| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2021/02303/И |
| Дугаар | 183/ШШ2022/02102 |
| Огноо | 2022-06-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2022/02102
2022 оны 06 сарын 29 өдөр Дугаар 183/ШШ2022/02102 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С дүүрэг, М овогт Д.Ц /РД:********/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, Б овогтой Ч.Я /РД:********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний барьцаа болон учирсан хохирол 10 188 871 төгрөг гаргуулах,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, Б овогтой Ч.Я /РД:********/-гийн,
Хариуцагч: С дүүрэг, М овогт Д.Ц /РД:********/-д холбогдох
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн үлдэгдэл төлбөр, алдангид 14 428 720 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 30-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А,
Хариуцагч Ч.Я,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.
Хариуцагчийн өмгөөлөгч В.О нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ч.Я-д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаа болон учирсан хохирол 10 188 871 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, ихэсгэсэн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Д.Ц хариуцагч Ч.Я-той анх зуучлалын байгууллагаар дамжуулан 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан ч гэрээнд нэмэлт заалтууд оруулах шаардлагатай гэж үзээд өөрсдөө ярилцаж байгаад нэмэлтээр нотариат орж 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай сарын 800 000 төгрөгийн түрээс, барьцаа 800 000 төгрөг төлөхөөр тохиролцож Х дүүрэг, 2005 тоотод байрлах 53,5 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэхээр тохиролцож “Түрээсийн гэрээ”-ний хугацааг сунгаж байгуулсан. Миний бие тухайн обьектод Үсчин, гоо заслын T*** салон ажилуулж, ашиг олох зорилготойгоор түрээслэсэн гэтэл тухайн үед үйл ажиллагааг шууд эхлэх боломжгүй буюу Зм төмөр сараалжин таазтай, бохир үнэртсэн, бохирын шугам, цахилгааны шугам гэмтсэн орчин муутай биет байдлын доголдолтой, хоосон обьект байсан. 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Түрээсийн гэрээний 2.4-т “...засвартай болон түрээстэй холбоотой асуудлаар тухайн үед нь харилцан тохиролцоно” гэж заасан тул хариуцагчтай ярилцаад өөрийн хөрөнгөөр засвар хийж, гэрээний хугацаа дуусахад үл салгаж болох гоёлын таазыг үлдээж, түрээслүүлэгч нь засварын мөнгийг дараа нь гаргаж өгөхөөр тохиролцоод нийтдээ 8 000 000 төгрөгний зардал гарсан ба 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 4-т “Түрээслүүлэгчийн санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд түрээслэгч нь засвар хийхэд гарсан зардал болох 8 000 000 төгрөгийг гэрээний үлдсэн хугацаанд хувь тэнцүүлэн түрээслэгчид төлнө” гэж баталгаажуулсан.
Анх гэрээ байгуулсан үеэс эхлэн миний зүгээс түрээсийн төлбөрөө хугацаа хожимдуулахгүй тухай бүр тасралтгүй өгч байсан. 2020 оны 3 дугаар сараас эхлэн манай улсад Ковид-19 нөхцөл байдал хүндэрч улс даяараа хөл хорио тогтоож эхэлсэн. Энэ үеэс эхлэн салоны орлого тасалдаж, түрээсийг гэрээнд заасан хэмжээгээр өгч чадахгүй нөхцөл байдал үүсэхэд түрээслэгчтэй ковид-19 нөхцөл байдлын улмаас сарын түрээсийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд 560 000 төгрөг болгон хямдруулж төлсөн. Гэтэл 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн улс даяар дахин хатуу хөл хорио тогтоосон. Хөл хорионы үед би түрээслэгч Ч.Я-гоос “яаж харилцан тохиролцох вэ” гэж асуусан боловч “за болох байлгүй дээ дүү минь битгий санаа зов” гэсэн үгнээс өөр юм хэлээгүй. Удаан хугацааны хөл хорио 2021 оны 3 сарын сүүлээр дуусахад манай салон маш их алдагдалд орсон ч гэлээ би дахин салонд засвар хийж хана буулгах, янзлах, ажилчдын хөлс гэх зэргээр 1 000 000 төгрөг зарцуулж засвар хийсэн. Засвар хийж байхад Ч.Я нь ирж уулзахад би салондоо засвар хийж хөл дээрээ босох гэж байна, хөл хорионы үеэр ихээхэн алдагдалд орсон тухай ярилцахад “Асуудлыг хамтдаа шийднэ, битгий бууж өгөөрэй, бүх зүйл сайхан болно, хичээгээрэй” гэх зэргээр намайг тайвшруулсан, дэмжсэн үг хэлээд өөр зүйл хэлэлгүй явсан. Дахин засвар хийсний дараа 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл салоноо нээж ажилуулж байтал, 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл дараагийн ээлжит хөл хорио улс даяар тогтоосон. Ч.Я нь чимээгүй байж байснаа гэнэт 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр надруу залгаад хөл хорио тогтоосон үе буюу 2020 оны 11 сараас 2021 оны 5 сар хүртэл нийт 7 сарын түрээс болох 5 600 000 төгрөгийг урьдчилан албан бичгээр мэдэгдэлгүй гэнэт нэхсэн. 3 хоногийн дотор энэ мөнгийг барагдуулахгүй бол шууд зайл гэж элдвээр доромжилж, дарамталсан ба уулзаж ярилцья гэсэн ч бид эвээр ярилцаж ойлголцож чадаагүй. Харин түрээслүүлэгч нь хаалганы голыг эвдээд шинээр 1 түлхүүртэй гол сольж хийх зэргээр гэрээг 1 талаас дангаар хүч хэрэглэн цуцалсан байдаг.
Тухайн үед бид муудалцаж байхад байрнаас гарахгүй бол одооноос 1 сарын түрээс 500 000 төгрөг төл, чадахгүй бол гар би хүнээ олсон гэж хашгичиж байснаас үзэхэд намайг хөөж гаргаад тэр обьектыг одоо сард 1 500 000 төгрөгөөр түрээслэж байна гэж ойлгож байна. Тухайн байршилд үйл ажиллагаа явуулахын тулд миний зүгээс маш их хөрөнгө, хүч зарцуулж, үйлчлүүлэгчдээ татаж, үйл ажиллагаа тасалдахгүй хэвийн үргэлжлэх гэж байхад, хариуцагч нь шунахайн сэдлээр өндөр түрээс төлөхийг шаардаж, анхнаасаа гэрээг 3 жилийн хугацаатай хийсэн атлаа гэрээг хугацаанаас өмнө цуцлах болсон талаар огт дурдаагүй, хөл хориотой, хүнд хэцүү цаг үеийг ойлгож байна гэх мэтээр тайвшруулж байгаад гэнэт хүч хэрэглэн хөөж гаргасанд гомдолтой байна. Мөн тухайн байрыг анх түрээслэхэд өмнөх онуудын зарим тог, цахилгааны мөнгийг төлөөгүй байсан тул би өөрөөсөө 388 871 төгрөгийг төлсөн байдаг. Үүнийг түрээсээс суутгана гэсэн боловч суутгаагүй. 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээний 7.1-т “Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас ...эрсдэл алдагдал гарсан тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдал арилтал хойшлуулж болно” гэсэн байтал хариуцагч нь гэрээний заалтыг зөрчиж гэрээг дангаар цуцлах нь анхнаасаа үндэслэлгүй юм.
Иймд хариуцагч Ч.Я-гоос Х дүүрэг, 2005 тоотод байрлах 54,5 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд хийсэн засварын мөнгө 9 000 000 төгрөг, намайг тухайн эд хөрөнгийг түрээслэхээс өмнөх онуудад гарсан урсгал зардалыг төлсөн 388 871 төгрөг, түрээсийн гэрээний барьцаа 800 000 төгрөг, нийт 10 188 871 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэсэн.
2.Хариуцагч Ч.Я хариу тайлбартаа: Д.Ц-гийн нэхэмжлэлтэй иргэний нэхэмжлэлд Ч.Я миний бие хариуцагчаар нэхэмжлэлийн шаардлагыг гардан авсан. Д.Ц-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас харахад миний бие бүтэн түрээсийн төлбөрөө аваад тухайн хүнийг хохироосон мэтээр нэхэмжлэл гаргажээ. Миний бие хоёр жил шахуу Д.Ц-д өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг аль болох түрээслэгчийн хэлснээр түрээслэж байсан ч өнөөдрийн нэхэмжлэлд дурдсан шиг зүйл болж өнгөрсөнгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Д.Ц нь түрээслэгч миний зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд өндөр үнээр түрээсэлж байсан зэргээс харахад намайг байнга хуурч байсан нь тогтоогдож байгаа юм. Иймд нэхэмжпэлийн шаардлага өөрөө бодитой биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Ц байрнаас гарахдаа СӨХ-ны төлбөр 1 000 000 гаруй төгрөг үлдээгээд гарсан. Засвар үйлчилгээ хийснийг зөвшөөрөхгүй. Засвар үйлчилгээгээ би бүрэн хариуцна гэсэн. Гарахдаа зугатааж явсан. Хамаг юм хуу татаад аваад явсан байсан. 1 500 000 төгрөгийг түрээсийг 800 000 төгрөг болгочих би засвараа хариуцна гэж гэрээгээ хийсэн. Барьцаа 800 000 төгрөгийг нь авсан нь үнэн, түрээсээ гүйцэд төлөөгүй тул өгөхгүй, түрээсийн төлбөрт 19 200 000 төгрөгийг төлөх байснаас 12 565 000 төгрөгийг л төлсөн байгаа гэв.
3.Хариуцагч Ч.Я нь нэхэмжлэгч Д.Ц-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 6 640 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 7 788 720 төгрөг, нийт 14 428 720 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага үндэслэлээ:
Энэхүү маргаан нь Д.Ц-гийн гэрээний үүргээ зөрчиж давхар түрээслэж өөрт ашиг олсон мөртлөө үндсэн түрээсийн төлбөрөө өгөөгүй улмаас бий болсон бөгөөд түрээсийн төлбөрийг бүрэн өгөөгүй, мөн түрээсийн хугацаандаа тог цахилгаан болон СӨХ-ны төлбөрийг бүрэн төлөхгүй явсаар өдийг хүрсэн. Миний бие Д.Ц-гийн хэлснээр түрээсийн төлбөрийг багасгаж гэрээний заалтад өөрчлөлт оруулж намайг хуурч мэхлэж байгаа талаар ойлгоогүй юм. Д.Ц-гийн заль мэхэнд хууртаж явсаар өнөөдөр өөрийн эд хөрөнгө болон сэтгэл зүйгээр давхар хохирсоор байна. Д.Ц нь түрээсийн байрыг орхин гарахдаа бүхий л засвар хийсэн зүйлсээ буцаан авч дахин ашиглах боломжгүй болгож хорссон байдлаар орхин явсан нь тухайн хүний үг үйлдэл нь зөрдөг нь тодорхой харагдаж байна. Түрээсийн барьцаа, түрээсийн төлбөрөөс өөрт өөр ашигтай шийдвэр гаргахдаа л дуудаж уулзаж өгдөг байснаас түрээсийн төлбөрөө цаг тухайд нь өгч байгаагүй юм. 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс түрээсийн төлбөрт 15 840 000 төгрөгийн төлбөр төлөхөөс нийт 7 удаагийн төлөлтөөр нийт 10 640 000 төгрөг төлсөн түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох нийт 5 200 000 төгрөг, түрээсийн хугацаан дах төлөгдөөгүй тог цахилгаан СӨХ-ны төлбөр 1 170 420 төгрөг, нийт 6 370 420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
Сөрөг нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа өөрчилж байна, 1.нийт гэрээний дагуу түрээсийн төлбөрт 19 200 000 төгрөг авах байсан үүнээс 12 560 000 төгрөг авсан. Иймд түрээсийн үлдэгдэл болох 6 640 000 төгрөгийг гаргуулах,
2.үүнийг нийт 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 29-нөөс нийт 365 хоног+26 хоног, нийт 391 хоног байна.
3.Иймд 6 640 000 төгрөгөөс 391 хоногоор тооцвол 1 хоногийн 19 920 төгрөгийг 391 хоногт үржихэд 7 788 720 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Иймд нийт 14 428 720 төгрөгийг гаргуулахаар болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд Д.Ц байрны гэрчилгээгээ өгчих гэсэн. Бүр миний байрыг авах гээд шунаад байна гэж ойлгосон. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулж түрээслэсэн. 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаанд түрээслэсэн түрээсийн төлбөр 19 200 000 төгрөгийг өгөхөөс 12 560 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 6 640 000 төгрөгийг, алдангийн 7 788 720 төгрөгийн хамт нийт 14 428 720 төгрөгийг нэхэмжилсэн юм гэж тайлбарласан.
4.Нэхэмжлэгч Д.Ц хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд тус шүүхэд хандаж Д.Ц миний бие хариуцагч Ч.Яхолбогдуулан 10 188 871 төгрөгийн үндсэн нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч нь 6 370 420 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбар гаргаж байна. Учир нь Ч.Я-той түрээсийн гэрээ байгуулан Х дүүрэг, 2005 тоот үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэж байхдаа миний зүгээс түрээсийн төлбөрийг өгөхгүй байсан удаа байхгүй. Харин Монгол улсад Ковид-19 анхны тохиолдол бүртгэгдэж эхэлснээс хойш олон удаагийн давтамжтай, урт хугацааны хөл хорио тогтоож, ямар ч орлогогүй болсон. Миний зүгээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Ч.Янжинхорлоогоос удаа дараа түрээсийн төлбөрийг хэрхэн яаж шийдвэрлэх талаар нэг шийдвэрт хүрэхийн тулд асууж тодруулж байсан. Гэтэл нөхцөл байдлыг сайн ойлгож байна, санаа зоволтгүй, гэх мэтээр намайг тайвшруулж байснаа, дахин засвар хийсний дараа гэнэт л их хэмжээний мөнгө нэхэж, 3 хоногийн дотор өгөхгүй бол гар гэж тулган шаардаж, хөөж, хүч хэрэглэж, гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан. Миний хувьд Ч.Я-гийн обьектэд хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ хийж, өнгө зүсийг сайжруулчихаад хөөгдөж гарсан нь хохиролтой байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг ч хүлээн зөвшөөрөхгүй, хүнд хэцүү үед алданги нэхээд байгаа нь үндэслэлгүй гэсэн тайлбарыг гаргасан.
5.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.Ц-гийн иргэний үнэмлэхний хуулбар, 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Д.Ц-гээс Ц.Э-т олгосон итгэмжлэл, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр №19/53 тоот Д.М, Ч.Я, Д.Ц нарын байгуулсан Түрээсийн гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Ч.Я, Д.Ц нарын байгуулсан Түрээсийн гэрээ, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, Ц ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ц ХХК-ийн №2019/551 тоот Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын батламж, Цэкүс профейшнл бюти зоне ХХК-ийн 2016 онд баталсан компанийн дүрэм, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №01 дугаар Ц ХХК-ийн шийдвэр, 2019 оны 5 дугаар сарын 14-ний Ц салон, Ч.Э нарын байгуулсан Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 14-ний Цэкү салон, О.Б нарын байгуулсан Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 14-ний Цэкү салон, Б.Ж нарын байгуулсан Барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, Д.Ц-гийн 5753277662 тоот Хаан банк ХХК-ийн дансны хуулга, №2001030014020050 тоот Улаанбаатар хотын даатгал ХХК-ийн төлбөр төлсөн баримт, Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн баримт, №453165 тоот УБЦТС ТӨХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, Хэрэглэгчийн №1065641 тоот бүртгэлтэй Ч.Я-гийн дансны дэлгэрэнгүй тайлан, Засвар хийх үеийн гэрэл зураг, 2019 оны 5 дугаар 15-ны өдрийн Зарлагын баримт, 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн Зарлагын баримт, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Зарлагын баримт, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Зарлагын баримт, 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Зарлагын баримт, 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Зарлагын баримт, 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Зарлагын баримт, 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Зарлагын баримт, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Зарлагын баримт, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Зарлагын баримт, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Зарлагын баримт, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Зарлагын баримт, 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Д ХХК-ийн зарлагын баримт, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Зарлагын баримт, 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн бэлэн мөнгө төлсөн баримт, гэрэл зураг, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Д.Ц, Г.А нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбар, Д.М-ийн гараар бичсэн тайлбар, Д.М-ийн 5021434**** тоот Хаан банк ХХК-ийн дансны хуулга, Д.Ц-гийн 5753277***** тоот Хаан банк ХХК-ийн дансны хуулга, Д.Ц-гийн 18*****840 тоот Голомт банк ХХК-ийн дансны хуулга, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №21/25 тоот Д.Ц, Н.Н нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1242 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын захирамж, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/436 тоот “Коронавируст /Ковид-19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын захирамж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Д.Ц-гийн 57****7662 тоот Хаан банк ХХК-ийн дансны хуулга, Д.Ц-гийн 1829272840 тоот Голомт банк ХХК-ийн дансны хуулга гэсэн /хэргийн 5-63, 74-75, 78-81, 101, 105-106, 107-119, 120-124, 129-138, 174-182-р хуудас/ баримтуудыг,
хариуцагчаас 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Ч.Я, В.О нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагчийн хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ү-220606**** дугаарт бүртгэлтэй Ч.Я, Ч.А нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, Нутгийн буян СӨХ-ны төлбөрийн үлдэгдлийн мэдээлэл, Хэрэглэгчийн 2001030014020**** тоот Ч.Я-гийн СӨХ-ны төлбөрийн мэдээлэл, Ч.Я-гийн 5025343603 тоот Хаан банк ХХК-ийн дансны хуулга, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Ц ХХК, Э.Т нарын байгуулсан Түрээсийн гэрээний хуулбар, байрны дотоод орчныг харуулсан гэрэл зураг, сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 70, 82-84, 85-94, 154-159, 161-165, 171-172 -р хуудас/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрчээр Э.Ө-ыг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл /188-192/-ийг хэрэгт хавсаргасан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Ц-гийн хариуцагч Ч.Я-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 10 188 871 төгрөг гаргуулах, хариуцагч Ч.Янжинхорлоогийн нэхэмжлэгч Д.Ц-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 14 428 720 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хооронд нь тооцож, үүргийг дуусгавар болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагчид холбогдуулан түрээсийн гэрээний барьцаа төлбөр 800 000 төгрөг, түрээсийн гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардалд төлсөн 388 871 төгрөг, завсар хийж тохижуулсан зардал 9 000 000 төгрөг, нийт 10 188 871 төгрөгийг хариуцагч нь гэрээг цуцлаж, гэрээний хугацааг дуусахаас өмнө цоожоо сольж хөөж гаргасан тул гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохиролд тооцож гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч Ч.Я нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, түрээсийн гэрээний үүргийг зөрчиж, түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй, давхар түрээслүүлэн ашиг олсон, завсар хийж тохижуулсан эд хөрөнгөө өөрөө салгаад аваад явсан гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч Ч.Я нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нэхэмжлэгчээс түрээсийн төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 6 640 000 төгрөгийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 7 788 720 төгрөг, нийт 14 428 720 төгрөгийг гаргуулахаар тодорхойлсон.
5.Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг цар тахалтай, хөл хориотой нөхцөл байдлын үед алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй, түрээсийн төлбөрийг хөнгөрүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байхад сарын 800 000 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж няцаасан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 19/52 тоот Түрээсийн гэрээг “Эм хаус пропертис” ХХК үл хөдлөх хөрөнгө зуучлалын төв түүнийг төлөөлж Д.М, түрээслүүлэгч Ч.Я, түрээслэгч Д.Ц нар Х дүүрэг тоот хаягт байршилтай 53,5 м.кв үл хөдлөх хөрөнгийг түр хугацаагаар эзэмшүүлж, ашиглуулахаар харилцан тохиролцож байгуулжээ.
Гэрээний 5.1-д “энэ гэрээ нь 2019 оны 5 дугаар сарын 10-наас 2020 оны 5 дугаар сарын 10 хүртэл 1 жилийн хугацаагаар хөлслүүлнэ”, 6.1-д “түрээсээр эзэмшүүлж буй хөрөнгийн түрээсийн төлбөрийг зах зээлийн жишиг үнийг баримтлан тохирно. Энэхүү гэрээгээр хүлээлгэн түрээсийн байрны 1 сарын төлбөр 800 000 төгрөг, барьцаа мөнгө 800 000 төгрөг, нийт 3 200 000 төгрөг төлөв”, 6.2-д “түрээсийн нийт төлбөр болох 9 600 000 төгрөгнөөс 2 400 000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр 7 200 000 төгрөгийг 1 сараар төлж байхаар талууд тохиролцов” гэжээ.
Мөн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Ч.Я, нэхэмжлэгч Д.Ц нар харилцан тохиролцож түрээслүүлэгч тал өөрийн өмчлөлийн Х дүүрэг, 14-р байр үйлчилгээний талбай тоот хаягт байрлах 53,5 м.кв талбайтай, үйлчилгээний талбайг түрээслүүлэх, түрээслэгч тал хэлэлцэн тохирсон төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, түрээсийн гэрээ байгуулжээ.
Уг гэрээний 2.1-д “түрээсийн хугацаа 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 3 жилийн хугацаагаар түрээслүүлнэ”, 2.2-д “талууд харилцан тохиролцож 1 сарын 800 000 төгрөгийг түрээстэй”, 2.3-д “үсчин, гоо сайханы зориулалтаар түрээслэнэ, 3 сарын төлбөр болон барьцааны төлбөр нийт 3 200 000 төгрөгийг дансаар өгч авсан”, 2.4-д “хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрийг 3 сар төлөөгүй бол түрээслүүлэгч талаас гэрээг дангаар цуцлана”, 2.5-д “түрээслэгч тал гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд Иргэний хуулийн 232,6-д заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алдангитай байхаар тохиролцов.”, 3.5-д “түрээсийн гэрээг бичгээр байгуулж үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318,3, 318,4 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр байна” гэжээ.
Талууд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээг байгуулж, Ковид 19 вируснээс хямралаас үйлдэлтэй давташгүй хүчин зүйлээс болж үндсэн түрээс болох 800 000 төгрөг, 2020 оны 4 сарын 20-ноос 2020 оны 10 сарын 20 хүртэл түрээсийн төлбөрийг 30 хувь хямдруулж 560 000 болгох шийдвэрийг харилцан тохиролцож гаргав, 2020 оны 4 сарын түрээсийг онцгой шалтгааны улмаас харилцан тохиролцож авахгүй байхаар шийдвэрлэв. Мөн гэрээний хугацаа дуусч гэрээ дуусгавар болсон, эсвэл түрээслэгч талын санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцласан тохиолдолд түрээсийн байранд хийсэн салгаж үл болох засвар засан сайжруулалт буюу өрөө тусгаарласан хана текийг хэвээр үлдээнэ, түрээслүүлэгчийн санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцласан тохиролдолд түрээслэгч нь засвар хийхэд гарссан зардал болох 8 000 000 төгрөгийг гэрээний үлдсэн хугацаанд хувь тэнцүүлэн түрээслэгчид төлнө. Түрээслүүлэгч нь түрээсийн байрыг дамжуулан түрээслүүлэхийг зөвшөөрсөн болно” гэж харилцан тохиролцсон байна.
7.Талуудын маргааны зүйл нь гэрээний үүргийг зөрчсөн, гэрээг цуцласан талаар байна, түрээсийн гэрээнүүдийг байгуулсан талаар маргаагүй байна.
8.Зохигч 2021 оны 4 дүгээр сарын 29, 2019 оны 5 дугаар сарын 16, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан талаар маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээийн гэрээ байгуулагдсан бөгөөд “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.
Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000749092 дугаарт бүртгэлтэй Нийслэлийн Х дүүргийн 5 тоот хаягт байршилтай 53,5 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү-220606***** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Я.А, Ч.Я нар бүртгэлтэй, энэ талаар зохигч маргаагүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл тул хариуцагч нь түрээсийн төлбөр, түүний алдангийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэсэн боловч мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар зохигч хэн аль нь дээрх гэрээг байгуулсан, гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн, шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж түрээсийн төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцласантай холбогдуулан түрээсийн үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн зардал болох 9 000 000 төгрөгийг, түрээсийн гэрээ байгуулахаас өмнө ашиглалтын зардалд төлсөн 388 871 төгрөгийг, барьцаа төлбөр 800 000 төгрөг, нийт 10 188 871 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь засвар хийсэн талаар маргаагүй боловч засварын зардлыг төлөх үүрэггүй, засаж тохижуулсан зүйлээ өөрөө салгаад аваад явсан, түрээсийн гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардлыг төлсөн нь үнэн, барьцааны 800 000 төгрөгийг буцаан өгөөгүй боловч түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр, алдангийг төлөөгүй тул буцаан өгөх боломжгүй гэж мэтгэлцсэн.
Талуудын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээний 5.5-д “түрээслэгч тухайн байранд зайлшгүй өөрчлөлт хийх /хана өрөмдөх, хана босгох, засвар хийх/ шаардлагатай гэж үзвэл түрээслүүлэгчээс зөвшөөрөл авч харилцан тохиолцсоны үндсэн дээр засвар, өөрчлөлтийг хийнэ”, мөн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 3-д “гэрээний хугацаа дуусч гэрээ дуусгавар болсон, эсвэл түрээслэгч талын санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцласан тохиролдолд түрээсийн байранд хийсэн салгаж үл болох засвар засан сайжруулалт буюу өрөө тусгаарласан хана, текийг хэвээр үлдээнэ”, 4-д “түрээслүүлэгчийн санаачлагаар гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд түрээслэгч нь засвар хийхэд гарсан зардал болох 8 000 000 төгрөгийг гэрээний үлдсэн хугацаанд хувь тэнцүүлэн түрээслэгчид төлнө” гэж харилцан тохиролцсон байна..
Хариуцагч нь гэрээг өөрийн санаачлагаар цуцлаагүй, нэхэмжлэгч нь өөрөө түрээсийн байрыг орхиод яваад өгсөн гэж маргасан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2021 оны 5 сарын 25-наас дахин өөр иргэнтэй түрээсийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг төлөөгүй байсан тул хаалганы цоожны голыг солино гэсэн гэж тайлбарласан болно.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д “талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй” тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний 4-д харилцан тохиролцсоноор засварын зардал 8 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй, хариуцагч нь төлөх үүрэгтэй байна гэж үзэв.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг өөрийн засвар, тохижилт хийсэн зүйлүүдээ салгаад аваад явсан болох нь хэрэгт авагдсан 2021 оны 5 дугаар сарын 30-ний байдлаарх засвар хийсэн эд зүйлсээ салгаад авсан явсан байдлыг харуулсан гэрэл зургуудаар нотлогдоно гэж маргасан боловч Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.6-д “хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах эрхтэй” болно.
Нэхэмжлэгч нь түрээсийн байранд 9 000 000 төгрөгний засвар хийсэн болох нь нотлох баримтаар ирүүлсэн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн барилгын дотор заслын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хөлсөөр ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэгч Д.Ц-гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банк дансны хуулгаар нотлогдоно гэсэн боловч талуудын хооронд байгуулсан гэрээнд харилцан тохиролцсоноор засварын зардалд 8 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Мөн нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ байгуулахаас өмнө ашиглалтын зардлыг төлсөн гэж тайлбарласан, хариуцагч нь нэхэмжлэгчийг түрээслэхээс өмнөх ашиглалтын зардлыг төлсөн талаар маргаагүй боловч түрээсийн төлбөрөө төлөөгүй тул буцаан өгөхгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй.
Учир нь хэрэгт авагдсан УБЦТС ХК-ийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, СӨХ-ны төлбөрийн баримтаар 2017 оны 11 сараас 2019 оны 3, 5 сарын СӨХ-ны төлбөр, цахилгааны төлбөрт нийт 388 871 төгрөгийг нэхэмжлэгч нь төлсөн байх тул уг 388 871 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгчээс түрээсийн гэрээ байгуулахад барьцаа 800 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, барьцаа 800 000 төгрөгийг хүлээн авсан талаараа хариуцагч хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ дуусгавар болсон тул хариуцагч нь нэхэмжлэгчид барьцаа 800 000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй болно.
Иймд хариуцагч Ч.Я-гоос засварын зардалд 8 000 000 төгрөг, түрээсийн гэрээ байгуулахаас өмнө төлсөн ашиглалтын зардалд 388 871 төгрөг, барьцаа 800 000 төгрөг, нийт 9 188 871 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 01-нд түрээсийн үлдэгдэл төлбөр болох нийт 5 200 000 төгрөг, түрээсийн хугацаанд дахь төлөгдөөгүй тог, цахилгаан, СӨХ-ны төлбөр 1 170 420 төгрөг, нийт 6 370 420 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ихэсгэж түрээсийн үлдэгдэл болох 6 640 000 төгрөг, алданги 7 788 720 төгрөг, нийт 14 428 720 төгрөгийг гаргуулахаар улсын тэмдэгтийн хураамжийг төлж ирүүлсэн болно.
Иймд хариуцагч Ч.Я нь нэхэмжлэгч Д.Ц-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 6 640 000 төгрөг, үүргээ хугацаандаа төлөөгүй алданги 7 788 720 төгрөг, нийт 14 428 720 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлж байсан, үлдэгдэл төлбөрийг бүгдийг сарын 800 000 төгрөгөөр нэхэмжилснийг зөвшөөрөхгүй, харилцан тохиролцоод бууруулсан, мөн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй, цар тахалын хөл хорио тогтоосон хүнд нөхцөл байдалд алданги нэхэмжилсэн гэж маргасан.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-д зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгө ашигласны төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй тул хариуцагч нь түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй болно.
Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээнд түрээсийн төлбөрийг 800 000 төгрөгөөр, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдррийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн түрээсийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд түрээсийн төлбөрийг үндсэн түрээс болох 800 000 төгрөгийг 2020 оны 4 сарын 20-ноос 2020 оны 10 сарын 20 хүртэл 30 хувь хямдруулж 560 000 болгохоор, 2020 оны 4 сарын түрээсийг онцгой шалтгааны улмаас харилцан тохиролцож авахгүй байхаар тохиролцжээ.
Хариуцагч нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний нэмэлт, өөрчлөлт нь хүчин төгөлдөр бус нэхэмжлэгч нь сайхан аашлаад хуурч байгуулсан, түрээсийн байрыг дамжуулан түрээслэж ашиг олж байсан нь гэрч Э.Ө-ын мэдүүлгээр нотлоно гэсэн боловч талууд гэрээг харилцан тохиролцон байгуулж, хэн аль нь гарын үсгээ зурсан, түрээсийн төлбөрийг харилцан тохиролцсоноор 560 000 төгрөгөөр тооцон шилжүүлж байсан, мөн гэрээндээ дамжуулан түрээслэхийг зөвшөөрсөн байна.
Хэрэгт авагдсан хариуцагч Ч.Я-гийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2019 оны 8 дугаар сарын 19-нд 2 400 000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 29-нд түрээс, барьцаа 2 800 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-нд 3 200 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 20-нд түрээс 9 сар 560 000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 07-нд түрээс 7 сар 560 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 21-нд 9 сар түрээс 560 000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 19-нд 560 000 төгрөг, 2020 оны 5 сарын 16-нд 560 000 төгрөг, 2020 оны 4 сарын 10-нд 560 000 төгрөг, 2019 оны 12 сарын 23-нд 800 000 төгрөг буюу нийт 12 560 000 төгрөгийг түрээсийн төлбөрт шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Д.Ц-ийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2019 оны 5 дугаар сарын 10-нд 3 200 000 төгрөг, 2019 оны 8 сарын 19-нд түрээс 9,10, 11 сар түрээс 2 400 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 23-нд түрээс 800 000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 16-нд түрээс 560 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 20-нд түрээс 9 сар 560 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 21-нд 9 сарын түрээс 560 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-нд Янжаа эгчид 3 200 000 төгрөг, Голомт банкны дансны хуулгаар 2020 оны 6 дугаар сарын 19-нд 560 000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 07-нд 560 000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 10-нд 560 000 төгрөг нийт 12 960 000 төгрөгийг түрээсийн төлбөрт шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.
Талууд талууд 2020 оны 4 сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 2020 оны 4 дүгээр сарын 20-ноос 2020 оны 10 дугаар сарын 20 хүртэл 560 000 төгрөгөөр, 2020 оны 4 сарын түрээс авахгүй гэж харилцан тохиролцсон, 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 2019 оны 5 дугаар сарын 19 хүртэл 1 сар түрээсийн төлбөрөөс чөлөөлсөн талаар маргаагүй болно.
Зохигч талуудын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, 2021 оны 5 сарын 25-нд хариуцагч нь дараагийн түрээслэгчид түрээслүүлсэн, 2021 оны 5 сарын 20-ноос байрнаас гарсан гэж тайлбарласан тул түрээсийн төлбөрийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 20-ны хүртлэх хугацаанд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд 2019 оны 4 дүгээр сарын 29-нөөс 2020 оны 3 дугаар сарын 20 хүртэл 800 000 төгрөгөөр, 2020 оны 4 сарын түрээс авахгүй, 2020 оны 5 дугаар сарын 20-ноос 2021 оны 10 дугаар сарын 20 хүртэл 560 000 төгрөгөөр, 2020 оны 11 дүгээр сарын 20-ноос 2021 оны 5 дугаар сарын 20 хүртэл 800 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгч нийт 17 760 000 төгрөгийг түрээсийн үүрэгт төлөхөөс 12 560 000 төгрөгийг төлсөн тул үүнээс барьцаа 800 000 төгрөгийг хасч 11 760 000 төгрөгийг төлсөн байна. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн гэрээ байгуулаад нийт 3 200 000 төгрөгийг түрээс, барьцаа гэж шилжүүлсэн гэсэн боловч хариуцагчийн дансанд түрээс, барьцаа гэж 2 800 000 төгрөг орсон байх тул нийт түрээсийн төлсөн төлбөрийг 12 560 000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иймд нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт нийт төлөх байсан 17 760 000 төгрөгнөөс төлсөн 11 760 000 төгрөгийг хасч үлдэх 6 000 000 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй байна.
Үүнээс зохигч талуудын хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн түрээсийн гэрээний 2.5-д болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангийг тооцоход 3 000 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид төлөх үүрэг үүсч байна.
Иймд нэхэмжлэгч Д.Ц-гээс түрээсийн гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 6 000 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 3 000 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ч.Я-д олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д “биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно” гэж зааснаар талуудын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагууд нь хариу үүрэгтэй холбоотой, үндсэн шаардлагатай нэг төрлийн буюу түрээсийн үүрэг бөгөөд аль алины гүйцэтгэх хугацаа болсон буюу түрээсийн гэрээ дуусгавар болсон байна гэж үзэв.
Иймээс Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц-гийн хариуцагч Ч.Я-д холбогдуулан гаргасан түрээсийн үүрэгт 10 188 871 төгрөг гаргуулах, хариуцагч Ч.Я-гийн нэхэмжлэгч Д.Ц-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 14 428 720 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг хооронд нь тооцож, түрээсийн гэрээний үүргийг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзэж, зохигч талуудын гаргасан үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 172 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 260 766 /116 876+143 890/ төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1, 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц-гийн хариуцагч Ч.Я-д холбогдуулан гаргасан түрээсийн үүрэгт 10 188 871 төгрөг гаргуулах, хариуцагч Ч.Я-гийн нэхэмжлэгч Д.Ц-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 14 428 720 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165 172 төгрөг, хариуцагч Ч.Я-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260 766 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН