| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/01153/И |
| Дугаар | 183/ШШ2022/01447 |
| Огноо | 2022-05-10 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2022 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2022/01447
2022 оны 05 сарын 10 өдөр Дугаар 183/ШШ2022/01447 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, 701 тоотод оршин суух, Ц овогт М.З /РД:********/,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 104 тоотод байрлах, М ХХК /РД:******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, 52 тоотод оршин суух, Ч овогт Ц.О /РД:*********/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол нийт 89 055 273 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.З,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,
Хариуцагч Ц.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нарантүвшин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.З, М ХХК нар нь хариуцагч Ц.О-д холбогдуулан нийт 89 055 273 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч М.З нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
1.Миний бие М.З 2017 оны 3 дугаар сарын 30-ний өдөр Бусдын газар дээр барилга барих тухай гэрээг иргэн Ц.О, Д.Б нартай байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу В тал болох миний бие гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж Б дүүргийн 25 айлын 2 ширхэг орон сууцны барилга барьж ашиглалтанд оруулсан. Харин гэрээний А тал болох Ц.Оын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл намайг хохироож явна. Учир нь гэрээ байгуулсанаас хойш миний бие газрын өмчлөлийг шилжүүлэн авч, Ц.Оын хувьд барилга барих тусгай зөвшөөрөл, батлагдсан ажлын төлөвлөгөө, техникийн нөхцөл бүх бичиг баримт түүний нэр дээр явж байсан бөгөөд барилга баригдах газрын асуудлыг шийдвэрлэсэн, эргэн тойрон өмчлөгчдөөс барилга барих зөвшөөрөл авсан, гомдол гаргавал гарсан асуудлыг би шийднэ гэж явсаар уг газрын хөрш өмчлөгч иргэн Ж.М Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж үүнээс үүдэн хэд хэдэн хохирол надад учирсан. Үүнд:
-Ц.Оаас Ж.М-тай холбоотой үүссэн асуудлыг би шийднэ гэж хэлж өмгөөлөгчийн хөлсөнд Ц.О 1 000 000 төгрөг авсан байдаг боловч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд би өөрөө гуравдагч этгээдээр дуудагдан оролцож тусдаа өмгөөлөгч хөлсөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Иймд энэ 1 000 000 төгрөгийг Ц.Оаас гаргуулах хүсэлтэй байна.
-Барилга ашиглалтанд оруулах комисс ажиллах үйл явц Ж.М-гийн шүүхэд үүсгэсэн иргэн, захиргааны хэрэгтэй холбогдуулан хойшилж, Б блокийн барилга 3 жилийн хугацаанд гацсан байдалтай байсан. А блокийн барилга 2018 оны 4-р сарын 24-ний өдөр улсын комиссын дүгнэлт гарч, ашиглалтанд оруулах хугацаа нэгэнт өнгөрсөн байсан учраас гэрээний үүргийн дагуу байр худалдан авсан иргэдээ байранд нь оруулж эхэлсэн байдаг. Энэ хугацаанд миний зүгээс барилгын эвдрэл гэмтэл, ус, цахилгаан, дулаан бүх төлбөрийг айлуудаас хувь хүнээр тооцон авч төлбөр гаргасан аж ахуй нэгжид буцаагаад байгууллагаар тооцож төлж байсан. Дулаан цахилгааны гэрээ нь Ц.Оын гэрээтэйгээр одоог хүртэл явж ирсэн. Газартай холбоотой асуудлыг Ц.О шийдвэрлэх ёстой байсан харин миний зүгээс барилга барих үүргийг хүлээж байсан. Гэтэл Ц.О газартай холбоотой асуудлыг шийдвэрлээгүйгээс үүдэн барилга ашиглалтанд оруулах хугацаа хойшлогдож, миний бие энэ хугацаанд 42 055 273 төгрөг төлсөн байна. Иймд энэхүү хохирлыг Ц.Оаас гаргуулж өгнө үү.
-Иргэн Ж.М-ийн хэрэгт өмгөөлөгчийн хөлсөнд 10 000 000 төгрөг төлсөн бөгөөд өөрийн буруугүй үйлдлийн улмаас өмгөөлөгч хөлсөлж эрх ашгаа хамгаалахаас өөр аргагүйд хүрсэн. Хэрэв Ц.О газрын асуудлаа шийдвэрлэсэн байсан бол Ж.М нэхэмжлэл гаргахгүй байсан буюу би 10 000 000 төгрөгөөр өмгөөлөгч хөлслөхгүй байсан. Энэхүү 10 000 000 төгрөгийн төлбөрийг хохиролд тооцож Ц.Оаас гаргуулахаар шаардаж байна.
-2017 оны 3 дугаар сарын 30-ний өдөр Бусдын газар дээр барилга барих тухай гэрээний Б тал болох Д.Б-д Ц.О нь тухайн үед өртэй байснаас үүдэн гэрээний 4.5.1 дэх хэсэгт заасан байрнаас гадна 3 давхарт 29.12 мкв 2 байр өгөхөөр тохиролцсон боловч энэ байрныхаа төлбөрийг төлж чадаагүйгээс гэрээний 3.5.5-д заасан 5 давхарт байсан өөрийн орон сууцыг Д.Б-д өгөхөөр болсон. Гэтэл 5 давхар болон 3 давхрын байрны үнэ хоорондоо зөрүүтэй буюу 5 давхрын байр 1 200 000 төгрөг, 3 давхрын байр 1 400 000 төгрөг байсан. Гэтэл үнийн зөрүүг Ц.О хариуцна гэж хэлж байсан ч хариуцах нь битгий хэл миний зүгээс 3 давхарт 29.12 мкв байр гаргаж өгч Ц.Оын өгөх байсан байрыг Д.Б-д өгсөн. Энэхүү байрны үнийн зөрүү их байсан учир миний хувьд засалгүй байр шилжүүлсэн бөгөөд Д.Б нь Нийслэлийн мэргэжлийн хяналтад хэлнэ гэх мэтээр намайг сүрдүүлж, 3 000 000 төгрөгийн засварыг хийж өгсөн байдаг. Энэхүү 4 500 000 төгрөгийн 1 500 000 төгрөгөнд Ц.Отай Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд алдангийн хамт 2 250 000 төгрөг, үлдсэн 3 000 000 төгрөг нь миний данснаас бодитой гарсан зардал тул ийнхүү 5 250 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэсэн.
2.Нэхэмжлэгч М ХХКнэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
-Ц.Отай 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Зохиогчийн хяналт хийх талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу Ц.О нь төлбөрт 5 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул гэрээний 5.2 дахь хэсэгт заасны дагуу алданги 2 500 000 төгрөгийн хамт нийт 7 500 000 төгрөгийг шаардаж байна.
-Ц.Отай 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Зохиогчийн хяналт хийх талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу Ц.О нь төлбөрт 15 500 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул гэрээний 5.2 дахь хэсэгт заасны дагуу алданги 7 750 000 төгрөгийн хамт нийт 23 250 000 төгрөгийг шаардаж байна. Иймд иргэн Ц.Оаас 89 055 273 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
2.Хариуцагч Ц.О хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэн М.З нь Ц.О надад холбогдуулан 89 055 273 төгрөг гаргуулах гомдол гаргажээ. Тус нэхэмжлэлдээ 2017 оны 3 дугаар сарын 30-ний өдөр байгуулсан Бусдын газар барилга барих тухай гэрээг үндэслэн өөрийн үүргээ бүрэн биелүүлж харин миний буруугаас өөрийгөө хохирсон гэж дурджээ. Харин эсрэгээрээ миний бие нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж гэрээний 3.1, 3.2, 3.3-т заасан заалтуудын дагуу газраа шилжүүлэн өгч, чөлөөлсөн. Харин 3.6-д заасан байрыг худалдан аваагүй цуцалсан тул 3.7-т заалтыг биелүүлэх үүрэг хүлээхээ больсон. Харин М.З нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 5.5-т заасан заалтыг биелүүлэхгүй явна. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, зарим хэсгийг зөвшөөрөхгүй байна.
Ж.Мтай холбоотой үүссэн асуудалд өмгөөлөгч авахаар тохирч талууд мөнгө гаргасан боловч өмгөөлөгч нь ковидын цар тахлын улмаас АНУ-д гацсанаас болж үүргээ биелүүлэх боломжгүй болсноо хэлж мөнгөө буцаан өгсөн. Иймд энэхүү 1 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Ж.М-ийннэхэмжлэл нь миний гэм буруугаас болоогүй бөгөөд улсын комисст хүлээлгэн өгөх үүрэг нь гэрээний 5.10-т заасны дагуу З-ын өөрийн хүлээсэн үүрэг юм. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлага болох 42 055 273 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Өмгөөлөгч авах нь Золбаярын эрх бөгөөд эрхээ эдэлсний төлөөх 10 000 000 төгрөгийн төлбөрийг миний бие хариуцах нь үндэслэлгүй юм. Д.Бболон бид хоёрын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан №1/3 гэрээгээр "Орон сууц барьж хамтран ажиллах гэрээ"-ний 2.1.2-т иргэн н.Баттөрд өгөх байранд давхар заагаагүй бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 30-ний өдөр байгуулсан Бусдын газар дээр барилга барих тухай гэрээний 3.5.5-д заасан 5 давхрын байрыг л өгөх боломжтойгоо хэлэхэд н.Баттөр нь М.Зтай өөрөө тохиролцож солихоо надад илэрхийлсэн. Иймд энэхүү тохиролцоо нь М.З болон н.Б нар хоорондоо тохиролцсон ба надад хамааралгүй учраас надаас нэхэмжилсэн 5 250 000 төгрөгийн нэхэмжлэл нь үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч М ХХК-ийн Зохиогчийн хяналт хийх талаар Захиалагч, Гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээ нь "Бусдын газар дээр барилга барих гэрээ"-гээр /тус гэрээний 5.2, 5.3-т заасан/ Захиалагчийн үүргээ иргэн З-т шилжүүлснээр дуусгавар болж Захиалагч, Гүйцэтгэгч хоёр нь нэг болсон тул энэхүү нэхэмжлэл болох Захиалагчийн төлбөр 5 000 000 төгрөг болон алданги 2 500 000 төгрөг нийт 7 500 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм.
Мөн Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ нь "Бусдын газар дээр барилга барих гэрээ"-гээр /тус гэрээний 5.2, 5.3-т заасан/ Захиалагчийн үүргээ иргэн Золбаярт шилжүүлснээр дуусгавар болж Захиалагч, Гүйцэтгэгч хоёр нь нэг болсон тул энэхүү Захиалагчийн төлбөр болох 15 500 000 төгрөг болон алданги 7 750 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн албан бичиг, 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн М.З-аас Д.Н-д олгосон итгэмжлэл, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн М.З, Ц.О нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 2016/16 тоот Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулагдсан гэрээ, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2017/08 тоот Зохиогчийн хяналт хийх талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ, 2017 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн Бусдын газар дээр барилга барих тухай гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн №06/ЗБ-3Д-29.12 тоот Орон сууц захиалан бариулах тухай гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, №28/2017 тоот Техникийн нөхцөл, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №0996/2017 тоот Түр техникийн нөхцөл, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №ТН-В552/2017 тоот Техникийн нөхцөл, №332/16 тоот Техникийн нөхцөл, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №ТН-В264/2016 тоот Техникийн нөхцөл, №2017/23 тоот Техникийн тодруулга, Магадлалын ерөнхий дүгнэлтийн хавсралт, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №273/2017 тоот Шинэ хэрэглэгчийг сүлжээнд холбох зөвшөөрлийн хуудас, М.Зын иргэний үнэмлэхний хуулбар, М ХХК-ийн Ц.Оын 20-н айлын /А,Б блок/ орон сууцны зураг төсөл, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2022/02780 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, МХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М.Зын эзэмшлийн Хаан банк ХХК-ийн 517508*** тоот дансны хуулга, Ө.Б-гийн эзэмшлийн Хаан банк ХХК-ийн 5079052699 тоот дансны хуулга, Улаанбаатар цахилгаан түгээх станц ХК-ийн хэрэглэгчийн дансны тайлан, Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн төлбөрийн түүх, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, тооцооллын хүснэгт, 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 48/22 тоот МХХК-иас Д.Н-д олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Улаанбаатар хотын хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф, Үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад борлуулах цахилгаан тариф, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх-ийн 4-52, 81-190, 203-213/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хариу тайлбар, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Бусдын газар дээр барилга барих тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, Г-2205000054 дугаарт бүртгэлтэй Ц.Оын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ц.Оын өмчлөлийн газрын байршлын кадастрын зураг, Г-220500***4 дугаарт бүртгэлтэй М.Зын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №000607104 тоот Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, №000607104 тоот Ц.Оын газар эзэмших эрхийн гэрчилгээ, №000680179 тоот М.Зын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №1/3 тоот Орон сууц барьж хамтран ажиллах гэрээ, хяналтын хэмжилт, 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Бусдын газар дээр барилга барих тухай гэрээ, хариу тайлбар /хх-ийн 59-74-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Д.Б-ийг гэрчээр асууж тэмдэглэлийг /хх-ийн 195-198-р хуудас/ хэрэгт хавсаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М.Зын нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 57 305 273 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлээс 7 500 000 төгрөгийг хангаж, 23 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч М.З нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
-Ж.Мтай холбоотой асуудлыг шийдвэрлэнэ гэж авсан өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг,
-гэрээний үүргээ биелүүлээгүй, газартай холбоотой асуудлыг шийдвэрлээгүйгээс барилга ашиглалтад оруулах хугацаа хойшилж 3 жилийн хугацаанд 25 айлын ашиглалтын зардлыг төлсөн зөрүү 42 055 273 төгрөг,
-Ж.М-ийн хэрэгт өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 10 000 000 төгрөг,
-зээлийн гэрээний үүрэгт 5 250 000 төгрөгийг буюу нийт 57 305 273 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3.Нэхэмжлэгч М ХХКдараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
-2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Зохиогчийн хяналт хийх талаар захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний төлбөрт 5 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний төлбөр 5 000 000 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүй алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөгийг,
-2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний төлбөрт 15 500 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний төлбөр 15 500 000 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүй алданги 7 750 000 төгрөг, нийт 30 750 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
3.Хариуцагч нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шаардлагаас нэхэмжлэгч М.З-аас өмгөөллийн хөлсөнд авсан 1 000 000 төгрөгийг буцаан өгөхийг зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, Ж.М-ийн маргаан нь газрын маргаан биш, барилга хоорондын зайны талаарх маргаан байсан учраас миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул өмгөөллийн хөлсөнд төлсөн 10 000 000 төгрөгийг нь төлөхгүй, гэрээний үүргээ гүйцэтгэсэн тул үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 42 055 273 төгрөгийг төлөх үүрэггүй, зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлж аваагүй тул 5 250 000 төгрөгийг буцаан төлөхгүй гэж,
нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй, гэрээний нэг тал нь буюу үүргийг М.З хариуцах болсон, гүйцэтгэгч, захиалагч нь нэг этгээд болж үүрэг дуусгавар болсон гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан 2017 оны 3 дугаар сарын 30-ний өдөр “Бусдын газар дээр барилга барих тухай гэрээ”-г хариуцагч Ц.О А тал буюу газрын өмчлөгч, Д.Б Б тал буюу газрын өмчлөгч, нэхэмжлэгч М.З В тал буюу барилгын хөрөнгө оруулагч нар харилцан тохиролцож байгуулсан байх бөгөөд зохигч талууд уг гэрээг байгуулсан талаар маргаагүй болно.
Талуудын байгуулсан “Бусдын газар дээр барилга барих тухай” гэрээний 1.1-д “А талын өмчлөлийн Б дүүргийн 49 тоот хаягт байрлалтай 355,56 м.кв /000281930, Г-2205000****/ талбайтай газар дээр, А талын эзэмшлийн Б дүүргийн 50 тоот хаягт байрлалтай 400 м.кв /Г-000607104, н.т.д-186413114***32/ талбайтай газар дээр, Б талын өмчлөлийн Б дүүргийн 50А тоот хаягт байрлалтай 393 м.кв /Г-000028782, Г-2205003396/ талбайтай газар дээр В тал өөрийн хөрөнгө оруулалтаар 4 давхар 2 ширхэг орон сууцны зориулалттай барилгыг гэрээний 1.1-1.3-т заасан газар дээр барихтай холбоотой талуудын хоорондын харилцааг зохицуулах”-аар байгуулжээ.
5.Талуудын маргааны зүйл нь гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол, гэрээний төлбөр, үүргээ хугацаандаа биелүүлээгүй гэж алданги нэхэмжилсэн, гэрээ байгуулсан, хамтран ажилласан, хариуцагч нь газраа шилжүүлсэн, нэхэмжлэгч нь орон сууцны зориулалттай барилга барьж ашиглалтад оруулсан талаар маргаагүй.
6.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байх бөгөөд “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заажээ.
Хэрэгт авагдсан “Бусдын газар дээр барилга барих тухай гэрээ”-нд А тал Ц.О, Б тал Д.Б, В тал буюу хөрөнгө оруулагч М.З, Г.Т нар оролцсон боловч нэхэмжлэгч М.З нь гэрээний А тал болох Ц.Оаас гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг нэхэмжилж байгаа гэж тайлбарласан болно.
Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч Ц.О нь өөрийн өмчлөлийн Б дүүргийн, 49 тоот хаягт байрлалтай 355,56 м.кв /000281930, Г-220500****4/ талбайтай газар, өөрийн эзэмшлийн Б дүүргийн 50 тоот хаягт байрлалтай 400 м.кв /Г-0006***04, н.т.д-1864131****032/ талбайтай газрыг шилжүүлэх, уг газар дээр нэхэмжлэгч М.З нь орон сууцны зориулалттай барилгыг барихаар харилцан тохиролцжээ.
Гэрээний А тал болох хариуцагч Ц.О нь гэрээний 3.3-д “А тал газрыг В талыг үйл ажиллагаа явуулахад чөлөөлж өгөх үүрэгтэй” гэж зааснаар өмчлөх, эзэмших эрхтэй газраа шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000281930 дугаартай гэрчилгээ, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000607104 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд гэрээний В тал болох нэхэмжлэгч М.З өөрийн хөрөнгө оруулалтаар 4 давхар 2 ширхэг орон сууцны зориулалттай барилгыг барьсан болох нь Б дүүргийн 9 автомашины дулаан зогсоолтой 4 давхар мансардтай 25 айлын орон сууцны барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр №БА-196/2021 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь гэрээний 3.4-д заасан “А талын буруутай үйлдлийн улмаас В талд хохирол учирсан тохиолдолд хохирлыг хариуцна” гэж зааснаар Ж.Мтай холбоотой асуудлыг шийдвэрлэнэ гэж авсан өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүй, газартай холбоотой асуудлыг шийдвэрлээгүйгээс барилга ашиглалтад оруулах хугацаа хойшилж 3 жилийн хугацаанд 25 айлын ашиглалтын зардлыг төлсөн зөрүү 42 055 273 төгрөг, Ж.М-ийнхэрэгт өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 10 000 000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 5 250 000 төгрөгийг буюу нийт 57 305 273 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс өмгөөлөгчийн хөлсөнд авсан 1 000 000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзахгүй, өмгөөлөгч нь цар тахлаас болж гадаадад гацсан учраас энэ мөнгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг зөвшөөрч байна гэсэн тул хариуцагч Ц.Оаас 1 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Зт олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хариуцагчийн гэрээний дагуу шилжүүлсэн газартай холбоотой уг газрын хөрш өмчлөгч Ж.М маргаж шүүхэд хандсан тул Ж.М-ийннэхэмжлэлтэй хэрэгт өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 10 000 000 төгрөг, энэ маргааны улмаас барилга ашиглалтад орох хугацаа хойшилж, 3 жилийн хугацаанд 25 айлын ашиглалтын зардлыг төлсөн зөрүү 42 055 273 төгрөгийн хохирол учирсан гэсэн.
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 0581 дугаартай захирамжаар Ж.М-ийн нэхэмжлэлтэй Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газарт холбогдох барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт хууль бус байхыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Уг захирамжид “...нэхэмжлэгч Ж.М нь НХТЕТГ холбогдуулан НХТЕТГ-ын26/2017 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г цуцлахгүй байгаа хууль бус эс үйлдэл нь хууль бус байсан болохыг тогтоолгох”, НМХГт холбогдуулан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Б дүүргийн 49, 50, 50А хаягт байрлах 25 айлын хүчин чадал бүхий агуулах, орон сууцны зориулалттай 5 давхар барилгыг буулгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд ХСОАБХЗГ-т холбогдуулан гаргасан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2018/124 дүгээр дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагаа дэмжиж оролцсон боловч дээрх шаардлагаасаа мөн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар дурджээ.
Дээрх захиргааны хэргийн нэхэмжлэгч Ж.М-ийннэхэмжлэлийн шаардлага нь барилгын ажлын зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон, барилгын зай хэмжээ алдсан, галын аюулгүй байдлыг шийдээгүй, барилга хооронд 15 метрээс багагүй зайтай байна гэсэн стандартыг зөрчсөн талаар байсан гэж хариуцагчийн тайлбарласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул энэ нь хариуцагч Ц.Оыг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь хариуцагч нь талуудын хооронд байгуулсан “Бусдын газар дээр барилга барих тухай гэрээ”-ний А талын 3.1-3.3-д заасан үүргээ биелүүлсэн байх тул 3.4-д заасан буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан гэх тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Мөн нэхэмжлэгч нь гэрээний 5.12-д “В тал барилгын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангахыг гэрээний А, Б талуудаас шаардах эрхтэй” гэж заасан эрхээ хэрэгжүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй, гэрээнд нэхэмжлэгч нь А болон Б талаас аль алинаас нь шаардах эрхтэй байхад хариуцагчид холбогдуулан шаардаад байгаа нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас буюу шүүхэд үүссэн маргаанаас шалтгаалан барилга ашиглалтад орох хугацаа хойшилж, 2018 оны 4 сарын 24-нд улсын комиссын дүгнэлт гарч, худалдан авсан иргэдээ байранд оруулсан, энэ 3 жилийн хугацаанд цахилгаан, дулааны төлбөрийг айлуудаас хувь хүнээр тооцон авч, тооцоог байгууллагаар төлж байсан энэ нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга, ашиглалтын зардлын задаргаа, хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайлангаар нотлогдоно гэсэн.
Хариуцагч нь барилга хугацаандаа ашиглалтад ороогүй нь миний буруугаас болоогүй, төлбөр төлсөн талаарх баримтуудаар хэдэн айлын төлбөрийн зөрүү хэдэн төгрөг төлсөн болох нь тодорхойгүй гэж мэтгэлцсэн.
Талуудын хооронд байгуулагдсан Бусдын газар дээр барилга барих гэрээний 5.13-д “В тал нь барьсан барилгаас А, Б талуудын өмчлөлд шилжүүлэхээс бусад хэсгийг өмчлөх, захиран зарцуулах эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 9 автомашины дулаан зогсоолтой 4 давхар мансардтай 25 айлын орон сууцныг хэдэн хүнд зарж борлуулсан болон уг байранд хэдэн өрх оршин сууж байгаа талаарх баримтыг ирүүлээгүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоно гэж Ө.Б-гийн болон өөрийн ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд ирүүлсэн боловч дээрх дансны гүйлгээгээр “гандан усны төлбөр, дулааны төлбөр гандан, цахилгааны төлбөр” гэсэн боловч хэд айлын зардлыг төлсөн эсэх нь тодорхойгүй байна.
Мөн Б дүүрэг, 2019/01/01-2022/03/31-ний хооронд байгууллагаас төлсөн ашиглалтын зардлын задаргаа ус, дулаан, цахилгаан, нийт дүн 59 818 603 төгрөг, үүнээс хасагдах иргэдээс нэхэмжилсэн дүн 27 538 735 төгрөг, үлдэгдэл 32 279 868 төгрөг, Б дүүргийн 46Б байрны 2019/01/01-2022/03/31-ний хооронд оршин суугчдаас нэхэмжилсэн ашиглалтын зардлын задаргаа дулаан, цахилгаан, ус нийт 27 538 735 төгрөг гэсэн баримтыг ирүүлсэн.
Орон сууц нийтийн удирдах газрын тайлан, дулааны төлбөрийн түүх, цахилгааны төлбөрийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Улаанбаатар хотын хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагад борлуулах цахилгааны тариф, айл өрхөд борлуулах цахилгааны тарифийг шүүхэд ирүүлсэн боловч зөрүү төлбөр нь тодорхойгүй, А блокын барилга нь 2018 онд ашиглалтад орсон, Б блокын барилга нь 2021 онд ашиглалт орсон, мөн хариуцагчийн буруугаас ашиглалтад орох хугацаа хойшилсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас 5 250 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд хэрэгт авагдсан 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг нэг талаас М.З, нөгөө талаас Ц.О нар байгуулж, 1 500 000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар хүүгүй зээлж, зээлийн мөнгийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр бэлнээр хүлээлцсэн гэжээ.
Гэвч хариуцагч нь уг зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч нь Д.Б-д Ц.О нь өртэй байснаас гэрээнд зааснаар байрнаас гадна дахин 1 байр өгөхөөр тохиролцсон боловч уг байрныхаа төлбөрийг төлж чадаагүйгээс өөрийн байрыг өгөхөөр болж, давхарын зөрүүг нь хариуцагч Ц.О нь өөрөө хариуцана гэсэн боловч төлөөгүй, засваргүй байр шилжүүлснээс завсарын зардал 3 000 000 төгрөг болж, үүний 1 500 000 төгрөгийг төлүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Орон сууц захиалан бариулах тухай гэрээг нэг талаас М.З, нөгөө талаас Д.Б нар байгуулж, “Б дүүргийн 3-р давхарт 29,12 м.кв байрыг 1 м.кв -ыг 1 400 000 төгрөгөөр тооцож 40 768 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцжээ. Гэрээнд орон сууцны байрыг засалгүй буюу шавардлага замаска болон бусад тоноглолгүй хүлээлгэн өгнө” гэжээ.
Нэхэмжлэгч М.Зын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2021 оны 6 дугаар сарын 16-нд “гандан 13 тоот засвар оюунбат золбаяр 3 000 000 төгрөг”, 2021 оны 6 дугаар сарын 29-нд “оюунбат 2 362 720 төгрөг” гэсэн байх боловч зээлийн гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулжээ.
Гэрч Д.Б мэдүүлэхдээ “...Ц.О 1 өрөө байрны төлбөрийг бүрэн төлөх ёстой байсан, тэгээд Ц.О холбоо барихгүй, байранд завсар хийхгүй алга болсон. Тэр байранд засвар хийхэд би 3 000 000 төгрөгийн материал гаргаж өгсөн, М.З надад засвар хийх 2-3 хүн гаргаж өгсөн” гэсэн болно.
Гэвч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийн гэрээний зүйл болох 1 500 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн талаараа баримтаар нотлоогүй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч М.Зын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлсөнд төлсөн 1 000 000 төгрөгийг хариуцагч нь буцаан төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагч Ц.Оаас 1 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Зт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57 305 273 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгч М ХХКхариуцагчид холбогдуулан 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Зохигчийн хяналт хийх талаар захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний төлбөрөө төлөөгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул нийт 30 750 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хэрэгт авагдсан 2016 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 2016/06 тоот “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-г захиалагч Ц.О, гүйцэтгэгч МХХК-тай Б дүүргийн 40 айлын орон сууцны барилгын дотор иж бүрэн зураг төслийг боловсруулахаар харилцан тохиролцож байгуулжээ.
Гэрээний 2.1-д “захиалагч талын саналыг үндэслэн барилгын зураг төсөл боловсруулах ажлыг 2016 оны 3 дугаар сарын 30-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав” гэсэн байх бөгөөд 2.2-д “гэрээний нийт үнийг 15 500 000 төгрөг байхаар тохиролцов. Үүнээс уг гэрээний ажлын бүрдэлд 1.барилга архитектур БА, 2.барилга бүтээц ББ, 3.Халаалт салхивч ХАС, 4.Цэвэр бохир ус ЦБУ, 5.Дотор гэрэлтүүлэг ДГ, 6.Холбоо дохиолол ХД зэрэг багтана” гэжээ.
Гэрээний 5.2-д “гүйцэтгэгч гэрээт хугацаагаа зөрчсөн болон захиалагч гэрээний үнээ бүрэн болон хэсэгчилж төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хожимдсон үнийн дүнгийн 0,3 хувь алданги хүлээнэ. Гэхдээ алдангийн нийт хэмжээ зураг төслийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна”, 5.4-т “захиалагч байгууллага гэрээнд заагдсан хугацаанд газар олголтын схем, захирамж, газрын гэрээ, гэрчилгээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, газрын дэвсгэр зураг, геологийн дүгнэлт зэргийг бүрдүүлж гүйцэтгэгчид өгөөгүй тохиолдолд дээрхи материалыг гүйцэтгэгчид өгсөн хугацаанаас гэрээний хугацааг эхэлснээр тооцно” гэж харилцан тохиролцсон байна.
Мөн 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2017/08 тоот “Зохиогчийн хяналт хийх талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-г захиалагч Ц.О, гүйцэтгэгч М ХХКнар зоорьтой 4-н давхар 2 орон сууцны барилгын угсралтын ажлын үед зохиогчийн хяналт хийх талаар тохиролцож гэрээ байгуулжээ.
Уг гэрээний 2.1-д “захиалагч талын саналыг үндэслэн барилгын зураг төслийн дагуу зохиогчийн хяналт хийх ажлыг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс барилга ашиглалтанд орох хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав”, 2.2-д “гэрээний үнэ 5 000 000 төгрөг болно. 2.4-д гэрээний үүрэг барилга угсралтын нийт ажлын явцад үргэлжлэх ба барилга ашиглалтанд орсноор гэрээт үүрэг дуусгавар болно” гэжээ.
Гэрээний 5.2-д гүйцэтгэгч гэрээт хугацаагаа зөрчсөн болон захиалагч гэрээний үнээ бүрэн болон хэсэгчилж төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол хугацаа хожимдсон үнийн дүнгийн 0,3 хувь алданги хүлээнэ. Гэхдээ алдангийн нийт хэмжээ зураг төслийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж харилцан тохиролцсон байна.
Хариуцагч нь дээрх гэрээнүүдийг байгуулсан талаараа маргаагүй боловч Бусдын газар дээр барилга барих тухай гэрээний 5.2, 5.3-т зааснаар нэхэмжлэгч М ХХКнь захиалагчийн үүргээ М.Зт шилжүүлснээр дуусгавар болсон, захиалагч гүйцэтгэгч 2 нэг болсон тул үүрэг дуусгавар болсон гэж мэтгэлцсэн.
Талуудын хооронд байгуулагдсан Бусдын газар дээр барилга барих тухай гэрээний 5.2-д “В тал нь газрын өмчлөгч болон эзэмшигчдээс шилжүүлэн авсан гэрээний 1.1-1.3-т заасан хаягт байрлах газар дээр, орон сууцны зориулалтаар, өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтыг хийж, үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүрэгтэй”, 5.3-т “В тал нь барилга барихтай холбоотой бичиг баримтуудыг бүрдүүлэх, шаардлагатай зөвшөөрөл авах ажлуудыг өөрөө бүрэн хариуцах бөгөөд гэрээнд заасан 2017 оны 12 дугаар сарын 30-нийг хүртэлх хугацаанд барилгыг барьж дуусган ашиглалтад ороход бэлэн болгох үүрэгтэй” гэж заажээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч М ХХКболон хариуцагч Ц.О нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна гэж үзэв.
Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.1-д “үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгч хоёр нэг этгээд болсон” бол үүрэг дуусгавар болохоор заасан боловч гэрээний захиалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь хариуцагч Ц.О, гүйцэтгэгч буюу үүрэг гүйцэтгэгч нь М ХХКбайх тул үүрэг дуусгавар болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан МХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.З болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх боловч хариуцагч нь компанитай гэрээ байгуулсан, хэрэгт авагдсан ажлын зурагт “иргэн Ц.Оын 20-н айлын /А,Б/ орон сууц Барилгын зураг төслийн М ХХК-ийн ажлын зураг, боловсруулсан М ХХК-ийн захирал М.З, архитектор Х.Амартүвшин” гэжээ.
Гэвч талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 2016/06 тоот “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ-ний хугацаа нь 2016 оны 3 дугаар сарын 30-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр 10-ны өдрийг хүртлэх хугацаатайгаар байгуулсан байх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна гэж үзэв.
Учир нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байх бөгөөд энэ хугацаанд гэрээний үүргийг шаардаж байсан талаараа баримтаар нотлоогүй тул хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” болно.
Талуудын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Зохигчийн хяналт хийх талаар захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний хугацаа нь 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс барилга ашиглалтанд орох хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд талууд А блокын барилга нь 2018 онд, Б блокын барилга нь 2021 онд Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр ашиглалтад орсон талаар маргаагүй.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар шаардах эрхтэй байх тул хариуцагчаас нэхэмжлэгч М ХХК-нд гэрээний үүрэг 5 000 000 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүй алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 23 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 599 476 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О аас нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээнд улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Зт, 134 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1, 476 дугаар зүйлийн 476.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Ц.Оаас 1 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Зт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57 305 273 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Оаас 7 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Зын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 599 476 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оаас улсын тэмдэгтийн хураамжид 28 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Зт, 134 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч МХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН