Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2022/00234

 

                                                              

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:        

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 2-р баг *******ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн т холбогдох

“3 026 288 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Д. /цахимаар/

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.

/Нэхэмжлэгч Б.******* нь шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтээ бичгээр ирүүлсэн учир түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.т холбогдуулан 3 026 288 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Д.т холбогдуулан 3 026 288 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Энэ мөнгө бол зээлдүүлсэн мөнгө биш. Д.ийн ярьснаар Five Winds гэх нэртэй онлайн сүлжээний компанид оруулсан мөнгө юм. Элсэлтийн хураамж болох 2 сая төгрөгийг ийн тоот дансанд шилжүүлсэн. Түүний ярьж танилцуулснаар тус компаниас элсэлтийн дүнгээс хамаарч 7 хоног дутам ашиг авах ёстой байсан боловч нэг ч төгрөгийн ашиг одоог болтол аваагүй. Иймд би хүү болох 1 026 288 төгрөгийг нэхэмжлэхгүй, анх өгсөн 2 000 000 төгрөгөө нэхэмжилнэ. ...Мөнгөө удаа дараа нэхсэн. Гар утсаар ярьж мөнгөө нэхэхэд удахгүй өгнө гээд миний дансны дугаарыг авч байсан. 2021 оны 4 дүгээр сард гар утсаар ярихад 8 сард өгнө гэж тохиролцсон боловч одоо болтол ямар ч сураггүй, гар утсаа ч авахгүй байна гэжээ.  

2. Хариуцагч Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.*******аас 2 сая төгрөг зээлдэж аваагүй. Бидэнд байгуулсан зээлийн гэрээ байхгүй. 2 сая төгрөгийг Five Winds гэх хөрөнгө оруулалтын компанид элсэн орохдоо зарцуулсан. Миний бие найзаасаа мэдээлэл аваад тус компанид элсэн орж бусад хүмүүст энэ компанийн маркетингийг танилцуулсан. Тухайн хөрөнгө оруулалтын компани нь 7 хоногоор ногдол ашиг өгдөг байсан. Б.*******ын элсэж орсон 2 000 000 төгрөгийг шилжүүлэх гэтэл Улаанбаатар хотод байдаг спонсор Бумаа гэж эмэгтэй өмнө нь элсэн орсон хүмүүсийн ногдол ашиг болгоод тараачих гэсэн учраас энэхүү мөнгийг ногдол ашиг болгож тараасан. Тухайн компанид 2018 оны 04 сард элсээд 08 сард холбогдох баримт бичгүүдийг өгсөн боловч ямар ч холбоогүй байж байгаад 1 жилийн дотор компани байхгүй болсон. Миний бие давхар хохирсон. Анх 2 000 000 төгрөгөөр элсэж, дараа нь 5 000 000 төгрөгийн цалингийн зээл авч  хөрөнгө оруулалт хийсэн боловч тухайн компани дампуурсан. Б.*******ын мөнгийг би хувьдаа хэрэглээгүй учраас төлөхгүй. ******* өөрөө асууж сураглаж ирээд сайн дураараа элссэн. Манай нөхөр харвасан, хэвтэрт байгаа нөхрөө асрах, өөрийн гэх гэр оронгүй болоод амьдрал хүнд байна гэв.

Нэхэмжлэгчээс  2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 2 000 000 төгрөг шилжүүлсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр тоот дансны эзэмшигчийг тодруулсан баримтыг шүүх бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.т холбогдуулан 3 026 288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас 1 026 288 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзан, 2 000 000 төгрөг нэхэмжилснийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Д.ийн ярьснаар Five Winds гэх нэртэй онлайн сүлжээний компанид оруулсан мөнгө юм, элсэлтийн хураамж болох 2 сая төгрөгийг ийн тоот дансанд шилжүүлсэн, түүний ярьж танилцуулснаар элсэлтийн дүнгээс хамаарч 7 хоног дутам ашиг авах ёстой байсан боловч нэг ч төгрөгийн ашиг одоог болтол аваагүй учир 2 сая төгрөгөө нэхэмжилнэ...” гэж тайлбарладаг.

Харин хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Б.******* нь Five Winds гэх гадаадын компанид сайн дурын үндсэн дээр хөрөнгө оруулалт хийсэн, сайт устаж хэн аль нь хохирсон, ...энэ мөнгийг би хувьдаа аваагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргадаг.

Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.******* нь Five Winds гэх гадаадын компанид хөрөнгө оруулж ашиг олох зорилгоор хариуцагч Д.ийн тоот дансанд 2 000 000 төгрөг шилжүүлсэн,  Д. нь спонсор Бумаа гэх хүний хэлснээр өмнө нь хөрөнгө оруулсан хүмүүст ашиг гэж 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтууд тогтоогдож байна. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Харин хариуцагч Д. нь дээрх 2 000 000 төгрөгийг Б.*******аас зээлж аваагүй, өөрөө сайн дурын үндсэн дээр гадаадын компанид хөрөнгө оруулалт хийсэн, би хувьдаа хэрэглээгүй учир төлөхгүй гэж тайлбарладаг боловч дээрх татгалзлаа баримтаар шүүхэд нотолж чадаагүй болно.

Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг  Five Winds гэх гадаадын компанид шилжүүлээгүй, бусдад ашиг хэмээн шилжүүлсэн нь тогтоогдож байна.

Талуудын хооронд Иргэний хуульд заасан үүргийн харилцаа үүссэн нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.******* нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

  Хариуцагчийн өмгөөлөгч нь “...Б.*******ын хувьд 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс шаардах эрх үүссэн учраас Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна, Д.ийн 2021 оны 04 сард мөнгийг өгнө гэсэн тайлбар нь хөөн хэлэлцэх хугацааг тасалдах нөхцөл байдалд хамаарахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн тайлбарыг гаргасан.

  Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан...үеэс үүснэ” гэж заасан.

Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.******* нь 2018 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчийн дансанд 2 000 000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд энэ өдрөөс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзсэн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна. Харин хариуцагчийн “...компанид элсэн орсноос хойш 1 жилийн дараа сайт нь харагдахгүй болсон...” гэх тайлбараас үзэхэд энэ үеэс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байх боломжтой бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд хариуцагч Д.ээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 026 288 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 371 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.ээс улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Д.ээс 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 026 288 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 371 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.ээс улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ