| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2022/00627/И |
| Дугаар | 155/ШШ2022/00760 |
| Огноо | 2022-07-28 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2022/00760
| 2022 оны 07 сарын 28 өдөр | Дугаар 155/ШШ2022/00760 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
нэхэмжлэгч: Ж сумын ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Х аймгийн Ж сумын 5 дугаар багт байрлах, О хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох,
4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 155/2022/00627/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Т,
Төрийг төлөөлж: ахлах прокурор Л.Отгончимэг,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Ж сумын Ерөний боловсролын сургууль шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургууль 1940 онд байгуулагдсан. 320 хүүхдийн хичээлийн байр нь чанарын шаардлага хангахгүй болж, их засвар хийгдэхээр төсөвт суусан байдаг. Энэ байрны их засварын зураг төсөв хийлгэнэ хэмээн Х" ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн З ХХК-д 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 4,400,000 (Дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг шилжүүлсэн байна. Тухайн үед манай сургуульд З ХХК нь Дотуур байрын хүүхдийн хоол хүнс нийлүүлдэг гэрээтэй байсан байна. 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрийн хүсэлт, нэхэмжлэхээр Хүнсний урьдчилгаа хэмээн 4,400,000 (Дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг хоол хүнсний зардлаас зарцуулсан байна. Тухайн үед З ХХК, Х ХХК, Б ХХК-уудтай байгуулсан зураг төсвийн ямар нэгэн гэрээ байхгүй.
Гэтэл уг засварын ажлыг ББ ХХК-ийн инженер Бын хийсэн зураг төсвөөр ХЖ ХХК гүйцэтгэсэн байна. Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь уг асуудлыг хянаад ХЖ ХХК нь Б ХХК-ны инженер Бт 500,000 (Таван зуун мянга) төгрөг тохиролцож өгсөн байна гэсэн асуудлыг манайд ирүүлсэн. Улмаар Санхүүгийн хяналт, аудитын алба шалгалтынхаа хүрээнд дүгнэлт гаргаж, З ХХК-аар төлүүл гэсэн шаардлага өгсөн. Энэ авлагыг олон он дараалан нэхэмжилсэн боловч З ХХК ( Захирал О) нь уг мөнгийг О ХХК-д шилжүүлсэн гэдэг тайлбар өгдөг. "О ХХК-ны захирал Н нь хяналт шалгалтын байцаагч ирэх үед өөрөө дээрх компаниас 4,400,000 (Дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг авсан гэдгээ хүлээж, төлнө гэдгээ бичгээр хүртэл илэрхийлж байсан боловч одоо хүртэл барагдуулахгүй байна. Энэ өр авлагыг барагдуулах талаар манайд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, Боловсрол, соёл, урлагийн газраас байнга албан шаардлага, албан бичиг өгдөг. Жил бүрийн аудитаас урт хугацааны авлагаа барагдуул гэдэг зөвлөмжийг авч ирсэн. Гэтэл З ХХК ( Захирал О) нь уг мөнгийг О" ХХК-д шилжүүлсэн, эднийх төлөх ёстой гэдэг тайлбар өгдөг.
О ХХК-ний захирал Нийн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Уг төлбөрийг би хариуцах нь үнэн гэсэн агуулгатай гар бичмэлийг ирүүлсэн байдаг. Иймд уг бичгийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03 тоот албан бичгээр Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхэд хандаж, төлбөрийн 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг О ХХК (Захирал Н)-аас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс Х аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн албан шаардлагад нэр дурьдсан компаниас бус иргэнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь буруу байна хэмээн шийдвэр гаргасан. 2021 оны 05 дугаар сард аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ээлжит шалгалт ирж өмнөх зөвлөмжийн хэрэгжилтийг хангаагүй дутагдал илэрсэн. Цаашид авлагын асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол Сургуулийн захирал, нягтлан бодогчийг байгууллагын өр авлагыг барагдуулахгүй байна гэдэг үндэслэлээр хариуцлага тооцуулна гэсэн зөвлөмж өгсөн тул энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү?
2022 оны 05-р сарын 25-ны өдөр шийдвэрлэсэн шүүх хуралдаанаас . О ХХК (Захирал Н) -д мөнгө шилжүүлэхдээ З ХХК (Захирал О)-ийн дансаар дамжуулан шилжүүлсэн нь тогтоогдож байна , З ХХК үндэслэлгүй хөрөнгөжсөн нь тогтоогдсонгүй, харин О ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүхийн шийдвэрт тусгагдсан байна..
Иймд О ХХК (Захирал Н) нь Ж сумын ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн байрын их засварын зураг төсөв хийж өгнө гэж авч үндэслэлгүй хөрөнгөжсөн тул түүнээс 4,400,000 мянган төгрөгийг гаргуулан манай байгууллагын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Хариуцагч О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Н нь тухайн сургуульд нярваар ажиллаж байхдаа буюу 2013 оны 6 дугаар сард тухайн үед ажиллаж байсан сургуулийн захиралтай юу гэж ярьж тохирсон юм сургуулийн барилгын зураг төслийг хийлгэж өгнө ч гэсэн юм уу тийм зүйл ярьж сургуулийн хүнсний зардлаас З компанийн дансаар дамжуулж өөрийн О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн данс руу 4,400,000 төгрөгийг шилжүүлж авсан байдаг. Зураг төсөл гаргуулна гэдэг бол Н гуай өөрөө л тийм зүйл тайлбарлаж хэлж байсан гэхээр л тэгж ойлгосон юм. Санхүүгийн хяналт шалгалтын байгууллагын шалгалт очиход Н гуай шалгалтын хүмүүст энэ нь З компанид ямарч хамааралгүй. Би төлнө гэсэн утгатай өргөдөл хүсэлтийг бичиж өгсөн байдаг юм билээ. З компанийн дансаар шилжүүлж авсан нь болохоор тухайн сургууль тэр компаниас дотуур байрны хүүхдийн хоол, хүнс, үдийн цай гэх зэрэг бараа бүтээгдэхүүнийг авах гэрээтэй ажилладаг байсан юм. Тэгээд энэ 4,400,000 төгрөгөөр ямар нэгэн ажил үйлчилгээ гүйцэтгээгүй, бараа бүтээгдэхүүн сургуульд эргэж орж ирээгүй юм. Х аймгийн Ж сумын ерөнхий боловсролын сургуулийн шинэ хичээлийн байрын зураг төсвийг өөр компани гүйцэтгээд 500,000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн байдаг. Тэгэхээр О хязгаарлагдмал хариуцлагатай компани нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үүрэг үүсгэж байгаа гэж үзэж энэ 4,400,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэгч Х аймгийн Ж ерөнхий боловсролын сургуулийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг байна.
2012 онд Х аймгийн Ж сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг ашиглах боломжгүй болсон тул хариуцагч болох О ХХКомпанийн байранд сургуулийн хүүхдүүдийн үдийн цайг бэлтгэж хийхээр болсон. 2011-2013 оны 9 дүгээр сар хүртэл тухайн компанийн байранд сургуулийн гал тогоо байрласан байдаг. Сургуулийн дотуур байр барьтал гэрээ хийж, О ХХКомпанийн захирал Н нь хүнсний тооцоог хийдэг гайсан. Тухайн хугацаанд жилийн 100 гаруй сая төгрөг Нийн дансаар орж гарсан байдаг. Үүнд нь дээрх 4.400.000 төгрөг багтсан байдаг юм. Дээрх 4.400.000 төгрөг нь сургуулийн байрны зураг төслийн мөнгө хийлгэх мөнгө байсан.
Тухайн үед шалны паркет чанарын шаардлага хангахгүй нимгэн чанар муутай байна гээд паркетыг солиулсан. Сургуулийн байрны шалны паркет авахад төсөвлөгдсөн мөнгөн дээр 6.000.000 төгрөг нэмж шалны паркет авсан. Ингэж солиулахад дээрх мөнгийг зарцуулсан. Дээрх мөнгийг би тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Пын зөвшөөрлийг авч захиран зарцуулсан.
Паркет авахдаа би өөрөө Мд орж Баянсүмбэр барилгын материалын дэлгүүрээс авч яваад мөнгийг бэлнээр өгсөн байдаг. Тухайн үед зураг төслийг Б ХХКомпанийн инженер Баасанжав гэх хүнээр хандиваар үнэгүй хийлгэе гэж захирал тохиролцсон байсан юм билээ.
Мөн 2019 онд сургуулиас дээрх 4.400.000 төгрөгийг Ноос гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаартай шийдвэр гарсан байдаг. Үүний дараа сургуулийн захирал Э, Н нар ярилцаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр Н нь өөрийн дүүгийнхээ компаниар сургуулийн хашааны ажлын зургийг үнэ төлбөргүй хийлгэж өгөхөөр харилцан тохиролцсон байдаг.
Ингэж харилцан тохиролцсоны үндсэн дээр Н нь сургуулийн хашааны ажлын зургийг үнэ төлбөргүй хийлгэж сургуульд хүлээлгэж өгсөн.
Хариуцагч О ХХКомпани нь нэхэмжлэлд дурдсан 4.400.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Учир нь Н нь тухайн үед сургуулийн нярваар ажиллаж байсан байдаг бөгөөд тэр үед ажиллаж байсан сургуулийн захиралтай сургуулийн барилгын зураг төслийг гаргуулж өгнө гэж дээрх мөнгийг З компанийн дансаар шилжүүлэн авсан байдаг. Гэвч сургуулийн барилгын зураг төслийг өөр компаниар гүйцэтгэгдсэн учир тэр мөнгөөрөө сургуулийн анги тамхимын шалыг паркет чанаргүй ирсэн учир тэрнийг захиралтайгаа ярьж тохирч зөрүү мөнгийг нь өгч чанарыг нь сайжруулсан юм. Энэ талаар Баянсүмбэр барилгын материалын дэлгүүрийн захирлын албан тодорхойлолт хэрэгт авагдсан байгаа. 2019 онд хариуцагчийн шүүхэд энэ асуудлаар шүүхэд өгсөн байдаг бөгөөд энэ хэргийг шийдвэрлэгдсэний дараа Н сургуулийн хашааны зураг төслийг гаргуулж өгөхөөр захиралтайгаа ярьж тохирч уг мөнгөндөө сургуулийн хашааны зураг төслийг өөрийн төрлийн хүний компани болох Харш прожект хязгаарлагдмал хариуцлагатай компаниар хийлгэж өгсөн байдаг.Энэ талаарх албан бичгийг би сая хэрэгт гаргаж өгсөн. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тухайн үед ажиллаж байсан сургуулийн захирал нь одоо хаана юу хийдэг нь мэдэгдэхгүй олдохгүй байгаа учраас тэр хүнийг гэрчээр асуулгах боломжгүй байгаа юм гэв.
Прокурор Л.Отгончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Прокурорын байгууллагын тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар Х аймгийн Ж сумын сургуулийн хүсэлтээр уг хэрэгт төрийг төлөөлөн оролцож байна. Х аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургууль нь төсвөөс санхүүждэг, төрийн байгууллага бөгөөд Х аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар З хязгаарлагдмал хариуцлагатай компаниар дамжуулан авсан 4,400,000 төгрөгийг барагдуулах үүргийг удаа дараа Ж сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралд үүрэг өгсөн байдаг боловч одоог хүртэл биелэгдээгүй учир нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 4,400,000 төгрөгөөр Ноос тухайн байгууллагад хийж өгсөн ажил үйлчилгээ, нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнтэй холбоотой нэг ч санхүүгийн баримт байдаггүй. Энэ нь зүгээр л З гэх тухайн сургуулийн харилцагч компанийн дансаар ороод О гэж компанийн дансанд л ямар ч үндэслэлгүйгээр шилжиж орсон мөнгө юм. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар О хялгаарлагдмал хариуцлагатай компаниас 4,400,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй юм гэв.
Нэхэмжлэгчээс Х аймгийн Ж сумын ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 129 дугаартай албан бичиг, Х аймгийн Ж сумын ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 130 дугаартай албан бичиг, Х аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 36-05-31 тоот албан шаардлагын хуулбар, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Төлбөрийн хүсэлт №16 гэх баримтын хуулбар, нэхэмжлэгч байгууллагын нэр 12 жилийн сургууль, банкны нэр хаан банк дансны дугаар 5890450129, төлөгч байгууллагын нэр З ХХК хүнсний урьдчилгаа 4,400,000 төгрөг гэж бичигдсэн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн санхүүгийн анхан шатны баримтын хуулбар /хуулбарласнаас тухайн баримтын нэршил гараагүй/, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийн хуулбар, Х ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэхийн хуулбар, Х аймгийн Барилга үйлдвэр худалдааны Х ХХК-ийн 2013 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 0/3 дугаартай албан бичгийн хуулбар, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 155/ШШ2022/00524 дугаар шүүхийн шийдвэр, итгэмжлэл, Х аймгийн Ж сумын ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 155 дугаар албан бичиг,
Хариуцагчаас итгэмжлэл зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тийн хүсэлтээр Х аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулиас нотлох баримт бүрдүүлэх, Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 195 дугаартай иргэний хэрэгт үзлэг хийх ажиллагааг тус тус хийсэн байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цын Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 524 дүгээр шийдвэрээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт авагдсан З хязгаарлагдмал хариуцлагатай компанид Ж сумын ерөнхий боловсролын сургуулиас мөнгө шилжүүлсэн зарлагын баримт, З хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний хавсралтанд үзлэг хийлгэх тухай хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн болно.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургууль хариуцагч О хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг Х хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлийг үндэслэн хүнсний урьдчилгаа нэрээр тус сургуультай хамтран ажиллаж сургуулийн хүүхдийн хүнс нийлүүлдэг З хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дансаар 4,400,000 төгрөгийг дамжуулан О хязгаарладмал хариуцлагатай компани өөрийн дансанд 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн авсан, уг мөнгөний хариу төлбөрт тус сургуульд ямар нэгэн ажил үйлчилгээг тус компаниас гүйцэтгэсэн зүйлгүй, бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар О хязгаарлагдмал хариуцлагатай компани үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж тайлбарлан тодорхойлсон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг үгүйсгэсэн үндэслэлээ тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан хүнтэй ярьж тохирсны үндсэн дээр сургуулийн шалны паркетын чанарыг сайжруулж зөрүүг уг мөнгөнөөс өгсөн, шүүхэд 2019 онд нэхэмжлэгч нэхэмжлэл өгч шийдвэрлэгдсэний дараагаар тухайн мөнгөнд хариуцагч Н сургуулийн хашааны зураг, төсвийг өөрийн төрлийн дүүгээр гаргуулж өгсөн тул 4,400,000 төгрөгийг хариуцагч төлөх учиргүй гэж тайлбарлан маргасан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаас хэлэлцэгдсэн баримтаар 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Х аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын дунд сургуулиас хүнсний урьдчилгаа гэсэн утгаар зарлагын баримтаар 4,400,000 төгрөгийг З хязгаарлагдмал хариуцлагатай компанид шилжүүлж, З хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Оюунгэрэлээс О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн данс руу 4,400,000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч О хязгаарлагдмал хариуцлагатай компани болон нэхэмжлэгч Х аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн хооронд ажил гүйцэтгэх, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, тохиролцоо хийгдээгүй, тухайн О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн данс руу шилжсэн 4,400,000 төгрөгөөс төлбөр төлөгдөн нэхэмжлэгчид ямар нэгэн эд хөрөнгө бий болоогүй зэрэг үйл баримт тогтоогдлоо.
Нэхэмжлэгч байгууллагаас 4,400,000 төгрөгийг З хязгаарлагдмал хариуцлагатай компаниар дамжуулан О хязгаарлагдмал хариуцлагатай компани өөрийн эзэмшилд авсан үйл баримтад талууд маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч 4,400,000 төгрөгийг О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дансанд шилжиж тухайн мөнгөнд манай сургуульд хийгдсэн ажил үйлчилгээ, нийлүүлэгдсэн бараа бүтээгдэхүүн байхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч паркетин шал чанар муутай ирсэн тул түүнийг сольж чанарыг сайжруулсан үнийн зөрүүг уг мөнгөнөөс өгсөн энэ талаар албан тодорхойлолт байгаа, мөн сургуулийн хашааны зураг төсвийг хариуцагч дүүгээрээ хийлгэж өгөхөөр тохирч дүү нь үнэгүй энэ зураг төсвийг хийж өгснөөр тухайн өр авлага дууссан гэж маргажээ.
Хэргийн үйл баримтаар зохигчийн хооронд гэрээний болоод хуульд зааснаар ямар нэгэн үүрэг үүсээгүй байна.
Мөн хэрэгт Х аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 36-05-31 дугаар Х аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Эт хаяглан...320 хүүхдийн хичээлийн байрны их засварын зураг төсөв хийлгэхээр Х хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэн З ХХК-д зураг төсвийн үнэ хэмээн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн 4400,0 мянган төгрөгийн авлагыг барагдуулах үүргийг өмнөх хяналт шалгалтаар өгсөн боловч одоо хүртэл биелэгдээгүй байх тул хуулийн байгууллагад 2018 оны 12 дугаар сарын 17-ны дотор шилжүүлэх арга хэмжээг авах... гэсэн албан шаардлагыг нэхэмжлэгчээс ирүүлжээ.
Үүнээс үзвэл Х аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургууль нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд бөгөөд түүнд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар шаардах эрх үүсэж байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:
Мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллагын буюу уг сургуульд суралцагч хүүхдүүдийн хоол, хүнсэнд төсөвлөгдсөн мөнгөнөөс 4,400,000 төгрөг хариуцагч О хязгаарлагдмал хариуцлагатай компанийн данс руу З хязгаарлагдмал хариуцлагатай компаниар дамжин шилжсэн нь хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх тул хариуцагч О хязгаарлагдмал хариуцлагатай компанийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсгэсэн нөхцөл бүрдсэн байна.
Дээрх нөхцөл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасантай тохирч байх ба тодруулбал 4,400,000 төгрөг хариуцагчийн мэдэлд шилжсэн, нэхэмжлэгч хариуцагчийн хооронд гэрээний болон хуульд зааснаар үүргийн харилцаа үүсээгүй, 4,400,000 төгрөг нь нэхэмжлэгчийн эзэмшилд байснаас түүнийн буцаан шаардаж байгаа зэргээс хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж шүүх дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмнөх сургуулийн захиралтай ярьж тохирч паркетны зөрүү үнийг төлсөн, сургуулийн хашааны зураг төсвийг хүнээр хийлгэсэн гэх боловч энэ талаар талуудын хооронд байгуулагдсан гэрээгүй, санхүүгийн анхан шатны баримтгүй, холбогдох баримт болон тодорхойлолтыг ирүүлсэн гэх боловч үүнд зураг төсвийг үнэгүй хийж өгсөн, паркетны үнийн зөрүүг өгсөн гэснийг тодорхойлсноос хэдэн төгрөгийг төлсөн ямар хэмжээний паркетыг сольсон зэрэг нь тодорхойгүй, паркет нь сургуульд хийгдсэн талаар баримтгүй байна.
Талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй тул түүнд дүгнэлт хийх шаардлагагүй ба Иргэний хуулийн 74,75 дугаар зүйлээс үзвэл дээрх харилцаанд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа болох арван жил гэснийг нэхэмжлэгчийн шаардах эрхэд үйлчилнэ гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч О хязгаармагдмал хариуцлагатай компаниас 4,400,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Х аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуульд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургууль улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 85,350 төгрөгийг улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т тус тус зааснаар хариуцагч хариуцагч О хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 4,400,000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургуульд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Ж сумын Ерөнхий боловсролын сургууль улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 85,350 (наян таван мянга гурван зуун тавь) төгрөгийг улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА