| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2021/02466/И |
| Дугаар | 102/ШШ2022/02285 |
| Огноо | 2022-06-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2022/02285
2022 оны ... сарын ... өдөр Дугаар 102/ШШ2022/0.... Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....,
Хариуцагч: ....,
Нэхэмжлэлийн шаардлага: 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч....,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө....,
Хариуцагчийн өмгөөлөгч Ү.....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Д.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие Д.... нь 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ... маркын автомашин зарна гэсэн зарын дагуу ... дугаартай холбогдож, ... гэх залуутай уулзсан. Гэтэл ... нь миний зүс таних Г....ын ... улсын дугаартай ... маркын машиныг зарч өгч байсан. Уг машин нь ... ломбардны нэр дээр байсан бөгөөд Г....тай утсаар ярихад машин ломбардны нэр дээр байгаа, 15,000,000 төгрөгөөр тавьсан, хүүтэйгээ 22,000,000 төгрөг төлж байгаа, би Орост байна, очихоороо нэр дээр нь шилжүүлээд өгье, 63,000,000 төгрөгөө ...ын данс руу шилжүүлээд машинаа аваад яв гэж хэлсэн. Ингээд 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр ...ад машины үнэ 63,000,000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн. 14 хоногийн дараа Г.... нь ... гэх найзтайгаа хамт уулзаж, одоохондоо мөнгөний боломжгүй байна, Казахстан яваад 2 машин зохицуулчихаад ирье гэсэн. Түүнээс хойш надтай холбоо барилгүй сураг тасарсан. Миний бие өвчний улмаас 2 жил гаруй эмнэлгээр явж, Г....ын араас хөөцөлдөж чадахгүйд хүрсэн. Энэ хугацаанд ломбарднаас над руу удаа дараа залгаж, ... гэх улсын дугаартай машиныг хурааж авна гэхээр нь хэвтэж байсан эмнэлэг дээрээ захирлыг нь дуудаж уулзаад 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Г....ын зээлээр авсан 15,000,000 төгрөгийг 5,000,000 төгрөгийн хүү бодож нийт 20,000,000 төгрөг бэлнээр төлсөн. Энэ асуудлаар 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан боловч 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тул ийнхүү иргэний журмаар нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 491.6-д заасны дагуу Г....ын өмнөөс ... ломбарданд төлсөн үндсэн зээл болон хүүгийн төлбөр 20,000,000 төгрөгийг Г....аас гаргуулж өгнө үү. Хариуцагч талын тайлбарлаж буй автомашиныг 83,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна. Машины үнэлгээний асуудал нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм...гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.... шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч Ү.....гийн хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Д.... болон Г.... нарын хоорондох автомашин худалдсан харилцаанаас үүссэн төлбөр тооцоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Автомашины нийт үнэлгээ 63,000,000 төгрөг байгаагүй. Ломбардны төлбөр 20,000,000 төгрөгийг 63,000,000 төгрөг дээр нэмээд, нийт 83,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон. Тиймээс хариуцагч ямар нэгэн нэмэлт төлбөр төлөх үүрэг хүлээхгүй. Худалдах, худалдан авах гэрээний дагуу Д.... нь автомашины үнийг Г....т болон ... ХХК-д төлөх нөхцөлтэйгөөр худалдсан. Г....т мөнгөө төлсөн, машины эрхийн доголдлын талаар мэдэж байсан. Мөн нэхэмжлэгч нь автомашиныг барьцаалан бусдад төлөх ёстой үүрэг байгааг мэдэж байсан. Ийнхүү эрхийн доголдлын талаар мэдсэн бөгөөд энэ талаар шаардлага гаргах эрхээ алдсан. Мөн нэхэмжлэгч маргаан бүхий гэрээний үүрэгтэй холбоотой Иргэний хуулийн 75.2.1-т заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: ... ХХК-ийн орлогын баримт /хх-4, 5/, Д....гийн Хаан банк ХХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6, 7/, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1... тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх-8/, ... ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн тодорхойлолт /хх-32/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
4.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан татгалзлаа нотлохоор аливаа нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй болно.
5.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн ..... дугаар захирамжаар ... ХХК-иас Г....тай байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж, тус компаниас 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн .... тоот Барьцаат зээлийн гэрээ, зээлийн тооцоолол бүхий хүснэгт зэргийг ирүүлж нотлох баримт бүрдүүлсэн. /хх-29, 45-48/
6.Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн .... дугаар захирамжаар ... ХХК-иас Г....тай байгуулсан зээлийн гэрээний төлбөр, хүүгийн тооцоолол болон зээлийн үүрэг дуусгавар болсон тухай лавлагааг, Авто тээврийн үндэсний төвөөс ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д....гийн эзэмшилд шилжүүлж бүртгэсэн тхуай лавлагааг холбогдох баримтын хамт, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, ... ХХК-ийн эрүүгийн хэрэгт гаргасан тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж, баримтуудыг бүрдүүлсэн. /хх-73-74, 85-90, 102-103/
Зохигчдын шүүхэд гаргасан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэгч Д....гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардах эрхээ Г....аас тээврийн хэрэгслийг 63,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, төлбөрөө төлсөн. Тээврийн хэрэгслийн эзэмшил ... ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй болохыг мэдэж байсан. 2018 онд тус компаниас машиныг хурааж авна гэхэд Г....ын өмнөөс 20,000,000 төгрөгийг төлж машинаа хураалгаагүй учир уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шаардана гэж тодорхойлсон.
3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Тээврийн хэрэгслийг 83,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Үүний 63,000,000 төгрөгийг Д.... нь Г....т төлөх, 20,000,000 төгрөгийг ... ХХК-д төлөхөөр талууд тохирсон учир одоо талуудын хооронд үлдэгдэл тооцоо байхгүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 491.6-д заасны дагуу шаардсан, харин өмгөөлөгч нь Иргэний хуулийн 496.1-д зааснаар шаардана гэж тодорхойлсон ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өмгөөлөгч өөрчлөх эрхгүй. Нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, тээврийн хэрэгслийн эрхийн доголдлын талаар мэдсэн боловч шаардлага гаргаагүй учир шаардах эрхээ алдсан гэж тодорхойлон маргаж байна.
4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ... ХХК-ийн орлогын баримтууд, нэхэмжлэгч Д....гийн дансны хуулга, Г....ын ... ХХК-тай байгуулсан Барьцаат зээлийн гэрээ, Г....ын Зээл хүсэгчийн анкет, ... ХХК-ийн тодорхойлолт, шүүхэд гаргасан тайлбар, гэрээний зүйл болох ... улсын дугартай тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол зэрэг баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1.Талууд аман хэлбэрээр харилцан тохиролцсоны дагуу Д.... нь 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 63,000,000 төгрөгийг 3 удаагийн гүйлгээгээр 5029687696 тоот данс руу шилжүүлж, ... улсын дугаартай ... маркын автомашиныг Д....д хүлээлгэн өгсөн ба энэ хугацаанд тухайн тээврийн хэрэгсэл ... ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан.
4.2.Гэрээний зүйл болох ... улсын дугаартай ... маркын автомашиныг барьцаалан хариуцагч Г.... нь ... ХХК-тай 2016 оноы 1 дүгээр сарын 20-ны өдрийн .... тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, гуч хоногийн хугацаатай, мөн оны 3 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, гуч хоногийн хугацаатай тус тус зээлж, уг гэрээнүүдээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ тохирсон хугацаанд биелүүлээгүй байна.
4.3.2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Д.... нь ... ХХК-д Г.... үндсэн зээл төлөв гэх утгатай 15,000,000 төгрөг, мөн өдөр Г.... хүүг төлөв гэх утгатай 5,000,000 төгрөг тус тус төлжээ.
4.4.Нэхэмжлэгч Д.... нь хариуцагч Г....т залилуулсан гэх гомдлыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргаснаар тус дүүргийн Прокурорын газраас тэдний хооронд гэрээнээс үүдэлтэй маргаан үүссэн нь иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдана гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гаргаж, хүчин төгөлдөр болжээ.
4.5.Эрүүгийн хэрэг хянан шалгагдах явцад ... ХХК-иас цагдаагийн байгууллагад Д.... нь тус компанид Г....ын өгөх 15,000,000 төгрөг, зээлийн хүү тооцоод нийт 20,000,000 төгрөгийг төлсөн тухай тодорхойлолт гаргасан байна.
4.6.Гэрээний зүйл болох ... улсын дугаартай ... автоамшин нь нэхэмжлэгч Д....гийн нэр дээр бүртгэгдэж байгаагүй, 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Г...., 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ... ХХК, 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр У....., 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Г...., 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б...., 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б.... нар өмчлөгчөөр тус тус бүртгэгдэж байжээ.
5.Зохигчид худалдах, худалдан авах гэрээний үнийг 83,000,000 төгрөг эсхүл 63,000,000 төгрөг байхаар тохиролцсон эсэх, нэхэмжлэгч гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргасан эсэх, гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх, тээврийн хэрэгслийн эрхийн доголдлын талаар нэхэмжлэгч мэдэж байсан эсэх талаар тус тусын үндэслэл зааж маргасан. Харин талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, тээврийн хэрэгслийг Д.... эзэмшилдээ авсан, 63,000,000 төгрөгийг иргэн ...аар дамжуулан Г.... авсан, тээврийн хэрэгсэл нь ... ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байсан зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүйг дурдах нь зүйтэй.
6.Д...., Г.... нарын хооронд тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр хийгдэж, гэрээний зүйл болох ... улсын дугаартай ... маркын автомашины үнийг нэхэмжлэгч 63,000,000 төгрөгөөр, хариуцагч 83,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж өөр өөрөөр тайлбарлах ба шүүх нэхэмжлэгч талын үндэслэл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч Д....гийн Хаан банк ХХК дахь дансны хуулга, ... ХХК-ийн тодорхойлолт болон тайлбар, Д....гийн ... ХХК-д Г....ын өмнөөс 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 20,000,000 төгрөгийн төлбөрийн баримт, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот прокурорын тогтоол зэрэг баримтуудаар нотлогдсон гэж үзлээ.
7.Харин хариуцагч Г.... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, гэрээний зүйлийн үнийг 83,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул түүний татгалзал үндэслэлгүй гэж дүгнэв.
8.Нэхэмжлэгч Д.... худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж төлбөр 63,000,000 төгрөгийг хариуцагч Г....ын заасан данс руу шилжүүлсэн бол хариуцагч Г.... гэрээний зүйлийн эзэмшлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн боловч өмчлөл шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон ба тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн ... ХХК-д Д.... нь 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр нэмж 20,000,000 төгрөгийг Г....ын өмнөөс тус компанид төлж, гэрээгээр тохиролцоогүй нэмэлт төлбөрийг төлж илүү зардал гарсан учир уг мөнгийг Г....аас буцааж гаргуулахаар шаардсан байна.
9.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
10.Нэхэмжлэгч Д.... хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэг бус, харин түүнээс худалдаж авсан тээврийн хэрэгслийг эзэмшиж байх хугацаанд өөрийн худалдаж авсан тээврийн хэрэгслийг алдахгүйн тулд хариуцагчийн бусдад төлөх 20,000,000 төгрөгийн төлбөрийг түүний өмнөөс төлсөн тул хариуцагч Г....ыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарлан өөрөөс гарсан зардлыг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардсан байх тул хариуцагч талаас тайлбарласан Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй байна.
11.Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгч Д.... Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6 дахь хэсэгт зааснаар 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа талаар тодорхойлсон боловч тухайн нэхэмжлэл Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт хамаарах талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс үүнийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчлөх эрхгүй этгээд тул нэхэмжлэлд бичигдсэн 491.6 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэнэ гэх агуулгаар тайлбарлаж маргасан.
12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.6, 34.3.7 дахь хэсгүүдэд зааснаар өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо үйлчлүүлэгчийнхээ илэрхийлж байгаа байр суурьт тайлбар хийх, үйлчлүүлэгчийн шаардлага түүнийг нотлох баримт, үндэслэлийг гаргах эрхтэй гэж заасны дагуу шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хууль зүйн үндэслэл заан гаргаж буй тайлбар нь нэхэмжлэгч Д....гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилсөн гэж үзэхгүй.
13.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт Хэн нэгэн этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан бөгөөд Д.... нь ... ХХК-д Г....ын өмнөөс Барьцаат зээлийн гэрээний төлбөрөөс үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 5,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг төлсөн байх тул уг зардлаа хариуцагч Г....аас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
14.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 258,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г....аас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д....д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 258,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА