2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар  2025/ШЦТ/1237

 

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Ц.Сайнхүү,

шүүгдэгч Б.В- нарыг оролцуулан эрүүгийн 2506000000494 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр **** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, ***** -ийн үйлчлэгч ажилтай, ам бүл 1, ****** дүүргийн ** дугаар хороо, **** тоотод оршин суух хаягтай,

С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Б овогт Б.В /регистрийн дугаар: АА********/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.В- нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Э-1 хотхоны СӨХ-ийн байранд хохирогч Э.Б-тай “тамхи хулгайллаа, өрөөний цоож эвдэллээ” гэх шалтгаанаар биед нь халдаж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн 9 дүгээр хавирганы хугарал, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокуророос Б.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Э.Б-ын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №3428 дугаартай  дүгнэлт, шүүгдэгч Б.В-гийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбар зэргээр шүүгдэгч Б.В- нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Э-1 хотхоны СӨХ-ийн байранд хохирогч Э.Б-тай “тамхи хулгайллаа, өрөөний цоож эвдэллээ” гэх шалтгаанаар биед нь халдаж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн 9 дүгээр хавирганы хугарал, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.В-гийн хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

шүүгдэгч Б.В- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..хохирогч миний дүүдээ өгч явуулах гэж байсан тамхи, мөнгө зэргийг авсан учраас би яагаад хулгайлаад байгаа юм гэж хэлсэн чинь уурлаад миний гарыг хазахаар нь би цохисон. Цохисондоо уучлалт гуйж байна...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өчигдөр амарсан өглөө 7 цагт ажил дээрээ ирээд хувцас сольдог өрөө рүүгээ ороход өрөөний цоож эвдсэн байсан. Дотор нь сигар нэртэй 2 хайрцаг тамхи байсан. Өглөө ирэхэд байхгүй байхаар нь грашийг хогийг цэвэрлэчхээд менежер Э-т хэлсэн. СӨХ-ийн дарга Ц байсан. Буцаж гараад дэлгүүрээс ундаа 2 кофе авсан. Гараад 2 тортой хогоо хаячхаад ирэхэд манай ажилтай Б- явж байхаар нь цай уудаг өрөөнөөс дуудаад чи хүрээд ир юм ууя гэхэд цаашаа зугтаад байсан. Тэгээд араас очиж барьж аваад чи яагаад өрөөний цоож эвдсэн юм дотор нь 2 хайрцаг тамхи байсан яагаад хулгай хийгээд байдаг юм бэ гэж хэлэхэд урдаас шоронгийн хадаас минь чамайг шоронд хатаана гээд хэлэхээр нь уурандаа нүд хэсэгт нь гараараа 1 улаа, хавирга хэсэгт 1 удаа, хөл рүү нь 1 удаа өшиглөсөн. Миний эрхий хурууг зууж шүдээрээ хазсан. Зодоон болж байхад хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,  

 

хохирогч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Э СӨХ-д ажилд ороод 2 жил болж байна. Өнөөдөр өглөө 8 цагт ажил дээрээ ирээд цэвэрлэгээ хийх гээд явж байтал урдаас манай ажлын залуу гарч ирээд уурлаад чи өрөөнөөс 2 тамхи хулгайллаа, өрөөний цоож эвдэллээ гээд миний зүүн нүд хэсэгт гараараа 2 удаа цохисон, нуруу хэсэгт гараараа цохисон, зүүн хөлийн шилбэ хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, манай ажилтан Х бид хоёрыг зодолдож байхад харж байсан. Тэгээд СӨХ-ийн дарга бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №3428 дугаартай “...Э.Б-ын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, зүүн 9 дүгээр хавирганы хугарал, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.В- нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Э-1 хотхоны СӨХ-ийн байранд хохирогч Э.Б-тай “тамхи хулгайллаа, өрөөний цоож эвдэллээ” гэх шалтгаанаар биед нь халдаж, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн 9 дүгээр хавирганы хугарал, зүүн дээд, доод зовхи, хацар, шанаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.В-гийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Б.В-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.В-д 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Б.В- нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Б.В-гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Г.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтгүй, сэтгэл санаанд учирсан хор уршиг зэрэглэл тогтоолгоогүй, эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үйлчилгээ аваагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

            Шүүгдэгч Б.В- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б.В-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Б.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.В- нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.В- нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Б.В- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6охирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.В-д авсан хувийн Б-алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР