Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 62

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 Улсын яллагч А.Энхтуяа

 Хохирогч Б.Андболд

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ариунзаяа

 Нарийн бичгийн дарга Б.Урангоо  нар оролцов.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар Б.Элбэг, Б.Анхбаяр нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201718000067  тоот  хэргийг хянан хэлэлцэв.

                 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт       

 Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1998 оны 12 дугаар сарын 25 нд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5,  аав, ээж, дүү нарын хамт амьдардаг,  Сэлэнгэ аймаг Түшиг сум 1 дүгээр баг Жаргалмандах 4-192 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх Монгол овогт Баттүшигийн Анхбаяр РД: МН98122519

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 1999 оны 04 дүгээр сарын 09 нд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4,  аав ээж эгчийн хамт амьдардаг,  Сэлэнгэ аймаг Түшиг сум 1 дүгээр баг Жаргалмандах 2-65 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн гэх, Өндөр нар овогт Батжаргалын Элбэг РД: МН99040915

      

Холбогдсон хэргийн талаар

            Шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Элбэг нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 28-ны орой Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг 4 дүгээр хэсэг 192 тоот хашаанд тус сумын иргэн Б.Андболдтой хувийн таарамжгүй харьцааг үүсгэн зодолдож түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

      Шүүгдэгч Б.Элбэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…..2017 оны 02 дугаар сарын 28 буюу шинийн 2 нд ангиараа бүгдээрээ нийлж эцэг эхийнхээрээ айл хэссэн. Тэгээд Буянаагийн гадаа цуглаад Андболд ирээд бид нар Анхбаярынд очсон. Андболд Сарангоотой уулзах гээд гарсан. Сүүлд нь манай ангийхан явцгаасан. Би Хонгороог хүргэж өгөх гээд явчихаад ирэхэд Анхбаяр Андболд 2 зодолдож байсан. Би найзыгаа өмөөрөөд Андболдтой зодолдсон......” гэх мэдүүлэг

Шүүгдэгч Б.Анхбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 28 нд манай ангийнхан нийлж гэр гэрээрээ ангиараа айл хэссэн. Манай ангийн охин Буянаагийн гадаа цуглаж Андболд нийлж суусан. Тэгээд Андболд, Сарангоо 2 уулзана гээд гарсан.  Нилээд хугацааны дараа Элбэгсайхан, Баяр-Эрдэнэ бид 3 гарсан тэгээд “Сарангоо би хөлдлөө намайг оруулаач” гэсэн тэгээд Элбэгсайхан Сарангоог аваад орсон тэгээд Андболдтой таарамжгүй харьцаа үүсэж зодолдсон...” гэх мэдүүлэг. 

     Хохирогч Б.Андболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 28 нд 22 цагийн үед Б.Анхбаяр, Б.Элбэг нарын ангийн хүүхэд Буянаагийн гадаа найз охин Сарангоотой уулзах гэж очсон. Тэгээд тэдний ангийнханы суусан машинд суугаад Б.Анхбаярынд очсон. Б.Анхбаяр, Б.Элбэг, Элбэгсайхан, Баярэрдэнэ нартай маш сайн найз байсан орж гардаг байсан болохоор тэднийд очихдоо эмээгээгүй. Тэдний очоод найз охинтойгоо уулзах гээд Од-Эрдэнэнийн машинд сууж байхад Од-Эрдэнэ, Замилан, Мөнхтулга 3 гарч ирсэн. Од-Эрдэнэ машинаа тавих ёстой гэж надад хэлээд машинаа аваад явсан. Би буцаж ороод өөрийнхөө дээгүүр өмсөх хувцасыг аваад найз охиондоо нөмрүүлээд гарсан. Гадаа найз охионтойгоо ярилцаад зогсож байхад Анхбаяр, Элбэгсайхан, Баяр-Эрдэнэ 3 гарч ирсэн. Тэгээд манай найз охиныг оруулах шалтгаанаас болоод маргалдаж муудалцсан. Маргалдаж муудалцахад миний буруу тодорхой хэмжээгээр байсан. Б.Анхбаярын нүүрлүү түлхсэн. Б.Анхбаяр намайг цохисон. Тэрнээс хойш хэн яаж цохисныг сайн мэдэхгүй байна. Элбэг гарж ирээд нуруунаас хазсан. Тэгээд хэсэг хугацааны дараан би Элбэгсайхантай Дүүрэнбаярынх руу явж байсан. Элбэгсайхан намайг хүргэж өгөөд явж байхад нь Мөнхтулга замд нь таараад намайг яасан юунаас болсон гэж асуух гэж ирээд Элбэг бид 2 дахиж  маргалдаад зодолдсон. Дараа нь Элбэг, Мөнхтулга, Од-Эрдэнэ бид 4 Дүүрэнбаярынд очсон. Би тэндээ хоносон. Одоо энэ хоёроос нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй...” гэх мэдүүлэг

     Гэрч С.Сарангоогийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 он 02 дугаар сарын 28-ны өдөр буюу шинийн 02-нд Түшиг сумын ерөнхий боловсролын сургуульд хамт суралцаж байсан найзууд болох Анхбаяр, Баяр-Эрдэнэ, Элбэгсайхан, Элбэг, Мөнхтулга, Од-Эрдэнэ, Хонгорзул, Замилан, Буян-Эрдэнэ нарын хамт Түшиг суманд уулзаж айл хэсцгээсэн. Энэ өдрийнхөө орой бид нар бүгдээрээ Түшиг сумын төвд Буянаагийн гэрт очоод гэрээс нь 22 цаг орчим гарахад хашааны гадаа надтай үерхээд салсан Андболд ганцаараа ирчихсэн, надтай уулзсан. Надтай уулзаад ...хэрэлдэж маргалдсанд уучлаарай. Хоёулаа буцаад эвлэрэе .... гэж хэлээд уучлалт гуйсан. Андболд бид хоёр бйашингийн ард уулзаж байсан чинь Анхбаяр Баяр-Эрдэнэ Элбэгсайхан гурав ирэхэд нь би тэр гуравт би хөлдлөө намайг гэрт оруулаад өг гэж хэлэхэд Элбэгсайхан намайг гэр лүү оруулах гэхэд Андболд би өөрийнхөө өмчийг мэдье гэж хэлсэн. Элбэгсайхан намайг гэрлүү оруулахад гэр дотор гэрт хүн байгаагүй Хонгорзул, Буянаа хоёр байгаагүй, хэзээ, хаашаа явсан болохыг мэдэхгүй. Гэрт ганцаараа байж байтал Андболд гэрт Баяр-Эрдэнэ, Элбэг, Элбэгсайхан, Анхбаяр нар гэрт орж ирэхэд Баяр-Эрдэнийн ээж орж ирээд та нар зодоон хийж болохгүй  гэж загнаж байхад манай аав Сарантуяа ирээд намайг аваад гэрлүү явсан. Үүнээс хойш болсон явдлыг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/

   Гэрч Б.Мөнхтулгын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Цагаан сарын баярын өдөр буюу шинийн 02-ны өдөр Түшиг сумын ерөнхий боловсролын сургуульд хамт суралцаж байсан найзууд болох Анхбаяр, Баяр-Эрдэнэ, Элбэгсайхан, Элбэг, Сарангоо, Од-Эрдэнэ, Хонгорзул, Замилан, Буян-Эрдэнэ нарын хамт Түшиг суманд уулзаж айл хэсцгээсэн. Энэ өдрийнхөө орой бид нар бид нар бүгдээрээ Түшиг сумын төвд Буянаагийн гэрт очоод гэрээс нь 22 цаг болж байхад гарахад хашааны гадаа Сарангоогийн найз залуу Андболд ганцаараа ирчихсэн Сарангоотой уулзсан. Намайг гэрт орсны дараагаар ойролцоогоор 30-40 минутын дараа Од-Эрдэнэ над руу утсаар залгаад Анхбаярын гэрт зодоон болоод байна гэж хэлээд би ганцаараа цэнхэр өнгийн Портер машинаар Анхбаярын гэрлүү явж байтал Андболд Элбэгсайхан хоёр замд таарсан. Би уулзаад юу болсон талаар асуухад намайг ийм болтол зодчихлоо гэж хэлсэн. Хэн зодсон яагаад зодсон талаар яриагүй. Б.Андболдын 2 шанаа хавдсан, зулгарсан байдалтай харагдсан. Элбэгсайханы биед ил харагдах гэмтэл, шарх ажиглагдаагүй найзуудыг уулзаж эвлэрүүлэхээр Анхбаярын гэрт очиход Анхбаяр, Баяр-Эрдэнэ, Элбэг гурав гэрээсээ гарч байхад тааралдаж бид нар хашаан дотор уулзаад Андболд нэг нэгээрээ зодолдоё гэж хэлээд Анхбаярын хөлрүү ороод унагаасан. Тэгээд Элбэгийг барьж аваад хоорондоо ноцолдож газар унасан. Бие биенийгээ цохьсон болохыг мэдэхгүй. Элбэгсайхан, Од-Эрдэнэ бид гурав Андболдыг машиндаа суулгаад бид дөрөв Дүүрэнбаярын гэрт орж Андболдыг үлдээгээд гэр гэрлүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/

Гэрч Ч.Хонгорзулын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Түшиг сумын ерөнхий боловсролын сургуульд хамт суралцаж байсан манай ангийн найзууд хамт айл хэсцгээсэн....би гэрт Сарангоог хүлээгээд орж ирэхгүй болохоор нь би Элбэгээр гэрлүүгээ хүргүүлсэн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Дахин ангийхантайгаа уулзаагүй. Намайг байх хугацаанд манай ангийн хүүхдүүдийн дунд хэрүүл маргаан, үл ойлголцох зүйл болоогүй. Анхбаярын гэрт нэг 1 шил дарс гаргаж ирээд ууцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/

Гэрч М.Замилангийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр буюу цагаан сарын шинийн 2-нд Түшиг сумын ерөнхий боловсролын сургуульд хамт суралцаж байсан манай ангийн найзууд хамт айл хэсцгээсэн. Энэ өдрийнхөө орой бид нар бүгдээрээ ангийнхаа Буянаагийн гэрт очоод тэндээсээ 22 цагийн орчимд гарахад хашааны гадаа Сарангоогийн найз залуу байсан Б.Андболд ганцаараа ирчихсэн Сарангоотой уулзсан. Андболд манай ангийнхантай Анхбаярын гэрт очиход дарс 1 ширхэгийг гаргаж ирээд бүгдээрээ хувааж уусан. Миний хувьд дарснаас уугаагүй. Тухайн үед ойролцоогоор 23 цаг өнгөрч байсан болов уу. Ингээд Од-Эрдэнэ, Мөнхтулга бид гурав гэрээс гарахад Сарангоо Андболд хоёр машин дотор уулзаад сууж байсан. Хоорондоо маргалдаж хэрэлдсэн шинж байгаагүй. Бид гурав машиндаа суугаад гэрлүүгээ харьсан. Түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/

Гэрч Ш.Даваанямын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Цагаан сарын баярын өдөр буюу шинийн 02-ны өдөр Түшиг сумын ерөнхий боловсролын сургуульд хамт суралцаж байсан манай ангийн найзууд болох Анхбаяр, Баяр-Эрдэнэ, Элбэгсайхан, Элбэг, Сарангоо, Од-Эрдэнэ, Мөнхтулга, Хонгорзул, Замилан нар айл хэсэж байгаа талаар надад хэлсэн. Би хамт айл хэсээгүй. Энэ өдрийнхөө 21 цаг өнгөрч байхад манай ангийхан бүгдээрээ манай гэрт ирээд 22 цаг өнгөрч байхад гарсан. Би найзуудынхаа хамт Анхбаярын гэрт очихоор гарахад манай хашааны гадаа Андболд ганцаараа ирчихсэн Сарангоотой уулзсан. Андболд манай ангийхантай Анхбаярын гэрт очиход дарс 1 ширхэгийг гаргаж ирээд бүгдээрээ хувааж уусан. Анхбаярын ээж аав байгаагүй дүү Төгсөө л байсан. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан болов уу Андболд Сарангоог гэрээс авч гараад гадаа Од-Эрдэнийн машинд уулзсан. Удаагүй би гэрлүүгээ харихаар ганцаараа явсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/

Гэрч Н.Од-Эрдэнийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн өдөр өөрийн ангийхантайгаа айлаар явж золголт хийсэн бөгөөд орой харанхуй болсон байх үед ангийн охин Буян-Эрдэнийн гэрт орж золголт хийчихээд гадаа гарч ирсэн байх үед манай дээд ангийн найз Андболд ганцаараа ирсэн юм. Тэгээд бид нар бөөнөөрөө Анхбаярын гэрлүү очсон юм. Анхбаярын гэрт байж байх үед нэг шил дарс задалсан бөгөөд тэрнээс би уугаагүй бөгөөд гэртээ харих гээд гарсан Мөнхтулга, Замилан нар мөн харина гэхээр нь тэр хоёрыг гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьсан. Гэртээ байж байгаад эргээд Анхбаярын гэрлүү яваад очтол Андболд, Элбэг хоёр хоорондоо ноцолдоод, маргалдаж байсан бөгөөд тэр хоёр удалгүй салцгаасан юм. Тэр хоёр хэн нь хэнийхээ хаана нь цохисон талаар бол хараагүй. Удалгүй Андболд Элбэг нар хоорондоо муудалцаад ноцолдоод байсан. Тэд нар ямар шалтгааны улмаас маргасан болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/

      Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №70 тоот:

“1.Б.Андболдын биед зовхинд цус хуралт, хацарт язарсан шарх, бугуй сарвуунд зулгаралт, нуруу гуянд цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 74 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн №95 тоот:

“1.Б.Элбэгийн биед тархи доргилт, баруун хацарт зулгаралт, дух, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 78 дугаар тал/

Амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 84-90 дүгээр тал/

ГССҮТөвийн эмчийн дүгнэлт /хх-ийн 91 дүгээр тал/

Шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Элбэг нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 96-98 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 103 дугаар тал/

Б.Анхбаярын суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн  104 дүгээр тал/

Б.Анхбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105-106 дугаар тал/

 Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 112 дугаар тал/

Б.Элбэгийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 113-114 дүгээр тал/

Б.Элбэгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115-116 дугаар тал/

Шүүгдэгч Б.Анхбаярын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 38-40 дүгээр тал/

Шүүгдэгч Б.Анхбаярын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 60 дугаар тал/

Шүүгдэгч Б.Элбэгийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх-ийн 50 дугаар тал/

Шүүгдэгч Б.Элбэгийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх-ийн 58 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг дүгнэхэд

 

   Шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Элбэг нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 28-ны орой Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 1 дүгээр баг 4 дүгээр хэсэг 192 тоот хашаанд тус сумын иргэн Б.Андболдтой хувийн таарамжгүй харьцааг үүсгэн зодолдож түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

   Үүнд; Хохирогч Б.Андболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн, гэрч С.Сарангоогийн /хх19-20 тал/, Б.Мөнхтулгын /хх 21-22 тал/, Ч.Хонгорзулын /хх23-24 тал/, М.Замилангийн /хх26-27 тал/, Ш.Даваанямын /хх28-29 тал/, Н.Од-Эрдэнийн /хх33 тал/ мэдүүлгүүд, Шинжээчийн 70,95 тоот дүгнэлтүүд /хх74,77 тал/, Амбулаториор эмчлүүлэгчийн карт /хх-ийн 84-90 дүгээр тал/, ГССҮТөвийн эмчийн дүгнэлт /хх-ийн 91 дүгээр тал/ болон шүүгдэгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болно.

            Хохирогч Б.Андболд гэрч С.Сарангоо, Б.Мөнхтулга, Ч.Хонгорзул, М.Замилан, Ш.Давааням, Н.Од-Эрдэнэ нар болон бусад гэрчүүдийн мөрдөн байцаалтын шатанд хууль сануулж  өгсөн мэдүүлгийг шүүх үнэн зөв, үндэслэлтэй гэж үзэв.

            Учир нь дээрх гэрчүүд нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй төдийгүй, тухайн цаг хугацаанд хамт байж болсон үйл явдлыг харсан гэрчүүд байгааг дурьдах нь зүйтэй. 

            Дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүд болон бусад баримтуудаар шүүгдэгч нарын үйлдсэн гэх хэрэг нотлогдон тогтоогдож байна.

            Иймд шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Элбэг нарын гэм буруутай үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.2-д зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь тохирсон, шүүгдэгч Б.Анхбаярыг Б.Элбэгтэй бүлэглэн хохирогч Б.Андболдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Элбэгийг Б.Анхбаяртай бүлэглэн хохирогч Б.Андболдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3-д зааснаар учруулсан хохирол төлбөрөө сайн дураар нөхөн төлсөн, 55.1.9-д зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг харгалзан үзэж, ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17-р зүйлийн 17.1.2-т  зааснаар мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д заасан гэмт хэрэг нь  хүндэвтэр төрлийн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа болно.

Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

      Хохирогч Б.Андболдоос шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч нарт гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэгт үндсэлэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Монгол овогт Баттүшигийн Анхбаяр, Өндөр нар овогт Батжаргалын Элбэг нарыг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д заасан бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар шүүгдэгч Монгол овогт Баттүшигийн Анхбаяр, Өндөр нар овогт Батжаргалын Элбэг нарт тус тус 260 цагийн албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Элбэг нарт оногдуулсан албадан ажил хийлгэх ялыг нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.   

4.Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч нар албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг анхааруулсугай .

6.Шүүгдэгч Б.Анхбаяр, Б.Элбэг нарт урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299-р зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302-р зүйлийн 302.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичгээр үйлдэж шүүх хуралдааны оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303-р зүйлийн 303.1, 304-р зүйлийн 304.1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн материалын хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Б.ЭРДЭНЭХИШИГ