Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2022/02194

 

 

 

 

 

 

2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/00000  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ....

Нэхэмжлэлийн шаардлага: Сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 437,160 /дөрвөн зуун гучин долоон мянга нэг зуун жаран/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б...,

Хариуцагч Т.Г...,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч ... СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр бохир ус тараалтын болон цахилгаан шугамыг хамгаалан, эвдэрсэн эд хөрөнгийг хугацаа алдалгүй засварлах, шинэчлэн солих, орц хонгил, подвалийн гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн зам талбай болон орцны цэвэрлэгээг тогтмол хийж, сууц өмчлөгчдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагааг явуулан ажиллаж байна. Харин тус байрны оршин суугч Т.Г... нь СӨХ-ноос тавьсан шаардлагыг үл хүндэтгэн, нийт суугчдын хуримтлалын мөнгөөр дээврийн засвар, цанталт, гэрэлтүүлэг, дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, жижүүр, үйлчлэгч, лифтчин нарын цалин хөлс, подваль, техникийн засвар, бусад урсгал засварын төлбөрөө төлүүлж бусад оршин суугчдын эрх ашгийг хохироож байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлээр хариуцагчаас 2020 оны 2-оос 12 дугаар сарын 195,560 төгрөг, 2021 оны 1-ээс 12 дугаар сарын 207,200 төгрөг, 2022 оны 1, 2 дугаар сарын 34,400 төгрөг, нийт 437,160 төгрөгийг Т.Г...аас гаргуулан тус СӨХ-нд олгож өгнө үү. Дээд айлаас ус алдсан тухай асуудал бол СӨХ-нд хамааралгүй, тухайн дээд айлаасаа хариуцагч өөрөө шаардах боломжтой. СӨХ бол орон сууцны байшингийн нийтийн өмчлөлийн хэсэг болох орц хонгил, гадна талбай зэргийн арчлалттай холбоотой үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байдаг. Тухайн дээд айлынхаа өмчлөгчийн хаягийг хариуцагч хорооноос асууж лавлаж тодорхой болгох боломжтой. Манай СӨХ-ны хувьд Ковид-19 цар тахлаас шалтгаалаад нийт оршин суугчдын буюу бүх гишүүдийн хурал биечлэн хийгдээгүй ч СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотойгоор оршин суугчдын дунд нээгдсэн Фейсбүүк группт бүх мэдээллээ ил тавьж тайлагнасаар ирсэн...гэв.

2.Хариуцагч Т.Г... нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Баянгол дүүргийн ... тоот дахь нэг өрөө орон сууцыг 2019 оны 6 дугаар сард худалдан авч, 10,000,000 төгрөгөөр засвар хийлгэж ороод одоо болтол амьдарч байна. Гэвч 2020 оны 5 дугаар сарын 24-нд дээд айлаас ус алдаж, засварын ажлыг муухай болгосон. Дээд айлын хүмүүстэй уулзахад түрээслэж байсан ба эзнээ олж өгөхгүй нүүж явсан. СӨХ-ны удирдах хүмүүстэй уулзах гэсэн боловч олдоогүй. Ингээд 3 сар СӨХ-ны дээд зөвлөлийн удирдах хүмүүстэй уулзах гээд чадаагүй. Иймд ямар ч удирдлага байхгүй СӨХ-нд мөнгө төлөхөө больсон. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс дээд айлаас 00-ын өрөөнд хэд хэдэн удаа ус алдсан. Мөн СӨХ-ны удирдлагатай уулзах гэсэн боловч олдоогүй. Эдгээр гэмтлээс ОСНААКонторт дуудлага өгч засуулсан. Надтай энэ 2 жилд СӨХ-ны удирдлагаас нэг ч хүн ирж уулзаагүй. Харин хаалган дээр 2-3 удаа мөнгөө төл гэсэн бичиг наадаг. Контор өрөө нь хаана байрладгийг ч мэдэх боломжгүй. Очих бүрт ямар ч хүн байдаггүй. Би олон удаа очсон. Дээд айлын өмчлөгчийн талаарх мэдээллийг авах гээд очихоор байнга түгжээтэй байдаг. Би өөрөө хорооноос тэр хүний талаар мэдээлэл авах гэхээр хувь хүний мэдээллийг өгөхгүй гэдэг. Мөн СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүй, бохир байдаг. Тиймээс байгаа байхгүй нь мэдэгдэхгүй СӨХ-нд төлбөр төлөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор: Төрийн банк ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх /хх-5-7/, төлбөр шаардсан мэдэгдэл /хх-10/, СӨХ-ны гэрчилгээ болон гүйцэтгэх захирал томилсон тухай удирдах зөвлөлийн тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-11-12/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ нотлохоор фото зураг баримтаар гаргасан.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх ... СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: ...Т.Г... нь тус СӨХ-ны хариуцан үйл ажиллагаа явуулдаг Баянгол дүүргийн .... тоот орон сууцны өмчлөгч бөгөөд 2020 оны 2 дугаар сараас 2022 оны 2 дугаар сар хүртэлх төлбөрт нийт 437,160 төгрөгийг төлөөгүй учир хуульд заасны дагуу сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй, хуулиар хүлээсэн уг үүргээ биелүүлээгүй учир түүнээс энэхүү зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлон шаардаж байна.

3.Хариуцагч Т.Г... нэхэмжлэлийг эс зөвшөөрөн, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч СӨХ-нд удирдлагын хүмүүс ажлын байрандаа байдаггүй, дээд айлаас ус алдахад тус СӨХ-ны удирдах хүмүүстэй нь уулзах гэсэн боловч уулзаж чадаагүй учир төлбөр төлөхөө больсон. Ямар үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь мэдэгдэхгүй, тайлангаа тавьдаггүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан маргасан.

4.Нэхэмжлэгч ... СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдсэн, иргэн Д.... тус СӨХ-ны гүйцэтгэх захирал мөн болох нь №31 тоот СӨХ-ны гэрчилгээ, СӨХ-ны удирдах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоол зэргээр тогтоогдож байх тул шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй.

5.Хариуцагч Т.Г... нь Баянгол дүүргийн .... тоот орон сууцны өмчлөгч мөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба тэрээр ... СӨХ-ны гишүүн, оршин суугч мөн байна.

6.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т ... орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна... гэж, мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д ... сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй... гэж тус тус заасан бөгөөд төлбөрийн тооцоолол Төрийн банк ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч ... СӨХ нь хариуцагч Т.Г...аас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 437,160 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

7.Хариуцагч нь ... СӨХ-ны удирдлагууд үйл ажиллагаа явуулдаггүй, оршин суугчдад тайлангаа тавьдаггүй, дээд айлаас ус алдахад ирж уулзаагүй гэх зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч эдгээр үндэслэл нь түүний хуульд зааснаар СӨХ-нд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардал төлөх үүргээс чөлөөлөхгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

8.Шүүх ... СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Г...аас дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний төлбөрт 437,160 /дөрвөн зуун гучин долоон мянга нэг зуун жаран/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... СӨХ-нд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Г...аас 13,800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ... СӨХ-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА