр буцаж ирсэн. Голын эрэг дээр очиход Б.ын эхнэр, бас нэг хүүхэдтэй эмэгтэй, Ж.*******ын эхнэр эд нар байсан. Би наана нь модны хажууд суучихъя гээд майхан саваа барьсан. Тэгээд машинаасаа идэж уух зүйлсээ гаргаж ирээд тэнд байсан хүмүүсийг наашаа хүрээд ир бүгдээрээ хамт сууцгаая гээд хамт суусан. Тухайн үед Ж.******* шөнө ирсэн. Бид ууж суугаад нэлээн муудсан. Ж.*******, казах эмэгтэй 2 хоорондоо удам угсаа яриад маргалдаж эхэлсэн. Би хэлэхдээ “больцгоо, хэдүүлээ үндэс угсаа яриад яах вэ, бүгд Монгол улсын иргэн шүү дээ” гэж ярьсан. Энэ маргаанаас болоод Ж.******* бид 2 хоорондоо маргалдаж муудалцсан. Тэгээд цааш нь би боолтод ороод манарчихсан байсан болохоор яг ямар үйлдэл хийснээ сайн санахгүй байна” гэв.

 

Хохирогч Ж.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “Тэр өдөр эхнэр гол оръё гэсэн. Эхнэрийн найз Х. байсан болохоор бид хэд бөөндөө Тэрэлж рүү явсан. Манай эхнэрийн найз болох Б. байсан. Уг нь манай гэр бүл Тэрэлжид биш гэртээ хононо гэж байсан юм. Тэрэлжид байх явцдаа эндээ ингээд хоноё гэж ярилцаад би тухайн үедээ архи дарс хэрэглээгүй байсан учраас хөнжил гудсаа авчрахаар Налайх руу ирсэн.  Б.тай машинтай яваад Тэрэлжийн гүүрний тэнд үлдсэн юм. Манай найз ирж байгаа гээд Ц.*******ыг тосож авсан. Би Налайх ороод хөнжил гудас авчхаад буцахад надад пиво захисан. Би шөнө 11-12 цагийн үед Тэрэлжид очсон. Би согтууруулах ундаа хэрэглэсэн гэхдээ бага хэрэглэсэн. Намайг ирэхэд эхнэр маань зөрөөд майханд ороод унтсан. Би, Ц.*******, Х., Б. нар унтаагүй үлдээд майхны гадаа сууж байсан. Бид нарыг юм яриад сууж байхад манай эхнэрийн найз Х. нь манай нөхөр байнга архи уудаг, намайг зоддог гэж яриад байсан. Тэгэхээр нь би “наад асуудлаа энд яриад яах вэ, дараа нь ярихгүй юу даа” гэж хэлсэн. Бид хоорондоо маргасан зүйл байхгүй. Тэр яриаг Ц.******* буруугаар ойлгосон юм шиг байна лээ. Үүнээс болж бид маргасан. Намайг “чи эхнэрээ зоддог” гээд над руу дайрсан. Би тухайн үед арай гайгүй байсан. Б. бид 2 Ц.*******ыг зүгээр байлгах гэж нэлээн дарж хориглосон.  Ерөөсөө над руу дайраад байсан. Би “чи хүн андуураад байна” гэж хэлэхэд Ц.******* нь “за би андуураад байгаа юм байна. Намайг тавьчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хориглохоо болиод тавьсан. Тэгээд би босоод явахад миний араас ирээд хутгалсан. Би хутгалсныг нь мэдээгүй хэдэн минут болсон. Тэгээд надаас цус гараад мэдэгдээд эхлэхээр нь эхнэрийг дуудаад “намайг хутгалчихлаа, хоёулаа явъя” гэж хэлээд машин руугаа яваад хаалга татсанаа санаж байна. Тэгээд тэр газраа ухаан алдаад унасан байсан. Тэгээд сэрэхэд миний хажууд Г. сууж байсан. Намайг босох гэтэл “битгий хөдлөөрэй, эмнэлэг дуудчихсан байгаа” гэж хэлсэн. Тэндээ хэвтэж байтал цагдаа болон эмч ирсэн. Би цус алдсанаасаа болсон уу хүмүүсийн зарим яриаг сайн санахгүй байгаа. Түргэний тэрэг ирээд би Налайх дүүргийн эмнэлэгт очсон. Тэндээ оёдол тавиулаад цээжинд хутгалуулсан сорвиноос гадагшаа цус гараагүй. Түүнийг нь би сайн мэдээгүй. Гэртээ ирээд байж байтал цээжнээс цус дусалсан. Тэгэхээр нь буцаж очоод оёдол тавиулсан. Би эмнэлэг дээр ирэхэд сайн амьсгалж чадахгүй байсан. Тэгээд гайхаад тэрийгээ ч сайн ойлгоогүй. Рентгенд харуулсан чинь цээжинд чинь цус хурсан байна, яаралтай цэргийн эмнэлэг рүү яв гээд цэргийн эмнэлэг рүү эхнэрээрээ хүргүүлж очиж 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

 

Улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох” гэсэн байр суурьтай. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-20/, хохирогч Ж.*******ын мэдүүлэг /1-p хх-ийн 27-30/, Ж.*******ын яаралтай тусламж үйлчилгээ авсан 2024.07.07-ны өдрийн 22я/022306 дугаартай үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 92-93/, Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9603 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 69-70/, гэрч Б.ын мэдүүлэг /1-р хх-ийн 42-44/, гэрч Г.ийн мэдүүлэг /1-p хх-ийн 47-48/, гэрч Х.ийн мэдүүлэг /1-p хх-ийн 51-52/, гэрч Ө.гийн мэдүүлэг /1-p хх-ийн 55-56/, Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2024.12.04-ний өдрийн 75 дугаартай, 2024.12.11-ний өдрийн 161 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 79-83, 84-86/, 2024.07.07-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 19-20/, яллагдагч Ц.*******ын мэдүүлэг /1хх-ийн 203-205/, хохирогч Ж.*******аас эмчилгээний зардалд зарцуулсан баримтууд болон гүйлгээ хийсэн дансны хуулга /1хх-ийн 213-225, 241-247/, хохирогч Ж.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 5,044,905 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 4,341,851 төгрөг, нийт 9,386,756 төгрөг нэхэмжилсэн /1хх-ийн 209/, хохирогч Ж.******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үйлчилгээ авсан ба нийт 7,759,137 төгрөгийн баримт /2хх-ийн 35-37/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийсэн шинжээчийн 2024.10.08-ны өдрийн 1044 дугаартай дүгнэлт /1хх-ийн 74-76/

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс:Гэмт хэргийг хөнгөрүүлэх” гэсэн байр суурьтай. Хохирогч Ж.*******ын мэдүүлэг /1-p хх-ийн 27-30/, хохирогч Ж.*******ын мэдүүлэг /1-p хх-ийн 36-37/, хохирогчийн мэдүүлэг /1-p хх-ийн 38-39/, гэрч Б.ын мэдүүлэг /1-р хх-ийн 42-44/, гэрч Г.ийн мэдүүлэг /1-p хх-ийн 47-48/, гэрч Х.ийн мэдүүлэг /1-p хх-ийн 51-52/, гэрч Ө.гийн мэдүүлэг /1-p хх-ийн 55-56/, гэрч Ц.*******ын мэдүүлэг /1-р хх-ийн 62-63/, гэрч Ц.*******ын мэдүүлэг /1-р хх-ийн 66-67/, яллагдагч Ц.*******ын мэдүүлэг /1хх-ийн 203-205/, хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн талаарх гэрэл зураг /1-р хх-ийн 207/, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн хохирлын талаарх өргөдөл /1хх-ийн 209/, цахим зээлийн талаарх баримт /1хх-ийн 226/, хохирлын баримтууд /1хх-ийн 241/, ял шалгах хуудас /2хх-ийн 18/, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үйлчилгээ авсан талаарх баримт /2хх-ийн 35-37/, хохирогчийн нийгмийн даатгалын лавлагаа /2хх-ийн 58-60/, шүүхэд шинээр гаргаж өгсөн 8 хуудас баримт,

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах” гэсэн байр суурьтай. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан хуудас /1-р хх-ийн 17/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 18-20/, хохирогч Ж.*******ын мэдүүлэг /1-p хх-ийн 36-37/, хохирогчийн мэдүүлэг /1-p хх-ийн 38-39/, Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9603 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 69-70/, Криминалистикийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2024.12.04-ний өдрийн 75 дугаартай, 2024.12.11-ний өдрийн 161 дугаартай дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 79-83, 84-86/, хохирогчийн эрүүл мэндийн түүх /1-р хх-ийн 91-197/, яллагдагч Ц.*******ын мэдүүлэг /1хх-ийн 203-205/, хохирогч Ж.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн тооцоо /1хх-ийн 209/, Налайх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 211-212/, ******* ХХК-ийн тодорхойлолт /1хх-ийн 213/, н.ы ХААН Банк ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 214-291/, н.гийн ХААН Банк ХХК-ийн дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 222-225/, Ашид капитал ББСБ ХХК-ийн тодорхойлолт /1-х хх-ийн 226/, НӨАТ-аас хуулбарлаж авсан баримтууд /1-р хх-ийн 227-217/,  Цалингийн зээлийн гэрээ /1-р хх-ийн 240-250, 2-р хх-ийн 04-08/, цахим зээлийн гэрээ /2-р хх-ийн 09-10/, Мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 19/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /2-р хх-ийн 58-60/, ******* ХХК--с лист авч байсан талаарх баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

 

Улсын яллагч ...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Ц.******* нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн Ж.*******ын цээжний зүүн хэсэгт 1 удаа, зүүн гуя, цавь хэсэгт 1 удаа тус тус хатгасны улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...Ц.*******т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон учирсан хор хохирлынх нь зэргээс хамаараад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын төрөл хэмжээнд дотор багтаан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна.  Ц.*******ын хувьд баривчлагдаж цагдан хоригдсон хоног байхгүй, тухайн эд мөрийн баримтаар хураагдсан цагаан, ягаан өнгө хосолсон цэцгэн хээтэй 19 сантиметр урттай эрээн өнгийн бариултай 28 сантиметр урт нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Мөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ц.*******т авагдсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх саналтай байна” гэх,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн зүйлчлэл , гэм буруугийн талаар маргах зүйлгүй.... Шүүгдэгч нь тай залуу хүн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ гэмшиж, шүүхээс ял оногдуулахад бэлэн сууж байна. Хохирол төлбөр төлөгдсөн гэж харж байна. Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөрийг хохирол гэж үзэхгүй байна. Учир нь яллах дүгнэлтийн хавсралтад даатгалын сангаас авсан хөнгөлөлт гэж харагдаж байна. .. төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй, эргэлзээтэй байгаа учраас 7,000,000 төгрөгийн асуудал төлөгдөөгүй гэдгийг харж үзээсэй гэж хүсэж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан буюу гэмт хэрэгт учирсан хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзаж үзээд миний үйлчлүүлэгчид 3 жил, 3 сарын хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байнагэх,

  Хохирогчийн өмгөөлөгчМанай үйлчлүүлэгчийн зүгээс хохирол төлбөрөө төлчих юм бол гомдол саналгүй гэдгээ илэрхийлж байсан. Шүүхээс хохирол төлбөр 12,842,405 төгрөгийг хохиролд тооцож байх тул өнөөдрийн байдлаар хохирол төлөгдсөн гэж үзэж байх тул гомдол саналгүй, эрүүгийн хуульд заасан дүрэм журмын дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх,

 

  Иргэдийн төлөөлөгч “...шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ц.*******ын холбогдсон хэрэгт гэм бурууг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 07 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.*******ыг “эхнэрийгээ казах үндэстэн болохоор гадуурхаж харьцдаг” гэж буруу ойлгон хэрүүл маргаан үүсгэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа, зүүн гуя, цавь хэсэгт 1 удаа тус тус хатгаж, зүсэн эрүүл мэндэд нь цээжний зүүн талд 7-8-р хавирганы завсраар цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг хальс гэмтээсэн, хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цусан хураа, зүүн гуянд зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ц.*******ын өгсөн: “...Тэр хутгыг би гэрээсээ авчирсан хутга байгаа юм. Эд мөрийн баримтаар хураагдсан хутга мөн байна. Би уг нь гэм буруугаа хүлээгээд уучлалт гуйгаад хашаа байшингаа барьцаанд тавиад *******ын нэхсэн 4,000,000 төгрөгийг аваад Налайх дүүрэгт ирээд Ж.*******д өгөх гэтэл аваагүй хуулийн дагуу явна гэсэн. Би хохирлыг нь бүрэн төлж барагдуулах боломжтой...” гэх мэдүүлэг,

/1хх 203-205 дугаар тал/

 

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Ж.*******ын өгсөн: ...би Налайх явж хонохоор болтол эхнэр араас залгаад орой нь буцаж ирсэн. Намайг ирэхэд Б.ын найз Ц.******* гэх залуу ирсэн байсан. Намайг ирэхэд Б., Ц.******* нар архи уусан согтсон байсан. Би ирээд нэг хоёр пиво уугаад хорхог идсэн. Намайг ирээд удаагүй байтал Г., Ө. нар унтахаар болоод майханд орж унтсан. Х.ь, Ц.*******, Б. бид нар үлдээд шөнө хүртэл уугаад нэлээн согтсон байсан. Тэгтэл Х.ь “Манай нөхөр намайг зоддог, хүүхдээ загнадаг” гээд яриад байсан. Би тухайн үед Х.ийн 2 хүүхэд унтаагүй байхаар нь аваад өөрийнхөө майханд орж унтуулсан. Тэгээд буцаад гараад иртэл Ц.******* “чи яахаараа эхнэр хүүхдээ зоддог юм” гээд намайг Х.ийн нөхөртэй андуураад дайраад байсан. Тухайн үед Б. Ц.*******ыг дараад сууж байсан. Тэгээд маргаан үүсээд байхаар нь би ойлгуулах гээд байж байтал Х.ь, манай эхнэр Ө. нар сэрсэн байсан. Би Ц.*******ыг барьж байгаад “чи намайг андуураад байна” гэхэд тийм байна одоо больё гэсэн. Тэгээд Ц.*******ыг Б.ад бариулаад өөрөө майхан руу явж байтал араас хүрч ирээд цавь болон цээжинд 2 удаа хутгалсан. Тэгээд эхнэр гараад ирсэн “хүн хутгалчихлаа” гэтэл Ц.******* цаана очоод сууж байсан. Тэгээд би эхнэртээ наадах чинь хүн хутгалчихлаа гэтэл намайг аваад машин руу явсан. Би машины ойролцоо очоод ухаан алдсан. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй. Би газар унахад Ц.******* намайг нэгээс 2 удаа алгадсан миний цавь хэсэгт 1, цээжин хэсэгт 1 удаа хутгалсан өөр гэмтэл учраагүй...” гэх мэдүүлэг,

/1хх 33- тал/

 

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Б.ын өгсөн: “...Би тухайн өдөр ажил дээрээ байж байгаад 16 цагийн үед тараад ажлын газрын эмч /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ намайг машинаараа гэрт хүргэж өгсөн. Гэрийн гадаа очоод эмч намайг хамт гол орох уу гэсэн. Тэгээд гэрийн гадаа буулгаад яваад өгсөн. Тэгээд би эхнэртээ хэлээд өөрийнхөө машинтай эхнэр Г., хүү Х.ын хамт гэрээсээ Тэрэлж рүү гарсан. Тэгээд Налайхын мөнгө хураадаг постын цаана байх том дэлгүүр дээр тай уулзсан. Тухайн үед нь нөхөр Ж.******* болон нэрийг нь мэдэхгүй нэг эмэгтэй, 3 хүүхдийнхээ хамт байсан...Тэгтэл араас Ц.******* ганцаараа ирсэн. Тэгээд Нэргүй ирээд хамт хоол цайгаа идчихээд байж байсан. Тэгээд хоол ундаа идчихээд цагийг нь мэдэхгүй байна, харанхуй болсон байсан. Манай эхнэр Г. 3-4 лааз пиво уугаад машиндаа ороод унтсан. Удалгүй майхандаа ороод мөн унтсан. Тэгээд Ц.*******, Ж.*******, нэрийг нь мэдэхгүй эмэгтэй бид 4 үлдсэн. Тэгээд юм яриад сууж байсан. Тухайн нэрийг нь мэдэхгүй эмэгтэй нь яс үндэс яриад байсан. Тэгтэл Ж.******* тухайн эмэгтэйд уурлаад байсан. Тэгтэл Ц.******* тухайн эмэгтэйг өмөөрөөд байсан. Би яг юу яриад байсан гэдгийг сайн санахгүй байна. Би бас нэлээн согтуу байсан учир зарим зүйлийг санахгүй байна. Миний санаж байгаагаар Ж.******* бид 3 тамхи татаж байхад Ж.******* 2 удаа Ц.*******ыг боогоод байхаар нь би салгасан. Тэгээд салгатал Ц.******* цаашаа яваад хутга аваад хүрээд ирсэн. Би Ц.*******ын урд ойрхон зогсож байхад Ц.******* гартаа хутга барьсан байсан ба тухайн үед Ж.******* Ц.******* руу хүрээд ирсэн. Тэгээд тэр 2 барилцаад салгатал Ж.******* хутгалуулсан байх шиг байсан. Би яг хаана хэдэн удаа хутгалсан талаар санахгүй байна. Тэгээд эхнэр нь гарч ирээд “Хүн хутгалчихлаа” гээд орилоод манай эхнэрийг сэрээгээд Ж.*******ыг газар суулгасан. Тухайн үед хутгалах үед нэрийг нь мэдэхгүй эмэгтэй хүн Ж.*******ын цаад талд байсан. Тэгээд би харахад Ж.*******ын цавь гуяны гол хэсгээс цус гараад байсан учир би дарж байсан. Тэгээд удалгүй эмч ирээд араас нь цагдаа ирсэн...

...Ж.*******, Г., Ө., Ц.*******, мөн нэрийг нь мэдэхгүй нэг эмэгтэй хүн бид нар байсан. Би пиво уусан нэлээн согтсон байсан. Ц.******* хаанаас хутга авсан талаар би хараагүй. Гэнэт л аваад гараад ирсэн. Би болон нэрийг нь мэдэхгүй эмэгтэй хүн байсан. Мөн байсан шиг санаж байна. Хоолойг нь боох үед гарч ирж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 42-44 дүгээр тал/

 

            4. Мөрдөн байцаалтад гэрчээр Г.ийн өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ байж байхад нөхөр орой 16 цагийн үед ажлаасаа гэртээ ирсэн. Нөхөр Б. гэртээ ирээд ажлынхантай гол гарахаар боллоо гэсэн. Тэгээд би нөхөр Б., хүү Х.ын хамт өөрийн машинтай гол гарахаар явсан. Тэгээд Налайх дүүргээс гарах постын хажууд байх дэлгүүрт нөхрийн ажлын хүмүүс болох Ө.тай уулзахаар болсон. Тэгээд дэлгүүр дээр очиход Ө., түүний нөхөр Ж.*******, Ө.гийн нэг найз эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй/, түүний 3 хүүхэд байсан. Тэгээд дэлгүүрээс идэж уух юм 1 кроп пиво аваад явсан. Тэгээд юмаа авчхаад хөдлөөд Тэрэлжийн гүүр гараад голын эрэг дагуу байрлаад майхнаа барьсан. Манайх майхангүй явсан учир би машиндаа ороо зассан. Тухайн үед очоод байж байтал нөхрийн ажлын Ц.******* араас ганцаараа машинтай ирсэн. Тухайн үед идэж уух юмаа идээд юм яриад сууж байгаад би нийт 4 лааз пиво уугаад машиндаа ороод хүүхэдтэйгээ унтсан. Тэгээд би унтаж байтал шөнө /цаг хэд болж байсныг мэдэхгүй/ Ж.*******ын эхнэр ирээд г хутгалчихлаа гээд намайг сэрээсэн. Би босоод очтол Ж.******* дээшээ харсан байдалтай хэвтээд манай нөхөр Б. цус гарч байгаа газар цавь хэсэгт нь дарсан байсан. Тэгээд би болон Ө. очиж толгойг нь түшээд цагдаа болон эмнэлэг дуудсан. Ж.*******ыг хэвтэж байхад юу болсон талаар асуухад Ц.*******тай муудалцаад хутгалчихлаа гэж байсан... Ц.******* намайг унтах үед зүгээр байсан. Дараа нь хутгалсан гээд гарч ирэхэд толгойгоо өндийлгөхгүй модны хажууд сууж байсан...” гэх мэдүүлэг,

            /1 хх-ийн 47-48 дугаар тал/

 

            5. Мөрдөн байцаалтад гэрчээр Х.ийн өгсөн: “…2024 оны 07 дугаар сарын 06-ны үед манай найз Ө. нь манай гэрт ирж намайг авсан... Тэгээд Ө., түүний нөхөр Ж.*******, Ж.*******ын 1 охин, манай 3 хүүхэд хамт гол явсан...Тэгээд удалгүй нэг танихгүй Ц.******* гэх залуугийн хамт ирсэн. Ц.******* нь ирэхдээ эрүүл харагдаж байсан. Тэгээд Ж.******* Налайх яваад хөнжил гудас авч ирсэн. Тэр хооронд Ө., Г., Б., Ц.******* бид нар архи пиво ууцгаасан. Тэгээд Ж.******* хүрээд ирэхэд Ө., Г. нар унтахаар майхан руугаа явсан. Тэгээд би Ж.*******, Б., Ц.******* нартай жоохон сууж байгаад унтахаар майхан руугаа ороод унтсан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна, 00 цаг өнгөрсөн байсан байх, би майхандаа ороод унтаж байтал гадаа орилоод хоорондоо муудалцаад байхаар нь би Ө.г сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгээд би салгах гээд гартал Ц.*******, Ж.******* нар маргалдаад салахгүй байсан. Тэгээд салахгүй болохоор нь би ороод эхнэрийг нь сэрээтэл Ө. босоод майхнаас гарсан. Тэгээд би майханд байхад Ө. орж ирээд Ж.******* хутгалуулчихлаа гэсэн. Тэгээд би гартал Ж.******* ухаан алдсан байсан. Ц.******* нь цаана модны хажууд сууж байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан... Эхлээд бол мэдээгүй, дараа нь юу болсон талаар асуухад Ө. хэлэхдээ “Ц.******* нь Ж.*******ыг хутгалсан” гэсэн. Ж.*******, Ц.******* 2 хоорондоо маргалдаад Б. нь салгаад байсан. Яг цохиж зодож байхыг нь хараагүй ноцолдоод байсан. Б. нь Ц.*******ыг салгаад дараад байсан. Цагдаа нар ирэхэд майхны цаана газар хутга байсан. Тэр хутга хаана байсан хэний хутга болохыг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг,

            /1хх 51-52 дугаар тал/

 

            6. Мөрдөн байцаалтад гэрчээр Ө.гийн өгсөн: “…Тэгээд би унтаж байтал Х.ь намайг дуудаад “Танай нөхөр Ц.*******тай зодолдоод байна” гэсэн. Тэгээд би босохгүй байтал Х.ь намайг дуудсаар байгаад босгосон. Тэгээд би босоод майхнаас гартал Ц.*******ыг манай нөхөр Ж.*******, Б. нар 2 гарыг нь дарсан дээр нь сууж байсан. Тэгээд би яагаад зодолдоод байгаа юм гэтэл Ж.******* намайг андуураад байна гэсэн. Тухайн үед Ц.******* нь Ж.*******ын эхнэр нь Х.ь гэж андуурсан гэж байсан. Тэгээд би боль чи андуураад байна гэтэл за би ойлголоо гэсэн. Тухайн үед би хэлтэл Б. Ц.*******ыг тавьсан. Тэгтэл манай нөхөр унтах гээд машин руугаа явж байсан. Би нөхрийгөө майхандаа унтъя гэтэл нөхөр Ж.******* би машиндаа унтана гээд нөхөр машин руугаа явсан. Тэр үед би майхан руугаа яваад гутлаа тайлах гэж байтал манай нөхөр Ж.******* “Хайраа наадах чинь хутгалчихлаа, хол байгаарай” гээд орилсон. Тэгээд би нөхөр дээрээ очоод утасныхаа гэрлийг тусгаад хартал өмд нь цус болсон байсан. Тэгээд би эмнэлэг болон цагдаа дуудсан... Би яг хутгалж байхыг хараагүй, дөнгөж салаад эргээд хартал нөхөр Ж.******* хутгалчихлаа гэж орилсон...Тухайн үед Ц.*******, Ж.******* нар нэлээн согтуу байсан. Манай нөхөр арай гайгүй байсан байх...Би тухайн хутгыг огт хараагүй, тухайн хутга хэнийх гэдгийг мэдэхгүй байна, Г., Б. нарт тийм хутга байгаагүй, тухайн үед бид нар заазуураар хоол унд хийж байсан. Тухайн хутга нь Ц.*******ын хутга гэж бодож байна, тухайн хутга хаана байсан талаар бол мэдэхгүй” гэх мэдүүлэг,

            /1хх 55-56, 59 дүгээр тал/

           

            7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

            /1хх 18-20 дугаар тал/

 

8. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

/1хх-ийн 23 дугаар тал/

 

            9. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээч эмчийн  9603 дугаар: “Ж.*******ын биед цээжний зүүн талд 7-8-р хавирганы завсраар цээжний хөндий нэвтэрч үнхэлцэг хальс гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний хөндийд цусан хураа /250мл/, зүүн гуянд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт,

            /1хх-ийн 70 дугаар тал/

 

            10. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 1044 дугаар: “Ж.*******ын сэтгэцэд 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь байнгын эсхүл түр зуурын шинжтэй эсэх нь биеийн эрүүл мэндийн эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүлийн хамт олны дэмжлэг бүхий орчноос хамаарна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт,

            /1хх 76 дугаар тал/

 

11. Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 75 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй тул цаашид харьцуулан шинжлэх боломжгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 80-83 дугаар тал/

 

12. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 161 дугаар: “Шинжилгээнд ирүүлсэн хутганы бариулны хажуу хэсгээс авсан арчдаснаас цусны ул мөр илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн хутганы бариулны хажуу хэсгээс авсан арчдаснаас хүний цусны мөр илэрсэн. Уг хутганы бариулны хажуу хэсгээс илэрсэн цусны ул мөр нь бүлгийн харьяалал тогтоох шинжилгээнд тэнцэхгүй” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/1хх-ийн 85-86 дугаар тал/

 

13. Ж.*******ын өвчний түүх,

/1хх 92-197 дугаар тал/

 

14. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/2хх-ийн 18 дугаар тал/

 

15. Шүүгдэгч Ц.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /2хх-ийн 15-26 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ц.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хутга ашиглан хохирогч Ж.*******ын эрүүл мэндэд хүнд зэргийн гэмтлийг санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.******* нь хохирогч Ж.*******ын цээжний зүүн хэсэгт 1 удаа, зүүн гуя, цавь хэсэгт 1 удаа тус тус хутгалсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид хутгалуулсны улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 9603 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Тиймээс шүүгдэгч Ц.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

  Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг шүүгдэгчийн өмгөөлөгч талаас зөрүүтэй дүгнэлт гаргаагүй,  хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

  Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн “...Шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлт нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт нийцэж байна гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эм, тарианы зардалд 35 ширхэг хэвлэмэл баримтаар 1,848,550 төгрөг, мөн 102 ширхэг и-баримтын хуулгаар 2,791,055 төгрөг, ажилгүй байсан хугацааны 4, 5, 6 дугаар сарын цалин 4,341,851 төгрөг (6,624,353 төг-2,223,002 төг /листний мөнгө/=4,341,851 төг), эмнэлэгт сахиуртай хэвтэж байх үед эх С.ы данснаас гарсан 479,900 төгрөг буюу нийт 9,461,356 төгрөг болон сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг тус тус нэхэмжилсэн.

 

Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр түүний эх С.ы тоот данс руу 2,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ж.*******ын тоот данс руу 9,000,000 төгрөг, мөн тус өдөр 1,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг шилжүүлснээс гадна хохирогчийг эмнэлэгт байх хугацаанд эм тариа болон эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг төлсөн талаар шүүгдэгч болон хохирогч нар нь маргахгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүх хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хянаж үзээд хохирогчийн эх С.ы дансны хуулгаар 90,500 төгрөг, 389,400 төгрөг, нийт 479,900 төгрөг, 102 ширхэг и-баримтын хуулгаар 2,791,055 төгрөг нэхэмжилснээс 2,079,051 төгрөг буюу нийт 2,558,951 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй, энэ гэмт хэргийн хохирол хор уршигт хамаарахгүй гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгож, харин 102 ширхэг и-баримтын хуулгаар 2,791,055 төгрөг нэхэмжилснээс 712,004 төгрөг, эм, тарианы зардалд 35 ширхэг хэвлэмэл баримтаар 1,848,550 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 4,341,851 төгрөг буюу 6,902,405 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь үндэслэлтэй байна.    

 

            Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1044 дугаар дүгнэлтээр “Ж.*******ын сэтгэцэд 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна... сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарна.” гэх дүгнэлтийг үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар “Хоёрдугаар зэрэглэл ...Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөрийг олгоно” гэж тогтоосны дагуу хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, гэм хор учруулагчийн гэм буруу зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 9 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр (660,000*9=5,940,000 төг) буюу 5,940,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн.

 

            Шүүх нийт 12,842,405 төгрөг (6,902,405 төг+5,940,00=12,842,405 төг)-ийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч 12,000,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хасаж тооцож, үлдэгдэл 842,405 төгрөгийг шүүгдэгч Ц.*******аас гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэсэн.

 

            Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан шүүгдэгч нь хохирол нөхөн төлөх үндэслэлээр 5 минутын завсарлага авч, хохирогч Ж.*******д 842,405 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.

 

Улсын яллагч яллах дүгнэлтдээ Эрүүл мэндийн даатгалын санд 7,759,137 төгрөгийн хохирол учирсан талаар тусгасан байх боловч нэг зардал нь гэмт хэрэг гарахаас өмнө буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гарсан зардал болох нь хэрэгт авагдсан лавлагаагаар тогтоогдож байх тул уг 30,000 төгрөгийг хасаж тооцон, хохирогч Ж.*******ын эмчилгээ үйлчилгээнд 7,729,137 төгрөгийн төлбөр гарсныг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

 

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

 

Харин шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “…6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан буюу гэмт хэрэгт учирсан хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзаж үзээд миний үйлчлүүлэгчид 3 жил, 3 сарын хорих ял оногдуулж өгнө үү” гэх санал гаргасныг  шүүх хянаад гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын шинж байдал болон Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөх хохирол бүрэн төлж барагдуулаагүй байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж тухайн зүйлд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

  Иймд Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Бусад асуудлаар

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь цагаан, ягаан өнгө хосолсон цэцгэн хээтэй 19 см урт, цагаан эрээн өнгийн бариултай нийт урт 28 см хутга 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

   1. Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 5 /тав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.*******т оногдуулсан 5 /тав/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар  хохирогч Ж.*******ын шүүгдэгч Ц.*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 2,558,951 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12 дугаар  зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ц.*******аас 7,729,137 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь цагаан, ягаан өнгө хосолсон цэцгэн хээтэй 19 см урт, цагаан эрээн өнгийн бариултай нийт урт 28 см хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн өөрчилсүгэй.

 

            10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ

 

                           

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Х.ГАНБОЛД

 

                

                          ШҮҮГЧ                                Э.ЭНХЖАРГАЛ