| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0934/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1146 |
| Огноо | 2025-05-05 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Оргил |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Т.Мөнх-Оргил,
шүүгдэгч Ж.Л- нарыг оролцуулан эрүүгийн 2306030452440 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ***** аймгийн **** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ****** дүүргийн *** дүгээр хороо ***** хотхоны ** байрны *** тоотод оршин суух хаягтай,
Х овогт Ж.Л /регистрийн дугаар АА********/,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Л- нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С-” худалдааны төвийн 3 давхарт иргэн Л.Н-тэй “бараагаа зай хэтрүүлж тавиад байна” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний үйл ажиллагаа явуулдаг **** дугаартай лангуунд байрлуулсан байсан бэлэн хувцас, өлгүүр, хувцас өмсгөх зориулалт бүхий манекен зэрэг эд зүйлсийг нь татаж унагаах зэргээр санаатай устгаж, гэмтээн бусдад 462.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокуророос Ж.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Л.Н-ийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Ж.Л-гийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ж.Л- нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С-” худалдааны төвийн 3 давхарт иргэн Л.Н-тэй “бараагаа зай хэтрүүлж тавиад байна” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний үйл ажиллагаа явуулдаг **** дугаартай лангуунд байрлуулсан байсан бэлэн хувцас, өлгүүр, хувцас өмсгөх зориулалт бүхий манекен зэрэг эд зүйлсийг нь татаж унагаах зэргээр санаатай устгаж, гэмтээн бусдад 462.000 төгрөгийн хохирол учруулсан гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Л-гийн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:
шүүгдэгч Ж.Л- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “…Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С худалдааны төвийн 3 давхрын эрэгтэй бэлэн хувцасны **** дугаартай лангуун дээр сууж эхэлсэн. Тухайн лангуу нь түрээсэлж байсан лангуу юм. 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр лангуун дээрээ ганцаараа сууж байсан. Тэгтэл үл таних хүн хувцас авахаар орж ирэхээр нь би хувцсыг нь үзүүлээд зогсож байсан чинь гэнэт хажуу талын лангууны Н- нь “Танай эгч чинь давраад байгаа шүү” гэсэн утгатай зүйлийг чанга хашхирч хэлэхээр нь би лангуун дотроосоо гараагүй, юу болоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь Н- нь урдаас шууд “хуцаад бай пизда минь” гэж хэлээд над руу гараараа салаавч өгөөд байсан. Тэр үед нь бол би үйлчлүүлэгчтэй байсан учраас хариу үйлдэл, үг яриа хэлээгүй, улмаар нөгөө үйлчлүүлэгч маань цамц худалдаж авчхаад гараад явсан. Тэгээд би лангууныхаа үүдэнд гарч зогсоод Н-д хандан юу болоод орилоод хүн доромжлоод байгаа юм бэ гэж хэлсэн чинь Н- над руу “би энд 10 жил зогсож байна, танай дүү чинь юу вэ, манекенаа цааш нь оруул гэж загнаад байна, та нар амжихгүй шүү” гэж орилоод байсан. Би тэр үед наадах хэрүүлдээ намайг битгий оруулаад бай надад хамаагүй асуудал гэж хэлсэн. Тэгсэн чинь үргэлжлүүлээд Н- нь намайг “янхан, банзал, биеэ үнэлэгч” гэх мэтээр олон удаа доромжлоод байхаар нь би Цагдаагийн байгууллагад хандана гэж хэлээд Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өөрийн эзэмшлийн ******** дугаараас дуудлага өгсөн юм. Тэгээд Цагдаагийн алба хаагч нар ирэхийг хүлээгээд лангуун дотроо сууж байсан чинь Н- нь бүр миний лангууны үүдэнд ирээд орилж, хашхираад хэл амаар доромжилж, өдөөн турхираад байхаар нь би тэсэхгүй, лангууныхаа үүдэнд очиж маргалдсан, тэгсэн чинь Н- нь миний лангууны үүдэнд байсан өлгүүр дээр байсан хувцаснуудыг аваад над руу шидсэн, тэгэхээр нь би одоо битгий давраад бай гэж хэлээд Н-гийн лангуун дээр очиж үүдэнд нь байсан өлгөөтэй байсан шортыг нь татсан, тэр үед тавцан дээр байсан манекен нь газарт унасан, гэхдээ манекен нь хагарсан, бутарсан, эвдэрсэн зүйл огт байхгүй байсан. Улмаар Н- нь миний эд зүйлсийг урна гэж дайраад лангууны гадна талд өлгөөтэй байсан хувцаснуудыг авч урахыг завдаж байхад С худалдааны төвийн хоёр хамгаалагч ирж үйлдлийг таслан зогсоосон, мөн тэр үед С худалдааны төвийн менежер гэх эмэгтэй бас ирсэн байсан юм. Тэгээд тэр хүмүүс Н-д хандан та ингэж орилж болохгүй, энэ чинь Олон нийтийн худалдааны төв шүү дээ гэж хэлээд Цагдаагийн байгууллагад дахиад дуудлага өгсөн юм. Ийм л асуудал болсон. Харин Цагдаагийн байгууллагын ажилтан ирээд эгчээ та лангуугаа түгжиж гараад Цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдлөө бичээд өгчих, тэгэхгүй бол наадах хүн чинь маргаанаа зогсоохгүй юм байна гэж хэлсэн юм. Тэгээд би ирж өргөдөл бичиж өгчхөөд харьсан юм. Н- нь эхлээд миний хувцсыг над руу шидсэн. Тэгэхээр нь л би зөрүүлээд лангуун дээрх хувцсыг татаж өөр рүү нь шидэх үед тавцан нь нурж манекен нь газарт унасан юм. Би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт манекен нь бол угаасаа хуучин, урьд өмнө эдэлж хэрэглэж байсан л манекен юм. Ер нь манекен унаад хагардаггүй юм. Харин яак гэж юу яриад байгааг ойлгохгүй байна, би яакыг урсан, гэмтээсэн зүйл байхгүй, хаана ч байсан яак юм мэдэхгүй байна. Мөн ширээ гэж юу яриад байгааг бас ойлгохгүй байна, учир нь тэнд огт ширээ байгаагүй, тавцан л байсан. Тавцан нь дундуураа хугараагүй байсан юм. Би хохирлыг нь төлж барагдуулахгүй. Би энэ асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байгаад гайхаж байна. Би ийм гэмт хэрэг үйлдээгүй байхад ямар шалтгааны улмаас ийм асуудал үүсээд байгааг ойлгохгүй байна. Харин ч би нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна, олон түмний нүдэн дээр биеэ үнэлэгч, янхан, пизда гэх мэт үгээр ёс зүйгүйгээр доромжилсонд би гомдолтой байна, мөн би хүүхдийн сургууль орох дөхсөн тул Дорнод аймаг руу шилжиж явна, энэ асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 84-85/,
хохирогч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2013 оноос хойш одоог хүртэл Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С- худалдааны төвийн 3 давхарт **** дугаарт бэлэн хувцас зардаг юм. 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр лангуун дээрээ сууж байсан чинь хажуу талын 3002 дугаарт бэлэн хувцасны лангуун дээр зогсож байсан Ж.Л- над руу ирээд танай лангууны бараанууд манайх руу ороод байна гэхээр нь хүний лангуу руу орсон зүйл алга байна, би 10 жил зогсож байна, би хаана, юу тавих эсэхээ мэднэ гэж хэлсэн чинь Ж.Л- нь хувцас өлгөдөг мод аваад миний лангуу руу ороод ирэхээр нь би хажуу талын лангуу буюу С-гийн ланг руу орсон чинь ардаас ирээд модоороо үзүүр дээрээ төмөртэй/ гар, цээж, дал, мөр, толгой, тархи руу олон удаа цохисон, мөн намайг ална шүү гэж заналхийлсэн. Тэгээд нөгөө Ж.Л- нь буцаад өөрийнхөө лангуу явах замдаа миний хувцас өлгөөд тавьсан байсан хоёр манекеныг аваад газарт шидсэн, улмаар дахин хэл амаар доромжилж байгаад над руу ирээд карт уншдаг посс машинаар толгой, цээж рүү цохиж байгаад миний буцаагаад байрлуулсан байсан манекеныг дахин хүчтэй авч шидсэн. Тэр үед миний хоёр манекен эвдэрсэн, мөн өмдний тавиурыг зулгаасаар байгаад унагааж эвдэлсэн. Манекенд өлгөсөн байсан цагаан, хөр өнгийн хоёр ширхэг яак маань урагдсан юм. Мөн Ж.Л-гийн дүү Ж.Т- нь намайг хэл амаар доромжилсон, хоёулаа л нийлээд над руу дайрсан. Тэгээд л хамт зогсдог хүмүүс маань салгасан. Улмаар Цагдаагийн алба хаагч нар ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...бор өнгийн цамцтай үсээ хойноо боосон эмэгтэй гарч ирээд гартаа юм авч шидэж, чамайг ална даа хулгайч минь гэж цаана байгаа харагдахгүй хүн рүү өлгүүртэй хувцас тараан авч шидэж, тавиур дээр байсан 2 манекенд хувцас өмсүүлсэн байсан цагаан хар өнгийн 2 яакийг газар унагаж лалар минь яах гээд байгаа юм гээд лангууг нураасан бичлэг байв, ... бор цамцтай эмэгтэй хувцас гартаа аваад шидэж байгаа зүйл харагдав, дахиж хувцас шидэж байхад цаанаас хар цагаан хувцастай 2 эмэгтэй хүн гарч ирээд цаашаа авч явсан бичлэг байв...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40-45/,
Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ний 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 1012 дугаартай “манекен, ширээ 292.000 төгрөгийн үнэлгээтэй гэх, мөн Д ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1032 дугаартай “яак 170.000 төгрөгийн үнэлгээтэй” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 52-60/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 5/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 73/ нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ж.Л- нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С-” худалдааны төвийн 3 давхарт иргэн Л.Н-тэй “бараагаа зай хэтрүүлж тавиад байна” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний үйл ажиллагаа явуулдаг **** дугаартай лангуунд байрлуулсан байсан бэлэн хувцас, өлгүүр, хувцас өмсгөх зориулалт бүхий манекен зэрэг эд зүйлсийг нь татаж унагаах зэргээр санаатай устгаж, гэмтээн бусдад 462.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Ж.Л-гийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүх шүүгдэгч Ж.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Л-д 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ж.Л- нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Ж.Л-гийн дээрх гэмт үйлдлийн улмаас хохирогч Л.Н-т 462.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөр төлөөгүй байх тул шүүгдэгч Ж.Л-гээс 462.000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Н-т олгохоор шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Ж.Л-д холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Ж.Л- нь завсарлага авсан хугацаанд хохирол, төлбөр болох 462.000 төгрөгийг Төрийн сангийн ********** дансанд төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Л-гээс хохиролд нөхөн төлсөн 462.000 төгрөгийг Төрийн сангийн ********** данснаас гаргуулж, хохирогч Л.Н-т олгохоор шийдвэрлэлээ
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Ж.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Л-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Л- нь энэ тогтоолоор оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ж.Л- нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн тамгын газрын Төрийн сангийн ********** данснаас 462.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Н-т олгосугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР