| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2022/00108/И |
| Дугаар | 137/ШШ2022/00168 |
| Огноо | 2022-05-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 137/ШШ2022/00168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ТБ ХХК /УБД:..., РД:.../, төлөөлж тус салбарын захирал П.Б, Соёмбо тооцооны төвийн харилцааны менежер Ө.Б /утас: .../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Х овогт Д-ийн Б. /РД: ..., утас .../,
Хариуцагч: Дорноговь аймаг ... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт Л-ийн М /РД: ..., утас .../ нарт холбогдох
Зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн төлбөр 15,829,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,635,371.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,735.66 төгрөг, нийт 20,469,107.61 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулж, үлдэгдэл зээлийг бусад орлогоор гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг 2022 оны 03 сарын 16-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, хариуцагч Д.Б, Л.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ТБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Б, хамтран зээлдэгч Л.М нар нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ... тоот зээлийн гэрээгээр ТБ ХХК-аас салбарын Соёмбо тооцооны төвөөс 21,000,000 төгрөгийг, сарын 1,8 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатайгаар Автомашин ахуй хэрэглээний зээл авсан. Банк нь Ковид-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан, зээлдэгчийн өгсөн зээлийн төлбөрөө төлөх талаар тайлбар, хүсэлт өргөдлийн дагуу 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ... тоот, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ... тоот зээлийн нэмэлт гэрээг тус тус байгуулж, үндсэн зээлийн төлбөрийг 21 сараар, зээлийн хүүгийн төлбөрийг 6 сараар тус тус хойшлуулсан. Зээлдэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөн хугацаа хэтэрч эргэлзээтэй ангилалтай болоод байгаа ба төлбөр хийхийг зээлдэгчээс удаа дараалан шаардаж мэдэгдэл өгсөн. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ хийгээгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 20,469,107.61 төгрөг болж хуримтлагдсан. Иймд зээлдэгч Д.Б, Л.М нараас зээлийн үлдэгдэл болох 20,469,107.61 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулж, үлдэгдэл зээлийг бусад орлогоор гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Б, Л.М нараас 20,469,107.61 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулах, үлдэгдэл төлбөр үлдвэл бусад орлогоор хангуулах шаардлага гаргасан. 2018 оны 10 сарын 08-нд зээл авсан. 2021 оны 04 сарын 19-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй, 380 хоногийн хугацаа хэтрэлттэй явж байгаа гэв.
Хариуцагч Д.Б, Л.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлблартаа: Д.Б миний бие нь тус банкнаас 2018 оны 10 сарын 08-ны өдөр 21,000,000 төгрөгийн автомашины хэрэглээний зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй 50 сарын хугацаатай зээлийг авч сар бүр 640,000 төгрөг төлөхөөр тохиролцож Toyota Mark-X Zio маркийн автомашин авсан нь үнэн болно. Зээл аваад 2018 оны 10 сарын 08-ны өдрөөс төлж байх хугацаанд зээлээ 2 жилийн хугацаанд нэг ч өдөр хоцроолгүй гэрээний үргийн дагуу төлж барагдуулж байсан. 2020 оны 11 сарын 30-ныг хүртэл төлж байгаад 2020 оны 11 сарын 30-наас хойш Замын-Үүдээс Эрээний ачаа тээвэрлэлт хил гаальтай холбоотой үйл ажиллагаа байсан. Гэтэл улс орон даяар цар тахалын хүнд нөхцөл байдал үүсч хил гааль хаагдсантай холбогдуулж бидний үйл ажиллагаа нам зогссон юм. Гэхдээ ямартай ч эхний 2 жилийн хугацаанд цаг үеийн хүнд нөхцөл байдлаас болж зээлээ төлж чадаагүйгээ иргэн нөхөж сүүлийн 2 жилдээ багтааж шахан төлж барагдуулах бодолтой байсан болно. Иймд банкыг хохиролгүй болгох нь бидний үүрэг учраас банкнаас нэхэмжилж буй энэ мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөх нь ойлгомжтой боловч банкнаас зээлсэн гэрээ хэлэлцээр эргэн төлөлтийн хуваарь хугацаа ард түмнийг ковид 19 цар тахалын улмаас ажлын баталгаагүй хүндэрч буй аргагүй байдал зэргийг харгалзан үзэж аль болох 2 талын харилцан ойлголцол зөвшилцлөөр энэ бүхэнд хандаж өгөхийг хүсэж байна. Өөрөөр хэлбэл миний хувьд энэ 2 жилийн хугацаанд зайлшгүй төлөгдөх 15,829,000 төгрөгийг зөвшөөрч байгаа болно. Мөн 2018 оны 10 сарын 08-ны өдрөөс хойш тус банканд 8,000,000 төгрөгийн хүү төлсөн нь үнэн болно. Хүү болох 4,635,371.95 төгрөгийг хөнгөлж миний төлөх боломжтой 1,000,000 төгрөгт багтаан тооцож шийдвэрлэж өгөх боломжоор хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 сард зээл авснаас хойш нэг ч хоног төлөлтөө хэтрүүлж байгаагүй. Зээлийг бүтэн 2 жилийн хугацаанд төлж байсан. Ковидын улмаас хэцүү болсон. Зээлийн хугацаа 2024 онд дуусах ёстой. Энэ хугацаанд төлөх болно гэж бодож байсан боловч төлөлт хийж чадаагүй юм. Одоо үндсэн зээл 15,829,000 төгрөгийг төлж барагдуулна. Хүү 4,500,000 төгрөгийг төлж барагдуулж чадахгүй гэв.
Хариуцагч Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр энэ машиныг аваад цаг тухайд нь төлж байсан. Цар тахалын улмаас төлөлт хийх боломжгүй болсон. Гэрээг сунгаад хүүг төлж байсан юм. 15 сая төгрөгийг, хүүгийн хамт төлнө, харин хүүгийн хүүг төлмөөргүй байна гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч Д.Б, Л.М нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 20,469,107.61 төгрөгийг барьцаа хөрөнгөөр хангуулж, үлдэгдэл зээлийг бусад орлогоор төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч нар нь зээлийн үлдэгдэл 20,469,107.61 төгрөгөөс 15,829,000 төгрөгийг зөвшөөрч, хүү 4,635,371.95 төгрөгийг хөнгөлж өгөхийг хүссэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч Д.Б, Л.М нар нь ТБ ХХК-ийн Соёмбо тооцооны төвөөс 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ... тоот зээлийн гэрээгээр 21,000,000 төгрөгийг, сарын 1,8 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатайгаар Автомашин ахуй хэрэглээний барьцаат зээлийн гэрээг байгуулсан, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж 2020 оны 06 сарын 17-ны өдрийн ... дугаартай, 2020 оны 12 сарын 31-ний өдөр ... дугаартай гэрээнүүдийг тус тус байгуулсан. /хх-ийн 08-12, 16-19/, ТБ ХХК-ийн Соёмбо тооцооны төв, хариуцагч Д.Б, Л.М нар нь мөн өдрөө харилцан тохиролцож дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ... ДГА улсын дугаартай ... арлын дугаартай Toyota Mark X Zio маркийн тээврийн хэрэгсэлээр хангуулахаар ... тоот фидуцийн гэрээг байгуулжээ /хх-ийн 13/
Зохигчид гэрээг бичгээр байгуулсан үйл баримтад маргаагүй. Дээрх гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1-д заасан гэрээг бичгээр хийх хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан гэрээ байна. Хариуцагч нар нь 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн зээлийг хуваарийн дагуу төлөөлгүй хугацаа хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч байгууллага нь Барьцаат зээлийн гэрээний 6.2.1, 6.3-д зааснаар нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа зээлийн үлдэгдэл 20,469,107.61 төгрөгөөс 15,829,000 төгрөгийг зөвшөөрч, хүү 4,635,371.95 төгрөгийг хөнгөлж өгөхийг хүссэн боловч нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч зөвшөөрөөгүй, түүнчлэн хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээ үүргийн гүйцэтгэлд хүрэхгүй бол хариуцагч нарын бусад орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлагыг шүүхэд гаргасан. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж хуульчилсан.
Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөр 15,829,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,635,371.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,735.66 төгрөг, нийт 20,469,107.61 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгож, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй буюу зохих ёсоор хангаагүй бол барьцаа хөрөнгө болох ... ДГА улсын дугаартай ... арлын дугаартай Toyota Mark X Zio маркийн тээврийн хэрэгсэлээр хангуулах, барьцааны зүйлийн үнэ үүргийн гүйцэтгэлийг хангахгүй бол хариуцагч нарын бусад орлогоор хангуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б, Л.М нараас зээлийн үлдэгдэл 20,469,107.61 төгрөгийг гаргуулж ТБ ХХК-нд олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар хариуцагч Д.Б, Л.М нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох ... ДГА улсын дугаартай ... арлын дугаартай Toyota Mark X Zio маркийн тээврийн хэрэгсэлээр хангуулах, барьцааны зүйлийн үнэ үүргийн гүйцэтгэлийг хангахгүй бол хариуцагч нарын бусад орлогоор хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,295.53 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Л.М нараас 260,295.53 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
4. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б