| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2025/0130/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/167 |
| Огноо | 2025-05-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-ид холбогдох эрүүгийн 2538000000103 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Б-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Б- нь Хөвсгөл аймгийн ... сумын ... тоотоос 2025 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Ц.З-ын “Мустанг-5” маркийн мотоцикль, мөнгөн хөөрөг, “Самсунг А-15” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000103 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ц.Б- нь Хөвсгөл аймгийн ... сумын ... тоотоос 2025 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Ц.З-ын “Мустанг-5” маркийн мотоцикль, мөнгөн хөөрөг, “Самсунг А-15” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б-ийн өгсөн: “...архинаас болж ийм зүйл болсон. ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэртээ байж байхад өдрийн 11 цагийн орчимд манай нөхрийн найз болох Ч- согтуу манай гэрт ирээд манай орон дээр унтаад өгсөн. Тэгээд би Ч-ыг гэртээ үлдээгээд нөхрийн мотоциклыг ... сумын 14 дүгээр багт байдаг ломбарднаас авах үед мотоциклоо асааж чадахгүй учир гудманд явж байсан нэг залууг гуйгаад мотоциклоо асаагаад тэр танихгүй залуу бид 2 манай гэрт ирсэн. Тэгэхэд Ч- унтаж л байсан, тэгээд танихгүй залуу бид 2 танилцаад 2 шил архи хувааж уусан. Гэтэл би тасраад унасан байсан тэр хойгуур манай нөхрийн гэрт байсан “Самсунг А-15” маркийн гар утас, менгөн хөөрөг, хашаанд байсан “Мустанг-5” маркийн мотоцикль зэргийг хулгайлаад явсан байсан. Маргааш өглөө нь сэрэхэд Ч- бид 2 манай гэрт унтаж байсан. Нөгөө өөрийгөө Төмөрбулаг сумын 3 дугаар багийн "Б-" гэж танилцуулсан залуу дээр дурдсан эд зүйлийг хулгайлаад явсан байсан. Тэгээд би нөхөртөө хэлсэн, би нилээн согтоод тасарсан учир Б- гэх залууг манайхаас эд зүйл хулгай хийснийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,
Гэрч Б.С-ээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-57 тал/,
“...” ХХК-ийн үнэлгээчин Б.Х-гийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-025/11897 дугаартай: “...Дээрх эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 02 дугаар сарын байдлаар нийт 3,400,000 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /хх-ийн 19-24 тал/,
Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-53 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 тал/,
Шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Яг он сарийг нь сайн хэлж мэдэхгүй байна тэгэхдээ 2025 оны 02 дугаар сарын дундуур би ганцаараа Аянчин нэртэй бааранд орой болж байхад орсон. Тухайн үед бааранд миний таньдаг залуучууд байхаар нь хамт нийлж архи дарс уух болсон. Бас миний таньдаг хүмүүстэй Б.С- гэдэг хүүхэн хамт явж байхаар нь тухайн үедээ танилцаж байсан. Аянчин нэртэй бааранд ууж байгаад би хариад унтсан. Маргааш өглөө нь нөгөө Б.С- над руу залгаж би мотоциклио 14 дүгээр хороонд ломбарданд тавьсан чи очоод асаагаад өгөөч гэхээр нь тэгье гэж хэлсэн чинь тэр Б.С- намайг гэрээс такситай ирж авсан. Тэгээд бид хоёр ломбард ороод тэр мотоциклийг нь аваад би мотоцклийг нь унаад ардуур Б.С- суугаад бид хоёр гэрт нь очсон. Тэгээд гэрт нь очоод Б.С- бид хоёр 1 шил 0,75 литрийн Хараа, дахиад нэг шил 0,33 литрийн Хараа нэртэй архи уусан. Тэгээд архи ууж дуусаад би ... сумын 10 дугаар хороонд байдаг ахындаа очоод буцаад ирсэн чинь Б.С- байхгүй болсон байхаар нь утас руу нь залгасан чинь нэгдүгээр хороонд байна ирээд авчих гэсэн. Тэгээд Б.С-ийг очиж аваад дахиад 2 шил архи аваад гэрт нь очоод Б.С- бид хоёр хувааж уусан. Маргааш өглөө нь Б.С- унтаж байхаар нь би мотоцикль, утас, мөнгөн хөөрөг гурвыг аваад 10 дугаар хороонд байдаг Б- дэлгүүрт хөөрөг, мотоцикль хоёрыг нь 500,000 төгрөгт барьцаанд тавиад мөнгөөр нь архи ууж дуусгасан. Тэгээд хэд хоногийн дараа намайг цагдаагаас бариад авахаар нь би тэр хохирогчийн хөөрөг, мотоцикль хоёрыг нь авч өгсөн. Харин утсыг нь хаясан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ц.З-, гэрч Б.С- нарын өгсөн мэдүүлэг, гэрч Б.С-ээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “...” ХХК-ийн үнэлгээчин Б.Х-гийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-025/11897 дугаартай дүгнэлт, эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Б- нь Хөвсгөл аймгийн ... сумын ... тоотоос 2025 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Ц.З-ын “Мустанг-5” маркийн мотоцикль, мөнгөн хөөрөг, “Самсунг А-15” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Ц.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.
“Хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн шууд санаатай үйлдлээр өмчлөгч, эзэмшигч нь тодорхой байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулсан үйлдлийг ойлгох бөгөөд энэ шинжээрээ өмчлөх эрхийн бусад гэмт хэргээс ялгагдана.
Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдэл идэвхтэй, хохирогчийн эд зүйлийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, идэвхтэй, ухамсартай, уг мотоциклийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрийн өмчийн адил захиран зарцуулж, дээрх хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Б- нь Хөвсгөл аймгийн ... сумын ... тоотоос 2025 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Ц.З-ын “Мустанг-5” маркийн мотоцикль, мөнгөн хөөрөг, “Самсунг А-15” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,400,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.З-ын эд хөрөнгөнд 3,400,000 төгрөгийн хохирол учирсан нь хохирлын үнэлгээ тогтоосон “...” ХХК-ийн үнэлгээчин Б.Х-гийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-025/11897 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.
Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-53 тал/-ээр шүүгдэгч Ц.Б- нь 2,400,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Мустанг-5” маркийн мотоцикль, 750,000 төгрөгийн үнэлгээ бүхий мөнгөн хөөргийг хохирогчид буцаан өгсөн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар шүүгдэгч Ц.Б-оос “Самсунг А15” загварын гар утасны үнэ 250,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн хөлс 120,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.З-т олгох нь зүйтэй байна.
Хохирогч Ц.З- нь замын зардал 500,000 төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Б-оос нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Б-ийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэх, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Б-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б-ийн хувийн байдлын талаарх хавтаст хэргийн 34-38, 40-50 дүгээр талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Б-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрч байх тул шүүхээс шүүгдэгч Ц.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах...” саналыг харгалзан шүүгдэгч Ц.Б-ийг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б-ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлйн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Б-ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-оос гар утасны үнэ болох 250,000 (гурван зуун тавин мянга) төгрөг, хөрөнгийн үнэлгээчний зардал 120,000 (нэг зуун хорин мянга) төгрөг, нийт 370,000 (гурван зуун далан мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ц.З-т олгож, хохирогч Ц.З- нь замын зардал 500,000 (таван зуун мянга) төгрөгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Б-оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР