Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2022/02055

 

 

 

 

 

 

 

 

 

 2022 оны 06 сарын 24 өдөр                         Дугаар 183/ШШ2022/02055                      Улаанбаатар хот

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүрэг, 5001 тоотод байрлах, К /РД:******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, Ш овогт Б.Ч /РД:*********/,

Хариуцагч: Х дүүрэг,  Ө овогтой Г.Г /РД:********/,

Хариуцагч: Х дүүрэг, С овогт М.С  /РД:********/,

Хариуцагч: Х дүүрэг, Х овогтой М.Э /РД:********/,

Хариуцагч: Х дүүрэг, Г.Т /РД:********/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: дундын өмч ашигласны төлбөр, ашиглалтын зардалд нийт 43 840 298.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Г.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.

Хариуцагч Б.Ч, М.Э, М.С нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч эзгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзахгүй гэсэн, хариуцагч Г.Т-ын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хүсэлт гаргасан тул хариуцагч Ч.Ч, М.Э, М.С, Г.Т нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно. 

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч  К ГҮТББ нь хариуцагч Б.Ч, Г.Г, М.С, М.Э, Г.Т нарт холбогдуулан дундын өмч ашигласны төлбөр, ашиглалтын зардалд нийт 43 840 298.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Манай байгууллагын захиргаа нь Улаанбаатар хотын С дүүрэг  1В тоот өрөөнүүдэд үйл ажиллагаагаа явуулж компьютер худалдааны төвд оффисын өрөө, худалдаа үйлчилгээний талбайг өмчлөгч нартай ашиглалтын гэрээ байгуулан ажилладаг бөгөөд тэдгээр өмчлөгч нарын өмнөөс дараах төлбөрүүдийг  төлдөг болно. Тухайлбал: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай Цахилгаан эрчим хүчээр хангах  гэрээ, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Ус сувгийн удирдах газартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Улаанбаатар Дэвшил ХХК-тай хог ачуулах гэрээ, Төвхөн Трейд ХХК-тай Зорчигчдийн цахилгаан шат, ачааны цахилгаан урсдаг шатны техникийн үйлчилгээ, засварын ажил гүйцэтгэх гэрээ, Азийн Топ Эхлэл ХХК-тай Харуул хамгаалалтын үйлчилгээний гэрээ, Хаан банк-тай Карт уншигч, Терминаль ID төхөөрөмж ашиглалтын гэрээ, Мэдээлэл Холбоо Сүлжээ ХХК-тай Кабелийн худаг, сувагчлал түрээслэх, Билгүүн Засаг ХХК-тай Шуудангийн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэрэг гэрээнүүдийг байгуулж сар бүр гэрээний дагуу ашиглалтын төлбөр төлдөг.

Мөн тус барилгад үйл ажиллагаа явуулж буй өмчлөгч, түрээслэгч, иргэд, аж  ахуйн нэгж байгууллагууд болон үйлчлүүлэгчдийн аюулгүй ажиллах нөхцөл, бизнесийн үйл ажиллагааг тав тухтай тайван орчинг бүрдүүлэн, төрийн эрх бүхий байгууллагатай тэдгээрийн эрх ашгийг хамгаалах үүднээс үүссэн асуудлыг шийдвэрлүүлэх, дундын емчлөлийн талбай болон ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан ажиллах үүднээс үйлчлэгч, харуул хамгаалалтын ажилчид, инженер техникийн ажилчид, өдөр тутмын үйл ажиллагаа байгууллагын дотоод асуудлыг  шийдвэрлэхэд Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, менежер, нягтлан бодогч, хуулийн зөвлөх зэрэг ажилтан албан хаагч нар өдөр тутмын ажилдаа хяналт тавин ажиллаж, зохицуулж байдаг. Манай байгууллага нь 17 ажилтантай, тэдгээрийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татвар, ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай бараа материал, багаж, тоноглол, хэрэгсэл, ажлын хувцас, ариутгал засвар үйлчилгээ хийх зэрэгт шаардлагатай сэлбэг хэрэгсэл гэх мэт гарсан зардлыг 200 гаруй өмчлөгч, түрээслэгч нарын өмнөөс төлж барагдуулдаг болно. Улаанбаатар хотын С дүүрэг дэх 54 дүгээр барилгад үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний талбай, оффис өрөө өмчлөгч зарим иргэд, хуулийн этгээд байгууллагууд нь ашиглалтын гэрээ байгуулахгүй, ашиглалтын төлбөрөө төлөхгүй байгаагаас үүдэн дараах байгууллагуудад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д 7 776 469 төгрөг, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д 6 000  000 төгрөг, Т ХХК-д 54 260 000 төгрөг, Улаанбаатар Дэвшил ХХК-д 600 000 төгрөг, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 3 479 811 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст 2 008 520 төгрөг, Сэлба Сервист лед гэрэлтүүлэгтэй самбар хийсний 18 033 444 төгрөгийн төлбөртэй байгаа болно.

Манай байгууллагатай ашиглалтын гэрээ байгуулдаггүй, ашигласан цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, хогны төлбөр болон дундын өмчлөлийн ашиглалтын төлбөрийг 2017 оноос хойш төлөөгүй, В015 тоот өрөөний УБД:Ү22030**** дугаарт бүртгэлийн гэрчилгээтэй өмчлөгч Б.Ч нь цахилгаан ашиглалтын төлбөр 165 196 06 төгрөг, дулаан ашигласны төлбөр 171 348 82 төгрөг, ус ашигласны төлбөр 32 234 44 төгрөг, БӨХ-нд дундын өмч ашигласны төлбөр 1 575 090 төгрөг, 2017 оны үлдэгдэл 465 711.16 төгрөг буюу нийт  2 409 580.48 төгрөг байна.

10003 тоот өрөөний УБД:Ү220303***** дугаарт бүртгэлийн гэрчилгээтэй өмчлөгч Г.Г нь цахилгаан ашиглалтын төлбөр 893 574 91 төгрөг, дулаан ашигласны төлбөр 954 047 87 төгрөг, ус ашигласны төлбөр 158 140.32 төгрөг, БӨХ-нд дундын өмч ашигласны төлбөр 1 575 090 төгрөг, 2017 оны үлдэгдэл 8 908 251 төгрөг буюу нийт  10 914 014.10 төгрөг байна.

2020 оны 2 дугаар сараас хойш төлөөгүй, уг барилгад 10006А тоот өрөөг түрээсэлж байсан М.С нь түрээсийн төлбөр 8 098 742 төгрөг, үүнээс гадна цахилгаан ашигласны  төлбөр 129 963.82 төгрөг, дулааны ашигласны  төлбөр 121 732.72 төгрөг, ус ашигласны  төлбөр  24 151.25 төгрөг, БӨХ-нд дундын өмч ашигласны төлбөр 1.344.849.79 төгрөг буюу нийт 9.443.593 төгрөг байна.

2020 оны 2 дугаар сараас хойш төлөөгүй, уг барилгад УБД:Ү220303****-рт бүртгэлтэй 9009 тоот, УБД:Ү22030**** дугаарт бүртгэлтэй 9010 тоот өрөөний өмчлөгч М.Э нь цахилгаан ашиглалтын төлбөр 1 015 828.82 төгрөг, дулаан ашигласны төлбөр 1 344 490.85 төгрөг, ус ашигласны төлбөр 144 578.30 төгрөг, БӨХ-нд дундын өмч ашигласны төлбөр 11 836 440 төгрөг буюу нийт 14 279 024.45 төгрөг байна.

2019 оны 6 дугаар сараас хойш төлөөгүй, уг барилгад УБД:Ү2203035**** дугаарт бүртгэлтэй 9009 тоот өрөөний өмчлөгч Г.Т нь цахилгаан ашиглалтын төлбөр 602 609.23 төгрөг, дулаан ашигласны төлбөр 483 619.11 төгрөг, ус ашигласны төлбөр 114 762.79 төгрөг, БӨХ-нд дундын өмч ашигласны төлбөр 5 148 000 төгрөг буюу 6 348 991.13 төгрөгийг тус тус нэхэмжлэх буюу нийт дүнгээр 43 840 298.95 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагдаа хариуцагч М.С-аас ашиглалтын зардал 1 344 850 төгрөг, хариуцагч Г.Г-өөс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сар хүртэл хугацааны дулаан ашигласны төлбөр 954 048 төгрөг, барилгын дундын өмчлөлийн талбайн болон харуул хамгаалал, үйлчилгээний төлбөр 8 908 251 төгрөг, нийт 9 862 298 төгрөг, хариуцагч М.Э-өөс 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны дулаан ашигласны төлбөр 904 070 төгрөг, дундын өмчлөлийн талбайн болон харуул хамгаалал, үйлчилгээний төлбөр 6 732 000 төгрөг нийт 7 636 070 төгрөг гаргуулах, хариуцагч Г.Т-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагааас татгалзаж, хариуцагч Б.Ч-тай эвлэрлийн гэрээ байгуулж, ашиглалтын төлбөр 2 409 580.48 төгрөг төлөхөөс 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн дотор 1 000 000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг Компьютер худалдааны төвийн В015 тоотын үл хөдлөх хөрөнгөө түрээслэн, түрээсийн орлогоороо 1 409 580.48 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул хариуцагч Б.Ч-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, бусад хариуцагч нараас 30 103 074 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. 

3.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо буюу гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага нь С дүүргийн 54 дүгээр барилга буюу Компьютер худалдааны төвийн ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажилладаг. Уг төвд нийт 70 өмчлөгч, 10 эзэмшигчийн нийт 309 өрөө талбайд иргэн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдаг. Энэ төвд үйл ажиллагаа явуулж байгаа нийт иргэн, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс тэдгээрийн өмнөөс ашиглалтыг хариуцаж байгаагийн хувьд төрийн өмчит компани болох Нийслэлийн дулаан ханган нийлүүлэх, цахилгаан ханган нийлүүлдэг байгууллагуудтай гэрээ байгуулан ажилладаг. Мөн харуул хамгаалалтын компанитай 2019 он хүртэл гэрээтэй ажиллаж байсан. Түүнчлэн цэвэр, бохир ус зэрэгт холбогдох гэрээг байгуулан жил бүр эдгээр байгууллагуудаас ирсэн нэхэмжлэхийн үндсэн дээр тооцоог хийж, тухайн тооцооллынхоо дагуу сар бүр эдгээр хүмүүсээс төлбөрийг гаргуулдаг. Барилга өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны адил статус бүхий ашгийн бус байгууллага бөгөөд нийтдээ 17 ажилтан ажилладаг. Үүнд үйлчлэгч, харуулын албаны ажилчид, менежер, удирдлагыг хариуцан ажиллуулдаг захирал, нягтлан бодогч, сантехникч, инженер зэрэг 17 ажилтан албан хаагчтай. Эдгээр ажилтны цалин хөлс, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг Барилга өмчлөгчдийн холбоо төлж явдаг. Энэ үйл ажиллагааг явуулахад шаардагдах, жишээлбэл цэвэрлэгээ үйлчилгээ, засвартай холбоотой бүхий л эвдрэл гэмтлийг засах зардлыг бүгдийг нь Барилга өмчлөгчдийн холбоо хариуцан гаргаж үйлчилгээ явуулдаг. Нийт барилга өмчлөгч нараас зарцуулсан зардлын тооцоо гарсан байгаа.

Барилга өмчлөгчдийн холбооны төлөөлөн удирдах зөвлөл нь 1 м.кв талбайг 3300 төгрөгөөр тооцож эдгээр өмчлөгч нараас хурааж байхаар заасан бөгөөд сар бүр хураан авч дээрх үйл ажиллагаанд зарцуулдаг юм. Эдгээр өмчлөгч нар ашиглалтын зардлыг төлөх үүргийг Иргэний хуулийн  147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт үүрэг болгон заасан байдаг. Нийт өмчлөгчдөөс 1-2 өмчлөгч нь идэвхгүй байдалтай байдаг бөгөөд зарим үед ирээд, заримдаа ирэхгүй байдаг учраас бид ус, цахилгааны төлбөрийг тооцоогүй. Харин дулааны төлбөрийг зайлшгүй төлөх ёстой, учир нь тэрхүү барилгыг бүхэлд нь дулаанаар хангадаг бөгөөд ганц, нэг өрөөний дулааныг хаана гэдэг асуудал байхгүй. Нийт хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаснаас хариуцагч М.С нь нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагын дүн болох 1 344 850 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн зөвшөөрөөд 2022 оны 8 дугаар сард бүрэн төлөхөөр эвлэрлийн гэрээг байгуулсан байгаа. Тиймээс энэхүү эвлэрлийг баталгаажуулахаар энэ тухай тайлбар гаргаж байна.

Хоёрдугаарт, М.Эөөс 7 636 070 төгрөг нэхэмжилснээс харилцан ярилцсаны үндсэн дээр хүсэлтийг нь хүлээн авч 6 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрлийн гэрээ байгуулсан. Гуравдугаарт, хариуцагч Б.Ч нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж нэхэмжлэлийн шаардлага болох 2 409 580 төгрөгийг төлж барагдуулсан. Эдгээр эвлэрлийг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах хүсэлтэй байна. Хариуцагч Г.Т-ын хувьд хаягтаа байдаггүй, утас нь ч холбогдохгүй байх тул 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 00346 тоот эрэн сурвалжлах шийдвэр гарсан байгаа. Тус шийдвэрийн дагуу түүнийг эрэн сурвалжилж байгаа тул хариуцагч Г.Т-аас татгалзаж байгаа бөгөөд хаяг нь тодорхой болсны дараа дахин нэхэмжлэл гаргах болно. Одоо шаардаж буй хариуцагч Г.Гт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд  дулааны ашиглалтын төлбөрт 954 048 төгрөг, барилгын дундын өмчлөлийн харуул хамгаалалт, үйлчилгээний төлбөрт 8 908 251 төгрөг, нийтдээ 9 862 298 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нь энэхүү төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд учир нь тухайн барилга бүхэлдээ харуул хамгаалалт дор мөн цэвэрлэгээ үйлчилгээ, халаалт гэх мэт бүхий л үйлчилгээ түүнийг ирсэн ирээгүй явагдаж байгаа тул төлөх үүрэгтэй гэж үзэж байна гэв.  

2.Хариуцагч Г.Г хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Г миний бие нийслэлийн С дүүргийн 10003 тоот хаягт байршилтай 169 м.кв талбайг оффисын  зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 2 сарын 10-аас эхлэн хууль ёсны өмчлөгч болсон боловч тухай үед тус Компьютер худалдааны төв нь бүрэн ашиглалтанд ороогүй барилга баригдсан төдий байсан бөгөөд оффисын чиглэлээр  ашиглах ямар ч  боломжгүйн дээр манай хажууд талбайд Есүс-ийн байгууллага оруулсан байдалтай дуу чимээ ихтэй учир оффисын чиглэлээр үйл ажиллагаа явуулах ямар ч нөхцөл боломжгүй байсныг дахин дурьдах зүйтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа цахилгаан ашиглалтын төлбөр 893 571 төгрөг, дулаан ашигласны төлбөр 954 047.87 төгрөг, ус ашигласны төлбөр 158 140.32  төгрөг, БӨХ-д дундын өмч ашигласны төлбөр 1 575 090 төгрөг, 2017 оны үлдэгдэл 893 571.91 төгрөг нийт 10,914,014.10 төгрөг надаас гаргуулахаар тооцоолол гаргасан байна. Тус барилгад талбай өмчлөгчийн хувьд ус, цахилгаан, дулааны 2 005 763.1 төгрөгийн төлбөрийг эрх бүхий байгууллагаас ирүүлсэн нэхэмжилсэн нэхэмжлэл, түүний задаргааг зэргийг хэргийн материалтай танилцаж байж шийдвэрлэж болох бөгөөд харин “Барилга өмчлөлийн холбоо”  төрийн бус байгууллагад миний зүгээс ямар нэгэн өр, төлбөр тооцоо байхгүй болно. Учир миний зүгээс тус барилгын барилга өмчлөлийн холбоотой ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж байгаагүй, тус холбоо нь ямар төсөв зардлаар үйл ажиллагаа явуулж байсныг мэдэхгүй, надад ашиглах боломжтой оффисын зориулалттай талбайг хүлээлгэж  өгөөгүй  тул нэхэмжлэх гаргагч талаас тус барилга өмчлөлийн холбооны төлбөрийг хүлээн  зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сар хүртэл миний бие  тус талбайг ямар нэгэн байдлаар ашиглаагүйн дээр, ашиглах нөхцөл боломжийг тус холбоо гаргаж өгөөгүй байтлаа БӨХ-ийн төлбөр гэж 8 908 251 төгрөгийг надаас нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. Миний хувьд  2019 оны 1 дүгээр сараас хойш өөрийн өмчлөлийн дээрх талбайг ашиглаж байгаа бөгөөд дурьдсан хугацааны бүх төлбөр тооцоог цаг тухай бүрт нь барагдуулж байгаа болно.

Хариуцагч Г.Гийн хувьд тус барилга дээр 10 давхарт 10003 тоот өрөөг өмчилдөг нь үнэн бөгөөд өмчлөх эрх нь 2015 оны 5 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд үндэслэн үүссэн. Түүнээс хойш 2017 оны 5 дугаар сараас энэхүү барилга ашиглалтад орсон гэж үзээд барилга өмчлөлийн холбоо төрийн бус байгууллагаас м.кв талбай бүрд 3300 төгрөгөөр тооцсон тооцоо гарсан байна. Нэгдүгээрт, тухай үед барилга нь үйл ажиллагаа нь жигдрээгүй, ямар нэгэн үйл ажиллагаа ч явуулах боломжгүй, шороо тоостой, гадна тал нь бохир, ашиглах нөхцөл боломж байгаагүй бөгөөд Барилга өмчлөгчдийн холбоо ч үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах нөхцөл боломжоор хангаагүй. 2018 оны сүүл хүртэл энэхүү барилгыг ашиглаагүй. Иргэний хуулийн  147 дугаар зүйлийг үндэслэн шаардаж байгаа гол үндэслэлээ энэ статустай байгууллага гэж явж байгаа хэмээн тайлбар гаргасан. Нэхэмжлэгч талын дурдсанаар өмчлөгч болон түрээслэгч нартайгаа ашиглалтын гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулдаг гэсэн боловч огт тийм гэрээ байгуулагдаагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад усны болон дулаан, цахилгаан, ус зэрэг гэх мэт дэд бүтцийн зориулалттай төрийн байгууллагуудтай байгуулсан гэрээ нь 2020 онд байгуулагдсан байсан. Үүнээс өмнө ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй, харилцан тохиролцсон зүйл байхгүй, өмчлөгчийн тухайн талбайд үйл ажиллагаа явуулах боломж олгоогүй байж ийнхүү ашиглалт, үйлчилгээний төлбөр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Хоёрдугаарт, Барилга өмчлөгчдийн холбооны нийт 8 908 251 төгрөгийг яг ямар дүрэм, журам, зааврыг үндэслэн тооцоолж гаргасан гэдэг талаарх баримт нь хэрэгт авагдаагүй, анхан шатны баримтууд ч байхгүй байна. Анхан шатны баримт дээр үндэслэн энэхүү төлбөрийг хүлээн зөвшөөрөх эсэхийг үндэслэл болгохоос биш зүгээр нэг дуртай төрийн бус байгууллагын гаргаж өгсөн нягтлан бодогч н.Бат-Өлзий гэдэг нэртэй санхүүгийн баримтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримтаа хэрэгт ирүүлээгүй, шүүх хуралдаанд шинээр нотлох баримтын талаар асуухад ч гаргаж өгөөгүй болно. Үйлчилгээ аваагүй байхад төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин дулааны эх үүсвэрээс барилга дулаанаар хангагдаж байгаа учраас дулааны төлбөрийг бол төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

3.Хариуцагч Б.Ч хариу тайлбар болон хүсэлтдээ: Б.Ч миний бие В015 тоот 15,91 м.кв талбай бүхий лангууг эзэмшдэг бөгөөд 2017 оноос 2020 оны 9 дүгээр сарын хүртлэх ашиглалтын төлбөр болох 2 599 025,95 төгрөгнөөс 1 058 601,95 төгрөгийг төлсөн болно. Үлдэгдэл төлбөр болох 1 540 424 төгрөгийг тус лангууг бусдад түрээслүүлэн түрээсийн орлогоор дарж барагдуулахыг хүлээн зөвшөөрнө үү гэжээ.

 

4.Хариуцагч М.Э хариу тайлбартаа: К холбоо гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагадаа “2020 оны 2 дугаар сараас хойш төлөөгүй, уг  барилгад УБД:Ү-220303**** дугаарт бүртгэлтэй 9009 тоот, УБД:Ү-220303**** бүртгэлтэй 9010 тоот өрөөний өмчлөгч М.Э нь цахилгаан ашиглалтын  төлбөр 1 015 828,82 төгрөг, Дулаан ашигласны төлбөр Ус ашигласны төлбөр 144 578.30 төгрөг, БӨХ-нд дундын өмч 11 836 440 төгрөг буюу 14 279 024.45 төгрөгийг М.Эөөс шаардсаныг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Ү-2203035986 улсын бүртгэлийн дугаартай  Ү2203035988 улсын бүртгэлийн дугаартай 9010 тоот үл хөдлөх нь одоо М.Э миний бие биш болно. Уг үл хөдлөх хөрөнгийн нь Э миний гүйцэтгэх захирлаар ажилладаг “Ч” ББСБ ХХК-аас зээл авч, зээлийн барьцаанд энэхүү Ү-220303**** улсын бүртгэлтэй 9009 тоот болон Ү2203035**** улсын бүртгэлийн дугаартай 9010 тоот үл хөдлөх хөрөнгүүдийн барьцаалсан ба зээлийн төлбөрөө төлж чадахгүйн улмаас барьцааны хөрөнгөөс манай  байгууллагаас авсан зээлийн төлбөрт шилжүүлэн өгсөн юм. Гэтэл Шинэсар нь элдэв шалтаг тоочин, хэд хэдэн удаагийн залилангийн үйлдэл хийж, уг эд хөрөнгөө буцаан бусдын өмчлөлд шилжүүлэн авсан тул дээрх эд хөрөнгүүд одоо бусдын өмчлөлд шилжүүлсэн  байгаа болно. Үүнээс үүдэн уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн асуудлаар маргаантай байгаа. Иймээс одоо миний өмчлөлд байхгүй, миний бие огт эзэмшиж, ашиглаж байгаагүй хөрөнгө болон түүний ашиглалтын цахилгаан, дулаан, ус ашигласны төлбөр, дундын өмч ашигласны төлбөр болох 14 279 024 төгрөгийн нэхэмжлэлийг огт зөвшөөрөхгүй байна. Иймд М.Э надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн одоо миний өмчлөлд байхгүй, миний бие огт эзэмшиж, ашиглаж байгаагүй хөрөнгө болон түүний ашиглалтын дулаан ашигласны төлбөр, дундын өмч ашигласны төлбөр болох 7 636 070 төгрөгийн нэхэмжлэлийг огт зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5.Хариуцагч М.С хариу тайлбартаа: К ГҮТББ-ын нэхэмжлэлтэй иргэн М.С-т холбогдох маргаан тус шүүхэд хянагдаж байгаа. Миний бие тус барилгын 10006А тоот өрөөг 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2019 оны 10 дугаар сарын 04-ний  өдөр хүртэл сарын 850 000 төгрөг гэж хэлэлцэн сууж байсан. Гэхдээ нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөнгөө өгөхгүй байна гэх шалтгаанаар 10006 тоот өрөөг лацдаж ломбодон ашиглах боломжгүй болгосон. Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс  2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл өрөөгөө ашиглуулаагүй байж түрээсийн мөнгө гэх нэрээр төлөх ёсгүй хууль бус мөнгийг нэхэмжилж байгааг  хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгчийн үйл  ажиллагаагаа явуулдаг барилгын СӨХ нь маргаантай эзэмшигч нь тодорхойгүй байх тул холбооны төлбөр гэх зүйлийг өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэргсэхгүй болгож өгнө үү гэв.

 

6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, К ГҮТББ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн К ГҮТББ-иас Р.Э-д олгосон итгэмжлэл, М.Э-ийн ашиглалтын зардлын авлагын тооцоо, 2020/03 тоот Тооцооны үлдэгдлийн баталгаа, М.Сын авлагын баримт, М.С-ын ашиглалтын зардлын авлагын тооцоо, М ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, М ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, Г.Т-ын ашиглалтын зардлын авлагын тооцоо, Г.Г-ийн ашиглалтын зардлын авлагын тооцоо, Б.Ч-ын ашиглалтын зардлын авлагын тооцоо, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, хавсралт, Хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4420 тоот Хангагч-хэрэглэгчийн хоорондын дулааны эрчим хүчээр хангах гэрээ, 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, нэмэлт гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний гэрээ, Азийн топ эхлэл ХХК-ийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, Азийн топ эхлэл ХХК-тай хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа, УБЦТС ТӨХК-тай хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа, УБДС ТӨХК-тай хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа, УСУГ-ын харилцагчийн гүйлгээний баримт, Улаанбаатар шинэчлэл ХХЗ-тай хийсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа, Татварын албаны Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбоо ГҮТББ-ын аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт, СБД-НДХ-ийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, Комьютер худалдааны төвийн барилга өмчлөгдчийн холбоо ГҮТББ 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн барилгын өрөө тус бүрийн дулааны тооцоо бодох аргачлал, барилгын өрөө тус бүрийн цахилгааны тооцоо бодох аргачлал, барилгын өрөө тус бүрийн усны тооцоо бодох аргачлал, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлт, хүсэлтэд хавсарган ирүүлсэн гэрэл зураг, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2021/032 тоот К ГҮТББ-иас Ж.Б-д олгосон итгэмжлэл, Г.Гийн ашиглалтын зардлын авлагын тооцоо, М.Эийн ашиглалтын зардлын авлагын тооцоо, Г.Т-ын ашиглалтын зардлын авлагын тооцоо, СББ Тооцооны үлдэгдлийн баталгаа, К ГҮТББ-ын тооцооны үлдэглийн баталгаа, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2022/35/2017 тоот К ГҮТББ-иас Ж.Б-д олгосон итгэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2021/00346 дугаар шийдвэр, К ГҮТББ-ын Тооцооны үлдэгдлийн баталгаа, эвлэрлийн гэрээ гэсэн баримтуудыг /хэргийн 5-49, 97-101, 127, 138-140, 171-172, 180, 192-195-р  хуудас/,

хариуцагч Г.Гөөс хариу тайлбар, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Г.Гөөс Б.Б-д олгосон итгэмжлэл, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Г.Гөөс Б.Б-д олгосон итгэмжлэл гэсэн баримтуудыг /хэргийн 74-75, 115, 178-р хуудас/,

хариуцагч Б.Чаас 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хүсэлт, эвлэрлийн гэрээ /хэргийн 81-82-р хуудас/,

хариуцагч М.Эөөс хариу тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбар, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газарт гаргасан гомдол, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын эд хөрөнгийн тасагт гаргасан хүсэлт, тооцооны үлдэгдлийн баталгаа, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн эвлэрлийн гэрээ,  гэсэн баримтуудыг /хэргийн 83, 85, 165-р хуудас/,

хариуцагч М.Саас хариу тайлбар, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн эвлэрлийн гэрээ /хэргийн 90-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

7.Хариуцагч М.Эийн хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас С дүүрэг, 9009 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203035*** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, 9010 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-220303***** дугаар үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчийн лавлагааг, гаргуулж /хэргийн 121-125-р хуудас/ хэрэгт хавсаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч К ГҮТББ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Бид хангагч байгууллагуудтай тус тусын гэрээг байгуулж, улмаар тухайн саруудад бичигдсэн төлбөрийг нэгдсэн журмаар өмчлөгч, түрээслэгч нарын эзэмшиж ашиглаж байгаа талбайн хэмжээнд хувааж, төлбөрийг хуваарилж төлүүлдэг. Гэтэл хариуцагч Г.Г нь манай байгууллагатай ашиглалтын гэрээ байгуулдаггүй, ашигласан цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны төлбөр болон дундын өмчлөлийн ашиглалтын төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 15-наас 2019 оны 1 сар хүртлэх хугацаанд төлөөгүй тул дулаан ашигласны төлбөрт 954 648 төгрөг, барилгын дундын өмчлөлийн талбайг болон харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрт 8 908 251 төгрөг, нийт 9 862 298 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

 Хариуцагч Б.Ч, М.Э, М.С нартай эвлэрлийн гэрээ байгуулсан, хариуцагч Г.Т-ыг эрэн сурвалжлуулж байгаа тул түүнээс татгалзаж байна” гэж тодорхойлсон.

3.Хариуцагч Г.Г татгалзлын үндэслэлээ “...К холбоо нь талбайг эзэмших, ашиглах нөхцөл бололцоог бүрдүүлээгүй, шороо тоостой үйл ажиллагаа нь жигдрээгүй байсан атлаа хариуцагчаас дундын өмчийн талбайг ашигласны төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн ямар нэгэн гэрээ, контракт байгуулаагүй, ямар дүрэм журмыг үндэслээд нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байх тул дундын өмчлөлийн талбайг ашигласны болон харуул хамгаалалтын зардлыг зөвшөөрөхгүй, харин дулаан ашигласны төлбөрийг төлөхөд татгалзахгүй гэсэн.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч К холбоо нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. /хх-ийн 5/

Тус төрийн бус байгууллага нь гишүүдийнхээ болон тус төвийн үйл ажиллагаа, эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээ, үйлчилгээний таатай нөхцлийг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан байх ба тус холбооны 2017 оны 5 сарын 05-ны өдрийн дүрэмдээ энэ талаар заасан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч нь тайлбарласан.

Нэхэмжлэгч К ГҮТББ нь Компьютер худалдааны төвийн барилгын өмчлөгч нарын санаачилгаар сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдаж, дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй хуулийн эрхтэй байгууллага болох, хариуцагч нар нь уг газарт талбай өмчилдөг  талаар зохигч талууд маргаагүй болно.  

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т "сууц өмчлөгчдийн холбоо" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог” хэлнэ гэж, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж зааснаар нэхэмжлэгч К ГҮТББ нь хуульд заасан дээрх чиг үүргийг хэрэгжүүлж, холбогдох зардлыг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

 

5. Хариуцагч Г.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь ямар нэг гэрээ контракт байгуулаагүй байж дундын өмчлөлийн талбай ашигласан зардал, харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, ямар дүрэм журам, тарифийг үндэслэн үүнийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, харуул хамгаалалтын албатай гэрээ байгуулсан, уг төлбөрийг төлсөн эсэх нь тодорхойгүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Г.Гийн ашиглалтын зардлын авлагын тооцоо, дулааны эрчим хүчээр хангах гэрээ, Азийн топ эхлэл ХХК-ийн албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгаа, барилгын өрөө тус бүрийн дулааны тооцоо бодох аргачлалаар тус тус нотлогдоно гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан хариуцагч Г.Гийн ашиглалтын зардлын авлагын тооцоонд “...дулааны төлбөр 2017 оны 10 сараас 2018 оны 12 сарыг дуусталх 954 047,87 төгрөг” байх бөгөөд уг зардлыг хариуцагч нь маргаангүйгээр төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Г.Гөөс дулаан ашигласны зардалд 954 047,87 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Харин хариуцагч Г.Гийн ашиглалтын зардлын авлагын тооцоонд “...БӨХ-ын төлбөр 2017 оны 5 сараас 2018 оны 12 сарыг дуустал 8 908 251 төгрөг” байх бөгөөд үүнд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дундын өмчлөлийн талбай, харуул хамгаалалт, үйлчилгээний зардал орсон гэсэн боловч уг зардлыг хэрхэн тооцсон, хувиарласан талаарх баримтыг ирүүлээгүй, Компьютер худалдааны төвийн барилга өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргын 2017 оны 6 сарын 02-ны өдрийн №17/01 дугаар тушаалаар Компьютер центр цогцолборын ашиглалтын төлбөрийг 1м2  талбайг 3 300 төгрөгөөр тогтоож, уг төлбөрийг уг цогцолборт үйл ажиллагаа явуулдаг, өмчлөгч, түрээслэгч, эзэмшигч нараас сар бүр хураана авч байхаар тогтоосон гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн авлагын тооцоо гэсэн баримтыг үндэслэн БӨХ-ын төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

Харуул хамгаалалтын зардлын тухайд Азийн топ эхлэл ХХК-ийн албан бичиг, тооцооны үлдэгдлийн баталгаагаар нотлогдоно гэсэн  боловч уг компани нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй, мөн харуул хамгаалалтын зардлыг төлсөн талаарх баримтгүй байна.

  Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нь тус дүүргийн шүүхэд 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 25 дугаар зүйлийн 25.1.2-д заасан “...хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх” эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримт хэрэгт авагдаагүй бол хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д зааснаар нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх боломжтой байхад энэ талаар хүсэлт, санал гаргаагүй, баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд шүүх хариуцагч Г.Гт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас дулаан ашигласны төлбөрт 954 047,87 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, дундын өмч ашигласны төлбөр, харуул хамгаалалтын төлбөр 8 908 251 төгрөгийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй гэж үзэв.

 

6.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ч, М.С, М.Э нартай эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэсэн бөгөөд хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа эвийн журмаар шийдвэрлэсэн тул шүүх хуралдааныг эзгүйгээр хийх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнүүд нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзэв.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Чтай байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээнд зааснаар зохигч ашиглалтын  төлбөр болох 2 409 580,48 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг 2 409 580,48 төгрөгний 1 000 000 төгрөгийг нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны дотор төлж, үлдэх төлбөрийг В015 тоот үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлэн түрээсийн орлогоороо 1 409 580,48 төгрөгийг төлж барагдуулахаар,

хариуцагч М.Этэй 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 7 636 070 төгрөгийг 1 000 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 6 000 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 6 000 000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 500 000 төгрөг төлж, 2022 оны 12 дугаар сарын 31-ний дотор 3 000 000 төгрөг, 2023 оны 1 сараас сар бүр 1 000 000 төгрөг төлж 2023 оны 3 дугаар сард бүх төлбөрийг төлж дуусгахаар,

хариуцагч М.С-тай 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 1 344 850 төгрөгийг хариуцагч нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 1 344 850 төгрөгийг 8 дугаар сард төлж барагдуулахаар тус тус эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Мөн нэхэмжлэгч нь хариуцагч Г.Т-ын хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байсан тул түүнийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр эрэн сурвалжлуулсан гэж тайлбарласан нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/00346 дугаартай шийдвэрээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдож байна гэж үзэж, Г.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.      

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 762 129 төгрөгийг /166 048+229 346+189 575+53 504+123 656/ улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гөөс 27 447 төгрөгийг, хариуцагч Б.Ч-аас 53 503 төгрөг, хариуцагч М.Э-өөс 110 950 төгрөгийг, хариуцагч М.С-аас 36 467 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох, хариуцагч Г.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжид түүний нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 123 656 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Г.Г-өөс дулаан ашигласны төлбөр 954 047,87 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ГҮТББ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барилгын дундын өмчлөлийн талбай ашигласны төлбөр болон харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрт 8 908 251 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Чтай зохигч ашиглалтын  төлбөр болох 2 409 580,48 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг 2 409 580,48 төгрөгний 1 000 000 төгрөгийг нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны дотор төлж, үлдэх төлбөрийг В015 тоот үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлэн түрээсийн орлогоороо 1 409 580,48 төгрөгийг төлж барагдуулахаар,

хариуцагч М.Э-тэй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 7 636 070 төгрөгийг 1 000 000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 6 000 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 6 000 000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс сар бүр 500 000 төгрөг төлж, 2022 оны 12 дугаар сарын 31-ний дотор 3 000 000 төгрөг, 2023 оны 1 сараас сар бүр 1 000 000 төгрөг төлж 2023 оны 3 дугаар сард бүх төлбөрийг төлж барагдуулахаар,

хариуцагч М.С-Тай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 1 344 850 төгрөгийг хариуцагч нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 1 344 850 төгрөгийг 8 дугаар сард төлж барагдуулахаар тус тус зохигчийн эвлэрснийг баталж, Б.Ч, М.Э, М.С нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч К  ГҮТББ-ны хариуцагч Г.Т-д холбогдуулан гаргасан ашиглалтын төлбөр 6 794 087,75 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 762 129 төгрөгнөөс 638 473 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Г.Т-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 123 656 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Г.Г-өөс 27 447 төгрөгийг, хариуцагч Б.Ч-аас 53 503 төгрөг, хариуцагч М.Эөөс 110 950 төгрөгийг, хариуцагч М.С-аас 36 467 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К ГҮТББ-д олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ХУЛАН