2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1160

 

   2025       05         06                                    2025/ШЦТ/1160

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

улсын яллагч С.Бат-Орших,

шүүгдэгч Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Пд холбогдох эрүүгийн 2106 01125 1556 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.П нь 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цэргийн нэгдсэн төв эмнэлгийн урд талбайд иргэн Б.Эын эзэмшлийн ................. ДАА улсын дугаартай, Ниссан 350 маркийн тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрт 1.500.000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл төлбөрийг нь өгөлгүй залилж 10,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 6 дугаар сарын 17-ны орой 23 цагийн үед иргэн Г.Мы эзэмшлийн “Ямаха Ви Макс” загварын мотоцикл зарна гэсэн зарын дагуу холбогдож, улмаар хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож баримт бичиг буюу гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилсаны улмаас бусдад 2,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 43б байрны орцонд хохирогч Г.Баас плэйстэйшн- 4 слим тоглоомыг 24 цагийн 30.000 төгрөгөөр, 2 өдрөөр түрээсэлж авна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсаны улмаас 825,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 43б байрны урд талын шатахуун түгээх станцын хажууд хохирогч С.Поос плэйстэйшн-5 маркийн тоглоомыг 2 өдрөөр өдрийн 40.000 түрээсэлж авна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан залилсаны улмаас бусдад 1,840,000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, ......................... тоотод хохирогч .........................ын плэйстэйшн-5 маркийн видео тоглоом тоглуулагчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч, улмаар бусдынх гэдгийг мэдсээр байж “Л” нэртэй ломбарданд барьцаанд тавьж 1,840,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ................... тоотод хохирогч С.Эгийн плэйстэйшн-4 про маркийн видео тоглоом тоглуулагчийг 24 цагийн 40.000 төгрөгөөр түрээсэлж авна гэж хуурч, зохиомол зориудаар бий болгон улмаар бусдыг залилж 1,847,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.П шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Хэлэх зүйл байхгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна....” гэв.

Эрүүгийн 2106011251556 дугаартай хэргээс:

Иргэн Б.Эаас цагдаагийн байгууллагад гаргасан "Ц.П гэгчид залилуулсан" тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 6-8/,

Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг: "..2020 оны 4 дүгээр сарын 10-ны үед би өөрийн .................... улсын дугаартай ниссан 350 зет маркын машинаа зарна гээд фэйсбүүк дээр зар тавьсан юм. Би тухайн үед Дарханд байсан юм. Тэгсэн чинь зарын дагуу П гэдэг хүн чатаар холбогдоод машиныг чинь сонирхож байна, машинаа Улаанбаатар хотод оруулаад ир үзье гэж ярьсан. Тэрнээс гадна бас нэлээн хэдэн хүн миний машиныг сонирхож байсан. Тэгээд би 4 сарын эхээр машинаа Дарханаас ачуулаад хотод орж ирээд Баянзүрх дүүрэгт байх цэргийн төв нэгдсэн эмнэлэгийн урд машинаа унаад явж байсан чинь нөгөө П гэх залуу ирээд үзсэн. Тэгээд тэр миний машиныг авахаар болсон. Тэр үед тэр бас нэг ямаха ар-6 маркын 2008 оны мотоцикп унаж ирсэн. Тэгээд тэр миний машиныг 12.000.000 төгрөгөөр авахаар болсон. Бас тэр машины наймаанд унаж ирсэн мотоциклоо оролцуулахаар болоод би бас тэрийг нь авахаар болсон чинь тэр мотоцикпоо 8.000.000 төгрөгөөр үнэлсэн. Тэгээд тэр миний машины зөрүүнд 4.000.000 төгрөг өгөхөөр болсод тэндээ тохирсон. Бид хоёр тухайн үед бол ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Зөвхөн амаараа тохиролцсон... Тэгээд 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр би тэрэнтэй .................... дугаарын утасаар нь холбогдож ярьж байгаад Ялалт кинотеатрын тэнд би өмгөөлөгч Н.Нямдоржтой хамт очиж тэрэнтэй уулзсан. Тэгсэн чинь 14 хоногийн хугацаа өгчих гэж хэлсэн. Нөгөө зарна гэсэн мотоцикл бүүр байхгүй болсон. Би чамд төгрөг дээрээ нэмж 4.500.000 төгрөг нэмж нийт 15.000.000 төгрөг болгож-2021 оны 1 дүгээр сарын 29-ний дотор төлж барагдуулна гэж бичиг хийж өгсөн. Тухайн үедээ тэр машин чинь миний нэр дээр байж байгаа, хэрэв би мөнгөө энэ хугацааны дотор өгч чадахгүй бол машиныг чинь тавьсан банк бусаасаа аваад өгье гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш тэр таг алга болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Ц.Пгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 22/,

Дамно ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 531-21-720 дугаартай ниссан 3-350 маркийн тээврийн хэрэгслийг 10.531.989 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 29-31/,

Шүүгдэгч Ц.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.." гэх мэдүүлэг /хх-ийн 42 дахь тал/,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4/7564 дугаартай: "Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 828 дугаартай шийтгэх тогтоолоор Цын П нь 9.550.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж, торгох ялаас төлөлт хийгээгүй 9.550.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Ялтан Ц.Пн торгох ялыг биелүүлэх хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 20- ны өдөр дуусгавар болох тул дахин үйлдсэн гэмт хэрэгт торгох ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэнэ үү.." гэх албан бичиг /хх-ийн 60/,

Шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-68/,

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-ийн 70/,

2020 оны 6 дугаар сарын 17-ны орой 23 цагийн үед иргэн Г.Мы эзэмшлийн "Ямаха Ви Макс" загварын мотоцикл зарна гэсэн зарын дагуу холбогдож, улмаар хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож баримт бичиг буюу гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилсаны улмаас бусдад 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд: Иргэн Г.Маас цагдаагийн байгууллагад гаргасан "Ц.П гэгчид мотоциклоо өгч залилуулсан" тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 86-87/,

Хохирогч Г.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би 2020 оны хавар зүс таних хүнээс Ямаха В Макс загварын мотоциклыг 6.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гэхдээ албан ёсоор нэрээ шилжүүлээгүй бөгөөд тэр үед сонгуулийн ажил гэж давхцаад завгүй болоод нэрээ шилжүүлж амжаагүй байсан юм. Тэр үед би аяллаар хөдөө явах гэж тухайн мотоциклоо зарж аяллын мотоцикп авахаар болж фэйсбүүк дээр туахин мотоциклоо 6.000.000 төгрөгөөр зарна гэсэн утгатай зар байршуулсан юм. Тэгсэн чинь 2020 оны 6 сарын 17-ны өдөр миний байрлуулсан зарын дагуу үл таних П гэх залуу надтай холбогдоод мотоциклийг чинь очиж үзье хаана очих вэ гэж хэлэхээр нь бид хоёр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Таван Таван Богд ХХК-ийн урд талын автобусны буудал дээр уулзаад тухайн залуу нь миний мотоциклыг авахаар болсон бөгөөд тэр залуу миний мотоциклийг унаад би өөрийнхөө машиныг унаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 43б байрны гадна талд итгээд тэр залуу гэр рүүгээ ороод мөнгөө аваад ирье гэж хэлээд орчихоод гарч ирэхдээ манай эгч миний мөнгийг үрчихсэн байна, би маргааш буюу 2020 оны 6 сарын 18-ны өглөө 10 цагт мөнгийг чинь данс руу чинь шилжүүлье гэж хэлэхээр нь би итгээд өөрийн мотоцикпоо үлдээгээд өөрөө гэрчилгээг нь аваад явсан юм. Тэгээд л тухайн үед холбогдож байсан гар утасаа авахгүй, холбоо барихгүй байсаар байгаад өдийг хүрч байгаа юм. Тэр залуугаас ямар нэгэн байдлаар мөнгө авсан асуудал огт байхгүй бөгөөд надад нэг ч төгрөг өгөөгүй юм. Сүүлд буюу 2020 оны 7 сард араас нь хөөцөлдсөөр байгаад холбогдсон чинь миний мотоциклийг унагаагаад эвдэлсэн, удахгүй мөгнийг чинь өгнө гэж хэлсэн юм. Одоо би мотоциклийг ч аваагүй, мөнгөө ч аваагүй байгаа учир цагдаагийн байрууллагад хандаж байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 101-102/

Ц.Пгийн гэрчээр дахин өгсөн: "... Тэгээд би фэйсбүүк зараас мотоциклийн зар харж байсан чинь Ямаха Ви Макс маркийн мотоциклийг 4.000.000 төгрөгөөр зарна гэх зарыг үл таних хүн байршуулсан байсан бөгөөд тухайн хүн нь Г.М болж таарсан юм. Тэгээд би Г.Мтай яармаг дээр уулзаад би зарах гэж байгаа мотоциклийг нь үзээд, хараад худалдаж авахаар болж би мотоциклийг нь унаад гэр болох Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 43б байрны гадна ирээд гэр рүү ороод Алдартай холбогдоход би одоо хийчихье гэж хэлсэн бөгөөд 20-30 минутын дараа Алдар рүү дахин залгахад гар утас нь холбогдохгүй болчихсон. Тэгээд би гэрээс гарч ирээд Г.Мд эгчээс мөнгө гарч ирэх боломжгүй, маргааш банк ороод чам руу явуулчихья гэж худал хэлээд Б.М нь машинтай ирсэн байсан учир мотоцикпийг чинь унах хүн байвал аваад явчих гэж хэлсэн чинь Г.М нь чи маргааш 4.000.000 төгрөгийг нь өгчих юм үлдээгээд явчихья гэж хэлээд орхиод явсан юм. Би тухайн өдрийх нь орой нь би мотоциклийг нь унаж гараад онхолдсон бөгөөд тэгээд л Г.Мтай холбогдох болгондоо худал хэлээд л явж байгаад сүүлд мотоциклийг нь унаж яваад онхолдоод ражаатар, дохио зэрэг зүйлс нь эвдэрсэн талаар хэлсэн юм. Би Г.Мд мотоциклийг чинь засуулаад өгье, худалдаж авах бол худлаа боллоо гэж хэлж байсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 110-111/,

Дамно ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хохирогч Г.Мы 5868 УБ улсын дугаартай мотоциклийг 2.400.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 113 /,

Иргэн Г.Баас цагдаагийн байгууллагад гаргасан: "Ц.П гэгчид плэйстэйшн тоглоом түрээслүүлэхээр өгсөн боловч алдаж залилуулсан" гэх гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 142/,

Хохирогч Г.Баас мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр буюу Пүрэв гарагт 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн хажуу талын байрны 5 давхарын 41 тоот айлд П гэх нэртэй залууд өөрийн плэйстэйшн-4 слим загварын тоглоомоо 24 цагийн 30.000 төгрөгөөр 2 өдрөөр түрээсэлсэн юм. Тэгтэл тоглоомоо авах гээд гэрт нь очтол ээж нь гэх эмэгтэй хүн байсан. Танай хүүхэд утсаа авахгүй алга болчихлоо гэж хэлтэл би мэдэхгүй байна, манай хүүхэд гэртээ ирэхгүй хэд хонож байна, чи явдаг газраар нь яв гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 149/,

Иргэний нэхэмжлэгч Б.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бишрэлт гүний 1 давхарт байрлах Топ ломбадрад байж байхад П гэх хүн орж ирээд саарал өнгийн Плэйстэйшн 4 маркийн видео тоглоом тоглуулагч ломбардмаар байна гэхээр нь би ярьж тохиролцоод 350.000 төгрөгөөр авахаар болсон. Тэгээд барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл П алга болоод утасаа авахаа болиод удсан. Удалгүй цагдаагийн алба хаагчид ирж гэмт хэргийн замаар алдагдсан эд зүйл гэдэгийг анхааруулсан тул өнөөдөр танд авч ирж өгөхөөр ирсэн. Манай топ ломбардийг төлөөлж би зээлийн гэрээн дээр өөрөө бие дааж хийсэн 350.000 төгрөгийг нь П гэх хүнд бэлнээр нь өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 163 дахь тал/,

Гэрч Б.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ".. Би 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байх гэж санаж байна. Тэгээд би гадуур явж байхад 2 эрэгтэй хүн 11 дүгээр хороололд гар өргөөд зогсож байсан. Би аваад тэр хоёр хүн 3 цаг яваад өгчих хүлээлгийн мөнгө таксины мөнгөтэй чинь бодоод өгчий гэсэн. Тэгээд сансарын энд гэртээ ирээд хүнсний 4 дүгээр орсон. Тэндээс хүүхдийн 100 ороод П гэх эрэгтэйг авсан. Тэр хүн нь миний хажууд урд суусан өөрийгөө орчуулагч хийдэг гэж ярьж байсан. Тэгээд замдаа явж байхад П тоглоом түрээслэж мөнгө олдог юм гэж ярьж байсан. П нь орж ирээд ард сууж байсан хоёр хүнээр зургын ажил хийлгэнэ гээд яриад байсан. Тэгээд тоглоомоо ашиглуулна гэх мэт зүйл яриад байсан би машин бариад явж байсан болохоор хальт л сонссон юм. Нэг залуутайн цуг П гээд байгаа залуу нь буцаад сансарын гэр лүү нь орсон. Тэгээд би нэг залуутай нь үлдээд бензин авч байхад нэг залуу нь ирж суусан П ирээгүй. Тэр залуу нь гарч ирэхдээ хар цүнхтэй юмтай гарч ирсэн. Тэгээд сансарын хаан банк ороод тэндээс 25 дугаар эмийн сан орсон. Тэнд очоод401 минут би хүлээсэн. Цүнхтэй юмаа аваад буусан ба гэрлэн дохиотой уулзвараар зам гараад нэг газар луу орж байгаа харагдсан. Тэгээд тэр хүн нь орж ирээд 3 дугаар сургууль орсон тэндээс нэг найзыгаа аваад 3 лаа 7 буудлын цаашаа лагер дээр очино, тэнд студи нь байдаг гэж байсан. Би зам дагуу буулгаж өгсөн. Хар цүнхтэй юмыг авч буусан хүн нь халзан хүн байсан. П гэх хүнийг танихгүй. Ингэж таксинд явж байхдаа танилцсан. Улмаар одоо П нь намайг утасаар ярьж чи хамсаатан гээд дарамтлаад байгаа/. Тэрнээс биш бол би огт танихгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 165/,

Дамно ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээгээр 825.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 175-176/,

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 181-182/,

Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 185-186/,

Иргэн С.Поос цагдаагийн байгууллагад гаргасан: "Ц.П гэгчид плэйстэйшн тоглоом түрээслүүлэхээр өгсөн боловч алдаж залилуулсан" гэх гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 148/,

Хохирогч С.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би хувиараа Плэйстэйшн 5 загварын тоглоом түрээслүүлдэг юм. 2021 оны 5 сарын 14-ны өдөр 94219874 гэсэн дугаараас надруу холбогдож 2 өдрөөр өдрийн 40.000 төгрөгөөр түрээслэн авч тоглоно гэж хэлээд БЗД-ийн 4 дүгээр хороо БЗД-ийн цагдаагийн хэлтсийн хажуу талын байрны 5 давхарт 41 тоотод хүргүүлж авна гэж хэлхээр нь хүргэж өгтөл П гэх залуу байрны урд талын шатахуун түгээх станц дээр гарч ирж уулзаад бичиг баримтын хуулбарын хамт 60.000 төгрөг төлөөд үлдэгдэл 20.000 төгрөгийг дансаар явуулна гэж хэлээд 41 тоот манай гэрт манай ээж байгаа тэр хүнд өгчих гэж хэлэхээр нь би орж ээж Цт хүлээлгэн өгсөн тэгэх болгон доо бид нар бичлэг хийж баримтжуулж авсан ээжид заавар өгөөд бид тоглоомоо 2 гар 6 тоглоом хүлээлгэн өгсөн. 2021 оны 5 сарын 16-ний өдөр тоглоомоо авах гээд холбогдох гэтэл одоохон гээд байсан тэгээд огт утасаа авахаа болиод дугаарыг маань блок хийсэн ээжтэй нь гэрт нь ирж уулзтал тоглоомыг чинь авч яваад 2 хоног гэртээ ирээгүй байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 151-152/,

Ц.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би хэрэг явдал болохоос өмнө Эрка гэх найзтайгаа уулзаад бооцоотой тэмцээнд бооцоо тавихаар болсон ба мөнгө хэрэгтэй болсон. Э надад мөнгө олчихооч гэхээр нь би мөнгө олохоос шийдэж, плэйстэйшн түрээслээд ломбарданд тавихаар болоод 2021 оны 5 дугаар сарын 13- ны өдөр фэйсбүүкээс зар харж байгаад плэйстэйшн 4 слим тоглоом түрээслэнэ гэх зарын дагуу холбогдож түрээслэхээр тохиоролцон манай гэрийн хаяган дээр Б гэх плэйстэйшн 4 слим маркийн тоглоомны эзэн хүүхдийг дуудаад би Баас плэйстэйшн 4 слим маркийн тоглоомыг нь аваад тухайн өдөртөө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах топ нэртэй ломбарданд 350.000 төгрөгөөр барьцаад зээлийн гэрээ байгуулж плэйстэйшн 4 слим маркийн тоглоомыг нь тавьж байсан. Тухайн оройдоо Э бид хоёр 1 икс Бээт цахим системд 350.000 төгрөгөө бооцоонд тавиад алдсан. Маргааш нь бид хоёр дахиад 1 икс Бээт-д бооцоо тавихаар болоод дахиад фэйсбүүкээс зар харж байгаад би П гэх хүнтэй холбоо бариад гэрийн хаяг дээрээ плэйстэйшн 5 маркийн тоглоом авахаар болоод 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн үед би гэрийн гадаа буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 43б байрны гадаа байрны үүдэн дээр Птой уулзаад цагаан өнгийн плэйстэйшн 5 маркийн видео тоглоом тоглуулагч түүнээс авсан. Тухайн өдөртөө би цагийн дараа хүнсний 4-ийн Даймонд ломбарданд 500.000 төгрөгөөр тавьсан. Тухайн 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн орой би Этай хамт бооцоо тавиад бас мөнгөө алдчихсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 167/,

Гэрч Д.Хосбаярын мэдүүлэг /хх-ийн 169/,

Дамно ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээгээр 1.840.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 175-176/,

2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, ......................... тоотод хохирогч .........................ын плэйстэйшн-5 маркийн видео тоглоом тоглуулагчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч, улмаар бусдынх гэдгийг мэдсээр байж "Л" нэртэй ломбарданд барьцаанд тавьж залилсан гэх үйлдэлд:

Иргэн Г.Гос цагдаагийн байгууллагад гаргасан "................... тоотод П гэгчид плэйстэйшн-5 тоглоомыг түрээслүүлэхээр өгсөн боловч уг тоглоомоо алдаж залилуулсан" гэх талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 199/,

Хохирогч .........................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би плэйстэйшн 5 видео тоглоом тоглуулагчаа 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо ......................... тоотод байх орон сууцанд П гэх хүнд өгөөд өдийг хүртэл авч чадахгүй байна. Анх надруу миний фэйсбүүкэд байршуулсан зарын дагуу П гэх 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүн 94219874 дугаараас холбогдож плэйстэйшн 5 түрээслэе, байгаа газарт чинь очиж авъя гэхээр нь би гэрт чинь хаягийн дагуу хүргэж өгдөг гэхэд намайг хүүхдийн 100-ийн өгөөжийн урдаас приүс 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж аваад Баянзүрх дүүгэг дэх Цагаагийн газын хоёрдугаар хэлтсийн хажууд байх 43б байрны 5 давхартын тоотод аваачсан. Би тухайн үед 41 тоотод ороход П гэх хүний ээж нь байсан ба эгч нь хүүхдүүдтэйгээ байсан. Би тэгээд баримтжуулж барьцаанд нь ээжийнх нь иргэний үнэмлэхийг, өөрийнх нь иргэний үнэмлэхний зурагтай лавлагааг авсан ба нэг өдрийн түрээс гэж 50.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд маргааш нь эргүүлээд авах гэхэд холбогдохгүй байсан. Би тухайн үед намайг П ирж авахад хамт ирсэн тээврийн хэрэгсэл жолоодож байсан эрэгтэйг олоод ярилцахад түүнийг ......................... гэх нэртэй хүн байсан ба ......................... дугаартай хүн байсан. ......................... надад би эхэндээ мэдээгүй, дарамтанд орсон гэж хэлдэг бас Пг танихгүй би зүгээр таксины жолооч гэж хэлдэг. Хэрэг болох үед тэр ......................... болон арын сандал дээр Пгээс гадна нэг эрэгтэй байсан ба би түүнийг сайн харж чадаагүй маск зүүчихсэн харагдсан. Тоглоомоо Пгийнд оруулж өгөх үед ......................... гэх эрэгтэйтэй болон Пгээс гадна хамт байсан эрэгтэй Пд бид хоёр ойрхон явчихаад ирье гэж хэлсэн Дараа нь .........................тай утсаар ярьж байгаад плэйстэйшн хаана байгаа тухай лавлахад 25 дугаар эмийн сангийн ард байх автобусны буудлын ойролцоо байдаг Л нэртэй ломбарданд тавьсан байсан би орж видео тоглоомны зургийг нь уулзаад өөрийн плэйстэйшн 5 зарсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 203/

Иргэний нэхэмжлэгч Д.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ц.Птэй 14770 дугаартай зээлийн гэрээ Баянгол дүүргийн 2 дугаар хороо 34 дүгээр байрны 3 тоотод байх Л ломбарданд байгуулж барьцаанд нь хар цүнхэнд хийсэн Плэйстэйшн 5 маркийн видео тоглоом тоглуулагч, хоёр цагаан гар, 3 ширхэг залгуурыг авч 1500000 төгрөг Ц.Пд бэлнээр өгсөн. 14 хоногийн 8 хувийн хүүтэй мөнгө зээлдүүлсэн. П ............... болон ................ дугаарыг тус зээлийн гэрээнд тусгасан боловч өөрийнх нь хэрэглэдэг дугаар биш байсан ба ээж гэх эмэгтэй түүний танил гэх эмэгтэй хүмүүсийн дугаар байсан. Тухайн зээлийг эргэн төлөх өдөр нь 2021 оны 5 сарын 27- ны өдөр байсан боловч Ц.П надтай холбогдоогүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 206/,

Ц.Пгийн гэрчээр өгсөн: "... Би 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр би найз болох Этай Плэйстэйшн түрээслэж, түрээслэсэн плэйстэйшнээ ломбарданд түр тавиад тавьсан мөнгөөрөө бид хоёр Бет буюу цахим сүлжээгээр бооцоо тавьж мөнгө олох гэж байсан тул Э фэйсбүүк дээр тавьсан зарын дагуу холбогдож дуудаж манай гэрт буюу Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо ................... тоотод Гомбо гэх фэйсбүүктэй хүнээс түр түрээслэж авна гээд плэйстэйшныг нь аваад 25 дугаар эмийн сангийн тэнд байх лола ломбарданд 1500000 төгрөгөөр тавьсан. Тэр өдрийн оройноо Э бид хоёр Бетэд мөнгөө бооцоонд тавиад алдчихсан. Мөнгөө алдсан учраас бид хоёр ломбарднаас тавьсан плэйстэйшнээ авч чадаагүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 211-212/,

Дамно ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн 1.840.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт/хх-ийн 212-213/,

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, прокурорын тогтоол /хх- ийн 217-220/,

Зээлийн гэрээ /хх-ийн 221/,

2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ................... тоотод хохирогч С.Эгийн плэйстэйшн-4 про маркийн видео тоглоом тоглуулагчийг 24 цагийн 40.000 төгрөгөөр түрээсэлж авна гэж хуурч, зохиомол зориудаар бий болгон улмаар бусдыг залилж

1,840.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд:

Иргэн С.Эгөөс "плэйстэйшн-4 про маркийн тоглоомоо бусдад түрээслүүлэх гэж байгаад залилуулсан" гэх гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 7/,

Хохирогч С.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, ................... тоотод плэйстэйшн-4 про тоглоомыг 1 хоног түрээслэхээр 94219874 гэсэн дугаарын утас руу Ц.П гэдэг хүнтэй холбогдож түрээслэхээр хүргэлт хийж ирсэн. Тэгээд 40.000 төгрөг бэлнээр аваад иргэний үнэмлэхийн лавлагааг нь аваад явсан. Тэгээд тэрнээс хойш утас нь холбогдохгүй болсон...одоо тэр П гэх хүн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Бага тойруу 22 дугаар байрны тэнд байдаг Руби гэсэн нэртэй ломбарданд 550.000 төгрөгөөр тавьсан байна..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11, 14/,

Ц.Пгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 17-19/,

Иргэний нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн “2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ц овогтой П гэх хүн плэйстэйшн-4 про тоглоомыг 4 ширхэг 05 дугаар 13-ны тоглоомын хамт 550.000 төгрөгөөр 14 хоногийн 8 хувийн хүүтэй зээлсэн. Одоо хүүний хамт нийт 594.100 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 22-23/,

Дамно ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1.847.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /2-р хх-ийн 25-26 дахь тал/- Яллагдагч Ц.Пгийн: "... Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.." гэх мэдүүлэг /2-р хх-ийн 36/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хүлээлгэн өгсөн хүлээн авсан тэмдэглэлүүд /2-р хх-ийн 37-41/,

Руби ломбардны барьцаат зээлийн гэрээ /2-р хх-ийн 42/

Шүүгдэгч Ц.Пгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /1хх-ий 43-72/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Пд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

1. Гэм буруугийн талаар:

    1. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Цэргийн нэгдсэн төв эмнэлгийн урд талбайд иргэн Б.Эын эзэмшлийн ................. ДАА улсын дугаартай, Ниссан 350 маркийн тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрт 1.500.000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл төлбөрийг нь өгөлгүй залилж 10.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Иргэн Б.Эаас цагдаагийн байгууллагад гаргасан "Ц.П гэгчид залилуулсан" тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 6-8/,

Хохирогч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Дамно ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 531-21-720 дугаартай ниссан 3-350 маркийн тээврийн хэрэгслийг 10.531.989 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 29-31/,

Шүүгдэгч Ц.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 42/,

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 4/7564 дугаартай албан бичиг /хх-ийн 60/,

Шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-68/,

Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-ийн 70/,

    1. 2020 оны 6 дугаар сарын 17-ны орой 23 цагийн үед иргэн Г.Мы эзэмшлийн "Ямаха Ви Макс" загварын мотоцикл зарна гэсэн зарын дагуу холбогдож, улмаар хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож баримт бичиг буюу гэрээ байгуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилсаны улмаас бусдад 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Иргэн Г.Маас цагдаагийн байгууллагад гаргасан "Ц.П гэгчид мотоциклоо өгч залилуулсан" тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 86-87/,

Хохирогч Г.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 101-102/

Дамно ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хохирогч Г.Мы 5868 УБ улсын дугаартай мотоциклийг 2.400.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 113 /,

Яллагдагч Ц. Пгийн мэдүүлэг /хх-ийн 132/,

    1. 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 43б байрны орцонд хохирогч Г.Баас плэйстэйшн- 4 слим тоглоомыг 24 цагийн 30.000 төгрөгөөр, 2 өдрөөр түрээсэлж авна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсаны улмаас 825.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Иргэн Г.Баас цагдаагийн байгууллагад гаргасан: "Ц.П гэгчид плэйстэйшн тоглоом түрээслүүлэхээр өгсөн боловч алдаж залилуулсан" гэх гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 142/,

Хохирогч Г.Баас мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн   мэдүүлэг /хх-ийн 149/,

Иргэний нэхэмжлэгч Б.Бий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 165/,

Дамно ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээгээр 825.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 175-176/,

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 181-182/,

Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 185-186/,

    1. 2021 оны  5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 43б байрны урд талын шатахуун түгээх станцын хажууд хохирогч С.Поос плэйстэйшн-5 маркийн тоглоомыг 2 өдрөөр өдрийн 40.000 төгрөгөөр түрээсэлж авна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан залилсаны улмаас бусдад 1.840.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
  1. иргэн С.Поос цагдаагийн байгууллагад гаргасан: "Ц.П гэгчид плэйстэйшн тоглоом түрээслүүлэхээр өгсөн боловч алдаж залилуулсан" гэх гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 148/,

Хохирогч С.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 151-152/,

Гэрч Д.Хосбаярын мэдүүлэг /хх-ийн 169/,

Дамно ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн үнэлгээгээр 1.840.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх-ийн 175-176/,

    1. 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, ......................... тоотод хохирогч .........................ын плэйстэйшн-5 маркийн видео тоглоом тоглуулагчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан авч, улмаар бусдынх гэдгийг мэдсээр байж "Л" нэртэй ломбарданд барьцаанд тавьж 1,840,000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

Иргэн .........................оос цагдаагийн байгууллагад гаргасан "................... тоотод П гэгчид плэйстэйшн-5 тоглоомыг түрээслүүлэхээр өгсөн боловч уг тоглоомоо алдаж залилуулсан" гэх талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 199/,

Хохирогч .........................ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 203/

Иргэний нэхэмжлэгч Д.Жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 206/,

Дамно ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн 1.840.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт/хх-ийн 212-213/,

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, прокурорын тогтоол /хх- ийн 217-220/,

Зээлийн гэрээ /хх-ийн 221/,

    1. 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ................... тоотод хохирогч С.Эгийн плэйстэйшн-4 про маркийн видео тоглоом тоглуулагчийг 24 цагийн 40.000 төгрөгөөр түрээсэлж авна гэж хуурч, зохиомол зориудаар бий болгон улмаар бусдыг залилж 1,847,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Иргэн С.Эгөөс "плэйстэйшн-4 про маркийн тоглоомоо бусдад түрээслүүлэх гэж байгаад залилуулсан" гэх гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 7/,

Хохирогч С.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 11, 14/,

Иргэний нэхэмжлэгч Б.Долгорсүрэнгийн мэдүүлэг /2-р хх-ийн 22-23/,

Дамно ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1.847.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /2-р хх-ийн 25-26/,

Шүүгдэгч Ц.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 36/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хүлээлгэн өгсөн хүлээн авсан тэмдэглэлүүд /2-р хх-ийн 37-41/,

Руби ломбардны барьцаат зээлийн гэрээ /2-р хх-ийн 42/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Пгийн гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг түүний гэм бурууг нотлоход ашиглаагүй болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгч Ц.Пгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч Б.Э, Г.М, Г.Б, С.П, .........................о, С.Э нарт учирсан хохирол, үр дагавар нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурах эсхүл баримт бичиг эд зүйл цахим хэрэгсэл ашиглан эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар авахын зэрэгцээ буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг.

Шүүгдэгч Ц.Пгийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Ц.Пгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Эт 10.500.000 төгрөг, Г.Мд 2.400.000 төгрөг, Г.Бид 825.000 төгрөг, С.Пт 1.840.000 төгрөг, .........................од 1.840.000 төгрөг, С.Эрдэнэмөнхөд 1.847.000 төгрөгийн хохирол тус тус учирсныг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй тул түүнээс нийт 19,252,000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт ногдох дүнгээр олгох нь зүйтэй байна.

        2. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан болно.

        Шүүгдэгч Ц.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

        Шүүгдэгч Ц.П нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 828 дугаартай шийтгэх тогтоолоор 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2647 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 9 сар 1 хоногийн хорих ялаар сольсноос 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар  3 сар 12 хоног хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.

        Мөн шүүгдэгч Ц.П нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлснээс 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 596 цагийн үлдэгдэлтэй буюу 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцоход 74 хоног буюу 2 сар 14 хоногтой дүйцэхээр байна.

        Иймд 2 шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн ялыг нэмж нэгтгэн 5 сар 26 хоногийн хорих ялаар хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пгийн өмнөх шийтгэх тогтоолуудаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 26 хоногийн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 1 жил 5 сар 26 хоногийн хорих ялаар тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

        Мөн шүүгдэгчийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш энэ хэрэгт цагдан хоригдсон 148 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пг үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 828 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2647 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 9 сар 1 хоногийн хорих ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 3 сар 12 хоног хорих ялыг,

        Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 596 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 2 сар 14 хоногийн хорих ялаар дүйцүүлэн, 2 шийтгэл тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялуудыг нэмж нэгтгэн 5 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 5 /тав/ сар 26 /хорин зургаа/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пгийн урьд цагдан хоригдсон 148 /нэг зуун дөчин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пд оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сар 26 /хорин зургаа хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Пгээс нийт 19,252,000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Б.Эт 10,500,000 төгрөг, Г.Мд 2,400,000 төгрөг, Г.Бид 825,000 төгрөг, С.Пт 1,840,000 төгрөг, .........................од 1,840,000 төгрөг, С-өд 1,847,000 төгрөгийн хохирлыг тус тус олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.УУГАНБААТАР