| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1066/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1342 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Аззаяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Д.Аззаяа,
шүүгдэгч Ш.Н- нарыг оролцуулан эрүүгийн 2506000000527 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ****** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар ****** дүүргийн **** дугаар хороо, ************ дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Х овгийн Ш.Н- /РД: АА********/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Н- нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б дүүргийн *** хороо С хотхоны ***-* тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Л.Д-тэй маргалдаж улмаар биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны зөрөөтэй хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамар, зүүн доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокуророос Ш.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Л.Д-, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3387 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ш.Н-гийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ш.Н- нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б дүүргийн *** хороо С хотхоны ***-* тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Л.Д-тэй маргалдаж улмаар биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны зөрөөтэй хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамар, зүүн доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Н-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “…Тухайн маргаан болохын өмнө нь буюу 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр манай эхнэр Д- нь машинд явж байгаад “би 100 саяын өртэй болчихсон шүү” гэхээр нь ямар өр вэ? Гэсэн чинь байрны өр гэхээр нь би “Чи бид хоёр ямар ч өргүй биз дээ 8 жил гаран байрны зээл төлсөн одоо 12 сая төгрөг л үлдсэн биз дээ” гэсэн чинь “үгүй 100 сая” гээд бид хоёр маргалдаж эхэлсэн би маргааш өдөр нь гэртээ ороод юм дугараагүй юм харин нөгөөдөр нь би согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байдалтай гэртээ ороод “чи хаанаас өр байдаг юм, юу яриад байгаа юм?” гэсэн чинь 100 сая төгрөгийн өрөө төлнө байраа зарна гээд байсан тэр үед нь би баруун гараараа нэг удаа зүүн нүд хэсэгт нь цохьчихсон. Тэгээд би жоохон орилж байгаад унтаад өгсөн. Унтаж байхад цагдаа дуудчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
хохирогч Л.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нөхөр болох Н- нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гаднаас орж ирээд шууд надтай хэрүүл хийгээд байхаар нь би хоол хийж байна гэсэн чинь шууд намайг цохиод авсан. Тэр үед манай охин болох Анужин бид хоёрын дундуур орж ирээд хамгаалсан боловч дийлэхгүй намайг 00-ын дагуулж ороод 00-ын өрөөн дотор намайг дахин цохисон. Би арай гэж охинтойгоо гэрээс зугтаж гараад цагдаа дуудна гэж хэлээд цагдаа дуудчихаад өөрийн дүүгийн гэрт очоод байж байсан чинь цагдаа нар нь намайг буцаад гэртээ оч гэхээр нь очсон чинь цагдаа нар ирчихсэн байсан өөр зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3387 дугаартай “...1.Л.Д-гийн биед хамар ясны зөрөөтэй хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамар, зүүн доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүснэ. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь 1-2 хоног доторх хугацаанд үүссэн байна...” /хх-ийн 18-19/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ш.Н- нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Б дүүргийн *** хороо С хотхоны ***-* тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Л.Д-тэй маргалдаж улмаар биед нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны зөрөөтэй хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний дотор булан, доод зовхины цус хуралт, хамар, зүүн доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Ш.Н-гийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Ш.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 550.000 / таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ш.Н-д 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч Ш.Н- нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Хохирогч Л.Д- нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан шүүгдэгч Ш.Н-аас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овгийн Ш.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар...” буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тус ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасаар шүүгдэгч Ш.Н-г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н нь энэ тогтоолоор оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ш.Н- нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Ш.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт авагдсан баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР