| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/08002/000 |
| Дугаар | 2025/ШЦТ/1150 |
| Огноо | 2025-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1150
2025 05 06 2025/ШЦТ/1150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
улсын яллагч П.Болормаа,
хохирогч Д.Ц,
шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч С.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тд холбогдох эрүүгийн 2411012110084 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь "2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны орчимд авто зам дээр .............. УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ 6733УБД улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан хохирогч Д.Цтай замын хөдөлгөөнд саад учруулсан гэх асуудлын улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Д.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ерөнхийдөө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн. Цаад талаас гарч ирээд зогссон чинь түгжрэл үүссэн байсан. Миний өөдөөс хараад нэг машинтай эгч зогсож байсан. Би бууж ирээд та урсгал сөрөөд зогссон байна гээд биеийн хэлэмжээр та ингэж орвол би наадах руу чинь ороод энэ түгжрэл багасах юм байна гээд хэлэхэд энэ эгч үгүй чадахгүй гээд суугаад байсан. Би танд заагаад өгье таны машиныг хараад өгье та орчих гэх тайлбарыг би хэлсэн. Тэр хүн над руу нулимхад миний нүүр шүлс болохоор нь би маш их стресстэй байсан. Би бууж очоод та яагаад хүн рүү нулимдаг муухай юм, балай юм гээд тухайн үед уураа гаргасан. Уурлачхаад явах гэтэл миний машиныг өшиглөөд хойноос намайг дуудаад эргүү, балай минь гараад ир гэхээр нь би буугаад хойно буцаж очих үед энэ хохирол учирсан. Би нүднийхээ нэхэмжилж буй эмийн хувьд яримаар байна. Хагалгаа хийлгэсэн хүн сэтгэл зүйн хувьд хэцүү болдог. Оёдлоо авхуулчхаад маргааш нь тэр процесс болсон. Оёдлоо авчхаад ажил руу орж юм шалгачхаад явъя гэж байсан. Оёдлоо авхуулчхаад байж байтал нүдэнд минь том ангайлт үүсчихсэн тул гэртээ тайван унтаж чадахгүй, том сорвитой болчихвол яана вэ? гээд тайвширч чадахгүй байсан тул фенафин гэх эмийг зааврын дагуу хэрэглэсэн. Тэр эм нь жоргүй олгогддог тул сэтгэлийг тайвшруулдаг байсан. Би гэрээсээ 7-10 хоног гараагүй, ажилдаа яваагүй, гэртээ маш их хямарсан тул тэр эмийг хэрэглэсэн. Вифлакс гэх эм нь хагалгааны өмнө дараа хэрэглэдэг эдгэрэлтийн процессыг дэмжих бүтээгдэхүүн. Хагалгааны оёдлыг задруулсан тул ахиад хэрэглэхгүй бол сэтгэл санаа хүнд байгаа үед сорви маань тод үлдэнэ гэж айгаад хэрэглэх шаардлагатай байсан. Одоо сайн харвал миний нүд дээр дахиж оёдол оёулснаас үүдэлтэй том сорви үүссэн байгаа. Энэ хүн надтай холбоо барьж хохирол барагдуулъя гэсэн зүйлгүй тул санхүүгийн тал дээр гацчихаад байж байна. Бентийг цэвэрлэхдээ хэрэглэдэг бөгөөд том бент биш нэг нэгээр нь жижиг савладаг ариун бент байдаг” гэв.
Шүүгдэгч Д.Т нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Зөв урсгалдаа яваад орчих гэж хэлсэн гэж хохирогч ярьж байна. Зөв урсгалаар явж байтал урдаас эрэгтэй жолооч гарч ирсэн бөгөөд жоохон ухраад зогсчихвол би гарах боломжтой байна гэсэн. Би ээждээ тариа хийх гээд явж байсан бөгөөд миний унаж явсан машин найзын маань машин байсан бөгөөд зогсоолоос хөдлөөд л ийм асуудал гарсан. Тэр залууд ухарч өгөөд нөгөө залуу гараад явсан бөгөөд миний хойно нэлээд машин зөрж өнгөрөөд, зарим машинууд тээглээд зогссон. Эхлээд хөдлөх гэтэл машинууд урдаас гараад ирэхээр нь би орж тээглээд яах вэ? гээд нөгөө урсгалаа өнгөрөөсөн. Тэр олон жолооч дундаас Д.Ц бууж ирээд үхсэн авгай минь хөгшин эмгэн зам дээр тээглэхээ боль үхээч гэж хэлсэн. Намайг 10-15 минут доромжилсон, би машинаас буугаагүй. Би машин дотроо суусан байсан бөгөөд машины цонх тал онгойсон байсан тул би түй түй хэрүүлийн бузар юм гээд хэлэхэд хохирогч машинаасаа бууж ирээд наашаа гүйхэд би сандрахдаа хамаг цонхоо онгойлгочихсон. Тэгээд ирээд намайг үснээс зулгаагаад маажаад тийм зүйл болсон миний гар цус болчихсон, одоо сорвижсон байгаа. Би гупер руу нь ганц удаа өшиглөхөд буцаад бууж ирээд зулгаагаад байсан бөгөөд би үснээс зулгаасныг тавиулах гэж байхдаа биед нь хүрсэн байх. Би санаатай хийгээгүй бөгөөд мэдүүлэг өгөөч гэхэд нь би зуслан дээр оччихоод орой ирж мөрдөн байцаагч дээр мэдүүлэг өгсөн. Миний ард дүү маань явсан бөгөөд та болиоч хөгшин хүн даралт нь ихэснэ гэхэд хохирогч нүдийг нь самардаад нүднийх нь шилийг шидчихсэн. Тэр орой мэдүүлэг өгчхөөд гэртээ ирсэн бөгөөд өөр шигээ охинтой маргалдаад яах вэ? уучлалт гуйвал болчихно гээд бодож байсан. Шинэ жилийн дараа ирээд мэдүүлэг өг, та зугтчихдаг юм уу? гээд дарамтлаад унасан. Би болчихсон юм байх, тэр битгий хэл үсээ зулгаасан байж би энэ хүүхэдтэй хэрүүл хийхгүй гээд учраа тайлбарлаад хэлтэл та энэ хүнийг хохироосон байна, ийм зүйл нэхэмжилж байна гэж надад хэлсэн. Би ойлгохгүй байсан тул өмгөөлөгч аваад энэ хуралд ирж оролцож байна ...” гэв.
Эрүүгийн 2411012110084 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8, 9/,
Хохирогч Д.Д.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Өнөөдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 21 дүгээр байрны хойд талд өөрийн .................УБД улсын дугаартай цагаан өнгийн Акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байх үед зам их түгжрэлтэй байсан юм. Замын өргөн хэсэг дээр ................. УНО улсын дугаартай шаргал өнгөтэй, Harrier маркийн тээврийн хэрэгсэл миний өөдөөс урсгал сөрөөд гараад ирсэн. Гэгээд би тээврийн хэрэгслийн жолооч эгчид "1 зөв урсгалдаа ороод явчихаа" гэхэд тэр хүн миний машин багтахгүй гээд айгаад байхаар нь би эсрэг талын урсгал руу нь ороод, би тэр машинтай зөрөх гээд хажуугаар өнгөрөхөд тэр эмэгтэй миний нүүр рүү нулимсан. Тэгээд би буугаад та яаж байгаа юм гээд машинаасаа бууж байгаад, хэрэлдэж байгаад буцаад машиндаа суугаад байж байхад, тэр эгч миний машины гупперыг өшиглөөд байхаар нь би машинаасаа буцаж буугаад, бууж ирээд "яагаад байгаа юм" гээд бид 2 хэрэлдсэн. Тэр үед тэр хүн намайг заамдаад зодоон болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Гэрч .................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өнөөдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 17 цаг өнгөрч байх үед эгч болох Д.Тд найзын машин болох .................УНО улсын дугаартай Хариер загварын тээврийн хэрэгслийг өгөөд өөрийнхөө машиныг унаад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 20 дугаар байрны урдаас хөдлөх гэж байтал урдаас машинууд урсгал сөрөөд ороод ирэхээр тухайн машинуудыг гаргах гээд зай тавьж өгөөд байж байтал манай эгчийн унаж явсан тээврийн хэрэгсэл дээр нэг үл таних эмэгтэй хүн очоод цонх нь онгорхой манай эгчийг цохиод маажаад байхаар нь би бууж очих гэтэл тухайн эмэгтэй болиод Акуа тээврийн хэрэгсэлдээ суусан. Тэгээд дахиж тэр эмэгтэй бууж ирээд манай эгчтэй зодолдох гээд үснээс нь зулгаагаад эхэлсэн... Тэгээд машинаа холдуулж тавьчхаад, буцаж бууж ирээд нүдний оёдол задаллаа гэх мэтээр орилоод машиныг нь нүдээд элдэв янзаар хэлээд байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Гэрч .................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Финекс нүдний эмнэлэгт Д. Д.Ц 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагаас дээд зовхины давхрааны мэс засал дотор булан сэтлэх мэс ажилбарт орсон болно... би яг санахгүй байна он сарын ямар ч байсан 2024 оны 4 дүгээр сарын 24 билүү 25-ны өдөр зүүн нүдэндээ гэмтэл авчихлаа, хүнд цохиулчихлаа гэж байх шиг байсан. Тэгээд би зүүн нүдийг нь үзсэн үзлэг хийхэд, зүүн нүдний дотор булангийн сэтэлгээний шарх задарсан, язарсан байдалтай байсан. Бага зэргийн үрэвсэлтэй, баруун нүднээсээ илүү зүүн нүд илүү хавдартай байсан гэж санаж байна. Улмаар би цэвэрлэж, мэдээ алдуулаад сувилагч нартайгаа хамт шинээр оёдол тавьж зөвлөгөө өгөөд боолт хийгээд явуулсан болно. Түүнээс хойш тухайн үйлчлүүлэгч нь оёдлоо авхуулахаар дахин ирсэн тэгээд манай байгууллагын тамга тэмдэгтэй эмчийн магадалгаа бичүүлээд аваад явсан болно... 370,000 төгрөг болсон байх гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 18/,
Шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 5788 дугаартай: "... Д.Цийн биед зүүн нүдний зовхинд шарх, хоёр шилбэнд цус хуралт, баруун сарвуу, зүүн ядам хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. Зүүн нүдний зовхинд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр шилбэнд цус хуралт, баруун сарвуу, ядам хуруунд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 24,25/,
Шинжээч эмч Э.Баасанжавын "2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5737 дугаартай: “Д.Тын биед хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгуй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна" гэх дүгнэлт /хх-ийн 22,23/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 46-50/,
Шинжээч эмч Э.Эрхэмбаярын мэдүүлэг /хх-ийн 65,66/,
Хохирогч Д.Ц гэсэн эмнэлгийн магадлагаа /хх-ийн 45,44/,
Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 137-142/,
Шүүгдэгч Д.Т хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 122-137/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Д.Тд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Улсын яллагч “Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн санал гаргасан.
Шүүгдэгч Д.Т нь “Хохирогч руу халдсан үйлдэл гаргасан боловч санаатайгаар халдаагүй” гэж мэтгэлцэж оролцов.
Шүүгдэгч Д.Т нь "2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр байрны орчимд авто зам дээр .............. УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ 6733УБД улсын дугаартай Акуа маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан хохирогч Д.Цтай замын хөдөлгөөнд саад учруулсан гэх асуудлын улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8, 9/,
Хохирогч Д. Д.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12/,
Гэрч .................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16/,
Гэрч .................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18/,
Шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 5788 дугаартай дүгнэлт /хх-ийн 24,25/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 46-50/,
Шинжээч эмч Э.Эрхэмбаярын мэдүүлэг /хх-ийн 65,66/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу гэмт хэрэг үйлдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршиг болох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, гэмтэл учруулсан, тодорхой хувийн сэдэлт, маргаан, тохиолдлын үндсэн дээр бий болдог. Хувийн сэдэлт дээр бий болсон гэмт хэрэг үйлдэгчийн довтолгоон, үүний улмаас хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол тодорхойлогдсоноор энэ гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүний шинж хангагддаг.
Шүүгдэгч Д.Тын үйлдлийн улмаас хохирогч Д.Цийн биед хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба харин шүүгдэгч Д.Т нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулаагүй талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй, түүний гэм бурууг няцаан үгүйсгэх нөхцөл байдал, нотлох баримт үгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Д.Тын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:
Хохирогч Д.Ц нь эмчилгээний зардалд баримтаар 449,300 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Д.Т нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй байна.
Хохирогч Д.Ц нь цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгож, 90 хоногт хэсэгчлэн төлүүлэх...” гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч Д.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас санал болгосон ялын төрлийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Тд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Д.Ц нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР