| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/02185/И |
| Дугаар | 102/ШШ2022/02488 |
| Огноо | 2022-06-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2022/02488
2022 оны 06 сарын 30 өдөр Дугаар 102/ШШ2022/02488 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...,
Хариуцагч: ...р,
Нэхэмжлэлийн шаардлага: 70,640,000 /далан сая зургаан зуун дөчин мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Э....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Э.... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Би 2019 оны 7 дугаар сарын сүүлээр өөрийн ажил дээрээ байж байхад Д....ийн хүү С.... гэх залуу манайхаар барилгын захиалга авах сурталчилгааны зарлал хийлгэсэн. Нөхөр бид хоёр барилгынх нь талаар сонирхож асуухад Баянгол дүүргийн ... дүгээр хороо, Вокзалын автобусны буудлын ард байрлах газарт 15 давхар байшин барих гэж байгаа тухай хэлсэн. Маргааш нь Д....ийн дүү гэх залуу хүүтэй нь хамт орж ирээд бидэнд маш сайн Герман материалаар чанартай байшин барина, 1мкв-ын үнэ 2,000,000 төгрөг, 100 м.кв талбай нь 200,000,000 төгрөг болно. 50 хувь 100,000,000 төгрөгийг эхний ээлжинд өгчих гэхээр нь тийм их мөнгө байхгүй гэдгээ хэлсэн. Гэвч тэд байнга утасдаад 1 мкв-ын үнээ буулгаж яриад, яг хэдэн төгрөг байгаа, тэрийгээ өгчих гээд 14 хоног болсон. Энэ хугацаанд бидэнд 40,000,000 төгрөг байгаагаа хэлэхэд уулзъя гэснээр 2019 оны 8 дугаар сарын 13-ны өглөө манай ажил дээр уулзахаар болсон. Бид уулзаад Д.... нь ТБД андуудын хажууд байрлах Хаан банкны салбар дээр хамт очиж өөрийнхөө Хаан банкны ... тоот данс руу 40,000,000 төгрөгийг тоолж шилүүлсэн. Бид 116,49 мкв үйлчилгээний зориулалттай талбайг 1 мкв-ыг 1,200,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон. Мөнгө аваад нотариат орж Орон сууц захиалах гэрээ батлуулах гэтэл барилгын зөвшөөрөл нь гараагүй, газраа сунгаагүй байсныг мэдсэн. Нотариатч нь барилгын зөвшөөрөл шаардахад байхгүй гэснээр гэрээгээ байгуулж чадаагүй. Ингээд Д.... нь барилгын зөвшөөрөл 21 хоногийн дараа гарна гэсэн ч гараагүй ба хойшлуулсаар надаас зугтаад байсан учир 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр түүнтэй биечлэн уулзаад харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулахаар болж, бичгээр Зээлийн гэрээг байгуулан, сарын 1,4 хувийн хүү тооцох, 40,000,000 төгрөгийг бодитоор хүлээж авсан 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс барилга дуусах хугацаагаар гээд 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хийхээр тохирсон. Гэвч гэрээгээр тохирсон хугацаа болоход мөн л нөгөө хэлдэг үгээ хэлсээр, сүүлдээ утсаа авахгүй, авахаараа уурлаж би болвол өгчихнө, яг энэ долоо хоногт мөнгө орж ирэх гээд байна гэх зэргээр худал хэлдэг. Зээлийн гэрээгээр тохиролцсон хугацаа 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх 1,4 хувийн хүү 10,640,000 төгрөг, үндсэн зээл 40,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 70,640,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.
Харицуагчийн үйл ажиллагаанд ковид цар тахал нөлөөлөөгүй. 2021 онд хариуцагчийг өртэй гэдгийг хүнээс сонсоод 2021 оны 8 дугаар сараас мөнгөө нэхэж эхэлсэн боловч хойшлуулсаар байгаад аргагүйн эрхэнд шүүхэд хандсан. Бичгээр байгуулсан гэрээний дагуу үндсэн зээл 40,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлийн хүү 10,640,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг тус тус шаардаж байгаа. Алдангийг гүйцэтгээгүй 392 хоногт тооцохоор үндсэн үүргээс давсан учраас 50 хувьд нь тооцож шаардсан. Хүүтэй нь өгөөрэй гэхэд хариуцагч зөвшөөрч байсан. Шүүхэд хандуулахгүйгээр мөнгийг өгвөл алданги тооцохгүй гэж амаар ярьж байсан...гэв.
2.Хариуцагч Д.... нь нэхэмжлэлийн хувь, нэхэмжлэлийн багасгаж тодруулсан шаардлагыг тус тус гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт заасны дагуу хариу тайлбар гаргах, тайлбар татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй шүүх хуралд оролцох хүсэлт гаргасныг хүлээн авч өмгөөлүүлэх эрхээр нь хангаж хойшлуулсан, дахин товлогдсон 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу хуралдааныг хойшлуулсан. Дахин товлогдсон энэ өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч мэдсэн боловч мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлохоор: 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Э...., Д.... нарын байгуулсан Зээлийн гэрээ /хх-5/, Хаан банк ХХК-ийн 40,000,000 төгрөгийн шилжүүлгийн баримт /хх-6/, С...., Э.... нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-30/, Д....ийн гар бичмэл бүхий тодорхойлолт /хх-31-32/, фото зураг /хх-33/, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №01 тоот Д...., С.... нарын байгуулсан Орон сууцны барилга барих, бариулах гэрээ /хх-34-35/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
4.Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүхэд аливаа нотлох баримт ирүүлээгүй болно.
Зохигчоос гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх Э....ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Д....тэй анх орон сууц захиалах гэрээ байгуулж, урьдчилгаа 40,000,000 төгрөг өгсөн боловч гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг ашиглалтанд оруулах үүргээ биелүүлээгүй учир бичгээр зээлийн гэрээ байгуулан, дахин хугацаа тогтоож, төлбөрийг 1,4 хувийн хүүтэйгээр 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай, хүүгийн төлбөрийг мөнгө хүлээлгэн өгсөн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах хүртэл тооцох, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон учир үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү 10,640,000 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрүүлэлгүйгээр 20,000,000 төгрөг тус тус шаарданэ гэж тодорхойлжээ.
3.Хэрэгт нотлох баримтаар цугларсан Орон сууцны барилга барих, бариулах гэрээ, Зээлийн гэрээ, Э.... болон С.... нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Д....ийн бичгээр гаргасан тодорхойлолтууд зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1.Хариуцагч Д.... нь нэхэмжлэгч Э....тэй харилцан тохиролцсоноор түүний нөхөр С....той 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Орон сууцны барилга барих, бариулах гэрээ-г байгуулан, Баянгол дүүргийн ....дүгээр хороо, Төмөр замын буудлын ард баригдах орон сууцны подволд үйлчилгээний зориулалттай .... м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1 мкв-ыг 1,200,000 төгрөгөөр үнэлэн нийт 139,788,000 төгрөгөөр барьж дуусган, 2020 оны 8 дугаар сард ашиглалтанд оруулах, төлбөрийг гэрээ байгуулсан 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр урьдчилгаа 40,000,000 төгрөгийг захиалагч өгсөн болохыг тусгажээ.
3.2.Талууд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 0456 дугаар Зээлийн гэрээг бичгээр байгуулан, 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Э....ээс Д....т 40,000,000 төгрөг зээлдүүлснийг зээлдэгч хүлээн авсан ба гэрээний хугацааг энэ өдрөөс эхлэн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, сард 1,4 хувийн хүү тооцох, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцож, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.
3.3.Зээлдэгч Д.... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба гэрээний дагуу үндсэн зээл болон зээлийн хүүг төлөхөө хүлээн зөвшөөрч тодорхойлолт гарган хугацааг сунгаж байсан байна.
4.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт "Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.
5. Хэдийгээр нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн 40,000,000 төгрөг зээлдүүлэх зорилгогүй буюу орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөр байсан боловч хожим уг харилцаагаа талууд өөрчилсөн болох нь эдгээр гэрээнүүд болон хариуцагчийн гаргасан тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж дүгнэлээ.
6.Талуудын байгуулсан зээлийн гэрээнд зээлдүүлэгч Э.... нь гэрээний зүйл болох 40,000,000 төгрөгийг зээлдэгч Д....т 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн талаар тусгасан, хожим түүний гараар бичсэн тодорхойлолтуудад мөнгө хүлээн авсан боловч зээлийг хүүгийн хамт буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
7.Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүү сарын 560,000 төгрөгийг 19 сараар тооцвол хүүд 10,640,000 төгрөг, алдангийг гэрээнд болон Иргэний хуулийн 232.6 зааснаар тооцвол 78,400,000 төгрөг болсноор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байх тул 232.4 дэх хэсэгт заасанд нийцүүлэн 20,000,000 төгрөг шаардсан нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон байна. Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
8.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд анх гаргасан 78,480,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 70,640,000 төгрөг болгож багасгасан тул хангагдсан нэхэмжлэлийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжийг тооцсоноор хариуцагчаас 511,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 550,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д....ээс 70,640,000 /далан сая зургаан зуун дөчин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э....т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 550,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 511,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА