| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0968/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1327 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 20.7.3.3., |
| Улсын яллагч | Г.Б |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1327
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Булгантамир нарын бүрэлдэхүүнтэйгээр,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,
улсын яллагч Г.Баярмаа,
иргэдийн төлөөлөгч ******,
шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч Б.Манлайжав,
шинжээч ********* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** холбогдох эрүүгийн 2502 00121 0114 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн ***** дугаар хороо, ********* дугаар байрны ****** тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, *********
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт “...Анх Америк улсад очоод 15 настай дунд сургуульд байхдаа хүүхдүүдтэй нийлээд хэрэглэж үзэж байсан. Тэгж анх мэдсэн. Сүүлд Монголд ирээд интернэтээр судалж үзэхэд ямар ч юм байгаагүй. Тэгээд байж байтал Америкийн нэрт дуучин Снүф Догг шинэ дэлгүүр нээсэн байсан. Дэлгүүр рүү нь ороод харахад миний хэрэглэж байсантай төстэй бараа байсан. Шалгаад үзэхэд Америкд төв шуудангаар зөөсөн байсан. Төв шуудангаар зөөхөөр нь ямар ч асуудалгүй юм байна гэж бодоод дэлгүүр нээсэнд нь баяр хүргээд дээжээс нь аваад орлого оруулах санаатай байсан. Нөгөөтээгүүр ачаа хүлээж авсан компани нь манай ахын компани байсан. Интернэт ухаж байгаад тийм зүйл харчхаад чимээгүй өнгөрч чадахгүй байснаас болоод гаалийнхнаар шалгуулж байгаад авчихъя гэж бодсон ....”гэв.
Эрүүгийн 2502001210114 дугаартай хэргээс:
Улсын яллагч: гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0325/1777 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 62-64 дэх тал),Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 74-76 дахь тал),хүний биед 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-08 дахь тал),“Монгол Таун” (Mongol Town) шуудан илгээмжийн газрын хяналтын камер болон тус газрын захиалгын системд үзлэг хийсэн тэмдэглэл, (хавтаст хэргийн 11-12 дахь тал),“Монгол Таун” (Mongol Town) шуудан илгээмжийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн хавсралт гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-16 дахь тал),****** эзэмшигчтэй “Голомт” банкны ******** тоот дансанд 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),******** эзэмшлийн “Самсунг Галакси 9 плас” загварын гар утсанд 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 28-34 дэх тал),Эд зүйлд 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 35-37 дахь тал), Гаалийн ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 1/53 дугаартай албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн 119-120 дахь тал),яллагдагч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 167-168 дахь тал),Цахим орчинд 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 38-41 дэх тал),Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байсан гэх өвчний түүх (хавтаст хэргийн 141-155 дахь тал),2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр орчуулгын баримтыг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 43-53 дахь тал),
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс”... Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 232 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 74-76 дахь тал),Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 208 дахь тал), дахин шинжээч томилуулах тухай өмгөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 209 дэх тал),сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1/283 дугаартай сэтгэлзүйн шинжилгээ (хавтаст хэргийн 210-213 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 214 дэх тал тал), ****** ХХК-ийн мишээл уушгины мэс заслын эмнэлэг (хавтаст хэргийн 215 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа(хавтаст хэргийн 89 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нэмэлтээр “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2502001210114 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь зүйлчлэлийг хөнгөрүүлэх, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон бол улсын яллагч түүний гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсаас “Elementvape.com” гэх нэртэй сайтыг ашиглан бүтээгдэхүүний захиалга хийж, улмаар 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улс, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрсэн “******” гэх бичиглэлтэй хажуу талдаа “******” дугаартай ачаанд багтсан “Ibs THCA VAPE BLUEBERRY MINT” гэх шошготой электрон тамхи мэт “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын I жагсаалтад багтсан дельта-8-тетрагидроканнабинол (delta-8-tetrahydrocannabinol), II жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий шаргал өнгийн тосорхог шингэн агуулсан, нийт 33,5581 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг мөн өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарны хороолол” орон сууцны 9 дүгээр байрны 113 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Монгол Таун Онлайн экспресс” ХХК (РД:******-ийн “Монгол Таун” (Mongol Town) гэх нэртэй олон улсын шуудан илгээмжийн газраар дамжуулан хүлээн авч, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ***** “...урд өмнө нь манай байгууллагаар карго илгээмж авдаг байсан...тухайн өдөр ажил дээрээ байх үед ойролцоогоор 20-21 цагийн орчимд гаднаас ******* нь орж ирсэн бөгөөд манай ажил дээр ачааны машинаар карго ирчихсэн байх үед ****** нь бидэнд тусалж ачаа бараанаас зөөлцөж өгчхөөд өөрөө арын өрөөнөөс ороод өөрийнхөө 1 ширхэг цагаан ууттай ачааг аваад үүдний хэсэгт байх өрөөнд авч ирж тухайн ууттай зүйлээ задалж үзчихээд аваад гараад явсан...үүдний өрөөнд ****** нь ачаагаа задалж үзэхэд би зайнаас харсан бөгөөд тухайн үед болохоор цагаан уутнаас электрон тамхи мэт дөрвөлжин зүйл байх шиг харагдсан ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0325/1777 дугаартай “...1.2, Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ibs THCA VAPE BLUEBERRY MINT” гэсэн шошготой шаргал өнгийн тосорхог шингэн агуулсан цэнхэр өнгийн цахилгаан тамхи мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tethrahydrocannabinol), дельта-8 тетрагидроканнабинол (delta-8 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tethrahydrocannabinol) НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг болно. Илэрсэн дельта-8 тетрагидроканнабинол (delta-8 tethrahydrocannabinol) НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын I жагсаалтад багтдаг болно. 3. Шинжилгээнд ирүүлсэн “Ibs THCA VAPE BLUEBERRY MINT” гэсэн шошготой шаргал өнгийн тосорхог шингэн агуулсан цэнхэр өнгийн цахилгаан тамхи мэт зүйлийн жин нь 33.5581 грамм байна ...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 62-64 дэх тал),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 232 дугаартай “...****** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Харин 2016 оны 09 дүгээр сард сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд Простая шизофрения гэсэн 1 удаа хэвтэн эмчлүүлж байсан түүх байна. ******** нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна...хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. өөртөө болон бусдад аюул учруулж болох эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй болно...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 74-76 дахь тал),
хүний биед 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал: оролцогч ****** нь цэнхэр өнгийн малгайтай, ногоон өнгийн куртиктэй, хар өнгийн малгайтай цамц, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, шар өнгийн түрийтэй гуталтай байв. Тэрээр ойролцоогоор 190 см өндөртэй, бор арьстай, 90-100 гаруй кг жинтэй байв.Үзлэгийн явцад оролцогчид хандан та өөрийн биед байх эд зүйлсээ бүрэн гаргаж өгнө үү гэхэд “...өөрт байсан эд зүйлсийг гарган өгнө...” гэснээр үзлэг хийх ажиллагааг эхлүүлэв. ******* нь ширээн дээр “ВLuеЬеггу Мint ТНСА VАРЕ” гэх бичиглэл бүхий цэнхэр өнгийн хайрцагтай, соруул мэт хошуутай, цэнхэр өнгийн электрон тамхи мэт зүйл 1 ширхэг, хар өнгийн Галакси Эс 9 плас загварын гар утас (1940 гэх кодтой), шар өнгийн асаагуур, тамхи, хар өнгийн түрийвч, “Саlifоrniа driver License” гэх бичиглэл бүхий ***** зурагтай карт, ****** жолооны үнэмлэх, автобусны карт, Голомт банкны виза карт, Ондоо, Мобиком ХХК-иудын сим картны үүр, “Но1еL4Ьох” гэх бичиглэл бүхий наалттай, цагаан өнгийн уут зэрэг эд зүйлс байв. Эдгээр эд зүйлсээс “ВLuеЬеггу Мint ТНСА VАРЕ” гэх бичиглэл бүхий цэнхэр өнгийн хайрцагтай, соруул мэт хошуутай, цэнхэр өнгийн электрон тамхи мэт зүйл 1 ширхэг, хар өнгийн Галакси Эс 9 плас загварын гар утас (1940 гэх кодтой), “НоtеL4bох” гэх бичиглэл бүхий наалттай, цагаан өнгийн уут зэрэг нь гомдол, мэдээлэлд ач холбогдолтой байх тул түр хураан авахаар тогтов./хүний биед үзлэг хийхэд өмссөн хувцас, биедээ авч яваа эд зүйл, шаардлагатай бол тээврийн хэрэгсэл, уналгыг хамтад нь үзнэ/ 2.Үзлэгийн явцад мэдээллийг тусгасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх, гэрэл зураг авах аргыг хэрэглэсэн эсэх, ашигласан техник хэрэгслийн нэр төрөл, үзүүлэлт, хэдэн минутын бичлэг хийсэн, хэдэн ширхэг гэрэл зураг авсан болох талаар: 11 ширхэг гэрэл зургаар бэхжүүлэв.Үзлэг хийхэд байгаа зүйлийг тухайн хүний сайн дурын үндсэн дээр гаргуулан авах, гадна талаас нь харах, нүцгэлж, эсхүл гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах аргаар хийсэн эсэх: -Үгүй./нүцгэлж, эсхүл гараар тэмтрэх байдлаар хийх үзлэгийг ижил хүйсийн албан тушаалтан хийнэ. Шаардлагатай бол хүний эмч, сувилагчийг оролцуулна. Нүцгэлж хийх үзлэгийг хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, нэр төр, алдар хүнд, хувь хуний нууцыг хамгаалах шаардлага хангасан, бусдаас тусгаарлагдсан орчинд явуулах ба бусад хүнийг байлцуулахыг хориглоно/.Үзлэгийн үед хэв загвар, дээж авах, битүүмжлэх, хураан авах ажиллагаа явуулсан эсэх: “ВLuеЬеггу Мint ТНСА VАРЕ” гэх бичиглэл бүхий цэнхэр өнгийн хайрцагтай, соруул мэт хошуутай, цэнхэр өнгийн электрон тамхи мэт зүйл 1 ширхэг, хар өнгийн Галакси Эс 9 плас загварын гар утас (1940 гэх кодтой), “НоtеL4Ьох” гэх бичиглэл бүхий наалттай, цагаан өнгийн уут зэргийг түр хураан авав. /үзлэгийн үед хэв загвар, дээж авах, битүүмжлэх, хураан авах ажиллагааг даруй хийх шаардлага гарвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан журмыг баримтална/ гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-08 дахь тал),
“Монгол Таун” (Mongol Town) шуудан илгээмжийн газрын хяналтын камер болон тус газрын захиалгын системд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал Бүртгэлийн программд үзлэг хийхэд ******* нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр АНУ дахь шуудан илгээмжийн газарт барааг захиалж хүргүүлсэн, тухайн бараа нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Монгол улсад ирсэн байна. Камерын бичлэгт үзлэг хийхэд ****** нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 36 минутад захиалсан барааг задалж үзэн хүлээн авч 18 цаг 37 минутад шуудан илгээмжийн газрыг орхин гарав. 8 кадр гэрэл зургаар бэхжүүлэв... гэжээ. (хавтаст хэргийн 11-12 дахь тал),
“Монгол Таун” (Mongol Town) шуудан илгээмжийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн хавсралт гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 13-16 дахь тал),
****** эзэмшигчтэй “Голомт” банкны ******* тоот дансанд 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал ****** арилжааны банкууд дахь дансны хуулгыг нэг бүрчлэн үзэж шалгахад ***** нь Голомт банкны өөрийн эзэмшлийн ***** дугаарын данснаас 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Element V гэх утгатайгаар 140,759,81 төгрөгийн олон улсын гүйлгээ хийсэн байна. Тухайн гүйлгээгээр ****** нь “ВLuеbеггу Мint ТНСА VАРЕ” гэх бичиглэл бүхий цэнхэр өнгийн хайрцагтай, соруул мэт хошуутай, цэнхэр өнгийн электрон тамхи мэт зүйлийг Element Vаpe гэх сайтаас захисан болох нь тогтоогдож байна. Иймд тухайн гүйлгээг харуулсан Голомт банкны дансны хуулгыг үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтов. Өөр ямар нэгэн сэжигтэй гүйлгээ түүний дансны хуулганаас илэрсэнгүй гэжээ. (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
****** эзэмшлийн “Самсунг Галакси 9 плас” загварын гар утсанд 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: Тухайн Самсунг Галакси Эс 9 плас загварын гар утас нь хар өнгөтэй, ямар нэгэн кейсгүй, гар утас нь ар талдаа бага зэргийн хэрэглээний сэвтэй, дэлгэцэн дээрээ ямар нэгэн зураггүй гар утас байв. Тухайн гар утсыг нээхэд 4 оронтой код нэхэж байх ба 1940 гэх кодыг хийхэд нээгдэж байв. Тухайн гар утасны “IМЕI код нь 357633090619021 байв. Гар утсанд харилцаа, холбооны фейсбүүк мессенжер гэх аппликейшн суулгагдсан байв. Тухайн аппликейшн рүү нэвтэрч үзэхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илэрсэнгүй. Мөн түүний гар утасны “Соglе” хайлтын цэс рүү нэвтэрч “Еlement vape” гэх хайлтыг хийсэн эсэхийг шалгахад 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Dogg Lbs THC-A Disposable 5 G Element Vape” гэх холбоос руу 1 удаа, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Dogg Lbs THC-A Disposable 5 G Element Vape” 1 удаа, 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “Dogg Lbs THC-A Disposable 5 G Element Vape” 2 удаа 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Dogg Lbs THC-A Disposable 5 G Element Vape” 1 удаа, “element vape coupоn соdes (16 Verified)” гэх холбоос руу 1 удаа, element US mapguest” гэх холбоос руу 1 удаа, “element vape location map” гэх холбоос руу 1 удаа, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “element vape location map” гэх холбоос руу 1 удаа, “element vape” гэх холбоос руу 1 удаа, “element vape оnline Vape shop” гэх холбоосууд руу тус тус нэвтэрсэн байна. ****** нь 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө “... тэгээд “element vape ” гэх сайтаас тухай THCA гэх бичиглэлтэй вейпийг захиалсан ...”гэж мэдүүлсэнтэй үзлэгээр илэрсэн нөхцөл байдал таарч байна. Тухайн гар утасны бусад “callery, Gmail, мessage, phone, Email, Fasebook” гэх зэрэг цэсүүд рүү нэвтэрч ороход хэрэгт ач холбогдолтой ямар нэгэн зүйл илэрсэнгүй гэжээ. (хавтаст хэргийн 28-34 дэх тал),
эд зүйлд 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал: шуудангийн цагаан уут нь дээд хэсэгтээ “Hotel4fox” гэх бичиглэлтэй, илгээгч нь “Elementvape.com”, хүлээн авагч нь “*******” гэх бичиглэлтэй байв. Цагаан уутны дээд хэсэг нь пломастер ашиглан 661943 гэх кодыг бичсэн байв. Мөн хүлээн авагчийн хаяг нь Bayngol distrit, 2-r khoroolol-3 subdistrict, 13b building, 41 apartment, Ulaаnbator city” гэж бичсэн байв. Хүлээн авагчийн утасны дугаар хэсэгт ****** буюу ***** гар утасны дугаар байв. Тус гялгар уутны дотор талд нь “element vape ” гэх бичиглэлтэй 1 хуудас байх бөгөөд захиалгын дугаар 11082619340, захиалсан он, сар, өдөр: 2025.01.27 хэрэглэгч ******.com гэж бичсэн байв. Мөн ship to ******* гэж бичсэн байв. Гялгар уутны ар талд USPS Ground advantage гэх бичиглэл бүхий цаас байх бөгөөд мөн Ship to Khasbaatar batmunkh гэж бичсэн байв. Тус цаасны доод хэсэгт барааны араас мөрдөх код хэсэгт USPS TRACKING//9400111105503879650858 гэж бичсэн байв гэжээ.(хавтаст хэргийн 35-37 дахь тал), Гаалийн ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 1/53 дугаартай албан бичиг, түүний хавсралт (хавтаст хэргийн 119-120 дахь тал),
яллагдагч ***** “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. “element vape” гэх сайт руу ороод электрон тамхи захиалсан. Тухайн электрон тамхи нь снүп Догг гээд АНУ-ын дуучин , репперийн гаргасан электрон тамхи байсан. АНУ-аас Монгол Улс руу марихуанагийн төрлийн эм явуулах боломжгүй байсан. Тэгээд Снуп Доггийн гаргасан шинэ төрлийн электрон тамхинаас авч хэрэглэж үзье гэж бодсон. Ингээд тухайн сайтаас захиалсан. Тухайн сайтаас захиалаад өөрийнхөө Голомт банкны картаар төлсөн. 7 хоногийн дараа буюу 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ирсэн. Тухайн барааг ойролцоогоор 140,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Монгол таун шуудан илгээмжийн газар захиалсан бараагаа очиж авах гэж байхдаа баригдсан Ийм л зүйл болсон..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 167-168 дахь тал),
цахим орчинд 2025 оны 2 дугаар сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 38-41 дэх тал),
сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байсан гэх өвчний түүх (хавтаст хэргийн 141-155 дахь тал),
2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр орчуулгын баримтыг хүлээлгэн өгсөн болон хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 43-53 дахь тал) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, олон нийтэд үзүүлэх хор уршиг ихтэй, цаашилбал хууль бусаар энэ төрлийн эм, бодисыг эргэлтэд оруулж байгаа бүхий л үйлдлийг гэмт хэрэгт тооцох замаар олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг.
Энэ агуулгаар Монгол Улсын Эрүүгийн хуульд “…хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан…” бол 20.7 дугаар зүйлд 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенц, "Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг” гэж,
мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно.” гэж тус тус заасан.
Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэдэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах бодисын түүхий эдийг Монгол Улсын хилийг нууцаар, эсхүл худал мэдүүлж илээр нэвтрүүлсэн болон олон улсын шуудан илгээмжээр илгээснийг тус тус ойлгоно.
“Олж авах” гэдэг нь “тухайн бодисыг хууль бусаар өөрийн эзэмшлийн болгоход чиглэгдсэн бусдаас буюу өөрөө арилжиж, худалдаж олж авсан бэлэг, өр зээлээр болон бусад аргаар өөрийн болгосон идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тодруулбал, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн №ЕГ0325/1777 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Ibs THCA VAPE BLUEBERRY MINT” гэх шошготой электрон тамхи мэт 33,5581 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисоос дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tethrahydrocannabinol) дельта-8 тетрагидроканнабинол (delta-8 tethrahydrocannabinol) -ын агууламж илэрч, уг илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 1, 2 дугаар жагсаалтад багтдаг болох нь тогтоогдсон тул хориглосон сэтгэцэд нөлөөт бодис гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь Америкийн Нэгдсэн Улсаас “Elementvape.com” гэх нэртэй сайтыг ашиглан “Ibs THCA VAPE BLUEBERRY MINT” электрон тамхи мэт 33,5581 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг “element vape” гэх сайт руу хандан төлбөрийг нь өөрийн Голомт банк дах данснаасаа төлж захиалан худалдан авч, улмаар 2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Монгол Улс, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрсэн “****” гэх бичиглэлтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу тус илгээмжийг авах хүнийг “********" гэж буюу өөрийн нэрийг бичиж олон улсын шуудан илгээмжээр явуулсан нь Монгол Улсын хилээр нэвтэрч, өөрийн нэрээр ирсэн хориглосон сэтгэцэд нөлөөт
бодистой шуудан илгээмжийг сайн дураараа, өөрийн идэвхтэй үйлдлээр, бичиг баримтаа шалгуулан “Монгол Таун “Онлайн Экспресс” ХХК-аас хүлээн авсан буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Америкийн нэгдсэн улсаас олон улсын шуудан илгээмж ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ****** үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлж гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгчээс мансууруулах бодис гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, АНУ-д үүнийг зөвшөөрдөг, манай улс зөвшөөрдөг эсэхийг сайн мэдэхгүй, Snoop dog гэх олны танил репперийг сайн мэддэг хүн байх гэж бодоод захиалсан гэх тайлбарыг гаргадаг боловч түүний сэжигтнээр өгсөн мэдүүлэгт “...Element Vape гэх сайтаас тухайн ТНCA -ийн гэх вейпийг захиалсан, тухайн бодисыг захиалахад хар тамхины хэмжээ 0,3 хувийг хэтрүүлэхгүй гэж бичсэн байсан. Ингээд барааг захиалсан гэсэн мэдүүлгээр няцаагдаж байна.
Тодруулбал ******* 7 дугаар ангиа төгсөөд АНУ руу явж 10 жил амьдарсан бөгөөд өөрөө бие даан тухайн англи хэлээр бичигдсэн “Element Vape” гэх сайт руу хандаж уг бодисын зааврын дагуу уншиж танилцан захиалсан атлаа хавтас хэрэгт авагдсан /44-47, 49-53 дахь тал/ уг бодисын танилцуулгад бичигдсэн “....вэйп нь 5000мг THC-A шингэн Diamond каннабинойд агуулсан бөгөөд танд дээд зэргийн онцгой мэдрэмжийг өгөх болно....энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэснээр бета-мирцен болон 9-тетрагидроканнабинол зэрэг химийн бодист өртөхөд хүргэж болзошгүй. Эдгээр бодисууд нь калифорни мужийн мэдээллийн дагуу төрөлхийн гажиг болон нөхөн үржихүйд бусад хорт нөлөө үзүүлэх эрсдэлтэй...” гэх зааврыг ойлгоогүй захиалсан, шүүгдэгчийн идэвхтэй үйлдлийг зөвтгөх, хууль ёсны үйлдэлд тооцох үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 232 дугаартай дүгнэлт эргэлзээтэй байх тул дахин шинжээч томилуулахаар 60 хүртэл хоногоор шүүх хуралдааныг хойшлуулах, энэ дүгнэлтийн талаарх гомдол гаргах эрхийг хангаагүй шүүх рүү хэргийг шилжүүлсэн байсан гэх тайлбарыг гаргадаг боловч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, шинжээчийн дүгнэлттэй танилцсан атлаа уг шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй талаараа мөрдөн шалгах ажиллагаанд хүсэлт гаргаагүй байгаа нь оролцогчийн эрхийг хангаагүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй,мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу явуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гаргасан шинжээч эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулж хэргийг хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн тул өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэл хоногоор хойшлуулах нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөн нөгөөтэйгүүр шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч нар нь шүүгдэгчийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлж, нэг удаа хэвтэн эмчлүүлсэн өвчтөний түүхээр энгийн хэлбэрийн Шизофрен эмгэгтэй байсан нь хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй, энгийн хэлбэрийн “Шизофрен”-д шүүгдэгчийн ууж байсан гэх эмийг хэрэглэдэггүй, шүүгдэгчийн хэрэглэдэг гэх 2 төрлийн эм нь нойрны болон сэтгэл гутралын эмүүд байна, энэ 2 эмийг хэрэглэснээр түүний сэтгэцэд, хэрэг хариуцах чадварт нөлөөлөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байх тул Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 232 дугаартай “ ...шүүгдэгч хэрэг хариуцах чадвартай байна..” гэх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй буюу тухайн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийг “гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасныг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд шүүгдэгч ******* холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ***** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “...5 жил, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д зааснаар 3 жил 4 сарын хорих ялыг оногдуулж өгнө үү...”, шүүгдэгчээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжтой юу...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд таван жилээс арван хоёр жилийн хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгч ***** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
***** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдэлдээ хандсан хандлага, үйлдлийн арга, хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс”... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан ялыг хөнгөрүүлэх талаар эрүүгийн хариуцлагын санал гаргаж оролцсоныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх үүрэг хүлээлгэсэн хэм хэмжээ биш бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх шийдвэрлэх эрх олгосон хэм хэмжээ юм.
Тодруулбал, Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэх зохицуулалт бөгөөд шүүгдэгч ******* хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн 2502001210114 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “*********” гэх бичиглэлтэй хажуу талдаа ******” дугаартай ачаанд багтсан “Ibs THCA VAPE BLUEBERRY MINT” гэх шошготой электрон тамхи мэт “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын I жагсаалтад багтсан дельта-8-тетрагидроканнабинол (delta-8-tetrahydrocannabinol), II жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий шаргал өнгийн тосорхог шингэн агуулсан, нийт 33,5581 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, “Hotel4box” гэх бичиглэл бүхий наалттай цагаан өнгийн уут 1 ширхэг зэргийг зохих журмын дагуу устгах, ****** Галакси эс-9 плас загварын хар өнгийн гар утсыг түүнд буцаан олгож, олгосон тэмдэглэл, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт даалгаж, хэргийн хамт ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт заасныг баримтлан Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “*****” гэх бичиглэлтэй хажуу талдаа “*****” дугаартай “Ibs THCA VAPE BLUEBERRY MINT” гэх шошготой электрон тамхи “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын I жагсаалтад багтсан дельта-8-тетрагидроканнабинол (delta-8-tetrahydrocannabinol), II жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинол (delta-9-tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий шаргал өнгийн тосорхог шингэн агуулсан, нийт 33,5581 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, “Hotel4box” гэх бичиглэл бүхий наалттай цагаан өнгийн 1 ширхэг уут зэргийг зохих журмын дагуу устгаж, **** Галакси эс-9 плас загварын хар өнгийн гар утсыг шүүгдэгчид буцаан олгож, олгосон тэмдэглэл, устгасан эд мөрийн баримтын жагсаалтыг хэрэгт хавсаргуулахаар тус шүүхэд ирүүлэхийг Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт даалгаж, хэргийн хамт ирсэн 2 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.АЛТАНЦЭЦЭГ
Б.БУЛГАНТАМИР