Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2022/02515

 

 

2022 оны 0, сарын ,, өдөр Дугаар 102/ШШ2022/0....  Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х...

Нэхэмжлэлийн шаардлага: 38,875,000 /гучин найман сая найман зуун далан таван мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А....

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э....

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э....

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч ... ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

... ХХК нь ... ХХК-д 72,000,000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлэх, хариуд нь ... ХХК нь ... ХХК-ийн нэрийн өмнөөс ..." ХХК-д 72,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Манай компани тохиролцсон ёсоороо 72,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг ... ХХК-ийн нэрийн өмнөөс ...н ХХК-д 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлж, энэ тухай тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн. Харин ... ХХК нь нийт 72,000,000 төгрөгийн цемент нийлүүлэх байснаас 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 33,125,000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлж, үлдэгдэл 38,875,000 төгрөгийн цементийг нийлүүлээгүй өнөөдрийг хүрлээ. Бид ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц....той 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тооцоо нийлж, үлдэгдэл 38,875,000 төгрөгийн цемент нийлүүлэх үүргээ хэзээ, хэрхэн биелүүлэх талаар баримт үйлдсэн бөгөөд тухайн тохиролцоонд эхний ээлжинд 6 дугаар сард багтаан 18,875,000 төгрөгийн НӨАТ-ын баримт шивнэ гэж тохиролцсон ёсоор ... ХХК нь ... ХХК-д 6 дугаар сарын 30-ны өдөр 18,875,000 төгрөгийн татварын ибаримт шивсэн боловч 7 дугаар сард багтаан шивнэ гэсэн татварын ибаримтаа шивээгүйн зэрэгцээ 38,875,000 төгрөгийн үнэ бүхий 222,14 тн цементээ нийлүүлээгүй. Бид хариуцагчийн хувьцаа эзэмшигч Ц....той болон нягтлан бодогчтой нь удаа дараа утсаар болон биечлэн уулзаж үлдэгдэл цементээ нийлүүлэхийг шаардсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цементийг нийлүүлээгүй. ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.... мөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдсон. Мөн бид шүүхэд хандан ... ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилснаар тус компанийн гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ц....ын хаягийг Цагдаагийн байгууллага олж тодруулснаар эрэн сурвалжлах ажиллагаа дуусаж, бид цагдаагийн байгууллагаас тогтоосон хаягийн дагуу ... ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын хаягаар нэхэмжлэлээ гаргасан.

... ХХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ...н ХХК-д 72,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг ... ХХК-ийн өмнөөс нийлүүлсэн бол ... ХХК нь гэрээний дагуу ... ХХК-д цемент нийлүүлэх үүргээ дутуу гүйцэтгэсэн учир үнийг шаардаж байгаа. ...гэв.

2.Хариуцагч ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Ц.... би 2017-2019 оны хооронд ... ХХК-д менежер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Анх ажилд орохдоо уг компанийн ерөнхий захирал буюу хувьцаа эзэмшигч Ц....той цалингаа тохирч, хөдөлмөрийн гэрээ хийж ажилд орсон. Тухайн үед компанийн санхүү, мөнгөтэй холбоотой асуудлыг Ц.... захирал өөрөө захиран зарцуулдаг байсан. Би зөвхөн үйл ажиллагаа, зохион байгуулалтын ажлыг хийж байсан. Улмаар 2019 оноос хойшхи саруудад цалингүй ажиллаж, тохирсон ёсоор цалингаа өгөөгүй. Би Голомт банкны жилийн 18,86 хувийн өндөр хүүтэй орон сууцны зээл төлдөг байсан тул өөр ажилд орох шаардлага үүсэж 2019 оны 8 дугаар сарын 22-нд ... ХХК-д Тээвэр зохион байгуулалтын инженерээр ажилд орж, одоог хүртэл ажиллаж байна. ... ХХК-ийн гэрчилгээн дээр гүйцэтгэх захирлаар миний нэр одоог хүртэл байдаг ба улсын бүртгэлийн газар очиж өөрийн нэрийг хасуулах гэсэн боловч хувьцаа эзэмшигч Ц....ын хүсэлт байх ёстой гэсэн шалтгаанаар одоог хүртэл нэрээ хасалт хийлгүүлж чадаагүй байгаа. Ц....той холбоо мэдээлэлгүй болсон. Одоогоор гадаадад амьдарч байгаа сурагтай байна. Одоо би ... ХХК-д ажиллаад 2 жил гаруй хөдөө говьд ажиллаж байгаа тул улсын бүртгэлээс өөрийн нэрийг хасуулж чадаагүй байгаа. Гэвч тухайн үед ажлаас гарахдаа Ажлаас халах тухай тушаал гарч, өөр ажилд орж байсан тул тухайн тушаал эх хувиараа надад байгаа. Нэхэмжлэгч ... ХХК-тай холбоотой асуудлыг би мэдэхгүй. ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал Ц.... хариуцагч нь тул надад хамааралгүй болно...гэжээ.

3.Гуравдагч этгээд ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компани болон ... ХХК нар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Худалдах, худалдан авах бартерын гэрээ байгуулж, тус гэрээний 1.1-д заасан цемент, хар замаскыг гэрээний 2.1-д заасны дагуу 144,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Гэрээнд заасан 144,000,000 төгрөгөөс хариуцагч нь 72,000,000 төгрөгт 430 тонн Хөтөл цемент шохой ХК-ийн шуудайтай цемент нийлүүлэх, үлдсэн 72,000,000 төгрөгт гэрээний 2.2-т заасны дагуу ... ХХК-иас дотор, гадна хар замаска, плитаны цавууг нийлүүлэхээр тохиролцсон байдаг. Тус гэрээний үнийг гуравдагч этгээд нь гэрээний 3.1-т заасны дагуу Хан-Уул дүүргийн .... тоот орон сууцны үнийн дүнд суутган тооцохоор тохиролцсон бөгөөд ...н ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байдаг. Мөн .... дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгааг ... ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тооцоо нийлэхэд 9,440,000 төгрөг, №....дугаартай Тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдэж 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд тооцоо нийлэхэд 62,560,000 төгрөг, нийт 72,000,000 төгрөгийн бараа материалыг ... ХХК нь хариуцагчтай байгуулсан ... тоот гэрээний 2.1-т заасан үүргийг биелүүлсэн байна. Гуравдагч этгээд ...н ХХК нь хариуцагчтай байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн...гэв.

4.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд болох: ...н ХХК-тай хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-8-9/, ... ХХК-тай хийсэн тооцоо, үлдэгдэл тооцоо, НӨАТ шивэх тухай 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн тохиролцоо /хх-10-11/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн....тоот шийдвэр /хх-16-17/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ... тоот албан бичиг /хх-18/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

5.Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримт: ... ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар Ажлаас халах тухай тушаал /хх-41/-ыг нотлох баримтаар гаргасан.

6.Гуравдагч этгээд ...н ХХК-иас шүүхэд нотлох баримтаар: ... ХХК-тай хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаанууд /хх-169-170/, Өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-175-176/ зэргийг гаргасан байна.

7.Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: Үүнд:

7.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаар захирамжаар нотлох баримт бүрдүүлэхээр шийдвэрлэж /хх-48/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ... ХХК-ийн дүрэм, гэрчилгээ, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ... тоотоор шүүхэд ирүүлж /хх-56-64/, Хил хамгаалах ерөнхий газраас ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц....ын Монгол улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагааг 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ... тоотоор ирүүлж /хх-65-66/, ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц....аас захирамжийн дагуу ажил олгогч талын гарын үсэг зурагдаагүй, ... ХХК-тай байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Ерөнхий менежер-ийн хөдөлмөрийн гэрээ /хх-74-80/, мөн өдрийн Нууц хадгалах гэрээ /хх-81-83/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

7.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 10525 дугаар захирамжаар ...н ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах, мөн ... ХХК-иас НӨАТ-ын баримтын шивэлт хийсэн эсэхийг www.ebarimt.mn цахим сайтад үзлэг хийхээр тус тус шийдвэрлэж, үзлэг хийх ажиллагааг явуулсан. /хх-117, 129-133/,

7.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 605 дугаар захирамжаар ...н ХХК-иас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, захирамжид заасан ... ХХК-тай байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн .... тоот Худалдах, худалдан авах бартерын гэрээг нотлох баримтаар ирүүлсэн /хх-141-142, 158-160/

7.5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2438 дугаар захирамжаар Хил хамгаалах ерөнхий газраас ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.... 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойш Монгол улсын хилээр орсон гарсан лавлагаа гаргаж ирүүлэхийг даалгаж, тухайн байгууллагаас 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн .... албан бичгээр хариу ирүүлсэн. /хх-152, 161/

7.6.Шүүх хуралдаанаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3972 дугаар захирамжаар нотлох баримт бүрдүүлэхээр шийдвэрлэж /хх-183-185/, Нийгмийн даатгалын ерөнхий газраас Ц....ын 2017-2020 оны хооронд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, мөн хугацааны ... ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг /хх-200-214/, Татварын ерөнхий газраас ... ХХК-ийн 2017-2020 оны хооронд ирүүлсэн татварын тайланг /2-р хх-1-133/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц....ыг эрэн сурвалжилсан тухай албан тоотыг хавсралтын хамт /2-р хх-134-137/ тус тус ирүүлсэн байна.

Зохигчдын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх ... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... ХХК-тай аман хэлбэрээр хийсэн арилжааны гэрээний дагуу ... ХХК нь ... ХХК-д 72,000,000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлэх, үүний төлбөрийг бараа материалаар ... ХХК нь ... ХХК-ийн бусадтай буюу ...н ХХК-тай байгуулсан гэрээний дагуу бараа материал нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ... ХХК-ийн өмнөөс 72,000,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг ...н ХХК-д нийлүүлсэн боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 33,125,000 төгрөгийн цемент нийлүүлэн, 38,875,000 төгрөгийн цементийг ... ХХК-д нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул шаардана гэж тодорхойлсон.

3.Хариуцагч ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.... нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас 2019 оны 8 дугаар сард чөлөөлөгдсөн, тус компанид хамааралгүй болсон учир хариуцагчаар оролцох шаардлагагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш гэх тайлбарыг гаргаж маргасан.

4.Гуравдагч этгээд ...н ХХК-ийн зүгээс ... ХХК-тай байгуулсан Бараа материал нийлүүлэх бартерийн гэрээний дагуу хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, уг үүргийг ... ХХК-иас хүлээн авч, тооцоо дууссан гэж тайлбарлаж байна.

5.Талууд ... ХХК-ийг Ц.... төлөөлөх эрхтэй этгээд мөн эсэх, талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн талаар маргаантай байсан бол Ц.... нь ... ХХК-ийн улсын бүртгэлд гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн, мөн гэрээний дагуу ... ХХК-иас 33,125,000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлэгдсэн, 72,000,000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлэхээр тохиролцсон эсэх талаар маргаагүй.

6.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн дүрэм, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, ... ХХК болон ... ХХК-ийн төлбөрийн тооцоо, ... ХХК болон ...н ХХК-ийн Тооцооны үлдэгдлийн баталгаа,..... вэб сайтад шүүхийн журмаар үзлэг хийсэн тэмдэглэл, ... ХХК болон Ц.... нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, хаяг тогтоож эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, Ц....ыг ажлаас халах тухай ... ХХК-ийн ерөнхий захирлын тушаал, Ц....ын Монгол улсын хилээр орсон, гарсан тухай лавлагаа, ... ХХК болон ...н ХХК нарын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах бартерын гэрээ, ...н ХХК-ийн...тоот ... ХХК-ийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаа, Татварын ерөнхий газрын лавлагаа болон ... ХХК-ийн 2017-2020 оны санхүүгийн тайлан, цагдаагийн байгууллагаас Ц....ыг эрэн сурвалжилсэн тухай лавлагаа зэрэг баримтууд, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

6.1.Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан хэлцлийн дагуу ... ХХК нь ... ХХК-д 72,000,000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлэхээс 38,875,000 төгрөгийн үнэ бүхий 222,14 тонн цемент нийлүүлээгүй бөгөөд 2018 оны 6 дугаар сард багтаж 18,875,000 төгрөг, 7 дугаар сард 10,000,000 төгрөгийн НӨАТ-ыг ... ХХК нь шивэх, 7-10 дугаар сард 222,14 тонн цементийг 5 хувааж нийлүүлэхээр Д.Сайнбаяр, Ц.... нар 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тохиролцсон байна.

6.2.Ц.... нь ... ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ба Ц.... 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсоныг улсын бүртгэлд бүртгэсэн байна. Харин түүнийг ... ХХК-ийн ерөнхий захирлын 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн А/120 дугаар Ажлаас халах тухай тушаалаар гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, энэхүү тушаал хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй бөгөөд Ц.... нь 2019 оны 8 дугаар сараас эхлэн 2022 оны 2 дугаар сарын байдлаар ... ХХК-д ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлжээ.

6.3.Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... ХХК-иас гэрээний үүрэг 38,875,000 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн .... тоот хаягаар ... ХХК болон Ц.... нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Улмаар ... ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ... ХХК болон Ц.... нарыг эрэн сурвалжлахаар шийдвэр гарч, уг шийдвэрийн дагуу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц....ын оршин суух хаягийг олж тогтоосноор эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон тухай ... ХХК-д мэдэгдсэн байна.

6.4.... ХХК нь ... ХХК-тай хийсэн хэлцлийн дагуу хариуцагчийн ...н ХХК-тай байгуулсан гэрээний үүрэг болох 144,000,000 төгрөгийн бараа нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээс 72,000,000 төгрөгийн барилгын материал нийлүүлэх үүргийг биелүүлж, ...н ХХК-тай тооцоо нийлсэн баримт үйлдсэн нь гуравдагч этгээд ...н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон тус компаниас шүүхэд гаргаж өгсөн Тооцооны үлдэгдлийн баталгаа болон ... ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах бартерын гэрээ зэргээр тогтоогдсон.

7.Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай арилжааны гэрээг аман хэлбэрээр байгуулсан гэж тайлбарлах бөгөөд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж, мөн зүйлийн 274.2-т Арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно гэж заасан байна.

8.... ХХК болон ... ХХК нар хоорондоо харилцан тохиролцож, аман хэлбэрээр хийсэн гэрээгээр: ... ХХК нь ... ХХК-д 72,000,000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлэх, уг төлбөрийг ... ХХК нь мөнгөөр биш, харин бараа материалаар төлөх, ингэхдээ нийлүүлэгч ... ХХК-д бус, тус компанийн ...н ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 72,000,00 төгрөгийн үнийн дүнд тохирсон бараа материал нийлүүлэх үүрэг хүлээжээ.

9.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан.

10.Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө 72,000,000 төгрөгийн цемент нийлүүлэх үүрэг хүлээсэн, харин төлбөрийг нийлүүлэгч буюу хариуцагчийн нэрлэн заасан газар болох ...н ХХК-д бараа материал нийлүүлэх хэлбэрээр төлөх үүрэг хүлээсэн учир тэдний хооронд арилжааны гэрээ бус худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

11.... ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу биелүүлсэн учир ... ХХК нь дутуу нийлүүлсэн цементийн үнэ 38,875,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ... ХХК-иас шаардах эрхтэй.

12.Хариуцагч ... ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.... нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх татгалзлын гол үндэслэлээ тус компанид ажиллахаа больсон, компанийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал Ц.... нь Монгол улсын хилээр гараад буцаж ирээгүй учир түүнийг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн ерөнхий захирлын тушаалыг улсын бүртгэлийн газраас хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулаагүй, 2018 оны 9 дүгээр сараас хойш өөр компанид ажиллаж байгаа гэж тайлбарлан маргаж байна.

13.Хэрэгт нотлох баримтаар авагдсан ... ХХК-ийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн газраас нотлох баримтаар ирүүлсэн тус компанийн дэлгэрэнгүй лавлагаа зэргээс ... ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.... мөн болох нь тогтоогдсон ба компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Ц.... бүртгэгджээ.

14.... ХХК-ийн дүрмийн 7.1 дэх хэсэгт компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байна гэж заасан, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна гэж, 83.8 дахь хэсэгт Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж тус тус заасан.

15.Хэдийгээр Ц....ыг ... ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн тухай тус компанийн Ерөнхий захирлын тушаал, мөн өөр компанид ажилладаг тухай лавлагаа тодорхойлолтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа боловч хуулийн этгээдийн Улсын бүртгэлд ... ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.... бүртгэгдсэн байна.

16.Түүнчлэн, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэх бөгөөд тийнхүү улсын бүртгэлд оруулсан өөрчлөлт хийх тохиолдолд мөн хуулийн 22 дугаар зүйлд заасан журмын дагуу хүсэлт гаргах эрхтэй. Гэвч хариуцагч ... ХХК-иас Ц....ыг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн талаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул ... ХХК-ийн нэхэмжлэлтэй энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч ... ХХК-ийг төлөөлж оролцохгүй гэх Ц....ын татгалзал үндэслэлгүй байна.

17.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ...н ХХК-ийн хувьд ... ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах бартерын гэрээтэй холбоотой маргаан байхгүй, уг гэрээний дагуу ... ХХК 72,000,000 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлж, үлдсэн 72,000,000 төгрөгийн хэмжээнд ... ХХК-ийн өмнөөс ... ХХК барилгын материал хүлээлгэн өгсөн ба ...н ХХК-иас ... ХХК-д нийт 144,000,000 төгрөгийн гэрээний төлбөрт тооцон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 112 дугаар байрны 09 тоот орон сууцыг өгч гэрээний үүргээ биелүүлсэн, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж тайлбарласан тул энэхүү шийдвэр ...н ХХК-ийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдсон.

18.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 352,325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 352,325 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... ХХК-иас 38,875,000 төгрөг гаргуулан ... ХХК-д олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 352,325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 352,325 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА