Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 67

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 Улсын яллагч Д.Нямдэлэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв

 Нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар Б.А******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201718000078 дугаартай  хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт       

 Монгол улсын иргэн, С** аймгийн Ц******* суманд 1** оны *** дугаар сарын 2*-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, ам бүл 5,  аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг,  С** аймаг Ц******* сумын Т******* * дугаар баг Усан сангийн 8** тоотод оршин суух хаягтай, Ц******* сумын Засаг даргын Тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б******* овогт Б*******  А******* РД: М*******

      

Холбогдсон хэргийн талаар

            Шүүгдэгч Б.А******* нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр С** аймгийн Т******* сумын нутаг дэвсгэр Сахлын Даваа гэх газрын ойгоос 4.18 м3 модыг хууль бусаар бэлтгэж, өөрийн эзэмшлийн 6** С** улсын дугаартай портер маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, Х.С эзэмшлийн 4** У** улсын дугаартай портер маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслээр тус тус тээвэрлэн байгаль орчинд 722.304 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Б.А*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 01 сарын 21-нд ээж “Гэрт түлэх түлээгүй боллоо. Миний хүү түлээний арга бодоо” гэсэн. Намар эрт цас ороод түлшээ сайн бэлдээгүй байсан. Сэлэнгээс Т******* явдаг төв зам явах боломжтой бусад зам даваа цасанд хаагдсан байсан. Тэгээд Т******* сумаас зах банз авах гээд явсан. Х.Сайхан-Эрдэнийг хамт яваад өгөөч гээд машиндаа нэг нэг хүнтэй дөрвүүлээ хамт явсан. 11 цагийн үед Ц*******аас гарсан. Т******* сум уруу ороод сумын арын зам дээр зогсож байтал мод ачсан машин ирж байсан. Тэгээд хаанаас мод авсан бэ гэсэн чинь Сахлын даваа гэдэг газраас авсан тод зам байгаа гэсэн тэгээд тэнд очиход хүмүүс мод бэлтгэж байсан. Тэгээд 17 цагийн үед 4 ширхэг мод бэлдээд 2 машиндаа ачаад Ц******* сум уруу орсон. Суманд ирээд Т******* сумын хэсгийн төлөөлөгч Мтай тааралдсан. Модоо Т******* сумын Засаг даргын Тамгын газрын хашаанд буулгасан...” гэх мэдүүлэг

            Хохирогч Н.Г 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 17 цагийн үед миний гар утас руу танихгүй дугаараас залгаад Сахлын даваанаас танихгүй хүмүүс мод бэлтгээд машинтайгаа яваад өглөө гэж ярьсан. Энэ мэдээллийн дагуу би байгаль орчны байцаагч У хамт Т******* сумын Зэлтэр голын гүүрэн дээр очоод зам шалгалт хийж байсан. Бид хоёр гүүрэн дээр 30-40 орчим минут болоход нэг машин ирэхээр нь зогсоож мод ачсан ямар нэг машин замд чинь таарсан уу гэж асуухад мод ачсан машинууд явчихсан байх замд машин тааралдаагүй гэж хэлсэн. Т******* сумын хэсгийн төлөөлөгч Л.Мд мод ачсан машинууд Ц******* сум руу явчихсан байна шалгаарай гэж хэлсэн. Тухайн мод ачсан байсан гэх машинуудыг шөнө 02 цагийн үед хэсгийн төлөөлөгч Т******* суманд авч ирээд модыг сумын ЗДТГ-ын хашаанд буулгаж жолооч нарын бичиг баримтыг хэсгийн төлөөлөгч авч үлдээд явуулсан байсан. Тухайн мод бэлтгэсэн гэх 2 хүнийг би танина. А*******, Э нар байсан. Би Ц*******т 10 жилдээ сурч байхад манай доод ангид сурдаг байсан юм. Садан төрлийн холбоо хамаарал байхгүй. Надад гаргах санал хүсэлт байхгүй байна. А*******, Э нар нь байгаль экологид учруулсан хохирлоо төлөх юм гомдол санал байхгүй. Цагдаагийн байгууллагаар өөр нэмж шалгуулах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/

Гэрч Х.Д 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Т******* сумын Тамгын газарт галч ажилтай 24 цаг гараад 72 цаг амардаг юм. Би 2017 оны 02 сард ээлжтэй гарч байсан Тамгын газрын хашаанд нарс, хуурай улиас зэрэг манай Тамгын газрын түлээний моднууд байсан. Би У гээд Тамгын газрын дарга руу залгаж энд нойтон мод байна энэ модыг түлчих үү гэж асуусан чинь Урнаа дарга тэг тэг гэхээр нь түлээнд хөрөөдөж хэрэглэсэн. Би 14 хоногийн дараа байгаль орчны байцаагч Г нь ирээд иргэдээс хураасан модыг түлчихсэн байна шдээ гэж хэлэхээр нь мэдсэн. Тэрнээс би манай түлээний мод юм байх гэж бодоод л хөрөөдөж түлээнд хэрэглэсэн. Уг модыг манай нөгөө галч нар бас түлээндээ хэрэглэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/

Гэрч М.У 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 сард байх Г сая над руу нэг хүн утасдаж байна гадны хүмүүс ойгоос мод бэлтгээд машинтай яваад өглөө гэж хэлсэн. Хоёулаа Т******* сумын гүүр дээр зогсоож шалгая гэхээр нь би гэрээсээ 17 цаг болж байхад гарсан санагдаж байна. Г бид хоёр гүүрэн дээр очоод 30-40 минут орчим болсон нилээд удсан. М хэсгийн төлөөлөгч рүү утасдаж энэ талаар хэлтэл Ц******* суманд ажилтай явж байна замаараа шалгая гэж ярьсан. Тэгээд Г бид хоёр гэр гэртээ ирцгээсэн. Хэсгийн төлөөлөгч тухайн орой нь тамгын газрын хашаанд моднуудыг буулгачихсан тухайн хүмүүсийн бичиг баримтыг нь аваад явуулсан гэж хэлсэн. Би маргааш нь энэ талаар мэдсэн. Тухайн иргэд Ц******* сумын иргэд байсан учраас Ц******* сумын байгаль хамгаалагчид гоожингийн эрх, гарал үүслийн гэрчилгээ авах талаар өргөдөл хүсэлт гаргах ёстой. Ц******* сумын засаг дарга, Т******* сумын засаг дарга нар хоорондоо гэрээ байгуулсан тохиолдолд хоёр сумын иргэдэд гоожин гарал үүсэл бичгийг хүсэлтийн дагуу олгож болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар тал/

     Гэрч Б.Уийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан. Намайг амарсан байхад Тамгын газрын хашаанд хаанаас, хэнээс ямар учиртай мод хураагдаж буулгасан талаар мэдэхгүй байна. 2017 оны 03 дугаар сарын эхээр амарч байхад Тамгын газрын галч Д нь утасдаж нойтон мод байна энэ модыг түлээнд хэрэглэлээ гэж асуухад нь би түлээндээ хэрэглээ гэж хэлсэн. Би 2017.03.20-ны өдөр хураагдсан мод гэдгийг нь ажилдаа ороод мэдсэн. Уг модны талаар байгаль орчны Улсын байцаагч Гоос асуухад иргэд хууль бусаар бэлтгэсэн мод байгаа юм хураагдаж хашаанд 2 портер машин мод буулгасан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/

      Гэрч Л.Мын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 21-ний орой би Сэлэнгэ аймгийн Ц******* суманд ажилтай явж байхад орой 21 цагийн үед Т******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г нь 9 дугаарын утаснаас залгаж “Мод аччихсан машинтай хүмүүс явж байгаа юм шиг байна. Замдаа таарвал шалгачихаарай” гэж хэлсэн. Би Ц******* сумын төвд Моби толгой гэх газарт явж байгаад мод аччихсан байсан 2 портер машин явж байхаар нь зогсоож шалгасан. Уг машин нь нойтон шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж тээвэрлэж явсан байсан. Уг тээврийн хэрэгслүүдийг шалгаад эргэж 00 цагийн үед Т******* сумын тамгын газрын хашаанд мод аччихсан байсан моднуудыг буулгаж тээврийн хэрэгслийн бичиг баримтыг авч жолооч нарыг явуулсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/

Хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 08 дугаар тал/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14 дүгээр тал/

Эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 21 дүгээр тал/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 43-51 дүгээр тал/

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 60-63 дугаар тал/

Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 01 тоот дүгнэлтэнд:

1.Шинжээчид ирүүлсэн хэргийн материалыг үндэслэн иргэн Б.А*******ийн хууль бусаар бэлтгэн тээвэрлэж явсан моднууд нь нийт 15 ширхэг, 1.5 метрийн урттай, шинэс төрлийн нойтон мод байна. Модонд нэг бүрчлэн хэмжилт хийсэн үзлэгийн тэмдэглэлээс модны дундаж голчыг тогтооход 33.8см болж байна. Дээрх 1.5 метрийн урттай 15 ш бөөрөнхий шинэс модны нийт эзэлхүүнийг Монгол Улсын стандарт MNS 2379:2010-аар тооцоолж гаргахад 2.1 м3 болж байх бөгөөд модны экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын 2009 оны 394 тоот тушаалаар баталсан Ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцож гаргавал 2.1м3 х 96000 х 1.8=362880 төгрөг болно. /1.8 хэрэглээний бөөрөнхий модны итгэлцүүр/

Монгол Улсын ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд иргэн хууль бусаар мод бэлтгэж ойн санд хохирол учруулсан бол учруулсан шууд хохирлыг нөхөн төлнө гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.9.1 дүгээр заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг тул иргэн Б.А******* ойн нөөцөд учруулсан хохирол 362880 х 3=1088640 төгрөгийг нөхөн төлөх нь зүйтэй.

2.Иргэн Б.А*******ийн мод бэлтгэсэн Т******* сумын “Сахлын даваа” гэдэг газар нь гуравдугаар мужийн ой бөгөөд тусгай хамгаалалтын газар нутагт хамаарахгүй.

3.Иргэн Б.А*******ийн бэлтгэсэн моднуудын шинж байдлаар хаанаас, хэзээ, бэлтгэснийг, мөн мод бэлтгэсэн цаг хугацааг тогтоох боломжгүй юм.

4.Иргэн Б.А******* нь Т******* сумын нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн бол бэлтгэсэн модоо Ц******* сум хүртэл тээвэрлэхдээ мод бэлтгэх эрхийн бичгээс гадна гарал үүслийн гэрчилгээг тээврийн хэрэгслийн урд шилний баруун дээд хэсэгт байрлуулж явах ёстой байсан. Хэрэв зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, түүнчлэн гарал үүслийн гэсчилгээгүйгээр мод тээврэлсэн бол хууль бусаар бэлтгэсэн модыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4 дэх хэсэгт заасан байдаг...” гэх дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар тал/

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 68-70 дугаар тал/

Улсын байцаагчийн 18-04-336/01, 02 дугаартай актууд /хх-ийн 56-58, 71-74 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 02 тоот “......Х.С машинд ачсан 20 ширхэг 2.08 м куб модны эклоги эдийн засгийн хохирол нь 354.424 төгрөг болж байна. Үүнийг ойн тухай хуульд зааснаар 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлвэл 1.078.272 төгрөг болно....” гэх дүгнэлт /хх-ийн 54-55 тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Ц******* сумын Засаг даргын Тамгын газрын тодорхойлолт /хх-ийн 113 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Ц******* сумын Т******* 3-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 116 дугаар тал/

Шүүгдэгч Б.А*******ийн ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 121 дүгээр тал/

Шүүгдэгч Б.А*******ийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 81-82 дугаар тал/

Шүүгдэгч Б.А*******ийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн яллагдагчаар бйацаасан тэмдэглэл /хх-ийн 84 дүгээр тал/ зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд:

 

           Шүүгдэгч Б.А******* нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Т******* сумын нутаг дэвсгэр Сахлын Даваа гэх газрын ойгоос 4.18 м3 модыг хууль бусаар бэлтгэж, өөрийн эзэмшлийн 6** С** улсын дугаартай портер маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл, Х.С эзэмшлийн 4** У** улсын дугаартай портер маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслээр тус тус тээвэрлэн байгаль орчинд 722.304 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Үүнд; Хохирогч Н.Г /хх-ийн 33-34/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн, гэрч Х.Д /хх-ийн 35/, М.У /хх36/, Б.Уийн /хх39/, Л.Мын /хх40/ мэдүүлэг, экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон 01, 02 тоот дүгнэлтүүд /хх54-55, 66-67/ болон шүүгдэгч Б.А*******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг болно.

            Шүүх дээрх хохирогч, гэрчүүдийн хууль сануулж авсан мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв. Учир нь дээрх хохирогч, гэрчүүд нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй, ажил үүргийн хувьд тухайн хэрэгт мэдүүлэг өгсөн байгааг дурьдах нь зүйтэй. 

            Шүүгдэгч Б.А******* холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг  “Ойн хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

            Шүүгдэгч Б.А******* ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлийн 55.1.1-д зааснаар анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 55-р зүйлийн 55.1.3, 55.1.9-т зааснаар шүүгдэгч нь  учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан үзэж түүний хувийн байдал, төрийн албан хаагч өөрөөр хэлбэл өөрийн ажил үүргийн хуваарийн дагуу ойн хууль тогтоомжийн биелэлтийг газар дээр нь хариуцан хэрэгжүүлэн ажилладаг албан хаагч байгаа байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтов.

             Шүүгдэгч Б.А*******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 2002 онд үйлдвэрлэгдсэн С** 6** улсын дугаартай, №01248375 дугаар бүхий тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй цагаан өнгийн Хюандай портер маркийн машин нь  шүүгдэгчийн өөрийнх нь өмчлөлийн эд зүйл болох нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон байх тул хурааж улсын орлого болгох нь зүйтэй.

             Шүүгдэгч Б.А*******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 2003 онд үйлдвэрлэгдсэн У** 4** улсын дугаартай, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй хөх өнгийн Хюандай портер маркийн машин нь  Сэлэнгэ аймаг Ц******* сумын 2-р баг 2–р хэсэг 5 дугаар гудамж 18 тоотод оршин суух Цагаан гэртүүд овогт Хишигдоржийн С өмчлөлийн эд хөрөнгө болох нь уг гэмт хэргийг шалгах явцад тогтоогдсон, хууль ёсны өмчлөгч нь уг тээврийн хэрэгслээ гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулсан болохоо мэдээгүй байх тул дээрх тээврийн хэрэгслийн битүүмжлэлээс чөлөөлж  хууль ёсны өмчлөгчид буцаан олгохоор тогтов.

            Харин уг тээврийн хэрэгсэл нь гэмт хэрэг үйлдэж бэлтгэсэн, түүнчлэн уг модыг тээвэрлэх объектив талын үйлдлийг гүйцэтгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн, уг тээврийн хэрэгсэл байгаагүй бол тээвэрлэх боломж бололцоо байхгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар дээрх тээврийн хэрэгсэлд Ц******* сумын үнэ тогтоох комиссоос тогтоосон 1.800.000 төгрөгийг шүүгдэгч Б.А*******ээс гаргуулан, мөн Т******* сумын ЗДТГ-ын хашаанд байгаа 20 ширхэг шинэс мод, улаан өнгийн цахилгаан хөрөөг тус тус улсын орлогод оруулах нь зүйтэй.

            Шүүгдэгч Б.А******* нь 4.18 м куб бөөрөнхий шинэс модны үнэ 722.700  төгрөг төлж баргдуулсныг дурьдав.  

            Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

  Улсын яллагчаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчээс хууль бусаар бэлтгэсэн 4.18 м куб шинэс модны үнийг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 2.166.912 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулахаар нэхэмжилж байх боловч яллах дүгнэлтэнд 722.304 төгрөгийн бодит хохирлын тооцоогоор үйлдэж ирүүлсэн уг хохирол нөхөн төлөгдсөн байна.

Иймд Ойн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д зааснаар 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 293, 294, 297 -р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Б******* овогт Б******* А*******ийг мөн хуулийн тусгай ангийн 211-р зүйлийн 211.1-д  заасан “Ойн хууль тогтоомж зөрчих“ гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211-р зүйлийн 211.1-д зааснаар шүүгдэгч Б******* овогт Б******* А******* 01/нэг/  жилийн хорих ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.А******* оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.А******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай.  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сэлэнгэ аймгийн Т******* сумын ЗДТГ-ын хашаанд хадгалагдаж байгаа 20 ширхэг шинэс мод, улаан өнгийн цахилгаан хөрөөг, мөн шүүгдэгч Б.А*******ийн өмчлөлийн 2002 онд үйлдвэрлэгдсэн С** 6** улсын дугаартай, №01248375 дугаар бүхий тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй цагаан өнгийн Хюандай портер маркийн машиныг тус тус хурааж улсын орлогод, Б.А*******ээс 1.800.000 төгрөг гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай.

6.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 2003 онд үйлдвэрлэгдсэн 4*** У** улсын дугаартай, тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй хөх өнгийн Хюандай портер маркийн машиныг битүүмжлэлээс чөлөөлж Сэлэнгэ аймаг Ц******* сумын 2-р баг 2–р хэсэг 5 дугаар гудамж 18 тоотод оршин суух Цагаан гэртүүд овогт Хишигдоржийн Сайхан-Эрдэнэд олгосугай.

7.Улсын яллагч, хохирогч энэ гэмт хэргийн улмаас учирсан эклоги, эдийн засгийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8.Шүүгдэгч Б.А******* урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байхаар баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьсугай.   

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг  дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.ЭРДЭНЭХИШИГ