Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 230

 

 

“Ш” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/02304 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар, Онцгой байдлын ерөнхий газарт тус тус холбогдох

 

Хохирол 53 767 476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Худалдах-худалдан авах гэрээний алданги 7 898 684 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ш,

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д,

Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонтамир нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК  нь Онцгой байдлын ерөнхий газар, Газрын тосны газартай 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх 121-19 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т ...худалдан авагч нь нийт төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор буюу гэрээ хэрэгжих хугацаанд багтаан бүрэн төлж барагдуулна. Худалдан авагчийн худалдан борлуулж Онцгой байдлын ерөнхий газрын төсвийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын дансанд төвлөрүүлэх дүн нь нэмэгдсэн өртгийн албан татвар орсон үнэ байх бөгөөд худалдагч тал нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бус учир худалдан авагчид нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд худалдан авагч тал орлогын нийт дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж төвлөрүүлнэ... гэж заасан байдаг.

Гэрээний 4.2-т зааснаар “Ш” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг жижиглэнгээр борлуулан нэмэгдсэн өртгийн албан татвартайгаар нь Онцгой байдлын ерөнхий газрын тоот дансанд шилжүүлсэн харин хариуцагч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу нэмэгдсэн өртгийн албан татвараас хөнгөлөлт чөлөөлөлт хийх нөхцөл, үүргээ биелүүлээгүй үүний улмаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар Улсын нөөцийн Онцгой байдлын ерөнхий газрын тоот дансанд манайх жижиглэнгээр борлуулж, тухайн борлуулсан дүнгээ нэмэгдсэн өртгийн албан татвартай нь шилжүүлээд тухайн шилжүүлсэн дүн дээр нэмээд 53 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг манайх татварын ерөнхий газарт төлсөн, буюу тайлагнасан байдаг.

Хариуцагч талууд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш учир манай компани өөрийн худалдан борлуулсан улсын нөөцийн шатахуундаа нэмэгдсэн өртгийн албан татварыг давхардуулан төлөөд байна. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өөрөөр хэлбэл манай байгууллагаас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар зардал гарч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгдсөн байх тул хохиролд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар 53 767 476 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх Засгийн газрын Эрсдэлийн сангийн төсөв хөрөнгөөр Уул уурхайн яам шатахууны нөөц бүрдүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Газрын тосны газар нь Онцгой байдлын ерөнхий газарт хандаж, уг нөөцөд байгаа шатахууныг зарж борлуулахаар болсон. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолд өөрчлөлт оруулах тухай 111 дүгээр тогтоол гарсан. Уул уурхайн яамны багцаас зарцуулсан шатахуун байгаа бөгөөд улсын нөөцийн Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан 1,5 тэрбум төгрөгийг тус газрын 900031005 тоот дансанд төвлөрүүлж, улсын төсөвт оруулсан.

Мөн Газрын тосны газар хариуцаж, тодорхой хэмжээний /8,2 мянган тонн/ шатахуунаа борлуулсан ба энэ борлуулах ажилд Онцгой байдлын ерөнхий газар оролцоогүй. Шатахуун борлуулсан орлогоо Онцгой байдлын ерөнхий газрын дансанд төвлөрүүлж... уг мөнгөөр буцаан шатахуун авч, шатахуунаа Газрын тосны газарт өгсөн.

Тухайн үед Газрын тосны газарт шатахуун худалдан борлуулах хууль эрх зүйн орчин байхгүй байсан учраас Онцгой байдлын ерөнхий газрын худалдан борлуулах эрхийг нь ашиглаж, гэрээ хэлэлцээр хийсэн. Улсын нөөцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар ...Стратегийн болон гамшгийн нөөцийн бараа, материалыг Засгийн газраас тогтоосон байршил, нэр төрөл, тоо хэмжээнд бүрдүүлэх ажлыг Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна гэсэн байдаг.

Гэрээний агуулгыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар уншвал нэхэмжлэгч “Ш” ХХК  нь тухайн үедээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авах боломжтой байхад аваагүй байна. Тэгээд ч энэ нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаар манай байгууллагад огт хандаж байгаагүй, Ашигт малтмал, газрын тосны газартай харилцаж явсан байдаг.

Уг газар шатахууныг нэхэмжлэгчид нийлүүлж, талууд тооцоо нийлсэн байдаг нь хэрэгт авагдсан баримтаас харагдана. Уг үйл ажиллагаанд бид огт оролцоогүй болно. Хэдийгээр бид гэрээний тал боловч зөвхөн орлогыг л төвлөрүүлэх, хуульд заасны дагуу нөөц бүрдүүлэх үүрэгтэйгээр оролцсон, гэрээнд ямар нэгэн ашиг сонирхолгүй этгээд юм. Нэхэмжлэгч нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар татвар төлөх үүрэгтэй, энэ үүргээ өнөөдөр хохирол гэж нэхээд байгаа нь ойлгомжгүй, үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, манай байгууллагыг хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 92 дугаар тогтоол, 10 дугаар сарын 27-ны өдрийн 111 дүгээр тогтоол, Монгол Улсын шадар сайд, Уул уурхайн сайдын хамтарсан 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34/57 тоот тушаалын дагуу Газрын тосны газар нь Онцгой байдлын ерөнхий газар, “Ш” ХХК-тай 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх гэрээг харилцан тохиролцож байгуулсан.

Гэрээний дагуу “Ш” ХХК-д 303.4 тн автобензин, дизелийн түлшийг тухайн үеийн жижиглэн худалдаалах үнээр худалдан, борлуулалтын орлого нийт 591 442 241 төгрөг /НӨАТ-тай үнэ/-ийг Онцгой байдлын ерөнхий газрын Төв төрийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын дансанд төвлөрүүлсэн болно. Гэвч тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу Газрын тосны газар НӨАТ-ын хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй гэдэг шалтгааны улмаас Ш ХХК нь улсын нөөцийг сэлгэн нөхөн бүрдүүлэх үүрэгтэйгээр 2013 онд хүлээн авсан 700.0 тн АИ-92 авто бензинээс 64,5 тн-ыг нь НӨАТ-ын үнэ болох 53 767 476 төгрөгийн барьцаанд авч, маргаан үүсгэж байсан.

Гэрээний 4.2-т нэмэгдсэн өртгийн албан татвар хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлыг тусгайлан зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчид нэмэгдсэн өртгийн албан татварыг суутган авах эрх байсан. Мөн улсын нөөцийн шатахууныг нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр борлуулан нэмэгдсэн өртгийн албан татварыг давхардуулан төлсөн гэдгийг нотлох баримтгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Ш” ХХК  гэрээний төлбөрийг 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 582,9 сая төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 12.8 сая төгрөгийг тус тус төлсөн талаар хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Уг нотлох баримтаар гэрээний төлбөрийг 34-47 хоног хоцроон төлжээ. “Ш” ХХК  нь дээрх баримтаар гэрээний хугацаа хоцроож төлбөр шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

197 867 000 төгрөгийн шатахууны үнийг нийлүүлэхээр байсан, энэ мөнгөө нийлүүлэхдээ 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлөх байсан, гэтэл энийгээ төлөхгүйгээр буюу 14 хоног хэтрүүлж 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн байдаг. Ингээд бид 197 867 000 төгрөгөөс 0.1% буюу 13 хоногийн алданги тооцоод 7 688 749.14 мөнгө гэж тооцсон, үүнээс 591 мянга 442 241.35 мөнгө нь 13 хоцроод төлчихсөн. Нийт үнийн дүнгээс нь авчихсан гэж хэлж байсан. Тэгээд үлдсэн 8 456 543.13 мөнгийг дахиад 13 хоног хоцроож өгсөн үүнээс 13 хоногоор тооцоод 109 935.06 мөнгө болсон нийт 7 798 684.20 төгрөг байна.

Иймд Газрын тосны газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Ш” ХХК-ийн  хооронд 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийг худалдан борлуулж, хөрөнгийг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх 121-19 дугаар гэрээний хугацаа хэтрүүлсний алданги 7 798 684.20 төгрөгийг улсын төсвийн дансанд шилжүүлэхийг “Ш” ХХК-д даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Гэрээний 4.2-т зааснаар “Ш” ХХК  нь төлбөрийг хугацаа хэтрүүлж төлсөн гэдэгт маргахгүй. Сөрөг нэхэмжлэл дээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үүргийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байгаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар энэ хугацаа нь дууссан байдаг.

Манайх өөрийгөө зөвтгөх асуудал нь бид нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой 53 сая төгрөгийн зовлонг аль аль нь мэдэж байгаа. Газрын тосны газар, ашигт малтмал, сангийн яам, татвар гэдэг юм уу үргэлжилсэн байдлаар 2-3 жил хоорондоо санал, хүсэлт явуулаад өдийг хүрсэн байдаг. Энэ хооронд ашигт малтмал газрын тосны газар нь алдангийн талаар нэг ч удаа дурдсан зүйл байхгүй, шүүх дээр ч байхгүй. Сүүлд ямар байдал үүссэн бэ гэхээр шийдвэр нь хариуцагчаас гаргуулах болоод ирэхээр тэгвэл би ч гэсэн гаргуулна гээд ирсэн. Энэ хооронд алдангитай холбоотой нэхэмжлэл гаргахдаа нэг ч удаа 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл албан бичиг байхгүй, шаардсан зүйл байхгүй, Энэ нь Иргэний хуулийн 223-т зааснаар эрхээ эдэлж чадаагүйгээс гарах үр дагавар 224-т хэрэв энэ эрхээ эдэлж чадаагүй бол алданги болон авах эрхээ алдана гэж байгаа.

Сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нэхэмжлэгч тал маань эрхээ алдсан, хөөн хэлэлцэх хугацааны хугацааг дуусгасан учраас анз болон алданги авах эрхээ алдана гэж байгаа. Түүний дагуу манай компани сөрөг нэхэмжлэлийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас 53 767 476 төгрөг гаргуулж,нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, нэхэмжлэлээс хариуцагч Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш ХХК-д холбогдох Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт алданги 7 898 684.20 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ш ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 426 788 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас улсын тэмдэгтийн хураамжид 426 788 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4.2 дах хэсгийг шүүх хууль зүйн үндэслэлгүй гэрээнд огт тусгагдаагүй "өөрсдөө тохиролцсон байх тул гэрээний зүйлийн үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар буюу 53 767 476 төгрөг нэмэгдэж, худалдагч тал нь төлөх үүрэг хүлээжээ" гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

...Нэхэмжлэгч байгууллагын тайланд тусгасан авлага нь гэрээний дагуу шатахуун борлуулснаас үүссэн гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт болон шинжээчийн дүгнэлтэд авлага нь Зохигчдын хооронд байгуулсан гэрээнийх мөн байна гэдгийг баримтаар тогтоож чадаагүй. Тооцоо нийлсэн акт гэгчид Газрын тосны газрыг /хуучин нэрээр / төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурагдаагүй баримтыг үндэслэсэн. Шүүх баримтад тулгуурлаж гаргаагүй дүгнэлт, байхгүй баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн, худалдан авсан шатахууны үнийг 591 442 241 төгрөг гэж буруу бичсэн нь энэ шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй болсон. ...Шүүх нэхэмжлэгчийг гэрээнд заасан эрхээ эдлээгүй болохыг дүгнэсэн боловч энэ дүгнэлтээ шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй нь хууль зүйн үндэслэлгүй болсон.

...Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "Ш" ХХК нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан үүргээ биелүүлж төлбөрийг бүрэн төлсөн байхад хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар нь үүргээ биелүүлээгүй гэж хэт нэг талыг барьсан өрөөсгөл хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шийдвэрийг үндэслэлгүй болсныг нотолж байна.

...Үүрэг гүйцэтгүүлэгч Ашигт малтмал, газрын тосны газар гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Шүүх шийдвэртээ нэг асуудлаар хоёр өөр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсныг харуулж байна.

...Төрийн захиргааны байгууллага "Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль"-ийг хэрэгжүүлэн үүргээ биелүүлснийг буруутан болгож дүгнэсэн нь гэрээний нэг тал болох төрийн байгууллагад хууль зүйн үндэслэлгүй ялгавартай хандан хэргийг шийдвэрлэсэн нь уг шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон.

...Ашигт малтмал, газрын тосны газар нь зохигчдын хооронд байгуулсан гэрээнд заасан байгууллагын /улсын/ эрх зөрчигдсөн тухай 2016 онд мэдсэн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэсээ эхлэн нэхэмжлэл гаргаж эхэлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК  нь хариуцагч Ашигт малтмал газрын тосны газар болон Онцгой байдлын ерөнхий газарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 53 767 476 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч Ашигт малтмал газрын тосны газар эс зөвшөөрч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй алдангид 7 898 684 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Монгол улсын Засгийн газар 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 92 тоот тогтоол, 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 111 тоот тогтоол гаргаж, улсын төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн улсын нөөцөөс 2500 тн Аи-92 автобензин, 5700 тн дизель түлшийг газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгж байгууллагад худалдаж, борлуулсан орлогыг улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлж автобензин дизелийн түлшээр улсын нөөцийг нөхөн бүрдүүлэхийг Уул уурхайн яам болон Онцгой байдлын ерөнхий газарт даалгасан байна.                                                                      /1 дүгээр хавтасны 34-35 дахь тал/

 

Мөн Монгол улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж 2012 оны 92 тоот тогтоолын дагуу улсын нөөцөөс гаргах 1 литр Аи-92 автобензиний үнийг 1484 төгрөгөөс доошгүй, 1 литр дизелийн түлшний үнийг 1605 төгрөгөөс доошгүйгээр худалдан борлуулахыг тогтоожээ.  /1 дүгээр хавтасны  36 дахь тал/

 

Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлж худалдагч талыг төлөөлж Газрын тосны газар болон Онцгой байдлын ерөнхий газар, худалдан авагч тал болох “Ш” ХХК  нар нь 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 121-19 дугаар бүхий Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх гэрээг байгуулжээ.                                                                                   /1 дүгээр хавтасны 27-32 дахь тал/

 

Уг гэрээгээр худалдагч тал нь худалдан авагч талд гэрээнд тохирсон үнээр улсын нөөцөд хадгалагдаж буй 100 тонн Аи-92 автобензин, 200 тонн дизель түлшийг нийлүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохирсон дансанд 584 615 000 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр багтааж төлөхөөр тохиролцсон байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар дахин шинээр тоолох үндэслэл бий болсон талаар зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК  2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын улсын нөөцийн бараа материалын борлуулалтын орлогын дансанд 591 442 241 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ талаар талууд маргаагүй.                                                                                       /1 дүгээр хавтасны 13 дахь тал/

 

Талууд гэрээний 4.2-т “...Худалдан авагчийн худалдан борлуулж, Онцгой байдлын ерөнхий газрын Төв төрийн сангийн улсын нөөцийн барааны борлуулалтын орлогын дансанд төвлөрүүлэх дүн НӨАТ орсон үнэ байх бөгөөд худалдагч тал нь НӨАТ төлөгч бус учир худалдан авагчид НӨАТ-аас хөнгөлөлт чөлөөлөлт хийлгэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөөгүй тохиолдолд худалдан авагч тал орлогын нийт дүнгээс НӨАТ-ыг хасч төвлөрүүлнэ” гэж тохиролцсон байна.

 

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газар болон Онцгой байдлын ерөнхий газар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал газрын тосны газар нь  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Онцгой байдлын ерөнхий газар нь Засгийн газрын тохируулагч агентлаг байх бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн бараа бүтээгдэхүүнийг бусдад  худалдах үед Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зохих заалтууд хамаарахгүй болно.

 

Ийнхүү талуудын гэрээний 4.2-т заасан тохиролцоо нь хуульд нийцээгүйгээс нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар болон Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох 53 767 476 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Талууд 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 121-19 дугаар бүхий газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн бараа борлуулсан орлогын дансанд төвлөрүүлэх гэрээ байгуулахдаа гэрээнд худалдан авагч нь хариуцагчийн дансанд 584 615 000 төгрөгийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 13 дахь баримтаар нэхэмжлэгч “Ш” ХХК  нь гэрээний төлбөрт 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 582 985 698 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 8 456 543 төгрөг, нийт 591 442 241 төгрөг төлсөн үйл баримт  тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан бөгөөд талууд гэрээний 6.1-д “...хугацаандаа төлбөрийг барагдуулаагүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар хоног тутам алданги тооцохоор” тохиролцсон боловч хариуцагч Ашигт малтмал газрын тосны газар нь гэрээний үүргийг гүйцэтгүүлэх талаар шаардлага гаргаж байгаагүйгээс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг хэтрүүлсэн гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ш” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний алданги 7 898 684.20 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2018/02304 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хохирол 53 767 476 төгрөг гаргуулах тухай “Ш” ХХК-ийн  нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний алданги 7 898 684.20 төгрөг гаргуулах тухай Ашигт малтмал, газрын тосны газрын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

                                      ШҮҮГЧИД                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ