| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2024/0734/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1344 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Л.Төвхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Л.Төвхүү,
шүүгдэгч Э.С- нарыг оролцуулан эрүүгийн 2409000000516 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын *** -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ***** дүүргийн *** дугаар хороо А-** тоотод тоотод оршин суух хаягтай боловч оршин суудаггүй, гадуур тэнэж амьдардаг, урьд
2 удаагийн ял шийтгэлтэй,
Б овогт Э.С- /регистрийн дугаар: АА******** /,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.С- нь 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр С дүүрийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” нэртэй лоунжид хохирогч Б.Р-ийн гээсэн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Э.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Б.Р, гэрч Г.Э- нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, дуу бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч Э.С- нь 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр С дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” нэртэй лоунжид хохирогч Б.Р-ийн гээсэн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.С-гийн хохирогч Б.Р-ийн гар утас буюу бусдын гээгдэл хөрөнгийг хувьдаа завшиж 1.2000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С-гийн мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Сургуулийн урд байрлалтай авто угаалгын үүдэнд гуйлга гуйгаад сууж байхад хоёр залуу намайг сошиалаар гардаг С- мөн үү гэж танимхайрч авто угаалгын замын эсрэг талын лоунж руу дагуулж орсон. Би тухайн газар ороод 100 мл хэмжээтэй архи ууж суусан. Тэр 2 залуу пиво ууцгааж байсан санагдаж байна. Удалгүй тэр 2 гарцгааж, би ширээн дээрх пивоны шил лаазыг янзалж тавихдаа гар утас байсныг авч гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27/,
хохирогч Б.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр С дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Л нэртэй караоке лоунжаар найз Э- мөн түүний дагуулж ирсэн тэнэмэл амьдралтай гудамжны хүн бид 3 нийлж үйлчлүүлсэн бөгөөд би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж найз Э-тэй жаахан маргалдаж барьцалдах хооронд түүний дагуулж ирсэн гудамжны залуу ширээн дээр тавьсан байсан миний гар утсыг аваад явсан байсан ..." гэсэн мэдүүлэг /хх-н 8/,
гэрч Г.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Р-ийн явуулсан бичлэгийг үзэхэд тэр өөрийн гар утсаа зүүн гарынхаа хажууд тавьсан байсныг С- аваад босож байгаа нь бичигдсэн байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...25 секундэд ганцаараа сууж үлдсэн хар бараан өнгийн хүрээтэй нүдний шилтэй дээгүүрээ улан өнгийн юүдэнтэй куртиктэй дотуураа улбар шаргал өнгийн цамцтай хүн ширээн дээрээс хар бараан өнгийн гар утас мэт зүйл аваад босож байгаа нь бичигдсэн..." гэсэн тэмдэглэл /хх-ийн 13-15/,
Хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ийн: “...Ай фоне 12 про макс гар утас 1.200.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-21/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ц Э.С- нь 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр С дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” нэртэй лоунжид хохирогч Б.Р-ийн гээсэн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Э.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-гийн тус хэрэгт нийт 58 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцох нь зүйтэй.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Э.С-гийн дээрх үйлдлийн улмаар хохирогч Б.Р-ид 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирол төлбөр төлөөгүй байх тул шүүгдэгч Э.С-гээс 1.200.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Р-ид олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж хувьдаа завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.С-гийн цагдан хоригдсон 58 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Э.С-гээс 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Р- /РД:АА********/-д олгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргасугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Э.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР