Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/02396

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны ... сарын .. өдөр Дугаар 102/ШШ2022/0.....  Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...,

Хариуцагч: ....

Нэхэмжлэлийн шаардлага: 74,794,800 /далан дөрвөн сая долоон зуун ерэн дөрвөн мянга найман зуун/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц....,

Хариуцагчийн өмгөөлөгч Б....,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

... ХХК-ийн захирал Ж..... нь тус компанид анх инженерээр ажиллаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тухайн үед захирал байсан Д.... нь түүнийг дуудаж уулзаад, Солонгос улс руу явж гэр бүлийн хүнээ эмнэлэгт эмчлүүлэн сахих шаардлагатай учраас компанийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон тул өөрийн компаниа өгье гэж хэлээд өндөр настай хүний итгэмтгий, мэдлэг мэдээлэлгүй гэнэн байдлыг далимдуулан Чингэлтэй дүүргийн нотариатад Ж.....г дагуулан очиж, гэрээнүүдэд гарын үсэг зуруулсан нь 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, мөн Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд байсан. Тухайн үед Ж..... компанийн захирал Д....ыг гэр бүлийнхээ хүнийг гадаад улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлага байгаа нөхцөл байдлыг бодолцож, захиралдаа бүрэн итгэж юу ч бодолгүй, уншиж танилцалгүй уг гэрээнүүдэд гарын үсэг зурсан байдаг. Ингээд хуулийн этгээдийн улсын бүртгэлд хандаж, ... ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Ж..... бүртгэгдсэн хэдий ч уг бэлэглэлийн гэрээний дагуу компанийг бэлгэнд авснаас хойш компани ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, нэг ч төгрөгийн гүйлгээ хийж байгаагүй. 2015 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн татварын хэлтсээс Ж.....г дуудаж уулзаад татварын 2014 оны үйл ажиллагааны орлогын татварын төлбөрт 64,804,225 төгрөгийн өртэй талаар хэлсэн. Улмаар шүүхийн шийдвэр гарч, ... ХХК нь 64,804,225 төгрөгийн татварын өр төлөхөөр шийдвэрлэж, өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байна. Тус компани Ж.....д ирэхдээ ямар ч хөрөнгөгүй байсан ба дээрх шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны төлбөр Ж.....гийн өндөр насны тэтгэврээс суутгал хийгддэг. Ж..... нь хохирсон асуудлаараа Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ... ХХК-ийг Д....ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн .... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн .... дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангасан гэж үзэж, гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг хангаагүй учир тухайн үед ... ХХК-ийн захирал байсан Д.... нь Ж.....д компаниа бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхдээ тухайн үед компанийн санхүүгийн балансад байсан эд хөрөнгөтэй нь хамт шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

... ХХК-ийн санхүүгийн балансад 2015 онд компанийн эд хөрөнгө нийт 74,794,800 төгрөг байсан байхад Ж.....д 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ болон Компанийн эр хшилжүүлэх гэрээнүүдээр ... ХХК-ийг шилжүүлэхдээ компанийн санхүүгийн балансад байсан эд хөрөнгө болох 74,794,800 төгрөгийг шилжүүлэн өгөлгүйгээр зөвхөн татварын болон бусдад төлөх өр төлбөртэй компанийг шилжүүлж, хуучин захирал Д.... нь өөрөө хариуцлагаас бултаж, өөрийнхөө аав шиг хөгшин настай хүнийг хууран мэхэлж, өндөр насны тэтгэврээс өөр орлогогүй хүнд компани бэлэглэх нэрийдлээр компанийн хүлээх хариуцлагыг хариуцуулсан. Үүний улмаас Ж..... нь сэтгэл санааны гүн хямралд орсон, өндөр настай хүн тул бие нь чилээрхэж, байнга эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлдэг, залуу сайхан насандаа ажиллаж хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртэж чадахгүй, өнөөдрийг хүртэл өөрт нь өндөр насны тэтгэвэр олгохыг нь 100 хувь зогсоосон, үр хүүхүдүүдээ бараадаад, өөрт учирсан хохирлоо арилгуулах, үнэн зөвөөр шийдвэрлүүлж, хариуцах ёстой эзэнд нь компанийг нь буцаан өгөхөөр хууль, шүүхийн байгууллагад хандахдаа ар гэр бүл, үр хүүхдүүдээсээ хөрөнгө, мөнгөний туслалцаа авч өнөөдрийг хүрсэн. Иймд Д....аас Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлээгүй ... ХХК-ийн санхүүгийн балансад байсан компанийн эд хөрөнгө болох 74,794,800 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

Хариу тайлбар дээр Ж.....г 113,000,000 төгрөгийг бүрэн авсан гэдэг. Энэ мөнгийг тэрээр огт аваагүй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Арбитрын шийдвэрээр нотлогдоно. Өмнө нь нэхэмжлэгч компани гэрээ хийгээд ажлаа гүйцэтгэсэн байсан. Ажил дуусаад хүлээлгэн өгсний дараа Капитал банкнаас нэхэмжлэл гаргаад 2017 оны 1 дүгээр сард шийдвэрлэсэн. Барилгын ажлыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байсан. Энэ мөнгийг гаргуулж авч чадаагүй. Зөрүү нь 30,000,000 орчим төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Банк нь дампуурсан учир мөнгийг аваагүй. Хариуцлагын гэрээн дээр гарын үсэг зурсан гэж хариу тайлбарт дурдсан байна. Нотариат дээр байхдаа гэрээнүүдтэй огт уншиж танилцалгүй гарын үсэг зурсан гэдэг. Хүлээлцсэн акт, хариуцлагын гэрээнд Д.... татварын өртэй компани шилжүүлж байгаа талаар дурдсан боловч өөр бусдад өр төлбөртэй талаар дурдаагүй. Компанийн хөрөнгийг шилжүүлж өгөхийг шаардаж байгаа. Тайланд байгаа хөрөнгийг шилжүүлээгүй байна. Энэ хөрөнгийг Д.... авсан байна гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу тайлангаа үнэн зөв гаргах үүрэг хүлээсэн. Тухайн үеийн тайланг гаргахдаа эргэлтийн хөрөнгө 75,000,000 төгрөг байгаа гэдгийг Д.... гаргасан. 2014, 2015 оны балансд тусгагдсан энэ хөрөнгийг Ж.....д хүлээлгэж өгөх ёстой байсан. Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасан тусгайлсан хөрөнгө байхгүй, эд хөрөнгө буюу хариуцах чадваргүй хөрөнгийг шилжүүлсэн. Компанийн тухай хуулийн 30.1.2 дахь хэсэгт зааснаар компанийн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Компанийн хөрөнгийг татвар төлөх нэрийдлээр 2014 оны 12 дугаар сард гаргаж авсан байсан. Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж олон жил явсан. Үүнээс хойш хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Турк улсад байж байгаад 2021 онд Монгол улсад ирсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү. Шүүхийн шийдвэрт энэ компанийг анхнаасаа өр төлбөртэй байсан уу? Шилжүүлсэн үү? Хөрөнгийг нь шилжүүлсэн эсэх талаар шийдвэрт тусгаж өгнө үү...гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт:

Хариуцагч Д.... нь өөрийн ... ХХК-ийг Ж.....д 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр 100 хувь шилжүүлэн өгсөн. Энэхүү гэрээг байгуулах өдрөө Д...., Ж..... нар нь ... ХХК-ийг шилжүүлсэнтэй холбогдуулан хариуцлага хүлээлгэх тухай гэсэн баримт үйлдсэн байна. Тус баримтанд Нийт өглөг: татварын өглөг болох 65,145,745 төгрөг, үүнд НӨАТ 64,306,225 төгрөг, ХХОАТ нь 839,250 төгрөг; Нийт авлага: Капитал банк ХХК-тай байгуулсан 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 113,000,000 төгрөг гэжээ. Ж..... нь Хэнтий аймгийн ... суманд баригдсан Капитал банкны барилгын үлдэгдэл төлбөр 113,000,000 төгрөгийг бүрэн авсан боловч татварын төлбөрийг санаатай төлөөгүйгээр зайлсхийж, хувьдаа зарцуулсан гэж Д.... болон төлөөлөгчийн хувьд үзэж байгаа. Тухайн барилгын ажлыг гүйцэтгэсэн гэдэг нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргаж өгсөн Капитал банкинд байсан ... ХХК-ийн ..... тоот дансны хуулгаас харагдана. Д.... нь Ж.....д ... ХХК-иа шилжүүлж өгөхдөө компанийн хөрөнгийг бүгдийг нь шилжүүлж өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ... ХХК-ийн санхүүгийн тайланг гаргаж өгчээ. Тайлангийн Эздийн өмч гэдэг нь бүх өрийг төлсний дараа аж ахуйн нэгжид үлдэх буюу эздэд хуваарилагдах боломжтой хөрөнгө юм. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эздийн өмч нь хувийн өмч, хуримтлагдсан ашиг гэсэн хоёр төрөлтэй байна. Хувийн өмч гэдэг нь компанийн дүрмийн сангийн хэмжээг буюу эздийн оруулсан хөрөнгийг хэлнэ. ... ХХК нь дүрмийнхээ 5.2-т зааснаар хөрөнгийн хэмжээ нь 1,000,000 төгрөг, нэг бүр нь 100,000 төгрөгөөр нэрлэсэн үнэ бүхий 10 ширхэг энгийн хувьцаатай компани юм. Хуримтлагдсан ашиг гэдэг нь компанийн өөрийн үйл ажиллагаагаараа олж хуримтлуулсан нийт ашгийн хэмжээг хэлнэ. ... ХХК нь 2015 онд татвар болон бусдад төлөх бүх өр төлбөрөө хасч тооцоход 8,116,600 төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д Ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна гэсэнтэй нийцэх юм. ... ХХК нь тухайн үед 65,678,200 төгрөгийн татварын өртэй байсан. Өр төлбөр ба эздийн өмчийн нийлбэр дүнгээр нь тооцоход /1,000,000₮+8,116,600₮+65,678,200/ 74,794,800 төгрөгөөр татварын тайланд туссан нь үндэслэлтэй бөгөөд хариуцагч Д.... нь өөрт авч үлдээд, шилжүүлэх мэтээр ойлгогдох хөрөнгө биш юм. Иймд дээр дурдсан үндэслэлээр ... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

3.Хариуцагчийн өмгөөлөгч Б.... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар талууд үнэн зөв тайлбар мэдүүлэг гаргах үүрэгтэй. Татварын өрийг мэдсэн, мэдээгүй гэж хоёр өөрөөр тайлбарлаж байна. Хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу иргэний хэргээс нотлох баримтаар татаж авсан баримтууд болох Арбитрын шийдвэрийг Д.... тухайн үед мэдээгүй байсан. Татварын өрийн хувьд анхнаасаа өртэй байсан учир Ж..... гуай мэдэж байсан. 113,000,000 төгрөгийн авлагыг аваад, үүнээсээ татварын өрийг төлөхөөр тохиролцсон байдаг. Татварын өртэй холбоотой асуудал 2015 оны 6 дугаар сард Д.... нь компанийн гишүүнчлэлээс гарсны дараа буюу 10 дугаар сард шүүхээр шийдвэрлэгдсэн байсан. Тухайн үед татварын өрийг төлөх санхүүгийн боломж бүрэн байсан гэдэг. Энэ асуудлыг өмнө шүүх шийдвэрлэж байсан. Өнөөдөр дахиад орж ирж байна. Нэхэмжлэлд дурдаад байгаа компанийн балансанд дурдсан 74,794,800 төгрөгийн хөрөнгө гэдэг нь биш юм. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо Д....ыг 2014 оны 12 дугаар сард 75,000,000 төгрөг компаниас авсан гэж хэлж байна. Энэ хугацаанд Д.... дангаараа хувьцаа эзэмшиж байсан, нэг гишүүнтэй компани байсан. Ж.....тай энэ үед ямар нэг эрх зүйн харилцаанд ороогүй байсан. Үүнээс хойш 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Ж.....д шилжүүлсэнтэй холбож байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч тал хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. 2014 оны санхүүгийн жил дууссанаас хойшхи хугацаанд Ж.....тай гэрээ хийгдсэн. Энэ гэрээнд тодорхой заасан байгаа. Бэлэглэлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаж байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулагдсан. Энэ хугацаанд ... ХХК-ийн захирал Ж..... Турк улсад байсан учир хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхийг хүсэж байна. Энэ асуудал шүүх хуралдааны явцад яригдахгүй гэж үзэж байна. Мөн энэ нь Ж..... гуайн гаргадаг башир аргын нэг бөгөөд өндөр настай, өвчтэй зовлонтой гэж удаа дараа ярьж байгаа боловч хэрэгт хамараалгүй, нотлох баримтгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.

4.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх-6-8/, 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Д...., Ж..... нарын байгуулсан Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ /хх-10-11/, мөн өдрийн Д...., Ж..... нарын байгуулсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ /хх-12-13/, Д...., Ж..... нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-14/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1746 дугаар шийдвэрийн эх хувь /хх-57-59/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн .... дугаар магадлалын эх хувь /хх-62-64/, ... ХХК-ийн ..... цахим санхүүгийн 2013-2015 оны тайлан /хх-21-26/, ... ХХК-ийн Капитал банкны депозит дансны хуулга /хх-60-61/, ... ХХК-ийн захирал Ж.....н гадаад паспортын хуулбар /хх-110-112/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан байна.

5.Хариуцагч татгалзлаа нотлохоор шүүхэд аливаа баримт нотлох баримтаар гаргаагүй. Харин хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн .... дугаар Нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас ... ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэж /хх-44/, захирамжийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн .... дугаар албан бичгээр дэлгэрэнгүй лавлагааг компанийн дүрмийн хамт ирүүлсэн байна. /хх-46-52/

Мөн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн ... дүгээр захирамжаар Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн архиваас Ж.....н нэхэмжлэлтэй, Д....т холбогдох 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн .... дугаар шийдвэртэй иргэний хэргээс /хх-67/ Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн .... дүгээр захирамж /хх-83/, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн ... ХХК-д холбогдуулан татварын өр төлбөр 64,804,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл /хх-85/, ... ХХК-ийн шүүхэд гаргасан хүсэлт /хх-87/, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн дэргэдэх Монголын олон улсын ба Үндэсний арбитрын 2017 1 дүгээр сарын 23-ны өдрийн 47 тоот шийдвэр /хх-88-99/, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ....дугаар албан бичиг /хх-100/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 508 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-101/, ... ХХК-ийг шилжүүлсэнтэй холбогдуулан хариуцлага хүлээх тухай Ж.....н баталгаа /хх-102/, ... ХХК-ийн бичиг баримтыг хүлээлцсэн акт /хх-103/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ: хариуцагч нь бэлэглэлийн гэрээний дагуу ... ХХК-ийн санхүүгийн балансад байсан эд хөрөнгө болох 74,794,800 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, уг хөрөнгийг 2014 оны 12 дугаар сард татвар, өр төлбөр гэх утгаар зарлагадаж компанийн данснаас авсан байх тул гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр шаардана. Мөн гэрээний үүрэгтэй хөөн хэлэлцэх хугацааг захирал Ж..... нь өндөр настай бөгөөд ар гэрийн гачигдлын улмаас Турк улс руу удаан хугацаагаар яваад Монгол улсад 2021 онд ирсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн байгааг сэргээлгэх хүсэлт гаргаж байна. Анхнаасаа компанийг Ж.....д шилжүүлэхэд өр төлбөртэй байсан эсэх, компанийн хөрөнгийг түүнд хүлээлгэж өгсөн эсэх талаар шийдвэрт тусгуулахыг хүсэж байна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ Хувьцаа бэлэглэх гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу бүрэн хүлээлгэж өгсөн. 2014 оны 12 дугаар сард Д.... тухайн компанийн ганц хувьцаа эзэмшигч буюу төлөөлөх бүрэн эрхтэй этгээд байхдаа хийсэн зарлага хамаарахгүй. 2014 оны санхүүгийн жил дууссаны дараа буюу 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гэрээнд хамааралгүй бөгөөд тухайн гэрээнд заасны дагуу болон Хариуцлагын гэрээ, хөрөнгө хүлээлцсэн актад компанийн өр, авлагын талаар тусгаж, харилцан тохиролцсон учир гэрээгээр хүлээх үүрэг үлдээгүй. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт нь үндэслэлгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нотлох баримт байхгүй гэж тайлбарлан маргаж байна.

4.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Д...., Ж..... нарын байгуулсан Хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ...6 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн ... дугаар магадлал, ... ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, дүрэм, гэрчилгээний хуулбар, тус компанийн ... цахим санхүүгийн 2013-2015 оны тайлан, ... ХХК-ийн Капитал банк дахь дансны хуулга, Арбитрын шийдвэр, уг шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн ... ХХК-иас татварын өр төлбөр шаардсан нэхэмжлэл, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны албан тоот, Шүүхийн гүйцэтгэх хуудас, ... ХХК-ийг шилжүүлсэнтэй холбоотой хариуцлага хүлээх тухай Ж.....н баталгаа, тус компанийн бичиг баримтыг хүлээлцсэн акт зэрэг баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.... ХХК нь 2006 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Гадаад худалдаа, барилгын засал чимэглэлийн зэрэг үйл ажиллагааны чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан. Хариуцагч Д.... 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар ажиллаж, Д...., Д..... гэсэн хоёр хувьцаа эзэмшигчтэй байгаад, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс Д.... ганц хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн. Улмаар 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс Ж..... 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж, мөн өдрөөс гүйцэтгэх удирдлагын бүртгэлд өөрчлөлт орсон байна.

4.2.Ж....., Д.... нарын хооронд 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ байгуулагдан, бэлэглэгч Д.... нь бэлэг хүлээн авагч Ж.....д ... ХХК-ийн нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг, нийт 1,000,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг тус компанийн 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг үндэслэн өөрийн эзэмшдэг 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 10 хувьцааны 100 хувь болох 100,000,000 төгрөгийн үнэ бүхий 10 хувьцааг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохирч, талууд гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар гэрээг гэрчлүүлжээ.

4.3.Мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1, 122 дугаар зүйлийн 122.2, Компанийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн эрх шилжүүлэгч Д.... нь 1,000,000 төгрөгийн хувь шилжүүлсэн хөрөнгөтэй, 1,000,000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 1 гишүүнтэй ... ХХК-ийн өөрт оногдох 100 хувийг албан ёсоор эрх шилжүүлэн авагч Ж.....д шилжүүлж, гэрээнд татварын өртэй болохыг дурдаж, гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөр байхгүйг тусгаж, Тайланд тусгагдсан болон компанийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байдаг хөрөнгө, тусгай зөвшөөрлийн талаар гэрээний 2.1.2-т: ... ХХК тусгай зөвшөөрөл ..... Барилга угсралт 2.1.1, 21.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2, 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 жилийн хугацаатай гэж тусгасан байх ба гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг нотариатаар гэрчлүүлжээ.

4.4.Улмаар гэрээ байгуулсан өдрөө ... ХХК-ийг шилжүүлсэнтэй холбогдуулан хариуцлага хүлээх тухай баримт үйлдэн, уг баримтаар нийт өглөг татварын өглөг 65,145,745 төгрөг, нийт авлага Капитал банк ХХК-тай байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөр 113,000,000 төгрөг болохыг дурдаж, Хэнтий аймгийн .... суманд баригдаж буй ... Капитал банкны барилга угсралтын ажил санхүү болон барилгын чанар барилгын гүйцэтгэлтэй холбоотой асуудал, уг барилга угсралтын гэрээний биелэлттэй холбоотой үүрэг, хариуцлагын асуудлыг 100 хувь Ж..... хариуцах болно гэснийг гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

4.5.Гэрээний дагуу ... ХХК-ийн бичиг баримтыг хүлээлцсэн акт 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр үйлдэж, гэрээний талууд гарын үсэг зурсан байна. Уг актаар компанийн 2010 оноос 2015 оны 1 дүгээр улирлыг хүртэлх санхүүгийн тайлан, болон бусад баримтуудыг хүлээлцсэн байна.

4.6.Дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, компанийг Д....ын нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах тухай Ж.....н нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1746 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн .... дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

4.7.Гэрээнд тусгагдсан татварын өртэй холбоотойгоор Баянгол дүүргийн татварын хэлтсээс гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүх шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа болох нь гүйцэтгэх хуудас болон бусад баримтууд, мөн зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Компанийн авлагад дурдагдсан Капитал банк ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотойгоор тус банкны гаргасан нэхэмжлэлийн дагуу арбитрын шийдвэр гарч, ... ХХК-иас 111,557,153 төгрөг гаргуулан Капитал банк ХХК-д олгож, Капитал банк ХХК-иас 143,831,547 төгрөг гаргуулан ... ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

5.Талуудын маргааны зүйл: Хариуцагч Д.... нь гэрээний дагуу ... ХХК-ийн хөрөнгийг бүрэн хүлээлгэж өгсөн эсэх, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дууссан эсэх байсан. Харин зохигчид Компанийн эрх шилжүүлэх болон Бэлэглэлийн гэрээ хийгдсэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, эрх шилжүүлэх үед татварын өр төлбөр болон авлагын талаар тусгасан зэрэг үйл баримтын талаар маргаагүй.

6.Нэхэмжлэгч ... ХХК нь Ж..... болон Д.... нарын хооронд байгуулагдсан Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу Д....ыг ... ХХК-ийн балансад байсан эд хөрөнгө болох 74,794,800 төгрөгийг шилжүүлээгүй учир энэ мөнгийг гаргуулахаар шаардаж, тус компанийн захирал хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлан хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг гаргаж байна.

7.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Иргэн Ж..... нь Д....тай байгуулсан гэрээтэй холбоотой тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар 2020 онд нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

8.Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба мөн зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааны тасалдал шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлэхээр хуульчилсан.

9.Гэвч Ж.....н гаргасан нэхэмжлэлийг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.5 дахь хэсэгт ...шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй гэж заасан, мөн зүйлийн 79.6 дахь хэсэгт эрх бүхий этгээд 6 сарын дотор шинэ нэхэмжлэл гаргавал анхны шаардлага гаргасан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцно... гэж заасан бөгөөд Ж..... ийнхүү хуульд заасан хугацаанд шинэ нэхэмжлэл гаргаагүй байна.

10.Түүнчлэн ... ХХК-ийн шаардаж буй маргаан бүхий гэрээ нь иргэд хооронд буюу Д...., Ж..... нарын хооронд байгуулагдсан байхад тухайн гэрээний зүйл болох ... ХХК нь энэ гэрээний үүргийг хариуцагч Д....аас шаардах эрх үүсэхгүй. Тус компанийн захирал Ж..... нь хариуцагчтай байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар өмнө шаардаж байсан. Иймд ... ХХК нь Д...., Ж..... нарын байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

11.Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт Шүүх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно гэж заасны дагуу шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ шийдвэрлэх боломжтой бөгөөд хэргийг шийдвэрлэхээс өмнө шийдвэрлэх асуудал биш учир хариуцагчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй байна. Мөн ... ХХК-ийн зүгээс иргэд хооронд хийгдсэн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд захирал Ж..... хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх байдал нотлогдохгүй байх тул хүсэлт үндэслэлгүй байна.

12.Ж....., Д.... нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу тайлан, баланс болон өглөг авлагыг хүлээлцсэн акт үйлдэгдсэн, 2014 оны 12 дугаар сард Д....ын хийсэн зарлага нь маргаан бүхий гэрээ байгуулагдахаас өмнө тухайн компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд байхдаа хийсэн гүйлгээ байгааг дурдах нь зүйтэй.

13.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.... гэрээний дагуу компанийг Ж.....д шилжүүлэхэд ... ХХК нь өр төлбөртэй байсан эсэх, компанийн хөрөнгийг Ж.....д бүрэн хүлээлгэж өгсөн эсэх талаар шийдвэрт тусгуулахыг хүссэн. Гэвч уг гэрээний оролцогч талууд ... ХХК-ийн бичиг баримтыг хүлээлцсэн акт үйлдэж, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан ба Ж..... нь ... ХХК-ийг шилжүүлсэнтэй холбогдуулан хариуцлага хүлээх тухай баримт үйлдэж, түүнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

13.Шүүх дээрх үндэслэлээр ... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хяна ншийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 531,924 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д....аас 74,794,800 төгрөг гаргуулах тухай ... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 531,924 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА