Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0917

 

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2022/0917

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д*********** овогт Д********* Б****** /РД: ЦГ*********/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д****** овогт Ө*********** Г****** /РД:ХА********/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Ч*********** /Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар: ****/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б******** нарын хоорондын ...Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоон баталсныг зөрчиж, мэдээллийн санд хилийн заагийг дураараа тэлж нэмэгдүүлэн бүртгэснийг залруулж, дээрх тогтоолын дагуу бүртгэлд оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зөвтгөхийг даалгуулахтай... холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч***********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Д.Б******гээс Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоон баталсныг зөрчиж, мэдээллийн санд хилийн заагийг дураараа тэлж нэмэгдүүлэн бүртгэснийг залруулж, дээрх тогтоолын дагуу бүртгэлд оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу зөвтгөн бүртгэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан даалгуулах-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 9 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалтын газрын хилийн цэс, хамгаалалтын горимын хилийн горимыг баталсан (1 дүгээр хавтаст хэргийн 143-149 дэх тал).

2.2. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг шинэчлэн тогтоож, тус тогтоолын 2 дугаар хавсралтаар Байгалийн цогцолборт газрын хилийн заагийг шинэчлэн тогтоожээ (1 дүгээр хавтаст хэргийн 21-26 дахь тал).

2.3. Нэхэмжлэгч Д.Б******г нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Өртөө өвөлжөө гэх газарт уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэн амьдардаг бөгөөд дээрх Улсын Их Хурлын хурлын тогтоолыг үндэслэн нэхэмжлэгчийн амьдарч буй газрыг тусгай хамгаалалтад оруулсан байна.

2.4. Нэхэмжлэгч Д.Б****** нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хилийн заагийг зөвөөр бүртгүүлэх тухай асуудлаар хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд өргөдөл гаргасан боловч хариу өгөөгүй тул 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэлдээ:

3.1. Нэхэмжлэгч Д.Б****** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:

3.1.1. Тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШЗ2019/2306 дугаар захирамжид дурдсан асуудлаар: Нэхэмжлэгч миний бие хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын бичгээр гаргасан тушаалуудтай маргаагүй бөгөөд хууль бус үйлдэл буюу хууль бус захиргааны актын хууль зүйн үр дагавар нь ийм байдлыг бий болгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөд хүрч байгааг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлд дурдсан болно.

3.1.2. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын тогтоолоор тусгай хамгаалалтад аваагүй байхад мэдээллийн санд оруулахдаа тусгай хамгаалалттай газарт хамааруулан бүртгээд түүн дээрээ газар ашиглуулах зөвшөөрөл олгох байдлаар хууль бус захиргааны актын үр дагавар бий болгож байна. Түүнчлэн нэхэмжлэгч миний амьдарч байгаа газар болох Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өртөө өвөлжөө гэх газар нь анхнаасаа Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хил заагт хамаарахгүй байхаар тогтоосныг хариуцагчийн зүгээс зөрчиж, мэдээллийн санд оруулсан бөгөөд түүнийгээ зөвтгөж бүртгэхгүй байгаа талаар маргаж, нэхэмжлэл гаргасан.

3.1.3. Мөн нэхэмжлэгч миний бие Өртөө өвөлжөө гэх газар нь ийнхүү хууль бусаар байгалийн цогцолбор газарт хамрагдах болсон талаар 2019 оны 01 дүгээр сард өөрөө олж мэдсэн бөгөөд хариуцагчийн зүгээс надад мэдэгдээгүй, мэдэгдэх ч хууль зүйн үндэслэлгүй болно. Тодруулбал миний бие 2018 оноос эхлэн Өртөө өвөлжөө газар үл таних хүмүүс байшингийн суурь тавьж, барилга байшин барьж эхэлснээр хэний ямар шийдвэрээр газар эзэмшиж, ашиглах болсон, Өртөө өвөлжөө гэх газар нь аль байгууллагын ямар шийдвэрээр тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах болсон талаар судалж, хууль бусаар мэдээллийн санд оруулсныг 2019 оны 01 дүгээр сард олж мэдээд хуульд заасан хугацаанд гомдлоо хариуцагчид хандаж гаргасан боловч одоог хүртэл хариу өгөөгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандах болсон.

Түүнчлэн миний бие урьд нь нэхэмжлэлдээ дурдсан 14 иргэнийг төлөөлөх эрх буюу итгэмжлэл надад олгогдоогүй бөгөөд Монгол Улсын иргэн хүний хувьд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан.

3.1.4. Миний одоо амьдарч байгаа Өртөө өвөлжөө гэх газар нь УИХ-ын тогтоолоороо тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй боловч бодит байдал дээрээ мэдээллийн сангаараа тусгай хамгаалалттай газар нутагт хамаараад байдаг тул дүүргээс газар эзэмших зөвшөөрөл өгдөггүй, яамны зүгээс газар ашиглах эрхийн гэрчилгээ авах гэхээр хууль бус бүртгэлийг хүлээн зөвшөөрсөн байдал үүсэх тул надад газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй бөгөөд миний бие Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандаж газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргуулахаар хандсан боловч зөвшөөрөл олгоогүй, хариу ч өгөөгүй болно.

3.1.5. Миний бие Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Өртөө өвөлжөө гэдэг газарт уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэн амьдардаг Өртөө өвөлжөө гэдэг энэ газар нь хэзээнээсээ тусгай хамгаалалттай газар нутаг биш. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжлийн яам (хуучин нэрээр) Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг зөрчиж, тусгай хамгаалалттай газарт хамрагддаггүй миний амьдарч байгаа Өртөө өвөлжөө гэдэг газрыг Улсын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар дураараа оруулж бүртгээд байна. Улмаар энэхүү хууль бус захиргааны актыг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун 2014 онд А/230, А/429 тоот тушаал гаргаж уг газар дээр өөрийн яам, харьяа газрын 163 ажилтанд "Эко ногоон хөгжил" зуслан нэрээр 163 ашиглалтын газрын зөвшөөрөл олгож, тэдгээрээс түрүүчийн 7 айл Эко зуслан биш, өвөл зунгүй амьдрах тансаг байшин бариад амьдарч байгаа нь нэхэмжлэгч миний олон жилийн турш уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж ирсэн эрхийг маань ноцтойгоор хөндөхийн зэрэгцээ тусгай хамгаалалтад хамаарахгүй газарт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд эрх хэмжээгээ хэтрүүлэн газар ашиглах эрхийг олгосон байна.

3.1.6. Тус яам нь Улсын Их Хурлын 1995 оны 5 сарын 4-ны өдрийн 26 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг хуульчлан тогтоосныг дураараа тэлж өөрчлөн, тусгай хамгаалалттай газар нутагт ороогүй Өртөө өвөлжөө, мөн манайхны зүүн талын залгаа Хар бургастай", "Баянцагааны хөтөл гэдэг газруудыг хууль бусаар Тусгай хамгаалалттай газарт оруулан бүртгээд байна. Улсын Их Хурлын дээрх тогтоолоор Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоохдоо ..Морин даваа (1644,0), Хэцийн даваа, амралтын дээд талд Туул гoл pyy түрж орсон хадан хошуу, Туул голын урд эргээр уруудаж Горхийн доод гүүр хүрч, түүнээс хойш орших Өндөр уул (1983,7) гэж хилийн заагийг газар усны нэрээр маш тодорхой заасан. Миний амьдарч байгаа Өртөө өвөлжөө гэдэг газар нь Горхид биш, түүнээс баруун тийш 6 км-ийн хол зайтай Туул голын гүүрний эсрэг аманд оршдог юм. Хилийн заагт нэр заасан Горхийн доод гүүр нь манай тэндээс зүүн тийшээ 5-6 км-ийн цаана "Баянцагааны хөтөл" гэдэг газрын зүүн дор оршдог болно.

3.1.7. Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Өртөө өвөлжөө гэдэг газрын жижигхэн амны зүүн салаанд Даваа овогтой Б****** миний өвөг дээдэс 1860-аад оноос, тэдний гурав дахь үе болох миний бие одоо хүртэл удам залган энэ нутагт суурьшин амьдарч байна. Монгол Улсын Үндсэн хуульд "Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна" гэж заасан. Энэ нь төрөөс мал бүхий иргэдийг нутаг, бэлчээрээр хангана гэсэн үг. Гэтэл малчин надад Үндсэн Хуулиар олгогдсон эрхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам нь (хуучин нэрээр) хяхан боогдуулж, Үндсэн Хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль зэрэг холбогдох хууль тогтоомжийг зөрчсөнөөс болж, малчин миний эрх, хууль ёсны ашиг сонирхол дараах байдлаар хохирч байна.

3.1.8. Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хууль бус үйлдлээс болж уугуул нутаг орноосоо хөөгдөөд насан туршдаа амьдралаараа хохироход хүрээд байна. Миний бие Өртөө өвөлжөө гэдэг энэ нутагт жилийн дөрвөн улиралд уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Энэ газарт тус яам, түүний харьяа байгууллагуудын 163 ажилтан яг манай малын бэлчээр дээр 163 амины орон
сууц барьж, малын бэлчээрийг минь булаан авч уугуул нутагтаа амьдарч байгаа намайг хөөгөөд оронд нь эд эзэгнэн суухад хүрээд байна. Эдгээр 163 айлын түрүүчийн 7 айл Эко зуслан биш тансаг байшингууд барьж амьдарч байна. Хэрэв Өртөө өвөлжөө гэдэг энэ жижигхэн аманд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 163 ажилтны амины орон сууц баригдвал би мал бэлчээх, ялангуяа зуслан намаржааны бэлчээрийн газаргүй болно. Яамны эдгээр 163 албан хаагчдыг бол буруутгах аргагүй ч яамны зүгээс хууль бусаар тусгай хамгаалалтай газар нутгийн хилийн заагийг тэлж, мэдээллийн санд оруулсан газар дээрээ ийнхүү газар ашиглах эрхийг олгож байгаа яамны хууль бус үйл ажиллагааны улмаас миний бие ийнхүү хохирч байна. Би олон арван жил амьдарч байгаа энэ газар нутгаасаа эдгээр ямбатнуудад хөөгдөөд хэдэн малаа туугаад хаана очиж амьдрах вэ? Надад очих газар даанч байхгүй, ингэснээрээ би насан туршдаа амьдралаараа хохироход хүрээд байна.

3.1.9. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам ( хуучин нэрээр) нь Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан санаатайгаар нэмэгдүүлэн өөрчилж, миний амьдарч байгаа тусгай хамгаалалттай газар нутагт хамааралгүй Өртөө өвөлжөө гэдэг газрыг хууль бусаар тусгай хамгаалалттай газар нутагт оруулан бүртгэж намайг энэ нутагт амьдрах эрхгүй гэж, эрхийг маань зөрчөөд байна.

3.1.10. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам(хуучин нэрээр) Өртөө өвөлжөө гэдэг газрыг хууль бусаар тусгай хамгаалалттай газар болгосноороо намайг тэнд газар эзэмших эрхийн гэрчилгээгүй учир газар чөлөөлж өг гэж байнга дарамтлах болж, хууль ёсны эрх ашгийг маань хохироож байна. Өртөө өвөлжөө гэдэг газар бол хэзээнээсээ тусгай хамгаалалттай газар биш учраас би тусгай хамгаалалттай газарт амьдрах газрын зөвшөөрөл авах шаардлагагүй. Хэрэв Байгаль орчин, ногоон хөгжлийн яам (хуучин нэрээр) Өртөө өвөлжөө гэдэг газрыг хууль бусаар тусгай хамгаалалттай газар болгоогүй байсан бол би өдийд энэ газартаа газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авчихсан байх нь бүү хэл ашиглаж байгаа газраа аль хэдийнээ өмчлөөд авчихсан байх байлаа. Ингэж л би Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хууль бус үйлдлээс болж эрхээ зөрчүүлж, нутаг орондоо урьдын адил амар амгалан амьдрах нөхцөлгүй болж, хууль ёсны ашиг сонирхлоороо хохироод байна. Улсын Их Хурлаас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоосон тогтоолд Туул голын гүүр гэсэн нэр томьёо, үг үсэг огтхон ч байхгүй. Харин Горхийн доод гүүр гэж онцлон заасан байгаа. Гэтэл тус яамны эрх мэдэлтнүүд албан тушаалын давуу байдлаа ашиглан эрх мэдлээ хэтрүүлж дээрх хууль бус үйлдлийг санаатайгаар хийгээд байна. Үүний хууль бус болохыг дараах 6 бодит зүйлээр баталж байна.

Үүнд:

3.1.11. Улсын Их Хурлын 1993 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 83 дугаар
тогтоолоор Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрыг Улсын тусгай хамгаалалтад шинээр авч, улмаар Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг Горхийн амнаас эхэлж Тэрэлж хүртэлх нутгийг хамааруулж тогтоосон.

3.1.12. Горхи гэдэг газар нь "Баянцагааны хөтөл" гэдэг газрын цаад дороос эхэлдэг өргөн уудам ам юм. Горхийн гол нь Горхийн амыг уруудан урсаж Туул голд цутгадаг. Горхийн доод гүүр нь Баянцагааны хөтлийн зүүн дор Горхийн гол дээр оршдог модон гүүр байсан. Байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж гол горхи, булаг шанд ширгэсний нэгэн адил Горхийн голын ус ширгэн багсаж, одоо уг модон гүүр эвдэрч үгүй болсон. Гэсэн хэдий ч Горхийн модон гүүр хаана байсныг нутгийн иргэд болон Налайх дүүргийн төр захиргааны байгууллагын холбогдох хүмүүс мэдэхийн зэрэгцээ түүний хуучин байсан газрыг сэргээн олж, тогтоох бүрэн боломжтой. Хилийн заагт нэр заасан Горхийн доод гүүр хүрч түүнээс хойш орших Өндөр уул гэдэг нь Горхийн доод гүүрнээс чанх хойно нүдэнд ил харагдаж байгаа.

3.1.13. Монгол Улсын Засгийн Газар 1995 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/ЗЗ-тоот албан бичгээр Байгалийн цогцолборт газруудын хилийн заагийг тогтоолгохоор Улсын Их Хуралд тогтоолын төслийг өргөн барихдаа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын эзлэх талбайн хэмжээг 286,4 мянган га-гаар тогтоожээ. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжлийн яам (хуучин нэрээр) дээрх 286,4 мянган га-г 9,5 мянган га-гаар тэлж нэмэгдүүлэн 295,9 мянган га болгосон байна. Энэ нэмэгдүүлсэн 9,5 мянган га-гийн дотор Өртөө өвөлжөө, Хар бургастай", "Баянцагааны хөтөл" зэрэг газар орсон болох нь тодорхой байна. "Газрын тухай хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.2-т Хилийн цэс, газар усны нэрийг Улсын Их Хурал, газрын сангийн зургийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална" гэж заасан байхад Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Барилга, хот байгуулалтын яамаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын сангийн зургийг батлуулалгүй, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам (хуучин нэрээр) өөрсдөө хууль бусаар зураг зохиосон байна. Уг зургийн хуулбарыг хавсаргав.

3.1.14. Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг дураараа тэлж нэмэгдүүлж өөрчилсөн үйлдлийг таслан зогсоолгох асуудлаар миний бие Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбатад 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр өргөдөл өгсөн боловч энэ талаар ямар ч арга хэмжээ аваагүй, надад өргөдлийн хариу ч өгөөгүй. Өргөдлийн хувийг хавсаргав.

3.1.15. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 4- ний өдрийн 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоон баталсныг зөрчиж, мэдээллийн санд хилийн заагийг дураараа тэлж нэмэгдүүлэн бүртгэснийг залруулж, Улсын Их Хурлын дээрх тогтоолын дагуу бүртгэлд оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу зөвтгөн бүртгэхийг даалгах шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Энэ асуудлаарх шүүх хуралд миний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ө.Г****** оролцоно гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоохдоо Горхийн доод гүүр гэсэн хилийн заагийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Туул голын модон гүүр болгон тэлж, өөрчилсөн үйлдэл хууль бус болохыг дараах нотлох баримтуудаар баталж байна.

3.2.1. Нэгдүгээрт Монгол Улсын Их Хурлын 1993 оны 83 дугаар тогтоолоор Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг тусгай хамгаалалттай газар болгохдоо уг цогцолборт газрын байршил, оршин байгаа газар нутгийн нэршил, нутаг дэвсгэрийн хамрах хүрээ, талбайн хэмжээг харгалзан хилийн заагийг Горхийн амнаас Тэрэлж хүртэлх нутаг дэвсгэрийг хамруулж, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар гэж нэрлэсэн байдаг.

3.2.3. Хоёрдугаарт Монгол Улсын Их Хурлын дээрх тогтоолоор Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоохдоо Морин даваа, Хэцийн даваа, амралтын дээд талд Туул гол руу түрж орсон хадан хошуу, Туул голын урд эргээр уруудаж Горхийн доод гүүр хүрч, түүнээс хойш орших Өндөр уул гэж хилийн заагийг газар усны нэрийг маш тодорхой заасан. Уг тогтоолд Туул голын гүүр гэсэн нэр томьёо, үг үсэг огтхон ч байхгүй. Харин Горхийн доод гүүр гэж онцлон заасан байгаа. Гэтэл тус яамны эрх мэдэлтнүүд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж Монгол Улсын Их Хурлын дээрх тогтоолыг зөрчиж, Горхийн доод гүүр гэсэн хилийн заагийг Туул гол дээрх модон гүүр болгож өөрчилсөн хууль бус үйлдэл нь Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д хилийн цэс, газар усны нэрийг Монгол Улсын Их Хурал батална гэж заасан. Тэгвэл Горхийн доод гүүр гэсэн нэрийг Монгол Улсын Их Хурал оноож өгч уг тогтоолоор баталсан. Түүнчлэн Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-т газар усны албан ёсны нэрийг зөвхөн Улсын Их Хурал өөрчилнө гэж заасан. Гэтэл Улсын Их Хурлаас оноож өгсөн нэрийг өнөөдрийг хүртэл өөрчлөөгүй байгаа. Үүний нотлох баримтын тухайд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд дарга Н.Цогтсайханы 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ө.Г****** надад ирүүлсэн ТГ-02/1120 тоот албан бичигтээ Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дахь заалт буюу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн зааг хэсэгт өөрчлөлт ороогүй болно гэж тогтоолын хуулбарыг тэмдэг дарж баталгаажуулан ирүүлсэн болно. 1 дүгээр хавтаст хэргийн 199-205 дугаар хуудаст нотлох баримтаар авагдсан байгаа.

3.2.4. Гуравдугаарт Монгол Улсын Засгийн газраас 1995 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ/33 тоот албан бичгээр Байгалийн цогцолборт газруудын хилийн заагийг тогтоолгохоор Улсын Их Хуралд тогтоолын төслийг өргөн барихдаа газар нутгийн хэмжээг 286,4 мянган га гэж тогтоосон. Гэтэл Байгаль орчин ногоон хөгжлийн яам Улсын Их Хурлаас тогтоосон дээрх 286,4 мянган га газрыг дураараа 6,0 мянган га-аар тэлж нэмэгдүүлэн 292,4 мянган га газар болгож уг нэмэгдүүлсэн хэмжээгээрээ мэдээллийн санд бүртгэсэн байдаг. Энэ нэмэгдүүлсэн газарт нэхэмжлэгч Д.Б******гийн оршин байгаа Өртөө өвөлжөө гэх газар багтаж байгаа. Нотлох баримт бүрдүүлэх зорилгоор нэхэмжлэгчийн амьдарч байгаа газрыг Содсүрвэй ХХК-ийн хийсэн зургаар 1995 оны 26 дугаар тогтоолын хавсралтад зааснаар газрын зургийг хийлгэхэд Өртөө өвөлжөө гэх газрын нийт хэмжээ 716,3 га үүнээс 660,3 га газар нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагтай давхцаагүй бөгөөд хилийн заагийн гадна талд байрлаж байгаа. Уг зураг 2 дугаар хавтаст хэргийн 162-167 дугаар хуудаст байгаа.

3.2.5. Дөрөвдүгээрт Горхийн доод гүүр нь орон нутгийн гүүр учир Налайх дүүрэгт харьяалагддаг. Ийм ч учраас Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 16/03 тоот тогтоолоороо Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоосон хилийн заагийг үндэслэн Горхийн гүүрний байршлыг сэргээж, албан ёсоор баталгаажуулсан. Энэ нь маргахын аргагүй эрх зүйн акт гэж үзэж байна. Налайх дүүргийн Засаг даргаас шүүхэд 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ирүүлсэн 01/452 тоот албан бичигт Монгол Улсын авто зам, замын байгууламж, гүүрэн байгууламжийн бүртгэл мэдээллийн санд Туул гол дээрх модон гүүр нь Тэрэлжийн голын модон гүүр нэртэйгээр бүртгэлтэй байдаг нь дээрх хилийн заагт тусгагдсан Горхийн доод гүүр биш гэжээ. Мөн Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд ирүүлсэн 01/84 тоот албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын яам Улсын Их Хурлын тогтоосон Горхийн доод гүүр гэсэн хилийн заагийг Туул голын модон гүүр болгон 4116 метр буюу 884,7 га хэмжээг дур мэдэн тэлж, тусгай хамгаалалтад ороогүй газрыг тусгай хамгаалалттай газар болгон өөрчилж, мэдээллийн санд оруулсан нь Монгол Улсын Их Хурлын тогтоолыг зөрчсөн төдийгүй дүүргийн нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, иргэд оршин суугчдын ашиг сонирхолд хууль бусаар халдсан үйлдэл гэж үзэж байна гэжээ. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 195-197 дугаар хуудаст байгаа.

3.2.6. Тавдугаарт Горхийн гүүрний бүртгэл мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 06/4911 тоотоор Газрын харилцаа, Геодези зураг зүйн газарт ирүүлсэн байдаг. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 150-154 дүгээр хуудаст байгаа. Гүүрний бүртгэл мэдээллийн карт №1-т Төв аймаг, замын нэр А24 Налайх Тэрэлж, голын нэр, гүүрний зориулалт төв замын горхи, гүүрний нэр Хэцүүгийн давааны арын гүүр. Тус гүүр 1975 онд ашиглалтад орж, ашиглалтаас 2016 онд гарсан. Гүүрний урт 10 метр, зорчих хэсгийн өргөн 7,6 метр үзүүлэлт нь Зам, тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн. Горхийн гүүр дээд, доод гэсэн 2 гүүртэй. Улсын Их Хурлаас Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг одоогоос 27 жилийн өмнө буюу 1995 онд тогтоохдоо Горхийн доод гүүрийг сонгосон байдаг.

3.2.7. Зургаадугаарт Зам тээврийн хөгжлийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Ч.Сугармаагаас иргэн Ө.Г****** миний гаргасан хүсэлтэд 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн тоотдоо Монгол Улсын авто зам, замын байгууламж, гүүр, гүүрэн байгууламжийн бүртгэл мэдээллийн санг 2016-2019 оны хооронд судалгааны баг ажиллаж бүрэн шинэчилсэн. Тус мэдээллийн санд Туул голын модон гүүр нь Тэрэлжийн голын гүүр нэртэйгээр анх 1971 онд ашиглалтад орсон бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ашиглалтаас хасагдсан гэжээ. Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 198 дугаар хуудаст байгаа.

3.2.8. Долоодугаарт Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн 06/5191 тоотдоо А/24 дугаартай Налайх Тэрэлж чиглэлийн замд байрлах гүүрний нэрст Хэцүүгийн хөтлийн арын, Горхийн гүүр, Давааны өврийн, Арын гэсэн нэртэй гүүрнүүд байх ба албан бичигт дурдсан Горхийн доод гүүр гэсэн нэртэй гүүр байхгүй байна. Уг бичигт Налайх дүүргийн Засаг дарга тогтооно гэж бичсэн. Уг тогтоолыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байгаа.

3.2.9. Наймдугаарт Гүүрний байршлыг хэн тогтоодог болохыг тодруулахад тодорхой хариу ирээгүй учраас хүсэлт гаргаж хариуг 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 06/5394 тоот албан бичгээр ирүүлсэн. Албан бичигт Таны байршил тогтоолгохоор асуусан Горхийн доод гүүрний талаар авто замын бүртгэл мэдээллийн сангаас хайж үзэхэд тодорхой мэдээлэл гарч ирсэнгүй. Тус чиглэлд Налайх Тэрэлжийн салдаг уулзвараас Тэрэлжийн амралт хүртэл 30,2 км улсын чанартай авто зам байх бөгөөд дээрх модон гүүрний байршил нь уг авто замд хамаарахгүй байна. Авто замын тухай хуулиар Монгол Улсын Үндэсний авто замын сүлжээ нь олон улс, улс, нийслэл, орон нутгийн чанартай авто замаас бүрдэх бөгөөд тус гүүр нь одоо байхгүй. Налайх дүүргийн газар нутагт байршдаг байсан тул Нийслэлийн авто зам, замын байгууламжийн ангилалд хамаарна. Өөрөөр хэлбэл орон нутагт хамаарахгүй, нийслэлд хамаарна гэсэн үг.

3.2.10. Мөн Авто замын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар авто замыг тодорхой ангилалд хамааруулах, нэг ангиллаас нөгөө ангилалд шилжүүлэх асуудлыг Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэх бөгөөд мөн хуулийн 17 дугаар зааснаар олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам түүний зурвас газрыг эзэмшигч нь Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга түүнээс эрх олгосон этгээд байна гэж заасан байдаг. Үүнээс үзэхэд орон нутгийн чанартай гүүр нь Нийслэл, аймагт харьяалагддаг тул тухайн сум, дүүрэгт өөрийн нутаг дэвсгэр дээрх гүүрний байршлыг тогтоодог. Шүүгч А.Мөнх-Өлзий болон Ө.Г****** надад ирүүлсэн Зам, тээврийн хөгжлийн яамны албан бичгүүдээс үзэхэд Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрт оногдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 16/03 тогтоолоор Горхийн дээд гүүрний байршлыг сэргээн тогтоож баталгаажуулсан байдаг. Дээрх баримтууд нь Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоохдоо албан ёсоор нэр заасан Горхийн доод гүүр нь Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 16/03 тоот тогтоолоор байршлыг нь сэргээн тогтоосон гүүр мөн болох хөдөлбөргүй батлагдаж байна.

3.2.11. Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлт огт үндэслэлгүй, худал дүгнэлт гарсан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт гаргахдаа Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор 1 заалт баталсан Горхийн доод гүүрийг үндэслэл болгоогүй. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь дээрх тогтоолыг зөрчиж Туулын модон гүүр болгож өөрчилснийг үндэслэл болгож дүгнэлт гаргасан учир үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

3.2.12. Зам, тээврийн хөгжлийн яамны Тамгын Газрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сугармаагийн шүүхэд ирүүлсэн албан бичигт 1971 онд ашиглалтад орж, 2016 онд ашиглалтаас гарсан. Хуучин модон гүүр гэсэн байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 198 дугаар хуудас.

3.2.13. Шинжээчийн дүгнэлт гаргахдаа Зам, тээврийн хөгжлийн яамнаас гаргасан бодит мэдээлэлд тулгуурлаагүй учраас дүгнэлт үндэслэлгүй. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2020 оны 10 дугаар сарын 16-ны 06/4911 тоот албан бичигт гүүрний бүртгэл мэдээллийн карт №1-т замын нэр- Налайх тэрэлж, голын нэр- Төв замын горхи, гүүрний нэр- хэцүүгийн давааны арын гүүрийг 1975 онд ашиглалтад орсон. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Горхийн гүүр. Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газар шинжээчийн дүгнэлт гаргахдаа Зам, тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын 2020 оны 4/916 тоот албан бичиг, Зам, тээврийн хөгжлийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 04/4911 тоот албан бичгүүдийг тус тус үндэслэл болгосон гэж заасан. Гэтэл үндэслэл болгосон гэж байгаа Монгол Улсын Засгийн Газар болон Зам, тээврийн хөгжлийн яамны албан бичгүүдийн алийг нь ч үндэслэл болгоогүй. Тодруулбал Монгол Улсын Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын 2020 оны Х/916 тоот албан бичигт Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 09 дүгээр тогтоолыг үндэслэл болгосон гэж байгаа ч уг тогтоол нь 1995 онд хүчингүй болсон.

3.2.14. Зам, тээврийн хөгжлийн яамны 2020 оны 06/4911 тоот албан бичигт Зам, тээврийн хөгжлийн яамнаас Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газраас 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/2905 тоот хүсэлтийн дагуу Горхийн гүүр, Туул гол дээрх модон гүүр, Туул гол дээрх бетонон гүүрний хавсралтыг хүргүүлсэн. Эдгээр гүүрний алийг нь ч шинжээчийн дүгнэлтдээ оруулаагүй. Харин дур мэдэн солбицлын цэгийг N47491456E107195265 гүүр биш, Туул голын хуучин модон гүүрний баруун урд оршдог айлуудын дунд байгаа 1 дүгээр хавтаст хэргийн 150-154 дүгээр хуудаст байгаа.

3.2.15. Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газраас шүүхэд ирүүлсэн албан бичигт 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2244 тоот албан бичигт Горхийн доод гүүрний солбицол байгаа. N47491456E107195265 солбицлыг тодорхойлохдоо 2021 оны А/239 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Зам, тээврийн хөгжлийн яамнаас улсын хэмжээнд бүртгэлтэй гүүрэн байгууламжийн мэдээллийг авч, хээрийн судалгааны үр дүнтэй тулгаж дүгнэлтийг гаргасан. Мөн тус албан бичигт Горхийн доод гүүрний солбицол нь Зам, тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн гүүрний бүртгэл мэдээллийн карт №1 бүртгэгдсэн солбицол байх бөгөөд уг гүүрний нэрийг хэцүүгийн хөтлийн арын гүүр гэж тэмдэглэн №2-т голын нэрийг Горхийн доод гүүрний солбицлыг хэрэглэсэн гэж байгаа ч огт ашиглах дүгнэлт гаргаагүй. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хилийн заагийн солбицлын цэгийг тодруулан дүгнэх үүрэг бүхий ажлын хэсгийг тус газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/99 дугаартай тушаалын дагуу байгуулж гаргасан байх бөгөөд дахин зураг гаргах боломжгүй гэсэн байгаа.

Өөрөөр хэлбэл өмнө гаргасан хууль бус зургийг өөрчлөхгүй гэсэн байдаг. Үүнээс харахад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар үнэн бодитой дүгнэлт гаргаж болохгүйг харуулж байна.

3.2.16. Шинжээчийн дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийг дараах байдлаар зөрчсөн. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинжээчийн үйл ажиллагаанд хориглох зүйл гэсэн 15 дугаар зүйлийн 15.1.5-д шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс бусад этгээдэд шинжилгээний үр дүнгийн талаар мэдээлэхийг хориглосон байдаг. Гэтэл Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газраас шинжээчийн дүгнэлт хийхдээ хариуцагч тал буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Г.Энхмөнх тус газрын кадастрын хэлтсийн мэргэжилтэн С.Бадарчин нарыг оролцуулсан байна. Тэр ч бүү хэл хийсэн шинжээчийн дүгнэлтийнхээ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байна.

3.2.17. Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газраас хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал авахаар 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1/3376 тоотыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байна. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 71 хуудаст авагдсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн газрын дарга Ч.Батсансар уг бичгийг хүлээн авч Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 09/226 тоотоор хилийн заагийн маргаантай хэсгийн зураглалтай танилцаж, түүгээрээ хариу өг гэжээ. 2 дугаар хавтаст хэргийн 74-р хуудас. Тус бичгийг хүлээж авсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 21/39 тоотоор хилийн заагийн маргаантай хэсгийн зураглалтай танилцаад санал дүгнэлттэй нийлж байна гэсэн хариуг Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газарт өгсөн. /2-р хавтаст хэргийн 75-р хуудас/ Үүнээс үзэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газрын хооронд ашиг сонирхлын ноцтой зөрчил байгаа нь харагдаж байна. Учир Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газар газрын маргаанаар шинжээч хийдэг цөөхөн хүн байдаг. Дахин шинжээч томилох хүсэлт гаргахад өөр шинжээч байхгүй учраас хийх боломжгүй гэсэн байдаг. Эдгээр хүмүүс Газар зохион байгуулалт, Геодези зураг зүйн газартай тогтмол харилцдаг. Иймээс ашиг сонирхлын том зөрчил байна гэж үзэж байна.

3.2.18. Дээрх хууль бус үйлдлүүдийг дүгнэж хэлэхэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоосон Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоол одоог хүртэл өөрчлөгдөөгүй хүчин төгөлдөр хэвээр байгаа. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам тогтоолыг зөрчиж, хилийн заагийг дураараа тэлж өөрчилсөн. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Улсын Их Хурлын тогтоолыг өөрчлөх эрх байхгүй. Иймээс тус яам эс үйлдэхүй гаргаж Улсын Их Хурлын тогтоолоос давсан хууль бус үйлдэл гаргасан байна.

3.2.19. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоосон тогтоолыг зөрчиж мэдээллийн санд хилийн заагийг дураараа тэлж өөрчилж бүртгэснийг залруулж Монгол Улсын Их Хурлын тогтоолын дагуу бүртгэлд оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу зөвтгөн бүртгэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгаж өгөхийг хүсэж байна гэв.

3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч*********** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Шинжээчийн дүгнэлт нь Зам, тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн гүүрний солбицлын цэгтэй огт тохирдоггүй. Монгол Улсын Их Хурлын тогтоолд Горхийн доод гүүр гэсэн байхад Туул голын дээд модон гүүрний байршлаар тогтоосон цэгийг үндэслэл болгосон байдаг. Шинжээчийн дүгнэлт гаргахдаа Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1603 дугаартай Горхийн доод гүүрний байршлын солбицлын цэгийг тогтоосон тогтоолыг огт харгалзаж үзэлгүйгээр шинжээчийн дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснээр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Хариуцагчаас шинжилгээний үр дүнг урьдчилан мэдэгдэж саналыг авсан байдаг. Өөрсдийн санаачилгаар холбогдох баримтуудыг цуглуулан шинжээчийн дүгнэлт гаргасан учраас дүгнэлтийг шууд нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.

3.3.1. Үүнтэй холбоотойгоор дахин шинжээч томилох хүсэлт гаргасан боловч Давж заалдах шатны шүүхээс хэргийн өөр бусад баримтаар гүүрний байршлыг тогтоох боломжтой гэж үзээд хүсэлтийг хангахаас татгалзсан. Хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбарт Улсын Их Хурал захиргааны байгууллага биш, захиргааны хэргийн шүүх тогтоолыг хянах эрхгүй гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс Улсын Их Хурлыг хариуцагчаар татаж, гаргасан тогтоолтой маргаагүй. Зөвхөн Улсын Их Хурлын гаргасан тогтоолыг буруу хэрэгжүүлсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны буруутай үйл ажиллагааг тогтоолгохоор маргаж байгаа. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй гэдэгт холбогдуулан тайлбар хэлэхэд Давж заалдах шатны тогтоол эцэслэн гарсан эцсийн шийдвэр байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурддаг. Үүнтэй холбоотой маш тодорхой нотлох баримтыг хангалттай гаргаж өгсөн. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой баримтууд хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгч Д.Б****** уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлдэг гэдгийг нотолсон хангалттай баримт хэрэгт авагдсан байгаа гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Нийслэлийн Засаг даргаас 26 дугаар тогтоол гаргах саналыг авсан гэж хариуцагч маргадаг ч санал авч байгаагүй.

3.3.2. Туул голын гүүр, Горхийн гүүр гэсэн 2 тустай гүүр болон гол байгаа. Горхийн дээд болон доод гүүр гэсэн 2 тусдаа гүүр гэж Улсын Их Хурлын тогтоолд дурдагдсан. Хамааралгүй Туул голын гүүрний хэмжээг тэлж өөрчилсөн үйл баримттай маргаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

3.4. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоон баталсныг зөрчиж мэдээллийн санд хилийн заагийг дураараа тэлж нэмэгдүүлэн бүртгэснийг залруулж, дээрх тогтоолын дагуу бүртгэлд оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, зөвтгөн бүртгүүлэхийг даалгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэгдүгээрт, Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар УИХ нь захиргааны байгууллагад хамаарахгүй.

3.4.1. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд Улсын их хурал нь хууль батлах, төрийн гадаад, дотоод бодлогыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй байгууллага гэж заасан. Үүнийхээ хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг баталж, мөн уг хуулийн 25 дугаар зүйлд зааснаар Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх бүрэн эрхтэй байгууллага юм. Энэхүү ажил нь захиргааны захиргааны чиг үүргийн ажил огт биш юм. Мөн нэхэмжлэгч болон шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хариуцагчаар татсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ гэж заасныг зөрчиж байна.

3.4.2. Хоёрдугаарт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг зааж өгсөн бөгөөд 24 жилийн өмнөх асуудлыг хөндөж маргаан үүсгэх нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаатай зөрчилдөж байна.

3.4.3. Гуравдугаарт, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г****** зэрэг 11 иргэн 2015 оноос хойш Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Өртөө өвөлжөө гэх газрын асуудлаар маргаан үүсгэн захиргааны шүүхээр уг хэрэг хянан хэлэлцэгдэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд Улсын Их Хурал нь тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоох эрхтэй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газартай холбоотой Налайх дүүрэг, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргаас орон нутгийн эзэмшлийн газрыг тусгай хамгаалалтад авсан гэсэн маргаан үүсгэсэн зүйл байхгүй. Харин нэхэмжлэгч Д.Б****** төлөөлөгчөөр дамжуулан ийм гомдол гаргасан байдаг. Гэхдээ тухайн газар дээр газар ашиглах эрхтэй этгээд биш.

3.5.1. Өртөө өвөлжөө гэх газарт уламжлалт мал аж ахуй эрхэлдэг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд уламжлалт мал аж ахуй эрхлэх эрх нээлттэй. Уламжлалт мал аж ахуй эрхлэхийг тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрсөн. Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр, уламжлалт мал аж ахуй эрхлэх чиглэлээр, судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулах зэрэг цөөхөн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байдаг. Уул уурхай, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг.

3.5.2. Тусгай хамгаалалтад авснаар малчин иргэдийн эрх ашгийг хамгаалж байгаа гэж ойлгож болно. Тийм учраас нэхэмжлэгчийн ямар эрх ашиг, сонирхол зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна. 1995 онд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалтын газар нутагт хамруулахдаа уулын орой, өндрөөр хэмжээг багцаалдаж тусгай хамгаалалтад авсан байдаг. 2012, 2013 оноос хойш мэдээлэл технологийн харилцаа хөгжиж ирсэн цаг үеэс хойш газрын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулахдаа газрын хэмжээн координат, өргөрөг, уртрагаар зааж авдаг болсон. 2013 оноос өмнө нь тусгай хамгаалалтад авсан газар нутгуудын газрын хэмжээ, солбицол зэрэг тухайн үеийн техник технологийн хүчин чадлаас шалтгаалан тодорхой бус байсан. Нэхэмжлэгч нарын ярьж байгаагаар 1995 оноос хойш газрын хэмжээг га хэмжээгээр нэмэгдүүлсэн гэдэг ч тогтоогдоогүй байгаа.

3.5.3. Өмнөх шүүх хуралдаан дээр тусгай хамгаалалтад газар нутгийг авсан тогтоол мөн өөрчлөлт оруулж байгаа тогтоолуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Орон нутаг судалгаа хийж үндэслэлээ тодорхой болгон тухай орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж Засаг даргаар уламжлан хүргүүлж түүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Засгийн газарт өргөн мэдүүлж газрын тодорхой хэсгийг тусгай хамгаалалтад авах нэмэх, эсхүл хасах зэрэг үйл ажиллагаануудыг хийсээр байна. Зөвхөн маргаан бүхий газар дээр биш бусад тусгай хамгаалалттай газар нутагт дээрх үйл ажиллагаа хийгдэж байгаа. Мөн Улсын Их Хурал Үндсэн хуульд зааснаар хууль, тогтоомж батлах бүрэн эрхтэй. Хууль, тогтоомж гэсэн 2 үг байнга хамт явдаг. Тэгэхээр иргэн Улсын Их Хурлын тогтоолтой маргах хууль зүйн боломж байхгүй. Тогтоол нь захирамжилсан шинжтэй захиргааны шийдвэр биш хууль тогтоосон хуультай нэгэн адил хүчин чадалтай эрх зүйн акт юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.Б******гээс Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс ...тусгай хамгаалалтад оруулаагүй газрыг дур мэдэн мэдээллийн санд оруулснаас болж мал бэлчээх, мал маллах боломжгүй болгож бусдад газар ашиглуулах шийдвэр гаргасан..., мал маллаж олон жил амьдарсан газраа эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн..., хариуцагчаас ...Улсын Их Хурлын тогтоолын дагуу Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тэмдэглэж мэдээллийн санд оруулсан дур мэдэж талбайг нэмэгдүүлээгүй..., нэхэмжлэгчийг мал маллах боломжгүй болгож, түүнийг газраа чөлөөлж өгөх талаар нэг ч арга хэмжээ аваагүй, харин ч тусгай хамгаалалтад Өртөө өвөлжөө гэх газар нь байснаар мал маллах эрх нь илүүтэйгээр хамгаалагдана...нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй... гэж тус тус маргасан.
  3. Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 200-205 дахь талд/-ийн 2 дугаар хавсралтын 3-т зааснаар Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг шинэчлэн тогтоож маргаж буй хэсгийг ...Хэцийн даваа, амралтын дээд талд Туул гол руу түрж орсон хадан хошуу, Туул голын урд эргээр уруудаж Горхийн доод гүүр хүрч түүнээс хойш орших Өндөр уул /1983,7/ ... гэж заан улсын тусгай хамгаалалтад авсан байна.
  4. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэдээллийн санд нэхэмжлэгчийн мал маллан амьдарч байгаа Өртөө өвөлжөө гэх 732.66 га газрын /1 дүгээр хавтаст хэргийн 12, 129-130 дахь талд/ 499,39 га газар нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газартай давхцаж үлдэх 233,27 га газар нь давхцалгүй байна.
  5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх, 27 дугаар зүйлийн 27.1-т Тусгай хамгаалалттай газрын нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолоор Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг улсын тусгай хамгаалалтад авсан хилийн заагийг тогтоон зураглаж, мэдээллийн сандаа бүртгэн оруулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үндэслэл, үйл баримт тогтоогдсонгүй гэж үзлээ.
  6. Учир нь нэхэмжлэгчээс үндэслэл болгож буй Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг УИХ-ын дээрх тогтоолд заасан хэмжээнээс илүү дур мэдэн нэмэгдүүлсэн эсэхийг тогтоолгохоор шүүхээс шинжээч томилсон /1 хавтаст хэргийн 79-82 дахь талд/ ба үүний дагуу шүүхэд ирүүлсэн Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/239 дүгээр Шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 124-131 дэх тал/-ийн 4-т Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2020 оны А/99 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хэмжээг тодруулан зурагласан 292938.7052 га талбайтай зурган мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын 292468.4488 га талбайтай газрын зурган мэдээлэлтэй давхцуулан үзэхэд хоорондоо 290641.3087 га талбайгаар давхцалтай байна. Дээрх давхцуулсан зурган мэдээллээс үзэхэд 1298.3643, 1585.9525 га талбайгаар тус тус давхцалгүй байна гэж дүгнэсэн байх ба зураглаж ирүүлсэн баримтаас үзэхэд уг давхцалгүй гэх хэсгүүд нь нэхэмжлэгчийн тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй гэж тайлбарлаж буй Өртөө өвөлжөө гэх газрын байрлаж байгаа хэсэгт хамааралгүй болох нь нотлогдож байна./1 дүгээр хавтаст хэргийн 131 дэх талд/
  7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс олон жил мал маллан амьдарч буй Өртөө өвөлжөө-ний 732.66 га газар нь УИХ-аас тусгай хамгаалалтад авсан газарт хамаарахгүй Горхийн доод гүүр хүрч гэсэн цэгийг буруу тогтоосон гэж тайлбарласан үндэслэл нь дээрх шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна.
  8. Шинжээч нь дүгнэлтээ гаргахдаа Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/99 тоот тушаалаар байгуулагдсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар-ын хил заагийн дагуу солбицлыг тодруулан зураглах үүрэг бүхий ажлын хэсгийг 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажилласан нэхэмжлэгчийн маргаж буй Горхийн доод гүүр хүрч гэсэн цэгийг тодруулахдаа ...47o4914.56И 107o1952.65E байхаар зураглаж шийдвэрлэснийг үндэслэсэн байна.
  9. Түүнээс бус өөрсдөө дур мэдэн цэг тогтоогоогүй бөгөөд нэхэмжлэгчийн Горхийн доод гүүр гэж тодорхойлох ёстой байсан гэж тайлбарлаж буй Зам тээвэр хөгжлийн яамнаас хүргүүлсэн гүүрний бүртгэл мэдээллийн карт №1-ээс /1 дүгээр хавтаст хэргийн 152 дахь талд/, болон Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Горхийн доод гүүрний байршлыг тогтоох тухай 16/03 дугаар тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 195-197 дахь талд/ түүний хавсралт баримтуудыг тус тус үзэхэд гүүрний нэр, урт зөрүүтэй мөн Зам тээвэр хөгжлийн яамны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 06/5191 дүгээр албан бичгээр ирүүлсэн зурган мэдээлэлд зааснаар өөр байршилд тухайн гүүр нь байрлаж байгааг харуулсан, шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгчээс маргаж буй хэсэгт буруу зураглаж, мэдээллийн сандаа бүртгэсэн байдал тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчээс дурдсан баримтуудыг шууд үндэслэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Горхийн доод гүүр хүрч гэсэн цэг байршлыг хариуцагч байгууллага буруу тогтоосон, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохих ёсоор хангаагүй, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
  10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7, 15 дугаар зүйлийн 15.1.4, 15.1.5-д заасныг тус тус зөрчиж хэргийн оролцогч болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Горхи, тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, бусад байгууллагаас өөрийн санаачилгаар баримт цуглуулсан, холбогдох саналуудыг авсан учир нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд тухайн баримт цуглуулсан, санал авсан ажиллагаа нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2020 оны А/99 дүгээр тушаалаар байгуулагдсан Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар-ын хил заагийн дагуу солбицлыг тодруулан зураглах ажлын хэсгийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 4-75 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 102, 109-110, 177-178, 3 дугаар хавтаст хэргийн 85 дахь талд/ гаргах хүрээнд хийгдсэн ажиллагаа бөгөөд түүнээс бус шинжээч нар дүгнэлт гаргахдаа тус дүгнэлтээ хариуцагч байгууллагаас санал авах байдлаар гаргасан гэж үзэхээргүй байна.
  11. Нэхэмжлэгчийн олон жил мал маллан амьдарч ирсэн боловч цаашид малаа бэлчээх газаргүй болж, бусад /163 иргэнд/ иргэдэд газар ашиглуулах эрх олгосноос үүдэж эрх, хууль ёсны ашиг сонирхол минь зөрчигдсөн гэх үндэслэлийг мөн тайлбарлан маргадаг боловч нэхэмжлэгчээс мөн Ө.Г****** нарын 10 хүнтэй хамтран гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын /хуучин нэрээр/ 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-230, мөн сайдын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А-429 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 434 дүгээр магадлалаар ...маргаан бүхий актын улмаас уламжлалт аргаар мал аж ахуй эрхэлж байгаа, эрхийн гэрчилгээний дагуу газар ашиглаж буй Ө.Г******, Д.Цэрэндулам, Ү.Үришбай нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-230, А-249 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, харин бусад ...Д.Б****** нар нь мал бүхий иргэд мөн боловч гэрээ байгуулаагүй, байрлах эрхийн гэрчилгээ аваагүй тул эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг.
  12. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчээс маргаж буй нэг үндэслэл болох 163 иргэнд газар олгосон тушаалыг дээрх байдлаар хүчингүй болгож шийдвэрлэсэн, тухайн тушаалуудаас үүдэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг дахин дүгнэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасантай нийцэхгүй учир уг үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
  13. Газар эзэмших эрх, цаашлаад өмчилж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэлийн хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж зааснаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийнхээ дагуу газар ашиглах эрх олгуулахаар дахин хүсэлт гаргах, эсхүл шинээр хүсэлт гаргах эрх нь нээлттэй, харин зайлшгүй эзэмшиж өмчлөх ёстой гэх тохиолдолд өөрийн олон жил амьдарч байгаа гэх Өртөө өвөлжөө гэх газрынхаа тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй байгаа 233.27 га газрын аль нэг хэсэгт Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан хэмжээгээр хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрх мөн нээлттэй, энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.
  14. Хуулиар тусгай хамгаалалттай газар нутагт газар эзэмшүүлэх, өмчлүүлэх хориотой учир нэхэмжлэгчийн газар эзэмших, өмчлөх эрхийг хариуцагч зөрчсөн гэж буруутгах боломжгүй.
  15. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх эрх нь нэхэмжлэгчийн хувьд хуулиар баталгаажсан, уг эрхээ хууль ёсны дагуу болгоход зохих зөвшөөрөл, гэрчилгээг авах нь зүй ёсны бөгөөд хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн мал маллан амьдарч буй газрыг чөлөөлж өгөх, тухайн Өртөө өвөлжөө гэх газарт мал бэлчээхийг хориглоогүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч байгууллага хууль бус эс үйлдэхүй гаргаж, хууль тогтоомж зөрчсөн түүнээс үүдэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б******гийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан Монгол Улсын Их Хурлын 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоон баталсныг зөрчиж, мэдээллийн санд хилийн заагийг дураараа тэлж нэмэгдүүлэн бүртгэснийг залруулж, дээрх тогтоолын дагуу бүртгэлд оруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Их Хурлын 1995 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн 26 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу зөвтгөн бүртгэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан даалгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас шинжээчийн зардалд урьдчилан төлсөн 573,025 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, Төрийн сан 100900005404 тоот дансанд төлүүлсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ