| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/0933/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1307 |
| Огноо | 2025-05-19 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,
шүүгдэгч Ө.С-, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан эрүүгийн 2509002350084 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******** төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, “****” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт ******** дүүргийн **** дүгээр хороо ************-р гудамж **** тоотод суух бүртгэлтэй боловч суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
М овогт Ө.С- /РД: АА******** /.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.С- нь “Н” ХХК-ийн тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэж, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр С дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн үндэсний төвд “Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тул АТӨЯХА Татвар болон бусад ямар нэгэн өр төлбөрийн үлдэгдэлгүй тохиолдолд дээрх автомашиныг Ө.С-ийн нэр дээр шилжүүлж, гэрчилгээг шинээр олгож өгнө үү...” гэсэн эрх олгосон хуурамч баримт бичгийг гарган өгч, авто машины өмчлөгчийн нэрийг солиход ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокуророос Ө.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М-ийн мэдүүлэг, шүүгдэгч Ө.С-ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ө.С- нь “Н” ХХК-ийн тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэж, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр С дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн үндэсний төвд “Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тул АТӨЯХА Татвар болон бусад ямар нэгэн өр төлбөрийн үлдэгдэлгүй тохиолдолд дээрх автомашиныг Ө.С--н нэр дээр шилжүүлж, гэрчилгээг шинээр олгож өгнө үү...” гэсэн эрх олгосон хуурамч баримт бичгийг гарган өгч, авто машины өмчлөгчийн нэрийг солиход ашигласан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.С-ийн “Эрх олгосон хуурамч баримт бичгийг гарган өгч, авто машины өмчлөлийн нэрийг солиход ашигласан” үйлдэл нь:
шүүгдэгч Ө.С-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 2 сарын 28-ны өдөр төрсөн. Түүнээс хойш манай хүүхэд зүрхний цоорхойтой гэсэн оноштой байсан. Гэм буруу дээр маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-н 94/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тус банк бус санхүүгийн байгууллагыг байгуулаад 11 жил болж байна. Манайх Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулдаг. Энэ зөвшөөрөл нь зөвхөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ зээлийн үйл ажиллагааны нэг төрөл нь автомашин барьцаалсан /фидуцийн гэрээ өмчлөл нь манай нэр дээр байдаг/ зээлийн үйлчилгээ үзүүлдэг. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Ө.С- гэх хүн манай банк санхүүгийн байгууллагаас “Тесла” модел Ѕ загварын 00-00 улсын дугаартай машиныг 80.000.000 төгрөгөөр 2 жилийн хугацаатай 3,5 хувийн хүүтэй зээл авсан. Зээл авснаас хойш зээлийн төлөлт гэж 18.000.000 төгрөг төлсөн ба одоо үлдэгдэл 76.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр С- манайд ирж гэрчилгээг гээгдүүлчихлээ. Гээсэн учраас шинээр гэрчилгээ авах гэсэн юмаа гээд манайхаас авто тээврийн үндэсний төвд гэрчилгээ хаясан тул шинээр олгож өгнө үү гэсэн утгатай албан бичиг хийж өгч явуулсан. Тэрний дараа манай зээлийн эдийн засагч амралтаа аваад энэ хооронд гүйцэтгэх захирал нягтлан 2 зээлийн барьцаануудаа 2024 оны 11 дүгээр сарын сүүлээр Autobox-с шалгахад тус машин нь манай өмчлөлийн машин учраас манай өмчлөлд байхгүй байсан. Тэгэхээр нь бүртгэлтэй утсаар нь С-тэй холбогдоход эхлээд яагаад шилжсэн талаар мэдэхгүй байна гээд худлаа яриад байхаар нь хаана байгааг нь асуугаад уулзахаар болоод гараад явж байхад ******** Б гэх хүн залгаад С- гэх хүнтэй холбоотой ярьж байгаа юмаа. Танай албан бичгийг хуурамчаар үйлдээд Авто тээврээс гэрчилгээ гаргуулан авч байсан. 2, 3 хоногийн дотор төлөлтөө бүрэн хийж барагдуулна, цагдаад битгий хэлээч гээд 18.000.000 төгрөгийн зээлийн төлөлт хийсэн. Төлөлт хийгдсэний дараа үлдэгдэл мөнгийг асуухад банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад төлөлтийг нь хийнэ түр хүлээгээч гээд байсан. Өнөөдөр хүртэл залгаад битгий цагдаад өгөөрэй гээд байгаа. Мөнгөө төлнө гэсэн боловч мөнгөө төлөхгүй байсан болохоор манай нэр дээр манай машин учраас өмчлөлийн машинаа авах гээд С-тэй хамт Х дүүрэг дээр байрлах Ц хотхоноос машинаа авсан. Одоогоор машин манай хадгалалтад байна. С-ийг ирээд уулзаарай гээд уулзаад гэрчилгээг яаж шилжүүлсэн талаар асуухад Фейсбүүкээс зар харж байгаад албан бичиг дансны хуулга хийнэ гэсэн зарын дагуу нэг хүнтэй холбогдож манай банк бусын албан бичиг болон тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэнээ хүлээн зөвшөөрч өөрийн гараар тайлбар бичиж өгсөн...Бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58, 60/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-11/,
“Ними” ББСБ гэсэн албан бланк, тамга тэмдэг бүхий тоот /хх-30/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Х.Баярмаагийн 2024 оны 08 дүгээр сарын 23-ны өдрийн 192/24 дугаартай “...”АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД” гэсэн баримтын “ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ” гэсний ард “А.Г” гэсний урд зурагдсан гарын үсэг нь Г.Г-гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй. Дээрх гарын үсгийн давхцах хэсэгт байх тэмдгийн дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн “Н ХХК” тэмдгийн дардасны загваруудтай тохирохгүй байгаа нь тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-73-87/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ө.С- нь “Н” ХХК-ийн тамга тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэж, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр С дүүргийн ** хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Авто тээврийн үндэсний төвд “Зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тул АТӨЯХА Татвар болон бусад ямар нэгэн өр төлбөрийн үлдэгдэлгүй тохиолдолд дээрх автомашиныг Ө.С--н нэр дээр шилжүүлж, гэрчилгээг шинээр олгож өгнө үү...” гэсэн эрх олгосон хуурамч баримт бичгийг гарган өгч, авто машины өмчлөгчийн нэрийг солиход ашигласан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт...хувь хүний байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Ө.С-ийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Ө.С-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ө.С-эд 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ө.С- нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Хохирогч “Ними” ББСБ нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Ө.С- нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Ө.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт...хувь хүний байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.С- нь энэ тогтоолоор оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ө.С- нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Ө.С- нь хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.С-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР