Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 0016

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                                         Н.Д

Шүүгдэгч                                                          Г.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              А.Т

Хохирогч                                                         Б.М

Хохирогчийн өмгөөлөгч                              М.М

Нарийн бичгийн дарга                                Б.Ганчимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Бт холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч Б.Мын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, М овогт Г-н Б.

Шүүгдэгч Г.Б нь Б.Мыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  аймгийн  суманд 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Капитрон банкнаас зээл авахаар материал бүрдүүлж өгсөн өмнөх зээлийн үлдэгдэл 15.200.000 төгрөгийг төлөх хэрэгтэй байна гэж хуурч улмаар Б.Маас Ш Б гэх Голомт банкны данснаас 14.490.000 төгрөгийг Г.Бийн Капитрон банкны дансаар шилжүүлсэн,

2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Б.М нь өөрийн Хаан банкны данснаас Г.Бийн Капитрон банкны дансанд 700.000 төгрөгийг шилжүүлж нийт 15.190.000 төгрөгийг авсан,

2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод аав нас барсан ажил явдалтай байна гэж Б.Мыг хуурч 300.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар авсан,

2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Капитрон банкны зээлд хамтран зээлдэгчээр орсон дүүгийн Мобикомын зээлийг төлөх шаардлагатай байгаа учраас зээлээ аваад өгнө гэж хуурч 1.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч нийт 16.990.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч М овогт Г-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг 1 /нэг/ жилийн хугацаанд өөрийн оршин суугаа  аймгийн  сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Бт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бээс 16,990,000 /арван зургаан сая есөн зуун ерэн мянга/ төгрөг гаргуулан хохирогч  Б.Мд олгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.М давж заалдах гомдолдоо:

... Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн; 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 1 жилийн хугацаанд өөрийн оршин суугаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн.

Анхан шатны шүүхийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болсон боловч эрүүгийн хариуцлагын талаар хийсэн хууль зүйн дүгнэлт буюу түүнд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Үүний учир нь:

Шүүгдэгч Г.Б нь намайг цагдаагийн газар 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гомдол гаргаснаас хойш огт хохирол төлбөрөөсөө төлөөгүй бөгөөд гэм буруугаа огт хүлээн зөвшөөрдөггүй. Харин надаас мөнгө авах ёстой хэмээн Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан байдаг ба гэм буруугийн шүүх хуралдаан дээр надаас мөнгө авах ёстой би залилан мэхлэх гэмт хэрэг огт үйлдээгүй, хохирол төлбөр төлөхгүй гэж намайг худлаа хэлж түүнийг гүтгэсэн мэт гүжирдээд зогсож байсан. Анхан шатны шүүх түүний, хэргийг шийдвэрлэж гэм буруутайд тооцсон шийдвэр гарчихсан байхад огт хохирол төлбөрөө төлөхгүй байгаагаас үзвэл тэрээр гэм буруугийн хурал дээр мөнгө төлөхгүй би гэмт хэрэг үйлдээгүй гэж хэлж байсан байр суурин дээрээ бат итгэлтэй байгааг харуулж байна.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолоор мөн л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож улмаар торгох ялаар шийтгүүлж байсан болох нь ял хэргийн 128 дахь хуудсанд авагдсан “мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт”-оор нотлогддог. Үүнээс үзвэл тэрээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг өмнө нь үйлдэж байсан ба дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн байгааг анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анхаарч үзээгүй.

Дээр дурдсан гэмт хэрэгт хохирогчоор Ш.А гэх хүн оролцсон байдаг ба намайг залилан мэхэлж авсан мөнгөө өмнөх үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийнхээ хохирлыг төлсөн болох хэргийн 103 дахь хуудсанд авагдсан гэрч Ш.А-н мэдүүлэг, 121-124 дэх хуудсанд авагдсан Г.Бийн өөрийнх нь мэдүүлэг, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон.

Намайг залилахдаа өмнө үйлдсэн залилах гэмт хэргийн хохирлыг төлөх зорилготойгоор залиласан нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйгдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилго хэрэгжээгүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Хэргийн 162-165 дахь талд гэмт хэрэг, зөрчлийн талаарх лавлагаа авагдсан байдаг. Энэхүү лавлагаанд “...2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 12:00 хооронд Товч утга: Г.Б нь 1.015.860 төгрөгийн бараа аваад тооцоогоо хийлгүй алга болсон, Анхаарах зүйлс: ... зальтай ... “....2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 18:42 хооронд: Товч утга: Г.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 1.200.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 05- дугаар сарын 16-ны өдөр 4.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 600.000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулан Р.Х-с зээлсэн боловч зээлсэн мөнгөө заасан хугацаанд өгөлгүй алга болсон ...”, “ ...  аймгийн  сумын оршин суух хаягтай Г.А-с 2018 оны 04 дүгээр сарын 06-аас 2018 оны 05 дугаар сарын 09-ний хооронд зүс таних 2 эмэгтэй Бүгд Найрамдах Солонгос улс руу виз гаргаж өгнө гэж 10 удаагийн нийт 9.275.000 төгрөг залилж авсан ...”, “... Б Н нар 12.500.000 төгрөг залилсан байна....” гэх мэдээллүүд туссан байдаг.

Үүнээс үзвэл шүүгдэгч Г.Б нь дандаа л мөнгө төгрөг хүнээс аваад өгдөггүй зантай, заримдаа худал хэлж залилах аргаар бусадтай бүлэглэн болон бусдыг хохироож сурсан болох нь тогтоогдсон. Энэ нь түүний хувийн байдал ямар хүн болохыг харуулсаар байтал анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ огт анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 1.3, 5.5 дугаар зүйлд зорчих эрхийг хязгаарлах ялыг талаар тусгагдсан боловч мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ, 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасныг шүүх анхаарч эрүүгийн хариуцлага оногдуулах ёстой байтал түүнийг хүүхэдтэй гэх асуудлыг л онцолж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэл муутай боллоо.

Хохирогч миний бие ч гэсэн адилхан бага насны хүүхэдтэй төдийгүй одоо дахиад хүүхэд төрүүлэх гэж байгаа шүү дээ. Гэтэл Г.Б нь намайг хохироочихоод зүгээр гадуур баясгалантай явж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй зүйл боллоо.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор зорчих эрхийг хязгаарлах шийтгэл хүлээлгэсэн нь түүний гэм буруу, хувийн байдал, Эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх Г.Бт холбогдох хэргийг хохирогч Б.Мын давж заалдах гомдлыг үндэслэн хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Бт холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн авч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар өөрийн оршин суугаа  аймгийн  сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг хохирогч Б.М эс зөвшөөрч ... зорчих эрхийг хязгаарлах шийтгэл хүлээлгэсэн нь түүний гэм буруу, хувийн байдал, Эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарч байна. ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү ... гэсэн гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд ... хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдөөгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан заавал хорих ял оногдуулах шаардлагагүй, харин шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй болно. ... хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна ... гэж тодорхойлсон нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлөх ноцтой зөрүүтэй байдал бий болгосон, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй болжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогч Б.Мын 16.990.000 төгрөгийн хохирлыг огт төлөөгүй, шүүхээс гэм буруутайд тооцсон хуулийн зүйл заалт, хэсэг буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, урьд нь бусдыг залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж шүүхээр гэм буруутайд тооцогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгүүлж байсан зэрэг нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх ноцтой зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байна. 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ зохих хуулийн зүйл заалтыг баримталж шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Хэдийгээр шүүгч нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь зөв боловч шүүхэд шилжүүлсэн хэргийн хэр хэмжээний дотор хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж хууль болон эрх зүйн ухамсрыг үндэслэн өөрийн дотоод итгэлээрээ үнэлэх ёстой.

Дээрх байдалд тулгуурлан хэргийг хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ... шударгаар ял оногдуулах ... зорилтыг болон мөн хуулийн 1.12 дугаар зүйлд заасан ... хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг тус тус хангана.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлөгдсөн байдал, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэхэд зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иймд хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Хохирогч Б.Мын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                      ШҮҮГЧ                                                       С.УРАНЧИМЭГ

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ХОСБАЯР