| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2021/00104/И |
| Дугаар | 138/ШШ2022/00240 |
| Огноо | 2022-03-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 138/ШШ2022/00240
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Г.Жаргалтуяа, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 9 дүгээр баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт гийн ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******д холбогдох
Гэм хорын хохиролд 12 555 000 /арван хоёр сая таван зуун тавин таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Хариуцагч Б.*******
Иргэдийн төлөөлөгч М.Соёлмаа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* нь Халхгол сумын 2 дугаар багт байрлах “” ХХК-ийн 21 дүгээр талбайн үйлчилгээнд явах зорилготой “” ХХК-д түрээслэгдсэн, миний эзэмшлийн Тоёота ланд круйзер 105 маркийн УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоор 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажилласан. Анх “” ХХК-ийн менежер ын санал болгосноор *******тэй танилцаж, бид амаар ярилцаж тохиролцсоны үндсэн дээр сар бүр 700 000 төгрөгийн цалин өгөхөөр болж машиныг маань барьсан. Тэгээд 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилласан. ******* нь 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажлаар ******* аймагт ирээд 7 дугаар сарын 16-ны өдөр буцаж явахдаа Матад сумын нутаг Мэнэнгийн отрядын хойно онхолдож миний өмчлөлийн тээврийн хэрэгслийн эд ангиуд эвдэрч засварлах боломжгүй болсон. Би *******д машинаа бариулахаас өмнө хэд хэдэн жолоочид машинаа бариулж байсан. Тэр үед машинтай холбоотой ямар ч асуудал гарч байгаагүй. Миний хувьд жолооч нартайгаа байнга холбоотой байж, машин хэвийн явж байгаа эсэхийг асууж тодруулдаг байсан. Үүний дагуу Баяр-Эрдэнийг 21 дүгээр талбайгаас ирж, буцах болгонд нь машинд засаж, янзлах зүйл байна уу, яаж байна гэж байнга асуудаг байсан. Тэгэхэд ******* машинтай холбоотой юу ч хэлдэггүй байсан. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр буюу осол гарсан өдөр надтай уулзахдаа машинд хийх юм байхгүй, арын гэрлийг солих хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрлийн үнийг өөрөөс нь асуугаад 20 000 төгрөг өгсөн. Тэр өдрөө ******* машиныхаа арын гэрлийг солиод “” компанийн захирлын эхнэртэй уулзаж авч явах хүнсээ ачаад, бензин хийлгүүлээд 21 дүгээр талбай руу явсан. Явах үед нь тус компанийн захирлын эхнэр машин нь зүгээр үү гэж асуухад ******* “зүгээрээ сая эгчтэй уулзаад машиныхаа арын гэрлийг солиулсан” гэж хэлсэн байсан. ******* жолоочоор ажиллаж байх үедээ машинтай холбоотой эвдрэл, гэмтэл огт ярьж байгаагүй. Баяр-Эрдэнийг жолоодож байх үед миний машин хэвийн ажиллагаатай, техник эд анги нь бүрэн бүтэн байсан. ******* ослын дараа Цагдаагийн газар мэдүүлэг өгөхдөө машины хувьд техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байсан учраас би замын хөдөлгөөнд оролцсон гэж хэлсэн байсан. Гэтэл одоо яагаад машин техникийн бүрэн бүтэн байдлын шаардлага хангаагүй байсан учраас осол гарсан гэж худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Баяр-Эрдэнийн цагдаагийн газар өгсөн мэдүүлэг, шүүхэд өгсөн хариу тайлбар хоёр хоорондоо зөрөөд байна. ******* ослын дараа надтай уулзахдаа хүртэл өөрийнхөө буруутай үйлдлээс болж осол гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, өөр машин орж ирэхээр цалингүй ч хамаагүй ажиллаад хохирлоо төлж барагдуулна гэж хэлж байсан. Осол болсноос хойш машин маань дахин ашиглагдах боломжгүй болсон учраас аргагүйн эрхэнд 2018 оны 09 дүгээр сард 8 500 000 төгрөгөөр сэлбэгэнд өгсөн. Хөрөнгийн үнэлгээний газар машины эвдэрсэн эд ангийг 12 555 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ хохирлоо нэхэмжилж байна. Би энэ машиныг анх 2017 оны 07 дугаар сард 40 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчтай эвлэрэх эвлэрэл байхгүй гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Халхгол сумын 2 дугаар багт байрлах “” ХХК-ийн 21 дүгээр талбайд үйлчилгээ үзүүлдэг “” ХХК-д 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл жолоочоор ажилласан. 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Тоёота ланд круйзер 105 маркийн УБА улсын дугаартай автомашиныг хүлээн авсан. Намайг анх энэ машиныг хүлээж авахад техникийн хувьд бүрэн бус байсан. Хойд хөндлөн татуурганы тульк нь дууссанаас машин бөгсөө шиддэг, тэнцвэргүй байдал үүсгэдэг байсан. Үүнийг би “” ХХК-ийн менежер болон эгчид хэлж байсан. Тэгэхэд эгч “би машинтай холбоотой эвдрэл гэмтлийг нарийн сайн мэдэхгүй, чиний яриад байгааг ойлгохгүй байна, чи “” компанийн захирал д хэл” гэдэг байсан. Тэгээд захиралд хэлэхээр удахгүй хэрэгтэй тоног төхөөрөмжийг нь явуулна, тэр болтол барьж бай гэдэг байсан. Сүүлд машины кодын аппарат эвдрэхээр нь Санато-2 автомашины кодын аппаратыг орлуулж, гагнаж тавьсан. Дараа нь машины дугуйг солих шаардлагатай болоод захиралд хэлсэн чинь өөр машины хуучин 4 дугуйг уг машинд тавьж өгсөн. Осол болох үед салоны болон рулийн дэр хоёр огт задраагүй. Тийм учраас би энэ машиныг техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй машин байсан гэж үзэж байна. Энэ осол зөвхөн техникийн бүрэн бүтэн байдлын шаардлага хангаагүй машин хүлээлгэж өгснөөс болж гарсан. Мөн эгч надтай ямар ч гэрээ байгуулаагүй. Намайг ажиллаж байх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлж байгаагүй. ...Ослын дараа миний биед ямар нэгэн зовуур илрээгүй. Гэтэл тодорхой хугацааны дараа миний нуруу өвдөж улмаар ослын хор уршиг илэрч эхэлсэн. Үүнийг би “Шинь Шинь” ХХК-д ажиллаж байхдаа хэд хэдэн удаа ухаан алдаад эмнэлэгт хүргэгдэх үед мэдсэн. Түүнээс өмнө өөрийгөө эрүүл гэж бодож байсан. Ингээд 2020 онд эмчийн хяналтад орсон. Тухайн үед эмч нуруу мурийлттай, нуруунд яс ургалттай байна, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн боловч би бүрэн гүйцэд эмчилгээ хийлгэж чадаагүй 1 сар эмнэлэгт хэвтээд гарсан. Учир нь би нуруу, нугасны гэмтлээсээ болоод ажил хийх боломжгүй болсон. Одоо эмчилгээ хийлгэх байтугай 3 хүүхдээ тэжээхэд хүндрэлтэй байна. Би эрүүл мэндээрээ хохирчихоод давхар 12 555 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч энэ машиныг техникийн хувьд асуудалгүй, хэвийн ажиллагаатай байсан, 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр техникийн үзлэгт орсон гэж тайлбарлаж байгаа боловч уг машин техникийн үзлэгт ороогүй. эгчийн таньдаг хүн дээр очиж жолооны гэрчилгээн дээр техникийн үзлэгт хамрагдсан гэж автоматаар тамга даруулсан. Түүнээс биш техникийн үзлэгт хамрагдаагүй. Мөн эгч энэ машиныг 2017 оны 07 дугаар сард худалдаж авсан гэж ярьж байна. Би энэ машиныг эгчээс 2018 оны 04 сард хүлээж авсан. Энэ хугацаанд уг машин 6 жолооч дамжсан. Олон жолооч дамжиж байгаа нь асуудалтай байсан гэдгийг харуулж байна. Энэ машиныг хамгийн дээд тал нь би 3 сар барьсан. Бусад нь 1 сар хүрэхгүй бариад буцаачихдаг байсан гэж хүмүүс ярьдаг. Тухайн үед компанийн менежер үүрэг өгсний дагуу би ажилд гарсан. Би машин эвдрэлтэй байгааг , , менежер нарт хэлсэн боловч машины сэлбэгийг засна гээд бараг 3 сар болсон. Сүүлдээ хэлээд ч нэмэр байдаг биш гэж бодох болсон. ийг худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Машины 4 дугуй, 4 пүрш, консны аппарат, чагтан голыг сольсон. Үүнийг мэдэж байгаа. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ослын улмаас эрүүл мэндээрээ хохирсон. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, надад энэ их мөнгийг төлөх боломж байхгүй гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Нэхэмжлэгч Б., хариуцагч Б.******* нарын хооронд хийсэн бичгийн гэрээ байхгүй байна. Б. нь машиныхаа эвдрэлийг цаг ямагт хариуцах үүрэгтэй. Аман гэрээ хийсэн, хариуцагч Б.******* эрүүл мэндээрээ хохирсон тул нэхээд байгаа 12 555 000 төгрөгийг төлөх шаардлага байхгүй гэв.
Нэхэмжлэгчээс: Хялбаршуулсан журмаар зөрчил шалгаж шийдвэрлэсэн материалиас хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, Тоёота ланд круйзер 105 маркийн УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Вендо ХХК-ийн хийсэн авто машин техникийн үнэлгээний тайлан, зөрчлийн талаар хохирогчоос болон холбогдогчоос асуусан мэдүүлэг, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0033916 дугаартай шийтгэлийн хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б.ийн данснаас 2018 оны 5, 6, 7 саруудад цалин 700 000 төгрөг шилжүүлсэн баримтууд, “” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн одоо байгаа нөхцөл байдлыг харуулсан фото зургууд, “” ХХК болон Б. нарын хооронд хийсэн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээг,
Хариуцагчаас: Б.Баяр-Эрдэнийн амбулаториор эмчлүүлсэн карт, шинжилгээ хийлгэсэн тухай баримтууд, “Шинь шинь” ХХК-ийн захирлын хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрчээр Н.Эрдэнэбаатар, Б.*******, Ж.Бат-Эрдэнэ, Т.Отгонбаатар, С.Батнаран, Д. нарыг асуусан. Мөн ******* аймгийн авто тээврийн төвөөс авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн 374112061 дугаартай хуудсыг гаргуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Б.ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Б.*******д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 12 555 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлээ дэмжиж оролцсон.
Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.******* нь миний өмчлөлийн авто машиныг жолоодож яваад осол гаргасан учир хохирлыг хариуцах ёстой, ...үнэлгээний газар машины гадна талын эвдэрсэн эд ангийг 12 555 000 төгрөгөөр үнэлсэн учир уг хохирлыг нэхэмжилж байна, ...Б.Баяр-Эрдэнийг жолоодож байх үед машин хэвийн ажиллагаатай, техник эд анги нь бүрэн бүтэн байсан...” гэж тайлбарладаг.
Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ “...Б.тэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй, анхнаасаа техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгсөн, түүнийг засварлах талаар удаа дараа шаардлага тавихад биелүүлээгүйгээс энэ осол гарсан учир хохирлыг нөхөн төлөхгүй, би өөрөө эрүүл мэндээрээ хохирсон...” гэж маргадаг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 0033916 дугаартай шийтгэлийн хуудас, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б.ийн данснаас 2018 оны 5, 6, 7 саруудад цалин 700 000 төгрөг шилжүүлсэн баримтууд, “” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Хариуцагч Б.******* нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн Матад сумын 4 дүгээр баг Мэнэнгийн отрядын хойд талын зам дээр Тоёота ланд круйзер 105 маркийн УБА улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан нь нотлогдож байна.
Хариуцагчийн жолоодож явсан Тоёота ланд круйзер 105 маркийн УБА улсын дугаартай автомашины өмчлөгч нь нэхэмжлэгч Б. байх бөгөөд хариуцагч Б.******* нь Б.тэй амаар харилцан тохиролцож дээрх автомашиныг жолоодон 2018 оны 5-7 саруудад тус бүр 700 000 төгрөгийн цалин хөлс авсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Хариуцагчийн хувьд Б.ийн эд хөрөнгөнд хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Гэвч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-д гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгч Б.тэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгсөн, удаа дараалан мэдэгдсэн боловч засварлаж өгөөгүйгээс осол гарсан учир хохирлыг нөхөн төлөх үндэслэлгүй гэж тайлбарладаг.
Б.******* нь дээрх татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулж нотлох үүрэгтэй.
Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа “” ХХК-д 2017 оны 10 дугаар сараас 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан гэж тайлбарладаг боловч дээрх компанид жолоочоор ажиллаж байсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Харин “” ХХК болон Б. нарын хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээнээс үзэхэд 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний 2.2, 2.5, 2.8, 2.11, 2.12, 2.13-д тус тус зааснаар түрээслүүлэгч буюу Б. нь тогтсон хугацаанд холбогдох дүрэм журмын дагуу тухайн тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийж, тээврийн хэрэгслийн технологийн аюулгүй байдлыг хянаж ажиллах, жолоочийн шагнал урамшуулал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад зардлыг хариуцах, тээврийн хэрэгслийн өдөр тутмын засвар үйлчилгээ, тос масло, антиюриз солих гэх мэт үйл ажиллагааны хэвийн үйл явцыг хариуцах, тээврийн хэрэгсэл эвдэрсэн бол 2 хоногийн дотор засах, тээврийн хэрэгсэл засварлахад гарсан бүх зардлыг хариуцах зэрэг үүргийг хүлээсэн байна.
Түүнчлэн гэрч Д. нь жолоочийг “” ХХК нь хариуцан ажиллуулахгүй, харин түрээслүүлэгч нь хариуцан ажиллуулж цалин хөлсийг олгодог талаар мэдүүлсэн.
Иймд хариуцагч Б.******* нь “” ХХК-д ажиллаж байгаагүй бөгөөд тус компанийн хувьд нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин хариуцагч Б.******* нь Б.тэй хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулан ажиллаж байх үедээ зам тээврийн осол гаргасан байна.
Б.******* нь техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгснөөс осол гарсан гэж тайлбарлаж дээрх байдлаа нотлохоор Ж.Бат-Эрдэнийг шүүхэд гэрчээр асуулгасан боловч нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримт болох зам тээврийн ослын үед Тоёота ланд круйзер 105 маркийн УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, ******* аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн тодорхойлолт, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн 374112061 дугаартай хуудас зэргээр тухайн тээврийн хэрэгсэл техникийн хувьд бүрэн байсан нь нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б. техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэл хүлээлгэж өгснөөс осол гарсан гэх нөхцөл байдал шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч Б.******* нь гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ шүүхэд баримтаар нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.ийн эд хөрөнгөд учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.
Нэхэмжлэгч нь “Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайланг үндэслэн эд хөрөнгөд учирсан хохиролд 12 555 000 төгрөг нэхэмжилжээ.
Машин техникийн үнэлгээний тайлангаас үзэхэд дээрх автомашиныг засварлахад гарах зардлыг тооцон гаргасан байх бөгөөд хариуцагч Б.******* нь дээрх баримтыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 12 555 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэдийн төлөөлөгчийн “нэхэмжлэгч, хариуцагч нар гэрээг бичгээр байгуулаагүй, хариуцагч эрүүл мэндээрээ хохирсон гэсэн үндэслэлээр төлбөрийг төлөх боломжгүй” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй амаар байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж цалин хөлс авч байсан байх бөгөөд хуульд дээрх гэрээг заавал бичгээр байгуулах талаар тусгаагүй байна. Мөн хариуцагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан төлбөрөөс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226 920 төгрөгөөс 215 830 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 11 090 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Б.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 215 830 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.т олгохоор шийдвэрлэлээ.
Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******эс эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 12 555 000 /арван хоёр сая таван зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226 920 төгрөгөөс 215 830 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, илүү төлсөн 11 090 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Б.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 215 830 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА
Г.УРТНАСАН