Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 58

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 Улсын яллагч Д.Нямдэлэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

 Нарийн бичгийн дарга Б.Урангоо  нар оролцов.

Аймгийн  Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  198 дугаар зүйлийн 198.2-д зааснаар Л.Нарантуяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201718000002  дугаартай  хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                 Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 28-нд Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч, нярав мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул 15 дугаар гудамж, 01 тоотод оршин суух хаягтай, хөдөлмөрийн чадвар 70 хувь алдалттай группэд байдаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хотгойд овогт Лхагвын Нарантуяа, РД:/ОР-72092801/     

      

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Л.Нарантуяа нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 12 цагийн орчимд Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг хилийн боомтоор АЦЦ нэртэй 400 хайрцаг, 8000 ширхэг, нийт 1.807.344 төгрөгийн үнэ бүхий эмийг хууль бусаар импортолсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Л.Нарантуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2016 оны 12 дугаар сарын 10-нд хадгаламж зээлийн хоршооноос 5.000.000 төгрөгийн зээл авсан байж байгаад Оросоос бараа оруулж ирж мөнгөө өсгөх гэсэн боловч хүнсний зүйл хүнд болоод хувцас үнэтэй болоод сонголтгүй болсон байсан. Тэгээд 1 сая төгрөгөнд нь чавга гэх мэт хүнсний зүйл авсан. Тэгээд хамт явсан хүний маань толгой өвдөөд аптек орж толгойны эм авахад нь Ацц эм хямд байсан тул үлдсэн 1.600.000 төгрөгтөө тааруулж авсан. Тэгээд эмийн санчаас “хилээр оруулж болох уу?” гэж асуухад “болно, ханиадны сироп шүү дээ” гэж хэлсэн учраас 400 хайрцаг эм авч хөлсөлж авч явсан машиныхаа ард хийсэн. Гэтэл гааль дээр саатуулж шалгасан. Ийм хэрэг хисэндээ маш их гэмшиж харамсаж байна. Ар гэрийн байдал хэцүү нөхөр хүүхэд өвчтэй, би өөрөө бас өвчтэй тул харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү..”  гэх мэдүүлэг

     Хохирогч Т.Мөнхзаяагийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Улсын хилээр иргэн хүн эмийн зүйл их хэмжээгээр нэвтрүүлж болохгүй өөрийн хэрэгцээний эмийг зохих журмын дагуу авч явах ёстой байдаг. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хилээр эмийн зүйлийг импортолно. Миний хувьд гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь уг эмийн зүйлийг улсын хилээр оруулж ирээд иргэдэд зарж борлуулсан зүйл байхгүй, ямар нэгэн хүн уг эмнээс болж хордож хохироогүй учир гомдол санал гэх зүйл алга байна. Харин зохих хуулийн дагуу шийдвэрлээсэй гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар тал/

Гэрч Л.Баярсайханы 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ОХУ-руу явах гээд найз Ц.Эрдэнэчимэгийн хамт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт очоод тэндээсээ Истана маркийн тээврийн хэрэгсэлд найзын хамт суугаад тэр өдрөө ОХУ-руу Улаан-Үүд хот руу гараад найз Ц.Эрдэнэчимэгийн хамт хүнсний зүйл болон бараа материал аваад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын хил дээр их хэмжээний эмийн зүйл тээвэрлэсэн байна гээд гаалийн улсын байцаагч нь хил дээр саатуулсан. Тэр үед жолооч Д.Лутсайхан, найз Ц.Эрдэнэчимэг бид гурваас өөр Л.Нарантуяа гэдэг эмэгтэй цуг явж байсан юм. Тэр эмэгтэй жолооч болон манай найз бид нарт мэдэгдээгүй АЦЦ нэртэй 400 хайрцаг эмийн зүйлийг тээврийн хэрэгсэлд хийсэн байна лээ. Тэр эмийг нь үзлэг шалгалтаар гаалийн байцаагч илрүүлээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/

Гэрч Ц.Эрдэнэчимэгийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ОХУ-руу өөрийн таньдаг найз Л.Баярсайханы хамт Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт очоод тэндээсээ Истана маркийн тээврийн хэрэгсэлд найзын хамт суугаад тэр өдрөө ОХУ-руу Улаан-Үүд хот руу гараад найз Л.Баярсайханы хамт хүнсний зүйл болон бараа материал аваад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын хил дээр их хэмжээний эмийн зүйл тээвэрлэсэн байна гээд гаалийн улсын байцаагч нь хил дээр саатуулсан. Тэр үед жолооч Д.Лутсайхан, найз Л.Баярсайхан бид гурваас өөр Л.Нарантуяа гэдэг эмэгтэй цуг явж байсан юм. Тэр эмэгтэй жолооч болон манай найз бид нарт мэдэгдээгүй АЦЦ нэртэй 400 хайрцаг эмийн зүйлийг тээврийн хэрэгсэлд хийсэн байна лээ. Тэр эмийг нь үзлэг шалгалтаар гаалийн байцаагч илрүүлээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/

Гэрч Д.Лутсайханы 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр над руу Л.Нарантуяа гэх эмэгтэй над руу залгаж холбоо барьж ОХУ-руу явах юм уу гэж асуухаар нь би тиймээ явна гэсэн. Тэгэхээр нь би Дарханд хүрээд ир гэсэн чинь Л.Нарантуяа нь 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт ирсэн. Тэгээд би Л.Нарантуяагаас гадна хоёр эмэгтэйг аваад надтай нийлээд 4-лээ 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 21 цагийн үед улсын хилээр ОХУ-ын Улаан-Үүд хот руу гарсан. Тэгээд надтай цуг явж байсан хүмүүс маань Улаан-Үүд хотоос ачаа бараагаа аваад миний машины ард хийцгээсэн. Ингээд нөгөө 3 эмэгтэйтэйгээ буцаад явж байгаад Монгол Улсын хил дээр АЦЦ гэх нэртэй эм, эмийн зүйл их хэмжээгээр тээвэрлэж явсан гээд саатуулагдсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/

Гэрч П.Мөнх-Орчлонгийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2016 оны 12 дугаар сарын 11-ний оройны 20 цагаас өглөөний 08 цаг хүртэлх хугацаанд Алтанбулаг сумын хилийн боомт дээр орох тал хариуцсан хяналт шалгалтын гаалийн улсын байцаагчаар үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 02 цагийн орчимд ОХУ талаас Истима маркийн 3758 ОРО улсын дугаартай автомашин гаалийн хяналтын бүсэд орж ирж миний бие машинд үзлэг шалгалт хийсэн. Тухайн үед зорчигч нарыг буулгаж байгаад ямар ачаа бараатай яваа талаар асуухад хүнсний зүйлтэй яваа гэхээр нь хориотой хязгаарласан бараа байхгүй биздэ гэж асуухад байхгүй гэж зорчигч болон жолооч нар хэлсэн. Тухайн автомашинд 3 зорчигч жолооч нь явсан. Ингээд хяналт шалгалт хийх явцад автомашины багаажинд ачсан байсан бүх ачаа бараанд үзлэг хийсэн нэг хар өнгийн уутанд эмийн хайрцагийг бөөнөөр нь хийж ороосон байдалтай нууж тавьсан байхаар нь нарийвчлан үзлэг хийхэд том цүнхэн дотор хийсэн байдалтай цүнхэнд оймс өмд цамц ахуйн зүйлс бүхий л хийж болох зүйлд АЦЦ-г бага багаар нь хийж тарааж нуусан байдалтай байсан. Мөн хайрцагтай печений доогуур зулж хийсэн байдалтай байхаар нь энэ хэний ачаа бараа бэ гэж зорчигч нараас асуухад Л.Нарантуяа гэдэг эмэгтэй миний ачаа бараа би АЦЦ-г нуучихсан юм гэж хэлсэн. Ингээд цүнхтэй ачааг нь гаалийн хяналтын бүс рүү авч ороод нэг бүрчлэн бүх бараа таваарт нь үзлэг хийгээд маш олон АЦЦ эмийн зүйл гарч ирээд. Ингээд уутанд хийж нуусан байсан хайрцаганд АЦЦ-г хийж хайрцгийг нь дүүргэхэд нийт 400 хайрцаг 8000 ширхэг АЦЦ байсан бүх АЦЦ-г илрүүлж үзлэг шалгалт хийгээд цагдаад штлжүүлсэн юм. Ямар учиртай АЦЦ-г хайрцаганд хийсэн юм гэхээр хайрцган дахь АЦЦ дутах юм бол дахиад үзлэг хийнэ гэж бодоод хайрцаганд хийсэн юм. Ингээд энэ өдрөө саатуулж Гаалийн хяналтын бүсэд хонуулаад өглөө ажил цуглахаар нь цагдаад хүлээлгэж өгсөн юм. Тухайн үед ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 6-15 дугаар тал/

Шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтэнд:

Хариулт 1.Иргэн Л.Нарантуяа Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан АЦЦ буюу Ацетилцистин 200 ханиаданд найруулж уудаг сироп нь 1 хайрцагтаа 20 ширхэгтэй 1 хайрцаг эмний нэгж үнэ 246 рубль, “АЦЦ” буюу Ацетилцистейн 100 мг 1 хайрцагтаа 20 ширхэгтэй хайрцаг эмний нэгж үнэ 237 рубль байна. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 15.2-р зүйлийг үндэслэж дээрх барааны гаалийн нэгж үнийг тодорхойлов.

Хариулт 2. Монгол Улсад эмийн бүртгэлийн кодолсон жагсаалтад уг эм нь “АЦЦ”-100 Ацетилцистейн-100 мг №20, “АЦЦ” -200 Ацеилцистейн-200мг №20 гэсэн нэршилтэй барааг тодорхойлох кодлох уялдуулсан системийн ангилалтын 3004.90.90 кодод хамаарч байна.

Хариулт 3.”АЦЦ” буюу Ацетилцистейн 200мг ханиаданд найруулж уудаг сироп гэх цаасан ууттай 10 мг нунтаг зүйл нь Монгол Улсын эмийн зүйл эмийн бүртгэлийн жагсаалтанд байна. Иргэн Л.Нарантуяагийн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан дээрх нэршилтэй эмийн зүйлийг лабораторийн дүгнэлтээр мэргэжлийн байгууллагаар тогтоолгох нь зүйтэй.

Хариулт 4.Монгол Улсад эмийн бүтээгдэхүүн импортлоход “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” 2001 оны хуулийн 15.12.4 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл шаардагдана. Харин 2010 оны 05 сарын 27-ны “Эм Эмнэлэгийн хэрэгслийн тухай” хуулийн 7 дугаар зүйлд “Хүний эм, эмнэлэгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэт нөлөөлөх эм, тэдгээрийн жгтвар бодис, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж  заасан. Тус хуулийн 15 дугаар зүйлд “Эм, эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эм, эмнэлэгийн хэрэгсэл импортлох, экспортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагаас лиценз авна” гэж заасан байгаа.

Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн нь Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхит бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулахыг хуулиар хориглосон байдаг. Гаалийн тухай хуулийн 227.3 дахь хэсэгт “Зорчигчийн хувийн хэрэглээний эмэнд яаралтай тусламж /7 хүртэл хоногийн/ эм болон удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах /чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг/ өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг эм багтана” гэж заасан байдаг.

Хариулт 5.Эмийн зүйлийг Монгол Улсын хилээр тусгай зөвшөөрлөөр импортолдог лицензийн хязгаарлалтай бараа.

Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан эмэнд ногдох татварыг тооцоолж үзэхэд:

 

Д/д

Барааны нэр

Тоо, ширхэг

Нэгж үнэ /Рубль/

Нийт үнэ /рубль/

Суурь үнэлгээ

/төг/

Гаалийн татвар /төг/

НӨАТ

/төг/

Нийт татварын дүн /төг/

1

АЦЦ 200мг

200 хайрцаг

246

49200

1,983,252

99,162,60

208,241,46

307,404,06

2

АЦЦ 100мг

200 хайрцаг

237

47400

1,910,694

95,534,70

200,622,87

296,157,57

Дүн

 

 

 

96,600

3,893,946

194,697,30

408,864,33

603,561,63

2016 оны 12 сарын 21-ний өдрийн ханш нь 1 рубль 40.31 төгрөг

 

Тухайн эмийн гаалийн нэгж үнээс бодож Гаалийн татвар 5%, НӨАТ 10% буюу нийт 603,561,63 төгрөгний татвар ногдож байна...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар тал/

Шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18-03-002/44 дүгнэлтэнд:

Хариулт 1.

  1. “АЦЦ” буюу Ацетилцистейн 200мг №20мг том хүний ханиаданд найруулж уудаг нунтаг нь өнөөдрийн байдлаар 1 цаасан ууттай нь 700 төгрөг,
  2. “АЦЦ” буюу Ацетилцистейн 100мг №20мг хүүхдийн ханиаданд найруулж уудаг нунтаг 1 цаасан ууттай нь 650 төгрөгийн үнэтэй байна.

Хариулт 2. “АЦЦ” буюу Ацетилцистейн 100, 200 мг нь ханиаданд найруулж уудаг нунтаг бөгөөд энэ нь эмийн зүйлд хамаарагдана.

Хариулт 3. Дээрх эмийг улсын хилээр тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж нэвтрүүлж болно. Иргэн нь нэвтрүүлж болохгүй. Хэдий хэмжээгээр нэвтрүүлж болохыг мэдэхгүй.

Хариулт 4.Дээрх зүйл нь хязгаарлагдсан, хориглосон бараа бүтээгдэхүүнд хамаарахгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар тал/

            Эм, эмийн бэлдмэлийн ангиллын код /хх-ийн 46-61 дүгээр тал/

            Шинжээчийн дүгнэлтийн талаар /хх-ийн 65-66 дугаар тал/

            Л.Нарантуяагийн ОХУ-ын Улаан-үүд хотоос 400 хайрцаг “АЦЦ” худалдан авсан баримт бичиг /хх-ийн 67 дугаар тал/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар тал/

            Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 78-79 дүгээр тал/

            Байнгын асаргаа шаардалагтай иргэний тодорхойлолтын хуулбар /хх-ийн 80-81 дүгээр тал/

            Даатгуулагч иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /хх-ийн 82 дугаар тал/

            Хөгжлийн бэрхшээлтэй иргэн аж ахуйн эрхлэхэд үзүүлэх санхүүгийн дэмжлэг олгох гэрээ /хх-ийн 83-84 дүгээр тал/

            Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэгийн үнэмлэхний  хуулбар /хх-ийн 85 дугаар тал/

            Хяргас сумын 90 жилийн ойн медалийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 86 дугаар тал/

            Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /хх-ийн 88 дугаар тал/

            Төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 90-91 дүгээр тал/

            Нягтлан бодогчийн Сертификатны хуулбар /хх-ийн 92 дугаар тал/

            Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар, Тахир дутуугийн дэвтрийн хуулбар /хх-ийн 93 дугаар тал/

            Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн №124 дугаартай лавлагаа /хх-ийн 95 дугаар тал/

            Капитал, Голомт, Хас, Хаан, Төрийн банк зэрэг банкуудын лавлагаа /хх-ийн 98-109 дүгээр тал/

            Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 118 дугаар тал/

            Халамжийн дэвтрүүдийн хуулбар, үнэмлэх тэмдэгний хуулбарууд /хх-ийн 119-125 дугаар тал/

            Шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн дүгнэлтэнд:

            Хариулт 1. “АЦЦ” 100мг, 200мг нь ханиаданд сироп хэлбэрээр найруулж уудаг нунтаг бөгөөд энэ нь эмийн зүйлд хамаарна. Монгол Улсын эмийн бүртгэлийн кодолсон жагсаалтад уг эм нь 3004.90.90 код бүртгэгдсэн байна. Эмчийн жоргүйгээр олгодог.

            Хариулт 2.Уг “АЦЦ” 100мг, 200мг амьсгалын дээд замын өвчин цэр гарахад хүндрэлтэй байгаа үед, хурц болон архаг бронхит, уушгины хатгалгаа, бронхиалная асимйн үед ууж хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл цэр гадагшлуулах, ховхлох үйлчилгээтэй болно.

            Хариулт 3. “АЦЦ” 100мг, 200 мг гэсэн бичигтэй цаасан уттай зүйл нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн учраас стандарт шаардлага хангаж байна. Хадгалалт тээвэрлэлтийн шаардлага хангаж байна.

            Хариулт 4. Уг “АЦЦ” 100мг, 200мг хүн амын хэрэгцээнд ашиглаж болно. Уг эмийн хадгалалтын хугацаа нь 2020 оны 6А1558 цувралын дугаартай нь 8 сард, 2020 оны 6И1626 цувралын дугаартай нь 9 сард хугацаа нь тус тус дуусна...” гэх дүгнэлт /хх-ийн 139-140 дүгээр тал/

            Шүүгдэгч Л.Нарантуяаг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 74 дүгээр тал/

            Шүүгдэгч Л.Нарантуяаг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 76 дугаар тал/

            Шүүгдэгч Л.Нарантуяаг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 144 дүгээр тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд:

 

           Шүүгдэгч Л.Нарантуяа нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 12 цагийн орчимд Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг хилийн боомтоор АЦЦ нэртэй 400 хайрцаг, 8000 ширхэг, нийт 1.807.344 төгрөгийн үнэ бүхий эмийг хууль бусаар импортолсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; Хохирогч Т.Мөнхзаяагийн /хх23/ гэрч Л.Баярсайханы /хх24/, Ц.Эрдэнэчимэгийн /хх25/, Д.Лутсайханы /хх26/, П.Мөнх-Орчлонгийн /хх29/ нарын мэдүүлгүүд, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр тал/, Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 5-8 дугаар тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 6-15/, эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16/ болон АЦЦ гэх  нэр төрлийн эм нь Монгол улсын бүртгэлд бүртгэлтэй, 3004.90.90 кодтой байна, стандарт шаардлага хангана гэх шинжээчийн 18-03-002/10 тоот дүгнэлт /хх-ийн 139-140/ зэрэг болно.  

           Тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн албан хаагч нараас хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх үнэн зөв гэж үзэв.            

           Шүүгдэгч Л.Нарантуяад холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2-д зааснаар ...хууль бусаар эм импортлох... гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байна.

           Иймээс шүүгдэгч Л.Нарантуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2-д заасан ...хууль бусаар эм импортлох гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

           Шүүгдэгч Л.Нарантуяаг Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөр байхгүй, ар гэрийн  нөхцөл байдал зэргийг ял шийтгэл оногдуулахдаа  хөнгөрүүлж, шүүхээс оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

             Шүүгдэгч Л.Нарантуяа бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно. 

           Шүүгдэгч Л.Нарантуяагийн хууль бусаар импортлосон АЦЦ нэртэй 400 хайрцаг 8000 ширхэг нийт 1.807.344 төгрөгийн үнэ бүхий эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

             Учир нь дээрх эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй боловч уг эмийг оруулж ирэх эрх бүхий байгууллага оруулж ирээгүй, түүнчлэн уг эмийн найрлага бүтэцэд лабраторийн түвшинд шинжилгээ хийж эмчилгээ үйлчилгээний шаардлага хангах талаар шинжээчийн дүгнэлт гараагүй, эм эмийн бэлдмэлийн хураан авсан үеэс эхлэн шаардлага стандартанд нийцүүлж хадгалсан эсэх тодорхойгүй байх тул улсын орлогод оруулах боломжгүй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,  284,  286. 290-р зүйлийн 290.3, 294,  297,  298-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1 д зааснаар Хотгойд овогт Лхагвын Нарантуяаг мөн хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2 д  заасан “...хууль бусаар эм импортлох...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 198-р зүйлийн 198.2-д зааснаар шүүгдэгч Хотгойд овогт Лхагвын Нарантуяад 03 жил 01 сарын хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 т зааснаар шүүгдэгч Л.Нарантуяад оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.3-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан АЦЦ нэртэй 400 хайрцаг 8000 ширхэг нийт 1.807.344 төгрөгийн үнэ бүхий эмийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Энэ хэргийн улмаас шүүгдэгч Л.Нарантуяа цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурьдсугай.

6.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Хотгойд овогт Лхагвын Нарантуяад оногдуулсан 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай .

7.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.4-д зааснаар ялтан Л.Нарантуяагийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг анхааруулсугай.

9.Шүүгдэгч Л.Нарантуяад урд авсан оршин суугаа газраасаа гадагш явахгүй байх баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3 т зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.ЭРДЭНЭХИШИГ