| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 101/2022/02130/И |
| Дугаар | 102/ШШ2022/02286 |
| Огноо | 2022-06-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 102/ШШ2022/02286
2022 оны ...сарын ... өдөр Дугаар 102/ШШ2022/0..... Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....
Хариуцагч: ....,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд орологчид:
Нарийн бичгийн дарга Х.Назгүль.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Г.... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ш....тай танилын хүрээнд итгэн 2004 оны ... маркын .... улсын дугаартай автомашиныг 5,500,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, түүнд итгэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ... захад байрлах Авто тээврийн үндэсний төвд очиж нэр дээр нь шилжүүлж өгсөн. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ш.... над руу залгаад iPhone 12pro max утас урьдчилгаанд нь бодоод машинтай болгоод өгөөч гэж ярьсан. Түүнд ... байна гэж хэлээд 21 дүгээр хороолол, Содон хороололд ирж уулзсан. Ингээд маргааш нь уг машиныг авахаар болж, утсаа 3,000,000 төгрөгт бодоод, үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сард төлж дуусгахаар тохиролцоод машиныг минь нэр шилжүүлж аваад явсан. Өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй тул хариуцагч Ш....аас 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.
2.Хариуцагч Ш.... шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2021 оны 11 дүгээр сард төрсөн эгч ...ээс iPhone 12pro max гар утсыг бэлэн 5,000,000 төгрөгөөр худалдаж аваад, удалгүй Г.... найзтайгаа 2021 оны 11 дүгээр сарын 18-нд 5,000,000 төгрөгийн утсаар тулах хямд машин байна уу гэхэд 2002 оны өвгөн Crown байна гэсэн. Тэгээд үнэ судлахад 3,500,000 төгрөгөөс эвдрэлгүй, хийх юмгүй ийм машин 4,000,000 төгрөгийн ханштай байсан. Тухайн үед Г.... утас засдаг найзтайгаа дуудаж ориг утас мөн үгүйг шагуулж, ориг юм байна гээд ямар нэгэн зөрүү мөнгөгүйгээр наймаа хийсэн. Тухайн үед машинд тос масло, наклад, гэрэл дохио, тремистат, хоёр дугуй хавагнасан, нэг нь хагарч, нэг дугуй авч байсан ба бензин болон тос масло их иддэг байсан тул Г....тай адилхан машины ченж хийдэг 89808054 дугаартай залууд 3,000,000 төгрөгөөр зарсан тул Г....тай ямар нэгэн тооцоо байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд нотлох баримтаар: фото зураг /хх-4/, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-5/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-6/, интернэт зар /хх-7/, хариуцагчтай чат-аар харилцсан захидлын фото зураг /хх-8-13/ зэрэг баримтуудыг гаргасан бол хариуцагч шүүхэд нэхэмжлэлтэй холбоотой аливаа нотлох баримт гаргаагүй байна.
4.Нэхэмжлэгч Г.... шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд өөрийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн. Мөн хариуцагч Ш....д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т тус тус зааснаар зохигчдын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх Г....ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчтай автомашин худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр хийж, ... маркын .... улсын дугаартай автомашиныг 5,000,000 төгрөгөөр үнэлэн хариуцагчид худалдах, төлбөрийг 3,000,000 төгрөгт тооцон ... маркын гар утас, 2,000,000 төгрөгийг бэлнээр төлөх үүргийг хариуцагч хүлээсэн. Хариуцагч төлбөрт гар утсыг өгсөн боловч 2,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй учир шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, автомашиныг ... маркын гар утсаар төлбөрийг төлөхөөр тохиролцсон учир төлбөрийн үлдэгдэл байхгүй. Тухайн худалдан авсан автомашиныг бусдад 3,000,000 төгрөгөөр худалдсан ба нэхэмжлэгчид төлбөрт тооцсон ... маркын гар утсыг эгчээсээ 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан байсан гэж тайлбарлан маргасан байна.
4.Талуудын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр хийгдэж, гэрээний зүйлийн үнийг 5,000,000 төгрөг байхаар тохиролцож, нэхэмжлэгч гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба энэ талаар зохигчид маргаагүй. Харин төлбөрт тооцсон гар утсыг 3,000,000 төгрөг, эсхүл 5,000,000 төгрөг байхаар тооцсон эсэх талаар зохигчид өөр өөрөөр тайлбарлаж маргасан.
5.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт 244.1.Худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно гэж хуульчилжээ.
6.Хариуцагч гэрээний зүйлийн төлбөрт тооцож нэхэмжлэгчид өгсөн гар утсыг өөрийн эгчээс 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарлах боловч шүүхэд гаргасан энэхүү тайлбар, татгалзлаа баримтаар нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай харилцсан мессеж болон чат-ыг нотлох баримтаар буюу фото зургаар гаргасныг үнэлснээр хариуцагч Ш.... төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн хариуцагчаас 2,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
7.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш....аас 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г....т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА