| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1065/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1341 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аззаяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Д.Аззаяа,
хохирогч Б.Э-,
шүүгдэгч Г.М- нарыг оролцуулан эрүүгийн 2506019790550 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, химич мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл-3, эхнэр, 1 хүүхдийн хамт ***** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр **-** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Д овогт Г.М- /РД: АА********/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М- нь 2025 оны 02 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Б дүүргийн ** хорооны нутаг дэвсгэр Т-00-00 тоотод хохирогч Б.Э-тэй хэрүүл маргаан хийж, маргалдах явцдаа түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокуророос Г.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.Э-ийн, гэрч Аюулгүй зэргийн үнэлгээ, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2923 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Г.М-ийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбар зэргээр шүүгдэгч Г.М- нь 2025 оны 02 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Б дүүргийн ** хорооны нутаг дэвсгэр Т-00-00 тоотод хохирогч Б.Э-тэй хэрүүл маргаан хийж, маргалдах явцдаа түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.М-ийн хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
Шүүгдэгч Г.М- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн дуудлага өгсөн өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Б дүүргийн ** хороо Т-00-00 тоот эхнэр Э-ийн хамт байж хамт сөжу, пиво уусан би тухайн үед Сэнгүр гэх нэртэй 0,500 гр лаазтай пиво 4 ширхэг уусан Э- 2 шил Сөжү уусан тэгж байхдаа манай эхнэр Э урьд өмнө болсон бид хоёрын хоорондох гэр бүлийн жижиг маргаан явган хэрүүлийг сөхөөд манай ээж ааваар хүүхдээ харуулж байна чи эцэг нь юм бол хүүхдээ харж асарч болдоггүй юм уу гээд над руу уурлаад хэрүүл үүсгээд ер нь байнгын хэрүүл хийгээд үг яриа нийлэхгүй удаа дараа хэрүүл маргаантай байсан болохоор би тухайн өдөр уурандаа тэсвэр алдаад эхнэр Э- нүүр хамар хэсэгт нэг удаа гараараа алгадсан. Өөрөөр цохиж зодсон гар хүрсэн зүйл надад байхгүй. Тэгээд тухайн шөнө Бид 2 гэртээ хамт хоносон маргааш өдөр нь эхнэр ээж аавынхаа гэр лүү явсан тэгээд тэндээ очоод цагдаад хандсан байсан. Би цагдаад хандсаныг мэдээгүй сүүлд цагдаагаас над руу ярьсан тэр үед би цагдаад гомдол гаргасныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57/,
хохирогч Б.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Тухайн үед гэр бүлийн маргааны улмаас ийм зүйл болсон. Нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр эвлэрсэн хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны үед “...Би Б дүүргийн ** хороо Т-00-00 тоот гэртээ 2025 оны 02 сарын 01-ны өдөр шөнийн 00 цагийн орчим нөхөр М- болон хүү Мө- нарын хамт байж байхад манай нөхөр архи ууж согтчихоод намайг хардаж надтай хэрүүл маргаан хийсэн тэгж байхдаа миний хамар нүүр хэсэгт гараараа хүчтэй алгадаж бас зүүн гарын бугуй шуу хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохиж зодсон тэгэхээр би гэрээс хүүхдээ аваад гарах гэтэл гэрийн хаалга цоожилчхоод гартаа ахуйн газ барчхаад чамайг гэртээ чин шатаад ална гээд шөнийн 04 цаг хүртэл хэл амаар доромжилж айлгаж сүрдүүлсэн тэгээд би өглөө 10 цагийн үед гэрээсээ хүүхдээ авч гараад аав Б-ын гэрт ирээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,
Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 12-13/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2923 дугаартай “...Б.Э-ийн биед баруун нүдний доод зовхи, хамар, хацар, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна...” дүгнэлт /хх-ийн 18-19/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.М- нь 2025 оны 02 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Б дүүргийн ** хорооны нутаг дэвсгэр Т-00-00 тоотод хохирогч Б.Э-тэй хэрүүл маргаан хийж, маргалдах явцдаа түүний нүүр хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Г.М-ийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч Г.М-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, мөн хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох хууль зүйн маягтаар 2 дугаар зэрэглэл тогтоогдсон хэдий боловч өөрийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршгийг эмчлүүлсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна.
Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.М- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д овогт Г.М-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Шүүгдэгч Г.М- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР