| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/02083/И |
| Дугаар | 102/ШШ2022/02722 |
| Огноо | 2022-07-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2022/02722
2022 оны 07 сарын 28 өдөр Дугаар 102/ШШ2022/02722 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргал, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....,
Хариуцагч: ....
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 106,200,000 /нэг зуун з....н сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С....,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х..... /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
... ХХК түүний захирал Х.... нь .... ХХК-тай 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх .... дугаар бүхий гэрээ байгуулсан. Захиалагч ... ХХК-ийн хайгуулын ажлын төслийн хүрээнд Төв аймгийн ...ын нутэг дэвсгэрт байрлах ... нэртэй хайгуулын эзэмшил газарт өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохирч, гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд .... т/м өрөмдөж захиалагч талд ... хүлээлгэн өгөх акт үйлдэн хүлээлгэн өгч, гэрээгээр хүлээсэн ажлыг бүрэн хийж дуусгасан. Гэрээний 6.2-т заасны дагуу нэг метрийн өрөмдлөгийн өртөг 120,000 төгрөг байхаар харилцан тохирсны дагуу нийт ажлын хөлс 108,300,000 төгрөг болж, үүнээс гэрээний 6.4-т заасны дагуу урьдчилгаа 48,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр .... ХХК хүлээн авсан. Захиалагч тал гэрээний дагуу үлдэгдэл ажлын төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулахаар харилцан тохирсон боловч эдийн засгийн хүндрэлтэй байна, удахгүй мөнгө орж ирнэ гэж тайлбар хэлсээр байсан учир 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлж, мөн оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэрээний үлдэгдэл төлбөр 69,740,000 төгрөгийг барагдуулна гэж тохирсон. Гэрээний үлдэгдэл төлбөр дээр өрөмдлөгийн ажил дууссаны дараа ажлын талбайд үлдээсэн .... ХХК-ийн өмчлөлийн нэг ширхэг гэрийн үнэ 2,500,000 төгрөгийг нэмж төлөхөөр тохирсон. Хариуцагч 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар ирсэн тул гэрээний үлдэгдэл төлбөр 69,740,000 төгрөг, гэрийн үнэ 2,500,000 төгрөг, алданги 34,870,000 төгрөг, нийт 106,200,000 төгрөгийг ... ХХК-иас гаргуулж өгнө үү. Талууд ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Үүнтэй талууд маргахгүй байгаа. Харин гэрээний үлдэгдэл төлбөрийн үнийн дүн дээр маргана. Нийт 108,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэж, хоёр удаа тооцоо нийлсэн. 58,300,000 төгрөг төлөх үлдэгдэлтэй байсан байна. Алданги 29,300,000 төгрөг дээр гэрийн үнэ 2,500,000 төгрөг, нийт 89,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг шаардаж байгаа. Хариуцагч талаас нэхэмжлэгч талд нийт 73,000,000 төгрөг төлөгдсөн гэдэгт маргахгүй...гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
... ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр .... дугаартай Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг ... ХХК-тай байгуулсан. Нэхэмжлэгч уг гэрээний дагуу 108,240,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн бөгөөд тухайн гүйцэтгэсэн ажил, түүний чанар байдалтай огт маргадаггүй. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 106,200,000 төгрөгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Бид гэрээний урьдчилгаа төлбөр 48,000,000 төгрөгийг шилжүүлсэн. ... ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 15-нд гэрээний төлбөрийн үлдэгдэл 60,240,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс хойш дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч ... ХХК нь тухайн өрөмдлөгийн ажил хийлгэсэн уурхай дээр ажиллах боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр удаашрах нөхцөл бий болсон. ... ХХК 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр үлдэгдэл төлбөрөөс мөнгө шилжүүлж өгнө үү гэсэн утга бүхий шилжүүлэг хүссэн өргөдөл гаргаж, тус компанийн захирал Ө....ын 5063065742 тоот Хаан банкны дансанд мөн өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 21-нд 5,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг төлж, нийт үлдэгдэл төлбөрт 35,240,000 төгрөг болж байна. Хууль болон гэрээнд заасны дагуу ... ХХК нь ... ХХК-д гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 35,240,000 төгрөгийн 50 хувь болох 17,620,000 төгрөгийн алдангийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Нэхэмжлэгчид 52,860,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймээс нэхэмжлэлийн үнийн дүнгээс 53,340,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгч 60,240,000 төгрөгийн үлдэгдлийг хариуцагч байгууллагаас нэхэмжилсэн байдаг. Мөн нэхэмжлэгч байгууллагын захирлын дансаар 25,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 35,240,000 төгрөг болсон. Нэхэмжлэгч талын шинээр гаргасан нотлох баримтад 18,000,000 төгрөгийн хүү тооцсон байна. Гэтэл талуудын хоорнд зээлийн гэрээ бус, ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан учир сарын 3,000,000 төгрөгийн хүү тооцсон нь ойлгомжгүй байна. 53,340,000 төгрөгийн илүү шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу...гэв.
3.Нэхэмжлэгч шаардах эрхээ нотлохоор: Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний эх хувь /хх-7-11/, ... ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 20/53 тоот албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-16/, Өрөмдлөгийн ажлын дүгнэлтийн эх хувь /хх-17/, ... хүлээлцсэн актын эх хувь №01-14 /хх-18-31/, ... ХХК-ийн Хаан банк дахь 5029548379 тоот дансны хуулга /хх-32/, ... ХХК-с ирсэн зээлийн гэрээгээрх өглөгийн тооцооны хуулбар /хх-86/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
4.Хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлохоор: ... ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь /хх-78/, ... ХХК-ийн шилжүүлэг хүссэн өргөдлийн хуулбар /хх-79/, Гэрээний үлдэгдлийн тооцооллын эх хувь /хх-80/, ... ХХК-ийн Хаан банк ХХК-д гаргасан хүсэлтийн эх хувь /хх-81/, Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн баримтуудын эх хувь /хх-82-84/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх ... ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу 902,5 т/м өрөмдлөг хийсэн. Ажлын хөлс 108,300,000 төгрөг төлөхөөс урьдчилгаа 48,000,000 төгрөг төлсөн, талууд 2 удаа тооцоо нийлсэн. Эхний удаа тооцоо нийлэхээс өмнө 15,000,000 төгрөг төлсөн бөгөөд хариуцагч байгууллагын захирал 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төлбөрийн үлдэгдэл 69,740,000 төгрөг байгаа талаар дурдсан. Үүнээс хойш 10,000,000 төгрөг нэмж төлсөн учир нэхэмжлэлээ 16,400,000 төгрөгөөр багасгаж 89,800,000 төгрөг шаардаж байна гэж тодорхойлсон.
2.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлын үр дүнгийн талаар маргахгүй. Үнийн дүн дээр маргана. Гэрээний дагуу урьдчилгаа 48,000,000 төгрөг, дахин 25,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 35,240,000 төгрөг болох ба үүн дээр алдангийг үндсэн үүргийн 50 хувиар тооцон нийт 52,860,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, 53,240,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргаж байна.
3.Зохигчид ажил гүйцэтгэх гэрээний биелэлт, ажлын үр дүнгийн талаар болон гэрээний үнэ, хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй боловч үлдэгдэл төлбөрийн талаар өөр өөрөөр тайлбарлан маргаж мэтгэлцсэн.
4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ХШ/07 тоот Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байна.
Уг гэрээгээр нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... ХХК-ийн хайгуулын ажлын төслийн хүрээнд Төв аймгийн ...ын нутаг дэвсгэрт байршилтай 016990 тоот хайгуулын лицензтэй ... нэртэй хайгуулын эзэмшил газар дээр өрөмдлөгийн ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 1000 т/м өрөмдөх, захиалагч нь 1 т/м-д 120,000 төгрөг төлөх, ажлын хөлсний 40 хувь буюу 48,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон гүйцэтгэгчид бэлнээр олгох, үлдэгдэл төлбөрийг хувааж төлөх, захиалагч нь үлдэгдэл ажлын хөлсийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд нэхэмжилсэн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцож гүйцэтгэгч талд төлөхөөр тохиролцжээ.
5.Нэхэмжлэгч ... ХХК нь гэрээний дагуу 1000 т/м өрөмдөхөөс 902,5 т/м өрөмдсөн бөгөөд захиалагчид ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн болох нь Өрөмдлөгийн ажлын дүгнэлт, ... хүлээлцсэн актуудаар тус тус нотлогдсон.
6.Нийт 902,5 ...ийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дотор өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, ажлын хөлс нийт 108,300,000 төгрөг болохоос захиалагч 48,000,000 төгрөг төлсөн нь ... ХХК-ийн дансны хуулгаар тогтоогдож байна. Үүнээс хойш захиалагч тал гүйцэтгэгч компанийн захирлын данс руу 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлжээ.
7.2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар хариуцагчаас нэхэмжлэгчид төлбөрийн үлдэгдэл 69,740,000 төгрөг байгаа тухай албан бичиг явуулж байсан байна. Гэвч тухайн цаг хугацаанд нийт 108,300,000 төгрөг төлөхөөс 48,000,000 төгрөг төлөгдсөнөөр үлдэгдэл 60,300,000 төгрөг болохоор байхад 9,440,000 төгрөгийн илүү төлбөрийн үлдэгдэлтэй талаар дурдсан байна.
8.... ХХК-ийн зүгээс төлбөрийн нэхэмжлэхийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ... ХХК-д хүргүүлэхдээ төлбөрийн үлдэгдэл 60,240,000 төгрөг нэхэмжилж байсан, улмаар 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 10,000,000 төгрөг яаралтай төлөхийг шаардсанаар дээрх өдөр 10,000,000 төгрөгийг ... ХХК-иас ... ХХК-ийн захирлын данс руу шилжүүлсэн байна.
9.Талууд хоёр удаа тооцоо нийлсэн гэх боловч хэрэгт энэ талаарх баримт байхгүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан ... ХХК-с ирсэн зээлийн гэрээгээрх өглөгийн тооцоо гэх баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
10.Иймд хэрэгт цугларсан баримтын хүрээнд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч нийт 108,300,000 төгрөгийн ажлын хөлсийг нэхэмжлэгчид төлөхөөс 48,000,000 төгрөгийн урьдчилгаа, улмаар нэхэмжлэгч байгууллагын захирлын харилцах данс руу 3 удаагийн гүйлгээгээр 25,000,000 төгрөг тус тус төлснийг нэгтгэн дүгнэвэл 73,000,000 төгрөгийг төлснийг хассанаар 35,300,000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгааг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзлээ.
10.Талууд бичгээр байгуулсан гэрээний 6.6-д зааснаар захиалагч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бол 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн, мөн зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байна. Гэрээнд зааснаар алдангийг тооцвол гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтрэх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үүрэг 35,300,000 төгрөгийн 50 хувь 17,650,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
11.Дээрхийг нэгтгэн дүгнэснээр нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... ХХК-иас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт буюу ажлын хөлсний үлдэгдэл 35,300,000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги 17,650,000 төгрөг, нийт 52,950,000 төгрөгийг шаардах эрхтэй тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, илүү нэхэмжилсэн 36,850,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12.Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 3,190,500 төгрөгөөс 688,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдэээж, илүү төлсөн 2,501,550 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас 422,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... ХХК-иас 52,950,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 36,850,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 3,190,500 төгрөгөөс 688,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдэээж, илүү төлсөн 2,501,550 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас 422,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА