Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0926

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Т********* ХХК /РД:*******/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ц.Т********** холбогдох түүний гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ц*******, гомдол гаргагчийн төлөөлөгч Б.М*********, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.У**********, хариуцагч Ц.Т********* нар оролцов.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Т********* ХХК-иас тус шүүхэд хандан Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ц.Т*********гийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шийтгэл оногдуулах тухай 0034265 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Гомдол гаргагч Т********* ХХК нь өөрийн дүрэмд зааснаар гадаад худалдаа, мал аж ахуй, газар тариалан, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдаа зэрэг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг.[1]

2.2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлтэд үйл ажиллагаа явуулж буй мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авах тухай 08/1021 дугаартай албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/01/501 дугаартай[2] төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамж гарсан.

2.3. Дээрх удирдамжид Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Эмээлтэд байршилтай мах, махан бүтээгдэхүүн боловсруулах 19, мал төхөөрөх, боловсруулах 15 үйлдвэрийг хяналт шалгалтад хамруулж, холбогдох баримт бичгийн, стандартын хяналт шалгалтыг хийх, шаардлагатай тохиолдолд түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулахаар заажээ.

2.4. Тус удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ц.Т*********гээс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргагч Т********* ХХК-ийн агуулахад байх дулааны аргаар хагас боловсруулсан гэх хайрцагт савласан 100 тн ямааны махнаас вакум савлагаатай 5 кг хөлдөөсөн дээжийг задлахгүйгээр, сав баглаа, боодлын битүүмжлэлийг алдагдуулахгүйгээр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн.[3]

2.5. Лабораторийн шинжилгээний дүн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр баталгаажсан бөгөөд тус шинжилгээний дүгнэлтээр /бүртгэлийн дугаар 22-2125/[4] ... Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.2х107 хүртэл хэтэрсэн ... гэсэн дүн гарсан.

2.6. Дээрх үйл явдлын дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тамгын газрын даргаас 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 02/1863 дугаартай албан бичгээр[5] Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандан нэр бүхий компаниудыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар зөрчлийг шалган танилцуулах талаар мэдэгдсэний дагуу гомдол гаргагч Т********* ХХК-ийн хагас боловсруулсан ямааны махнаас нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байсан тул зөрчлийн хэрэг нээж шалгах болсон гэж хариуцагч тайлбарласан.

2.7. Улмаар хариуцагчаас ... 22/2125 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнг хянаад нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.2х107 хүртэл хэтэрсэн буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх ямааны чанасан мах хадгалсан гэх үндэслэлээр 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 0034265 тоот шийтгэлийн хуудас гарган, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 5 000 000 төгрөгөөр торгож, ямааны махыг хураан авч шийдвэрлэжээ.

2.8. Гомдол гаргагчийн зүгээс Дээжийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр авснаас хойш 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр болон 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрүүдэд лабораторийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Гэтэл удирдамжид зааснаар шинжээчийн дүгнэлт гарснаас ажлын 5 хоногийн дотор холбогдож иргэн, аж ахуйн нэгжид танилцуулаад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрхийг нь хангах ёстой байсан. Гэтэл манайд бодит байдал дээр 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр танилцуулсан. Холбогдогч байгууллагын зүгээс танилцсан тухайн өдрөө дахин шинжээч томилуулах, дахин дээж авхуулах хүсэлтүүдийг бичгээр гаргаж байсан. Гэтэл энэ хүсэлтүүдийг огт шийдвэрлээгүй. Магадгүй тухайн үед дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй гээд эрх бүхий албан тушаалтан үзсэн бол хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгоод шийдвэрлэхгүй яасан юм. Тэгсэн бол бид нар хяналтын прокурор болон холбогдох дээд шатны байгууллагад гомдлоо гаргаад эрхээ хэрэгжүүлээд шийтгэлийн хуудас гаргахаас өмнө бид нар холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллах байсан ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.9. Хариуцагчийн зүгээс ... Би М*********захирлаас өөрөөр нь гаргуулан вакумжсан орчинд байгаа гадуур нь уутанд хийгээд Мал эмнэлгийн лабораторид аваачиж өгсөн. Вакум юу ч алдагдаагүй гэсэн үг юм. 2022 оны 6 дугаар сарын 03-ны өглөө гэдэг нь лабораторийн дарга, ажилтнууд руу утсаар залгаад утсаа аваагүй, түгжрэлд явсаар байтал 16 цаг 30 минутад лабораторийн газрын ажил тарсан байсан. Би буцаад өөрийн ажилладаг мэргэжлийн хяналтын хэлтсийн дээж хадгалах хөргүүрт аваачиж хөлдөөсөн. Тэнд ямар ч гэссэн юмнууд байхгүй Дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт М*********захирал хүргүүлж байсан. Тэндээс хариунууд ирсэн байх ёстой. Би шийдвэрлээгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Ц.Т********* байцаагч дуудаж танай үйлдвэрийг шалгах хэрэгтэй гэсэн. Тэгэхэд шаардлагын дагуу үйлдвэр дээрээ очиж үйлдвэрээ шалгуулаад, үйлдвэр дээрээс бүтээгдэхүүний дээж авсан. Бүтээгдэхүүний дээж гэдэг нь манай бүтээгдэхүүн дулааны аргаар хагас боловсруулсан нэг бүр нь 5 кг-аар савласан, нэг хайрцагтаа 20 кг-аар хайрцагласан бүтээгдэхүүн юм. Тэр бүтээгдэхүүний дээжийг шинжилгээнд авч яваад үйлдвэр болон гүн хөлдөөгч байруудыг лацадсан. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 15:00 цагийн үед дээжийн бүтээгдэхүүнийг гялгар уутанд машиндаа хийгээд аваад явсан. Үүнээс хойш холбогдоогүй байж байгаад 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр надтай холбогдож бүтээгдэхүүн устгах болсон тухай утсаар мэдэгдсэн. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр авсан шинжилгээнээс хойш манайхтай холбогдоогүй байж байгаад 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр анх удаа мэдэгдсэн. Ингээд энэ маргаан эхэлсэн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн албан мэдэгдэл манайд ирсэн. Үүнд: бүтээгдэхүүнийг нийслэлийн байгууллагад шилжүүлсэн, танай бүтээгдэхүүн устгалд орох болсон гэсэн мэдэгдэл өгсөн. Бид энэ үйл ажиллагаанаас эхлүүлээд их гайхсан. Яагаад бүтээгдэхүүнийг нэг удаа авчхаад шууд устгалд оруулах болсон бэ. Бүтээгдэхүүний сорьцын талаар яагаад надад мэдэгдээгүй, төрийн байгууллага ийм мэдэгдэл гаргадаг вэ гэж маргаж эхэлж байгаа юм. гэжээ.

3.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.У********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа Мэргэжлийн хяналтын газрын удирдамжийн дагуу хяналт шалгалтыг төлөвлөгөөт бусаар хийсэн гэдэг. Хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 021/501 тоот удирдамжаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байршилтай, мах махан бүтээгдэхүүн боловсруулах, мал төхөөрөх боловсруулах 15 үйлдвэр энэ хяналт шалгалтад хамрагдана гэсэн. Энэхүү хяналт шалгалтаар түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалт, шаардлагатай тохиолдолд түүхий эд бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулах, баримт бичгийг хуулбарлан фото зураг болон дуу, дүрс бичлэг хийх зэрэг аргуудаар хийнэ гэж удирдамжид заасан. Мөн удирдамжийн 6 дахь хэсэгт хяналт шалгалт эхлэх болон дуусах хугацааг заасан. Удирдамжийн 6.1 дэх хэсэгт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлээд ажлын 10 хоногт хийж гүйцэтгэнэ гэж заасан. Тэгэхээр үүнээс хойш 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хяналт шалгалт дуусахаар байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ярихдаа 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дээж авсан, тэгэхээр тухайн хяналт шалгалтын удирдамжид заасан хугацаа дууссаны дараа дээж авах ажиллагааг хийсэн байна гэсэн. Удирдамжийн 8 дахь хэсэгт хяналт шалгалтын дүнг танилцуулах, шалгалтын явц болон дүнгийн талаар удирдах дээд байгууллага шалгалт дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор танилцуулаад холбогдох шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдээд хүргүүлнэ гэж заасан. 2 сар гаруй хугацааны дараа мэдэгдсэн. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дээж аваад, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Мал эмнэлгийн улсын лабораторид хүлээлгэж өгсөн нэг баримт, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэж өгсөн хоёр баримт байгаа. Мал эмнэлгийн улсын байцаагчаас лабораторийн хоёр дүгнэлт гарсан. 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дүгнэлт гараад байхад холбогдогч байгууллагад 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэж, тухайн үед танилцуулж байсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 021863 тоот албан бичгийн дагуу холбогдох хяналт шалгалтыг хариуцагч хийсэн гэдэг. Гэтэл энэ албан бичигт Т********** ХХК огт байхгүй, дурдагдаагүй. Гэтэл хариуцагч нь энэхүү албан бичиг болон удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн гэж тайлбарлаад байгаа нь эдгээр баримтаар үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч дүгнэлт гаргасан шинжээчийг гэрчээр асуусан. Энэ гэрчийн мэдүүлэгт ямааны чанасан маханд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлт тогтоогдсон, гэхдээ тухайн бүтээгдэхүүнийг шууд хэрэглэхгүйгээр холбогдох стандарт, аргачлалын дагуу дахин боловсруулаад хэрэглэх арга зам байгаа гэж мэдүүлсэн. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүнийг шууд хурааж авч устгалд оруулах биш, стандарт, холбогдох аргачлалын дагуу дахиад бүрэн боловсруулаад ашиглах боломжтой гэдэг зүйлийг мэргэжлийн шинжээч гэрчийн мэдүүлгээрээ хэлсэн байна. Гэтэл шууд хурааж аваад устгалд оруулна гэдэг шийдвэр гаргаад байгаад гомдолтой байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн тэмдэглэлд хураан авах ажиллагааг дүрсний нэг бичлэг, гэрэл зургийн дөрвөн кадраар баримтжуулаад тэмдэглэлд хавсаргахаар тогтож, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цаг 35 минутад дуусгаж, тэмдэглэлийг оролцогч Т********** ХХК-ийн М********** уншиж танилцуулж, гарын үсэг зуруулав гээд бичсэн. Гэтэл М********** уншиж танилцуулж, гарын үсэг зурсан баримт байхгүй, гарын үсэг зураагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийг танилцуулаагүй. Хариуцагч хариу тайлбартаа тухайн дээжийг холбогдох стандартын дагуу шинжилгээнд зориулсан Засгийн газрын 2019 оны 267 дугаар тогтоолын хавсралтаар баталсан шинжилгээнд зориулан авсан хэв загвар, дээжийн хадгалалт, тээвэрлэлтийн горимын дагуу тээвэрлэсэн, тухайн дээжийг стандартын дагуу аваад ямар ч дүрэм журам зөрчөөгүй гэдэг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан зөрчлийн хэргийг бүхэлд нь ирүүлсэн гэж ойлгож байна. Тэр хэрэгт дүрсний бичлэг тэмдэглэлд тусгагдсан байгаа мөртлөө байхгүй, гэрэл зургийн дөрвөн кадр байхгүй. Магадгүй хариуцагч холбогдох дүрэм журмын дагуу тухайн дээжийг аваад тээвэрлэлт, горимын шаардлагыг хангаад явсан бол дүрс бичлэг болон фото зургуудыг хэрэгт хавсаргаж өгөх ёстой байсан байх. Эдгээр баримтууд байхгүй учир холбогдох журмуудыг зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2011 оны 19 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журмын 3.3 дахь хэсэгт үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны газарт үйлдвэрлэж, хадгалж, борлуулж байгаа бүтээгдэхүүнээс дээж, арчдасын шинжилгээг холбогдох стандарт, батлагдсан зааврын дагуу авна. Мөн журмын 3.8 дахь хэсэгт улсын байцаагч шинжилгээнд авсан дээжийн ариун чанар, бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд хадгалалт болон тээвэрлэлт, температурын горимыг баримтална гэж заасан. Гэтэл 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлөөлөгч М*********тухайн үед байсан. Тухайн дээжийг аваад нийллэг уутанд хийгээд ямар ч стандарт, горим, журмын дагуу тээвэрлэлт хийгээгүй. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нь халуун зуны үе юм. Ямааны хагас боловсруулсан бүтээгдэхүүн нь хөлдүү байдалд байх ёстой. Эрүүл ахуйн шаардлага хангах үүднээс горим дүрмийн дагуу хагас хөлдөөсөн байдалтайгаар авч явах ёстой бүтээгдэхүүн байсан. Гэтэл тухайн дээжийг авснаас хойш 2022 оны 6 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 45 минутын үед лабораторид хүлээлгэж өгсөн гэж шинжээчийн дүгнэлтэд гэрчийн мэдүүлэг өгсөн. Бүтээгдэхүүний дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбоотой журмын 4.4 дэх хэсэгт дээжийг авснаас хойш 6 цагийн дотор лабораторид хүргэх ёстой. Дээжийг тогтоосон хугацаанд хүргэх боломжгүй бол лабораторид хүргэх боломжгүй байгаа талаараа урьдчилан мэдэгдээд хадгалалтын үеийн горимыг баримтлаад 3 хоногоос хэтрүүлэхгүйгээр хүргэх ёстой. Гэтэл хариуцагч тайлбарлахдаа дээжийг аваад лабораторид хүргэх гэж байтал ажлын цаг дууссан, маргааш өглөө ажлын цаг эхлэхээр аваачиж өгсөн гэдэг. Ажлын цаг дууссан, хүргэж өгөх боломжгүй бол энэ журмын 4.4 дэх хэсэгт зааснаар лаборатори руу урьдчилан мэдэгдээд, тэмдэглэл үйлдэх ёстой байсан. Шинжээчийн дүгнэлт гараад 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр холбогдох байгууллагад мэдэгдчихлээ, мэдэгдээд зөрчлийн хэрэг үүсэж байгаа гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч мэдэнгүүтээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бүтээгдэхүүнээс дээж авах, түүнийг хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон журмын 3.14 дэх хэсэг болон 3.15 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна, дахин шинжээч томилуулъя гэдэг хүсэлтийг удаа дараа гаргасан. Энэ хүсэлтүүдийг шийдвэрлээгүй. Яагаад шийдвэрлээгүй вэ гэвэл нийслэлийн зөвлөлд танай асуудлыг шийдвэрлэх гээд шилжүүлсэн байгаа, би мэдэхгүй гэдэг. Ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй байдаг. Гэтэл тухайн журмын 3.14 дэх хэсэгт шинжилгээ хийсэн дээж нь стандарт, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангаагүй тухай улсын байцаагчийн үйлдсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шалгуулагч этгээдийн хүсэлтээр улсын байцаагч давтан дээжийг авч шинжлүүлнэ, 3.15 дахь хэсэгт давтан дээжийн шинжилгээний дүнг шалгуулагч этгээд хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй гэж заасан. Тэгэхээр эрхээ хэрэгжүүлээд давтан шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасаар байтал тухайн хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр шууд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шийтгэлийн хуудас ногдуулсан байна. Зөрчлийн хувийн хэрэгтэй танилцахад нэхэмжлэгчийн төлөөлөгч М********* хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байдаг. Гэхдээ 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ганц удаа зөрчлийн хэрэгтэй танилцуулсан. Зөрчлийн хэрэг танилцуулсан тэмдэглэлээр нотлогдож байна. Гэтэл 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгчид танилцуулаад яг тэр өдрөө шийтгэлийн хуудас гаргасан. Прокурорт зөрчлийн хэргийг хянуулахаар 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлсэн. Нэг хоногийн дотор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийгээд шийдвэр гаргаад явчихдаг биш. 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр магадгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад М*********төлөөлөгч өмгөөлөгч аваад эрхээ эдлээд явсан бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны материалтай танилцангуутаа шинжээч томилуулах хүсэлтээ шийдвэрлүүлье гэдэг шаардлагаа тавих байсан. Түүнтэй холбоотойгоор нэмэлт баримтууд гаргаж өгөх, нэмэлт хүсэлтүүд гаргах боломж байсан. Гэтэл эдгээр эрхийг нь хангалгүйгээр 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр танилцуулаад тэр өдрөө шийтгэлийн хуудас ногдуулсан. Зөрчлийн хэрэг хянан шалгах хугацаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлтийг явуулна, 14.2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоног, шаардлагатай нэмэлт ажиллагаа явуулах тохиолдолд прокурор 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж заасан. Гэтэл зөрчлийн хэрэг нээх тогтоол нь 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гарсан. Гэтэл шийтгэл ногдуулсан огноо нь 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр. Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах, зөрчил шалган шийдвэрлэх хуулийн хугацаа дууссан байхад шийтгэлийн хуудсыг гаргасан зөрчил байгаа юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй. Магадгүй тухайн дээжийг холбогдох норм журам стандартын дагуу аваад лабораторид журмын дагуу хүргэж өгөөд дээж авснаас хойш лабораторид хүргэх хүртэл хугацаанд тухайн бүтээгдэхүүнд нян, бактери үржих боломж нөхцөлийг олгоогүйгээр, стандартын дагуу явсан бол энэ талаар дуу, дүрсний бичлэг, гэрэл зураг, холбогдох баримтуудыг зөрчлийн хэрэгт хавсаргах ёстой байсан. Гэтэл ерөөсөө тийм баримт байхгүй. Эрх бүхий албан тушаалтан хэрвээ шаардлагатай гэж үзвэл тухайн үеийн дуу, дүрсний бичлэг, зөрчлийн хэрэгтэй танилцахад хариуцагч зөрчлийн хэргийг нээгээд, дунд нь өөр байцаагч нар луу шилжүүлээд, яаралтай арга хэмжээ авах болонгуут улсын байцаагч нар хэд хэд солигдож байгаад буцаад хариуцагчид очсон асуудал байдаг. Магадгүй энэ хооронд холбогдох баримт, дуу, дүрсний бичлэг, гэрэл зураг байсан бол шилжих тутам тухайн баримтуудыг зөрчлийн хэрэгт хавсаргаад хамт явах ёстой байсан. Гэтэл тийм зүйл ерөөсөө байхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлд тэмдэглэл үйлдэх журмын хувьд тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтан ажиллагаанд оролцсон хүн гарын үсэг зурна. Уг журмын 4.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ажиллагаанд оролцсон хүнээр гарын үсэг зуруулна, хэрвээ гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ талаар шалтгааныг тэмдэглэлд тусгана гэж байгаа. Тэгэхээр тухайн тэмдэглэлд гарын үсэг зуруулсан, тэмдэглэл танилцуулсан үйл баримт зөрчлийн хэргийн материалаас харагдахгүй байна. Уг журмын 4.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ажиллагаанд хийсэн дуу, дүрсний бичлэг, гэрэл зураг, гар зураглал, хэв загварыг тэмдэглэлд хавсаргана гэж заасан. Гэтэл тэмдэглэл дээр дуу, дүрсний бичлэг хийсэн, дөрвөн ширхэг фото зураг авсан гэдэг. Гэтэл энэ зүйлүүд ерөөсөө тухайн тэмдэглэлд тусгагдаагүй байна. Мөн улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримтыг бүрдсэн эсэхийг харж байгаад шийтгэл ногдуулах эсэхээ шийдэх ёстой. Гэтэл тухайн бүтээгдэхүүнийг шууд устгалд оруулах, хураан авах нөхцөл байдал харагдахгүй. Яагаад гэвэл мэргэжлийн эрх бүхий байгууллагаас дүгнэлт гаргасан шинжээчийн гэрчийн мэдүүлгээр нотлогдоод байгаа. Дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаад тухайн лабораторийн шинжилгээний дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байтал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн эрхийг хангалгүйгээр шууд шийтгэлийн хуудас ногдуулж байгаа нь хэт нэг талыг баримталсан, үндэслэлгүй шийтгэлийн хуудас байна гэж үзэж байна. Магадгүй тухайн үед холбогдогч байгууллагын дахин шинжээч томилуулах хүсэлтийн дагуу дахин шинжээч томилсон бол энд өнөөдрийн маргаан үүсэхгүй байх байсан нөхцөл байдал байгаа юм ... гэжээ.

3.3. Хариуцагч Ц.Т********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дээж авсан. Үүнд н.**********, н.М********** байцаагч нартай хамтарч дээж авсан байдаг. Т********** ХХК нь нийллэг уутанд хийж авч явсан гэнэ. Би М*********захирлаас өөрөөр нь гаргуулан вакумжсан орчинд байгаа гадуур нь уутанд хийгээд Мал эмнэлгийн лабораторид аваачиж өгсөн. Вакум юу ч алдагдаагүй гэсэн үг юм. 2022 оны 6 дугаар сарын 03-ны өглөө гэдэг нь лабораторийн дарга, ажилтнууд руу утсаар залгаад утсаа аваагүй, түгжрэлд явсаар байтал 16 цаг 30 минутад лабораторийн газрын ажил тарсан байсан. Би буцаад өөрийн ажилладаг мэргэжлийн хяналтын хэлтсийн дээж хадгалах хөргүүрт аваачиж хөлдөөсөн. Тэнд ямар ч гэссэн юмнууд байхгүй ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагад дурдсан Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ц.Т*********гийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шийтгэл оногдуулах тухай 0034265 тоот шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хуульд заасныг зөрчиж: гээд мөн зүйлийн 3.1 дэх заалтад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн; бол ... хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ.

2. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий аж ахуй эрхлэгч нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, худалдах, түүгээр үйлчлэхийг хуулиар хориглосон байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад, хариуцагчийн зүгээс маргаж буй 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шийтгэл оногдуулах тухай 0034265 тоот шийтгэлийн хуудсыг гаргахдаа гомдол гаргагч Т********* ХХК-ийн хөлдөөгч агуулахад хадгалагдаж байсан 100 тн хагас боловсруулсан битүүмжилсэн савлагаатай ямааны 5 кг махнаас авсан дээжийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 22-2125 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгээр[6] ... Нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.2х107 хүртэл хэтэрсэн ... гэж гарсныг үндэслэн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн хадгалсан гэх зөрчил гаргасан гэж үзжээ.

4. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан буюу энэ тохиолдолд хариуцагч нь зөрчилд холбогдсон этгээдэд хариуцлага оногдуулах хуулиар олгогдсон эрх хэмжээтэй хэдий боловч аливаа зөрчлийг тогтоохдоо зөрчилд холбогдогч этгээдэд хуулиар олгосон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны эрхийг эдлүүлэх, гаргасан гэх зөрчлийг бүх талаас нь бүрэн бодитой тогтоох үүргийг мөн хүлээнэ.

5. Тухайлбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Холбогдогч дараахь эрхтэй: гээд мөн зүйлийн 2.5 дахь заалтад зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах; гэжээ.

6. Мөн хуулийн 4.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрх бүхий албан тушаалтан хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтанд шинжилгээ хийлгэнэ. гэж, мөн зүйлийн 6 дахь хэсэгт Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно. гэж зохицуулжээ.

7. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, зөрчилд холбогдогч этгээд нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээнд тодорхой ажиллагаа явуулах /тухайлбал, шинжилгээ хийлгэх, дахин шинжилгээ хийлгэх/ хүсэлт гаргах, энэ хүсэлтээ эрх бүхий албан тушаалтнаар шийдвэрлүүлэх эрхтэй байх бөгөөд тийм хүсэлт гаргасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан өөрөө шийдвэрлэх үүрэгтэй байна.

8. Гомдол гаргагчийн зүгээс үндэслэж буй гол тайлбар нь ... манай компанийн зүгээс танилцсан тухайн өдрөө дахин шинжээч томилуулах, дахин дээж авхуулах хүсэлтүүдийг бичгээр гаргаж байсан. Гэтэл энэ хүсэлтүүдийг огт шийдвэрлээгүй ... гэх агуулгатай үндэслэл байна.

9. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбаруудаас үзэхэд, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд[7] гомдол гаргагч Т********* ХХК-ийн захирал Б.М*********аас ... дахин буюу 2 дахь удаагийн шинжилгээнд хамрагдах хүсэлтэй байна гэх, мөн өдрийн Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд ... манай компани нь дахин шинжилгээнд хамрагдах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг өөрийн гараар бичиж 2 удаа гаргаж байсан боловч түүнийг эрх бүхий албан тушаалтан Ц.Т********* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байна.

10. Гомдол гаргагчийн зүгээс дахин шинжилгээ хийлгэх хүсэлттэй байсан, түүнийг шийдвэрлэхгүйгээр шийтгэлийн хуудас гаргасан, дахин шинжилгээг зохих журмын дагуу хийсэн бол зөвшөөрөгдөх нянгийн тооны хэмжээний дүн өөр гарах магадлал байхыг үгүйсгэхгүй гэх агуулгаар маргаж байгаа энэ тохиолдолд хариуцагч нь дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг зайлшгүй шийдвэрлэх нь зүйтэй байсан гэж шүүх дүгнэлээ.

11. Мөн гомдол гаргагчийн зүгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тамгын газрын даргаас 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт явуулсан 02/1863 тоот албан бичигт[8] Т********* ХХК-ийн нэр дурдагдаагүй байхад зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хуульд нийцээгүй гэх агуулгаар маргасан.

12. Хавтаст хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тамгын газрын даргаас 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт явуулсан 02/1863 тоот албан бичигт гомдол гаргагч Т********* ХХК-ийн нэр дурдагдаагүй болох нь тогтоогдож байх бөгөөд тийм атал 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоолд[9] уг албан тоотыг дурдаж зөрчлийн хэрэг нээсэн нь ойлгомжгүй.

13. Энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчаас үндэслэл бүхий тайлбар өгөөгүй болохыг тэмдэглэж, уг шүүхийн шийдвэрийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулахдаа энэ асуудлыг тодруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

14. Иймд шүүхээс дээр дурдсан эргэлзээ бүхий үйл баримтуудыг цаашид хариуцагч эрх бүхий албан тушаалтан нягтлан тодруулах нь зүйтэй буюу шинжлэн судлах асуудлын цар хүрээ нь шүүхэд хамааралгүй байна гэж үзэж, маргаж буй 0034265 тоот шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, хариуцагчийг 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргахаар тогтоож шийдвэрлэлээ.

15. Шүүхээс тогтоосон дээрх хугацаанд хариуцагч нь энэ шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан асуудлуудыг шийдвэрлэж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй 0034265 тоот шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдаж байна.

16. Шүүхээс тогтоосон 1 сарын хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойш тоолох болохыг тэмдэглэж байна.

17. Шүүхээс гомдол гаргагчийн гаргасан бусад үндэслэлүүд болох тухайлбал, ... Удирдамжийн 6.1 дэх хэсэгт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлээд ажлын 10 хоногт хийж гүйцэтгэнэ гэж заасан. Тэгэхээр үүнээс хойш 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хяналт шалгалт дуусахаар байсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ярихдаа 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дээж авсан, тэгэхээр тухайн хяналт шалгалтын удирдамжид заасан хугацаа дууссаны дараа дээж авах ажиллагааг хийсэн байна ... гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

18. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн[10] 6.1-д төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхэлж, ажлын 10 хоногт хийж гүйцэтгэнэ гэж заасан байх боловч ажлын 10 өдрийг тоолоход 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Мягмар гарагт дуусахаар байх бөгөөд түүний дараагийн өдөр нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бүх нийтээр амрах баярын өдөр байсан тул дээж авах ажиллагаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшилсон гэж үзэх боломжтой, түүнчлэн энэ нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нээсэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь үгүйсгэх шууд үндэслэл болохгүй гэж шүүх үзсэн.

19. Мөн гомдол гаргагчийн зүгээс тайлбарласан ... Удирдамжийн 8 дахь хэсэгт хяналт шалгалтын дүнг танилцуулах, шалгалтын явц болон дүнгийн талаар удирдах дээд байгууллага шалгалт дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор танилцуулаад холбогдох шийдвэрийг иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдээд хүргүүлнэ гэж заасан. 2 сар гаруй хугацааны дараа мэдэгдсэн ... гэх, мөн ... дээж авахдаа зохих журмын дагуу аваагүй ... гэх тайлбаруудыг шүүхээс маргаж буй 0034265 тоот шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн энэ тохиолдолд хүлээн авч, дүгнэх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

20. Харин хариуцагч нь дахин шинэ акт гаргахдаа гомдол гаргагчийн зүгээс тайлбарласан дээрх асуудлуудыг анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.5 дахь заалт, 4.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан гомдол гаргагч Т********* ХХК-иас гаргасан гомдлын шаардлагад дурдсан Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Ц.Т*********гийн гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шийтгэл оногдуулах тухай 0034265 тоот шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий 0034265 тоот шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ