Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2022/02317

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны ... сарын ...өдөр Дугаар 102/ШШ2022/0... Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: .....,

Хариуцагч: ...,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:....

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн .... тоот орон сууцнуудыг С....ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ гаргуулах хүсэлт бичиж, Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэх улсын бүртгэлийн албанд хүргүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б....,

Хариуцагч, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч П....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч С.... шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

С.... миний бие 2011 оны 4 дүгээр сараас 2013 оны хооронд Д....рын эзэмшлийн газар дээр хөрөнгө оруулалт хийж, мансардтай 6 давхар орон сууц барьж ашиглалтанд оруулан, одоог хүртэл амьдарч байгаа билээ. Ч...., Д....р болон миний бие хөрөнгө оруулалт хийж байшинг барьж өөрсдийн оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр орон сууцыг хувааж авсан. Тухайн орон сууц нь үйлчилгээтэй, нийт 7 айлын орон сууц бөгөөд суурийн давхар, үйлчилгээний 1 давхар, 2, 3 тоот орон сууцыг Ч.... авч, би 4, 5, 6 тоот орон сууцнуудыг авч, харин Д....р 7, 8 тоот орон сууцнуудыг тус тус авсан. Тухайн орон сууц Д....рын амины орон сууц нэртэйгээр бүртгэгдэж, түүний өргөдлөөр өмчлөх эрхийн гэрчилгээ үүсэхээр бичиг баримт бүрдсэн байсан. Гэтэл Д....р нь миний өмчийг улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагааг хийхийн оронд өөр хүмүүсийн нэр дээр манай байрнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан байсан. Үүнийг Захиргааны хэргийн шүүхэд хандаж, тухайн иргэн миний эрхийг зөрчсөн шийдвэрүүдийг хүчингүй болгуулсан юм. Тиймээс Д....рыг Баянгол дүүргийн .... тоот орон сууцнуудын өмчлөгч С.... мөн тул С....ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ гаргуулах хүсэлт бичиж Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэх улсын бүртгэлийн албанд хүргүүлэхийг даалгаж өгнө үү.

Уг орон сууцны байшингийн доорх газар эзэмших эрх нь Д....р гэдэг хүний нэр дээр байсан учир түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Б....ийн нэр дээр шилжсэнийг мэдээгүй байсан, сая мэдлээ. Улсын бүртгэгч захиргааны хэргийн шүүхийн хэрэгт хариуцагчаар оролцсон. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар бичгээр хүсэлт гаргаагүй. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлд хандахаар шийдвэрийг биелүүлэхээр хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хүлээж авахгүй байгаа. Д....р, С.... нарын хооронд аман хэлцлээр тохироод, үүнтэй холбоотой асуудлыг Улсын дээд шүүх шийдвэрлэчихсэн байгаа. Д....р өөрөө хүсэлт гаргаж өгөх ёстой юм байна гэж ойлгосон. Бичгээр байгуулсан өөр гэрээ байхгүй. Оруулсан хөрөнгөндөө тохирсон байр авахыг мэдсээр байж өөр хүмүүсийн нэр дээр гэрчилгээг Д....р гаргуулсан байгаа учир түүнийг хариуцна гэж үзээд хариуцагчаар татсан байгаа. С....ын өмчлөх ёстой орон сууцнуудыг өөр хүмүүсийн нэр дээр Д....р бүртгүүлсэн, тэр хүмүүс нь бусдаас зээл аваад орон сууцнуудыг барьцаалж барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа учраас шүүхийн шийдвэр байгаа ч улсын бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...гэв.

2.Хариуцагч Д....р шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, хариуцагчийн өмгөөлөгч П.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

С.... болон Ч...., Д....р бид нар тус дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран хөрөнгө оруулж, Үйлчилгээтэй 7 айлын орон сууцны барилга барьж 4, 5, 6 тоот айлуудыг С.... авахаар тохиролцон хуваарилсан боловч Ч...., С.... нарын хооронд оруулсан хөрөнгийн талаар маргаан гарч 2014 оны 3 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад маргааныг шийдтэл 4, 5, 6 тоот айлуудын гэрчилгээг Ч....ы талд гаргуулж, С.... уг байруудын 5 тоотыг бусдад түрээслүүлж, 4, 6 тоотууддаа амьдарч байгаа билээ. С.... нь нэхэмжлэлдээ намайг 78 дугаар байрны 4, 5, 6 тоот байрны өмчлөгч С.... мөн тул С....ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ гаргуулах хүсэлт бичиж үл хөдлөх эд хөрөнгө бүртгэх улсын бүртгэлийн албанд хүргүүлэхийг даалгаж өгнө үү гэсэн байна. Энэ надад хамараалгүй асуудал гэж би үзэж байна. С.... болон Ч.... нарын хооронд үүссэн маргаан учраас тэдний асуудал юм. Би өмчлөгч тогтоох хуулийн эрхгүй иргэн бөгөөд бусдын нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөх хүсэлт гаргасан ч хүлээж авахгүй байх гэж үзэж байна. Тиймээс хууль, шүүхээр бие биеэ далайлгаж маргаж явахаар хүн ёсоор ойлголцвол асуудлыг эерэгээр шийдэж болно гэдэгт хоёр нөхөртөө зөвлөмөөр байна.

Тухайн орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг бусдын нэр дээр гаргаж байсан шалтгаан нь хариуцагч болон гуравдагч этгээдүүд ашиглалтын зардлыг дийлэхгүй болоод буюу санхүүгийн байдлаас болж бусдад шилжүүлж байсан. Маргаан дууссаны дараа өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан ба хэрэгжээгүй гэрээний нөхцлүүд юм. Д....р энэ нэхэмжлэлийн хувьд хариуцах эрхгүй, гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүрэг байхгүй. С.... маргаан бүхий 5, 6 тоот орон сууцнуудын өмчлөгч мөн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Харин 4 тоот орон сууцны өмчлөгч биш бөгөөд түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн байгаа. Тиймээс 4 тоот орон сууцны талаар нэхэмжлэгч шаардах эрхгүй. С....ын 5, 6 тоот орон сууцнуудыг өмчлөх эрхэд нь Д....р саад учруулсан зүйл байхгүй. Тухайн барилгын доорх газар нь Ч....ы өмчлөлд байж байгаад түүний хүү Б....ийн өмчлөлд шилжсэн бөгөөд хариуцаж байгаа. Мөн маргаан бүхий орон сууцнуудыг бусдын өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлүүдийг Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн, уг шийдвэр хүчин ... байгаа. Нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхийн энэ шийдвэрийг албадан биелүүлэх талаар бичгээр хүсэлтээ өгөөгүй болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ч.... шүүхэд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч П.... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд бодит байдал, шүүхээр дүгнэгдсэн, тогтоогдсон байдлын талаар үнэн зөв мэдүүлэх, гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой байх хууль зүйн үндэслэлээ заасан ойлгомжтой байх ёстой байтал нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй байна. Хариуцагч Д....рын хариу тайлбар болон Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн .... дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай хариу мэдэгдэх хуудасны дүгнэлт, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүдэд дүгнэгдсэн үндэслэлүүд нь бодит үйл явдлын талаар шүүхэд тодорхой болгож байна. Хуулийн хүчин ... болсон давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 449 дүгээр магадлалд барилгыг 708,993,444 төгрөгөөр барьсан гэж үзээд, үүнээс 145,580,000 төгрөгийг С...., 45,412,000 төгрөгийг Д....р нар гаргасан, харин бусад мөнгөн хөрөнгийг Ч....аас гаргасан болохыг тогтоосон бөгөөд 4 тоот орон сууцыг С....ын хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. С.... нь 4 тоот орон сууцыг 100,000,000 төгрөгөөр тооцож, мөнгийг нь өгье гэж Ч....тай тохиролцож хүлээж авчихаад шударга бус зан гаргаж, тохиролцсоноосоо буцан 145,580,000 төгрөгөндөө багтааж авах ёстой, өгөхгүй байна гэж 2013 оны 6 дугаар сард маргаан үүсгэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн. Ийнхүү хүчин ... шүүхийн шийдвэрүүд болон бусад баримтаар Ч....ы хувьд энэ нэхэмжлэлийн шаардлага болон бодит үйл баримтад хууль ёсны эрхтэй болохоо шүүхээр тогтоолгосон этгээд учир гуравдагч этгээдээр оролцож, нэхэмжлэгчийн шаардлагатай холбоотой бодит байдлыг тодруулж шүүхэд тайлбар гаргаж байна. С.... нь өөрөө эрүүгийн хэргийн материалтай танилцахдаа 2 орон сууцаа авмаар байна гэж хүсэж бичдэг. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө оролцохгүйгээр 9 жилийн хугацаанд үндэслэлгүй маргааныг С.... үүсгэж, улсын бүртгэлийн гэрчилгээтэй болох нөхцлийг шүүхээр маргаантай байлгасан гэж үзэж байна. С.... нь энэ нэхэмжлэлийг гаргаснаар улсын бүртгэлийн гэрчилгээг Д....раар гаргуулж олгуулна гэж, шүүхээр Д....рт даалгаж шийдвэрлэнэ гэж үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ...гэв.

4.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: Баянгол дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /1-р хх-3-5/, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 151 дүгээр шийдвэр /1-р хх 7-15/, Иргэн ...рын амины орон сууцны барилга Төсөвт өртгийн нэгдсэн товчоо-ны хуулбар /3-р хх-100-102/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

 

5.Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ нотлохоор: Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/530 тоот хариу мэдэгдэх хуудас /1-р хх-25/, Хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /1-р хх-26, 174/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн .... дугаар шийдвэр /1-р хх-157-164/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 449 дүгээр магадлал /1-р хх-165-172/, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн .... дугаар тогтоол /2-р хх-195-197/, Баянгол дүүргийн .... тоот хаягт байрлах 120 м.кв газрыг иргэн Б.... эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /3-р хх-91/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

 

6.Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11359 дүгээр захирамжаар Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас маргаан бүхий Баянгол дүүргийн ... тоот дахь орон сууцнуудын хувийн хэргийн хуулбарууд /1-р хх-178-241, /, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаан бүхий орон сууцны 2, 3, 7, 8 тоот орон сууцнуудын хувийн хэргийн хуулбарыг /2-р хх-20-172/, мөн нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн .... дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас С....ын нэхэмжлэлтэй, Ч...., Д....р нарт холбогдох иргэний хэргээс Кассын дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар /3-р хх-8-73/, шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ..... дугаар захирамжаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Д....рт холбогдуулан эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай тодорхойлолтыг /3-р хх-78/, нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд ... нарыг гэрчээр асууж /3-р хх-104-112/, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ....дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас маргаан бүхий 4, 5, 6 тоот орон сууцнуудын бүртгэлд Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу өөрчлөлт хийгдсэн эсэх талаарх лавлагааг /3-р хх-139/ авч, тус тус нотлох баримт бүрдүүлсэн байна.

Зохигч талуудын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх С....ын Д....рт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: С.... нь маргаан бүхий 4, 5, 6 тоот орон сууцнуудын өмчлөгч мөн бөгөөд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэх гэхэд Д....рын бусадтай байгуулсан гэрээний дагуу өөр хүмүүсийг өмчлөгчөөр бүртгэсэн, тухайн бүртгэлийг Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон боловч уг шийдвэр биелэгдээгүй, шийдвэрийг нь албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар албадан гүйцэтгүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр болон өмчлөгчөөр бүртгэгдсэн хүмүүсийн бусадтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ бүртгэгдсэн байгаа учир С....ыг бүртгэх боломжгүй гэх хариу өгснөөр өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа, мөн тухайн барилгын газрыг Д....р хариуцаж байсан ба Ч.... болон түүний хүү гэх Б....ийн өмчлөлд газар бүртгэлтэй байгаа талаар мэдээгүй гэж тайлбарлан, уг орон сууцнуудын өмчлөгчөөр С....ыг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн газарт гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргахыг Д....рт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: 4 тоот орон сууцыг С.... өмчлөх эрх үүсээгүй бөгөөд түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай шүүхийн шийдвэр гарч хүчин ... болсон тул энэ орон сууцны талаар С.... шаардах эрхгүй. Харин 5, 6 тоот орон сууцнуудыг С.... өмчлөх эрхтэй болохыг хүчин ... шүүхийн шийдвэрээр тогтоосон. Мөн маргаан бүхий 3 орон сууцнуудын улсын бүртгэлийг хүчингүйд тооцох тухай Захиргааны хэргийн шүүхийн хүчин ... шийдвэр гарсан. Эдгээр орон сууцнуудыг өмчлөх эрхээ С.... хэрэгжүүлэхэд Д....р саад учруулсан зүйл байхгүй, энэ нэхэмжлэлийг хариуцах этгээд биш бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудал учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Маргаан бүхий орон сууцны байшингийн доорх газрыг Ч....ы хүү Б.... эзэмшдэг учир Д....р нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байна.

4.Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч Баянгол дүүргийн ..... тоот орон сууцыг өмчлөх эрхтэй эсэх, хариуцагч нь маргаан бүхий орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар Улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргах эрхтэй эсэх, нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч саад учруулж байгаа эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан. Харин зохигчид С....ыг маргаан бүхий 5, 6 тоот орон сууцыг өмчлөх эрхтэй бөгөөд тус орон сууцнууд гэрч ... нарын өмчлөлд бүртгэгдсэн байгаа, 4 тоот орон сууцны өмчлөлтэй холбоотой асуудлаар шүүх эцэслэн шийдвэрлэсэн зэрэг үйл баримтын талаар маргаагүй.

5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Захиргааны болон Иргэний хэргийн шүүхийн хүчин ... шийдвэр, магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, маргааны зүйл болох 4, 5, 6 тоот орон сууцнуудын хувийн хэрэг, гэрч ... нарын мэдүүлэг зэрэг баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

5.1.Нэхэмжлэгч С...., хариуцагч Д....р, гуравдагч этгээд Ч.... нар нь хамтран 2011 оны 4 дүгээр сараас Д....рын өмчлөлийн газар дээр маргаан бүхий 78 тоот орон сууцны барилгыг барьж эхлэн, 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтанд оруулсан.

5.2.Талууд оруулсан хөрөнгийн хэмжээгээр тухайн байшингийн орон сууцнуудаас өмчилж авах, С....ын хувьд 4, 5, 6 тоотуудыг авахаар тохирсон. Гэвч эдгээр орон сууцнуудыг ... нарын өмчлөлд бүртгүүлсэн бөгөөд С....ын гаргасан нэхэмжлэлийн дагуу Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ... дүгээр шийдвэрээр эдгээр иргэдийн өмчлөлд орон сууцнуудыг бүртгэсэн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон боловч уг шийдвэр биелэгдээгүй байна.

5.3.Маргаан бүхий 4, 5, 6 тоот орон сууцнууд нь гэрч ... нарын өмчлөлд бүртгэлтэй хэвээр байгаа ч тэд орон сууцнуудыг бодитоор эзэмшиж ашигладаггүй, тэдэнд олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн.

5.4.Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн .... дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 449 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн .... дугаар тогтоолоор С....ыг маргаан бүхий 5, 6 тоот орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоон шийдвэрлэж, Д....рын гаргасан сөрөг нэхэмжлэлийн дагуу С....ыг маргаан бүхий 4 тоот орон сууцнаас албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

6.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан энэхүү үндэслэлээр гаргасан гэж дүгнэв.

7.Шүүхийн хүчин ... шийдвэрээр нэхэмжлэгч С....ыг маргаан бүхий 5, 6 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, харин 4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар энэ үйл баримтыг шүүх дахин нотлох шаардлагагүй тул нэхэмжлэгч С.... нь 4 тоот орон сууцтай холбоотой шаардлага гаргах эрхгүй гэж үзлээ.

8.Харин 5, 6 тоот орон сууцны өмчлөгч С.... мөн бөгөөд тэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д....раас гэрээний дагуу орон сууцнуудыг өмчлөх эрхтэй болсон иргэд бусадтай байгуулсан Зээлийн болон барьцааны гэрээнүүд улсын бүртгэлд бүртгэгдсэний улмаас бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй болсон. Анх тухайн иргэдэд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар Д....рын гаргасан хүсэлтийн дагуу улсын бүртгэлд бүртгэсэн учир Д....р энэ нэхэмжлэлийг хариуцах ёстой. Мөн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн учир биелүүлэх боломжгүй болсон гэж тайлбарласан.

9.Маргаан бүхий орон сууцнуудын өмчлөх эрхийн гэрчилгээг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн .... дүгээр шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуульд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацааг хуульчлаагүй байсан байна.

10.Харин 2017 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 124 дүгээр зүйлд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тодорхой хугацааг хуульчилж, 124.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр хуулийн хүчин ... болсноос хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй гэж заажээ. Нэхэмжлэгч С....ын зүгээс тухайн захиргааны хэргийн хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж ойлгосон байсан, мөн хуульд дээрх өөрчлөлт гарсан тухай мэдээгүй гэж тайлбарласан.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ хуулийн 124.1.1-д заасан хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдвол хэтрүүлсэн хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.6-д заасан журмын дагуу сэргээх бөгөөд энэ тухай шийдвэр гарснаас хойш 3 сарын дотор гүйцэтгэх баримт бичиг олгуулахаар шүүхэд хандана гэж зааснаар нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байх тул хүчин ... шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандах нь зүйтэй.

11.Харин хариуцагч Д....р нь нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч С....ын өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон аливаа үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...рт холбогдуулан Баянгол дүүргийн .... тоот орон сууцнуудыг С....ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ гаргуулах хүсэлт бичиж Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэх улсын бүртгэлийн албанд хүргүүлэхийг даалгах тухай С....ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА